Радио телевизийн академи, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Мэдээллийн сайтуудын ассоциаци зохион байгуулсан "Болор үзэг" наадмын эзэн, "Өдрийн сонин"-ы эрэн сурвалжлах, тоймчдын албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Уншигчид таны нэрийг мэдэхээс илүү зүс царай, намтрыг чинь мэдэхгүй болов уу?
-Намайг Энхбаатарын Хүрэлбаатар гэдэг. Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул. 2009 онд нэрт сэтгүүлч С.Батмөнх агсны үүсгэн байгуулсан "Их Монгол" дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Хоёрдугаар курсийн оюутан байхаасаа эхлэн өдөр тутмын сонинд ажиллаад эхэлсэн дээ. 2010 оноос "Өдрийн сонин"-ы эрэн сурвалжлах тоймчдын албанд сэтгүүлчээр ажиллаж байна. "Өдрийн сонин" бол сэтгүүлчдийн хүчээ үздэг, авьяас билгээрээ уралддаг оргил цэг юм. Энэ сонины босгыг алхан орсон цагаас эхлэн өөртөө ачаалал өгч, ах эгч нараасаа туршлага судалж явна.
-Энэ жил уран бүтээлийн ургац арвин байсан уу?
-Уран бүтээлийн арвин ургац хураасан жил байлаа гэж бодож байна. Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байдаг дархан цаазат Хустайн нуруунд арван гурван буга агнасан хэрэг гарсан. Энэ хэргийн араас арав гаруй цуврал сурвалжлага хийсэн. Амьтны эд эрхтэн хууль бусаар хил давуулан өндөр үнээр борлуулдаг сүлжээг цагдаа нараас урьтаж илрүүлсэн гэж хэлж болно. Миний сурвалжлагын мөрөөр Цагдаагийн ерөнхий газрын дарга ажлын хэсэг байгуулан хууль бус ангийн эд эрхтэн наймаалдаг 70 гаруй хүнийг саатуулагдан шалгасан. Хэрэгт холбогдсон хүмүүс хятадуудад хэрхэн яаж дамжуулж өгдөг байснаа хүртэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байсан. Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас палеонтологийн хосгүй үнэт олдвор болох Тарбозавр батаарын яс хэрхэн хууль бусаар гардаг. Дэлхийн зах зээлд хууль бусаар борлогдсон гээд цуврал сурвалжлага хийсэн байгаа. Энэ мэт нийтэд хүрсэн олон бүтээл хийсэн.
-Та бол явдаг сэтгүүлч. Монгол орны өнцөг булан бүрт очсон болов уу?
-Хаана хэрэг төвөг гарна, асуудал байна. Тэнд "Өдрийн сонин"-ы сэтгүүлч хүрч чаддаг гэхэд болно. Халуун цэгээс мэдээлэл дамжуулдаг. Цагдаатай, мэргэжлийн хяналтын газрынхантай уралдаад л очдог. Энэ бол манай сонины давуу чанар.
Миний хувьд очоогүй аймаг, сум гэж байхгүй. Манай сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн "Сэтгүүлч хүнийг хөл нь тэжээдэг" гэж хэлдэг юм. Энэ үг бүрэн утгаараа хэрэгждэг гэхэд болно.
-Ямар унаа, тэргээр явдаг вэ?
-Цогоо ах аа та мэднэ дээ. Эрхлэгч хаашаа яв гэнэ. Гараад явдаг биз дээ. "Хүр гэсэн газар хүрч, хүр чулууг хэмхэлнэ" гэгчээр та бид хоёр бүхий л арга замаар хэрэгтэй газраа очдог. Агаараар, газраар, шуудангаар, мориор хүртэл явах хэрэг гарна. Хөдөөний томилолтын мөнгөө санхүүгээс цохуулж аваад хөдөлнө. Хаана очих, хэнтэй уулзах нь тодорхой бус байдаг юм. Хэвлэлийн хурлаас бус хээр талаас мэдээ материал цуглуулна гэдэг амар зүйл биш.
-Сэтгэлд тод үлдсэн анхны томилолтуудаас ярихгүй юу?
-Хамгийн анх Хөвсгөл аймаг руу явж байсан томилолт санаанаас гардаггүй юм. Найман настай охиныг мөчилж хөнөөсөн Н.Мөнх-Оргилын хэргийг сурвалжилж байлаа. Хэрэг гараад нэг л хонож байсан. Залгаа хашааны улсууд шүү дээ, Нэг хашаанаас гараад нөгөө айлд ороход найман настай охины аав ээж байдаг. Ямар ч хүн сэжиглээд орохгүй байхад ширэн нүүрлээд орж байсан. "Өдрийн сонин" газар дээрээс нь мэдээлээгүй бол тэр хэргийн хувь заяа өөр тийшээ ч эргэж мэдэхээр байлаа. Цагдаа нар түргэн авахгүй ч байж болох байсан. Томилолт бүхний цаана асуудал шийдэгдэж байсан гэхэд болно.
-Газар дээрээс нь мэдээлэл дамжуулахад хүндрэл гардаг уу?
-Эхний ээлжинд мэдээллээ цуглуулаад бичнэ. Тэгээд дамжуулах гэхэд хүндрэл байдаг. Монгол Улсын ихэнх суманд "Хаан" банкнаас өөр газар интернэт байхгүй. Олон сумын интернэтүүд зураг дамжуулах гэхээр гацна, вирустэй гээд зовлон бий. Зарим газар утасны сүлжээ барихгүй тохиолдол гарна. Тэр үед хүний утас гуйж аваад уулан дээрээс ярих ч хэрэг гарна. Шөнө орой ч гэсэн мэдээлэл дамжуулна шүү дээ. Гэхдээ энэ бүхнийг туулаад сурчихсан болохоор бэрхшээл гэж боддоггүй. Харин ч энэ бүх томилолтуудын цаана гарсны дараа мэргэжлээрээ, сониноороо бахархах сэтгэл төрдөг юм. Манай сонин сэтгүүлч эзэнтэй. Тийм учраас албан тушаалтанд бус ард түмний эрх ашигт л үйлчилдэг гэхэд болно.
-Томилолт өвөртлөн сурвалжлагад явахын учир утга юу юм бэ?
-Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг "Өдрийн сонин"-д хүрч чадаагүй газар, олоогүй мэдээлэл гэж байхгүй. Монгол Улсын ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Улаанбаатар хот дотроо л эргэлддэг.
-Хөлс хүчээ урсган байж олсон мэдээллийг чинь зарим хэвлэлүүд хаа гуяар нь салгаж аваад тавьчихдаг шүү дээ?
-Нэг их бухимдаад, оюуны хулгай гээд байдаггүй. Та бидний олж ирсэн мэдээллийг "мөлжиж" байгааг хараад өөрийгөө түрүүлж явааг мэдэрдэг гэхэд болно. Тэгээд ч "Өдрийн сонин"-ы эрэн сурвалжлах албыг бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд хүлээн зөвшөөрдөг юм.
-"Өдрийн сонин"-ы орон нутгийн томилолтод ихэвчлэн эрэгтэй сэтгүүлчид явдгийн учир юу вэ?
-Манай сонинд Д.Мөнгөндалай, Г.Дэлгэрцэцэг эгч нараас эхлээд хаанаас ч, хэнээс ч мэдээлэл олоод авчихдаг акулууд бий. Миний үеийн ид жигдэрч яваа Б.Цэцэгдэлгэр, Я.Мөнгөнцэцэг зэрэг залуус ч байна. Томилолт болгон учир битүүлэг байдаг. Хүйтэн нойтонд зүг чиггүй явах ч үе гарна. Тийм хүнд нөхцөл рүү эмэгтэй хүн явуулж болохгүй биз дээ. Тийм учраас "Өдрийн сонин"-ы хөдөө орон нутгийн томилолтыг нэрт сэтгүүлч Ж.Гангаа хийдэг байсан. Ж.Гангаа ахыг залгаад та давхиж яваа шүү дээ. Аливаа сурвалжлаганд явахад тухайн үйл явцыг мэдрэх, олон нийтэд яаж хүргэх вэ гэсэн асуулт гарч ирдэг. Энэ болгондоо П.Хашчулуун ах болон танаас яаж хийдэг вэ гэдгийг хардаг даа. Сэтгүүлзүйн мэргэшсэн хамт олон дунд ажилладаг болохоор ямар ч томилолтоос айдаггүй.
-Энэ жил Радио телевизийн академиас зохион байгуулсан "Болор үзэг" наадмын эзэн боллоо. Ямар уран бүтээлээр хүртэв?
-Зүүнбүрэн сумын иргэд Сэлэнгэ аймгийн төв дээр сүүгээ зарчихаад Сэлэнгэ мөрний гармаар гарах гэж яваад цөмөрсөн байдаг. Зургаан хүн явснаас залуухан эх долоон сартай хүүгээ тэврээд мөсөн дээр суун гол уруудсан. Онцгой байдлынхан цаг алдалгүй ирсэн ч ээж хүү хоёрыг аварч чадаагүй. Залуухан ээж зургаан цаг "Авраач" гэж хашгирсан ч Онцгой байдлын албан хаагчид эрэг дагуу гүйхээс хэтрэлгүй байсаар хил давуулсан. Үр хүүхдийнхээ төлөө амь насаараа дэнчин тавьсан үйл явдал элэг зүрх эмтэлсэн дээ. Тэр сурвалжлага маань надад “Болор үзэг” авчирлаа. Дашрамд хэлэхэд, хүүгээ тэвэрсэн бүсгүй цас халзрах цагаар эсэн мэнд гараад ирээсэй гэж одоо ч сэтгэлдээ залбирч явдагдаа.
-Энэ явдал Онцгой байдлын албаны ажилтнуудын тоног төхөөрөмж, хувцас хунар муу гэдгийг харууллаа даа?
-Онцгой байдлын газрын аврагчид далан нөхөөс болсон хийлдэг завьтай, багаж хэрэгсэл муутай юм билээ. Ур чадвар, мэдлэг, боловсрол ч дутуу дулимаг болох нь анзаарагдсан. Миний бичсэн нийтлэлийн дараагаар Онцгой байдлын газрын тоног төхөөрөмжийг сайжруулах, хөрөнгө мөнгө нэмэх талаар яригдсан. Манай сонины нийтлэл болгоны дараагаар "хэл ам" гардаг, Өөрөөр хэлбэл мэдээллийн мөрөөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, алдаа дутагдлыг засах ажил явагддаг. Нэг үгээр хэлбэл "Өдрийн сонин" нийгмийн өвчилсөн хэсгийг эмчилдэг гэхэд болно.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
No comments:
Post a Comment