Wednesday, 6 June 2012

”Хотын захиргааг гэр хороолол руу нүүлгэх хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Э.Бат-үүлтэй ярилцлаа. Тэр энэ удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс татгалзаж, НИТХ-д хүч үзэхээр болсон нь олон хүнийг гайхашруулаад, бас олзуурхуулаад байгаа билээ.
-Та яагаад НИТХ-д нэрээ дэвшүүлсэн юм бэ? Арай их улс төрөөс гарч байгаа хэрэг биш биз дээ. Энэ шийдвэрийг намаас тань гаргасан уу, өөрөө шийдсэн үү?
-Ер нь бол оны дараа би сонгуульд нэр дэвихгүй гэдгээ нийтэд зарлачихсан байсан шүү дээ. Нийслэлийн гэр хорооллын асуудал гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа учраас гэр хорооллыг орон сууцжуулах асуудал дээр ач холбогдол өгч ажиллая. Энэ асуудлыг улс төржилтөөс ангид авч явахын тулд энэ удаагийн УИХ-ын сонгуулиас завсарлага авья гэж шийдсэн байсан юм. Сонгуулийн өмнө манай намын дарга Н.Алтанхуяг надтай уулзаад УИХ-д нэр дэвшээч ээ, жагсаалтыг тэргүүлж орооч ээ гэдэг санал тавьсан. Тэр үед би “Энэ удаад УИХ-д нэр дэвшихгүй ээ. НИТХ-д нэр дэвших хүсэлтэй байна” гэдгээ ч хэлсэн. Мэдээж үүнийг сонсоод намын дарга цааргалж хандсан тал бий. Гэхдээ би НИТХ-д нэр дэвших хэд хэдэн шаардлага байсан учраас ийм шийдвэрийг гаргасан.
-Яг ямар шалтгаан байв. Хотын асуудал үнэхээр дааж давагдахаа болиод, та оролцохоос аргагүй болов уу?

-НИТХ-д нэр дэвших гурван үндэслэл надад бий. Нэгдүгээрт, төрийн зүгээс Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд зориулж том, том шийдвэрүүдийг гаргасан, хөрөнгө мөнгийг ч хангалттай төсөвлөсөн. Гэтэл хотын байдал улам л дордсоор байна. Би энд нэг баримт хэлье л дээ. Сүүлийн арван жилийн дотор нийслэл хотод 6,4 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулсан байна. Ер нь улсын төсөвөөс оруулж байгаа нийт хөрөнгийн бараг 50 орчим нь нийслэлд орж байсан. Энэ бол тийм бага мөнгө биш. Дархан, Эрдэнэт шиг хотыг босгочих хэмжээний мөнгө. Угаасаа хот төлөвлөлтийг буруу хийгээд, буруу бодлогоор удирдсан учраас энэ их хэмжээний мөнгөөр үр дүн гаргаагүй хэрэг л дээ. Эхний үндэслэл энэ. Дараагийн үндэслэл нь Улаанбаатарын асуудлыг шийдэхийн тулд цогц арга хэмжээ авах ёстой. Үүнээс хамгийн эхний ээлжинд гэр хорооллыг инженерийн шугамтай холбож, амины орон сууцны хороолол болгох хэрэгтэй. Зөвхөн энэ асуудлыг шийдчих юм бол утаа, замын түгжрэл, хөрсний бохирдол зэрэг олон асуудлууд хамтдаа шийдэгдчих юм л даа. Яг одоо бол гэр хороолол хаягдсан хот болчихоод байна шүү дээ. Дулааны шугам, цэвэр, бохир усны шугам, дэд бүтэц гээд олон юмнаас хаягдчихаад байна. Инженерийн бүтэцгүй учраас өвлийн хүйтэнд энэ олон хүмүүс галаа түлэхээс өөр яах юм. Ямар осгоод үхэлтэй биш. Тэгсэн атлаа хотын удирдлагууд эргээд гэр хороолол руу бурууг нь өгчихдөг. Тиймээс нэн тэргүүнд гэр хорооллыг хувийн орон сууцны хороолол болгох ёстой.
Гуравдугаар үндэслэл нь хот төлөвлөлтийн ажил үндсэндээ шинэчлэгдсэнгүй. Бараг 90 гаруй жил нэг л төлөвлөлтөөр явлаа. Орчин цагийн хот төлөвлөлтийн бодлого бол бидний мөрдөж байгаагаас шал өөр. Хотыг хөгжүүлээд бид өөрсдөө юунд хүрэх вэ, яаж хөгжих вэ гэдэг нь тодорхой байдаг. Дэлхийн хэмжээний арга хэмжээг зохион байгуулах уу, олимп зохион байгуулахад өрсөлдөх үү гээд зорьчих юм бол төлөвлөлтөө үүндээ тааруулаад хийж болно. Яг энэ зүйлийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны наймдугаар сарын 23-ны өдөр Олон улсын олимпийн холбооны ерөнхийлөгч Жак Рогетэй уулзахдаа тавьсан. 2040 хүртэл хотоо олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхүйц болгоно оо гэж гарын үсэг зурсан. Том зорилт тавиад түүндээ алхам, алхмаар хүрэх хэрэгтэй. Ийм маягаар тов тодорхой төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлбэл болохгүй гэх зүйл байхгүй. Бид маш олон жил Улаанбаатар хотыг хөгжүүлнэ гэж ярьсан. Гэтэл яг юуг, яаж, хэн хөгжүүлэх вэ гэдэг нь одоо болтол тодорхойгүй байгаа шүү дээ. Тэдэн жилийн дараа тийм төвшинд хүрнэ ээ гэсэн барьцтай бодлого байгаагүй юм.
-Өмнө нь тодорхойгүй байсан нь Улаанбаатар хот эдийн засгаараа тусгаарлагдаагүйтэй холбоотой гэж зарим хүмүүс тайлбарладаг. Төсөвөө өөрсдөө захиран зарцуулах тийм эрх нь байгаагүй болохоор хот хөгжиж чадаагүй гэдэгтэй та санал нийлэх үү? Түрүүн хэлсэн мөнгөн дүнгээр бол нийслэлд зарсан мөнгө багадаагүй л юм байна шүү дээ...


-Нийслэлийн эрх мэдлийг өргөжүүлэх нь үнэхээр зөв зүйтэй асуудал. Нийслэлийн хөгжлийг ярих хэмжээний тийм санхүүгийн эх үүсвэртэй болох хэрэгтэй. Улс төрийн эрх мэдэл нь ч байх нь зөв. Гэхдээ өнгөрсөн хугацаанд төрөөс маш их хэмжээний хөрөнгө хаясан, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэгвэл яагаад энэ бүхэн үр дүнгээ өгсөнгүй вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Энэ бүхэн хот төлөвлөлт байгаагүйтэй, тодорхой бодлого боловсруулаагүйтэй шууд холбоотой. Эрх мэдлийг хичнээн хөгжүүлээд буруу л удирдаад байвал үр дүн гарахгүй шүү дээ.
-Хотын захиргаанд маш олон тамгийн газар, агентлагууд байгаа болохоор хотын ажил хэдэн тийшээ тараад байгаа гэж харагддаг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Яг үнэн. Хот руу оруулсан хөрөнгө маш ихээр нэмэгдсэн. Хотын захиргаа л үүнийг дагаад томроод байсан. Үр дүнд нь Улаанбаатар хот олигтой хөгжиж чадсангүй. Хотын захиргаанд байгаа агентлаг, газруудын тоогоор хот сайжирдаг бол өдийд хөгжөөд алга болоод өгсөн байгаа. Даанч тэгээгүйг харж байгаа биз дээ. Хотын захиргаа гэдэг бол үндсэндээ хэдэн хүмүүсийн орогнодог ажлын байр, бизнес хийдэг газар л болж хувирчихлаа шүү дээ.
-Яг ямар менежментээр хотыг хөгжүүлэх вэ?

-Би дээр хэлсэн дээ. Эхлээд хэдэн жилийн дараа ямар хэмжээгээр хөгжих вэ гэдгээ маш тодорхой болгох хэрэгтэй. Бид яагаад арван жилийн дараа зүүн хойд Азийн наадам зохион байгуулах зорилго тавиад түүндээ хүртэл ажиллаж болохгүй гэж. Хамгийн гол нь зорилгоо тодорхой болгох ёстой. Дэлхийн томоохон хотууд хөгжилд хүрэхдээ том зорилготой, түүндээ хүрэх нарийн бодлоготой байдаг. Бээжинг жишээлбэл яаж хөгжүүлсэн бэ? Олимпод зориулаад л хөгжүүлсэн шүү дээ. Гаднын эрдэмтэдийг урьж авчираад маш нарийн зохион байгуулалттайгаар хөгжүүлсэн. Одоо Бээжин ямар хот болсоныг хүн бүр л харж байгаа. Энэ аргыг хэрэглээд хөгжиж болохыг Ази тивд Япон 1970-аад онд, Солонгос 1980-аад онд тодорхой харуулсан. Зорилго нь тодорхой байвал ямар ч үр дүнд хүрч болно. Дээрээс нь тухайн хотын оршин суугчдад тавьдаг дэлхийн стандарт гэж байдаг. Тухайлбал, 10 мянган оршин суугчдын дунд нэг спорт цогцолбор, 30 мянган оршин суугчдын дунд нэг цэцэрлэгт хүрээлэн байна гэсэн стандартууд бий. Гэтэл манайд ийм стандарт байдаггүй. Юуны түрүүнд иймэрхүү стандартуудыг бий болгох хэрэгтэй. Тэгээд дээр хэлсэнчлэн гэр хорооллыг барилгажуулж, амины орон сууцны хороолол болгох нь зүйтэй юм.
-Гэр хорооллыг барилгажуул нь гэхээр 1930-аад оны АНУ санаанд ороод байна л даа. Тэр үед хүмүүсийг бүгдийг орон сууцанд оруулсан. Хөнгөлөлттэй үнээр олгосон орон сууцны төлбөрийг иргэд нь төлж чадаагүй. Дараа нь гэмт хэрэг дээрэм гарах магадлалтай хот болж хувирсан. Таны яриад байгаа зүйл ийм болохгүй гэх баталгаа байна уу?

-Таны хэлж байгаа зүйл үнэхээр үнэн. Одоо хотоос баримталж байгаа бодлогоор бол маш том хорооллыг ядуу, бага орлоготой иргэдэд зориулж барина гээд байгаа. Ерөөсөө дэлхийн бусад бүх улс орон үүний аюулыг хангалттай амссан. Яагаад гэвэл энэ хороолол чинь сүүлдээ хөнгөлөлттэй орсон хүмүүс нь мөнгөө төлж чадахгүй, гэмт хэргийн үүр уурхай болж хувирдаг. Ийм л аюулыг тээж байдаг. Үүнтэй холбогдуулаад нэг зүйл хэлэхэд. Швед, Швейцарь гэх улсууд иргэдээ орон сууцжуулах, хороолол бүтээн байгуулахдаа ядуу, бага орлоготой, баян гэж хэзээ ч хуваадаггүй. Ядуу ч бай, баян ч бай бүгд л нэг хороололд амьдрах тийм боломжоор хангачихсан. Хэрвээ нийгэм нь ядуу, баян гээд хуваагдчих юм бол хөгжлийн тухай яриад ч хэрэггүй болно гэдгийг энэ улс орнууд аль дээр үеэс ухаараад хот төлөвлөлтөндөө үүнийг тусгасан байдаг. АНУ энэ асуудлаа ганцхан зүйлээр л шийдсэн. Инженерийн шугам сүлжээ ороогүй газрууд руу тэр шугамаа татаад, бүгдийг нь дэд бүтцэд холбоод л шийдчихсэн. Газрыг нь барьцаалаад ард иргэддээ орон сууцны санхүүжилт хийгээд өгчихсөн. Үүнд зөвхөн ядуус ч биш, нийгмийн бүхий л давхарга тэгш хамрагдсан байдаг. Гаднын орнууд инженерийн шугам, сүлжээнд хамрагдсан газраа барьцаалаад л байшин бариад байсан юм шүү дээ.
-Эхнээсээ энэ зүйлүүдийг хийгээд эхэллээ л дээ. Хүмүүсийн газрыг аваад орон сууцанд оруулах ажил эхэлж байна. Газрыг бас чөлөөлөөд байгаа. Энэ зүйл таны яриад байгаатай хэр зэрэг нийцэх вэ?

-Ерөөсөө нийцэхгүй. Шал ондоо зүйл. Энэ бол иргэдийг газраас нь, өмчөөс нь салгаж байгаа явдал. Нэг ёсондоо иргэдийн хашааны газрыг нийгэмчлэх гэж байна, эргээд. Иргэдийг нүүлгэдэг түр орон сууц гэж бариад. Ийм юм огт байж таарахгүй. Орон сууц барьдаг дэлхийн бусад орнуудын аргыг ойлгох ёстой. Иргэд өөрсдөө амьдрах орон сууцаа барьдаг байхгүй юу. Иргэд өөрсдөө сонгох эрхтэй байх ёстой. Одоо бол ийм сонгох эрх ерөөсөө байхгүй. Зүгээр л газрыг нь булааж аваад нийтийн орон сууцанд оруулж байна шүү дээ. Ямар ч дарга нь танд таны хүссэн шиг барилга барихгүй. Угаасаа ойлгомжтой асуудал. Өөрсдөөр нь барилгаа “бариулдаг” нь АНУ, Европын тогтсон жишиг.
-Иргэд өөрсдийнхөө барилгыг барина гэхээр сайн ойлгогдож өгөхгүй байна л даа. Хүн бүр барилгачин болох уу?

-Маш зөв асуулт. Иргэн өөрөө барина гэдэг маань нэгэнт эрх нь үүсчихсэн газрыгаа барьцаалаад, амины орон сууц барьдаг компаниудтай гэрээ байгуулаад өөрсдийнхөө байшинг босгоно л гэсэн санаа. Өөрөөр хэлбэл надад газар байна. Газраа барьцаалаад санхүүжилт авах эрх нь ч байна. Дараа нь амины орон сууц барьдаг компаниуд над дээр ирдэг юм байгаа биз дээ. Байшингийн зураг төсөл, дизайн, архитектур зэргийг зөвхөн надтай харьцаж, ярилцаж байж л шийдээд, барилгын ажлаа эхлүүлнэ. Банктай гурвалсан гэрээ хийсэн нөхцөлд барилга барих гэж байгаа компанид банк нь санхүүжилтыг нь хийгээд амины орон сууцаа барина л гэсэн үг. Тухайн банк нь амины орон сууц барьж байгаа гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явна. 
-Газрыг барьцаална гэхээр зовлонтой асуудал байна. Янз бүрийн гоё юм хэлж байгаад газрыг нь наймаалцчихдаг. Ер нь хотыг тойрсон бүх газар наймаанд яваад дууслаа. Газрын наймааны асуудал гэр хорооллыг барилгажуулахад гараад ирэх юм биш биз?

-Хашааны айлууд өөрсдийнхөө газар дээр байгаа. Энэ газрыг нь хувьчилаад өгчих хэрэгтэй. Яг одоогийн байдлаар маш бага хэмжээний айл өрхүүд газраа өмчилж авсан байна шүү дээ. 15 хувьтай байгаа гэж сонссон юм байна. Үлдсэн айлууд нь дандаа эзэмшлийнх байгаа шүү дээ. Тэр хашааны айлууд эзэмшлийн газар дээр байгаа гэдгээ ч мэдэхгүй байна. Үүнийг хотын захиргаа нь зориудаар хувьчилж өгөхгүй байна л даа. Учир нь тухайн газрыг яаж, ийж байгаад авах гээд байгаатай холбоотой. Ерөөсөө ингэж хандаж болохгүй. Нэн даруй тэр газрыг нь хувьд өгчих ёстой. Угаасаа хуулиараа ч эрх нь бий. Энэ асуудалд хотын захиргаа нь хойрго хандаж байна. Хэрвээ хувьд шилжчихвэл тэр газрыг нь инженерийн шугамд холбоод, дэд бүтцийг нь сайжруулаад өгчихвөл үнэд орно. Дор хаяхад л 10 дахин үнэд орно. Баянзүрх дүүрэгт нэг залуу газар авч л дээ, 20 саяар. Гэтэл одоо тэр газрын албан ёсны үнэлгээ нь 178 сая болсон гэж байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр дэд бүтэцтэй л холбоотой байхгүй юу. Улаанбаатар хотод сул талбай их байна. Гэтэл дарга нарын ивээлд байдаг компаниуд аваад байшин бариад байна шүү дээ. 60 га газар авчихсан компани ч хотод бий гэж дуулсан. Тиймээс энэ хууль бусаар авсан газрыг хурааж иргэдэд өгөх ёстой. Иргэдэд өгч тэр орон сууцыг нь бариулах нь зүйтэй.
-Хууль бусаар авсан газарт нь нэгэнт барилга барьчихсан бол яах вэ?

-Ийм тохиолдолд бол шүүхэд л хандана. Ингээд хууль бусаар өгчихсөн газруудаас нийслэл нөхөн төлбөр авах ёстой шүү дээ. Барилгыг нь ор тас нураадаггүй юм аа гэхэд нөхөн төлбөр авах л ёстой.
-Зайсангийн аманд барилга барих гээд баахан газар зарсаныг та юу гэж бодож байгаа вэ?

-Энэ бол үнэхээр шударга бус юм болсон. Ингэж олон барилга баригдахаас өмнө Зайсанд гэр хороолол байсан юм шүү дээ. Одоогоос арав гаруй жилийн өмнө тэр гэр хорооллын айлуудтай уулзаж, “Битгий газраа өгөөрэй. Болохгүй, янз бүрээр дарамтална, авах гэж оролдоно. Бидэнд хандаарай” гэж анхааруулж, захиж байсан. Тэр үед барилгын компаниудын трактор нь нөгөө айлуудын хашаанд тулаад ирчихсэн байсан үе шүү дээ. Дархан цаазат газар инженерийн шугам татаж болохгүй, орон сууц барьж болохгүй гээд хөөгөөд гаргасан мөртлөө том, том хороолол барьчихсаныг харж байгаа биз дээ. Одоо нэгэнт баригдчихсан. Яах юм, мэдэхгүй. Зүй нь бол тэр барилгын буурин дээр өмнө нь амьдарч байсан иргэдэд нөхөн төлбөр өгөх ёстой.
-Хотыг хөгжүүлэх бас нэг үндэс нь аялал жуулчлал байна л даа. Дэлхийн бусад улс орнуудад “City tour” гэсэн нэршил өгөөд хөгжүүлж байна. Манайд алга. Юу хийвэл зүгээр вэ?


-Угаасаа хот төлөвлөлтийг буруу хийчихсэн учраас Улаанбаатар хотод аялал жуулчлалыг хөгжүүлэхэд асар их саад учирч байгаа. Одоо бол нэг л том хуарагнасан хорооллууд, гадны жуулчдыг юугаараа татах вэ дээ. Би хотод ирж байгаа жуулчдыг хараад гайхдаг. Юунд нь болж ирдэг юм болоо гэж. Бидэнд уг нь алт шиг үнэ цэнэтэй нэг зүйл бий л дээ. Энэ бол үндэсний баяр наадам. Дэлхийд ганцхан гэдэг нь ч оносон үг. Гэтэл дэлхийн жуулчдын сонирхолыг татахуйцаар наадмаа хэрхэн хийх вэ гэдэг аргаа сайн олж өгөхгүй байна. Нэг бол нэг их болхи шоу болгочихдог. Тэр морьдын уралдааны гарааг үзүүлэх тохьтой орчинтой болгочихвол түүнээс мөнгө олж болох боломж байгаа юм. Гаднын нэг жуулчин надад энэ тухай ярьж байсан. Танай морины уралдааны гараа нь яасан гоё юм бэ гэж. Хэрвээ үүнийг л хөгжүүлчихвэл асар их мөнгө олж болохыг ч надад хэлж байсан. Яаж мөнгө олох вэ гэдэг талаас нь хараад хөгжүүлье гэвэл боломж нь бидэнд байна.
-Хотыг тэлэх тухай асуудлыг олон жил ч ярилаа. Сүүлийн хэдэн жил энэ тухай огт ярьсангүй. Хотыг тэлэх боломж бий юу, тэлээд хөгжүүлэх бодлого байгаа биз дээ?

-Хотыг тэлэх өчнөөн олон боломж бий. Гаднын хүмүүс манайд ирээд нэг л зүйлийг хэлдэг. “Ийм их өргөн газар нутагтай байж, яагаад хотоо тэлдэггүй юм бэ” гэж. Улаанбаатарыг Зуунмодтой холбох, Багануур луу тэлэх, Налайхын тэр их сайхан газар нутгийг бид ашиглах хэрэгтэй. Амины орон сууцны гоё, гоё хорооллуудыг барих ёстой шүү дээ. Сингапур хотдоо төвлөрдөг гэж том, том дарга нар ярьдаг. Гэхдээ Сингапур чинь газар нутаг багатай орон юм шүү дээ. Ингэж тэлэхийн тулд эхлээд дэд бүтцийг нь татаж өгөх хэрэгтэй. Гэтэл манайх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг маш буруу хийчихдэг. Хэн ч явдаггүй газар руу л зам татаад байгаа шүү дээ. Гаднын улс орнуудад “алхааны зарчим” гэж байдаг юм байна. Өөрөөр хэлбэл нэг дагуул хот байгуулаад, түүн рүүгээ дэд бүтцээ татдаг. Ахиж дагуул хот бариал ахиад л дэд бүтцээ татдаг. Ингэж хийвэл хот төлөвлөлт нь цэгцтэй болдог юм байна л даа.
-70, 80 жил бараг өөрчлөгдөөгүй шахуу хот төлөвлөлтийг нэг сонгуулийн дараа өөрчилнө гэдэг амаргүй л байх. Таны энэ яриад байгаа ажлуудыг яаж бодит ажил болгох вэ?

-Үнэхээр амаргүй. Тиймээс хотын өөрчлөлтийг эрс шийдэмгий, хурдтай хийх хэрэгтэй. Мэдээж энэ бүх ажилд хөрөнгө мөнгө хэрэгтэй болно. Гэхдээ хөрөнгө хүч бараг зарцуулахгүй ажил хэрэг болгочих өчнөөн юм байна. Юуны түрүүнд газрын сангийн мэдээллийг нийтэд ил тод болгох ёстой. Газрыг тэдэн хүн ийм нэрэн дээр өгсөн, одоо нөөцөнд төдөн хүн байна, ийм хөрөнгө төвлөрсөн байна гээд бүх мэдээлэл нь ил тод болох шаардлагатай. Үүнд нэг их хөрөнгө, хүч зарцуулахгүй. Дараа нь хууль бусаар эзэмшсэн газруудыг эргүүлээд хурааж авах хэрэгтэй. Тэгээд гэр хорооллыг орон сууцжуулах маш том алхамыг эхлүүлэх ёстой.
-Хотыг хөдөө өсч хүмүүжсэн хүмүүс удирдах ёстой юм болов уу, эсвэл хотод төрөөд хотод хүмүүжсэн хүмүүс удирдах ёстой юу? Өмнө ажиллаж байсан болон одоогийн хотын даргатай холбож асууж байна л даа. Магадгүй хот хөгжихгүй байгаа нэг шалтгаан энэ ч юм бил үү?


-Хотыг хэн ч, ямар ч хүн удирдаж болно. Хотыг эрүүл, аюулгүй, орчин үетэйгээ хөл нийлүүлсэн тийм л хот болгох ёстой. Энэ үүргийг л ухамсарлах ёстой. Өнөөдөр харамсалтай нь тийм дарга алга. Даргынхаа суудлыг өргөмжлөл, ямбархалын асар гээд ойлгочихсон хүмүүс л байна. Уг нь удирдлага гээд байгаа хүмүүс чинь үйлчилгээний ажилтан юм шүү дээ. Нийслэлийн иргэдэд үйлчлэх ёстой хүмүүс. Хотын захиргаа гэдэг чинь хотын иргэдэд үйлчлэх үйлчилгээний цэг.  Үйлчилгээний цэгт ажиллах хүнд гарал, үүсэл огтоос хамаагүй.
-Яг хэдэн онд таны яриад байгаа энэ сайхан хот бий болох вэ. Хоёр жилийн дараа юм уу, хорин жилийн дараа юм уу? Эсвэл бүр 60, 70 жилийн дараа юу?

-Ямар ч байсан 6-8 жилийн дараа Азийн хэмжээний тоглолтыг зохион байгуулах хэмжээнд оччихно гэж харж байгаа. Ямар нэгэн гай л дайрчихгүй бол 2040 гэхэд олимп хийх хэмжээнд оччих байх гэж бодож байна. Зарим хүмүүс олимп, Азийн наадам яриад байхаар шоолж байна лээ л дээ. Энэ чинь одоо олимп, “молимп” гээд хадуураад өглөө гэж. Ингэж ярьж байгаа хүмүүс орчин цагийн хот төлөвлөлтийн стратегийг мэдэхгүй л байна гэж би хэлнэ.
-Хоёулаа юмыг сайхнаар харъя л даа. НИТХ-д танай нам ялалт байгууллаа гэж бодъё. Таны ярьсан энэ бүх хэрэгжэхгүй байвал хотын иргэд танай намтай, таньтай хариуцлага тооцож болох уу?


-Болно. Тийм ч учраас бид маш эрч хүчтэй ажиллана. Бидний хийх ажил харин ч нийслэлчүүдийг цочоох байх. Хотын захиргааг гэр хороолол руу нүүлгэх жишээний. Хотын захиргаа нь тэр хэцүү болчихсон орчинд ажиллавал, хотын хөгжил илүү хурдасна гэсэн үг шүү дээ. Хотын иргэдийн төлөө үйлчилж байгаа хүмүүс ялангуяа орчинд байж, байж сая зөв бодлогоор хотыг хөгжүүлнэ.
-Та жишээ нь хотын дарга болчихоод хүмүүсээ аваад гэр хороолол руу нүүх үү?


-Нүүлгүй яах юм, нүүхээс өөр арга алга. Ажил үүргийнхээ гол цөм рүү орж чадахгүй байгаа хүмүүст ингэж л цочроо өгч байж ажиллуулна шүү дээ.

Б.БОЛОРСҮХ
Ардын эрх сонин 2012/06/07

No comments:

Post a Comment