Monday, 17 December 2012

Ц.Минжин: Зарга, зарлиг, ёс гурав “Их засаг”-ийг бүрдүүлдэг

Ц.Минжин: Зарга, зарлиг, ёс гурав “Их засаг”-ийг бүрдүүлдэг Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад жил бүр олгодог Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртсэн ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ц.Минжинтэй ярилцлаа.


-Төрийн нэр хүндтэй шагнал хүртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Ямар бүтээлээр энэ шагналыг хүртэв. Хэдий хугацаанд судалсан вэ? 
-Олон жил судалсан “Их засаг” нэг сэдэвт судалгааны бүтээлээрээ энэ шагналыг хүртлээ. Би 1995 онд “Шихихутуг” ХЗДС-д элсэн орж, нэгдүгээр курстээ академич Ж.Болдбаатар багшаар Монголын түүхийн хичээлийг заалгаж байлаа. Энэ үеэс түүх сонирхож, төр эрхзүйн түүхийн чиглэлээр курсын болон дипломын ажил бичиж эхэлсэн. Энэ чиглэлээрээ хууль зүйн болон түүхийн ухааны магистрын дипломын ажлаа бичсэн. Одоо ч судалгаа маань үргэлжилсээр байна. 

-Та сургуулиа төгсөнгүүтээ шууд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд ажилласан уу? 
-Үгүй ээ. Би сургууль төгсч магистр хамгаалсныхаа дараа Германд гурван жил хэлний чиглэлээр суралцсан. Анх доктор Ч.Дашдаваа 2006 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Дундад зууны үеийн түүхийн салбарт ажилд авснаар судалгааны ажлаа үргэлжлүүлэх, олон эрдэмтэн мэргэдээс суралцах сайхан боломж гарч ирсэн. Миний судалгааг үргэлжлүүлэхэд Түүхийн хүрээлэнгийн захиргаа, Дундад зууны салбарын хамт олон маань ихээхэн дэмжиж, мэдэхгүй чадахгүйд минь туслаж, хамтран ажиллагсад, мэргэжил нэгт нөхөд маань үргэлж ирлэж хурцалж байна даа. Өдий зэрэгтэй явахад найдвартай ар тал болсон гэр бүлийнхэн, дагшин түүхийн хаалгыг нээж өгсөн академич Ж.Болдбаатар багш, мөн надад мэдлэг оюунаа харамгүй хуваалцаж, эрдмийн их өглөг өгсөн бүх эрдэмтэн багш нартаа, Түүхийн хүрээлэнгийн хамт олон, санал бодлоо солилцдог үзэг нэгт найзууддаа чин сэтгэлээсээ баярлаж, талархаж, хүндэлж явдагаа илэрхийлье. 

-Аавынхаа эрдмийн ажлыг үргэлжлүүлж гурван боть номыг нь гаргаж байснаас эхлээд таны судалгааны бүтээлүүдийг манай уншигчид мэднэ. Сүүлийн үед ямар бүтээлүүд хэвлүүлэв? 
-”Тэмүжин-Чингис хааны намтар” гурван ботийг БНХАУ-ын Хөх хотод уйгаржин монголоор хэвлэж гаргалаа. Үүний дараа “Их засаг” бүтээлээ 2009 онд гаргасан нь “Шинжлэх ухааны шилдэг бүтээл”-ийн шагнал авсан. Завсраар нь оюутнуудад зориулсан гарын авлага, мөн Шихихутуг ХЗДС-ийн 20 жилийн ойд зориулж “Их Монгол Улсын заргач Шихихутаг”, Австри улсад байхдаа “Түүхийн жимээр Дорноос Өрнө зүгт” зэрэг шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл гаргалаа. 

-Таны судалгааны ажил буюу Их засаг хуулийн тухай мэдээ, эх сурвалж тэр бүр байдаггүй. Таниас өөр энэ чиглэлээр эрдмийн ажил, эрэл хайгуул хийсэн судлаач хэр олон бэ? 
-“Их засаг”-аар судалгаа хийдэг гадаад дотоодын олон эрдэмтэн бий. Ялангуяа XX-XXI зуунд “Их засаг”-ийн судалгаа ихээхэн өргөжиж, түүх, хууль, хэл шинжлэлийн шинжлэх ухааны үүднээс дагнасан болон хавсарсан судалгааг хийж байна. Хамгийн сүүлд гэхэд Чингис хааны 850 жилийн Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн дунд Оросын эрдэмтэн Т.Д.Скрынникова, Р.Ю.Почекаев, Өвөр монголын эрдэмтэн Х.Намжил, Н.Цогт зэрэг “Их засаг”-аар судалгаа хийдэг болон энэ сэдвээр Японд доктор хамгаалсан, Алтан ордон улсын хууль цаазаар судалгаа хийдэг нарийн мэргэшсэн эрдэмтэдтэй уулзаж санал бодлоо солилцох сайхан боломж гарлаа Зарим судлаач “Их засаг” хуулийн бодитой эх сурвалж байхгүй учраас бий гэдэг нь нотлогдохгүй, ийм хууль ч байхгүй гэж хэлдэг.

Гэхдээ Монголын түүхч, судлаачдаас “Их засаг” хуулийг үгүйсгэсэн эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн хүн одоогоор алга. Нөгөөтэйгүүр, “Их засаг” хууль хэдийгээр бодит эх нь олдоогүй ч Их Монгол Улс хуультай байсан гэсэн сурвалжийн мэдээ байдаг. Тэдгээр сурвалжуудаас би хамгийн түрүүнд “Монголын нууц товчоон”- г хэлнэ. Түүнд Их Монгол Улс байгуулагдаж их заргачийг Шихихутугаар томилсон тухай, тэрээр “Хөх дэвтэр”-т бичиглэсэн болон Чингис хааны зарлигуудын тухай бичигдсэн байгаа. Ганц энэ сурвалж гэхэд Монгол Улс хуультай байжээ гэдгийг хамгийн тод нотлох баримт юм. Засаг гэдэг үг бичигдсэн түүхэн сурвалжаас өөр юуг нэрлэх вэ гэвэл, Гүег хаанаас Ромын папад илгээсэн захидал байна. 

Ватиканы номын санд уг эх нь хадгалагдаж Монголын түүхийн музейд хуулбар хэлбэрээр нь авчирсан захидалд “...засаг ба билгийг сонсгоно” гэж бий. Энэ бүхнийг юугаар нэмж тодруулж болох вэ гэвэл, Араб, Персийн түүхчдийн эх сурвалж, тухайлбал Рашид Ад Дины “Сударын чуулган”, “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх” болон аяллын маш олон тэмдэглэл байна. Түүнд “Их засаг” нэрээрээ мөн уг нэрээр байхгүй ч монголчууд хуультай байсан, хууль цааз нь хатуу байсан, монголчууд сахилга дэг журамтай байсан, хулгай дээрэм гардаггүй байсан гэх мэтээр тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр “А” байхгүй байхад түүнийг “Б”-ээр тодруулах бүрэн боломжтой гэсэн байр суурийг би судалгаандаа баримталж байна. Ер нь “Их засаг”-ийн судалгаа зөвхөн дан ганц нэг шинжлэх ухааны судалгаа гэхээс илүүтэй хавсарсан шинжлэх ухааны үүднээс судалж байж цогц судалгаа болох боломжтой. 

-”Их засаг”-ийг судалсан монгол судлаачдын тухай тодруулахгүй юу? 
-ХХ зууны эхээс гэвэл түүхч А.Амар, Х.Пэрлээ, Ш.Нацагдорж, Ч.Жүгдэр, М.Санждорж, Ч.Далай нар Их Монгол улс, Монголын эзэнт гүрний түүхийн судалгаа хийхдээ “Их засаг”-ийн тухайд өөр өөрсдийн дүгнэлтийг хийсээр ирсэн. Хэдийгээр тухайн үед Чингис хаан, Их засаг хуулийн тухай хаалттай сэдэв байсан ч дээрхи хүмүүс өөрсдийн дүгнэлтийг үзэл суртлын халхавчин дор хийж чадсан. Тухайлбал Их Монгол Улс төртэй, төр нь хууль цаазтай болон уг хуулийн ач холбогдлын тухайд хэдийгээр нэг сэдэвт судалгааг явуулаагүй боловч өөр, өөрсдийн эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэлд бүлэг хэлбэрээр бичиж ирсэн. Сүүлийн үед 1990 оноос хойш хэвлэн нийтлэх эрх чөлөө, ардчиллын цаг үеийн нааштай уур амьсгалд судлаачид “Их засаг”-ийг бүхий л талаас нь судалж байна. Хуулийн талаас ч, түүхийн чиглэлээр ч өөр, өөрсдийн мэргэшсэн чиглэлээр судалсан. Өөрөөр хэлбэл, “Их засаг” хууль маань өөрөө нийгмийн бүх харилцаанд оролцож, зохицуулахад үр нөлөөтэй байсныхаа хувьд хуульчид төр эрхзүйн үндэс болгож судалж, бүтээлдээ дурдсан байна. Тухайлбал МУИС-ийн Хууль зүйн сургуулиас “Эзэн Богд хааны Их засаг” гэсэн жижиг товхимол, Н.Ням-Осор гуай “Их засаг” хуулийн тухай, түүний тайлбар толь, нэр томъёоны тухай, хуульч О.Дагвадорж гуай “Их засаг”- ийн тухай дэлгэрэнгүй судалгаа хийсэн. 

-”Их засаг” хууль уу эсвэл хэв хууль, билиг сургаал уу? 
-”Их засаг” бол зарга, зарлиг, ёс гурвын нэгдэл юм. Өөрөөр хэлбэл өнөөгийн ойлголтоор хууль, хуульчилсан акт гэдэг нь зарлиг, шүүхийн пресдент буюу үлгэр гэдэг маань Шихихутагийн “Хөх дэвтэр”- т бичсэн зарга, ёс гэдэг нь одоогийн уламжлал хэв хууль гэж болно. Ийм агуулгаар “Их засаг”- ийн судалгааг хийвэл илүү оновчтой болох болов уу. Энэ нь өнөөгийн ойлголтоор хэв хууль, шүүхийн жишиг буюу гэмт хэргийн үлгэр, хууль, хуульчилсан акт эд бүгд нийлж “Их засаг”- ийг бүрдүүлж байна. Өргөн ойлголтын хүрээнд судалгааг хийхгүй бол зөвхөн хууль гэх юм уу нэг талаас нь судалбал хязгаарлагдмал юм. Зарим хүн билгийг “Их засаг”-т оруулаад байдаг. Гэтэл билиг, засаг хоёр нь өөр зүйл юм. Үүнийг миний түрүүнд хэлсэн Гүег хааны зарлигаас харж болно. Цаашилбал, “Их засаг” хууль зөвхөн Их Монгол Улсад үйлчлээд дуусчихаагүй Эзэнт гүрний бүрэлдэхүүн улс болох Юань улс, Алтан ордон улс, Цагаадайн хаант улс, Эл хаант улсад төрийн дээд хууль нь байсан. Өөрөөр хэлбэл, “Их засаг”-т заасан 10-ны нэгээр татвар авах, эсвэл цэргээ аравтаар зохион байгуулах гэх мэт нь тусгалаа олсон байдаг. Энэ чиглэлээр судалгаа үргэлжүүлэх шаардлагатай байна. 

-Бид ХХI зуунд амьдарч байна. Тэгвэл “Их засаг” хууль, Их монгол Улсын үеийн хууль цаазыг уламжлал, шинэчлэлтэй хэрхэн уялдуулах ёстой бол?
-Бүх нийгэмд сайн зүйлүүдээс гадна хулгай худал, дээрэм, гэмт хэргийн шинжтэй зүйлүүд байдаг. Гэр бүл болох, өв залгамжлах, залгамжлуулах, газар хуваарилах гэх мэт асуудлыг эрт дээр үеэс хаадын зарлигаар шийдэж ирсэн. Одоо ч бид хууль цаазаар шийдэж байна. Хүмүүс гайхдаг юм. Яагаад “Их засаг” хууль байхад бид дэг журамтай, нэгдмэл хүчтэй байв. Одоо яагаад 300-400 хуультай болчихоод эвсч чадахгүй байна, хуулийн хүч чадал яагаад сул дорой байгаа юм бэ. Үүний учир шалтгааныг олчих юм бол бид “Их засаг”-ийн үе шиг, Их Монгол Улсын үеийн нэгдмэл зохион байгуулалтад орно гэж ярьдаг. Судалгаандаа үндэслэж юу хэлэх вэ гэхээр, нийгмийн амьдралын гүнд орж, нарийнийг зохицуулах бүрт, өөрөөр хэлбэл хүний амьдралын гүнд нэвтэрч хууль цааз зохиох бүрт түүнийг зөрчих зөрчил ихэсдэг. Тэгвэл, тэр олон овог аймгийн харь хэлтэй янз бүрийн улсын хууль цаазыг ганцхан хуулиар зохицуулж гэр бүлийнх нь асуудлыг ч шийдэж л байдаг, эрүү, гэмт хэргийн асуудлыг ч шийдэж л байдаг. Яагаад тэгж чадаж байна гэхээр хүний амьдралын, эрх эрх чөлөөний ерөнхий зарчмыг зааж өгсөн учраас тэнд хүн болгон өөр, өөрийн ёс заншил, дэг жаяг, сургаальтай. Түүнд онцгой зохицоод явах хууль цааз байсан байна. 

Гэтэл өнөөдөр манай нийгэмд хамгийн их тохиолдож байгаа гэр бүл салалт, өв өвлөх гэх юм уу эдгээр асуудлаас харахад хүмүүсийн амьдралын нарийн руу чиглэж, эвлэрүүлэх нь зургаан сар гэх мэт хугацааг нь зааж, нарийвчлах тусам хууль зөрчигдөх нь ихэсдэг юм шиг ээ. Төр байна гэдэг мэдээж хуультай байна. Хуулиас шалтгаалж төр бэхэждэг. Хууль хэр хатуу чанга байна, түүнээс шалтгаалж тухайн төр ямар вэ гэдгийг гаргаж ирэх боломжтой. Одоогийн амьдралаас харахад хуулиар маш нарийн зохицуулахаас аргагүй байна. Яагаад гэвэл, хүмүүс маш их маргаж, мэтгэлцдэг болсон. Миний эрх чиний эрхээр хязгаарлагдаж байна. Энэ тохиолдолд ямар зохицуулалт хийх вэ. Ямар төр, ямар хүмүүс удирдаж байгаагаас шалтгаалах байх. Түүнээс XIII зууны үеийн “Их засаг “ хуулийг өнөөдрийн нийгэмд авчирч бүгдийг цаазлах юм уу, жанчиж, хорьдог цаазаар авах боломжгүй шүү дээ. Энэ уламжлал биш. Харин бүх нийгэмд байдаг үзэгдлүүдийг яаж зохицуулж байгаагаас хамаарах байх. Хамгийн гол нь ямар төр байх нь хуулиас шалтгаалдаг. 

-Тэгвэл энэ судалгааг хийж байгаа гадаадын болон Монголын эрдэмтдийн чадал чансаа хэр байна даа? 
-Гадаадын судалгааг харахад нэг чиглэлээр нарийвчилсан байдаг. Ийм судалгаа эрчимтэй бөгөөд маш өндөр хөгжсөн. Манайд “Их засаг” хуулийн ганцхан зүйл заалтыг аваад түүнийгээ улам нарийвчлан судлахад түүгээр бүхэл бүтэн докторын ажил хийж болно. Гэтэл манайд хүн ам цөөн учраас судлаачид харьцангуй бага байна. Монголын судлаачид Эзэнт гүрний судалгаа юм уу, Дундад зууны судалгаа гэх мэт нэг сэдвээр ерөнхий судалгааг хийдэг. Монголын бүх түүхчид Монголын түүхийн бүх үеийг маш сайн ярьж чадна, өргөн хүрээнд судалгаа хийх чадвартай. Түүх судалгааны бүхий л арга барилыг маш сайн эзэмшсэн байдаг. Гадаадын судлаачдаас, жишээ нь гэр бүлийн эрхийг судалдаг хүнээс эрүүгийн хуулийн тухай асуувал “Би мэдэхгүй, эрүүгийн эрх зүй судлаагүй” гэж хэлнэ. Гэтэл манайд хууль цааз, төр эрх зүйн судалгаа хийсэн бүх хүнээс эрүүгийн эрх, гэр бүлийн эрх зүйн түүхэн уламжлалыг асуухад, хариулах чадвартай буюу чөлөөтэй хөрвөх чадвартай байдаг. Угаасаа нүүдэлчдийн сэтгэхүй бол аливаад амархан дасан зохицох, өргөн хүрээнд ойлгох, аливаа зүйлээс дүгнэлт гаргалгаа хийх, хөрвөх чадвар сайтай байдаг. Энэ чадвар монгол эрдэмтэд төдийгүй бүхий л чиглэлийн салбарын мэргэжилтнүүдэд хамаатай. Түүнтэй адил түүхчид хэдийгээр өөр, өөрийн гэсэн судалгааны тодорхой чиглэлтэй нэг босоо жанжин шугамтай байсан ч бусад өргөн мэдэгдэх үүнтэй ерөнхий судалгаатай гэж хэлмээр байна. Судалгаа болон чадварын хувьд манайхан бусад орныхтой харьцуулахад харьцангуй сайн гэж хэлж болно. 

-Та сүүлийн үед ямар судалгаа хийж байна? 
-МУИС-ийн НШУС-ийн докторантурт суралцаж “Их засаг-ийн түүх бичлэг” гэсэн сэдвээр дипломын ажил бичиж байна. Мөн Монголын Эзэнт гүрнүүд дэх “Их засаг”-ийн үр нөлөө, бүрэлдэхүүн улсуудын хууль цаазын судалгааг дэлгэрүүлж үзэхийг хичээж байна. 

-Таны цаашдын судалгаанд амжилт хүсч, шилдэг залуу эрдэмтний эрч хүчээр ихийг хийж бүтээхийн ерөөл өргөе. 
-Танд баярлалаа. Залуу хүн бүхэн өөр өөрийн салбартаа онц сурвал, Монгол улс маань хөгжин дэвших сайхан ирээдүй бидний өмнө нээлттэй байна.

Ч.Үл-Олдох 
Зууны мэдээ сонин

No comments:

Post a Comment