Tuesday, 25 December 2012

Ц.Оюунгэрэл: Монгол хэлийг Төрийн хэлний зөвлөлийн жижигхэн өрөөнөөс гаргах хэрэгтэй


Соёл Спорт Аялал Жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. 
-Таныг “Багагүй хуга­цаанд дино­­завр ярилаа. Одоо хүнээ бодооч” гэсэн шүүмжлэл саяхан гарс­ан. Та үнэхээр үлэг гүрвэл, соёлын өвийн талаар нэлээд ярь­сан шүү?
-Би хүнээ ч, үлэг гүрвэлээ ч ярьж байгаа. Зарим хүн хүнийхээ асуудлыг ярьж буйг маань мэдээгүй юм байлгүй.
Саяхан Соёлын өвийг хам­гаалах үндэсний чуулганыг зо­хион байгуул­сан. Тэр үеэр соёлын ажилт­нуудаа хэр­хэн дэмжих, иргэд нь соё­лоо хамгаалахын тулд ямар орол­цоотой байх, боловсон хүч­нээ яаж бэлтгэх гэх зэрэг асууд­лыг авч хэлэлц­лээ. Цааш­даа үндэсний консер­ватор­той болох тухай ч яригдсан.
гээр Соёлын яам ажиллах ямар ч боломжгүй. Тэр дундаа гадаа­дад алдагдчихсан өвийг Мон­голын салбар яам нь ярихгүй бол өөр хэлж, хөөцөлдөх эзэн олдохгүй. Тиймээс үлэг гүрвэл ярилаа гэж санаа зоволтгүй. Өнөөдөр үлэг гүрвэл, маргааш алдагдсан нэг бурхан, нөгөөдөр дахиад алга болсон соёлын өвийн талаар яригдана. Тэдгээрийг олж авахын төлөө явна. Хамгийн гол нь, бид өөрсдөө сонор сэрэмжтэй л байх ёстой.

-Тринозаурё Батаартай хол­боотой “нөхөр чинь” шүүхэд мэ­дүү­лэхдээ Монголын хууль ойл­гомж­гүй, англи хэлээр байдаггүй гэ­сэн гэлүү?
-Тийм ээ. Энэ удаа АНУ-ын хууль тогтоох бай­гууллагууд манай үлэг гүрвэлийг буцааж авч ирж өгөх гэж өмнө нь байгаагүй хүчин чармайлт гаргаж байгаа. Урьд нь өөр орны соёлын өвийг хамгаалахад л олон улсын бай­гууллагууд хамтарч ажиллаж байна гэж сонсож байсан. Түүнээс манай улсын төлөө ингэж хамтарч ажиллалаа гэж сонсоогүй. Тиймээс энэ үйл явдал түүхэн шинэ хуудас учраас олны анхаарлыг эрхгүй татаж, би ч их ярьж байгаа мэт санагдсан биз.
Гэхдээ цаашид хил давуулан гаргасан соёлын өвийг буцаан авч ирэхийн тулд хэн хүнгүй анхаарна. Ийнхүү авч ирдэг хувь хүмүүс ч байдаг юм билээ. Гадны зах зээлээс авч ирээд, эх орондоо үзэсгэлэн гаргадаг иргэд бий. Тэдгээр хувь хүмүүсийн соёлын өвийг улс бүртгэж, хамгаалахад нь туслах зэрэг зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа.

-Та бодит, биет өвийн талаар ар­га хэмжээ авах тухай яриад байх шиг санагдлаа. Харин харь улсууд өөрийн болгож ЮНЕСКО-д бүртгүүлээд байгаа биет бус өвийн талаар ямар арга хэмжээ авах юм бэ?
-Энэ тал дээр ЮНЕСКО нэлээд хатуу шийдвэр гаргасан. Судалгаа хийх, олон хүн ажиллуулах чадалтай, жилд хэд хэдэн соёлын төв барих мөнгөтэй орнууд “хүч түрэмгийлэн” бусдынхаа өв, соёлыг бүртгүүлээд байгааг сүүлийн жилүүдэд харж, мэдсэн.
Тиймээс тухайн жилд нэг улсаас ганц л өв бүртгэж байя гэдэг шийдвэр гаргасан. Тухайн улс соёлоор баялаг байж болно. Үнэхээр л өөрийнх нь соёл л юм бол 100 жилийн дараа ч устаагүй байна гэсэн үг. Тэгэхээр бид “бүртгүүлнэ” гэж цээж дэлдэхийн зэрэгцээ тухайн өвийг зуу, зуун жилээр нь хамгаалах ёстой болж байгаа юм. Яагаад гэвэл жилд ганцхан өв бүртгүүлнэ.
Өөрөөр хэлбэл, биет бус соёлын өвийг тээгч нарыг шавьтай болгож, дараа дараагийн үеийг бий болгож, залгамжлуулж, судлах ажлыг хийх ёстой. Тиймээс манай яамны зүгээс Уламжлалт мэдлэг, соёлын илэрхийллийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиуд дээр зэрэг ажиллаж байгаа.

-Биет бус өвийг уламжлал хэлбэрээр хүлээн авдаг. Гэтэл монгол хэл, бичгийн соёл сүүлийн жилүүдэд орхигдож байна. Энэ талаар Төрийн хэлний зөвлөлөөс ямар арга хэмжээ авч, ямар бодлого баримталдаг юм бэ?
-Би өчигдөр /уржигдар/ ажлын албаны даргатайгаа уулзсан. Ингэхдээ ирэх онд монгол хэлээ сурталчлах ажилд маш их цаг зарцуулна гэж тохирсон. Урьд нь Төрийн хэлний зөвлөлд гурван хүний орон тоотой салбар зөвлөлүүдээ ч санхүүжүүлэх хөрөнгөгүй, бусдад зөвхөн үг олж өгөх байдлаар маш жижиг хэмжээнд ажилладаг байж. Тиймээс Төрийн хэлний зөвлөлийн дэргэд салбар зөвлөлүүд ажиллуулахаар болж байгаа.
Гадаад үгийг хэрхэн монголчлох вэ гэдэг нь зөвлөлийн ажлын нэгээхэн хэсэг. Харин ийм утгаар, ингэж нэрлэлээ гэх мэтээр орхигдоод байгаа ажлаа хийхээр төлөвлөж байна. Олон нийтэд сурталчлахын тулд Төрийн хэлний зөвлөлөөс 2013 онд төсөл хэрэгжүүлэхээр болсон. Хамгийн түрүүнд мон­гол хэлээ монголчууддаа суртал­чилна. Зөвлөлөөс гаргасан шинэ нэр томъёо, үг, хэллэг, дүрэм, бичлэгүүдийг олон нийтэд таниу­лах ажлыг яаралтай зохион бай­гуулна.

-Өнгөрсөн жил кирилл бич­лэгийн стандарт тогтоох тухай тогтоол гарч, 700 орчим үгийг журамласан. Гэтэл тухайн үеийн БСШУЯ-ны сайтад байр­шуулс­наас өөр арга хэмжээ аваагүйгээс өнөөг хүртэл дээрх үгс олон хувилбараар бичигдсээр байгаа. Үндсэндээ Төрийн хэлний зөвлөлийнхэн хийсэн ажлаа олон нийтэд огт сурталчилдаггүй гэдэгтэй та санал нийлдэг байх нь ээ?
-Бид төслийнхөө хүрээнд олон нийтэд сурталчлах ажлыг яаралтай зохион байгуулна. Тэгэхгүй болохоор өөрийн тань хэлснээр авдрын ёроолд үлдчихээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төрийн хэлний зөвлөлийн жижигхэн өрөөнөөс монгол хэлийг гаргах хэрэгтэй. Ард түмэнд хүртээж болох бүх сувгаар таниулах төслийг хэрэгжүүлнэ. 
Мөн зөв бичих хөдөлгөөнийг өр­нүүлэх шаардлагатай болчихоод бай­на. Энэ төслөө ирэх оны сүүлийн хагаст хийхээр төлөвлөж байгаа.

-Гадаад хэлийг тахин шүтэхдээ монгол хэлээрээ зөв бичиж ч чадах­гүй залуус олон болсон нь багш нартай бас их холбоотой биз?
-Сонгосон үг, бичлэгийг сурталч­лахаас гадна найруулан бичих чадварт анхаарал хандуулна. Цаашил­бал, бид найруулан бич­лэгийн хичээлийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулахын төлөө ажиллана. Аль ч шатны сур­гууль төгссөн хүмүүс бичгийн соёл­гүйгээс ажлын байруудад маш их гологд­дог. 
Мөн асуудлыг бичгээр төлөвлөж, томъёолох чадвараар дутмаг байна. Бусдадаа амаар заадаг хүн олон байдгаас санал, санаачилгаа цаасан дээр бичдэг хүн тун ховор. Ингэж бичих чадвартай хүмүүс маш хурдан ажлын байртай болж ахиж, дэвших боломжтой болдог. Үүнийг залууст бид л таниулж, мэдүүлэх ёстой.

-Төрийн хэлний зөвлөлийн бүрэл­дэхүүн нь ямар байгаа вэ?
-Бүрэлдэхүүний тухайд шууд албан тушаалаар томилогдон ажил­ладаг. ССАЖ-ын сайд, БШУ-ы дэд сайд, Хэлний хүрээлэнгийн захирал зэрэг тухайн үед төрийн албыг хашиж буй хүмүүс шийдвэр гаргах байдлаар ажилладаг. Хэлний боловсрол, мэдлэгтэй, эрдэмтэд ажлын албанд байдаг. Цаашид ажлын албыг хүч нэмэгдүүлэх бодолтой байгаа.
Зөвлөл өмнө нь тустай элит маягаар ажиллаад байсан юм шиг байна. Ард түмэнд таниулах ажил хийдэггүй байжээ. Би цаашид суралцагсад, залуучуудад таниулах бодлого барина.

-Суралцагсад гэдэг нь үндсэндээ ЕБС-ийнхан. Гэтэл багш нартай хэр холбоотой ажилладаг бол?
-Сурталчлах ажлын эхний салбар нь боловсрол. Дараа нь хэвлэл мэдээллийн байгууллага, залуусын холбоотой сувгуудыг ашиглахыг зорьж байгаа. Эдгээрийг энэ сарын 28-нд болох Төрийн хэлний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж батлах эсэхээ шийднэ. Тэр үед багш, сурагчидтай хэрхэн, яаж ажиллах нь тодорхой болно. 

-Та өмнө нь Төрийн хэлний зөвлөл хөрөнгөгүй гэж байсан. Сурталчилгааны явцад санхүүгийн бэрхшээл тулгарах байх даа?
-Өмнө нь зөвлөлийн ажлыг өргөн цар хүрээтэй байна гэсэн ойлголтгүйгээс улсын төсвөөс маш бага мөнгө өгдөг байсан юм билээ. Энэ онд ч мөн л тийм байгаа. Гэсэн ч бид төсөвт хязгаарлагдахгүй. Өв, соёлоо хамгаалах ажлын хүрээнд эх хэлээ хамгаалах, сурталчлахад зориулж хөрөнгө гаргах бололцоотой.
-Манай сонины редакциас өнгөр­сөн жилийн тогтоолыг баримт­лан ажилладаг. Гэтэл тэрхүү тогтоолыг олон нийтэд таниулаагүйгээс хамгийн наад зах нь “сурвалжилга” гэж бичихээр мэргэж­лийн үгээ буруу бичсэнд тооцог­дох жишээтэй байсан. Тэгэхээр төрийн зүгээс энэ талаар өөр ямар нэгэн бодлого яагаад баримталж болдоггүй юм бэ?
-Цаашид энэ талаар хамтарч ажиллаж болно. Төрийн албаны зөвлөлийн удирдамжийн дагуу ажилладаг редакциудад логог нь ашиглуулан, олон нийтэд таниулах байдлаар хамтарч ажиллах тухай хуралдааныхаа үеэр хэлэлцэнэ. 
Өглөөний сонин

No comments:

Post a Comment