Wednesday, 20 June 2012

”Экспорт, импортын банк байгуулахаар судалж байгаа”


Монголбанкны Лондон дахь Төлөөлөгчийн газрын захирал Д.Энхжаргалтай ярилцлаа.

Жижиг хөрөнгө оруулагчдыг хамгаалдаг тогтолцоог байгуулах ёстой

-Санхүүгийн зах зээлийн салбарт гаднын туршлага менежмент нэвтэрч байна. Гэхдээ хийх зүйл өчнөөн байгаа байх л даа. Эндээс ярилцлагаа эхлэе.

-Хөрөнгийн бирж шинэ менежментээр ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулж эхэллээ. Санхүүгийн зохицуулах хороо, Лондоны хөрөнгийн бирж хамтраад үнэт цаасны зах зээлийг боловсронгуй болгох ажлыг амжилттай өрнүүлж байна. Энэ бүхэн цогцоороо хэрэгжээд эдийн засгийн хөгжлийг урагш нь түлхэхэд чухал нэмэртэй. Тиймээс Хадгаламжийн даатгалын тогтолцоог Монголд ойрын үед нэвтрүүлэх шаардлагатай. Иргэдийн банкинд байгаа мөнгөн хадгаламжийг зөвхөн хадгаламж гэж үзэж болохгүй. Манайд зээлийн хоршоо, хөрөнгө оруулалтын сангийн үнэт цаас эзэмшихээр хөрөнгөө оруулсан иргэдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин алга. Өөрөөр хэлбэл, жижиг даатгал, хадгаламж эзэмшигч, үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалдаг тогтолцоог бид яаралтай байгуулах ёстой. Банкны салбарт 100 хувь даатгачихсан мөнгөн хадгаламжийн тогтолцоог зүгээр л хэрэглэх нь зөв хандлага биш.

-Арилжааны банкуудын эрүүл мэнд ямар байна вэ?


-Монголбанкны вэб сайтаас арилжааны банкуудын нэгдсэн тайлан баланссыг харсан. Хадгаламж, зээлийн харьцаа бараг 90 хувь руу дөхөж байсан. Энэ бол сайны шинж биш. Ер нь хадгаламж, зээлийн харьцаа 100  хувь руу дөхнө гэдэг иргэдийнхээ татан төвлөрүүлсэн бүх хөрөнгийг зээлийн эрсдэлд тавьсан гэж ойлгох хэрэгтэй. Эдийн засагт таагүй орчин тохиож, зээлдэгч нөхөр зээлээ төлж чадахгүй тохиолдолд хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг олгож чадахгүй байх эрсдэл банкинд үүсдэг. Зээлийн чанар муудах байдалтай бид өмнө нүүр тулж байсан. Тэр үеийн тоонуудыг харахаар хадгаламж зээлийн харьцаа системийн хэмжээнд 90 хувь руу ойртсон байдаг. Үүний дараа байдал нэлээн хүндэрсэн. Тиймээс арилжааны банкууд ч, Монголбанкны хяналт шалгалтын газар ч анхаарч үзэх хэрэгтэй. Тус тусдаа банкуудийн хадгаламж зээлийн харьцаа ямар төвшинд байгааг анхаарах ёстой. Иргэдийн хадгаламжийн 60, 70 хувийг зээлд байршуулах, үлдэснийг нь үнэт цаас болон бусад төрлийн хөрөнгө оруулалтад байршуулж, эдийн засгийг төрөлжүүлэхтэй адилхан хуримтлуулсан хөрөнгөө банк төрөлжүүлэх нь ашигтай. Нэг зүйлээс хэтэрхий их хамааралтай байх нь өөрөө том эрсдэл юм.

Баян, хоосны ялгааг төрийн бодлого нь дэмжээд өгч байна

-Монголын эдийн засгийн нөхцөл байдал, өрсөлдөх чадварыг та хэрхэн үнэлэх вэ?


-Манай эдийн засгийн тамир тэнхээ гарын таван хуруунд багтах цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс шууд шалтгаалж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хэврэг, гадаад зах зээлээс дэндүү хамааралтай болж эхэллээ. Уул уурхайгаас олж буй хөрөнгөө иргэддээ бэлэн мөнгөөр тарааж байгаа нь урт хугацаандаа Монгол Улс хөгжих боломжийг өнөөдөр үгүй хийж байна шүү дээ. Манайх дан ганц уул уурхайгаар хөгжинө гэвэл ирээдүй тун бүрхэг. Иргэддээ бэлэн мөнгө тараасан нь эцсийн дүнд баян, хоосны ялгааг төрийн бодлого нь дэмжээд өгч байна. Үр өгөөжтэй зөв зохистой бодлого үгүйлэгдэж байгаа учраас уур бухимдал, нийгмийн тогтворгүй байдал үүсэхэд хүртэл нөлөөлнө. Тиймээс бид буруу бодлого, зөрүү системээ оройтоогүй дээрээ засах хэрэгтэй.

-Нэгэнт хөдөлчихсөн төрийн бодлогыг яаж засах вэ?


-Нэгдүгээрт, Байгалийн баялгаас ирж буй хөрөнгө оруулалтыг шаардлагатай гэж үзсэн амьжиргааны түвшин доогуур хүмүүст зориулах. Хоёрдугаарт, Иргэдийнхээ мэдлэг чадварыг сайжруулахад. Гуравдугаарт, Шинэчлэл, өөрчлөлтийг бий болгох, нэмүү өртөг шингээх технологийг хөгжүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулах нь илүү өгөөжтэй. Үнэхээр л уул уурхай хариуцлагатай байвал үүнийг дагаад дэд бүтэц, банк санхүүгийн салбар хөгжих нь тодорхой. Мөн өөрийн орны эдийн засагт учирч болох эрсдэл, тохиолдож болох шалгуураа хэзээд тооцож байвал бид багыг алдана. Эрсдэлээ зөв удирдаж, зөв тогтолцоог бий болгохгүйгээр зөвхөн Сангийн яам, Монголбанк хариуцна гээд орхивол том эрсдэлтэй нүүр тулна шүү. Тогтолцоогоо зөв болгоно гэдэг нарийн хуультай, дүрэмтэй байна гэсэн үг. Хууль дүрмээ чанд сахина гэсэн үг. Түүнчлэн эрсдэлүүдээ урьдчилан тооцож, үнэлж байх хэрэгтэй. Одоогийн Төв банкны явуулж буй мөнгөний бодлого бол инфляцийн эсрэг явж байгаа аль ч оронд хүлээн зөвшөөрсөн шилдэг бодлогын нэг. Инфляц өндөр байх үед Төв банк бодлогын хүүгээ нэмдэг. Засгийн газраас явуулж бодлого нь зөв, эдийн засагтай өгөөжтэй байвал заавал бодлогын хүү ойр ойрхон хөдлөх шаардлагагүй л дээ.

-Одоогийн нөхцөлд төрөөс явуулж буй бодлого өгөөжгүй, үр ашиг багатай байгаа учраас Монголбанк бодлогын хүүгээ нэмж байна гэж шууд ойлгож байгаа.

-Засгийн газраас зах зээлд нийлүүлж буй их хэмжээний бэлэн мөнгөний хэмжээ инфляци өсөх үндсэн шалтгаан болдог. Энэ байдал нь эргээд зах зээлд эргэлдэж буй мөнгөний ханшийг унагаж, эдийн засагт сэв суулгаж байна. Зах зээлд хэтэрхий их мөнгө байна, гэтэл үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт бага учраас эрэлт нийлүүлэлтийн хуулиараа үнэ хөдлөнө. Манайх шиг үйлдвэрлэгч бус импортлогч оронд хэзээд хомсдолын зовлон байсаар ирсэн. Ямар ч үед эрэлт, нийлүүлэлтээ тэнцүүлж, тогтвортой байна гэвэл үйлдвэрлэлээ хөгжүүлж, хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлсэн тохиолдолд л үнийг өсөлтийг мэдрэхгүй байх болов уу. Иргэдэд тарааж буй 21 мянга, нэг сая төгрөг нийгэмд баялаг бүтээхгүй, харин ч эсрэгээрээ зардлын инфляцийг өдөөж байна. Бараа бүтээгдэхүүн хомсдох үндсэн шалтгаан бол энэ.

-Нэг үеэ бодвол иргэдийн худалдан авах чадвар дээшилсэн, гарт буй бэлэн мөнгөний хэмжээ ч нэмэгдсэн. Тиймээс бараа бүтээгдэхүүн хомсдох нь үйлдвэрлэл хөгжөөгүйн сул тал байх.

-Иргэд гэнэт их мөнгөтэй болсон учраас худалдан авалт сайжирч, бараа бүтээгдэхүүн худалдан авах сонирхол төрөх нь тодорхой. Эргээд цөөхөн хэдэн бараа бүтээгдэхүүнээ худалдаж авахын тулд үнээ өөрсдөө бараг хүчээр хөөрөгдөж байна шүү дээ. Үүнээс гадна, манайд зах зээлийн соёл хөгжөөгүй байна. Эрэлтийг хангахын тулд бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлье гэхээр үйлдвэрлэл хөгжөөгүй. Үйлдвэрлэлээ хөгжүүлье гэтэл зээлийн хүү өндөр. Зээл авах гэхээр бодлогын хүү өндөр учраас арилжааны банкны зээлийн хүү өндөр, хугацаа богино. Авч буй зээл үнэтэй. Монголд олдож буй зээл үнэтэй учраас гарч буй бараа бүтээгдэхүүндээ зээлийн хүүгийн зөрүү алдагдлаа нөхөх  “чөтгөрийн тойрог” бий болоод олон жилийг үдлээ.

-“Чөтгөрийн тойрог”-оос гарах боломж бий юү?

-Зорилготой, үр ашиг нь тодорхой, зарим чиглэлийн зах зээлийг манайх өөр чиглэлээр хөгжүүлэх боломжтой юм байна. Бусад орныг харахад өөрийн гэсэн стратегийн улсын үйлдвэрийг тусгайлан хөгжүүлдэг, түүнийгээ дэмждэг, бонд гаргахад нь хүртэл тусалж байна. Зах зээлд буй хэрэгцээгүй, үр ашиггүй, өгөөж муутай мөнгийг багасгах, түүнийгээ үр ашигтай хөрөнгө оруулалтад зарцуулахын төлөө улсынх нь бодлого чиглэж байвал амжилтанд хүрдэг юм байна. Нэг үгээр хэлбэл, стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэлээ хөгжүүлж, шинэ технологи нэвтрүүлж, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлсэн үед “Чөтгөрийн тойрог”-оос гарах боломжтой. Мөн эдийн засгийн бүтцийг өөрчлөх, санхүүгийн хөшүүрэг болохуйц байгууллага байх нь ашигтай.

Хоёр дахь санхүүгийн том бүтэц бол Зээлийн батлан даалтын сан

-Манайд санхүүгийн дэмжлэг үзүүлэх Хөгжлийн банк бий. Дахиад санхүүгийн байгууллага шаардлагатай гэж үү?

-Бид өмнө нь Хөгжлийн банктай байгаагүй. Тиймээс Хөгжлийн банкаар санхүүжүүлэх төсөл хөтөлбөрөө долоо хэмжиж, нэг огтлох хэрэгтэй. Маш сайн тунгаасан, олон шүүлтүүр давсан, эдийн засгийн тооцоо хэзээд ашигтай байх, үр ашгаа хурдан өгөх төслийг л Хөгжлийн банк санхүүжүүлэх нь зүйтэй. Төслөө буруу сонгох, үр ашиг багатай төсөлд хөрөнгө оруулалт хийвэл Хөгжлийн банк эрсдэлд орно. Төрийн зүгээс нэгэнт байгуулсан санхүүгийн банкаа дэмжих хэрэгтэй. Ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангаж өгөх шаардлагатай. Одоогийн улс төржиж байгаа нөхцөлд Хөгжлийн банкны үйл ажиллагаа хурдан хэрэгжих боломжгүй. Хөгжлийн банкнаас гадна жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар сүүлийн хэдэн жил төсөвт хөрөнгө ногдуулж, хөгжүүлэх гэж оролдож ирлээ. Гэтэл амжилт таруухан. Тиймээс манайд санхүүгийн өөр нэг хөшүүрэг шаардлагатай гэж үзсэн. Энэ нь Зээлийн батлан даалтын сан.

-Зээлийн батлан даалтын сан манайд шинэ нэр, шинэ ойлголт. Түүний үр шимийг үзнэ гэдэгт олон нийт эргэлзэж мэдэх юм. Зээлийн батлан даалтын сан хэрэгжих орчин бүрдсэн үү?

-Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдсан ч хэрэгжилт сулхан байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлжилт яагаад хурдацтай өсөхгүй байгаа юм бэ. Яагаад арилжааны банкууд хэдэн томхоохон аж ахуйн нэгжид зээл олгох болов. Эндээс л Зээлийн батлан даалтын сан манайд заавал байх ёстой санхүүгийн нэг тулгуур багана юм байна гэж үзээд хуулийг нь боловсруулж батлаад, одоо хэрэгжүүлэх л үлдэж байна. Арилжааны банкуудын системийн баланссыг харахад нийт зээлийнхээ 50-60 хувийг 30, 40 том байгууллагад өгсөн байдаг. Жижиг байгууллагад өгсөн зээлийн хэмжээ, хамрагдсан хүрээ нь харьцангуй бага. Банкууд зээлжүүлэх гэхээр зээлийн эрсдэл асар өндөр байх сул талтай. Яагаад гэвэл зах зээл дээр ажиллах туршлага байхгүй, хоёрдугаар барьцаа хөрөнгөгүй. Баталгаа гаргаад өгөх байгууллага алга. Энэ тохиолдолд эрсдэлийг нь банк өөрөө үүрэх хэрэг гардаг. Зээлийн батлан даалтын сангийн хууль гарлаа. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлье гээд байдаг. Гэтэл санхүүгийн боломжийг  хамтад нь нээж өгөх хэрэгтэй. Хоёр дахь санхүүгийн том бүтэц бол Зээлийн батлан даалтын сан. Гуравдугаарт, бид валютын нөөцөө нэмэгдүүлж, чадалтай болох хэрэгтэй. Валютаа нэмэгдүүлэхийн тулд экспортоо нэмэгдүүлж, гадаад валютаас орлого олох ёстой.

-Уул уурхайн томоохон төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан манай гадаад валютын урсгал нэмэгдсэн гэж үздэг. Цаашдаа ч нэмэгдэнэ гэж харж байгаа. Гэхдээ гадаад валютаас ямар аргаар илүү их ашиг олох боломжтой вэ?


-Эскпортлогчдыг дэмжсэн санхүүгийн дэд бүтцийг эхний ээлжинд байгуулъя. Олон улсад экспортлогчдын даатгалын корпораци гэсэн нэртэй байгууллага байдаг. Түүнийгээ экспорт, импортын банк ч гэж нэрлэдэг. Зарим нь экспорт импортын байгууллага ч гэж тодорхойлсон байдаг. Ийм банк төрд ч бий. Хувийн хэвшлийнхэн ч байгуулсан байдаг. Зарим нь хамтарсан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Улсаас эрх мэдлийг нь хувийн салбарынханд шилжүүлсэн байдаг. Манайх экспорт, импортын банк байгуулах талаар судалж байгаа. Удахгүй Монголбанкаар дамжуулж, Засгийн газарт энэ төрлийн судалгаа тооцоог хүргүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн хадгаламж даатгалын тогтолцооны асуудал манайд бүрхэг хэвээр. Нэг үгээр хэлбэл, барууны оронд хэрэгжиж буй цэвэр тогтолцоог нь бид бүрдүүлж чадаагүй явна.


Би өндөр байшинд дургүй ээ

-Улаанбаатарт маань хөгжиж буй шинж тэмдэг харагдаж байна уу?

-Би өндөр байшинд дургүй ээ. Мэдээж өндөр байшин зардал мөнгө, үр өгөөжийн хувьд хэрэгтэй байх л даа. Гэхдээ эрсдэлийн хувьд өндөр байшин өөрөө өндөр эрсдэлтэй. Улаанбаатарт өнөөдөр ийм олон өндөр байшин барих шаардлага байна уу. Энэ нь өөрөө хэт их төвлөрөллийг хотын төвдөө бий болгож байна шүү дээ. Үүнээсээ болоод авто машины түгжээ, уур бухимдал. Миний бодлоор, Улаанбаатар хотын даргад иргэнийхээ хувиар өндөр байшин барихыг хязгаарлах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Ялангуяа, хотын төвд. Хот маань дотогшоо бус гадагшаа тэлж, сунаж хөгжмөөр байна. УИХ-аас хотоо эрх зүйн болоод эдийн засгийн хувьд бие даалгах хэрэгтэй. Мөн газар доогуурх байгууламжийг хөгжүүлэх нь манайх шиг өвөлдөө хүйтэн оронд ашигтай. Жишээ нь, Канад газар доорх хотыг хөгжүүлсэн. Газар байхгүй байна л гэдэг. Газар дор газар байна. Газар доорх газрыг бий болгож, түүнд бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүсийг дэмжих хэрэгтэй.

-Та банкны салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Хаана сургууль төгссөн билээ?

-Банкны салбарт 26 дахь жилдээ ажиллаж байна. Эрхүүд банкны мэргэжлээр төгсөж ирээд, Улаанбаатар хотын Улсын банкинд нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж байсан. Дараа нь зээлийн эдийн засагч, хөрөнгө оруулалтын эдийн засагч, Мөнгөний бодлогын газрын захиралын үүрэг гүйцэтгэгч, Хяналт шалтгалтын газрын захирал, Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажилласан.

-Лондон дахь Монголбанкны төлөөлөгчийн газрын чиг зорилго, үүргийн талаар тодорхой ойлголт өгөөч?

-Лондон бол гурван цагийн уулзах цэг. Нэгдүгээрт, Бидний хувьд санхүүгийн зах зээлийг мэдээ мэдээллийг цуглуулах, мэдээллээр өөрийн орны Төв банкны валютын нөөцийн гадаад удирдлагыг мэдээллээр хангах үүрэгтэй. Хоёрдугаарт, Дэлхийн бүх банк санхүүгийн байгууллага Лондонд салбар төлөөлөлтэй байдаг учраас Монголынхоо Төв банктай холбох, банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах гүүр нь болж өгдөг. Гуравдугаарт, Санхүүгийн салбар эрчимтэй хөгжиж байгаа ч бид дэлхийн санхүүгийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхах ёстой. Тиймээс бид тэднээс суралцах шаардлагатай. Монгол Улс Төв банкны төлөөлөгчийн газраа Лондонд нээж байх үед 500 сая ам.доллартай байсан бол өнөөдөр манай нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрсэн. Цаашдаа өсөх хандлагатай байна. Валютын нөөц бол Монголд байршдаггүй. Гадаадад байршиж байдаг учраас үр ашигтай байршуулах үүргийг Монголбанк хүлээдэг. Лондон бол дэлхийн хамгийн том санхүүгийн зах зээл. Лондон Азитай холбогдоод бүтэн өдрийн турш арилжаагаа хийгээд өндөрлөх үед Америкийн зах зээл нээгдэж байдаг. Англи бол Ази, Америкийг холбосон санхүүгийн бизнесийн эргэлтийн уулзвар.

-Лондонд буй монголчуудын амьдрал хэр байна вэ?


-Лондонд Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг гэж байгуулсан. Тэнд амьдарч байгаа монголчууд  эдийн засгийн хувьд харьцангуй бие даасан, өндөр боловсролтой, өөрийнхөө ажил мэргэжлээр нэлээд амжилттай ажиллаж, амьдарцгааж байна. Монголдоо туслахсан гэсэн сэтгэлтэй олон хүн манай нийгэмлэгт бий.

Б.БАЯРТОГТОХ
2012 оны 6 сарын 4

  WWW.MONGOLIANECONOMY.MN
 

Tuesday, 12 June 2012

Д.Чулуундорж: М.Дүгэрсүрэн сайдад л орос зөвлөх, мэргэжилтэн байгаагүй

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ахмад дипломатч Д.Чулуундорж гуай Гадаад харилцааны сайдаар 18 жил ажилласан М.Дүгэрсүрэн гуайн талаар хуучилж, тухайн цаг үед Монгол Улсын гадаад харилцааны онцлог болоод ээдрээ түвэгтэй асуудлыг хэрхэн шийдэж байсан тухай ярилцлаа.
-Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу. Төрийн алтан аргамжаа болсон дипломат албанд насаараа ажилласан тантай уулзсандаа баяртай байна?
-Сайн, сайн байна уу. Би Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. Япон, англи, франц хэл мэднэ. Өвгөн ах нь өөрийнхөө тухай биш, Гадаад харилцааны сайдаар 18 жил ажилласан М.Дүгэрсүрэн гуайн талаар ярихыг хүсэж байна. Энэ хүн Москвад Олон улсын харилцааны дээд сургуулийг академич Г.Бирваа гуайтай хамт төгссөн, мэргэшсэн дипломатч. Ажлаа сайн хийдэг, залуу үедээ үлгэр дуурайл болсон, үнэхээр чадвартай нэгэн байсан юм.
-Монголын дадлага туршлагатай олон дипломатч энэ хүний гараар хүмүүжсэн гэдэг юм билээ?
-М.Дүгэрсүрэн гуайн удирдлага дор ажилласан хүн илдүүр нь ханадаг гэлцдэг байлаа. Аливаа зүйлийг зааж сургахдаа загнаад байдаггүй. Ерөөсөө л биеэрээ үзүүлдэг. Хамгийн энгийн жишээ гэхэд сайд байхдаа ажилдаа тогтмол хоёр цагийн өмнө ирнэ. Тарахад ч байж л байх жишээтэй. Сайд ажлаа хийгээд байхад залуус бид гараад гүйх зүрх хүрэхгүй. Ажлаа хийгээд л суудаг байв. Түүний гараас гарсан албан бичиг ямар ч алдаа мадаггүй, дахиж хүн гар хүрэх шаардлагагүй байдаг юм. Нэг жишээ хэлье л дээ. Манай яамны мэдлэг, чадвартай нэг ажилтан бичиг боловсруулаад сайдад танилцуулж л дээ. Гэхдээ тэр үед М.Дүгэрсүрэн гуай сайд байгаагүй. Өөр сайд байсан юм. Гэтэл сайд үзээд арай л болоогүй байна гээд буцааж. Яасан юм бол гэж дахиж засаж янзлаад ортол дахиад л болоогүй байна гээд байж. Нөгөө хүн бас ч муугүй мэдлэг, чадвартай хүн болохоор “Сайд аа, чухам яг юу нь болохгүй байна. Та хэлээд өгөөч” гэхэд тоймтой зүйл хэлээгүй юм билээ. Нэлээд хугацааны дараа нөгөө бичгээ бариад ортол “За энэ л байхгүй юу, одоо л болж” гэсэн гэдэг. Үнэндээ тэр материалаа нэг их өөрчлөөгүй юм билээ. Харин М. Дүгэрсүрэн гуайг тэгж хуурах хүн нэг ч байхгүй. Хүний юмыг маш анхааралтай уншина. Хаана ямар алдаа гаргасныг ёстой л нэг загатнасан газар маажив гэгчээр яг хэлдэг. Үнэн зүйл хэлээд байгаа хүнийг дагахаас өөр арга байдаггүй шүү дээ.
Бид материал бичээд М.Дүгэрсүрэн сайд руу орохдоо их эмээнэ. Учиргүй уурлаад, загнаад байхгүй ч бүгд л эмээнэ. Хөх бэхээр больё гэтэл нь засна. Материалыг нь уншаад хөх бэхээр цөөн газар зассан байвал баярлаад, олон газар засвар орсон байвал би ч тааруу зүйл хийж дээ гэж бодно. Жар, далаад оны дипломатчдын ихэнх нь түүний удирдлагад ажиллаж, их зүйл сурсан. Тухайлбал, Л.Эрдэнэчулуун, Б.Оросоо, Б.Дашцэрэн, Т.Чимэддорж нарыг нэрлэж болно. Гадаад харилцааны асуудалд бүх талын мэдлэг, чад вар шаарддаг. Улс орныхоо нүүр царай болж байгаа хүн үйлдвэрт очлоо гэхэд зохих мэдлэгтэй, дуурь үзлээ гэхэд бусад орны дипломатчидтай санаа бодлоо хуваалцах гээд бүх талын мэдлэг шаарддаг ажил.
1967 онд би Москвагийн Олон улсын харилцааны сургуульд сурч байхдаа НҮБын Нью-Йорк дахь Суурин төлөөлөгчийн газарт зургаан сар дадлага хийлээ. Тэр үед М.Дүгэрсүрэн гуай Гадаад яамны сайдын хувьд НҮБын хуралд оролцож, зарим хуралдааныг даргалж байсан. Би Нью-Йоркт дадлага хийж байхдаа нэг зүйлийг анзаарсан. НҮБ-ын хуралд оролцож буй гадаад орны сайд дарга нар Ерөнхий хэлэлцүүлэгт заавал үг хэлдэг. М.Дүгэрсүрэн сайд үгээ өөрөө боловсруулаад хамгийн сүүлд үг, үсгийн алдаа байгаа эсэхийг хянуулахаар АНУ-ын Коммунист намын хариуцлагатай ажилтанд үзүү- лэхэд засаж, залруулах зүйл байхгүй гэж хэлж байсныг санаж байна. Дипломат албыг чиглэлээр нь олон талт, хоёр талт гэж хувааж үздэг. М.Дүгэрсүрэн гуай Монголд олон талт харилцааны эх суурийг тавьж, хэрэгжүүлсэн хүн.
Би нэг зүйлийг онцолж хэлмээр санагдлаа. М.Дүгэрсүрэн сайд бичиг хэргийн боловсруулалтад жинхэнэ мэргэшсэн хүн. Олон улсын харилцааны асуудал, бичиг хэрэгт нэг үсэг, үг алдах эрх байдаггүй. Тэрбээр боловсруулсан бичиг баримтаа монгол, орос, англи хэлээр зэрэг боловсруулж, утга болоод найруулгын ямар нэг алдаа байгаа, эсэхийг хянадаг чадвартай хүн байсан. Гадаад хэлийг төгс эзэмшсэний зэрэгцээ монгол хэлээ сайн мэддэг. Бид бичиг баримт хянуулахдаа удаа дараа уншиж, эмээсээр нэг оруулдагсан. Төрөлх хэлээ мэдэхгүй хүн сайн зүйл бичиж, орчуулна гэж хэзээ ч байдаггүй гэдгийг олон жилийн хойно ухаж мэдээд байна даа.
-Манай улсын хувьд олон талт харилцаа явуулах боломж бага байсан үе. Гадаад харилцаанд ямар бод логыг баримталдаг байв?
-Жар, далаад оны үед дэлхийн улс орон хоёр ху ваагдсан байлаа. Монгол Улс социалист системтэй бай сан. Дэлхийн улс төрийн байдал сөргөлдөөнтэй байлаа. Тийм цаг үед Монгол орны нэр хүндийг дэлхийн тавцанд өргөх, гадаад орнуудтай харилцаа гаа өргөтгөх, олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд онцгой ан хаарч, их хувь нэмрээ оруулсан хүн дээ.
-Тухайлбал, ямар хувь нэмэр оруулсан бэ?
-Бололгүй яах вэ. 1974-1978 онд би Токио дахь Монголын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Тэр үед бид Японоос дайны нөхөн төлбөр авах тухай ярьж байсан юм. Бид дайны нөхөн төлбөр авна гэхэд нөгөө тал дайны гэдэг статусаар өгөхгүй, буцалтгүй тусламж, эдийн засгийн хамтын ажиллагаа, энхийн замаар гэж өгнө гээд болдоггүй. Улс орноо төлөөлж буй Элчин сайд Засгийн газрынхаа бодлогоор л ажиллана шүү дээ. Элчин сайд С.Дамбадаржаа гуай бид хоёр бас тэр журмаар ажиллаж, Японы Гадаад яамнынхантай удаа дараа уулзаж ярилцлаа. Санал нэгдэхгүй сүүлдээ бүр маргаан ширүүсэж, Японы төлөөлөгч их уурлаж, байдал хүндэрсэн. Бид хэн хэнтэй уулзаж, юу ярилцав гэдгээ төвдөө мэдэгдээд хариу хүлээж байсан юм. Гэтэл М.Дүгэрсүрэн сайд ноот бичиг ирүүлснийг Японы тал хүлээж аваад жигтэйхэн эелдэг болж, бид ойлголцож, хоёр орныхоо найрамдалт харилцааг хадгалж үлдэж байсан юм. Эндээс дипломатч хүний чадвар, ур ухаан харагдаж байгаа биз. Тэр ноот бичиг архивт байдаг юм билээ. Хоёр тал энэ асуудлыг шийдэхийн тулд сайн санааны үүднээс хандах ёстой гэж байсан юм билээ.
-Зарим эх сурвалж япончууд манай улсад дайны төлбөрөө одоо хэр нь төлж дуусаагүй гэдэг юм билээ. Яг хэдий хэмжээний мөнгө, хөрөнгө өгч байсан юм бэ?
-Яг хэдэн сая төгрөг өгч байсныг сайн санахгүй юм. Тэр мөнгөөр үндсэндээ дайны төлбөрийг хаасан юм шүү дээ. Бид зөвшилцсөнөөр Японы Засгийн газрын хөрөнгө оруулалтаар “Говь” үйлдвэрийг барьсан түүхтэй. Нэг зүйлийг онцлоход хэтээсээ япончууд монголчуудад найрсаг, элгэмсэг ханддаг байсан. Тухайн үед ядуу буурай гэж ялгадаггүй, бусад хөгжилтэй оронтой адил харилцаатай байсныг хэлэх ёстой.
-М.Дүгэрсүрэн сайдтай хамтарч ажиллаж байхад шийдэхэд түвэгтэй асуудалтай олонтаа тулгарсан байх. Та бүхэн ямар асуудлыг хэрхэн шийдэж байсан тухайгаа сонирхуулаач?
-Гадаад бодлогоо явуулахын тулд геополитик, геостратегийн асуудлын алийг нь эхэнд нь тавих вэ гэдгээ шийдэх хэрэгтэй болдог. Томоохон гүрэн үндэсний эрх ашгаа түрүүнд тавьдаг. Жижиг орон стратегийн бодлогоо эхэлж тавьдаг юм. Бид тийм л зарчмаар ажиллаж байсан. Дэлхийд Монголыг хүлээн зөвшөөрүүлэх, Монголоо Монголоор нь авч үлдэх гадаад бодлого чухал байсан гэдгийг хүмүүс мэдэх байх. Дэлхийн улс орноос АНУ л манай орныг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. 1961 онд Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсэхэд М.Дүгэрсүрэн гуайн үүрэг их байсан юм шүү.
-ЗСБНХУ манай гадаад харилцаа, бодлогод их оролцдог нь та бүхэнд хэцүү байсан уу?
-Монгол Улсын гадаад харилцааг бэхжүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд Маршал Х.Чойбалсангийн хичээл зүтгэл их гэдгийг хэлэх ёстой. Оросуудын баримталж буй бодлогыг анзаарч, дотроо их зүйл боддог байсан байх л даа. Олон хүнийг Гадаад харилцааны сургуульд явуул сан. Тэр үед уялдан зохицуул сан га даад бодлого гэж байлаа л даа. Бид тэр зарчмыг л баримталдаг байв.
-Энэ нь Оросын бодлого уу?
-Социалист системийн орнуудын бодлого байсан юм.
-Гадаад харилцааны яаманд та Азийн газрын захирлаар ажиллаж байсан юм билээ. Тухайн цаг үед өмнөд хөрштэй ямар бодлогоор, хэрхэн харилцаж байсан бэ?
-Хүн эх орон, ээж, ааваа сонгодоггүйн адил хөршөө сонгох боломжгүй. Бид яах аргагүй БНХАУ-тай харилцаа тогтоох шаардлагатай ч боломж тааруу байсан. ЗСБНХУ, БНХАУ-ын харилцаа сайнгүй нь бидэнд нөлөөлсөн хэрэг. 1990-ээд оны үед манай улс олон талт гадаад харилцааг идэвхжүүлж байхад АНУын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкер “Танай улс хоёр хөрштэйгөө харилцаагаа сайжруулах ёстой” гэж хэлж байсан юм. Бид Хятадтай бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Энэ орон хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй томоохон гүрэн гэдгийг байнга бодож байх ёстой. Хөршөө үл хүндэтгэх нь хоёр улсын харилцаанд сэв суулгадаг. Хятадууд манай газар нутагт орж ирлээ, барилга, зам бариад байна гэж илүү харахаасаа өмнө бид өөрсдөө хаана, юу хийж явна, бид яагаад хийхгүй байна гэдгээ бодох ёстой. Бид геополитикийн хувьд хоёр хөрштэйгөө гарцааг үй сайн харилцаатай байх ёстой. Бид өмнөх зүйлээ орхиод даяаршиж буй цаг үетэй хөл нийлүүлэн алхах ёстой.
-Дээхнэ үед манай бүх яам, тусгай газар орос зөвл өхтэй, ямар нэг шийд вэр гаргахдаа байнга асуудаг байсан юм билээ. Харин Гадаад харилцааны яам зөвлөхгүй байсан гэсэн?
-Тийм ээ, тийм. Манай яам л зөвлөхгүй байсан юм. Оросууд М.Дүгэрсүрэн гуайгаас их эмээнэ. Тэр хүн мэдлэг, чадвараараа хэнийг ч дагуулахгүй болохоор тэр шүү дээ. Зарчимч гээд хүн загнаад байхгүй л дээ. Үнэнч, шударга, ажлаа хариуцлагатай хийхийг л шаарддаг байсан юм. Хожим М.Дүгэрсүрэн сайдыг ажлаас нь өөрчлөх гэж оролдсон ч түүнээс өөр ажлаа мэддэг, чадвартай хүн байгаагүй учир яаж ч чадаагүй.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Аз жаргал хүсье.
Х.ОЮУНСҮРЭН
Өнөөдөр сонин

Monday, 11 June 2012

Б.Одбаяр: Эр хүн эхнэрээ зөв сонгох нь чухал


“Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Окитой ярилцлаа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-“Киви” хамтлагийн ахлагч Укагийн цомгийн хөгжмийн найруулга дээр ажилласан. Сүүлийн үед залуу дуучин Мишээлтэй хамтарч ажиллаж байна. Шинээр гарч байгаа  залуу дуучин төдийгүй чадварлаг дуучин таван дуутай цомог гаргаж байна. Энэхүү цомгийн ажил нь дуусах шатандаа явж байна. Мөн “Киви” хамтлагийн шинэхэн цомгийг хийгээд дууслаа. Энэ цомог мөн таван дуутай. Ойрын үед хийсэн ажлын маань тал хувь нь киноны хөгжим байлаа. Зунаас хэд хэдэн киноны хөгжим хийх төлөвлөгөө байна. Гэхдээ тоо биш чанарыг эрхэмлэх ёстой. Тийм ч учраас олон тооны биш цөөн тооны киноны хөгжим хийнэ. Хамгийн сүүлд “Бодлын хулгайч”, ”Бурхан өршөөг” кинонуудын хөгжмийг хийсэн. “Бодлын хулгайч” кино маань Улаанбаатар кино их наадамд нэр дэвшсэн баяртай үйл явдал тохиолдсон. Мөн “Номин талст” хамтлаг шинэ цомгийн ажилдаа орчихсон явж байна. Продюссерээр нь Өөжгий ах ажиллаж байгаа.
-Дахин киноны уран бүтээл хийх үү?
-Нилээд хэдэн киноны ажлыг зунаас хийж магадгүй. Өнгөрсөн хавар “Валентины захидал”, “Худалч хүү” гэсэн хоёр кино хийсэн. Одоо, долдугаар сард нээлтээ хийх нэг киноны хөгжим дээр ажиллаж байна. Одоогоор нэрийг нь хэлж болохгүй. Нууц байх ёстой гэдэг даалгавар авсан. /инээв/
-“Киви” хамтлагийн ахлагч Ука саяхан цомгоо гаргасан. Энэхүү цомгийн “Хоосон” нэртэй дууг  хулгайн дуу гэдэг яриа гарсан. Энэ цомог дээр ажилласан хүний хувьд цомогт хуулбарласан дуу орсон уу?
-Сүүлийн үед гадуур тийм яриа их гарах болсон. “Хоосон” гэж дууны хувьд хөгжмийн найруулага дээр нь Ц.Байдраг ах ажиллаж байсан. Гэхдээ би бичлэг дээр хянаж, ажиллаж байсан л даа. Үүнийг энгийнээр шалгая гэвэл тэр хулгайн дуу гээд байгаа дуугаа тухайн дууны гадаад хувилбарыг понограмм дээр өөрсдөө монголоороо дуулаад үзэх хэрэгтэй. Энэ нь гэрийн төвшинд шалгаж үзэх гэсэн үг л дээ. Яг баталгаатай хэлэхэд Укагийн цомогт орсон дуунуудын хувьд бол ямар нэг тийм аялгуу ашигласан тохиолдол байхгүй бүх дуу нь зохиогчтой, клипэн дээрээ зохиогчийн нэр нь тавигдсан байгаа.
-Өөрөө энэхүү цомог дээр ажиллсан.Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Нэгдүгээрт, манайхан  хүний уран бүтээлийг хүндлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, үүнийг хөгжим судлаач, шүүмжлэгч нарт л үлдээх хэрэгтэй асуудал. Тэр хүмүүс бүтцийн, аялгууны гэх мэтчилэн олон  дүгнэлтийг гаргаж ирэх ёстой. Тэр дууны хөгжмийн найруулгыг нь авсан байна, аялгууг нь хуулбарласан байна гэдгийг тэд  баталж гаргаж ирэх хэрэгтэй. Энэ тэдний л ажил шүү дээ. Аялгууг нь  авч ашигласан бол “cover” гэж  тавих хэрэгтэй л дээ. Монголын  үндэсний хөгжим, нийтийн  дуун дээрээ хөгжмийн найруулга хийхэд хулгай гэж хэлэгдэх асуудалд орохгүй. Харин electro, dance чиглэлийн дуу  хөгжмийн найруулга хийхэд төстэй аялгуунууд байдаг. Энэ бүхнийг дуурайсан байна гэж болохгүй л дээ. Энэ дуутай адил тэр дуутай адил гэдэг шүүмжлэл байнга  дагадаг.  Яг ийм  орчин үеийн зүйлийг хийж байгаа нь л ийм шийтгэл амсахад хүргэж байгаад харамсаж явдаг. Заримдаа энэ хардалт жаахан хэтрээд байх шиг ажиглагдаж байна.
-Яг одоо тэр шүүмжлэх хүмүүс нь ажлаа хийж байна уу. Чиний бодлоор?
-Шүүмжлэгч нарт нь мөнгө, цалинг нь өгөөд шалгуулж болно л доо. Гэхдээ үүнээсээ илүүтэйгээр хүмүүст зөв ойлголтыг эхлээд төрүүлэх  хэрэгтэй. Тиймээс би энэ талаар хэсэг бодож байгаад ямар нэг зүйл хийх болно.  Өмнөө хийх ажилтай үргэлж завгүй байна гэдэг нь ерөнхийдөө зөв замаар явж байна гэж би, залуу хүнийхээ хувьд боддог.
-“Улаанбаатар кино их наадамд”шилдэг хөгжмийн зохиолч номинацид нэр дэвшиж байсан?
-Би өөрийгөө нэр дэвшсэн гэж бодоогүй. “Бодлын хулгайч” кино нэр дэвшсэн л гэж бодож байсан. Би “Бодлын хулгайч” киноны хөгжим дээр ажилласан. Энэхүү кино маань наадмын үеэр олон номинацийг авч чадлаа. Миний хувьд их баяртай явдаг. Учир нь Ч.Сэр-Од багш, Н.Жанцанноров гуай гэх мэт Монголын сор болсон уран бүтээлчидтэй хамт нэр дэвшинэ гэдэг нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан.
-Анх хэдэн оноос хөгжмийн найруулга дээр ажиллаж эхэлсэн бэ?
-2004 оноос. Анх студид ажиллахдаа Н.Баярхүү ах дээр ажиллаж байсан. Дараа нь тусдаа гарч “Next Star” студид харъяалагдаж, удахгүй “Нэгүн”  студийг 2009 оны сүүлээр байгуулсан. Одоо “Wanted” студитэй хамтран ажиллаж байна.
- Шүлэг бичихэд авьяастай байх ёстой юу. Онгод орох гэж уран бүтээлчид их ярьдаг даа?
-Онгод гэхээр нэг л тийм орж гараад байдаг зүйл шиг яриад байгаа юм. Мэргэжлийн хөгжмийн зохиолч, хөгжимчин хүмүүсийн хувьд ажиллах л ёстой. Энэ бол  мэргэжлийн хандлага. Сонирхлоороо дуу хийхэд сэтгэлийн хөдөлгөөн янз бүр байж болно. Мэргэшээд амжилт үзүүлнэ гэвэл ажиллах, хичээх, хөдөлмөрлөх л хэрэгтэй биз дээ. Ингэхийн тулд эхлээд бодох хэрэгтэй. Бодох цагаа гаргахгүй хөдөлмөрлөнө гэдэг бол хамгийн тэнэг хэрэг. Бодохгүй шууд хийчихээд л болохгүй юм байна гээд зогсож байж болохгүй.
Харин авьяас бол байна аа байна. Адилхан өдөр бүр хичээлээ хийгээд давтсан хэрнээ зарим нь онц аваад нөгөө хэсэг нь тааруухан авах жишээтэй. Гэхдээ  хатуу үнэн гэвэл бас биш. Дутууг нөхөх гэж тархи ажилладаг. Зүрх сэтгэл  тархийг аймаар хөгжүүлнэ л дээ. Гэхдээ дутуугаа нөхөж болно. Авьяас дутуу байлаа ч тэрний төлөө төрсөн гэдгийг хэлээд байгаа бол ажиллах л хэрэгтэй. Уран бүтээлч бүр төгс байхгүй шүү дээ. Гол нь давуу талаа улам бүр өнгөлж байх ёстой. Хэчнээн олон сул талтай байлаа ч давуу тал илүү бол хүмүүс чамтай гар барьж мэндлэх л болно.
- Урлаг спортынхонтой уулзахад ихэнх нь удам дагасан хүмүүс байдаг. Окигийн хувьд?
- Манай гэр бүлд эмч нар л их байна даа. Урлагийн хүн гэх юм бол эмээгийн ах нь  Монгол Улсын гавьяат жүжигчин, балетчин н.Цогтсайхан гэж хүн байдаг. Ээжийн маань мөрөөдөл биелж байгаа нь энэ /инээв/. Ээж маань төгөлдөр хуур тоглодог. Би айлын ууган хүү. Аав маань дуу цөөтэй хүн л дээ. Харин ээж маань хүүхэд байхад л намайг их шахдаг байсан. Яваандаа өөрөө сурчихдаг юм байна лээ. Том болоод шахуулаад байхгүй нь мэдээж. Тэр үед миний дотор дахиад нэг тийм хүн бий болчихсон байсан. Юмаа хий, цагт нь амжуул, шилдэг нь бай гээд л хэлж байсан. Ер нь манай ээж аливаад төгс  байхыг хүсдэг хүн. Тэр хандлага нь намайг ч гэсэн төгс  хүн байхад нөлөөлсөн.  Ээж, эмээ, багш гурав миний амьдралд алхам тутамд нөмөр нөөлөг болдог хүмүүс. Эмээ “дарамтлахгүй” л дээ. Намайг их сайн ойлгодог. Үеийнхэнтэй нь харьцуулах юм биш. Маш залуухан, надаас дөчөн насаар л эгч байна даа. Найз нартайгаа дуулна, наргина. Хүмүүстэй их сайхан харьцдаг. Энэ харилцааг би эмээгээсээ л сурсан. Хөгжим бүжиг бол эрүүл орчин. Тэнд ямар ч хараалын үг байхгүй. Маш шаргуу хичээллэхийг л шаардана.  Дараа нь би ажил дээр гараад санаа бодлоо ойлгуулахад төвөгтэй байсан л даа. Дараа нь эмээгийнхээ хажууд маш хянуур сууж байгаа ажиглаж байгаа юм. Эмээгээсээ харилцааны соёлыг одоо хэр нь  сурч  явна.
 - Урлагийн ертөнцөд зургаан настайдаа орсон гэсэн. Ер нь чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
- Мэдээж хүүхэд нас маань хөгжим бүжгийн сургуульд өнгөрсөн.  Их ном уншдаг хүүхэд байлаа. Одоо бол уран бүтээлээ сайн хийгээд амьдрах ёстойгоос гадна зав л олдвол хайртай хүмүүстэйгээ хамт байхыг хичээдэг болсон. Залуу ч гэсэн тэнэг байж болохгүй тийм насандаа  явж байна. Тэгэхээр хийх зүйлээ  ч сайн хийж, өгөх ёстой зүйлээ ч  бусдад өгдөг байх хэрэгтэй. Энэ бүхнийг  эрт ойлгосондоо баярладаг юм. Энэ бол урлагийн хүч  юм даа. Дуунд сайхан бүхнийг л дуулдаг биз дээ. Гэхдээ жишээ нь үхлийн тухай бичих дуртай хүмүүс байдаг л даа. Энэ байж болох ч би үүнийг  урлаг гэж үздэггүй. Муу зүйлийг сайн нь ялж байгаад хүмүүс дуртай байдаг. Би үүнд итгэдэг. Үүний үнэ цэнийг хүмүүст ойлгуулж, бас би өөрөө илүү их ойлгохын тулд ажиллаж байна.  Амьдралд ялах гэж, бэрхшээлийг даван туулахын тулд эрч хүч хэрэгтэй байдаг. Дууг маш олон сонсохоос илүү тухайн хүний амьдралын жаргал, зовлонгийн аль нэгэнд дуу маань хамт байж тайвшрал өгснөөр тухайн дуучдыг хүмүүс хүлээж авдаг шүү дээ.
 - Ажлын өрөөнийхөө хананд загалмай тавьсан байх юм. Анхаарал татаж байна шүү. Өнөө “коммунист” ээж зөвшөөрч байна уу?
- Ээжийн үгийг боол мэт дагана гэсэн үг биш шүү дээ. Нөгөө талаар ээж сонголтгүйгээр үглээд байна гэсэн үг ч биш. Ер нь дүү нараа бодоход сонголтыг би өөрөө бие дааж багаасаа л хийдэг байсан. Хүүхэд байхаасаа л гэр бүлийнхээ нүүр царай болж тэмцээн уралдаанд их явдаг байлаа шүү дээ. /инээв/  Ээж, аав, эмээ маань итгэнэ. Тиймдээ зөв буруу нь хамаагүй гомдоочихгүй юмсан гэж их хичээдэг. Хүнийг хууль биш хайр л өөрчилдөг. Их хэцүү амьдралаас сайн хүн болж өснө гэдэг хэцүү. Хараас хар, харин цагаанаас  цагаан л гарна. Цагаан харыг цагаан болгодог. Нүдэн дээр л харагддаг зүйл биз дээ. Би бусдад хайрлагдаж байгаа бол бусдыг бас хайрлах ёстой.
-Оки гэрлэсэн үү. Гэр бүлийн тань хүн ямар мэргэжилтэй хүн байдаг вэ?
- Гэр бүл болоод жил хагас болж байна. Эхнэр маань хөгжим судлаач, төгөлдөр хуурч мэргэжилтэй. Тийм болохоор миний ажлыг хамгийн сайн ойлгодог хүмүүсийн нэг. Даруу, төлөв, хүмүүжилтэй бүсгүй. Айлын том охин нь л доо. Хөгжим бүжигт хамт сурч байсан. Эр хүний амьдралдаа хийдэг том шийдвэрүүдийн нэг бол эхнэрээ зөв  сонгох юм болов уу. Мөнгө олох ёстой гэхээс илүү сайн бодож зөв шийдэх ёстой,  хэцүү бөгөөд хариуцлагатай, их ухаан шаардсан сонголт энэ болов уу. Би өөрийнхөө сонголтыг зөв хийсэн гэж бодож явдаг.
Э.Сувд

Д.Алтанхуяг: Миний сэтгэл үргэлж Монгол руугаа тэмүүлдэг

Хөгжим бүжгийн коллеж төгсчихөөд удаагүй, бас болоогүй “Хабл данс” гэдэг хамтлагийг гурван найзтайгаа байгуулчихсан модерн бүжиг бүжиглэж байх үеэс нь Д.Алтанхуягийг мэдэх юм. Тэр залуус бүгдээрээ ДБЭТ-ын бүжигчид байлаа. Сонгодог бүжгийн хажуугаар шинэ, соргог хэлбэрээр өөрсдийгөө илэрхийлэх эрэл хайгуул хийж байсан нь тэр. Д.Алтанхуяг хэзээний л үг цөөтэй, олон таван үггүй, товчхондоо бол даруухан. Б.Жамъяндагва гуай түүнийг эх оронч гэж тодорхойлдог, энэ чанар нь эцгээс нь өвлөгдөж ирсэн гэдэг байлаа.
Түүнтэй уулзаагүй олон жил болжээ. Энэ он жилүүдэд өөрийгөө илэрхийлэх эрэл хайгуул хийж явсан өнөөх залуу маань харин дэлхийд данстай бүжигчин болсон байна. Өнөөдөр Японд, маргааш Америкт, харин дараа нь Европын тайзан дээр бүжиглэх, хатуу нарийн хуваарьтай дэлхийн хүн болсон байна.  Гэхдээ л дуу цөөтэй хэвээр. Даруухан зан нь янзаараа. “Миний сэтгэл үргэлж Монгол руугаа тэмүүлдэг” хэмээн ярьж сууна.


-Бостонд бүжиглээд хэдэн жил болчихов оо?

-Гурван жил гаруй болж байна. Дөрөв дэх жил рүүгээ орж байна даа. Бостонд суурин амьдарч, Бостоны театртай гэрээгээр ажилладаг. Өөр компаниуд, театруудтай бас гэрээтэй.

-Америкт уу?

-Тийм ээ. Тэр бүгдийг зохицуулаад л, амжуулаад л явдаг даа.

-Ер нь нэлээд ачаалалтай байдаг байх аа?


-Тоглолтын сезон эхлэхээр асар ачаалалтай.

-Ингэхэд сонгодог чиглэлээрээ дагнаж байна уу? Эсвэл модерн урсгалаар бүжиглэж байна уу?
-Сонгодог бүжгийн анги төгссөн балетчин гэдэг утгаараа сонгодог чиглэлээр бүжиглэдэг. Гэхдээ яг олон улсад танигдаж, өөрийн орон зайг бий болгосон нь гэвэл орчин үеийн буюу неоклассик бүжгүүд. Бүжиг дэглээчдийн харуулахыг хүсэж байгаа зүйлс ондоо ондоо байдаг. Жишээлбэл Ролан Петит бол хорьдугаар зууны шилдэг бүжиг дэглээч. “Парис опера” гээд Францын хамгийн том театрын захирал, бүжиг дэглээчээр нь ажиллаж байсан. Хувийн бүжгийн хамтлагтай. Тэр хүний бүтээлийг Итали, Испани, Англи, Герман, АНУ, Азийн том том театр, компаниуд тавьдаг. Тэр хүний хамтлагт нь би багтдаг. Тэр хүн өөрийн гэсэн бүжигчдээр бүтээлээ амилуулдаг. Бүжигчидтэйгээ их дотно ажилладаг.

-Ролан Петит та хоёрын хамтын ажиллагаа нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн байх шүү. Нөхөрлөл гэх юм уу даа.

-Тийм шүү. 2001 онд Японд болсон нэг тэмцээнд би түрүүлсэн юм. Түүнээс хойш Японы балетийн хоёр компани надтай гэрээ байгуулсан. Одоо ч хамтарч ажилласан хэвээр. “Асами маки балет” гэдэг театр бий. Тэр театр Ролан Петитийн бүтээлийг тавьж байх үед би тэнд сонгодог балетад бүжиглэхээр очсон байсан юм. Гэтэл тэднийхээс нэг бүжигчин шинэ бүтээлд оролцох боломжгүй болсон. Бид чинь бэлтгэл сургуулилтын үеэр маш их бэртэж гэмтдэг шүү дээ. Тийм шалтгаанаар нэг бүжигчин дутлаа. Ролан Петитийн бүтээлд. Театрын захирал нь надад санал тавьсан. Хэдий би сонгодог бүжигт бүжиглэж байсан ч Ролан Петитийн бүжгийг их сонирхож, харж байсан юм. Тавилт нь сонгодог хэлбэрийн боловч их өвөрмөц.

-Тэгээд л шууд зөвшөөрсөн үү?

-Тэгсэн. Өглөө нь бүх хөдөлгөөнөө сураад л өдөр нь нэгдсэн сургууль хийхэд шинээр сурсан гэж огт мэдэгдэхгүйгээр бүжгээ хийсэн. Тэрийг Ролан Петит анзаарсан.

-Тэр нэг бүжигчин тоглолтод оролцож чадахгүй болсон нь чиний хувьд том аз болжээ.

-Тэгсэн. Бас би хөдөлгөөнүүдээ маш хурдан яв цав сурч чадсан, Ролан Петитийн хүсэж байсан зүйлийг нь үзүүлж чадсан. Түүнээс хойш тэр хүн Алтанхуягийг энэ тоглолтон дээр авчир, тэр тоглолтод оролцуул гэдэг хүсэлтийг тавьж эхэлсэн. Түүнд 200-300-гаад бүжигчин байгаа шүү дээ. Гэтэл зөвхөн Алтанхуягийг бүжиглүүлнэ гэж хүсэх үе бий. Гадаадын олон оронд хийсэн тоглолтод нь оролцсон.

-Хэчнээн авьяас байсан ч тэр нэг өдөр тэр бүжигчний оронд бүжиглээгүй бол бас яах ч байсан юм билээ, тийм үү?

-Үнэхээр тийм ээ. Би Ролан Петитийн багт орж ажилламаар байна гэдэг саналаа тавьсан байсан л даа. Ер нь бол ямар нэг зүйл цаг нь болохоор бүх тохироо нь бүрддэг шүү дээ. Яг л тийм зүйл болсон.

-Уран бүтээлч хүнд энэ их чухал шүү.

-Тэгэлгүй яахав. Манай Монгол Улсын хүн ам хэд билээ. Тэрэн дотроо балетаар хичээллэсэн хүн хэд билээ. Гэтэл манай урд хөршийг хар л даа. Хэдэн хүнтэй билээ. Тэрэн дотроос шигшигдэж гардаг нь хэд билээ. Японд гэхэд маш олон балетийн сургууль бий. Европ бол ойлгомжтой. Дэлхий даяар ийм олон бүжигчин байдаг ч хүмүүсийн мэддэг, танил болсон нь цөөхөн. Үнэхээр хүний хөдөлмөр, хүсэл зорилго бас нөлөөлнө. Мэргэжилдээ үнэнч байх гэж оролдож, дасгал сургуулилтаа алдахгүй байсны минь үр дүн болов уу. Одоо л амжиж хийхгүй юм бол энэ чинь залуу хүний урлаг шүү дээ.

-Тэгээд удалгүй дэлхийн шилдэг найман бүжигчний нэг болсон байх аа?

-Ролан Петит өөрөө энэ шилдэг бүжигчдийг тодорхойлж гаргаж ирсэн юм шүү дээ. Тэр цаг үеийнхээ шилдэг бүжигчдийг сонгон авч тоглолтоо хийдэг. Тухайлбал тэр жил Ролан Петитийн хамтлагт бүжиглэж байсан нэг хятад бүсгүйг Парисын театр урьж байсан. Ролан Петит ямар шалгуураар шилдгүүдийг сонгодгийг би хэлж мэдэхгүй. Түрүүнд хэлдгээр тэр үед мөн л нэг сайхан тохироо бүрдсэн байж. Найман орны найман бүжигчнийг л онцолсон юмдаг. Харин хүмүүс үүнийг маань ямар нэг тэмцээнд ороод шилдэг наймын нэг болсон гэж ойлгодог юм шиг байна билээ.

-Нээрээ тийм байх шүү.


-Тэмцээн гэх юм бол би 2005 онд Нью-Йоркод нэг тэмцээнд орсон. Бүжигчид олон орноос бичлэгээ явуулаад түүнээс нь 22-ыг сонгож тэмцээнд оруулдаг юм. Тэгээд гурван долоо хоногийн турш өрсөлдөн, цаанаас заасан бүжгүүдийг бүжиглэдэг. Бүгд адилхан бүжиг хийнэ. Тэндээс хүрэл медаль авсан. Дэлхий олон орноос ирсэн бүжигчид оролцдог тэмцээн л дээ. Нэг ёсондоо бидний хувьд Олимп маань. Дэлхийгээр дүүрэн гайхамшигтай бүжигчид бий. Тэднээс сурах зүйл зөндөө.

-Өөрөөс чинь ч гэсэн сурах зүйл байгаа.

-Үгүй яахав, онцлог харагддаг зүйл байгаа байх л даа. Хувь хүн болгон өөр өөрийн онцлогтой байдаг юм чинь. Тэр онцлогоо харин зөв гаргаж, илэрхийлдэг байх л хэрэгтэй.

-Ер нь гадны бүжигчид чамаас юу сурч авмаар байна гэдэг вэ? Мэдээж мэргэжил нэгтнүүд бие биеэсээ суралцахыг хүсдэг байх. Олон орны залуус хамт бүжиглэж байхад иймэрхүү мэргэжлийн халуун яриа өрнөдөг л байлгүй.

-Ярилгүй яахав. Үнэхээр гайхалтай бүжиглэж байгаа нэгэндээ бид хэлэхээс өөр аргагүй. Энэ асуултыг 24, 25-нд болох гала тоглолтод оролцох бүжигчдээс асуумаар юм байна. Ийм олон орны бүжигчид оролцсон тоглолтыг улс орон бүхэн хийгээд байдаггүй юм шүү. Зардал, мөнгөнөөс өгсүүлээд олон асуудал бий. Америк, Япон, Өмнөд Африкийн бүжигчид ирнэ. Тэд ч бас өөр өөрсдийн онцлогтой. Энэ тоглолт найз нөхөд болон бусад олон хүний дэмжлэгээр байгуулсан “Монголын балетийн урлагийн хөгжил” сангийн хүрээнд болж байгаа. Энэ сангийн маань үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин ивээлдээ авсан. Том хүндэтгэл юм даа. Балетийн урлаг цаашид хөгжихөд чухал дэмжлэг болох байх. Боловсрол, соёлын яам , ДБЭТ бас дэмжиж  байгаа. “Алтжин” групп ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа. Улаанбаатар хотын захиргаа мөн дэмжиж байгаа.

-Гала тоглолтод оролцох бүжигчид Монголыг хэр сонирхож байна, ингэхэд?

-Их сонирхож байгаа. Надаас маш олон асуулт асуудаг. Интернэтээр мэдээлэл цуглуулж байгаа гэсэн. Энд тэнд бишгүй нэг явсан хүмүүс л дээ, уг нь. Гэтэл манай орныг үнэхээр их сонирхож байна. Монгол гэдэг ямар ч хүний бодол, сэтгэлд хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг улс гэдгийг эндээс харж байна.

-Чиний гол дүрд нь бүжиглэх “Хунт нуур”-ын тасалбар аль хэдийнэ дууссан гэсэн. Одоо гала тоглолтын тасалбарыг сурагласан хүмүүс зөндөө байгаа сурагтай. Ингэж хүлээж авна гэж төсөөлсөн үү?

-“Хунт нуур”-ын тасалбарыг хүмүүс авч байхыг хараад юм бодсон шүү.

-Москвад болсон Монголын соёлын өдрүүдэд ирж бүжиглэсэн гэл үү?

-Тэгсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монголын соёлын өдрүүдийн тоглолтод оролцсон. Өглөө нь Америкаас нисэж очоод, орой нь бүжиглэчихээд, маргааш өглөө нь буцаад ниссэн. Өнгөрсөн жил хотын дарга Г.Мөнхбаярын урилгаар ирж, наадмын концертод бас оролцсон. Миний сэтгэл Монгол руугаа дандаа тэмүүлдэг. Тийм ч болохоор энэ бүх үйл ажиллагааг эхлүүлсэн. Сангаа нээсэн, энэ тоглолтыг зохион байгуулж байна. Тэгээд ч Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд хотын дарга гээд олон хүн намайг дэмжсэн. Тэгээд олон жил санаандаа бодсон ажлаа эхлүүлсэн. Уг нь хүмүүс тоглолтын дараа хамаг юмаа ярьдаг. Би өмнө нь ярьчихлаа. Ярихгүй байхын ч аргагүй юм даа. Энэ урлагийн хөгжилд өөрийн чадлаар хэрхэн, яаж хувь нэмэр оруулах вэ гэж бодсон.

-Театрт хамгийн сүүлд хэзээ ирсэн юм бэ?

-Хоёр жилийн өмнө юм уу даа.

-Хэдийгээр том том театруудын тайзан дээр бүжиглэж байгаа ч гэсэн бүжигчин болгож өгсөн энэ театрын тайзыг үгүйлнэ биз?

-Өчнөөн сар жил яваад ирсэн ч гэсэн яг л өчигдөр эндээс гараад эргэж ирж байгаа юм шиг л надад санагддаг. Өнөөдөр гэхэд би энд сүүлд хоёр жилийн өмнө ирж байсан гэж огт бодогдохгүй байна. Өчигдөр ажлаа тарж яваад өглөө нь эргээд ирж байгаа юм шиг л. Бүх зүйл яг хэвэндээ. Хүмүүс нь хүртэл. Би өөр болсон юм шиг санагдаж магадгүй. Харин миний хувьд Алтанхуяг Алтанхуягаараа, театр театраараа л. Гаднах үзэмж, суудаг сандал өөр болж болно л доо. Гэхдээ театр яг хэвээрээ.

-Алтанхуяг, Алтанхуягаараа гэснээс “Хабл данс” хамтлагийг гурван найзтайгаа байгуулчихаад тоглолтоо хийж явсан шинэхэн бүжигчин Алтанхуяг, өнөөдрийн Бостоны театрт бүжиглэдэг Алтанхуяг хоёрын хооронд ямар ялгаа байна аа? Өөрчлөгдсөн үү?

-Мэдэхгүй ээ. Тэрийг  үзэгчид л хэлэх байх даа.

-Чиний хувьд?
-Илүү боловсорч, сайжиръя гэж л бодож явна. Яг одоогоор тийм болсон ч гэдэг юм уу учиргүй ярьж зүрхлэхгүй байна аа. Үзэгчид л хэлэх байх. Урьд нь намайг мэдэхгүй хүмүүс одоо харах байх. Би өөрийгөө дүгнэхийг хүсдэггүй. Харин өөрийнхөө алдаан дээр суралцахыг л хүсдэг.
-Таны аав Дугараа гуайг урлагийн хүн байсныг хүмүүс мэднэ. Их сайхан инээмсэглэсэн, сэтгэлд дулаахан хүн байсан гэж таньж мэдэх хүмүүс нь дурсдаг юм билээ. Аавынхаа тухай яриач.
-Ийш тийшээ аялан тоглолтоор явахад нь хамт явдаг байсан. Ааваасаа салдаггүй хүүхэд байлаа. Инээд хөөр, эрч хүч нь байнга ундарч явдаг хүн байсан юм. Дандаа л инээж явна. Хааяа нүдэнд харагддаг юм. Тэр үед хөдөө гадаа явахад унаа тэрэг, тайз энэ тэр гээд л бэрхшээлтэй зүйл зөндөө шүү дээ. Тэгсэн хэрнээ хэцүү, муу муухай зүйл одоо ер бодогддоггүй. Дандаа л сайхан, гоё дурсамжууд нь үлдсэн байдаг. Бидний дасгал сургууль гэхэд л сунгалтын дасгал хийхэд заримдаа тэсэхийн аргагүй санагдах үе бий. Тэр үедээ л тэгж бодохоос дараа нь тэр тухай огт боддоггүй. Харин тэр тайзан дээр бүжиглэхдээ яг энэ хөдөлгөөнийг сэтгэлдээ хүртлээ хийсэн гэдэг ч юм уу тийм эерэг бодол л санаанд ордог. Бэлтгэл, тоглолтын аль алинд юу эс тохиолдохов. Гэвч дараа нь дандаа сайхан дурсамжууд нь л үлддэг. Түүнтэй адилхан аавынхаа инээж байгаа сайхан төрхийг нь үргэлж санадаг.

-Ааваас өвлөж авсан хамгийн үнэтэй зүйл, хамгийн том чанар юу вэ?

-Мэдэхгүй дээ. Тэрийг ээжээс л асуух байх даа.

-Урлагийн хүн болсон чинь юм болов уу?

-Тэр бол тодорхой.
-Урлагт хайртай зүрх сэтгэл байж ч болох юм.
-Аав минь ардын бүжигчин байсан. Би сонгодог бүжигчин. Хоорондоо ялгаатай боловч бүжигт дуртай, энэ урлагт зүрх сэтгэлээ өгсөн. Яг л аав шигээ. Аав маань бүжиглэнэ, хөөмийлнө, дуу бичнэ, жүжиглэнэ, товшуур тоглоно, Алтайн магтаал хайлна. Бүгдийг л хийдэг байлаа.

-Алтанхуягийн ойрын төлөвлөгөө юу байна?

-Японы “Нью нэшионал” гэж театр байдаг юм. Тэнд долдугаар сарын 31-нд нэг балетийн гол дүрд бүжиглэнэ.

-Арай холын төлөвлөгөө гэвэл?

-Тоглолтууд л байна даа.

-Балет залуу насны урлаг. Нэг л өдөр тайзнаас буух өдөр ирнэ. Энэ тухай боддог уу?

-Цаг нь ирэхээр л тэр тухай бодох байх. Одоогоор миний нас ид бүжиглэдэг үе. Тиймээс  бүжиглэхээс өөрийг бодохгүй байна. Яг одоо бол хийж бүтээх, чадах юу байна тэр бүгдийг амжуулахыг л хүсэж байна даа.

Б.ЦАЦРАЛ
2011 оны 6 сарын 15

Sunday, 10 June 2012

С.Өлзийбаяр: Монгол нутаг Хүннүгийн түүх соёлын дурсгалт зүйлсээр баян


Энэ онд Монголчууд түүхээрээ бахархаж, омогших жил. Олон ой зэрэг тохиож байгаагийн нэг нь Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой. Хүннү гүрний түүх, соёлын талаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Эртний түүх, сурвалж судлалын салбарын эрхлэгч, доктор С.Өлзийбаяртай ярилцлаа.

-Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэхийн ач холбогдол юу вэ. Судлаачид Монголчуудын эртний өвөг бол хүннүчүүд гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг?
-Миний судалгааны үндсэн чиглэл эртний түүх бичлэг. Энэ сэдвээр судалгаа хийж өнгөрсөн онд докторын зэрэг хамгаалсан. Би МУИС-ийн археологи антропологийн ангийг 1998 төгссөн. Харин одоо Хүннүгийн түүх бичлэгийн талаар нэг сэдэвт зохиол (монографи) бичиж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч оны аравдугаар сарын 15-нд Монголын анхны тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэх тухай зарлиг гаргасан. Зарлигийн хүрээнд БСШУ-ы сайдаар ахлуулсан Үндэсний хорооноос олон ажил зохион байгуулж байна.
Өнөөдөр бид хүннүчүүдийн гал голомтыг манаж байгаа гэж хэлэх бүрэн боломжтой. Монголын Хүннү судлаачид болон олон улсын эрдэмтэд Монголчуудын эртний өвөг бол хүннүчүүд гэдэгтэй санал нэгддэг. Тэд Монголчуудыг угсаа гарвал, соёл, улстөрийн болон төр засаглалын хувьд Хүннүтэй салшгүй холбоотой гэж үздэг. Хүннүгийн эзэнт гүрний ойг тэмдэглэх хамгийн чухал ач холбогдол нь Монгол хүн, ялангуяа залуу үедээ эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээрээ бахархах сэтгэлийг төрүүлэхэд оршиж байна. Нөгөөтэйгүүр нүүдэлчдийн анхны эзэнт гүрэн бол Монголчуудынх гэдгийг дэлхий нийтэд сурталчлах зэрэг олон талын ач холбогдолтой.

-Хүннүчүүд худалдааны аж ахуй зонхилон эрхэлдэг байсан гэж ном, зохиолд бичсэн байдаг. Үүнээс өөр ямар үйлдвэрлэл эрхэлж байсан юм бол?
-Хүннүчүүдийн аж ахуй эрхлэлтийн талаар хятад сурвалжид бага сага мэдээ бий. Хятад судлаач, орос эрдэмтдийн бүтээлүүдээс манай судлаачид ихэвчлэн жишээ авсан байдаг. Эдгээрт байгаа мэдээ, археологийн хэрэглэгдэхүүнд үндэслэн манай нэртэй түүхч Г.Сүхбаатар хүннүчүүд нүүдлийн сонгодог мал аж ахуй эрхэлдэг байжээ гэсэн дүгнэлт хийсэн. Харин нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид хэзээ нүүдлийн сонгодог мал аж ахуйтан болсон тухай түүний саналыг мөхөс миний бие дэмжиж хэдэн өгүүлэл хэвлэлд нийтлүүлсэн юм. Миний бодлоор нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийг төр улсын захиргаанд орсонтой нь илүү холбож тайлбарлах нь зөв болов уу.
Хүннүчүүдийн эрхэлдэг сонгодог хэлбэрийн мал аж ахуй нь дан ганц мал маллаж, ан гөрөө хийх нэр төдий бус. Уран дархчууд, газар тариалан эрхлэгчид, худалдаачдаас бүрдсэн хот сууринд амьдрагчдыг хамтад нь хамруулах нь чухал. Энэ бүхнийг археологийн дурсгалууд бас гэрчилдэг.

-Хүннү гүрний тухай ярихаар эрдэмтэд цаашлаад зохиолчид хамгийн түрүүнд Модун Шаньюй хааныг онцолдог. Нэгдмэл төрт улс байгуулсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн энэ хүний гавъяа үйлсийн талаар товчхон ярихгүй юу?
-Модун Шаньюй хааны гол гавъяа бол Ази-Европын нүүдэлчдийн ертөнцөд анхны эзэнт гүрнийг байгуулсан явдал. Түүний “Газар бол улсын үндэс мөн” хэмээх үг Монголын үе үеийн төрийн гол номлол болон төлөвшсөн. Улсаа захирах бодлого нь түүнийг нүүдэлчдийн төрийн гол баганыг босгосон хүн гэж хэлэхэд хүргэсэн юм.

-Хүннүчүүдээс үлдсэн олдвор анх хэдий үед, хаанаас олдсон бэ. Хамгийн сүүлийн үеийн олдворын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол нутаг Хүннүгийн түүх соёлын дурсгалт зүйлсээр баян. Хүннүгийн дурсгалт зүйлс өнөөгийн Монгол, хойшоо Өвөрбайгаль, Тува, урагш Шинжааны нутагт бий. Анх Монгол нутгаас 1924 онд Оросын эрдэмтэн П.К.Козлов Хараагийн ноён ууланд хүннүчүүдийн язгууртны булшийг малтаж, олон тооны үнэт хэрэглэгдэхүүн илрүүлсэн. Ялангуяа зургадугаар булшнаас бугын дүрст зээгт наамал бүхий ширмэл ширдэг, алтан чимэглэлүүд олсон нь эдүгээ Санкт Петербургийн Эрмитажид хадгалагдаж байна. Энэ нь хүн төрөлхтний хосгүй дурсгалт зүйл.
Түүнээс хойш хүннүчүүдтэй холбоотой археологийн олон олдвор олдсон. Ялангуяа язгууртны булшнаас олон сонирхолтой эд өлгийн зүйл олдсоор байна. Гэхдээ ихээр тоногдсон байдаг учир бүтэн зүйл олдох нь ховордсоор байгаа. Тухайлбал, ухань хүмүүс тэдний дээдсийн булшийг ухаж сүйтгэж байсан талаар сурвалжийн мэдээ бий. 2009 онд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг нарсны язгууртны булшнаас хятад маягийн тэрэг бараг бүтнээрээ олдсон. 1957, 1958 онд археологич Ц.Доржсүрэн Архангай аймгийн Хайрхан сумын Хануй голын хөндийн Гол мод гэдэг газраас язгууртны булш илрүүлэн түүнийг 2002 онд Монгол-Францын экспедиц үргэлжл үүлэн малтаж, алтан чимэглэл илрүүлсэн.
Эдгээрээс хамгийн сонирхолтой нь нэг эвэртэй билэгт гөрөөсний алтан хөөмөл юм. Энэ нь Европын эртний Грек, Ромын урлагийн дурсгалд элбэг байдаг үзэгдэл. Хүннүчүүд зөвхөн хан үндэстэнтэй харилцдаг биш өрнө дахинтай соёлын өргөн харилцаатай байсныг харуулж байгаа юм.

-Өдгөө Монголын нутагт хадгалагдаж байгаа Хүннүгийн дурсгалт зүйлсээс сонирхолтой, нандин ямар дурсгал байна вэ?
-Ховд аймгийн Үенч сумын нутаг Ямаан уулс гэдэг газар сүйх тэрэгтэй хадны зураг бий. Энэ нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн ховор нандин олдвор юм. Түүнчлэн Дуурлиг нарс, Гол модны язгууртны булшны хэрэглэгдэхүүн болон Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Бурхан толгойн оршуулгын газрын судалгаа сонирхолтой. Бурхан толгойн популяцийн ген нь орчин үеийн Монголчуудынхтай олон талаар төстэй байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр байгалийн шинжлэх ухааны аргаар хүннүчүүдийг Монголчуудын өвөг дээдэс мөн гэдгийг нотлох маш үнэтэй судалгаа болсон юм. Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын Морин толгой гэдэг газраас илрүүлсэн хүннүчүүдийн богийн далны ясыг цуулж хийсэн хэл хуур олдсон. Энэ нь соёл урлагийн хосгүй дурсгал.

-Хүннүчүүдийн гоо зүйн мэдрэмж дээд зэргээр хөгжсөн байсныг судлаачид бас онцолдог. Энэ талаар санал бодлоо хуваалцахгүй юу?
-Тансаглал гэдэг үе үеийн язгууртнуудын дунд байсан. Ялангуяа Хүннүгийн язгууртны булшны зохион байгуулалтаас харахад их тансаг байсан нь харагддаг. Тухайлбал, тэднийг 10 гаруй метр гүнд нүх шаталж ухан, бунхны хананд элдэв хээ, зураг чимэглэл зурж, түүний доторхи авс, бунхны ханын хооронд амьд ахуй үедээ хэрэглэж байсан хоол ундны зүйлс, эдлэл хэрэглэлийг дагуулсан байдаг. Эдэлж хэрэглэж байсан зүйлсээ хойд насандаа хэрэглэнэ гэж бэлгэддэг байж. Хүннүчүүд мөн өнгө оршихуйн урлагийг их эрхэмлэдэг байсан нь харагддаг. Энэ бүхнээс хүннүчүүдийн гоо сайхны мэдрэмж, хэрэглээ өндөр байсныг харж болно. Ер нь тэр үеийн хүннүчүүд өнгөний зохицлыг сайн гаргадаг байсан нь ертөнцийг үзэх үзэлтэй нь холбоотой гэж хэлж болно.

-Хүннү судлалын анхны эрдэмтэн хэн бэ. Энэ чиглэлийн судлал ер нь ямар хэмжээнд явна вэ. Гарал үүслийн асуудал лав маргаан дагуулсаар байдаг юм билээ?
-Хүннү судлал хятад эх сурвалжийн болон археологийн судалгаа гэсэн хоёр чиглэлээр явагдсан. Рашпунцаг 1775 оны үед дуусгасан “Болор эрхи” бүтээлдээ хүннүчүүд Монголчуудын өвөг дээдэс юм гэж тэмдэглэсэн нь тэднийг Монголчуудын өвөг дээдэс хэмээн үзсэн анхны дүгнэлт юм.
1934 онд түүхч А.Амар “Монголчуудын түүх” номондоо хүннүчүүдийн өвөг дээдсийн талаар “Монгол, түрэг гаралтай гэж маргах нь утгагүй. Учир нь Хүннүгийн бүрэлдэхүүнд Монгол ч байсан, түрэг нь ч байсан. Тиймээс ерөнхий өвөг дээдэс гэж авч үзэхээс биш аль нэгнийх нь өвөг дээдэст хамруулах нь утгагүй” гэсэн санал дэвшүүлсэн. Энэ их сонирхолтой санаа.
1950-иад оны үеэс археологич Ц.Доржсүрэн Хүннүгийн археологийн судалгааг дагнан хийсэн. Судалгааны үр дүнд “Умард Хүннү” хэмээх нэг сэдэвт зохиол хэвлүүлсэн. Энэ нь Монголчууд Хүннү судлалаар анх удаа хэвлүүлсэн ном юм. Монгол нутагт байгаа археологийн хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан чухал ач холбогдолтой судалгаа болсон гэж судлаачид дүгнэдэг.
Х.Пэрлээ 1950- иад оны сүүлчээр хүннүчүүдийн хот суурингийн талаар судалсан. 1970 оноос Д.Наваан Орос, Унгарын судлаачидтай хамтарч Хүннүгийн археологийн дурсгалыг нэлээд эрчимтэй судалсан юм.
Монгол болон Өвөр Байгалийн нутгаар төвлөрсөн хүннүчүүдийн түүх, соёлын дурсгалын судалгаа, хятад сурвалжийн мэдээ, түүнийг судалсан эрдэмтдийн тайлбар сэлт хүннүчүүдийн нийгмийн бүтцийг бүхэлд нь сэргээх хэмжээний хэрэглэгдэхүүн болж хуримтлагдаад байсныг манай нэрт судлаач Г.Сүхбаатар 1980 онд нийтлүүлсэн “Монголчуудын эртний өвөг (Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал, соёл, угсаа гарвал)” зохиолоороо хангалттай харуулж чадсан.
Хүннүчүүдийн нийгмийн асуудлыг олон эд эсээс бүрдсэн бүхэл систем гэж үзэж, түүний бүрдэл бүрийг нягтлах замаар тэдгээрийн хоорондын дотоод холбоог илрүүлэх аргыг хэрэглэсэнд тус зохиолын шинэлэг тал оршиж байна. Тэрбээр Хятадын гурван төрийн түүх болон бусад голлох сурвалжийн Хүннүгийн тухай тэмдэглэл, тэдгээрийг сэргээж уншсан хятад тайлбарлагчдын бүтээлүүд, өрнө, дорнын Хүннү судлаачдын үзэл баримтлал, археологийн хэрэглэгдэхүүнд дүн шинжилгээ хийж, өмнөх хүрэл, төмрийн түрүү үеийн оршин суугчид болон хожмын түрэг, Монголчуудтай нягт харьцуулан хүннүчүүдийг Монголчуудын өвөг дээдэс болохыг олон талаар үнэмшилтэйгээр нотлон харуулжээ. Түүнийг энэ зохиолоороо хүннү нар Монгол хэлтэн угсаатан болохыг баталсан гэж Түүхийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хуралдаанаар дүгнэсэн юм.

-Хүннүчүүдийн хэл соёлын талаар хийсэн судалгаа байдаг уу?
-Монгол Улсын түүхийн таван ботид Б.Сүхбаатарын зохиолын шинжлэх ухааны ач холбогдлыг “Хүннү нар өвөг Монгол хэлтэй, Монгол угсааны аймгууд байсныг үндсэндээ бүрэн нотолж өгсөн” хэмээн үнэлсэн нь хожмын судалгаагаар улам тодорсоор байна. Түүний туршсан судалгааны аргыг Ц.Төрбат, З.Батсайхан зэрэг судлаачид давтаж Хүннүгийн түүх, угсаа-соёлын асуудлыг цогцоор нь хөндсөн юм. Г.Сүхбаатарын зохиол түүх бичлэгийн хувьд төдийгүй асуудлыг дэвшүүлэх арга зүйн талаар ч дараагийн судлаачдад шууд нөлөөлсөн. Түүх, археологи төдийгүй хүн судлалын салбар судалгааны хүрээнд ч хүннүчүүд Монголчуудын өвөг болох талаар түүний үзэл баримтлал улам бүр гүнзгийрсээр байна.
Ингэж манай Хүннүгийн судалгаанд түүний зохиол онол, арга зүйн үндэс болсоор байгаа нь үндэсний түүх бичлэгийн дэг сургууль буюу “Монголын Хүннү судлал” хэмээх энэ зохиолд суурилан төлөвших болжээ гэж үзэхэд хүргэж байна. З.Батсайхан, Ц.Төрбат, Ч.ЕрөөлЭрдэнэ, Г.Эрэгзэн зэрэг олон судлаач Хүннүгийн археологийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. Хятад судлаач Я.Ганбаатар “Хүннү түүх, соёл” нэг сэдэвт зохиол 2008 онд хэвлүүлсэн нь манай Хүннү судлалыг урагш ахиулсан чухал судалгаа болсон юм. Ер нь Хүннү судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн олон байгаа. Би гол хүмүүсийг л дурдлаа.

-Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэж байгаа өөр улс бий юу. Хүннү гүрний ойг тэмдэглэхдээ “Хүннү нь олон үндэстний холбоо байсан” гэдгийг нотлох уу?
-Казахстан, Киргистан Улсад Хүннүгийн ойг аль хэдийнээс өргөн тэмдэглэж эхэлсэн гэж манай зарим судлаач тэнд очоод ирэхдээ ярьж байсан. Эдгээр оронд манай Монгол Улс шиг төрийн хэмжээнд тэмдэглэж байна уу, олон нийтийн хүрээнд тэмдэглэж байна уу гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ түрэг гаралтай бусад орны хүмүүс тэмдэглэж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй юм.

-Ойн хүрээнд ямар ажил зохион байгуулж эхлээд байна. Гол ажлуудыг ямар байгууллага хийж байгаа вэ?
-ШУА-ийн Түүхийн хүрээлэн ойн хүрээнд төлөвлөсөн олон ажил бий. Манай хүрээлэн БСШУ-ы сайдаар ахлуулсан ойг тэмдэглэх Үндэсний хороотой хамтран ажиллаж байгаа. ШУА-ийн Археологийн хүрээлэн, БХИС-ийн Цэргийн түүх судлалын төв, МУИС-ийн Түүхийн тэнхим, Үндэсний түүхийн музей зэрэг байгууллагатай бид хамтарч ажиллаж байна. Бидний төлөвлөсөн ажил эхнээсээ хэрэгжиж байна.
Хүннү судлаачдыг хүмүүстэй уулзуулж, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийг ойг тэмдэглэх нь ямар ач холбогдолтой талаар телевизийн ярилцлага өгч, нээлтийн арга хэмжээ, хэвлэлийн бага хурал хийлээ. Гол ажлууд ирэх наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр өрнөнө. Энэ үеэр дэлхийн Хүннү судлалын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Манай хүрээлэн хариуцаж байгаа.
Мөн хээрийн шинжилгээний ангийн Хүннүгийн том экспедиц зохион байгуулна. Энэ хээрийн шинжилгээ, судалгааны үр дүнд илрүүлсэн олдворуудаар Үндэсний түүхийн музейд үзэсгэлэн гаргана.
Эх сурвалж gogo.mn

ДОКТОР Ж.БОЛДБААТАР: 13-Р ЗУУНЫ ҮЕИЙН МОНГОЛЧУУДЫН ИНТЕРНЭТЭЭС ДУТАХААРГҮЙ ХУРДЫГ ДЭЛХИЙ ДАХИН ГҮЙЦЭЖ ЧАДААГҮЙ ЮМ

МУИС-ийн Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, академич Ж.Болдбаатартай уулзаж ярилцлаа. Түүний сонирхолтой ярианд анхаарлаа хандуулна уу.
-Сүүлийн үед гадаад дотоодын маш олон хүн Чингис хааныг судалж янз янзаар ярьж тайлбарладаг болжээ. Та ч бас Чингисийг багагүй судалсан хүний нэг. Та судалгааныхаа талаар яриагаа эхлэх үү?
-Ганцхан Чингис хаан гэлтгүй Монголчуудын хувьд дундад зуун бол 700 орчим жилийг хамарсан бөгөөд төр ёсны хувьд мандаж, буурч явсан мандал бадрал, бууралт, дахин сэргэлтийг тээсэн буурал түүхийн он жилүүд байсан юм.Тэр үеийн Монголчууд гол төлөв евроцентристүүд юм уу, марксист түүх бичлэгт дүрсэлдэг шиг аллага хядлага, адал балмад явдлын дон шүгэлсэн устган сүйтгэгч, зэрлэг бүдүүлгүүд байгаагүй.
-Дээхнэ үед Чингисийн үеийн Монголчуудыг таны ярьсан шиг л аймшигт аллага таллага хийдэг байсан гэж ярьдаг бичдэг байсан л даа?
-Түүхийг судлаад үзэхэд Монголчууд дэлхийн дундад зууны үеийн улс төрийн амьдралд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг юм. 1189 онд Есүхэй баатарын хөвгүүн Тэмүжин Хамаг Монголын нэгдлийг дахин сэргээж, хан сэнтийд сууснаар Чингис хэмээх алдрыг олсон байна. Хамаг Монголын нэгдлийг сэргээснээр эл ханлиг “Толгойлогчийн эзэмшил”-ын төлөв байдлаас гарч, төр ёсны чамбай бүрдлийг олж чадсан юм. Чингэснээр Тэмүжин хагацсан улсаа хамтатгах, бутарсан улсаа бүртгэх тэмцэлд эрслэн босчээ. Тэрбээр язгуурын монголчуудыг нэгтгэхдээ цэцтэй үг, ончтой санаа, төрийн мяндсан ухаан, ухаалаг менежментээрээ бусдаас гойд ялгарч байлаа. Тэмүжин 1185-1206 оны хооронд их, бага гучин хоёр удаагийн тулалдаан хийж байж, монгол угсааны нийт 81 ханлиг, аймгийг араасаа дагуулж, Их Монгол улс байгуулах их үйл хэргийг бүтээсэн.
-Түүний энэ тулааныг л зарим судлаачид Чингис хайр найргүй дайн хийж аллага үйлддэг гэж өнгөц тайлбарладаг байсан гэж ойлгож болох уу?
-Улаан барс жил буюу 1206 оны намар цагт Онон мөрний эхнээ Чингисийн орд өргөөнд монгол язгууртан дээдсийн их чуулган-Их Хуралдай хуралдсан. Эл хуралдай язгуурын монголчуудыг нэгтгэх үлэмж их үйл хэргийг орь залуугаасаа 20 гаруй жил оройлон манлайлж, эр тавирсан 45 насандаа бодит биелэл болгосон Тэмүжинг шинэ тулгар нэгдсэн Монгол улсын хаан ширээнд нэгэн дуугаар өргөмжилсөн байна. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд “…эсгий туургатан улс энх шударга болж, Барс жил Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад, Тэмүжинд Чингис хаан (Далай хаан) цолыг өргөв” хэмээжээ. Ийнхүү монгол угсааны олон ханлиг, аймгуудыг нэгтгэн захирсан Их Монгол улс Өвөр Азид гал голомтоо бадраасан юм.
-Тухайн үед Тэмүжин Чингис хаанаар өргөмжлөгдөөд яагаад бусад улс орнууд руу дайтаж эзлэн авах болсон юм бэ?
-Төв Азийн цээжнээ 1206 онд үүсэн байгуулагдсан шинэ тулгар Монгол улс цаашид улам улам дэвшин дээшлэх үү, эсвэл тэгсхийгээд бууран доройтох уу гэдэг нь улс орныхоо хил хязгаарыг тэлж, өрсөн ирэх аюулаас хэрхэн хамгаалахаас шууд шалтгаалаж байсан. Учир нь шинэ тулгар Монгол улсыг орчин тойрны нь улсууд ямагт өдөн хатгаж, заналхийлж байлаа. Чингис хаан, түүнийг залгамжлагчид өрсөн ирэх аюулаас урьтан, дорно, өрнө зүгт дайн хийж, Наполеон, Гитлер, Александр Македоныхныг бүгдийг нийлүүлснээс илүү 7 сая 770 мянган ам дөрвөлжин нутгаар хаяа тэлж, хүн амын их зонхи төвлөрсөн Хятад, Араб, Европын соёл иргэншилт орнуудыг Монголын эзэнт гүрэнд нэгтгэжээ. Ингэснээрээ дэлхий дахины төр ёсны хөгжилд өөрийн гэсэн өнгө аястай нүүдэлчдийн төр улсын хэв маяг, зохион байгуулалтын өвөрмөц бүтэц, хэлбэрийг буй болгож чадсан. Ялангуяа 1206 онд Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол улс, улмаар дэлхийн талыг эзэгнэсэн эзэнт гүрэн болж “төр”, “улс” гэдэг ухагдахууныг жинхэнэ байх ёстой утгаар нь дэлхийн олон үндэстэн угсаатанд, бүр тодруулж хэлбэл өдгөөгийн хоёр их хөршдөө ч ойлгуулж өгсөн. Монголчууд нүүдэлчдийн дунд төр ёс, нүүдэлчдийн ардчиллын зарим бүрдлийг тогтоон, түүнийг суурьшмал, тухайн үедээ төр ёс, баттай хэлбэржсэн гэгдэх орнууд ч хүртэл уламжлан авсан байдаг юм. Хүн төрөлхтөний түүхэнд монголчууд парламентат ёсны өвөг гэж хэлж болохоор Их Хуралдай, Сэцдийн зөвлөл зэрэг нүүдэлчдийн ардчиллын шинжийг өөртөө агуулсан өвөрмөц бүрдлүүдийг анх үүсгэн өвлүүлсэн гэж хэлж болно.
-Сүүлийн үед Монголчууд бид бүх л зүйлсийн анхдагч болоод байгаа нь нууц биш болсон. Таны судалгаа бас яриа ч үүнийг нотолж байна гэж ойлгож болох уу?
-Тэр үеийн монголын нийгэмд “Ёс ёмбогор, төр төмбөгөр” хэмээх үзэл ноёрхож, төр ёсыг дээдлэн, хууль цааз, дэг журам нийгмийн амьдралын эгэл хэм хэмжээ болон тогтсон нь эрх зүйн чанд тогтолцоо бүрэлдүүлж чадсантай холбоотой юм билээ. Энэ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Их засаг” хууль бол замба тивийн соёл иргэншлийн гол төвүүдийг хамран оршсон их гүрнийг нэгтгэн захирах, засан тохинуулах, хэд хэдэн зуун дамнан тогтнож, өрнө, дорныг ойртуулан даяаршуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн онцгой ач холбогдол бүхий цааз эрхэмж байлаа. Товчоор хэлбэл, “Их засаг” хууль ХIII-ХIV зууны дэлхий дахины хууль цаазын үндсэн зарчмыг тодорхойлох чиглэлтэй байсан юм. Чингис хааны байгуулсан төр агуулга, хэлбэрийн хувьд хичнээн гүн бат үндэстэй байсныг өөрийг нь таалал төгссөнөөс хойш эзэнт их гүрний байдлаар 150 жилийн турш үргэлжлэн оршин тогтнож чадсан явдал гэрчилнэ. Монголын эзэнт гүрний төр олон үндэс, язгуур угсааны иргэд харъяатууддаа “Төр бол эрхэмсэг байдаг” хэмээн эгэл үнэнийг ойлгуулж өгсөн нь олон жил хэвийн оршин тогтнох үндэс болж өгчээ. Тодорхой хэлбэл, монголын төр иргэд харъяат нарынхаа эрх ашиг, хүсэл зоригийг зохих түвшинд илэрхийлж, хамгаалж чадаж байсан учраас бүтэн хагас зууныг элээн эзэнт гүрний байдлаар оршин тогтнож чаджээ. Чингис хаан Их Монгол улсыг байгуулах үед “Хэн нь хэнийгээ вэ?”, “Хэн өрсөж, хэн хүчирхэг нь хожно” гэсэн зарчим олон улсын харилцаанд үйлчилж байсан. Их хаан өрнө, дорно руу дайн хийхдээ хэнийг ч эхэлж өдөөгүй, харин найрамдах, чөлөөт худалдаа хийх санал тавьж, найрамдал, энхийг хүсч очсон элчийг нь алж талж, доромжилсны нь төлөө л дайн байлдаан үүсгэж, эрхшээлдээ оруулж байв. Өдвөл сөдөхөөс аргагүй байдлыг тухайн цагийн олон улсын харилцааны нөхцөл байдал шаардаж байлаа.
-Ерөнхийлөгч асан Н.Багабанди Чингисийн үеийн байлдан дагуулалтыг их л оновчтой тайлбарласан байна лээ?
-Аан тийм, Монголын улсын Ерөнхийлөгч асан, доктор Нацагийн Багабанди “Дэвшилд шинэчлэл, уламжлалын холбогдол” хэмээх өгүүлэлдээ: “-Бидний өвөг дээдэс чинагуухаас инагшлуулан бодож чаддаг байсан учраас л өөрийгөө хамгаалж, энэ зорилгоороо тухайн цагийн ойлголтын хэмжээнд дэлхий ертөнцийн ихээхэн газар нутгийг эзлэх хүртэл өөрийн эрхгүй тэмцэж явсан түүхтэй. Тэр үедээ монголчууд бусад орнуудыг учир шалтгаангүйгээр инад талаас нь дайран давшилж, түрэмгийлэн эзлэж байсан гэх үзлийг эдүгээ шударга судлаачид улам бүр няцаасаар байна. Монголчууд, хэрэв зөвхөн цуст түрэмгийлэгчид л байсан бол ийм том ялалтанд хүрэх байсан уу? Чингис хаан улс гүрнээ хамгаалсан тэмцэлдээ ялж байсны дүнд өөрийгөө ертөнцийг эзэгнэгч гэж мэдрэх түвшинд хүрсэн буй заа. Македоны Александр, Наполеон хоёрын хэн нь ч өөрийгөө тэгж мэдэрч чадсан гэх аргагүй юм. Чингисээс хойш амьдарч үлдсэн Наполеон “Би Чингис шиг аз заяатай байж чадаагүй” гэж хэлсэн нь дайнд ялагдсаныгаа бус, дэлхийг эзэлж чадаагүйгээ бус, харин дайтахын учир шалтгаан өөрийнх нь хувьд утгагүй, өөрөөр хэлбэл, чинад талын эзлэн түрэмгийлэх гэсэн аюул занал байгаагүй нөхцөлд түрэмгийлэх дайн хийснээ ухаарснаа илэрхийлсэн үг бизээ. Ийм ухаарал байгаагүй үед л дайнд ялагддаг. Чингис хаан өөрийгөө “Замба тивд оршин амьдарч 720 төрлийн хэлээр ярьдаг, 5 өнгийн улс түмний эзэн” боллоо гэж сэтгэж явсан нь чинад талаас учруулж байсан аюулыг сөрөн давсны үр дүн байв. Чинад талын заналхийллийн улмаас л байлдаж байж, дайн хийхээс аргагүй болж байжээ. “Чинад тал дайсагнаагүй бол Чингис түүний удмын хаадууд тэгж явах ямар ч хэрэггүй гэж хэлбэл түүхийн үнэнд нийцнэ. Чингисийн эзэнт гүрэн дэлхийн тал хагасыг хамарсан хувь заяаны учрал ийм байв” хэмээн Монголын байлдан дагууллын учир шалтгааныг жинтэй дүгнэсэн байна лээ.
-Та тэр үеийн дайныг нэг л өөр өнцөгөөс нь судалжээ. Би таны ярианаас Чингисийн үеийн дайныг эерэг талаас нь гаргаж ирж байна гэж ойлгоод байна?
-Дайн бол дайн. Эрдэнэт хүний амь, хот суурин сүйдэж байсан. Гэхдээ марксист юм уу, эсвэл Дундат Азийн зарим түүхчдийн бичдэг шиг нэг хотоос л сая, саяар нь алж, талж байгаагүй. Тэр үед нэг сая хүнтэй хот бий болоогүй байсан. Сая хүнтэй хот гэдэг ХХ зуунд бий болсон шинэ үзэгдэл ш дээ. Хэрэв тэр цагт монголчууд тэгж яс махан овоо босгож байсан юм бол тэр олон сая хүний яс хохимой хожим Дундат Азийн цөлөрхөг зэлүүд тал нутгаар өдгөө цайран харагдана байх. Тийм ямар ч ул мөр эдүгээ алга байна. Гэтэл тэндээс түүнээс олон мянган жилийн өмнөх археологийн ховор нандин олдвор олдсоор л байгаа. Чингис хаан, түүнийг залгамжлагчид аливаа байлдан дагуулагчийн нэгэн адил сүр хүч үзүүлэхдээ үзүүлж, өршөөх үедээ өршөөж байсан. Харин монголчууд өөрийн шашин суртлыг бусдад тулгаагүй, өөр өөрийн ёс суртал, шашнаа шүтэн амьдрах эрх олгож байсан нь үнэхээр нигүүлсэнгүй, өршөөнгүй сэтгэлээр хандаж байсны илрэл юм. Чингис хаан, түүнийг байлдан дагуулал нь эхэн үедээ “даяарчлах” шинжтэй байснаа сүүлдээ хүн төрөлхтнийг “даяаршуулах” агуулгатай болсон гэж үзэж болохоор байдаг юм. Энэ утгаар нь өрнө, дорнын томоохон түүхчид, тухайлбал, Америкийн эрдэмтэн Жек Ведерфорд Чингис хаан бол өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэж үнэлсэн байна лээ.
-Та үүнийг жаахан дэлгэрүүлж яриач?
-Чингис хаан, түүний залгамжлагчид олон улсын элчин харилцаа, дипломат бодлого, үйл ажиллагаанд найрсаг, шинэ өнгө аяс оруулж өгсөн юм. “Их Засаг” хуульд элчин төлөөлөгч солилцох, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, улс хоорондын худалдааны замыг чөлөөлөх асуудлыг хуульчилсан байдаг юм. Тухайлбал:
-Элч зарлагыг гутаан доромжилж үл болно.
-Хуурамч элчийн амь насыг хөнөөнө
-Элч, албан тушаалтныг унаа, хоол хүнсээр хангана.
-Улс хоорондын арилжаа, худалдааны аюулгүй байдлыг хангана гэх мэтээр заасан байна. Байлдан дагууллын явцад тухайн үед аль ч оронд байгаагүй цэрэг дайны өвөрмөц соёлыг бүрэлдүүлж, дэлхийн цэргийн стратеги, тактикт үнэтэй хувь нэмэр оруулсан. Францын эрдэмтэн Рене Груссет: “... монгол тактик гэдэг нь хүннү ба түрэгүүдийн эртний тактик, соёлт иргэдийн зах хязгаарыг уулгалан дайрдаг дадлага, туршлага, тал хээрийн ав хомрогоор байнга хуримтлагдан төгөлдөрждөг нүүдэлчдийн тактик болой” гэж дүгнэсэн байна лээ. Монгол цэргийн хүчтэй байсны гол нууц бол хүн бүрийг бага балчираас нь цэргийн сургалтад хамруулж, тасралтгүй шинжтэй байсан, улс орон, хот сууринг эзлэх бүр тэндээс олж авсан цэргийн шинэ зэвсэг хэрэгсэл, арга тактикийг тэр дор нь армидаа нэвтрүүлж байсан. Монгол цэрэг, монгол морины хоорондын ээнэгшин дассан байдал, хурдыг ялангуяа суурьшмал орнууд гүйцэхгүй байсан зэрэгт байдаг юм.
-Чингисийн байлдан дагуулалт хоёр хөршөө хүчирхэг гүрэн болгосон гэж зарим түүхчид үздэг. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?
-Чингис хаан, түүнийг залгамжлагчдын байлдан дагуулал нь Орос, Хятад хоёр хөршөө хожмын их гүрэн болон төлөвших үндэс суурийг тавьж өгсөн нь үнэн шүү. Оросын гүн ухаантан Чаадаев, Федотов нар Монголын довтолгооны босгон дээр Орос орон “мянган жил унтаа” байсан юм гэж тэмдэглэсэн байна лээ. Үнэхээр ч Монголын байлдан дагуулалтын өмнө Орос орон шавар, чулуун хэрмэндээ тусгаарлагдсан жижиг ванлигуудаас тогтож байсан. Евроазийн хөдөлгөөнийг оройлон манлайлагч, гол онолч, Оросын Шпенглер хэмээн алдаршсан Николай Трубецкой “Чингис хааны үйл ажиллагаанд нураан эвдэх эрмэлзлэл арай түлхүү байсан хэдий ч түүний бүтээх, зохион байгуулах хүсэл зориг нь үлэмж их, эерэг үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч болж байв. Иймд түүхт Орос бол чухамдаа Чингис хааны улсыг залгамжлагч болохыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм” гэсэн байна лээ. Өнөөгийн Оросын нэрд гарч буй идэр залуу түүхч Р.П.Храпачевский энэ санааг гүнзгийрүүлэн дэмждэг юм. Хятад орон ч саланги тусгаарлагдсан, өөр хоорондоо дайсагналцсан жижиг улсуудаас бүрдэж байсныг түүх гэрчилнэ.
-Чингисийн монголчууд маш олон зүйлсийг дэлхийн хүн төрөлхтөнд нэвтрүүлсэн гэж та ярьж байснаа тодоруулахгүй юу?
-Монголчуудын эдийн засгийн гүн ухаан, менежмент нь дэлхий дахинд “арилжаа наймаа хийвэл эвлэрнэ, татгалзвал дайтна”, “нэгдсэн мөнгөн тэмдэгт болон эдийн засгийн давуу эрх”, “чөлөөт худалдааны бүс”, “өртөө улаа-мэдээлэл”, “цэргийн буухиа зам” хэмээх үнэхээр шинэлэг ойлголтуудыг бий болгож хэрэгжүүлжээ. Чингис хааныг мянган жилийн манлай хүнээр тодруулахдаа “Вашингтон пост” сонин “Үүнийг дундад зууны үеийн GATT-ын тогтолцоо байсан гэж хэлж болно... Тэд Интернет бүтээгдэхээс аль тэртээх 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон байна. Тэрээр хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан ...” хэмээн тодорхойлжээ. Цааш нь бичихдээ: “Монголчууд Европт хар тахал өвчин түгээсэн юм. Хар тахлын нян дорно зүгээс монголчуудаар дамжин Европ руу тархжээ. Энэ өвчнөөр Европын хүн амын гуравны нэг нь устмагц ажиллах хүчний үнэ цэн өсч, энэ нь улмаар феодалын нийгмийн тогтолцооны үндэс суурийг халж, капитализмыг үүсгэн төрүүлэхэд хүргэсэн байна” гэсэн анхаарал татам дүгнэлт хийжээ. Чингэхлээр, монголчууд нэгд, эх дэлхий-бидний нэгэн гэр орон гэсэн өдгөөгийн өөдрөг үзлийн эхийг тавьсан, хоёрт, эхийнхээ умайд бадриун чийрэг хүүхэд хүч аван хөдлөх мэт Европын дундад зуун, хамжлагын харилцааны хэвлийд хүчирхэг лугшилт өгч, үлэмж дэвшлийг тээж ирсэн капиталист харилцаанд шилжих шилжилтийн агшинг мэдрүүлж өгсөн. Солонгосын судлаач, нэрт нийтлэлч Ким Жон Рэ “Мянган жилийн түүхэн хүн” хэмээх номондоо: “Чингис хаанаас авсан европчуудын цочрол түүхийн хүрдийг эргүүлэх хэмжээний цочрол болсон” хэмээн тун онож тэмдэглэгдсэн байна. Энэ судлаач бас Монголын эзэнт гүрний дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавъяа, ололт амжилтын нууцыг орчин үеийн “улс орнуудын чөлөөтэй өрсөлдөх чадвар”-ын ойлголтын үүднээс хөндөн үзэж, энэхүү ололт, дэвшлийн үндэс нь “нарийн мэргэжлийн хамтлаг бүрдүүлж, нээлттэй нийгмийн цэргийн олон талт стратегийн бодлого явуулж, технологи, мэдээллийн сүлжээгээр ноёлж, улс орноо инженерчилсэн зохион байгуулалтад оруулж чадсан явдал” хэмээн үзэж, энэ нь өдгөөгийн АНУ-ын дэлхийн эдийн засгийг залан чиглүүлж байгаатай агуулгаараа адил төстэй юм гэж тэмдэглэжээ. Монголчууд Өрнөдөд хэвлэх машин, луужин, сампин, дарь зэргийг, мөн эргээд Дорно дахинд ган төмөр, шил, паалан, цайран шил зэргийг анх таниулжээ. Өрнө, дорнын улс түмнүүд улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын өдий төдий мэдлэг, туршлагыг бие биендээ хүртээх боломжийг нээсэн байна. Монголчууд XIII зууны үед дорно дахинд хамгийн том сургуулийг үүсгэн байгуулж байв. Хубилай хааны зарлигаар 1287 онд байгуулсан “Улсын хөвгүүдийн сургууль” нэртэй анхны их сургуулийг Германы нэрт монголч эрдэмтэн Хайсиг абугай “Билгийн далай” хэмээх “Эзэн хааны академи” гэж нэрлэсэн байна. Хубилай хаан түүнийг залгамжлагчдын удирдлагын ивээл дор Монголын од зүйн мэдлэгээс улбаалж, Араб, Хятад, Энэтхэгийн дэвшилтэт аргыг хэрэглэн одон орны судлал, тухайн үеийн дэлхий дахины одон орон судлалаас илүү өндөр түвшинд хүрч, гайхам том амжилтанд хүрч байлаа. Дундад зууны үеийн монгол эрдэмтэн Тогтох Ляо /Кидан гүрэн/, Цзин улс /Зүрчидийн алтан улс/, Сүн улс /Хятадын/ зэрэг гурван улсын түүхийг найруулан зохиосон нь дэлхийн түүх судлалын эрдэнэсийн санд зүй ёсоор орж, олон үндэстний хэлээр орчуулагджээ. Энэ бүхэн нь дэлхий дахины шинжлэх ухаанд монгол хүний оруулсан үнэт хувь нэмэр билээ. Монголчууд дундат зууны үед худам, дөрвөлжин, тод, соёмбо, али гали, вагиндра зэрэг зургаан тооны үсэг бичгийг зохион хэрэглэж, бас хожим кирилл, латин үсгийг бусдаас дам авч, өдгөө худам монгол, кирилл үсэг соёлтой үндэстэн дэлхий дахинд хуруу дарам цөөн. Бидний худам монгол бичиг буюу хүмүүн бичгийг гаргууд эзэмшсэн хүн өдгөөгийн таталган бичээчтэй /стенографист/ дүйнэ. Нэгэн жишээ дурдвал, Монголын бичгийн хүн Дашням гүн Засаг ноёныхоо хэлсэн ярьсныг морины давхиан дунд тэмдэглэж чаддаг гаргуун бичээч байжээ. Түүнээс хэн нэг нь та юу чаддаггүй вэ? хэмээн асуухад: “-Би муухай бичиж чадахгүй, алдаатай бичиж чадахгүй, удаан бичиж чадахгүй” гэж хэлсэн гэдэг.
-Бидний өвөг дээдэс үнэхээр гайхалтай ард түмэн байжээ. Таны судалгаа ч үүнийг нотолж байна?
-Монголчууд дундат зууны үеэс Леонардо да Винчи, Х.Рембрантын зургаас үл дутах гайхамшгийг бүтээсэн уран нүд, билгийн мэлмийтэй ард түмэн.Монголын дүрслэх урлаг Их Монгол улс, Эзэнт гүрний үед Ази, Европын орнуудын урчуудын арга барил, бүтээл туурвилаар баяжин хөгжиж, хожим түүнээс улбаалан даяар дуурсагдах алдрыг олсон байна. Тухайлбал, XVII зууны үед Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Очирдарь бурхан, язгуурын таван бурхан, найман мөнгөн суваргыг өрнө, дорнын соёлт орнууд өндрөөр үнэлэн, дэлхий дахины хэмжээний соёл урлагийн ховор нандин дурсгалд оруулж, бүртгэн хамгаалж байгаа нь монгол хүний дэлхийн урлагийн эрдэнэсийн санд оруулсан бодит хувь нэмэр юм. Францын нэрт урлаг судлаач Нийл Бегин: “Занабазар бол Дорно дахины дүрслэх урлагийн аугаа их мастер” хэмээн үнэлжээ. Өндөр гэгээн эрхий хурууны өндөгний хэртэй эрдэнийн чулуун дээр 16 Найдан бурхан сийлж, “Монголын нэг өдөр” зургийг бүтээсэн марзан хэмээх Шарав ерийн чихрийн цаасны хэмжээний цаасан дээр 800 зааныг нүд, хумс, тавхайтай нь амьд мэт дүрслэн зурж, монгол хэл бичгийн сартваахи хэмээх Шагж багш 12 хуудастай “Ногоон дахь эхийн тууж”-ийг мухар сөөм орчим хэмжээний 5-6 см хуудсан дээр багтаан хялгасаар бичсэнийг түүх үеийн үед дамжин өгүүлж, тэдний ур дүй, ухаан чадлыг биширнэм.
-Та түрүүнд Монгол хүн, монгол морь хоёрын хурдыг дэлхий гүйцээгүй гэж хэлж байсан. Үнэхээр тийм хурдтай байсан гэжүү?
-Чингис хааны үеийн монголчуудын хурд дэлхийн хөгжилд хүчирхэг түлхэц үзүүлснийг зүй ёсоор тэмдэглэх ёстой. Тэр үеийн монголчуудын хурд эдүгээгийн интернетийн хурдтай зүйрлэхүйц байсан. Их Монгол улс, Эзэнт гүрний үеийн монголчуудын сэтгэлгээний хурд, далайц, монгол хүн, монгол морины хурдыг тухайн үеийн дэлхий дахин гүйцэж чадаагүй юм. Өдгөө ч зарим судлаачид хөгжлийн сурвалжийг XIII-XIV зууны монголын хурдаас хайх хэрэгтэй гэж бичиж байна. Эдүгээ бидний монголчууд хөгжихийн тулд тэрхүү хурдыг шинэ нөхцөлд, шинэ агуулгаар сэргээх нь чухал байна.
Ийнхүү монголчууд дундат зууны үед дэлхийн талыг эзэгнэсэн их гүрнийг үүсгэн байгуулснаараа төдийгүй, хүн төрөлхтний төр ёс, эдийн засаг, соёлын хөгжилд баларшгүй ул мөрөө үлдээж, бахархан дурсах бичгийн болон эд өлгийн соёлыг үлдээснийг дээр дурьдсан баримт сэлт нотолж байна. Эцэст нь эрхэм уншигч монгол хүн бид дэлхийн цараар сэтгэж, нутгийн хэмжээнд бүтээж байж сая Чингисээр овоглосон Монголоо авч үлдэнэ. Хийхтүн, Бүтээхтүн! Гэж хэлмээр байна даа.
-Цаг зав гаргаж сонирхолтой яриа өгсөн танд баярлалаа
 эх сурвалж: http://narantsogt.blogspot.com/

Thursday, 7 June 2012

Ж. АЛТАНЦЭЦЭГ: ЭМЭГТЭЙ ХҮНД ИРЖ БОЛОХ БҮХ АЗ ЖАРГАЛЫГ ОДОО МЭДЭРЧ БАЙНА

“Аливаа зүйл хоёр талтай ч сайн нь, жаргал нь давамгайлж байгаасай гэж хүсдэг. Тэгж байж л хүний амьдрал илүү сайхан, залуусын харц гэрэл гэгээтэй байна шүү дээ” хэмээн дуучин Ж.Алтанцэцэг ярилаа. Түүнтэй урлагийн хүний жаргал, зовлон болоод продюссороор нь ажиллаж байгаа “Extacy” хамтлагийн охидынх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Танаар ойрд сонин хачин ихтэй байгаа болов уу. “Making the Band-2” шоуны гала тоглолт маргааш болох гэж байгаа шүү дээ.
-Сүүлийн хоёр сард миний амьдрал бараг тэр чигтээ “Making the Band -2” шоутай холбогдчихоод байна. Гэртээ харихаар гурван настай миний охин хүртэл хамтлагийн маань охидын дууг дуулаад, бүжиглээд угтах жишээтэй. Хэдийд нь тэгж айхтар сур чихсан юм бүү мэд. “Миний аниа нар” гээд бүгдийг нь нэрлэнэ. Орой бүр нэвтрүүлгийг нь үздэг. Юм бүхэн эхлэл, төгсгөлтэй учраас шоугаа одоо төгсгөх гэж байна. Үнэнийг хэлэхэд анх энэ төслийг удирдаад явах саналыг аваад битүүхэн эмээж байсан. Гэхдээ халширсандаа бус.“Би жирийн л нэг дуучин учраас энэ охидыг толгой дааж хариуцаад, амжилтад хүргэж чадах болов уу” гэсэн эргэлзээ байсан. Олон хүн надаас “Та багшлахгүй юм уу” гэж асууж байсан. Тэр болгонд “Би хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, цаг хугацааг дэмий үрэхийг хүсэхгүй байна. Багш гэдэг олон талаар боловсорсон, төгс хүн байх ёстой” гэж хариулдаг байлаа. Гэхдээ Б.Ангирмаагийнхаа зөвлөснөөр энэ төс лийнх өнтэй хамтран ажилласандаа одоо баяртай байгаа.
-Огт өөр мэргэжлээр сурдаг охидыг урлагийн ертөнцөд нэгэн гар шиг зангидах амаргүй байсан биз?
-Анх долдугаар сарын 3-нд шоу эхлэхэд 500 гаруй охин хүсэл мөрөө- дөл, зүрх сэтгэлээ даган авьяасаа сорьсноос ес нь шалгарсан. Шоуны явцад нэг нь өөрийнхөө саналаар гараад, найман охин үлдсэн. Бусад шоу шиг тунасан хүүхдүүдээсээ дахиж хасаад, уйлуулаад байлгүй “Making the Band” нулимсгүй шоу байх нь зүйтэй гэж “25 дугаар суваг” телевиз болон төслийн багийнхан ярилцаад шийдсэн. Тэгээд наймууланг нь үл дээж, урлагийн хүнд тохиолддог саад бэрхшээл, жаргал, зовлонг бие сэтгэл, оюун бодолд нь мэдрүүлэхийг зорьсон минь эхнээсээ биеллээ оллоо. Анх шоунд орж ирж байсан жаахан охид өнөөдөр огт өөр болсон. Нэгдүгээрт, жин их хассан. Тэгэхдээ усан бассейн, фитнест явж, хамгийн зөв аргаар турсан. Ингэснээрээ залуу сайхан насаа илүү тодотгож, тайзны дүр төрх, бэлтгэгдсэн хүмүүс ямар хэмжээнд байх ёстой тэр шалгуурт хүрэхээр хичээллэж байгаа. Шоуны туршид дөрвөн дуу, гурван клип хийлгэх гэрээтэй. Гурав дахь дууныхаа бичлэгт саяхан орсон. Шоуны төгсгөл ойртох тусам юуны тулд энэ охидыг шалгаруулж авсан гэдэг мөн чанар нь илүү харагдана. Уран бүтээлч тал руугаа хандана гэсэн үг. Энэ хоёр сарын хугацаанд охид маань олон зүйлийг давж гарлаа.
-Хүмүүс “Extaсy”-гийнхныг “Any mone” хамтлагийн охидтой харьцуулаад, олонд хүрсэн дуу хийхгүй байна гээд байх шиг санагдсан.
-Рагу энэ тал дээр эрс өөр бодолтой байгаа. “Алтаа эгч ээ, тэртээ тэргүй Монголд нийтэд зориулсан дуу өчнөөн байдаг юм чинь яг өнөөгийн залуусын сонсох бүтээлийг бид хийнэ” гэдэг юм. Охидын маань хоёр дахь клип болох “You me” дуу дэлхийн сая сая хэрэглэгчтэй YouTube сайтад нэг хоногт 15000 хүн үзсэн гэдэг хандалтаар гуравт орсон байна. Бүр Сингапураас Рагу руу хэд хэдэн хүн залгаад “Монголд ийм хамтлаг байдаг юм уу” гэж асуусан байгаа юм.
-О.Дашбалбар агсан нэгэнтээ “Амжиж чи өөрөө алдрын ор гилд хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг...” гэж шүлэглэсэн. Та бүхэн ч тийм үйл хэрэг бүтээж байгаа юм шиг санагддаг.
-Би охиддоо “Та нар их азтай шүү. Өөрсдөө л хичээх хэрэгтэй” гэж хэлдэг. Төслийн багийнхан тал талаас нь зөвлөөд, бүх зүйл нь бэлэн. Бидний үед тийм зүйл байгаагүй шүү дээ. Гэхдээ сайны хажуугаар саар гэдэг үнэн юм байна. Саяхан манай хамтлагийн охиныг МУИС-ийн нэг багш “25 дугаар суваг телевиз Алтанцэцэгтэй нийлж, эмсийн хүрээлэн байгуулж байгаа гэсэн. Түүний нэг нь одоо хичээлдээ орж ирлээ” гэсэн байгаа юм. Багш гэдэг эрхэм нандин мэргэжилтэй хүн байж олон оюутны өмнө шавиа тэгж бүдүүлгээр доромжлоход тэр хүүхдэд ямар хүнд тусах вэ. Ийм ухамсар дорой багш бас байдаг юм байна. Багшийн ёс зүй гэж байдаг баймаар. Тэр багштай бид тусдаа уулзаж, арга хэмжээ авахуулна. Манай хамтлагийн хамгийн сайн дуулдаг, хөөрхөн охиныг минь тийм муухайгаар хэл сэнд гомдолтой байна. Ээжийнх нь бие тааруу, сэтгэл санааны хувьд сайнгүй байгаа. Ийм үед багшдаа тэгж хэлүүлэхээр ямар байх нь ойлгомжтой. “Extaсy” хамтлагийн охи доо би эхийн сэтгэлээр хайрладаг.
-Ямар нэгэн зүйл хийхээр араас нь заавал тиймэрхүү зүйл дагадаг...
-Гэхдээ тэр бүхний цаана хүний хөдөлмөр байгаа шүү дээ. Жижигхэн мухлаг ажиллуулдаг, эсвэл сонин зараад суудаг хүн ч байсан тэр бүхэнд хөдөлмөр шингэсэн гэж би боддог. Ма най монголчууд юмыг заавал шүүмж лэхээсээ илүү эерэг талаас нь хар даг байгаасай. “Энэ надаас илүү гар чихлаа” гэсэн атаархлын сүүдэрт нүд, сэтгэл хоёр нь сохорчихдог учраас хүний амжилт, хөдөлмөрийг олж хардаггүй юм шиг санагддаг. Охидыг маань шүүмжилж байгаа хүмүүс ямар ихийг хүсэж тэмүүлж, нүднийх нь гал яаж асаж байгааг хардаг болоосой гэж өөрийн эрхгүй бодогдсон. Ямар ч хүн аливаа зүйлийг эхлэхдээ алдаж, онож болно шүү дээ. Хэн нэг нь тайзан дээр халтирч унаа л биз дээ, яасан ч их сүр дуулиан болгодог юм. Би бол харин ч эсрэг байр суурьтай байгаа. Яагаад манайхан урлагийнхнаа муу хэлж, адалж байх ёстой юм.
-Шоу дуусахад жинхэнэ урлаг тал руугаа охидоо дайчилна гэсэн. “Найман хүнтэй хамтлаг нэгдэж дуулахад хэцүү дээ” гэх хүмүүс байсан?
-Энд нэг зүйлийг хэлэхэд, шоу дуус саны дараа би энэ хамт лагаасаа дөрвөн охиныг авч үлдэхээр төлөвл өсөн. Урлагийн төлөө авьяас, зүрх сэтгэл, хөдөлмөрөө харамгүй зориулах охидтой гэрээ хийгээд цаашид хамтарч ажиллана. Ирээдүйд биднийг олон зүйл хүлээж байгаа. Энэ бүхний ард гарч чадах тэнхээтэй нь үлдэнэ. Тэглээ гээд охид маань гомдохгүй болов уу. Магадгүй тэд хой шид урлагийн хүн болохгүй ч байсан залуу насандаа ийм сайхан дурсамжтай үлдэнэ гэдэг том зүйл.
-Одоо та өөрийнхөө уран бүтээлийн талаар сонирхуулахгүй юу?
-Дуучин Наран бид хоёр хамтарч, “Найзууд” гэдэг шинэ дуу хийсэн. “25 дугаар суваг” телевизийн 15 жилийн ойн концертод энэ дуугаа анх дууллаа. Хэдхэн хоногийн өмнө дүрс жүүллээ. Ирэх долоо хоногоос үзэгчдэд хүргэнэ. Бас “Зөвхөн зөөлөн үнс” гэдэг эротик маягийн дуу хийж байгаа. Үг, аяыг нь “Хурд”-ын Д.Отгонбаяр зохиосон. Зөөлхөн, бүр аяархан Зүрх сэтгэлд минь ортол үнсээч Өөр юу ч бодолгүй Өнгөт орчлонгоос тасран үн сээч... гэсэн үгтэй энэ дуу ми ний үеийн хэнд их таалагдана гэдэгт итгэлтэй байна. Энэ дууныхаа хоолойны бичлэгт орсон өдөр би ямар их аз жаргалтай байсан бэ. Гэгэлзсэн, уянгын дуу миний хоолойнд зохидог. Удахгүй “Lemon” студээр клип хийлгэнэ. Он гараад тоглолтоо хийхээр төлөвлөсөн.
-Таныг чамгүй бизнесмен гэдэг юм билээ. “Pro sound” студээс гадна худалдааны салбарт хүч үзэж байгаа гээд л...
-Нуулгүй хэлэхэд би охин хүүхэдтэй эх хүн учраас өөрийн гэсэн хувцас загварын брэндтэй бо лох хүсэлтэй. Эмэгтэй хүн бүр л гоё сайхан харагдахыг хүсдэг бо лов уу. Энэ хүслээ биелүүлэхийн тулд хөдөлмөрлөх л хэрэгтэй. “Би дуучин юм чинь” гээд намайг зүгээр сууж байхад энэ мөрөөдөл маань биелчихгүй шүү дээ. Ж.Алтанцэцэг дахиад өөр гоё ертөнцөд орж, ажиллаж амьдармаар байна. Би олон бизнесмен эмэгтэйтэй дотно найз. Аливаа юм багаас эхэлдэг. Би ганц нэг дэлгүүрт хүмүүсийн хэлдгээр лангуу ажиллуулдаг нь үнэн.
-Ингэхэд та олон ажлын хажуугаар өөртөө цаг зав хэр гаргаж байна вэ?
-Би 38-40 настай хүмүүсийг хөгшин мэтээр төсөөлдөг байсан чинь үгүй юм байна (инээв). Гэтэл харин ч ид хийж бүтээх, цэцэглэж гүйцэх, эмэгтэй хүнд ирж болох бүх аз жаргалыг одоо л мэдэрч байна. Гэхдээ л яг хүссэнээрээ өөртөө цаг гаргаж чадахгүй юм. Саяхан нэг мундаг тэрбумтны ярилцлагыг уншлаа. “Би өдөр шөнө, өглөө орой гүй хөдөлмөрлөж байхдаа өөртөө цаг зав гаргаж байгаагүйдээ одоо харамсаж байна. Өөрийгөө хайрлахгүй, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж амжихгүй байсаар өвчинд баригдлаа” гэсэн байна билээ. Үнэхээр бодох зүйл шүү.
  Л.ГАНЧИМЭГ