-ШИЛДГҮҮДИЙГ ЭЛСҮҮЛЖ, ӨНДӨР ӨРТГӨӨР СУРГАЖ, ЦӨӨХНИЙГ НЬ ТӨГСГӨДГӨӨРӨӨ Л ЯЛГААТАЙ-
МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал, доктор Ч.Лодойравсалтай ярилцлаа.
-Та Монголын өнөөдрийн дээд боловсрол, сургалтын төлбөрийн талаар онлайнаар саналаа нэлээн сайн илэрхийлдэг. Энэ талаар чинь ярилцах гэсэн юм?
-Чанартай боловсрол эзэмшихийн суурь нь мэргэжлээ зөв сонгох. Хүн сонирхсон зүйлдээ сэтгэлээсээ шамдан суралцдаг. Тэгж байж сайн мэргэжилтэн болно. Гэтэл элсэгчид, эцэг эхчүүдийн аль аль нь эрэлт ихтэй, орчин үеийн гэсэн хэлбэр хөөсөн үндэслэлээр мэргэжлээ сонгох нь элбэг болсон. Зарим нь ч бүр их сургуульд орж байвал аль нь ч яахав гэсэн байдлаар хандах болж. Үүнд тухайн мэргэжлийн сурталчилгааг зөв хийдэггүй, хүүхдийн сонирхол, авьяас чадварыг хөгжүүлж, мэргэжилтэй нь холбох ажил дулимаг байгаа байдал нөлөөлдөг биз. Бусдын хүүхдээс дор оруулахгүй хэмээх муйхар байдлаар хүүхдээ ямар ч сургуульд, ямар ч мэргэжлээр хамаагүй, сургах гээд зүтгээд байдаг болчихож. Энэ төөрөгдлөөс болж дипломтой ажилгүйчүүд ихэсч нийгэмд дээд боловсролын үнэлэмж унаж байгаа юм. Баруунд бол их сургуульд олон жил сурч цаг хугацаа алдсанаас өөрийн сонирхолтой мэргэжлийг эзэмшиж аваад шууд ажиллаж, сайхан амьдрахыг илүүд үздэг.
-Ийм байдлаар сургуулиа сонгож байгаа нь мэдээж том алдаа. Бас сургуульдаа сурч байх явцдаа гаргадаг алдаа дутагдлууд байсаар байх шиг?
-Орон нутгаас шинээр элссэн оюутнуудын гаргадаг нийтлэг алдааг хэлье л дээ. Хүүхдээ их сургуульд оруулсандаа баярласан эцэг эх байдгаа барьж хүнээс дутаахгүйг хичээдэг. Гэтэл ямар нэгэн эргэх холбоогүй иймэрхүү хөрөнгө оруулалтаас болоод нэлээд асуудал үүсдэг. ЕБС-д багш нь өдөр бүр хичээл хийсэн үү хэмээн шалгаж, болохгүй бол эцэг эхэд нь "хов" хүргэчихдэг бол дээд сургуульд хувь хүн бие даан, өөрийгөө дайчилж шалгалтаар л ганц жавтий хүртэх болно. Түүнчлэн эцэг эхийн байнгын хяналттай байсан орон нутгийн хүүхдүүд биеэ даан амьдрахдаа тоглоомд донтох, бусдад уруу татагдах зэргээр амьдралын буруу зуршилтай болох нь элбэг байна. Эцэг эх нь мэдэхгүй явсаар хүүхдийнхээ төгсөлтийн баяр нь яригдах үед л мэдэж цочирддог. Гадаадад бие даан сурч байгаа хүүхдүүдийн хувьд ч хамааралтай асуудал.
-Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдүүдээ гадаадын их сургуульд суралцуулахыг эрмэлздэг, бололцоо нь харьцангуй ихэссэн байна шүү?
-Мэдээж дэлхийн тэргүүлэх их сургуулиудад боловсрол эзэмшсэн залуус Монголд хэрэгтэй байлгүй яахав. Гэхдээ зөвхөн "гадаадад суралцах" хэмээх мөрөөдлөөр туйлширвал учир дутагдалтай. Их сургуульд суралцах арга барилаа олоогүй, бие даан амьдарч, ажиллаж үзээгүй хүүхдийг гадаадад явуулахад янз бүрийн асуудал тулгарч байгаа харагддаг. Миний харж, дүгнэж байгаагаар бол залуусыг эхлээд дотоодын их сургуульд бакалаврын боловсрол эзэмшүүлээд дараа нь магистр, докторын сургалтад гадаад явуулах нь илүү үр дүнтэй харагддаг юм.
-Ер нь бол Монголын бакалаврын сургалтаас гадаадын ахисан түвшний сургалтад шилжихэд хоцрогдсон байдал гардаг уу?
-Хоцрогддоггүй юмаа, хүнээсээ л шалтгаална. Ер нь бакалаврын сургалт бол мэргэжлийн шинэ мэдлэг, бие дааж суралцах чадварыг л төлөвшүүлдэг. Бие хүн болгож төлөвшүүлэх, мэргэжлийн суурь мэдлэг олгох, шинэ мэдлэг эзэмших зөв арга барилд сургадаг гэсэн үг. Тэгэхээр бакалаврын сургалтыг хаана сургах нь онцын их ялгаагүй. Оюутан хэрхэн биеэ дайчилж чадаж байгаагаас л шалтгаална.
-Ахисан түвшний сургалтын тухайд...
-Харин ахисан түвшний сургалт бол өөр шүү. Энэ нь яг тодорхой нарийн чиглэлээр мэргэшүүлдэг тул судалгааны түвшин, лабораторийн дэд бүтэц, профессорын мэдлэг, туршлага, судалгааны санхүүжилт зэргээс ихээхэн хамаардаг тул гадаадад суралцах нь чанарын ялгаатай.
-Дунд сургуулиасаа шууд гадаадын сургуульд явдаг ч юм уу, дотоодын их сургуульд суралцаж байхдаа их явдаг нь хэр зохистой вэ?
-Монголынхоо их сургуульд 1-2 жил суралцаад гадагшаа явахад дунд нь хэлний сургалт, бэлтгэл сургалт гэх мэт цаг алддаг. Энэ зуур хамт элссэн найзууд нь хэдүйн эх орондоо бакалавраа төгсөөд яг адилхан улс орны, яг адилхан сургуульд магистрт түрүүлээд орчих жишээтэй. Судалгааны ажлын голыг нугалдаг гэдгээрээ ахисан түвшний сургалтын тэтгэлэг ч олдох нь элбэг. Тэгэхээр Монголдоо сурсан шиг сурч бакалавраа аваад цааш явах нь зөв байх.
-Та их дээд сургуулийн санхүүгийн асуудлыг төгс шийдвэрлэхгүй бол чанарын огцом өөрчлөлт гарах бололцоогүй гэж үздэг хүн юм билээ. Твиттерээр энэ асуудлыг нэлээн хөндсөн байсан?
-Өнөөдөр их сургуулийн төсвийн 92 хувь сургалтын төлбөрөөс бүрдэж байгаа. Түүний 70 гаруй хувь зөвхөн цалинд зарцуулагддаг. Сургалтын орчинг сайжруулах, сайн багш, судлаачдыг хэрхэн их сургуульд нь үлдээх вэ гэдэг асуудлууд байна. Өнөөдөр төрийн их дээд сургуулиудын менежмент социалист биш капиталист биш байдалтай байгаа. Социалист юм уу гэтэл төр ердөө төсвийн найман хувийг өгөөд бусдыг нь өөрсдөө мэд гэчихдэг. Капиталист юмуу гэхэд зах зээлийн жамаараа биш төлбөрийг хязгаарладаг, цалингийн сүлжээтэй, зээл авч болохгүй гээд бүх юм биш болчихоод байдаг. Жишээ нь сүүлийн 20 жилд төр өөрийн өмчийн Монгол Улсын их сургуульдаа нэг ч байшин барьж өгөөгүй. Цорын ганц байшинг муу хэлэгдээд байгаа "МУИС хөгжлийн сан"-гийн хөрөнгөөр барьсан.
-Тэгвэл хувийн их, дээд сургуулиудын ашигтай ажиллаад байгааг та яаж харж байна?
-"Хувийн сургуулиуд яаж ашигтай ажиллаад байна вэ" гэдэг асуултыг хүмүүс сөргүүлж асуух дуртай. Хувийн сургуульд тэтгэврийн бус насны үндсэн багш хэдэн хувь нь байдаг вэ? Сургалтын чанар ямар вэ? Сургалтын зардал өндөртэй байгалийн ухаан, инженерийн чиглэлийн хувийн сургууль байдаг уу? Багш нар эрдэм шинжилгээ хийдэг үү? Хэдэн хувь нь эрдмийн зэрэг цолтой вэ? Олон улс дахь нэр хүнд, харилцаа холбоо хэр вэ гэх мэт асуултуудыг би сөргүүлэн асуумаар байдаг.
-Энэ бүх үзүүлэлтийг сайжруулахад хөрөнгө, цаг хугацаа шаардлагатай л даа.
-Харин тийм. Хөрөнгийг дорвитой зарцуулж байж чанар мэдэгдэхүйц нэмэгддэг. Сургалтын төлбөрөөс 90 гаруй хувь хамаарсан улсын сургууль нь төлбөрөө инфляциас илүү гаргахгүй түвшинд нэмэгдүүлэх үүрэг даалгавартай үйл ажиллагаа явуулж буй нь чанарын болон сургалтын орчны хөрөнгө оруулалтын талаар өөрчлөлт шаардах боломжгүй гэсэн үг.
-Тэгээд яах ёстой гэж?
Сургалтын төлбөр гэдэг зөвхөн тооны асуудал биш л дээ. Сургалтын төлбөрийг төр шууд тогтоочихдог эд биш. Сургалтын төлбөр зах зээлийн жамаараа л шийдэгддэг асуудал. Оюутан хямдхан боловсрол хүсээд байна уу, чанартай боловсрол хүсээд байна уу? Хямдхан, чанартай боловсрол гэж хаана ч байхгүй. Үүнийг л их сургууль, оюутан, эцэг эхчүүд зөв өнцгөөс нь харах хэрэгтэй юм. Дараахь хоёр сонирхол давхцаж байвал төлбөр зөв тогтоогдож байна гэж үзэж болох юм. Үүнийг жаахан тодруулъя. Нэгдүгээрт, оюутан ямар чадамжтай, ямар мэдлэгтэй, амьдралын ямар баталгаатай болж төгсөх хүсэлтэй байна вэ гэдэг асуудал юм. Өөрөөр хэлбэл, оюутны эцэг эх хүүхдийнхээ боловсролд ямар хөрөнгө оруулалт хийгээд түүнийгээ ямар хугацаанд нөхөх, цаашдаа хэрхэн амьдрахыг хүсээд байгаагаас л хамаарна гэсэн үг. Эцэг эх үр хүүхдэдээ амьдралынх нь баталгаа болохуйц чанартай боловсролыг эзэмшүүлэхийн тулд түүнд зарцуулагдах төлбөрийг цааргалалгүй төлдөг, их сургууль түүний хариуд тухайн мэргэжлээр хаана ч гологдохгүй ажиллах чадвартай мэргэжилтнийг бэлтгэх үүрэг хүлээдэг тогтолцоог бүрдүүлэх ёстой. Хоёрдугаарт, тухайн сургалтыг явуулахад нэг оюутанд шууд болон шууд бусаар ямар хэмжээний хөрөнгө зарцуулах вэ гэдэг асуудал юм. Шууд гэдэгт сургалтын орчинг бүрдүүлэх, багшийн цалин болон захиргааны бусад зардлыг хамааруулах бол шууд бус зардалд багшийг мэргэжил дээшлүүлэх, оюутанд заах шинэ мэдлэг бүтээх, олон улс дахь нэр хүндээ өсгөх, хамтын ажиллагааг бэхжүүлэх гэх мэт зардлууд хамаарагдана. Жишээ нь, МУИС одоогийн нэр хүндийг олж авах гэж 70 жилийн турш төрийн зүгээс ч, багш эрдэмтдийн зүгээс хичнээн их хөрөнгө шууд болон шууд бусаар зарцуулагдсан бэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Төрийн санхүүгийн чадамж хэцүүдэж, бодлого алдагдсан 20 жилийн ялимгүй уруудлаар бүгдийг үгүйсгэж болохгүй. МУИС-ийг зөвхөн "Монгол Улсын" хэмээх тодотголоор нь биш олон жилийн турш тогтвортой хамтран ажиллаж, судалгаа хийж, хүний нөөц, мэдлэг солилцож ирсэн туршлагаар нь олон улсын олон сургууль, эрдмийн байгууллага хүлээн зөвшөөрдөг. Зөвхөн яг өнөөгийн гал унтраах гэсэн төсвөөр л их сургуулиудыг хязгаарлаад байвал удахгүй шинэ мэдлэг үүсэх явц алдагдаж, боловсон хүчний бодлого замхарч, хөгжилд цоорхой үүсэх болно.
-Та бүх түвшний сургалтын талаар ярьж байна уу?
-Энд зөвхөн бакалаврын сургалтын төлбөрийн асуудлыг хэлж байна. Төрөөс санхүүжилт хангалттай өгөхгүй атал сургалтын төлбөрийг хүчээр барьж байгаа нь суралцагсдын тоог хүчээр нэмэгдүүлж хавтгайрсан сургалт руу орох нөхцөлийг бүрдүүлсэн. Үүнээс үүдэлтэй нийгэмд МУИС төгсөгчдийн нэр хүнд унах, үнэлэмж буурах хандлага зонхилох боллоо. Аргагүй шүү дээ. Бид үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд санхүүгийн боломжтой байх ёстой. Гэтэл орлогын гол эх үүсвэр болсон сургалтын төлбөр тогтооход төр шууд оролцож, зохиомол босго тавьдаг. Ингэснээр зах зээлийн эрэлт, ажлын байрнаас хэтийдсэн элсэлт авахаас аргагүйд хүрдэг. Энэ нь сургалтын чанарт ч их сургуулиудын ирээдүйд ч муугаар нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, бакалаврын сургалтын цагт дарагдсан эрдэмтэн багш нараас шинэ мэдлэг, шинэ технологи, инноваци нэхэх боломжгүй. Нөгөө талаас оюутны хувьд ч ялгаагүй. Бөөндөж элсүүлсэн 50 оюутны нэг байх уу хатуу шалгуураар шүүгдсэн 20 оюутны нэг байх уу гэдгээ сонгох эрхтэй. Чадварлаг цөөхөн хүүхэдтэй ангид өрсөлдөөн их, ангиараа их сайн хөгжиж, бүгд сайн мэргэжилтэн болдог. Гэхдээ үнэ төлбөрт нь тааруулж сургадаг гэж гуйвуулж болохгүй. Яагаад Америкт харьцангуй хямдхан улсын сургууль байхад, асар үнэтэй хувийн сургууль руу илүү зүтгэдэг вэ? Жишээ нь эдийн засгаар Харвард, Стэнфорд байна уу эсвэл МУИС байна уу, заадаг онол нь бол адилхан. Шилдгүүдийг элсүүлж, өндөр өртгөөр сургаж, цөөхнийг нь төгсгөдгөөрөө л ялгардаг хэмээх яриа байдаг. Дүгнээд хэлэхэд сургалтын төлбөрийг их сургуулийн хөгжлийн бодлого, бодит байдалтайгаа уялдуулж чанартай сургалт явуулж чадахуйцаар тогтоох ёстой. Улсын сургуулийн тухайд төр оюутанд очих ачааллыг хэдэн хувь бууруулах хэмжээний дэмжлэг үзүүлэх чадвартай байна тэр хэмжээгээр санхүүжилтийг өгч, хяналтаа тавих үүрэгтэй. Түүнээс популизм хийх зорилгоор их сургуулиуд л ашгийн төлөө шулах гээд байгаа мэтээр ойлгуулж нэр хүндийг нь унагаад байх зүйд нийцэхгүй. Харин оюуны чадамж өндөртэй, төлбөрийн чадваргүй болон амжилттай суралцаж байгаа оюутнуудыг сургууль нь өөрөө мэдээд төлбөрөөс хангалттай чөлөөлчихдөг нь олон улсын жишиг. Оюутан өөрийн биеэ дайчлан суралцаагүйгээс нэг улиралд нэг хичээлд унахад л төлбөр нь шууд 20 хувиар нэмэгдэнэ. Нөгөө талаас биеэ дайчлан суралцаад дөрвөн жил биш гурван жилд суралцахад л бүтэн жилийн амьдралын өртөг шууд хэмнэгдэнэ. Үүний хажууд инфляцийн түвшний нэмэлт 10 гаруй л хувь шүү дээ.
П.ХАШЧУЛУУН
No comments:
Post a Comment