Tuesday, 5 June 2012

Жүжигчин Г.Эрхэмбаяр: Ирээдүйнхээ төлөө, охиныхоо сайн сайхны төлөө л зүтгэж явна.



Монголд драмын урлаг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Монголын хамгийн отгон театр “Мөрөөдлийн театр” үүдээ нээж, өрхөө татсан билээ. Тус театрынхан сүүлийн үед уран бүтээлийн их олз омогтой байгаа. Шинэхэн бүтээлүүд нь үзэгчидэд үнэхээр  их таалагдаж, сайн гэсэн  үнэлгээ аваад байгаа юм. Ингээд тус театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрхэмбаяртай уулзаж ярилцсанаа хүргэе.

- Мөрөөдлийн театр сүүлийн үед  уран бүтээлийн ургац их арвинтай байна. Дан залуу уран бүтээлчид нэгдсэн болохоор ч тэр үү богино хугацаанд олон шинэ уран бүтээл гаргалаа. Энэ талаар яриагаа эхлье?
- Тиймээ бид залуу хүмүүс болохоор амрах цаг зав гаргалгүй хөдөлмөрлөж байна. Шинэхэн уран бүтээлүүдээ оюутан сурагчдын хонхны баярт зориулан  хийлээ. Хүний амьдралд мартагдахааргүй олон сайхан дурсамж үлддэг. Энэ дурсамжуудаас хамгийн сайхан нь оюутан цагийн дурсамж гэж олон хүн боддог байх. Хайр сэтгэл, хагацал, харуусал, баяр, гуниг гээд бүгд гэгээхэн дурсамж болон өнгөрдөг учраас тэр дурсамжуудыг харуулах гэж энэхүү бүтээлүүдээ өргөн барилаа. Манай уран бүтээлийг залуус маань ирж үзээд нэгийг бодож, хоёрыг тунгаан биз дээ.

- Энэ сарын дундуур олон улсын театрын фестивальд оролцохоор болсон гэсэн энэ талаар тодруулахгүй юу?
- Жил бүр Солонгосын Масан хотод болдог кино  фестивальд оролцохоор манай театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээ энэ сарын 17-21-ний хооронд явах гээд бэлтгэл ажилдаа орчихсон байна. Мөн дээрээс нь драмын театрын мэргэжлийн жүжигчдийн төвийн тэргүүн манай багш МУГЖ С.Сарантуяа, Монгол Улсын Ардын Жүжигчин Г.Мягмарнаран ах нар хамтдаа явна. Ер нь Мөрөөдлийн теартын зорилго бол монголдоо ч биш, Эрхүү, Улаан-Үүд гээд олон улсын театруудтай харилцаа тогтоож хамтран ажиллах санаатай байгаа. Яагаад гэвэл бид залуу хүмүүс туршлага солилцож, өөрсдийгөө олон улсын театрын аль түвшинд байгааг бас мэдэх  гэсэн юм.

- Удахгүй эх үрсийн баяр болох гэж байна. Мөрөөдлийн театрын хамт олон хүүхдэд зориулсан уран бүтээл хийнэ гэж сонссон?
- Өнөөдөр хүүхдийн гэсэн тодотголтой уран бүтээл хийдэг байгууллага, продакшн нэн ховор байна. Яахав БСШУЯ-аас хүүхдийн уран бүтээл гэж жилдээ ганц зарлаж хийлгэдгийг эс тооцвол хүүхдийн жүжиг, кино байхгүй гэж хэлж болно. Мөрөөдлийн театрын хувьд өмнөө тавьсан бас нэгэн том зорилго бол хүүхдийн уран бүтээл хийх юм. Удахгүй болох эх үрсийн баярыг тохиолдуулан бид “Эхийн шидтэн” гэдэг хүүхдийн жүжиг тавихаар ажиллаж байна. Энэ сарын сүүлээр хүүхэд багачууддаа шинэхэн жүжгээр бэлэг барина.

- Танай хамт олон зөвхөн драм гэхгүй шоу драм, кино урлагт хүч үзэж эхэллээ. Цаашдаа яг аль чиглэлийг нь баримталж ажиллах бол?
- Мөрөөдлийн театр ямар нэгэн чиглэлд баригдахгүй уран бүтээлээ туурвина.  Бид энэ зун дахин нэг дэлгэцийн уран бүтээл хийнэ, намар бас дараагийн тайзны өөр жанрын бүтээл гээд л ар араасаа уран бүтээлүүд хийх төлөвлөгөөтэй байгаа. Юуны өмнө ирэх сардаа багтааж хөдөө орон нутгийнхаа залууст уран бүтээлээ толилуулах төлөвлөгөөтэй байна. Эхний ээлжинд Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөтөл гэсэн аймгуудад очиж тоглоно.

- Мөрөөдлийн театр маш олон зорилтуудаа хийж хэрэгжүүлж байна. Эцсийн зорилго нь юу вэ?
- Мөрөөдлийн театрын залуус бүгд өөр өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй, хүсэл зорилготой. Түүнийхээ төлөө өнөөдөр ажиллаж хөдөлмөрлөж байна. Хамгийн гол нь бид “Мөрөөдлийн театр” гэсэн том театртай болох зорилго өвөртлөн тууштай нэгэн зүгт алхаж байна.

- Саяхан үзэгчдийн дунд явуулсан “Хүсэмжит таван эрэгтэй жүжигчин” гэсэн санал асуулгад та тавдугаар байранд орсон байсан. Энэ талаар сэтгэгэдэлээ хуваалцаач?
- Тийм юм болсон юм уу. Огт мэдээгүй явна /инээв/. Хэрэв тийм бол уран бүтээл маань л үзэгчдэд сайн хүрсэн юм байна гэж санагдаж байна даа. Ялангуяа эмэгтэйчүүдийн сэтгэлд нийцсэн юм болов уу даа /инээв/

- Та гэр бүлийнхээ талаар төдийлөн яриад байдаггүй шүү дээ. Танай гэр бүлийн талаар сонирхох хүн олон байдаг байх?
- Одоогийн нийгэмд залуу гэр бүлүүд хэрхэн амьдарч байна. Тэр жишгээр л ажиллаж, хөдөлмөрлөөд, ирээдүйнхээ төлөө, охиныхоо сайн сайхны төлөө л зүтгэж явна. Охин маань одоо бага ангид сурдаг.

- Энэ их ажлын хажуугаар цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа
- За баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье

Д.Отгон

No comments:

Post a Comment