Tuesday, 5 June 2012

Г.Эрхэмбаяр: Хамгийн сайхан бэлэг миний охин байсан


Мөрөөдлийн театрын уран бүтээлчид Монгол Улсаа төлөөлөн Солонгосын Маса хотод зохиогддог Зүүн Азийн орнуудын олон улсын театрын фестивалд амжилттай оролцоод ирсэн билээ. Үүнийхээ дараа тус театрын хамт олон орон нутгаар аялан тоглолт хийхээр болсон. Ингээд Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяртай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Мөрөөдлийн театрын уран бүтээлчид Солонгос улсыг зориод ирсэн. Холын хүнээс үг сонс гэдэг шүү дээ. Манай уншигчдад сониноосоо хуваалцаач?
- Солонгос улсын Маса хотод зохиогддог Зүүн Азийн орнуудын олон улсын театрын фестивалд оролцлоо. Энэ фестивал нь 23 дахь жилдээ зохиогдож буй. Солонгос болон Вьетнам, Сингапур, Япон гэх мэт улсууд оролцсон театрын урлагийн том наадам юм. Энэхүү наадмын гол онцлог нь шилдгийг шалгаруулж шагнах бус нэг нэгнээсээ туршлага суралцахад гол зорилго оршдог. Манай улс оросын сургалттай учраас бусад улсыг бодоход ур чадварын хувьд ялгарч байсан. Масагаас ирээд бяцхан үзэгчдэдээ зориулан Гүбэрийн зохиол “Их ид шидтэн” жүжгээ толиулсан. Сүүлийн үед хүүхэд багачуудад зориулсан тоглолт жүжгүүд тавигдахаа больсон. Тэгэхээр бид Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууддаа зориулсан уран бүтээл хийх ёстой юм байна гэж шийдсэн нь энэ.
-Масад болсон фестивалд ямар уран бүтээлээр оролцсон бэ?

-Өнгөрсөн жил Г.Алтаншагай бид хоёрын хувьд УДЭТ-т харъяалагдаж байсан. Тэр үед “Шалзат баахан шарга” туульсаас сэдэвлэсэн уран бүтээлээр оролцож байлаа. Харин энэ жил “Мөрөөдлийн театр”-ын хувьд “Эрт урьдын цагт” гэж нэртэй туульс буюу үлгэр домгийн шинжтэй уран бүтээлээр оролцсон. Гадны улс орнууд ихэвчлэн яриа орсон жүжгүүд тавьж байсан. Манай театрынхан үүнээс эсрэгээр нь бүх хүмүүст ойлгомжтойгоор үйлдэл, хөдөлгөөнтэй, үндэснийхээ онцлогийг харуулсан эрийн гурван наадам, бэр гуйх ёслол гэсэн үндэсний хэв шинжийг оруулж өгсөн бүтээл хийсэн.
-Мөрөөдлийн театр ам бүл нэмсэн. “Х Түц” хамтлагийн Баттөмөр тус хамтлагийн үндсэн жүжигчнээр ажиллаж эхлээд байгаа.Тэгэхээр цаашид тус театрын хувьд ам бүл нэмж шинэ залуу жүжигчидтэй хамтран ажиллах бодол бий юу?
- Дөлгөөн маань сургуулиа төгссөн сайхан баярт явдал боллоо. Яг энэ чиглэлээр жүжигчний анги төгсөж байгаа олон чадварлаг залуусын Мөрөөдлийн театртай хамтран ажиллах боломжийг бид гаргах болно.
-Дараагийн уран бүтээлүүдийн санаа гарсан байгаа юу. Ямар чиглэлээр уран бүтээлээ хийх вэ?
-Хөдөө орон нутгаар тоглож ирчихээд дахин дэлгэцийн бүтээл дээр ажиллана. Манай театрын хувьд дэлгэцийн хоёр дахь бүтээл маань болох юм. Энэхүү шинэ киноныхоо ажилд энэ сардаа багтаж орох төлөвлөгөөтэй байна.

-Мөрөөдлийн театрын уран бүтээлчид мөрөөдлийнхөө багахан хэсгийг биелүүлсэн байхаа. Танай театр хэзээ өөрийн гэсэн байртай болох вэ. Энэ бас нэг мөрөөдлийн чинь нэг хэсэг болов уу?
-Мөрөөдлийн театрын хамгийн эцсийн зогсоол бол том театртай болох зорилготой ажиллаж байна. Драмын театр шиг том театртай болчихоод тэнд нь 100 гаруй жүжигчид ажилладаг гэх мэтчилэн хүний мөрөөдөл агуу. Гэхдээ мөрөөдлийг мөрөөдөж суух биш хэрэгжүүлэх л хэрэгтэй. Үүнийхээ төлөө ч бид ажиллах ёстой. Мөрөөдлийн театрын нэг уриа байдаг л даа. Бидэнд маргааш гэсэн өдөр байхгүй шүү. Бид нар өнөөдөр л хийх хэрэгтэй хэмээх уриатай ажилладаг.
-Та “Ээжийн дайсан” киногоороо жүжигчнээс гадна дуучин гэдгээ харуулж чадсан?
-Жүжигчний мэргэжил өөрөө бүхнийг чаддаг байх тийм чадварыг шаарддаг л даа. Тиймдээ ч өөрсдөө киноныхоо дууг дуулсан нь үзэгчдэд кино маань хүрэхэд их үүрэг гүйцэтгэсэн. Урьд нь дуу дуулж байсан ч хип хоп чиглэлийн дуу дуулж байсангүй. Энэхүү киноны дууны үгийг GEE зохиосон. Дуугаа бичүүлж байхад GEE тус болж бид нарыг залж байсан.
-Түүхэн сэдэвтэй уран бүтээл хийх үү?
-Энэ төрлийн уран бүтээл хийхэд цаг хугацаа хэрэгтэй. Магадгүй таван жилийн дараа сонгодог болон түүхэн уран бүтээл хийнэ. Өнөөдөртөө бол боломжгүй бид залуу уран бүтээлчид байна цаг хугацаа хэрэгтэй. Түүнээс биш бүх зүйлыг шүүрч авч чанаргүй бүтээл гаргах бодол алга. Тоглох саналууд ирвэл тоглоно. Алтаншагай “Аравт” уран сайхны кинонд тоглосон шүү дээ.
-Жүжигчний мэргэжил сонгоогүй байсан бол ямар мэргэжлийг сонгох байсан бэ, урлагийн хүн болоход юу нөлөөлөв?

-Жүжигчин болоогүй байсан бол цэргийн хүн болох байсан байх. Өвөө маань жанжин штабын яаманд ажиллаж байсан. Аав маань мөн адил цэргийн хүн байсан, тийм болохоор удам дагавал цэргийн хүн болох. Манайх Улаанхуаранд амьдардаг байсан. 10-р ангиа төгсөөд ямар мэргэжил сонгох вэ гэж их бодсон, мэдээж аав наймайг цэргийн хүн болгох сонирхолтой байсан. Харин ээжтэйгээ ярилцаж байгаад СУИС-д жүжигчний ангид шалгалт өгөөд тэнцээгүй. Тэгсэн ч сэтгэлээр уналгүй “Зохиомж” дээд сургуулийн жүжигчний ангид шалгалт өгч тэнцэж байсан. СУИС хүссэн хүн бүр ордог сургууль биш босго өндөртэй сургууль шүү дээ. Гэхдээ хүн чадаж байвал аль ч сургуулийг төгссөн нь сонин биш харин эзэмшсэн мэргэжилдээ чадварлаг байх хэрэгтэй.
-Таны хобби юу вэ?
-Салхинд гарах дуртай. Найз нөхдөөрөө салхинд гарах мөн анд явах гэх мэт эрэгтэй хүмүүс иймэрхүү зүйлд дуртай байдаг даа.
-Уран бүтээлч хүн тэр бүр гэртээ амраад сайхан хоол идэх боломж ховор байдаг. Таны хувьд гэртээ амарч байгаа үед ямар хоол идэх дуртай вэ. Гарын хоол тань юу вэ?
-Гэртээ амраад хоол идээд байх боломж тэр бүр гардаггүй. Сүүлийн дөрвөн сар гэртээ амарч гэрийн хоолоо идээгүй юм байна. Гэхдээ гэрийн цуйван, будаатай хуурганд дуртай. Өөрөө ч энэ хоолнуудыг сайхан хийдэг. Миний гарын хоол хар шөл, будаатай хуурга хоёрыг сайхан хийдэг. Эрэгтэй хүмүүс ер нь хаа нэг хоол хийдэг. Тэгэхдээ их сайхан амттай хоол хийдэг шүү дээ.
-Хүүхэд байхдаа хэр сахилгагүй хүүхэд байсан бэ?
-Тийм ч сахилгагүй хүүхэд байгаагүй. Томоотой талын хүүхэд байсан. Харин урлаг соёлын бүх арга хэмжээнд оролцдог байсан.
-Ямар эмэгтэй хүн таалагддаг вэ. Өөрийн тань хувьд эмэгтэй хүмүүстэй нэр холбогдоод байдаггүй. Энэ тал дээр их болгоомжтой ханддаг юм шиг санагдах юм?
-Эмэгтэй хүн бүрт эрчүүдийг татах уяхан сайхан зан чанарууд байдаг. Тэр дундаа ухаантай, итгэл даах, үнэнч эмэгтэй надад таалагддаг. Заавал ганган хөөрхөн байх албагүй шүү дээ. Өөрт нь зохисон зохиогүй хувцас өмсөж хэт их моод хөөсөн эмэгтэйгээс илүү биеэ зөв авч явдаг эмэгтэй таалагддаг.
-Ганц бие олны танил хүн байхад амаргүй л байх. Эмэгтэйчүүдээс танилцах санал ирдэг үү. Иймэрхүү зүйлд яаж ханддаг вэ?
-Тийм саналууд ирдэг л юм Гэхдээ энэ болгонд эвтэйхэн өөрийгөө аваад гарчихдаг. Танилцаад л өнгөрдөг шүү дээ. /инээв/
-Сүүлийн үед залуучууд тэр дундаа охидууд брэнд гэж их ярих болж. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Хэн юу сонирхох нь хувь хүний өөрийнх нь эрхийн асуудал. Гэлээ ч хэт их гангархаж брэнд хөөж үзэмжиндээ анхаардаг болсон байна. Уг нь залуу хүн боловсролтой соёлтой байх хэрэгтэй. Нэг ганган залуу гудамжинд татсан тамхины ишийг хогийн саванд хаячихаж чадахгүй л байна. Тэгэхээр наад захын хотын соёлгүй байж болохгүй л дээ. Ном их унших хэрэгтэй. Бид чинь Монгол Улсын ирээдүй шүү дээ гэж дахин дахин хэлмээр байна.
-Мэдээж жүжигчин хүн л гэхээр дандаа инээж жаргалтай байдаг гэж хүмүүс боддог л доо. Өөрийн тань хувьд сэтгэлээр унах үе гардаг уу. Гардаг бол хүнд байдлаас хэрхэн гардаг вэ?
-Хүн л болсон хойно адилхан шүү дээ. Сэтгэлээр унах үе бишгүй гардаг. Тэр үед ганцаараа л байхыг илүүд үздэг. Энэ бүхэнд дүгнэлт хийж ганцаараа бүхнийг давж гарахыг боддог. Тэгэхээр хүмүүс их ганцаардмал хүн юм гэж бодож магадгүй л юм. Гэхдээ ганцаараа байх тэр мэдрэмж илүү таалагддаг.
-Хамгийн сайхан бэлгийг хэзээ хэнээс авч байсан бэ?
-Анх эхнэрээсээ авсан. Энэ бэлэг нь миний охин байсан. Амьдралын минь утга учир охин минь юм уу даа. Одоо охин маань найман настай. Хүний амьдралд мартагдахааргүй үе зөндөө тохиолддог. Анхны юм бүхэн мартагдахааргүй сайхан дурсамжийг үлдээж байдаг. Өдөр бүр бие биедээ сэтгэлийн дэм өгч байх нь бас бэлэг гэж боддог. Мөрөөдлийн театрын уран бүтээлчид ойрын таван жилдээ унтаж амрах наргих цэнгэх завгүй ажиллана хэмээн бид ийм төлөвлөгөө тавиад ажиллаж байна.
Э.Сувд

No comments:

Post a Comment