Thursday, 27 December 2012

Ж.Болдбаатар: Чингис гэдэг нэрээр популизм битгий хийгээсэй

 “Ярилцъя” булангийн маань хойморт энэ удаа нэрт эрдэмтэн, акаде­мич Ж.БОЛДБААТАР уригдаж, олон сонирхолтой сэдвээр байр сууриа илэрхийллээ. 
ЦЭЦ БОЛ ЯАХ АРГАГҮЙ ШИГШЭЭ БАГ

-Таныг ярилцлагынхаа зочноор уръя гэж олон жил бодож яв­лаа. Уулзах цаг олгосонд баяр­лалаа. Асуух юм их байна. Цэцийн ажлаа­саа яагаад чөлөө­лөгдсөн бэ. Цэц­дээ байгаач гэдэг хүсэлт тавьсан гэсэн. Өөрөө татгалзсаар байгаад гарсан гэж дуулсан юм байна ?
-Үгүй ээ, яахав дээ. Би чинь Цэцэд 14 жил шахам ажиллалаа шүү дээ. Нас ч 65 хүрлээ. Цэцэд байх сай­хан л даа. Намчирхахгүй, асуудлыг хууль зүйн дагуу шийддэг. Тэнд ямар ч намын зүтгэлтэн байсан хүн орж  ирээд л шууд түдгэлздэг. Тэр мөчөө­сөө хойш хуульдаа л захирагддаг. Ямар нэгэн намын эрх ашгийн тухай ярьдаг хүн байдаггүй. Хуулийнхаа дагуу л бүх зүйлийг шийддэг. Цэцийн ги­шүүн хүний эрх нь асар хязгаар­лагд­мал шүү дээ. Яагаад гэвэл улс төрийн сэдэвтэй илүү дутуу зүйл яривал юманд орооцолдох гээд байдаг. Гэтэл судлаач эрдэмтэн хүн санал бодлоо чөлөөтэй илэрхийл­мээр байдаг. Нас ч бас харьцангуй өтлөх нас руугаа явж байна. Зарга шүүхээсээ илүүтэй үлдсэн амьдралд бурхан багш хэд хоногийн томилолт өгөх юм. Тэр томилолтын хугацаанд нь бас жаахан судалгааны ажил хийх, хэлэх ярих юмаа хэлж ярьж байх гэсэн бодлын үүднээс би шийдвэрээ гаргасан юм.

-Цэцийг улс төрийн халаасанд байна гэх хардлага их байдаг. Таны гарал угшил бол МАН. Гэхдээ айхтар улстөржиж байс­ныг тань санахгүй байна. Одоогийн Ерөн­хий­лөгч бол Ардчилсан намын гишүүн хүн. Гэхдээ таныг Цэцдээ байгаач гэж онцгойлон хүссэн гэж сонссон юм. 
-Ерөнхийлөгч Цэцийн орлогч дарга Н.Жанцантай уулзаад “ Ж.Болдбаатар гуай яагаад болих гээд байгаа юм, уг нь Цэцдээ сууж байх хүн шүү дээ “ гэж хэлсэн байсан. Ерөнхийлөгч намайг улс төрийн ноён нуруутай, байж байхад болох хүн гэж үзэж байсан юм болов уу даа. Улс төрийн холбог­долтой зарга, маргаан, гомдол чинь явсаар над дээр их төлөв цохогддог юм шүү дээ. Жишээ нь, улс төрийн нам­тай холбоотой ч байдаг юм уу, тийм маргаанууд.  Энэ ч бас нэг талаа­саа аргагүй юм. Би гэдэг хүн олон жил улс төрийн тогоонд буцалж байс­ны хувьд намайг энэ асуудалд арай илүү бодитойгоор хандах болов уу гэж Цэ­цийн дарга надад дээр ийм өргөд­лүү­дийг цохдог байсан байх. Энэ нь нэг талаас МАН-ын Ж.Болдбаатар намын­хаа эрх ашгийн үүднээс л асуудлыг шийдчихээд байна даа гэх маягийн хардлага төрүүлдэг байсан байх. Хамгийн сүүлд Цэцээс гарахын өмнө би МАХН-тай холбоотой нэгэн өргөд­лийг шалгасан. Энэ асуудал дээр гэхэд жишээ нь,  МАХН гэдэг нэрийг уламжилж ямар нэгэн улс төрийн нам авах ёсгүй гэсэн шийдвэр гаргасан л даа. Үүнийг бас улстөржүүлж л хардаж байх шиг байсан. Өөр нэг их олон юман дээр ерөнхийд нь хий хоосон хардахаас биш нэг их айхтар шуугиан болгож, асуудлыг эргэж босгож тавьж байсан тохиолдол ховор.

-“Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэсэн нэг алдар­тай үг бий. Энэ үгийг хүмүүс их олон талтай авч үздэг. Жишээлбэл, би “Цэцийн дээр хөх тэнгэр биш, МАХН(хуучин) бай­на” гэж бичдэг л байсан. Улс төр үнэхээр орол­доод байдаг тал бий юу. “Цэцийн нэг багана шүү дээ би” гэсэн тэр үнэмш­лээсээ гулзай­хаас арга­гүй байдалд намынхаа шахалтаар орж байсан тохиолдол бий юу? 

-МАН-ын удирдлагаас Цэцтэй холбоотой маргааны асуудлаар нэг ч хүн надтай ярьж байгаагүй. Энэ 14 жилийн туршид шүү дээ. 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой маргааны үеэр за­рим нэг хүн Ерөнхийлөгч Н.Энх­баяр танд ийм үг хэ­лүүлж байна, дамжуулж байна энэ тэр гэж байсан юм бий. Гэхдээ намын удирдлагын хүмүүсээс биш, төрийн хү­рээнд ажиллаж байсан ганц нэг сайд, агентла­гын дарга нар тийм юм надад хэлж байсан. Намын удирдла­гын хүрээнээс бол тийм яриа над руу ирүүлж байгаагүй л дээ. Ерөөсөө Цэц улстөржөөд байдаг байгуул­лага биш л дээ. Гол нуруу нь хууль. Нөгөө талаар ирээдүйн үр дагаварыг зарим үед харахаас өөр аргагүй байдаг. Маш уршигтай үр дага­вар дагуулах юмыг бас тэр талаас нь нэг хүчин зүйл болгож бо­дохоос аргагүй. Тэр л үүд­нээс харна уу гэхээс ямар нэгэн улс төрийн намын эрх ашгийн үүднээс харж байсан удаа байхгүй. Цэцийн бага болон дунд суудлын хуралдаан дээр ямар нэгэн асуудлыг Цэцийн гишүүд өөрс­дөө улстөржүү­лээд, нэг талыг барьж зүтгэж байсан тохиолдол ерөөсөө гарч байгаагүй. Хуу­чин намын угшлаар бол Ард­чилсан намаас гаралтай хүмүүс байж л байсан. Тэд ч, бид ч тэгж зүтгэдэггүй байсан. Тэр нь л хамгийн онцлог тал нь юм даа.

-Цэцийн дарга байсан Ж.Бямбадорж гуайгаас асууж байсан юм. “Цэц үнэхээр бүх хуульчдын оройн дээд болсон шигш­мэл, үнэхээрийн супер хуульчдын баг мөн үү. Тэдэнтэй ажиллахад ямар вэ” гэж. “Энд сууж байгаа хуульчдад өрсөл­дөгч үнэхээр алга. Үнэхээр Монголын орой болсон хуульчид Цэцэд л байна” гэж тэр хүн ам бардам хэлж байсан. Бүр нэг мэргэжлийн бахар­хал дүүрэн үг байгаа биз. Үнэхээр Цэцэд жаахан дундаж төвшний хууль­чид ороод ирчих тийм нүх сүв байхгүй юу? 
-Арга байхгүй л шигшмэл баг. Би бол хуульч хүн биш. Монголын төр, хууль цаазын түүх судалдаг хүн. Нөгөө та­лаар УИХ-ын гишүүн байсан. Бас олон жил хуультай ноцолд­сон. Энэ үүднээс нь Н.Бага­банди Ерөнхийлөгч намайг санал болгож, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр то­милуулсан байх. Энэ он жи­лд би Монголын хам­гийн шилдэг хуульчидтай хамтарч ажил­лалаа. Тэдний арга туршлагаас суралцлаа. Бага­гүй туршлага хуримтлуул­лаа. Энэ бүх суурь дэвсгэр дээ­рээ өөрийнхөө итгэл үнэмш­лээр л асуудлыг ший­дэж байсан. Харж байхад  Н.Жан­цан эд нар тодорхой асуу­дал дээр яг л хэд нүүгээд мад тавьдаг сайн шатарчин шиг л ажилладаг. Юмыг олон талаас нь боддог, хардаг. Хуульч биш гишүүд гэвэл тэр багт П.Очир­бат гуай бид хоёр л байсан. П.Очирбат гуай бол аргагүй асар их туршлагатай. Юмыг маш олон хүчин зүйлээс нь олж хардаг хүн дээ. 
НИЙ НУУГҮЙ ХЭЛЭХЭД УЛС ТӨР МИНИЙ ХУВИЙН 
ЗАН АРАНШИН, ХҮНИЙ МААНЬ ДОТООД ТӨЛӨВТЭЙ
ОГТ ТОХИРОХГҮЙ БАЙСАН ШҮҮ

-Та бас УИХ-ын гишүүн бай­сан. Харин улс тө­рийн халуун амьдралаас яа­гаад тэр эрт өөрийгөө татаж авсан юм бэ. Одоо ингээд харж байхад Д.Дэмбэрэл гуай нэгэн том багана л харагддаг. Нөгөө талаас бусад улс орны парламентад бүх талаар жигдэрсэн, нас ухаан тэгширсэн улс л сууж байдаг. Манай парламент боло­хоор нэг тийм бядгүй ха­рагддаг. Гэхдээ нэг тийм далд ойлголтын талаар ярьж байна гэдгийг маань та ойлгож байгаа байх. 

-Би 1996 онд хоёр дахь удаа­гаа дэвшээд Булган айм­гийн дөрөвдүгээр тойрогт унасан л даа. Тэгээд л ерөөсөө нэг жил хагасын дараа намайг Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр томилчих­сон. Цэцийн гишүүн чинь улстөржиж болдоггүй. Хуулийн дагуу төвшин ажиллах ёстой. Ингээд л үндсэндээ улс төрөөс гарсан. Гэхдээ ний нуугүй хэ­лэхэд улс төр миний хувийн зан араншин, хүний маань дотоод төлөвтэй огт тохирохгүй байсан шүү. Улс төр чинь жудгаар их хэцүү эд шүү дээ. Совесть гэж ярьдаг. Миний совестьтой ерөөсөө тохирч өгөхгүй байсан. Улс төрд би уг нь 80-аад оны сүүлээс орсон л доо. Энэ хугацаанд намын Төв хорооны дэд дарга, нарийн бичгийн дарга ч байж үзлээ. Их хурлын намын бүлгийн ахлагч ч байж үзлээ. Тэгээд л явцын дунд улс төр миний ерөнхий ааш авирт тохирохгүй эд байна гэдэг бодол төрсөн л дөө. Гэхдээ 1996 онд намаас нэр дэвш гэхээр нь дэвшсэн. Тэгээд уна­сан. Тэгж унаад зарим хүн, тухайлбал, насаараа албан тушаал, карьер хөөсөн улс бол жаахан сэтгэл санаагаар унадаг л юм байна лээ. Надад бол ямар ч тийм ялагдсан гэсэн зовиуртай мэдрэмж төрөөгүй. Тэгээд л би эрдэм шинжилгээний болон багшлах ажилдаа шилжээд л явсан. Ялагдал бол  дараагийн ялалтад ирлэж өгдөг зүйл л дээ. Тэгээд л судалгааныхаа ажил дээр тууштай зүтгэхээр шийдсэн. Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич хэргэм 2003 онд хүртлээ. Энэ нь нөгөө ялагдал шинэ ялалтад ирлэж өгсний жишээ юм даа. Одоо улсууд төрийн бус элдэв академи гэдэг байгууллага байгуулаад тэр­ний гишүүн болчихоод өөрий­гөө академич гээд давхиж байгаа харагдах юм. Академич гэдэг бол уг нь өөр шалгуу­раар явж, Шинжлэх ухааны акаде­мийн их чуулганаар сонгогдоод, дараа нь Монгол Улсын Ерөн­хийлөгчид мэдүүлээд, Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гар­гаж байж олгодог хэргэм шүү дээ.

-Таны амьдралын том даваа, том бахархал биз дээ?
-Элдэв цол зэрэг зүүж л явлаа. Хамгийн хүндтэй хэр­гэм бол академич. Жи­шээ нь, манай Булган аймгаас ака­демич болохоор улс байсан л даа. Манай их эрдэм­тэн Санжмятавын Гаадамба багшаас өгсүүлээд. Булган аймгаас академич огт төрөөгүй байж байгаад анхны академич нь би болсон юм. Түүнээс хойш ч гэсэн төрөөгүй л байна. Тэгэхээр энэ бол ямар нэгэн үнэлгээ байх л даа.

-Та намынхаа гишүүнч­лэлийг сэргээсэн үү?
-Үгүй. Одоохондоо нам бус л байна.

-МАН нэрээ сольж ни­лээн том давалгаа үүс­гээд, тэрнийхээ ард бас л том цохилт амсчихаад байж байх шиг байна. Тэдний хувьд түүхийн­хээ сонин үеийг туулж яваа болов уу. Энэ сонин үед олон төрлийн шил­жилт хөдөл­гөөн, улс­төрч­дийн зан суртахуу­ныг тойрсон  хачирхал­тай асуултын тэмдэгнүүд  гарч эхэллээ. Энэ нам дахиж сэргэхгүй байх гэж зарим нь ярих юм. Асар том уналт гэж хэсэг нь үзэх юм. Та МАН-ыг тойрсон сүүлийн үйл явдлуудын талаар дүг­нэлтээ хэлэхгүй юу? 
-МАН гэсэн хуучин нэрийг сэргээх нь зүй ёсны хэрэг байсан. Гэхдээ энд тактикийн алдаа гаргасан. Манай залуу удирдагчид арай хэтэрхий омголон хандсан. Түрүү­чийн 2008 оны сонгуулийн эхэн дээр сольсон бол болох бай­сан. Цагаа олоогүй. Гэтэл энэ чинь үнэндээ бол Хувьсгалт гэдэг бол комин­тернээс тулга­саар байгаад өг­сөн нэр шүү дээ. Тэгэ­хээр үүнийг сольчих­лоо гээд нэг их сүрхий хохирол учраад сүйд болоод байх юм байхгүй л дээ. Гэтэл энийг замаас нь улстө­рийн сул орон зайд гарчихсан том лиде­рүүд  ашигласан. Тухайлбал, ерөн­хийлөгч асан Н.Энхбаяр бол үүнийг гярхай ажиглаж байсан. Тэгээд л МАХН гэж нам байгуулаад л явчихсан. Юмны нарийн учрыг олдоггүй нэлээн жаахан ахмад үе байна. Зүгээр дагаж шуурсан залуу үе байна. Тэд дагаад шуурсан. Дээр нь тэр Н.Энхбаярыг барив­чил­сан бүтэлгүй техник­тэй болхи явдал энэ тэрээс болоод хэсэг бүлэг нөхөд тог­лоод гараад ир­лээ шүү дээ. Ийм үед хүмүү­сийн чанар танигддаг л даа. Ер нь улс тө­рийн том давалгаан дээр улс төрийн зүтгэлтэн хүний мөн ча­нар танигддаг. Зарим нь үүнийг маш гярхай ажиглаж, өөрийнхөө карьерт нэмэр болгодог. Жи­шээ нь, Черчиль ч гэсэн яг ийм агшныг нь олоод л нам солиод л дээшээ гарч бай­сан хүн шүү дээ. Тэрэн шиг ийм оролдло­гыг хийж байна. Гэхдээ бүтэлтэй юм уу, үгүй юм уу бүү мэд. Жишээ нь, Д.Арвин гишүүн Ардчилсан намд орж байна.

-Жудаггүй л юм болчих­лоо гэх үнэлэмж давам­гайлж байх шиг?

-Монголчуудын төрийн зүтгэлтэн дээр авч үзэж бай­сан их том чанар байна шүү дээ. Төв эрхэмсэг шинж гэж. Тэр шинж гэдгийг зүгээр нэг гүндүү­гүй чимээгүй байгаад байх юм шиг тийм маягаар ойлгодог улстөрчид ч байна. Монгол­чуу­дын энэ эрхэмлэж ирсэн шинж чанар одоогийн ардчилалд нийцэхгүй мэт. Тэр чинь ерөө­сөө эрхтэй атлаа болгоомжтой, найртай атлаа хэрсүү байх чанар шүү дээ. Энэ чанарыг үл ойшоосноос болж өнөөдөр ерөөсөө л чанга хашгирсан, хэлэх хэлэх­гүй элдэв үг хэлж орилсон тийм хүмүүс л ард түмнийг хамгаа­лагч, мундаг юм шиг харагдаад байдаг. Ер нь өрнө зүгт анх энэ парле гэдэг чинь Францын ярих, их чалчих гэсэн үгнээс гаралтай эд шүү дээ. Өрнөдөд бол ярьж хаш­гирч, маргаж улс төрийг хий­дэг. Дорно дахинд, дорно дахины түшмэл ухаан гэдэг чинь маш их нягталж, боловс­руулж байж асуудлаа тавьдаг. Энэ хоёрын хооронд өнөөдөр их зөрчил үүсч байна. Өрнө­дөөр явах гэхээр бас их сонин, дорнынхныгоо хуучин хэвээр нь уламжлах гэхээр бас их эвгүй. Энэ дундаас нэг юм тогтох гээд л оролдоод байна л даа. Монголд олон намын систем тогтсон. Гэхдээ олон намын системийн хамгийн ашигтай хувилбар бол хоёр на­мын систем байдаг л даа. Яахав олон нам уралдаад тэргүүлэх хоёр нам гарч ирээд цаашаа явдаг ийм олон намын систе­мийн доторх хоёр намын сис­тем гэж байна. Улс төр судла­лын ойлголтоор. Тэгэ­хээр хоёр намын систем тогтох хандлага манайд хүчтэй болоод, ер нь тогтох янзтай болоод ирсэн. Гэтэл сүүлдээ энэ хоёр нам маань, хуучин МАХН буюу одоогийн  МАН, өнөөгийн Ард­чилсан нам хоёрын удирд­лага аль аль нь олон түмний дунд маш нэр хүндгүй болсон. Энэ юутай холбоотой вэ гэхээр санхүү­гийн олигархитай бүгд нэгдсэн. Санхүү, эдийн зас­гийн­хаа чиглэлээр ерөөсөө МАН, АН гэхгүй торлогдсон байгаа юм. Тийм учраас санхүү, эдийн засгийн асуудал дээр энэ хоёр нам нэгдчихдэг. Тэгээд наа­гуу­раа ард түмний төлөө явж байгаа мэт янз бүрийн дүр үзүүлдэг. Ийм л байдал бий болоод байсан л даа. Тэгээд яахав саяын сонгуулийн дүн харууллаа шүү дээ. Энэ хоёр намын аль алинд нь ард түмэн итгэл сайн өгсөнгүй. Хоёр том намын аль нэг нь давамгайлах боломж олгосонгүй л дээ.

-Өмнөх сонгуулиар МАН үнэмлэхүй ялсан. Тэгээд хамтарсан засаг байгуул­сан. Тэр процессыг та юу гэж хардаг вэ. Одоо харахад МАН элэг рүүгээ нэ­лээн сайн тийрүүлээд л явж байх шиг харагдах юм.

-Үнэндээ бол энэ цөөхөн, гурван сая хүрэхгүй ард түмэнд аль болохоор нэгдэх үйл ажиллагаа хэрэгтэй.

Түрүүчийн хамтарсан засгийн үед шийдэхгүй байсан олон  асуудлыг хурдасгасан, гацаанаас гаргасан сайн тал бий л дээ. Тэр үед сэтгүүлчид та нар сөрөг хүчингүй болчихлоо гэж их шүүмжилж байсан. Бусад хүчин гаднаас шүүмжилж байсан. Ард түмэн шүүмжилж байсан. Би бол тодорхой тактикийн хувьд энэ хоёр нам нэгдэж ажилласан үйл явц буруугүй байсан гэж бодож байгаа. Гэхдээ сүүлдээ МАН нэрээ сольж, түүнийгээ дагасан тодорхой хүндрэл  амсаад ирэх үед нь нөгөө хүчин нь дахиад улс төр хийж эхэлсэн. Ардчилсан нам ханилж яваад нөгөө хүчнээ тодорхой бэрх­шээл амсаад эхлэнгүүт эндээс том ялалт байгуулна гэж тооцоод сон­гуульд итгэл дүүрэн орсон. Хаяж га­раад л, тийм үү. Гэтэл бас том ялалтаа ч байгуулж чадсангүй. Ардчилсан намын нэг жудаггүй нь энэ ялал­т дээр МАН-ыг улс төрийн тавцангаас ерөөсөө арччихъя гэсэн бодлого явуулаад байгаа нь. Энэ бол  яаж ч харсан жудаггүй хэрэг л дээ. МАН-аас салсан МАХН-тай эвсэл бай­гуулж ч байх шиг. Энэ чинь Мон­голын ард түмний эрх ашгийн үүднээс тооцох юм бол байх боломжгүй үйл явц шүү дээ. Тэгээд л Ерөнхий­лөгч асан Н.Энхбаярыг дагасан янз бүрийн яриаг цаагуур нь дэвэргээд л,  тэгсэн мөртлөө Н.Энхбаярыг ерөн­хийдөө яллах тал руугаа өөрсдөө шийд­вэр гаргаад л. Бас дахин цаа­гуураа МАХН гэсэн хэсэг хү­нийг улам дэвэргээд ингээд явж байна л даа. Нөгөө л миний хэлдэг улс төрийн жудаг, улс төрийн совесть гэдэг юм энд харагдаж байна. Ц.Дамдинсүрэн гуайгаас манай доктор С.Галсан багш “Совесть гэдэг үгийг яаж орчуулах юм бэ, Дамдин­сүрэн багш аа” гэж асуусан гэдэг. Тэг­сэн чинь цаадах нь жаахан харж байгаад монголчуудад совесть гэж байхгүй юм чинь тэрийг орчуулж яах юм” гэчихээд яваад өгсөн гэдэг. Үүнийг би яагаад татаж авчирч дурсч байна вэ гэхээр одоо энэ Д.Арвин гишүүний явдал, тэгээд л энэ Ардчил­сан намын хийж байгаа явдлууд  яг л энэ үгийг өөрийн эрхүй санаг­дуулаад байна л даа. Жудаг гэдэг ойл­голт бидэнд маш чухал байна. Намуудын төр барьж байгаа үйл явцыг харахаар хамгийн шүүмжлэх зүйл бол ерөөсөө төрийн бодлогын залгамж чанарыг үгүйсгэдэг нь байна. Энэ чинь явж явж үндэсний эрх ашгийг үгүйс­гэчихэж байгаа юм. Зөвхөн намынхаа эрх ашгийг тэргүүндээ тавиад бай­хаар үндэсний эрх ашигт хохирол уч­раад байгаа юм.

Нэг нь үнэхээр сайн юм хийж байс­­наа тэгсхийгээд л хаячихаж байгаа шүү дээ. Зарим нь бол одоо  жинхэнэ хэрэгтэй юмыг сүйд болтлоо ярихгүй байна. Жишээ нь, Баабар бол Мянганы зам мянгуужин гээд л бичээд байсан. Гэтэл ямар том үр дүн гарав. Одоо тэр Мянганы зам энэ тэрийн тухай цааш нь үргэлжлүү­лэх нь үү, үгүй юу. Нэг их онц юм ам­наас нь гарахгүй л байгаад байна. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа Ногоон хэрэм билүү хүрэм билүү тийм хөтөлбөр боловсруулаад түүгээрээ нэлээн шуугиулж эхэлсэн. Сайхан хөтөлбөр байсан. Гэтэл дараагийн МАН гараад тэрийг нэг их тоохгүй явчихаж байх жишээтэй. Монголын үндэсний эрх ашгийн төлөө хийж байгаа бие биенийхээ хамгийн сайхан ажлыг дараагийн эрх баригч хүчин аваад явдаггүй, булаад л хаячихдаг. Энэ бол аймшигтай хэрэг. Ер нь үндэс­ний эрх ашгийг намын эрх ашигтай хутгаад байх юм бол ерөөсөө явахгүй. Монгол чинь цөөхөн хүнтэй. Жишээ нь хүний нөөцийг ашиглах асуудал бол төрийн албанд хамгийн чухал. Тэгтэл бүгдийг нь түдгэлзүүлээд л, хуучин тэр намын зүгтэй хүн гэж хэлээд л албанаас нь халаад  өөр хүн тавиад байна. Бид харж байна л даа. Үнэхээр бас халууштай улс бий л дээ. МАН-ын хуучин олон жил архагшчихсан, юу ч хийдэггүй, дарх­лагдсан нөхдүүд бий. “Эрхэшсэн да­дал ухааныхаа зөвийг бид төрүүлдэг” гэж айхтар үг байна шүү дээ, мон­голчуудад. Тэрэн шиг маш муухай дадалтай. Мөнгө төгрөг хэрэгтэй, Оюутолгой, Таван толгойг ашиглах хэрэг­тэй. Гэхдээ ашиглаад хэрвээ мөнгө оллоо ч гэсэн хэд хэдэн муухай дутаг­дал байна. Муухай монгол хүний шинж гэж би тэрийг хэлнэ.  Нэгдүгээрт, ерөө­сөө цаг ашигладаггүй. Одоогийн за­луучууд шөнө хий дэмий тэнэж тэнэ­чихээд л маргааш нь ажилдаа оч­доггүй.  Хагас бүтэн сайн өдрөөр 11-12 цаг хүр­тэл унтаж байна шүү дээ. Ерөөсөө цаг ашигладаггүй. “Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт жиргэж бай” гэдэг чинь айхтар үг шүү дээ. Хөдөлмөрийн баатар С.Очир гуай “Нойрыг унтаж бардаггүй сэрж бардаг юм гэж дандаа захидаг байсан. Биднийг дунд сургуульд байхад уулзалт хийгээд. Эцсийн эцэст залхууралд автаж байна. Залхуурлын шагнал бол ядуурал шүү дээ. Хоёрдугаарт, монгол хүн өөрөөсөө буруу хайдаггүй. Дан бус­дад буруугаа чихэж байдаг. Энэ шинж нь маш хэцүү. Зүгээр сонирхуу­лаад хэлэхэд төв талбай руу зам наашаа нэгдүгээр зам руу эргэдэг байхад миний сууж явсан нэг таксины жолооч хоёрдугаар замаар эргээд торгуулж байсан л даа. Дараа нь нэг залуугийн таксинд суугаад явж байсан. Нөгөө залуу хоёрдугаар замаар эргэх гээд “Хөөе, чи болохгүй торгуулдаг юм бай­на лээ” гэсэн. “Гайгүй байлгүй, танд ямар хамаа байна” гээд ганцхан эргэсэн. Тас буугаад торгуулсан. Буцаж ирэхдээ “Та муу ёрлоод торгуулчихлаа” гэсэн. Ингэж л монголчууд дан бусад руу буруугаа чихдэг. Гуравдугаарт, монгол хүн чинь өөрөө өөрийнхөө  дошин дээр тошийчихоод бусдын юмыг явуул­даггүй шүү дээ. Үүдний жижүүрийн дургүйг нь хүргэсэн бол  “Дорж байна уу гэхэд   байсан байгаагүй гээд явуулчих жишээний. Нэг түшмэл дээр орлоо. Ерөөсөө нэг жижиг цаас өгчих байтал өнөөдөр ажилтай, маргааш 2 цагаас гээд явуулдаг. Ингээд л бие биенээ уяад байдаг. Ялангуяа янз бү­рийн зөвшөөрөл өгдөг албан тушаалт­нууд дан хүний гар хараад сурчихсан. Ийм дадалтай улсыг үнэхээр халах хэрэгтэй. Харамсал­тай нь, тэрний оронд ирээд сууж байгаа нь нөгөөдөхөө улам чанга үргэлжлүүлдэг сэтгэлгээтэй байдаг зовлонтой чанарууд байна. Энэ муухай чана­руудыг даван туулж байж л  Монгол Улс хөгжинө. Дөрөв дэхь нэг юм гэвэл ахмад үеийн залгамж халааны асуудал. Нэг үе жараас дээш насны хүн бол хүн биш маягтай байсан. Да­раа нь тавиад насны, одоо бүр дөчөөд насанд нь л ажилд авахгүй хөгширсөн гээд хөөдөг болж. Ингээд байвал Мон­гол Улс яаж хөгжих вэ дээ. 
ӨӨРСДИЙНХӨӨ ТӨРСӨН ӨДРИЙГ Ч САЙН МЭДЭХГҮЙ БАЙЖ
ЕСӨН ЗУУНЫ ТЭРТЭЭХЬ ЧИНГИС ХААНЫ ТӨРСӨН ӨДРИЙГ ОН САРААР НЬ ТОГТООНО ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ

-Манайхан эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой гээд нэлээд их юм боллоо. Төдий­лөн сүртэй ой тойнд үлдсэн юм бага байна. Гэхдээ сая Чингис хааны төрсөн өдөр гэж тэм­дэглэлээ. Энийг бүр сонирхож таниас асууж лавлая гэж бодож байлаа. Үнэхээр ингэж тодор­хой­лох бололцоотой юм уу. Саяны тэмдэглэчихсэн маань үнэхээр ямар өдөр юм бэ?
-За, энэ бол хэцүү асуудал. Бүр Чингис хааны төрсөн он дээр хүртэл эрдэмтэд маргадаг. 1155 он гэж нэг хэсэг эрдэмтэд ярьдаг, 1162 он гэж ярьдаг. 1162 оныг илүү бодитой гээд манай мэргэн сайд Г.Амар гуай бол энэ 1162 оныг тогтоосон. Олонхи нь тэ­рэн дээрээ тогтдог. Төрсөн өдрийг дундад зууны үеийн янз бүрийн эх сурвалжуудад янз бүрээр бичсэн. Нэг хэсэг нь өвлийн эхэн сард гэсэн. Нэг хэсэг нь хавар, зуны эхэн сард төрсөн гээд янз бүрээр бичсэн. Тэгээд 1962 онд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоо Чингис хааны 800 жи­лийн ойг тэмдэглэх тогтоол гаргасан. Түүхийн хүрээлэнгийн оруулсан саналыг үндэслээд 1962 оны зургадугаар сарын 10-нд тэмдэглэсүгэй гээд тог­тоол гаргасан. Гэтэл хүмүүс янз бү­рийн хэл ам гаргасан. Энэ биш гээд.

-Гэнэтхэн Чингис хаан гэж ярихгүй явж байгаад Төв хорооны тогтоол гараад баахан юм хийсэн юм байна лээ. Марк хэвлүүлээд л, хөшөө бариад л . Тэр яг юунаас үүдээд өрнөсөн ажил вэ. Урьд нь бол хүрч чадахгүй л яваад байсан биз  дээ? 
-Ерөөсөө л ард түмний сэтгэлд Чингис хаан хадаастай байсан шүү дээ. Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч Ж.Цэдэнжав гээд хүн байсан. Тэр хүн л анх академич Ш.Нацагдорж багштай уулзаж, танайх ер нь Төв хороонд Эзэн Чингис хааны ойг тэмдэглэх санал оруул гэ­сэн юм билээ. Тэр дагуу санал оруул­сан. Тэгээд тэрийг Д.Төмөр-Очир гуай анх маш хүчтэй дэмжсэн. Тэгээд  үүнийг Ю.Цэдэнбал гуай эд нар ч тухайн үедээ ерөнхийдөө зөвшөөрөөд тогтоол гаргачихсан.

-Та 90-ээд оны эхээр архивынх нэлээн ховор баримт руу орсон юм байна лээ. Би таны бичсэн нэг номыг уншсан юм. Ю.Цэ­дэнбал гуай бол тэр хүмүүсийг хориглоогүй, жаа­хан бол­гоомжтой л дэмжсэн юм билээ. Гэхдээ Д.Төмөр-Очир гуай шиг хүчтэй биш, зүгээр дэмжсэн маяг л үзүүлж байж гэж ойл­госон.
-Тийм. Ю.Цэдэнбал гуай ерөнхий­дөө зарчмыг нь зөвшөөрөөд л явсан. Урьд нь бол Ю.Цэдэнбал гуай Чингис хааны тухай маш хатуу үг хэлж байсан хүн шүү дээ.

-Тэр чинь хэдэн онд билээ?
-1949 онд сургуулиудад түүх, утга зохиол зааж байх тухай Намын төв хорооны тогтоол гаргах энэ асуудлаар шалгалт хийхдээ Намын төв хороонд бичсэн захидалдаа “Чингис хаан бол одоогийн Гитлер шиг л хүн” гэж бичиж байсан. Тэрнээсээ болоод ерөнхийдөө тийм таатай биш байсан байх. Гэхдээ л эрх биш  монгол хүн юм байна Ю.Цэ­дэнбал гуай мэдээж Чингис хааныг юу юугүй  тэгж  үгүйсгэх билээ. Тэр үеийн үзэл суртал нь барина, бас залуу байсан болоод л тэгсэн байх. Нэг их хүчилсэн юмгүй мөртлөө сүүлд хориглоогүй л явчихсан байдаг. Тэгээд зургадугаар сарын 10-нд гээд л тогтоол гаргачихсан. Бүр төв хо­роо­ноос бүр тусдаа он, цагийг тогтоох тухай түүхчид, одон орончид, Гандантэг­чинлэн хийдийн хамба лам Гомбожав гуай эд нар тэр багт орсон. Тэр үед чинь Монголын их зурхайчдын шавхруу нь байсан шүү дээ. Тэд нар ороод монгол, хятад, төвд хэл дээр байгаа сурвалжуудыг ашиглаад дахин дахин зурж үзээд их хааны мэндэлсэн өдрийг тавдугаар сарын 31 гэж тогтоо­сон. Тэгээд тавдугаар сарын 31-нээр энэ ойг тэмдэглээд, эрдэм шинжил­гээний хурал хийгээд, тэрнээс хойш түүх, утга зохиолд тавдугаар  сарын 31-нд төрсөн гээд л яваад байсан.

-Марк гаргаад, хөшөө бариад.
-Тийм. Дэлүүн Болдогт хөшөө барьсан.

-Тэр маркийг та зах зухыг нь үзэж байсан уу?

-Байсан л даа.

-Тэгсхийгээд дорхноо устсан юм биш үү?
-Их олон марк байсан шүү дээ. Цуврал. Хэдэн ширхэг хийлээ. Тэр­нээс ерөөсөө 25 мянга нь л борлогдсон байгаа юм. Хоёр сая 500 мянган ширхэг хийсэн санах юм. Тэгээд 25 мян­га борлогдоод л ерөөсөө хаа­чихсан шүү дээ. Тэр чинь дэлхийд үнэ­­хээр ховор марк гээд сүүлдээ маш их үнэд орсон.

-Тэгж анх хөшөө барих, марк гаргахдаа зураг хөрөг шалга­руулсан юм билээ. Бидний цаг төр нээлттэй болсноос хойш Чингис хаан гэж хардаг болсон хөргийг хятад зураач зурсан гэх мэтээр янз бүрийн юм ярьдаг. Тэр битгий хэл манай Төрийн ордны урдах хөшөөний төр­хийг ч гэсэн зарим хүн таа­шаадаггүй. Тэгэхээр тэр үед эзэн хааны дүр төрхийг яаж гаргаж байсан юм бол?

-Тэр өөрийн чинь ярьж байгаа зураг л байсан. Одоо тэр Тайваньд эх нь хадгалагдаж байгаа зураг. Чингис хааныг тэнгэрт хальсанаас хойш хамгийн ойрхон хугацаанд зурсан зураг. Тэрнээс гадна манай зураачид ч бас зурсан. 

-Мэдээж манай зураачид тэр зурагнаас л санаа авна биз дээ?

-Тийм. Гэхдээ арай монголжуу төрхтэй зурсан байсан л даа. 2 сая 500 мянган марк хэвлэсэн. Дээр нь нэг дугтуй хэвлэсэн. Чингисийн зурагтай. Үндсэндээ тэр Тайваний музейд хадгалагдаж байгаа зургийг л үндэс болгосон юм. Бидийг тэр зургийг үзэх гэж ороход “Та нар Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын дараа эх зургийг нь үзсэн хоёр дахь хүмүүс болж байна” гэж Тайваний тал тайлбарлаж байсан.

-Одоо ч гэсэн Тайваньдаа бай­гаа юу?
-Тийм. Тэндээ л байгаа.

-Төд удалгүй нөгөө марк, хөшөө бүгдийг бужигнуулаад яв­чихсан?

-Тийм, тийм. 1966 онд, 1980 онд хоёр удаа хөшөөг буулгах үүргийг Ю.Цэдэнбал дарга өгч байсан. Гэвч монгол хүнд Эзэн Чингисийнхээ хөшөөг буулгая гэсэн сэтгэл ерөөсөө байхгүй. Янз бүрийн арга зохиосоор байгаад тэр хадны зургийн хөшөөг авч үлдсэн. Дэлүүн Болдог дээрх том хадны зураг.

-Тэгээд сая тэмдэглэсэн төрсөн өдөр маань юу болж таарч байна вэ?
-Юмыг шинээр сэтгэнэ, түүхэн үнэнийг сэргээнэ гэхээр янз бүрийн хүмүүс, түүх мэдэх, мэдэхгүй долоон шидийн улсууд янз бүрийн санал гаргаж ирэх юм байна шүү дээ. Төрсөн өдөртэй холбоотой асуудлаар ярьсан нэг удаагийн хурал дээр би  “Та нар чинь   өөрсдийнхөө  төрсөн  өдрийг  сайн мэдэхгүй байж аль есөн зууны тэртээх Чингис хааны төрсөн өдрийг он, сараар нь тогтооно гэж юу байдаг юм бэ. Нэгэнт л хуучин эрдэмтэд эх сурвалжаар нь үндэслэж тогтсон. Тэрүүгээр нь явбал яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгээд хурал хуй нь  тарж байсан явдал бий. Тэгсэн янз бүрийн хүмүүс Ерөнхийлөгч рүү бичсээр байгаад л  арваннэгдүгээр сарын дундуур төрсөн болгоод, тэрийг нь Ерөнхийлөгч дэмжээд явчихсан.

-Энэ шийдвэрийг гаргахад буурьтай түүхчид оролцсон юм уу. Голдуу бөө гэх мэт сайн дурынхан оролцсон гэх юм. 
-Оролцсон юм шиг байна лээ. Зарим нэг академич ч оролцсон бололтой байна лээ. Харин төрийн ордны үүдний хөшөөний баруун зүүн талд нь Хубилай хааныг байлгах уу гэж тэр Их Монгол Улс байгуулагдсаны 850 жилийн ойн комисс надаас асууж байсан. Хубилай хаан чинь Монголын нэрийг дэлхий дахинд хоёр дахь удаагаа мөнхөлсөн асар том хүн шүү дээ. Тийм учраас байлгах ёстой гэсэн. Тэгээд баруун гарт нь Өгөдэй, зүүн гарт нь Хубилай байдаг. Арван­нэгдүгээр сарын 14-нийг Үндэсний бахархлын өдөр гэж хэлэхээс яг Чингис хааны төрсөн өдөр гэж хэлэхэд хэцүү л болчихоод байгаа юм. Зарим нь хэсэг нь арванхоёрдугаар сарын 22-нд ч төрсөн гэж байх шиг элдэв юм яриад л байх юм. Яаж ч судлаад  яг тэрнийх зөв гэж тогтооход маш бэрх шүү дээ. Тийм учраас нэгэнт төр тогтоочих юм бол тэрийгээ бариад л цааш  явахаас өөр аргагүй.

-Чингисийн нэрийг эргэж сэргээх, алдар сууг  эх оронд нь мөнхлөх давалгааг Д.Төмөр-Очир гуай оройлон зүтгэсэн. Тэр үеэр Д.Пүрэвдорж гуай Чингис шүлгээ бичсэн. Гэхдээ тэр шүлгийг чинь Ю.Цэдэнбал гуай гэхээсээ илүү Ширэндэв гуай жаахан таашаагаагүй юм биш үү?
-Яахав, Ширэндэв гуай бол зарим нэг юман дээр нь шүүмжилж байсан. Ч.Чимэд гуай ч шүүмжилж байсан. Гэхдээ тэд ярьж байгаад радиогоор нэвтрүүлье гэсэн л дээ. Тэгээд тэр удаа нэг нэвтрүүлсэн шиг байгаа юм шүү. Шүлэг нь ч анх Буриадын Байкал сэтгүүлд гарсан.

-Д.Төмөр-Очир гуай энэ хэргээр илүү их хэлмэгдсэн биз дээ?
-Тийм. Энэ явдал том хүчин зүйл байсан. Ер нь юмыг жаахан хатуу ширүүн хэлчихдэг байсан нь хүмүүсийг өөрөөсөө холдуулах тийм байдалд хүргэсэн л дээ.

-Та Өвөрмонголд байдаг Чингисийн онгон дээр очиж байсан уу?

-Би хоёр, гурван ч удаа очсон.

-Тэнд очиход ямар мэдрэмж төрж байх юм?

-Тэр хүмүүс онгоноо хамгаалж  бүр дээр үеэсээ явсан. Бас нэг сэтгэгдэл төрнө шүү. Сүүлийн үед улам их гоё болгож. Энэ маань яг жинхэнэ онгон нь биш шүү дээ.

-Монгол туургатны ул мөр хаана л байна тэнд овоо бунхан босгоод байвал биднээс улам л алсарна биз дээ?
-Гэхдээ шарилыг нь авч явсан тэрэг тэнд нэг эвдэрч барьсан гэдэг. Тэрүүгээр нь л бэлгэдэж анх босгосон эд шүү дээ.

-Манайд одоо Чингис хааны онгоныг хайх үйл ажиллагаа ил, далд явж  байдаг юм уу, бүр зогсчихсон байдаг юм уу?
-Зөндөө, гадна дотны янз бүрийн улс ийм юм ярьж байна шүү дээ. Тэгээд л энд байна, тэнд байна гээд л ерөөсөө Хятадад ч, Монголд ч цуураад. Янз бүрийн юм их ярьж байна. Бурхан Халдун ууланд байгааг хиймэл дагуулын зургаар харсан. Тэнд байна ч гэх шиг янз бүрийн юмыг хүмүүс гаргаж ирж  байна. Гэсэн ч яг тэнд байна гэдгийг тогтоож чадаагүй. Дэлхийн баян хүмүүсийн анхаарлыг татаж, мөнгө олж хайгуул хийх гэсэн эрдэмтэн, судлаачдын оролдлого нилээн байдаг  шиг байгаа юм. Тэдгээр оролдлого дотроос 90-ээд онд Японтой хийсэн экспедиз бол маш их ажилласан л даа. Гэхдээ тогтоож чадаагүй. Энэ ёстой нууцын нууц төрийн бодлого байсан юм шиг байгаа юм. Монголын хаадын оршуулгын асуудал. Монголын 37 хаан суусан гэж ярьдаг шүү дээ. Тэр 37 хааны нэг ч шарил онгоныг олоогүй шүү дээ.

-Нэгийг нь ч олж чаддаггүй нь үнэхээр сонин юм шүү. 
-Тийм. Ерөөсөө олоогүй. Тэгэхээр энэ бол төрийн маш нарийн бодлого байсан шиг байгаа юм. Тийм учраас олдохгүй  байгаа юм. Чингис хааны 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал дээр Хөдөөгийн Пэрлэй багш хэлсэн байдаг юм л даа. Ерөөсөө ардын аман зохиолын мөрөөр мөшгиж тодорхойлохгүй бол ямар ч сурвалжид байхгүй байна гэж. Биднийг оюутан байхад Пэрлэй багш  Чингисийн онгоныг олох болов уу гэхээр хачин үг хэлдэг байсан. “Одоо болоогүй, одоо гаргах юм бол үзвэл үнс, харвал хальс болчихно” гэж. Дандаа тийм үг хэлдэг байсан. Тухайн үед нь бид  инээгээд л өнгөрч байсан. Сүүлд бодоход нэлээн шинжлэх ухаан, технологи хөгжсөн үед олох ёстой. Яагаад гэвэл олон жил дарагдсан юм чинь сайн бэхжүүлж барихгүй бол ёстой л үзвэл үнс, харвал хальс л болчих байх. Тэрийг бодож хэлж байсан үг юм билээ. Одоо эрэл, хайгуул бол явж л байна. Гэхдээ нэг их амжилт олохгүй байна. Хамгийн том язгууртны булш Сүхбаатар аймгийн Онгон сумаас олдсон. Тэгэхэд хатны алтан титэм, бөгж, алтадсан эмээл энэ тэр олдсон. МУИС-ын сан хөмрөгт одоо хадгалж байгаа. Тэгэхээр аажим аажмаар дөхөж байна л гэсэн үг.

-Манайхаас мундаг мундаг олдворууд илэрдэг. Гэвч түрүүчээсээ алдагдаад, хэрүүл заргатай л байх юм. Бүгдийг нь нэгтгэсэн, хамгаалж хадгалах төрийн бодлого гэж байдаг юм уу?
-Их олон жил ярьж байна. Том музей байгуулбал асар том музей байгуулна. Яагаад гэвэл Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнд баахан үнэтэй олдворыг өнөөдөр хийх газар байхгүй подвальд эсвэл контейнерт л байж байдаг.   Гэтэл тэрийг чинь бүгдийг нь цуг­луулаад нэг музей байгуулбал хичнээн сайхан. Энийг яриад л байдаг. Гэвч ямар ч Засгийн газар хэрэг­жүүлдэггүй. Олдворуудаараа дэлхийн түүхчдийн анхаарлыг татах маш ховор сайхан музей байгуулж болно шүү дээ.
ЧИНГИС НЭРТЭЙ БРЭНД АРХИА ХААХ НЬ БИДЭНД ЯМАР АШИГТАЙ ЮМ БОЛ

 -Чингис гэдэг нэрийг тойрсон бас нэг бөөн юм боллоо. Бүгдийг нь хурааж, төр өмчилнө гэнэ. Чингис гэдэг нэр, энэ алдар суу чинь Монгол орон­доо л баялаг болж байх ёстой биш юм уу. Чингис гэдэг нэртэй бүтээгдэхүүнийг бид үйлдвэр­лэх эрхгүй юм бол хэн эрхтэй байх вэ. Та юу гэж бодож байна?
-Монголчууд чинь туйлшрахаараа хэцүү улс шүү дээ. Ахиад л энэ удаа туйлширч байна. Маш өнгөцхөн харж байна. Жишээ нь, Чингис гэсэн нэртэй архины шил хогон дээр хэвтэж байна гэх маягаар ийм өнгөцхөн юм л хараад байгаа юм. Гэтэл энэ бол ганцхан архины шилний асуудал биш шүү дээ. Чингис хааны зураг, ном  сэтгүүл зөн­дөө л гарч байгаа шүү дээ. Мөн ялгаа­гүй л хогон дээр хэвтэж байгаа. Тэрийг хаах нэрийдлээр  Чингисийн зураг хөргийг ерөөсөө л хэвлэж болохгүй гэсэн туйлшрал явуулж байгаа хэрэг. Тэрнээс гадна Чингис нэртэй брэнд архийг бид дэлхийн зах зээлд гаргасан нь маш чухал амжилт шүү дээ.

-Дэлхийд суут хүмүүсийн нэрээр нэрлэсэн архи зөндөө байдаг биз дээ?
-Зөндөө. Бүр брэнд болчихсон. Монголд  брэнд болж байгаа цөөхөн  бүтээгдэхүүн байна шүү дээ. Ноолууран эдлэл л байна. Өөр юм байхгүй л яваад байлаа. Явж явж  Чин­гис архи олон улсад брэнд бол­сон. Энийгээ эрээд ийм туйлширсан  давалгаанаар үгүй хийчих юм шиг юм яриад байна. Энэ одоо юу гэсэн үг вэ. Чингисийн нэрийг хамгаалж байгаа хэрэг юм уу. Чингисийн нэрийг ингэж хамгаалахгүй л дээ. Оюун санаандаа өөрчлөлт хийж л хамгаална.  Энэ талаар бол илүү өргөн юм ярьж болно. Чингис гэсэн нэртэй монгол брэндээ устгах бидэнд ямар ч ашиггүй. Хэнд ч хэрэггүй, тэр дундаа Монголд ашиггүй энэ мэт элдэв асуудлыг ямар зорил­гоор гаргаж тавиад байдгийг ойлгохгүй юм. Яг ингээд хөөрцөглөөд явбал олон улсын худалдааны янз бүрийн хууль тогтоомжийг ч  хөндөх асуудал гарч ирэх байх.

-Дэлхийн зах зээл дээр бас нэг хошин явдлаараа яригдах нь л дээ.  
-Чингис гэсэн нэртэй юмаа Монголд үйлдвэрлэхгүй мөртлөө бүр гаднаас оруулж ирнэ ч гэх шиг. Ийм хачин юм байж болохгүй шүү дээ.

-Чингис гэдэг нэрийн патент Тайвань хүн дээр байсан юм байна лээ. Та энэ тухай сонссон уу?

-Сонссон.

-Миний авсан мэдээллээр тэрнийг манай монголчууд хөөцөлдөж байж их өндөр үнээр худалдаж авсан юм билээ. Тайвань хүний нэр дээр байсан бол манайх энд хичнээн дөвчигнөөд нэмэргүй болно биз дээ?
-Ер нь бол нэмэргүй л дээ. Монгол болъё л доо. Чингисийг үйлдвэрлэхээ болъё. Өмнөд хөрш гэж дэлхийг тэр чигээр нь бүтээгдэхүүнээрээ эзэлсэн улс байна шүү дээ. Тэд шүүрээд л авна биз.

-Дотооддоо хориглочихвол дор нь гаднын юм болоод, гадны нэр нүүр болоод, гадны бизнес болоод л явчихна шүү дээ. 
-Тийм шүү дээ. Чингис нэрээ ашиглах юман дээрээ ашиглаж сурах хэрэгтэй шүү дээ. Хог дээр хэвтлээ л гээд байх юм. Хамгийн гол нь өөрийгөө Чингисийн үр сад гэдэгт хүндэтгэлтэй хандах тухай л бодлого хий л дээ. Монгол хүн өөрийнхөө үнэ цэнэд хүндэтгэлтэй ханддаг болоод эхлэхэд л энэ бүх юм алга болно шүү дээ.

-Дотоодынхоо бизнесээр оролдох гэж яваад дэлхийн зах зээлд гарч байгаа ганц нэг брэндээ үгүй хийчихгүй байгаасай.
-Архийг бид муулж л байна. Бүр Кидан Монгол гаралтай хүмүүс толгойлж байсан Кидан улсад л архи, тамхины хууль гараад, архи нэрсэн хүнийг цаазалж байсан. Дэлхий дахинд зөндөө л тийм юм болсон шүү дээ. Гэхдээ архи  бол идээний дээж гэдэг ойлголтыг хүн төрөлхтөн устгаж чадсангүй өнөөг хүрлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч сүүтэй хундага өргөе л гэж байгаа. Би тэрийг буруу гэхгүй л дээ. Гэхдээ хүн төрөлхтөн тэр чигээрээ идээний дээж гээд аваад үлдчихсэн ийм соёлыг наанатай, цаанатай харах хэрэгтэй л дээ. Хүнээ л боловсруул. Тэр идээнээс болж бүх гай түйтгэр үүснэ гэж байхгүй шүү дээ. Тиймээс энэ асуудал дээр төрийн түшээд их ухаалаг хандаасай. Популизм битгий хийгээсэй.

-Энэ төрлийн бизнесгүй хэсэг нь лобби хийгээд нэг хэсгийгээ шахаж байгаа юм шиг байна. Үргэлж л дотоодын дажин өрнөж байх юм даа. 

-Засгийн газар патентыг нь авлаа гэхэд маш ухаалаг хандахгүй бол болохгүй.

-Бид хүүхдэдээ Чингис гэж нэр өгч болохгүй гэл үү?
-Хүний эрхийн асуудал шүү дээ. Олон муу үр дагавар гарна. Тийм учраас маш ухаалаг хандахгүй бол болохгүй. Хамгийн эхлээд гаднын зах зээл их ашиглана даа.

No comments:

Post a Comment