Монгол Улсын ардын жүжигчин Агваанцэрэнгийн Энхтайвантай ярилцлаа.
-Ардын жүжигчин цол хүртсэнээсээ хойш сонин хэвлэлд төдийлөн яриа өгөөгүй. Үндсэндээ сүүлийн жилүүдэд нам гүм байгаа. Тиймээс таныг эргээд "ухаж төнхмөөр" санагдлаа л даа. Яриагаа ус нутгаас тань эхэлье?
-2009 онд төрийн өндөр хишиг хүртэж, ардаараа овоглосноосоо хойш ерөнхийдөө чимээгүй байлаа. Би ардын цолтон болчихлоо шүү дээ гэж онгирч омойтсон аястай ярилцлага өгөлтэй нь биш дээ. Миний ус нутаг Хэнтий аймгийн Баян-Адарга, Биндэр сумын зааг юм. Аав минь надад Баян-Адаргын Баян-Өлзийт багт төрсөн гэдэг. Сүүлд сонсох нь ээ, Биндэрийн Бор-Овоогийн Уртын эх газар төрсөн гээд байгаа.
Миний бие бол Бор-Овоогийн Уртын эхийг л тоонотоо гэж бодох болсон. Биндэр гэхээр хүмүүс буриад гэж ойлгох нь бий. Би чинь халх хүн. Аав ээж хоёр минь хоёулаа халх, бүр боржигон хүмүүс юм. Аав Шаравын Агваанцэрэн хөвчийн Жонон вангийн нутаг Баян-Адаргын хүн. Нэгэнт аавынхаа тухай, ус нутгийнхаа тухай ярьж буй учир энд нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Ерэн нэгэн онд би удам угсаа, гарал үүслийнхээ талаар ааваасаа асууж байлаа. Тэгэхэд аав минь Хэнтийн Өндөрхаанд бие муу хэвтэрт байсан. Би гэдэг хүн эзэн хааныхаа дүрд тоглоод байж байдаг. Балжинням найруулагчаас хоёр хоногийн чөлөө аваад Өндөрхаанд очиж байв. Тэр бол аавтайгаа уулзсан, үг яриаг нь сонссон сүүлчийн уулзалт байлаа даа.
-Биндэр сумандаа сургууль соёл дүүргэсэн үү?
-Цэнхэрмандал суманд цэцэрлэгт анх орж байсан түүхтэй. Аав тракторын жолооч байхгүй юу. Цэнхэрмандалд мал аж ахуйн станц байгуулагдахад хоёр трактор байсны нэгийг манай аав, нөгөөг нь гавьяат жүжигчин, дуучин Эрдэнэбатын аав Гэндэндарам гуай барьж байсан. Тэр хоёр тус сумын бүх л айлын ус түлээг дөхүүлж, нүүлгэж суулгаж байсан буянтнууд. Эрдэнэбат бид хоёр тухайн цагийг яаж мэдэх билээ. Нэг насны зөрүүтэй хоёр. Цэцэрлэг, сургуульд цуваад л орсон. Цэнхэрмандалд гуравдугаар ангиа дүүргээд дараа нь аймгийн төв рүү шилжиж тэндээ аравдугаар ангиа төгссөн. Арван жилд дуулдаг, бүжиглэдэг тийм л хүүхэд байлаа. Бас ч болоогүй урлагийн тэмцээн уралдаанаас шагнал авчихсан, Улаанбаатарт ирээд дуу хоолойгоо цуурайтуулчихсан догь эр явлаа.
-Урлагт анх хөтөлсөн багш тань хэн байна?
-Тавдугаар ангийн сурагч байхдаа Хан Хэнтий чуулгын дуучин, Монгол Улсын ардын жүжигчин Шархүүхэн гуайгаар уртын дуу заалгаж байсан. "Хулст нуур", "Эр бор харцага" зэрэг дуунуудыг хоёр ч жилийн хугацаанд заалгасан юм. Шархүүхэн гуай "Миний хүүгийн хоолой бол уртын дууны хоолой биш ээ. Дуурийн дуулаачийн хоолой. Чи тэр замыг хөөх ёстой" гэж захиж байсан. Долдугаар ангийн хүүхдэд тэгж хэлж байгаа хэрэг. Ингээд аравдугаар ангиа дүүргээд Улаанбаатар хотноо Хөгжим бүжгийн сургуульд ирлээ. Хоёрдугаар курст орох жил манай найрал дууны анги тухайн үеийн Улсын багшийн дээд сургууль руу шилжсэн дээ.
-Та чинь Свердловскийн Уралын хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуулаачаар төгссөн хүн дээ?
-Улсын багшийн дээд сургуулийг төгсөөд л шууд Уралын хөгжмийн дээд сургуульд явсан. Уул нь намайг Дуурийн театрын дуурийн гоцлол дуулаачийн ангид хуваарилсан юм. Тэгтэл Соёлын яамны урилгаар гээд л гадагшаа явуулчихсан. Уралын хөгжмийн сургуульд таван жил суралцаад наян таван онд төгсч ирсэн. Тэгээд л хорин жил дуурийн театрын гоцлол дуучнаар ажилласан. Дуурийн театрт наян таван оноос 2005 он хүртэлх хугацаанд тавигдсан Монголын болон дэлхийн бүх л сонгодог дуурийн гол дүрд дуулсан байна. 32 дуурийн гол дүрийг авч гарсан байдаг шүү. Хайдав багш, Банди гавьяат хоёр тэтгэвэртээ суугаад сургуулиуд руу багшаар явчихаар нарийн цээл хоолой буюу тенор хоолойтой эрэгтэй дуучин нь би л үлдэхгүй юу. Д.Лувсаншарав гуайн хэд хэдэн дуурьт дуулсан. Манай хүн намайг дуурийн театраас гарахаас өмнө "Хадам ээж" гэсэн хоёр хүний дуурь бүтээж түүнд нь ардын жүжигчин А.Долгор бид хоёр дуулж байлаа. Халтарын Билэгжаргалын "Гэрэл сүүдэр" гэж дуурьт зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж гуайтай хамт дуулж байсан гээд бодохгүй юу. Ер нь би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Яагаад вэ гэж та асуух байх.
-Тэгэхээр ямар хариулт өгөх бол?
-Наян таван онд дуурийн театрт ирэхэд манай алтан үеийнхэн халаагаа өгөх дөхчихсөн байсан. Яг тийм цагт бидний үеийнхэн хаврын шувууд шиг ганганалдан ирж өнөө аваргуудаас хормойгоо дэвсэн халааг нь авч байсан. Ц.Пүрэвдорж, Г.Хайдав, А.Бүтэд, Х.Уртнасан, Д.Жаргалсайхан гээд Монголын сонгодог урлагийн үрийг нь тарьсан хүмүүс. Энэ дундаа миний хамгийн хайртай алтан портнер бол Хорлоогийн Уртнасан гуай. Бид хоёр олон сонгодог дуурьт хамтарч дуулж байлаа. Маш түшигтэй сайхан хүн шүү дээ. Хоёулаа Гонгорын Хайдав гэж хүний шавь юм. Бидний үеийнхэн гэвэл ардын жүжигчин Батаагийн Жавзандулам, Аюурзанын Долгор, Чинзаяагийн Мөнхшүр нар шүү дээ. Ийм л нэгэн үеийн сонгодог дуучидтай Монголын дуурийн театрын тайзнаа хорин жилийг үдсэн байна. Алтан үеийнхний тарьсан үрийг Монголынхоо хөрсөнд улам сайхан ургуулаад дараа үе, дүү нартаа хүлээлгэж өгсөн гэж бодохоор омогшил төрдөг л юм. Гэхдээ бид өнөөдөр тэгтлээ хөгширчихөөгүй байна. Хэдий эмээ, өвөө болчихсон ч гэсэн багш нарынхаа дэргэд залуу л байна.
-Тантай гурван ч сэдвээр данайтал ярилцаж болмоор санагдана. Ухаандаа, хоёулаа эхний сэдэв буюу дуурийн дуулаачийн тухайд чинь л ярилаа. Эзэн хааныхаа дүрийг бүтээх түүхэн үүрэг танд оногдсон. Энэ тухай асуулгүй өнгөрч боломгүй. За тэгээд цаана нь хөгжмийн зохиолч гэж нэг том зүйл бас байна даа?
-Үнэн шүү. Ах нь өөрийнхөө Монголын урлагт байгуулсан гавьяа, зүтгэсэн зүтгэлээ гурван хэсэгт хувааж боддог. Эхний хэсгийг нь ярилаа. Одоо эзэн хааныхаа түүхэн дүрийг бүтээсэн хувь заяа буюу кино урлагтай холбогдсон түүхээ сөхье. Ерэн оны цагаан морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд миний бие кино урлагтай холбогдсон. Энэ маань эзэн хааныхаа түүхэн дүрийг бүтээх болсон гэсэн үг л дээ. Би бол өөрийн саналаар юм уу, сэтгэлийнхээ дуудлагаар ийм хувь заяатай холбогдоогүй. Ерөөс Нацагийн Жанцанноров гэж хүний буян юм. Тэр хүн намайг Чингэс хааныхаа дүрийг бүтээх эхний алхамыг хийж өгсөн. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдоржийн "Үүлэн заяа" дуурьт тоглож байхад намайг анхаарч харсан юм билээ. Энэ дашрамд хэлэхэд, Нацагдорж багшийн "Үүлэн заяа", "Гэсэр", Билэгжаргалын "Ламбугайн нулимс" энэ гурван дуурь бол Монголын үндэсний дууриудын хамгийн том шинэчлэл гэж би боддог. Ингээд "Үүлэн заяа"-гийн Төмөртөр хаанд дуулж эхний өдрийн тоглолтоо дууссаны дараа Жанцанноров гуай баяр хүргээд "Бидний хэдэн нөхөд нэг юм хийх гээд байгаа. Маргааш чи энэ дуурьдаа дуулна биз дээ" гэлээ. Тэгээд л өнгөрсөн. Би ямар хүмүүс, юу хийх гэж байгааг мэдэх ч үгүй, асуух ч эрхгүй шүү дээ. Маргааш нь дуурь дууссаны дараа өрөөндөө будгаа арилгаад зогсч байтал Балжинням, Нагнайдорж нарын найруулагчид ороод ирдэг юм байна. Бүгд намайг харж сонжиж, хэд гурван үг асуугаад яваад өгсөн. Өглөө нь ажилдаа ирээд дасгалаа уншаад зогсч байтал "Энхтайван, чи юу хийгээд энд байж байгаа юм бэ. Чамайг 10 цагт кино үйлдвэр дээр бэлэн байгаарай гэсэн ш дээ" хэмээн нэг нь хэлдэг юм. Тэгээд л автобусанд суугаад кино үйлдвэр орлоо.
-Тэнд Б.Балжинням найруулагч тэргүүтэй хүмүүс хүлээж байв уу?
-За хө, хэн хэн хүлээж байсан гэж бодно. Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Бэгзийн Балжинням, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ, төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр, зураач Пүрэвсүх, зохиолч Дүгэржавын Маам, оператор Луузаншаравын Шаравдорж гээд аваргууд сууж байгаа юм. Тэд надаас ус нутаг асууснаа шууд л өндөр хэд вэ, биеийн жин хэд вэ гэдэг юм. Тухайн үед чинь би мөрнийхөө дээгүүр татах хэмжээний урт үстэй байсан. Балжинням найруулагч "Бадамсүрэнг дууд" гээд нүүр будагчийг дуудууллаа. Тэгээд намайг хорин настай, дөчин настай, жаран настай болгуулж үзлээ шүү. Жаран настай болчихоод байж байхдаа "Би ер нь ийм л өвөө болох юм байна" гэсэн бодол төрж билээ. Гэхдээ надад чухам хэний хорин нас, жаран нас гэдгийг мэдэхгүй байлаа. Ухаандаа, жаран настай өвгөний дүрд хувираад цагаан ногтон сахалтай амьтан өнөө хэдийн чинь өмнө зогсож байхдаа "намайг ер нь яах гээд байгаа юм болоо" гэж бодож байлаа. Ингээд долоо хоногийн дараа манай дуурийн театрын ерөнхий найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагвын Эрдэнэбулган гуай ороод ирлээ. "За нөхөр минь чи кино үйлдвэрт нэг сарын хугацаатай ажиллах болж байна даа" гэлээ. Би хариуд нь "Үгүй ээ, найруулагчаа би явж чадахгүй. Уран бүтээлийнхээ ажлыг хиймээр байна. Хэд хэдэн дуурь намайг хүлээж байна" гэсэн юм хэллээ дээ. Тэгтэл загнуулдаг юм аа. "Чиний наад толгой чиний толгой биш төрийн толгой. Хэн юу л гэж хэлнэ чи түүнийг нь биелүүлэх ёстой. Хэрвээ ихээхэн гөжүү зан гаргаж өмнөөс тайлбар тавих юм бол дэмий шүү" гээд сүхээр цохих шиг л тас буулгаад авдаг юм. Ингээд би гэдэг хүн бүр нэг гомдолтой нь аргагүй, театр руугаа эргэн эргэн харсаар кино үйлдвэр рүү явж билээ. Ямар кинонд, ямар дүр бүтээхээ мэдэхгүй амьтан л явж байгаа хэрэг шүү дээ. Замд явахдаа юу гэж бодсон гэж санана, ямар ч дүр өгсөн хамаагүй түүнд нь тоглож чадахгүй гэдгээ албаар харуулаад, тэнцэхгүй нь гэсэн тодорхойлолт аваад буцаад театртаа ирнэ дээ гэж. Нэг сарын хугацаанд сургуулилт хийхдээ "Мөнх тэнгэрийн хүчин дор"-ын Бөртэ-д тоглодог ардын жүжигчин С.Сарантуяа, Боорчийн дүрийг бүтээдэг, "Мандухай цэцэн хатан"-д Мянхайд тоглож байсан Төмөртогтох, төрийн шагналт Ц.Төмөрбаатар, Хасар Жагаа, гавьяат Ж.Сүххуяг нартай эхлээд тоглуулж байгаа юм. Бид бол үе тэнгийнхэн. Дараа нь Сувд гуайтай, Мягмарнаран гуайтай тоглууллаа. Монголын тайз дэлгэцийн урлагийн сор болсон тэдгээр жүжигчдээс би үнэндээ сүрдэж байлаа шүү.
-Чингэс хааны дүрийг бүтээхээ яг хэдийд мэдсэн гэдэг билээ?
-Ерэн оны хоёрдугаар сарын 19 буюу цагаан морин жилийн шинийн нэгэнд мэдэж байсан. Дуурийн театрынхан чинь шинийн нэгэнд театр дээрээ уулзаж ахмадууддаа золгодог улажлалтай. Тэрхүү уламжлалынхаа дагуу шинийн нэгний өглөө гэртээ шинэлчихээд театртаа очоод "Гоцлол дуучин А.Энхтайвандаа эзэн Богд Чингэс хааныхаа түүхэн дүрийг Монголын кино урлагт анх бүтээх болсонд баяр хүргэе" гэсэн бичиг үүдний самбар дээр дурайтал байж байдаг юм. Би эхлээд итгэсэнгүй. Манайхан надаар дамшиглаж байна даа гэж бодлоо. Үүднийхээ жижүүрээс хэн ийм зарлал гаргасныг асуулаа. "Мэдэхгүй ээ, захиргаанаас байлгүй дээ. Баяр хүргэе" гэдэг юм. Өрөөндөө ортол манай хэд баяр хүргээд тэвэрч үнсээд сүйд. Удалгүй театрын удирдлагууд баяр хүргээд ахмад настнууддаа золгох биш "Чингэс хаандаа золгоё. Эзэн хаанаараа бахархах ийм нэг сайхан цаг ирдэг юм байна" гээд хөгшин залуугүй надад золгож баяр хүргэж байлаа.
Ингэж л хувь заяагаар эзэн хааныхаа дүрийг Монголын кино урлагт анх бүтээсэн юм шүү. Сайн муу бүтээснийг ард түмэн л үнэлнэ. Өнөөдөр хүртэл миний ард түмэн намайг Чингэс хаан шигээ хүндэтгэн дээдэлдэг. Тэгэхээр би энэхүү түүхэн дүрийг гайгүй шиг бүтээсэн юм болов уу. Хамт тоглосон нэртэй жүжигчдийн нөлөө байсан. Ухаандаа, Сувд гуайг би уг кино бүтэх хоёр жилийн хугацаанд ээж шигээ л хүндэтгэж "ээж ээ" л гэдэг байсан. Банзарын Дамчаа гуай, Гүрсэдийн Доржсамбуу гуай хоёр киноны турш надтай ажилласан. Тэдний л хүчинд чи Чингэсийнхээ дүрийг бүтээсэн байхгүй юу. Нэг сонин зүйл нь Монголын дуурийн театраас Сүхбаатар, Хатанбаатарын дүрүүд тодорсон байдаг. Ер нь тэгээд Дашнамжил гуайгаар Сүхбаатар жанжныг, Эрдэнэбулган ахаар Хатанбаатарыг, өчүүхэн надаар Чингэс хааныг төлөөлүүлж боддог болж дээ. Үүнд уран бүтээлчийнхээ хувьд бахархахгүй байхын аргагүй ээ.
-Та Монголын кино урлагт Чингэс хаанаасаа өөр дүр бүтээсэн үү, үгүй шиг санагдах юм?
-Бүтээгээгүй юм аа. Надад бол олон киноны урилга ирсэн. Тэр бүгдэд зөвшөөрөөгүй ээ. Би бол мэргэжлийн жүжигчин биш. Азаар, хувь тавилангаар эзэн хааныхаа л дүрийг бүтээчихсэн хүн. Гэтэл өөр кинонд тоглож байгаа нь энэ гээд ард түмний сэтгэлд нэгэн өндөрлөг тогтоосон өнөө дүрээ манайхны хэлдгээр шалны алчуур болгочихвол яах юм бэ. Чингэс хаан чинь худалч, хулгайч, зальжин, шоронгийн хүн болоод хувирчихвал яах юм. Тийм л бодол өвөрлөж татгалздаг. Үндсэндээ, Монголын ард түмэн намайг эзэн Богд хаанаараа л хүлээж авсан. Тиймээс би Чингэс хаан нь л байя гэж бодсон хэрэг л дээ. Харин кино урлагт бол сэтгэлээ өгсөн. Гэргийнхээ "Нүхэнд үлдээсэн сувд" зохиолоор "Мойлхон" гэж кино хийсэн. Азийн кино наадмын фестивальд шилдгээр шалгарч байлаа. Түүнээс хойш хоёр, гурван ч кино хийгээд байна.
-Танаас бас нэг зүйлийг асууя гэж бодоод байдаг. Сүүлд манайх "Үхэж үл болно-Чингэс хаан" гэсэн кино хийлээ. Түүнд Чингэсийн дүрийг Төмөрбаатар гавьяат бүтээсэн. Мэдээж өөрийнхөөрөө л бүтээсэн нь мэдээж. Түүнийг та Чингэсийг ямар хэмжээнд гаргасан гэж боддог вэ?
-Уг киног сайн муу гэж тодорхойлох нь миний хувьд зохимжгүй юм. Ц.Төмөрбатар бид хоёр уран бүтээлийн найзууд. Түүнийг би ясны жүжигчин гэж боддог. Үнэхээр ч төрмөл, таримал амьтан л даа. Бид хоёр уулзахаараа уран бүтээлийн тухай санаа оноо солилцоно. Харин Чингэс хааны тухай, бүтээсэн дүрүүдийнхээ тухай "А" ч гэж ярьдаггүй байхгүй юу. Сонин байна уу. Харин "Мөнх тэнгэрийн хүчин дор" кино дэлгэцэнд гарсны хорин жилийн ойгоор задгай галын дэргэд зогсоод Тэмүүжин, Жамуха хоёрын дүрд хэрхэн тоглосноо дурсан халуунаар тэврэлдэж байснаа мартамгүй. Тэр бол ховорхон л тохиол.
-Бид хоёрын яриа сонины энэхэн зайд үнэндээ багтахгүй л дээ. Гэхдээ танаас уран бүтээлийн гурав дахь хэсэг буюу хөгжмийн зохиолчийн тухайд чинь асуумаар байна?
-Хөгжмийн зохиолчийнхооо хувьд 400 гаруй дуу, тав зургаан уран сайхны кино, хориод баримтат киноны хөгжим бичжээ. Анхны маань дуу бол Жүмпэрэлийн Саруулбуян андын минь шүлэг "Балжийн гол" юм. Мэргэжлийн дуу л даа. За тэгээд Саруултайгаа "Ононгийн шугуй" тэргүүтэй хэд хэдэн сайхан дуу хийсэн. Сүхбаатар нутгийн найрагч Сумъяагийн Амартайвантай хамтарч бүтээсэн "Олонтой явсан аав" дуу минь "Морин хуур" авч, би гэдэг хүн ихэд баярлаж байлаа. Соёлын тэргүүний ажилтан Б.Батболд дуулж олонд хүргэснийг хүмүүс мэднэ. Мөн Б.Батмэнд, С.Цогтсайхан нарын "Санасан шүү чамайгаа", У.Далантай, Т.Баясгалан нарын "Эрхлэн жаргах бидэн хоёр" гээд олны сайн мэдэх дуунууд байна. Ерээд онд байна уу даа, Бавуугийн Лхагвасүрэн гуайн "Ээжийнхээ ачийг яалаа даа" шүлгэнд аялгуу хийгээд зууны манлай Хорлоогийн Уртнасан гуайгаар дуулуулж явсан хүн шүү дээ, би.
Ярилцсан Н.ГАНТУЛГА
Өдрийн сонин
No comments:
Post a Comment