143 дугаар цэцэрлэг ахлагч Э.Навчаа:
-Таны бодлоор жинхэнэ аав гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Аавынхаа
үүргийг ухамсарлачихсан, нэгэнт гэр бүл зохиогоод үр хүүхэд
төрүүлчихсэн, тэд нарынхаа өмнө хийх зүйл, хүлээх үүрэг их юмаа гэдгийг
ухамсарлачихсан аав нарыг жинхэнэ аав гэнэ.
-Өдөр болгон хүүхдээ хүргэж өгдөг аав байна уу?
-Өглөө
болгон хүүхдээ хүргэж өгдөг, орой болгон хүүхдээ авдаг аав нар байдаг.
Зарим тохиолдолд ээж нар хүүхдээ хүргэж өгснийхөө төлөө ажлаасаа хоцорч
халагддаг, цаашилбал амьдралаа авч явах мөнгөгүй болоход хүрдэг.
-Гэр бүлийн байдал хүүхдийн хүмүүжлээс харагддаг гэдэг. Түүнтэй та санал нийлэх үү?
-Ихэвчлэн
тийм. Цэцэрлэгээс тараад гэр бүлд нь ямар таатай орчин, ямар тулгамдсан
асуудал байна, маргааш яг түүнийгээ цэцэрлэг дээрээ гаргадаг. Өөрийн
хийж байгаа үйлдлээр, тоглож байгаа байдлаараа гаргадаг. Жишээлэх юм
бол, ээжээсээ юм асуухад нь цаашаа цаашаа гэдэг бол энд анги дээрээ
ирээд л найзуудыгаа цаашаа цаашаа гэж загнадаг байх жишээтэй. Тэр гэрт
нь болсон хэрүүлийн жижигхэн хэсэг ч гэсэн энд ирээд л илэрч гардаг. Нэг
нэгэнтэйгээ харьцаж байгаа байдал, хэлж байгаа үг бүхнээс. Тэгэхээр
бид хөндлөнгөөс ажиглаад л өчигдөр энэ хүүхдийн гэр бүлийн уур амьсгал
ийм байжээ, ээж аав нь ингэжээ гэх мэтээр бүгдийг нь мэдэж болдог.
-Охидууд ээжтэйгээ дотно, хөвгүүд аавтайгаа дотно гэсэн уламжлалт ойлголт байдаг. Энэ талаар? Өөрчлөгдсөн үү?
-Хэн
хүүхдийнхээ төлөө илүү их анхаарал тавьж байна, яг тэр хүнтэйгээ илүү
дотно байдаг. жишээ нь аав нь охиндоо илүү анхаарал тавьдаг бол
аавтайгаа илүү дотно байдаг. Ээж нь хүүдээ анхаарал сайн тавьж байвал
ээждээ хүү нь сайн байдаг. Яг л гаргаж байгаа хандлагаас нь л
шалтгаалдаг.
-Манай сайт сарын хугацаатай “Аавуудаа гэртээ эрт хариарай” аян зарлалаа. Энэ тухай хэлвэл?
-Аавгүй
хүүхэд их ховор болсон. Намайг цэцэрлэгт ажиллаж эхэлснээс хойш яг
аавгүй хүүхэд 35 хүүхдийн дунд 1 нь ч юмуу байдаг. Тэр хүүхдэд бусдаас
өөр байдал ажиглагддаггүй. Яагаад гэхлээр нөгөө ээж маань аавынхаа орон
зайг нөхөж чаддаг, охинтойгоо маш ойр дотно байж чаддаг. Гэр бүл салж
сарнисан тохиолдолд энэ хүүхэд балчир учраас аавын орон зай гэдгийг сайн
мэдрээгүй явдаг.
-Танай ангийн хүүхдүүд дундаас аав нь ирж авдаггүй хүүхэд байна уу?
-Байхгүй
шүү. Орчин үеийн хүмүүс өөрийн ажил үүргийн хувиарыг маш сайн нарийн
тогтоодог болсон байна. Жишээлэх юм бол би багш нартаа захидаг юм, эцэг
эхийн хурал хийхээр бол гурваас тав хоногийн өмнө уламжлачихсан байхад
заавал бүгд ирж суудаг болсон
-Аавууддаа хандаад хэлэх зүйл байна уу?
-Жаахан
амсаад ч юмуу балгаад ирчихсэн аав нар хүүхдээ авах гэж ирдэг. Гэтэл
аав нар нь зүгээр байхад хүүхдүүд нь ичдэг байхгүй юу. Шууд эмзэглэдэг.
Харчихаад явахгүй гэдэг ч юмуу. Тийм аав нарт хүүхдийг нь өгөөд явуулах
сэтгэл төрөхгүй, тэгэж болохгүй ээ гэдэг гэрээг анхаасаа хийдэг. Гадуур
явж байхад нь харахад согтуу аав нар маш их байдаг, гэхдээ яг нэг
халамцуу ирж авдаг аав их цөөхөн. Хар дарсанд толгойгоо бүү
мэдүүлээсэй. Ажилтай ч гэсэн ажлынхаа цагийг зохицуулаад хүүхдээ ирж авч
байгаарай аавуудаа. Гэр бүлээ дэлгэр сайхан авч яваарай.
www.emegteichuud.mn
No comments:
Post a Comment