-Монгол
Үндэстний Дууны Их Наадам хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Өмнөх наадамд та ардын дууны бүхий л дуучдын ая данг тоглож байсан. Энэ
удаад ч мөн адил оролцож байгаад баяр хүргэмээр байна. Таныхаар дууны
наадам өмнөхөөсөө юугаараа онцлог болж байна вэ?
-Эхний
наадмын үзэгч бөгөөд оролцогч байлаа. Анхных бол өөрийн гэсэн
онцлогтой, хоёр дахь нь мөн өвөрмөц далайцтай болж байна. Чанар мэдээж
ахисан, дуучид болоод шүүгчид. Дуучидтай хамтран тоглож байгаа хүний
хувьд олон тоондоо биш харин чанартай гэсэн дуучидтай хамтарч тоглож
байгаа.
-Таны хувьд нүдэнд туссан, дэмжиж байгаа оролцогч бий юу?
-Тиймээ,
энэ уралдаанд оролцож байгаа дуучдын ард ажиллаж байгаа хөгжимчид,
бусад уран бүтээлч нарт баяр хүргэмээр байна. Хөгжимчид бид нар
дуучидтайгаа яс мах шиг холбоотой. Гэхдээ үндэстний дууны их наадам
болохоос биш, хөгжмийн наадам биш болохоор тэр тал дээр шүүмжлэлтэй зүйл
бага байна. Бэлтгэл сургуулилтгүйгээр тайзан дээр хамтарч тоглоно гэдэг
маш хэцүү. Яах аргагүй практик туршлагаас хамаарна. Шигшигдээд
ирэхээр хэн нь онцгой сайн бэ гэдэг нь мэдэгдэх байх. Гэхдээ өөрийн
хамтарч тоглож байгаа оролцогчдоо дэмжиж байгаа.
-Өөрөө Хөгжим бүжгийн коллежийн багш хүн, залуу хойч үе маань үндэсний язгуур урлагтаа хэр бэлтгэгдэж байна гэж үздэг вэ?
-Би
Хөгжим бүжиг төгсөөд одоо 8 жил багшилж байна. Тэр дундаа уртын дууны
хамсран хөгжмийн чиглэлээр 7, 8 жил тасралтгүй ажиллаа. Язгуур урлагийг
залуучууд маань хэрхэн авч явж байгаа, хэрхэн нөлөөлөх талаар төрөл
бүрийн үйл ажиллагаа явагддаг. Гэхдээ үнэнийг хэлэхэд дорвитой гарсан
зүйл алга байна. Уртын дууны хамсран хөгжмийг яг мэргэжлийн төвшинд
бэлтгэдэг зүйл байхгүй. Үүнд маш их эмзэглэж явдаг. Гэхдээ ардын язгуур
урлагийн бусад авьяастнууд маань урлагаа үнэхээр бахархмаар авч явж
байна. Мэргэжлийн сургуулиудад сурч байгаа оюутнууд мэдээж мэргэжлийн
гэж байгаа учраас сонгодог зүйлээ тоглох шаардлагатай байдаг ч яг тэр
уламжлалт татлага, уртын дуу хамсран хөгжимдөх талаа битгий
орхигдуулаасай гэж хүсч байна.
-
Уртын дуу, ардын дууны оролцогчид өөрт тань илүү ойрхон байгаа байх.
Магадгүй таны санаанд хүрсэн, ховор нандин ч юмуу сонин содон дуу
сонгоод дуулж байгаа авъяастан харагдаж байна уу?
-Тийм
оролцогчид байна лээ. Өөрийн гэсэн хэв маяг, манертай. Нутаг нутгийн
дуучид байгаа болохоор шүүхэд маш хэцүү гэдэг нь харагдаж байсан.
Шүүгчдээрээ маш их бахархаж байгаа. Нэг нутгийн уралдааныг шүүлээ гэж
бодоход хялбар байх. Нутаг нутгийн өвөрмөц шинжийг хадгалсан дуучдыг
шүүнэ гэдэг маш хэцүү. Надтай хамтарч ажиллаж байгаа Өвөрхангай аймгийн
оролцогч Цэрэндэгэд гэж настан байгаа. Тэр буурайн дуулж байгаа дуу бол
үнэхээр өөрийн гэсэн онцлогтой, хэв маягтай юм байна лээ. Тэр хүнийг
дагаж хөгжимдөхөд урамтай. Харин миний дуулаасай гэж бодож явсан дуунууд
бүгд дуулагдсан гэж хэлж болно. Техниктэй, уран нугалаа, шаглаатай
дуунуудыг нь хамтарч хөгжимдөхсөн гэж бодож явдаг. Энэ наадмаас би залуу
хүний хувьд их зүйлийг сурч авах цаашлаад өвлүүлэх гэсэн хүсэл
зорилготой байгаа.
-Уртын дуу, морин хуур хөгжмийн талаар судалгаа хийж байгаа гэж дуулсан, тэр тухайгаа тодруулахгүй юу?
-Уртын
дуу судлаач Дорждагва гэж хүн бий. Дорждагвын 10 жилийн судалгаа
шинжилгээ, миний 8 жилийн туршлагаас гэхүү дээ бүтсэн “Монгол төрийн
уртын дуунууд” гэсэн 9 цуврал цомог гарсан. Тэр бол түүхэн бүтээл
болсон. Уртын дуунуудын яруу найргийг бүрэн эхээр нь дуулсан. Ямар ч
завсарлага, таслал, амралт байхгүй. Хамгийн доод тал нь 30-45 минут
дуулагдаж байгаа том дуунууд. Түүнийг тасралтгүй дуулж хөгжимдсөн
байгаа. Энэ цомогт орсон дуунуудыг ширэн цартай хуураар хөгжимдсөнөөрөө
онцлог болсон гэж бодож байгаа.
-Ширэн цартай хуурын онцлог юу вэ?
Тэр
нь их амьд. Одоо бол ямааны арьсаар хийдэг болсон. Харин түүхэнд
ботгоны, тугалын гэх мэт их нимгэн арьсаар хийдэг байсан. Энэ нь маш
натур дуугаралттай хуур байдаг.
-Үлдсэн сэтгэгдлийг танд үлдээе гэж бодож байна.
Энэ
бүх оролцогч дуучдын хойно ажилласан бүх хөгжмийн найруулагч,
хөгжимчдөд баяр хүргэе. Та бүхний дэмжлэгтэйгээр энэ дуучдын шат ахих
эсэх нь нөлөөлж байгаа. Тийм болохоор та бүхэнд баярлалаа гэдгээ ахин
дахин хэлье. Мөн дуучид маань хөгжимчдийнхөө нэр усыг дуурсаж байгаасай,
энэ нь хүний ёс юм болов уу даа гэж хэлмээр байна.
-Хөгжим
бүжгийн коллеж бол урлагийн хүнийг бэлтгэн гаргах хамгийн анхан шатны
сургууль. Үндэсний урлагийг хөгжүүлэхэд та бүхний оруулж байгаа хувь
нэмэр маш их. Үндэсний дууны наадамд оролцох дараа дараагийн ялагчид
магадгүй тэр өргөөнөөс төрөхийг үгүйсгэх аргагүй юм. Залуу хойч үе, шавь
нартаа юу гэж хэлэх вэ?
-Хөгжим
бүжгийн коллеж бол хөгжмийн салбарын бүх шатны мэргэжилтнүүдийг
бэлтгэдэг Монголдоо номер нэг сургууль гэж би хувьдаа боддог. Чанартай,
чансаатай уран бүтээлчид мөнхөд төрдөг, төрсөөр ч байх болно. Гэхдээ
бусдыг нь үгүйсгэж байгаа юм биш. Миний хувьд дараагийн Үндэстний дууны
наадамд өөрийн гарын шавь нараас бэлдэж оруулах хүсэлтэй байгаа. Яагаад
гэвэл тодорхой хэмжээнд дотор нь орж ажиллаа. Нэлээд зүйлийг ажиглаж
мэдлээ. Тиймээс дараагийн уралдаанд өөрийн сойсон хоёр гурван морийг
тавина даа.
-Маш их
баярлалаа. Үндэснийхээ урлагийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж яваа танд
маш их талархаж байгаагаа илэрхийлж байна. Уран бүтээлийн зам тань
өөдрөг сайхан байх болтугай.
-Танай сайтын хамт олонд ч бас баярлалаа. Мөн МҮОНТ найруулагч зураглаач арын албаныхандаа бүгдэд нь ажлын өндөр амжилт хүсье.
www.emegteichuud.mn
No comments:
Post a Comment