-Сайн
байна уу, сайхан өвөлжиж байна уу. Төрийн алтан аргамжаа болсон
дипломат албанд насаараа ажилласан тантай уулзсандаа баяртай байна?
-Сайн,
сайн байна уу. Би Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон
улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. Япон, англи, франц хэл мэднэ. Өвгөн
ах нь өөрийнхөө тухай биш, Гадаад харилцааны сайдаар 18 жил ажилласан
М.Дүгэрсүрэн гуайн талаар ярихыг хүсэж байна. Энэ хүн Москвад Олон улсын
харилцааны дээд сургуулийг академич Г.Бирваа гуайтай хамт төгссөн,
мэргэшсэн дипломатч. Ажлаа сайн хийдэг, залуу үедээ үлгэр дуурайл
болсон, үнэхээр чадвартай нэгэн байсан юм.
-Монголын дадлага туршлагатай олон дипломатч энэ хүний гараар хүмүүжсэн гэдэг юм билээ?
-М.Дүгэрсүрэн гуайн удирдлага дор ажилласан хүн илдүүр нь ханадаг
гэлцдэг байлаа. Аливаа зүйлийг зааж сургахдаа загнаад байдаггүй. Ерөөсөө
л биеэрээ үзүүлдэг. Хамгийн энгийн жишээ гэхэд сайд байхдаа ажилдаа
тогтмол хоёр цагийн өмнө ирнэ. Тарахад ч байж л байх жишээтэй. Сайд
ажлаа хийгээд байхад залуус бид гараад гүйх зүрх хүрэхгүй. Ажлаа хийгээд
л суудаг байв. Түүний гараас гарсан албан бичиг ямар ч алдаа мадаггүй,
дахиж хүн гар хүрэх шаардлагагүй байдаг юм. Нэг жишээ хэлье л дээ. Манай
яамны мэдлэг, чадвартай нэг ажилтан бичиг боловсруулаад сайдад
танилцуулж л дээ. Гэхдээ тэр үед М.Дүгэрсүрэн гуай сайд байгаагүй. Өөр
сайд байсан юм. Гэтэл сайд үзээд арай л болоогүй байна гээд буцааж.
Яасан юм бол гэж дахиж засаж янзлаад ортол дахиад л болоогүй байна гээд
байж. Нөгөө хүн бас ч муугүй мэдлэг, чадвартай хүн болохоор “Сайд аа,
чухам яг юу нь болохгүй байна. Та хэлээд өгөөч” гэхэд тоймтой зүйл
хэлээгүй юм билээ. Нэлээд хугацааны дараа нөгөө бичгээ бариад ортол “За
энэ л байхгүй юу, одоо л болж” гэсэн гэдэг. Үнэндээ тэр материалаа нэг
их өөрчлөөгүй юм билээ. Харин М. Дүгэрсүрэн гуайг тэгж хуурах хүн нэг ч
байхгүй. Хүний юмыг маш анхааралтай уншина. Хаана ямар алдаа гаргасныг
ёстой л нэг загатнасан газар маажив гэгчээр яг хэлдэг. Үнэн зүйл хэлээд
байгаа хүнийг дагахаас өөр арга байдаггүй шүү дээ.
Бид
материал бичээд М.Дүгэрсүрэн сайд руу орохдоо их эмээнэ. Учиргүй
уурлаад, загнаад байхгүй ч бүгд л эмээнэ. Хөх бэхээр больё гэтэл нь
засна. Материалыг нь уншаад хөх бэхээр цөөн газар зассан байвал
баярлаад, олон газар засвар орсон байвал би ч тааруу зүйл хийж дээ гэж
бодно. Жар, далаад оны дипломатчдын ихэнх нь түүний удирдлагад ажиллаж,
их зүйл сурсан. Тухайлбал, Л.Эрдэнэчулуун, Б.Оросоо, Б.Дашцэрэн,
Т.Чимэддорж нарыг нэрлэж болно. Гадаад харилцааны асуудалд бүх талын
мэдлэг, чад вар шаарддаг. Улс орныхоо нүүр царай болж байгаа хүн
үйлдвэрт очлоо гэхэд зохих мэдлэгтэй, дуурь үзлээ гэхэд бусад орны
дипломатчидтай санаа бодлоо хуваалцах гээд бүх талын мэдлэг шаарддаг
ажил.
1967 онд
би Москвагийн Олон улсын харилцааны сургуульд сурч байхдаа НҮБын
Нью-Йорк дахь Суурин төлөөлөгчийн газарт зургаан сар дадлага хийлээ. Тэр
үед М.Дүгэрсүрэн гуай Гадаад яамны сайдын хувьд НҮБын хуралд оролцож,
зарим хуралдааныг даргалж байсан. Би Нью-Йоркт дадлага хийж байхдаа нэг
зүйлийг анзаарсан. НҮБ-ын хуралд оролцож буй гадаад орны сайд дарга нар
Ерөнхий хэлэлцүүлэгт заавал үг хэлдэг. М.Дүгэрсүрэн сайд үгээ өөрөө
боловсруулаад хамгийн сүүлд үг, үсгийн алдаа байгаа эсэхийг хянуулахаар
АНУ-ын Коммунист намын хариуцлагатай ажилтанд үзүү- лэхэд засаж,
залруулах зүйл байхгүй гэж хэлж байсныг санаж байна. Дипломат албыг
чиглэлээр нь олон талт, хоёр талт гэж хувааж үздэг. М.Дүгэрсүрэн гуай
Монголд олон талт харилцааны эх суурийг тавьж, хэрэгжүүлсэн хүн.
Би нэг
зүйлийг онцолж хэлмээр санагдлаа. М.Дүгэрсүрэн сайд бичиг хэргийн
боловсруулалтад жинхэнэ мэргэшсэн хүн. Олон улсын харилцааны асуудал,
бичиг хэрэгт нэг үсэг, үг алдах эрх байдаггүй. Тэрбээр боловсруулсан
бичиг баримтаа монгол, орос, англи хэлээр зэрэг боловсруулж, утга болоод
найруулгын ямар нэг алдаа байгаа, эсэхийг хянадаг чадвартай хүн байсан.
Гадаад хэлийг төгс эзэмшсэний зэрэгцээ монгол хэлээ сайн мэддэг. Бид
бичиг баримт хянуулахдаа удаа дараа уншиж, эмээсээр нэг оруулдагсан.
Төрөлх хэлээ мэдэхгүй хүн сайн зүйл бичиж, орчуулна гэж хэзээ ч
байдаггүй гэдгийг олон жилийн хойно ухаж мэдээд байна даа.
-Манай улсын хувьд олон талт харилцаа явуулах боломж бага байсан үе. Гадаад харилцаанд ямар бод логыг баримталдаг байв?
-Жар,
далаад оны үед дэлхийн улс орон хоёр ху ваагдсан байлаа. Монгол Улс
социалист системтэй бай сан. Дэлхийн улс төрийн байдал сөргөлдөөнтэй
байлаа. Тийм цаг үед Монгол орны нэр хүндийг дэлхийн тавцанд өргөх,
гадаад орнуудтай харилцаа гаа өргөтгөх, олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд
онцгой ан хаарч, их хувь нэмрээ оруулсан хүн дээ.
-Тухайлбал, ямар хувь нэмэр оруулсан бэ?
-Бололгүй
яах вэ. 1974-1978 онд би Токио дахь Монголын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн
бичгийн даргаар ажиллаж байлаа. Тэр үед бид Японоос дайны нөхөн төлбөр
авах тухай ярьж байсан юм. Бид дайны нөхөн төлбөр авна гэхэд нөгөө тал
дайны гэдэг статусаар өгөхгүй, буцалтгүй тусламж, эдийн засгийн хамтын
ажиллагаа, энхийн замаар гэж өгнө гээд болдоггүй. Улс орноо төлөөлж буй
Элчин сайд Засгийн газрынхаа бодлогоор л ажиллана шүү дээ. Элчин сайд
С.Дамбадаржаа гуай бид хоёр бас тэр журмаар ажиллаж, Японы Гадаад
яамнынхантай удаа дараа уулзаж ярилцлаа. Санал нэгдэхгүй сүүлдээ бүр
маргаан ширүүсэж, Японы төлөөлөгч их уурлаж, байдал хүндэрсэн. Бид хэн
хэнтэй уулзаж, юу ярилцав гэдгээ төвдөө мэдэгдээд хариу хүлээж байсан
юм. Гэтэл М.Дүгэрсүрэн сайд ноот бичиг ирүүлснийг Японы тал хүлээж аваад
жигтэйхэн эелдэг болж, бид ойлголцож, хоёр орныхоо найрамдалт харилцааг
хадгалж үлдэж байсан юм. Эндээс дипломатч хүний чадвар, ур ухаан
харагдаж байгаа биз. Тэр ноот бичиг архивт байдаг юм билээ. Хоёр тал энэ
асуудлыг шийдэхийн тулд сайн санааны үүднээс хандах ёстой гэж байсан юм
билээ.
-Зарим
эх сурвалж япончууд манай улсад дайны төлбөрөө одоо хэр нь төлж
дуусаагүй гэдэг юм билээ. Яг хэдий хэмжээний мөнгө, хөрөнгө өгч байсан
юм бэ?
-Яг
хэдэн сая төгрөг өгч байсныг сайн санахгүй юм. Тэр мөнгөөр үндсэндээ
дайны төлбөрийг хаасан юм шүү дээ. Бид зөвшилцсөнөөр Японы Засгийн
газрын хөрөнгө оруулалтаар “Говь” үйлдвэрийг барьсан түүхтэй. Нэг
зүйлийг онцлоход хэтээсээ япончууд монголчуудад найрсаг, элгэмсэг
ханддаг байсан. Тухайн үед ядуу буурай гэж ялгадаггүй, бусад хөгжилтэй
оронтой адил харилцаатай байсныг хэлэх ёстой.
-М.Дүгэрсүрэн
сайдтай хамтарч ажиллаж байхад шийдэхэд түвэгтэй асуудалтай олонтаа
тулгарсан байх. Та бүхэн ямар асуудлыг хэрхэн шийдэж байсан тухайгаа
сонирхуулаач?
-Гадаад
бодлогоо явуулахын тулд геополитик, геостратегийн асуудлын алийг нь
эхэнд нь тавих вэ гэдгээ шийдэх хэрэгтэй болдог. Томоохон гүрэн үндэсний
эрх ашгаа түрүүнд тавьдаг. Жижиг орон стратегийн бодлогоо эхэлж тавьдаг
юм. Бид тийм л зарчмаар ажиллаж байсан. Дэлхийд Монголыг хүлээн
зөвшөөрүүлэх, Монголоо Монголоор нь авч үлдэх гадаад бодлого чухал
байсан гэдгийг хүмүүс мэдэх байх. Дэлхийн улс орноос АНУ л манай орныг
хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. 1961 онд Монгол Улс НҮБ-ын гишүүнээр
элсэхэд М.Дүгэрсүрэн гуайн үүрэг их байсан юм шүү.
-ЗСБНХУ манай гадаад харилцаа, бодлогод их оролцдог нь та бүхэнд хэцүү байсан уу?
-Монгол
Улсын гадаад харилцааг бэхжүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд Маршал
Х.Чойбалсангийн хичээл зүтгэл их гэдгийг хэлэх ёстой. Оросуудын
баримталж буй бодлогыг анзаарч, дотроо их зүйл боддог байсан байх л даа.
Олон хүнийг Гадаад харилцааны сургуульд явуул сан. Тэр үед уялдан
зохицуул сан га даад бодлого гэж байлаа л даа. Бид тэр зарчмыг л
баримталдаг байв.
-Энэ нь Оросын бодлого уу?
-Социалист системийн орнуудын бодлого байсан юм.
-Гадаад
харилцааны яаманд та Азийн газрын захирлаар ажиллаж байсан юм билээ.
Тухайн цаг үед өмнөд хөрштэй ямар бодлогоор, хэрхэн харилцаж байсан бэ?
-Хүн эх
орон, ээж, ааваа сонгодоггүйн адил хөршөө сонгох боломжгүй. Бид яах
аргагүй БНХАУ-тай харилцаа тогтоох шаардлагатай ч боломж тааруу байсан.
ЗСБНХУ, БНХАУ-ын харилцаа сайнгүй нь бидэнд нөлөөлсөн хэрэг. 1990-ээд
оны үед манай улс олон талт гадаад харилцааг идэвхжүүлж байхад АНУын
Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкер “Танай улс хоёр хөрштэйгөө
харилцаагаа сайжруулах ёстой” гэж хэлж байсан юм. Бид Хятадтай бүх талын
хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Энэ орон хөгжлөөрөө дэлхийд
тэргүүлж буй томоохон гүрэн гэдгийг байнга бодож байх ёстой. Хөршөө үл
хүндэтгэх нь хоёр улсын харилцаанд сэв суулгадаг. Хятадууд манай газар
нутагт орж ирлээ, барилга, зам бариад байна гэж илүү харахаасаа өмнө бид
өөрсдөө хаана, юу хийж явна, бид яагаад хийхгүй байна гэдгээ бодох
ёстой. Бид геополитикийн хувьд хоёр хөрштэйгөө гарцааг үй сайн
харилцаатай байх ёстой. Бид өмнөх зүйлээ орхиод даяаршиж буй цаг үетэй
хөл нийлүүлэн алхах ёстой.
-Дээхнэ
үед манай бүх яам, тусгай газар орос зөвл өхтэй, ямар нэг шийд вэр
гаргахдаа байнга асуудаг байсан юм билээ. Харин Гадаад харилцааны яам
зөвлөхгүй байсан гэсэн?
-Тийм
ээ, тийм. Манай яам л зөвлөхгүй байсан юм. Оросууд М.Дүгэрсүрэн гуайгаас
их эмээнэ. Тэр хүн мэдлэг, чадвараараа хэнийг ч дагуулахгүй болохоор
тэр шүү дээ. Зарчимч гээд хүн загнаад байхгүй л дээ. Үнэнч, шударга,
ажлаа хариуцлагатай хийхийг л шаарддаг байсан юм. Хожим М.Дүгэрсүрэн
сайдыг ажлаас нь өөрчлөх гэж оролдсон ч түүнээс өөр ажлаа мэддэг,
чадвартай хүн байгаагүй учир яаж ч чадаагүй.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Аз жаргал хүсье.
Х.ОЮУНСҮРЭН
Өнөөдөр сонин
No comments:
Post a Comment