Энэ
онд Монголчууд түүхээрээ бахархаж, омогших жил. Олон ой зэрэг тохиож байгаагийн
нэг нь Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой. Хүннү гүрний түүх, соёлын
талаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Эртний түүх, сурвалж судлалын салбарын
эрхлэгч, доктор С.Өлзийбаяртай ярилцлаа.
-Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэхийн ач холбогдол юу вэ. Судлаачид Монголчуудын эртний өвөг бол хүннүчүүд гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг?
-Миний судалгааны үндсэн чиглэл эртний түүх бичлэг. Энэ сэдвээр судалгаа хийж өнгөрсөн онд докторын зэрэг хамгаалсан. Би МУИС-ийн археологи антропологийн ангийг 1998 төгссөн. Харин одоо Хүннүгийн түүх бичлэгийн талаар нэг сэдэвт зохиол (монографи) бичиж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч оны аравдугаар сарын 15-нд Монголын анхны тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэх тухай зарлиг гаргасан. Зарлигийн хүрээнд БСШУ-ы сайдаар ахлуулсан Үндэсний хорооноос олон ажил зохион байгуулж байна.
Өнөөдөр бид хүннүчүүдийн гал голомтыг манаж байгаа гэж хэлэх бүрэн боломжтой. Монголын Хүннү судлаачид болон олон улсын эрдэмтэд Монголчуудын эртний өвөг бол хүннүчүүд гэдэгтэй санал нэгддэг. Тэд Монголчуудыг угсаа гарвал, соёл, улстөрийн болон төр засаглалын хувьд Хүннүтэй салшгүй холбоотой гэж үздэг. Хүннүгийн эзэнт гүрний ойг тэмдэглэх хамгийн чухал ач холбогдол нь Монгол хүн, ялангуяа залуу үедээ эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээрээ бахархах сэтгэлийг төрүүлэхэд оршиж байна. Нөгөөтэйгүүр нүүдэлчдийн анхны эзэнт гүрэн бол Монголчуудынх гэдгийг дэлхий нийтэд сурталчлах зэрэг олон талын ач холбогдолтой.
-Хүннүчүүд худалдааны аж ахуй зонхилон эрхэлдэг байсан гэж ном, зохиолд бичсэн байдаг. Үүнээс өөр ямар үйлдвэрлэл эрхэлж байсан юм бол?
-Хүннүчүүдийн аж ахуй эрхлэлтийн талаар хятад сурвалжид бага сага мэдээ бий. Хятад судлаач, орос эрдэмтдийн бүтээлүүдээс манай судлаачид ихэвчлэн жишээ авсан байдаг. Эдгээрт байгаа мэдээ, археологийн хэрэглэгдэхүүнд үндэслэн манай нэртэй түүхч Г.Сүхбаатар хүннүчүүд нүүдлийн сонгодог мал аж ахуй эрхэлдэг байжээ гэсэн дүгнэлт хийсэн. Харин нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид хэзээ нүүдлийн сонгодог мал аж ахуйтан болсон тухай түүний саналыг мөхөс миний бие дэмжиж хэдэн өгүүлэл хэвлэлд нийтлүүлсэн юм. Миний бодлоор нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийг төр улсын захиргаанд орсонтой нь илүү холбож тайлбарлах нь зөв болов уу.
Хүннүчүүдийн эрхэлдэг сонгодог хэлбэрийн мал аж ахуй нь дан ганц мал маллаж, ан гөрөө хийх нэр төдий бус. Уран дархчууд, газар тариалан эрхлэгчид, худалдаачдаас бүрдсэн хот сууринд амьдрагчдыг хамтад нь хамруулах нь чухал. Энэ бүхнийг археологийн дурсгалууд бас гэрчилдэг.
-Хүннү гүрний тухай ярихаар эрдэмтэд цаашлаад зохиолчид хамгийн түрүүнд Модун Шаньюй хааныг онцолдог. Нэгдмэл төрт улс байгуулсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн энэ хүний гавъяа үйлсийн талаар товчхон ярихгүй юу?
-Модун Шаньюй хааны гол гавъяа бол Ази-Европын нүүдэлчдийн ертөнцөд анхны эзэнт гүрнийг байгуулсан явдал. Түүний “Газар бол улсын үндэс мөн” хэмээх үг Монголын үе үеийн төрийн гол номлол болон төлөвшсөн. Улсаа захирах бодлого нь түүнийг нүүдэлчдийн төрийн гол баганыг босгосон хүн гэж хэлэхэд хүргэсэн юм.
-Хүннүчүүдээс үлдсэн олдвор анх хэдий үед, хаанаас олдсон бэ. Хамгийн сүүлийн үеийн олдворын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол нутаг Хүннүгийн түүх соёлын дурсгалт зүйлсээр баян. Хүннүгийн дурсгалт зүйлс өнөөгийн Монгол, хойшоо Өвөрбайгаль, Тува, урагш Шинжааны нутагт бий. Анх Монгол нутгаас 1924 онд Оросын эрдэмтэн П.К.Козлов Хараагийн ноён ууланд хүннүчүүдийн язгууртны булшийг малтаж, олон тооны үнэт хэрэглэгдэхүүн илрүүлсэн. Ялангуяа зургадугаар булшнаас бугын дүрст зээгт наамал бүхий ширмэл ширдэг, алтан чимэглэлүүд олсон нь эдүгээ Санкт Петербургийн Эрмитажид хадгалагдаж байна. Энэ нь хүн төрөлхтний хосгүй дурсгалт зүйл.
Түүнээс хойш хүннүчүүдтэй холбоотой археологийн олон олдвор олдсон. Ялангуяа язгууртны булшнаас олон сонирхолтой эд өлгийн зүйл олдсоор байна. Гэхдээ ихээр тоногдсон байдаг учир бүтэн зүйл олдох нь ховордсоор байгаа. Тухайлбал, ухань хүмүүс тэдний дээдсийн булшийг ухаж сүйтгэж байсан талаар сурвалжийн мэдээ бий. 2009 онд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг нарсны язгууртны булшнаас хятад маягийн тэрэг бараг бүтнээрээ олдсон. 1957, 1958 онд археологич Ц.Доржсүрэн Архангай аймгийн Хайрхан сумын Хануй голын хөндийн Гол мод гэдэг газраас язгууртны булш илрүүлэн түүнийг 2002 онд Монгол-Францын экспедиц үргэлжл үүлэн малтаж, алтан чимэглэл илрүүлсэн.
Эдгээрээс хамгийн сонирхолтой нь нэг эвэртэй билэгт гөрөөсний алтан хөөмөл юм. Энэ нь Европын эртний Грек, Ромын урлагийн дурсгалд элбэг байдаг үзэгдэл. Хүннүчүүд зөвхөн хан үндэстэнтэй харилцдаг биш өрнө дахинтай соёлын өргөн харилцаатай байсныг харуулж байгаа юм.
-Өдгөө Монголын нутагт хадгалагдаж байгаа Хүннүгийн дурсгалт зүйлсээс сонирхолтой, нандин ямар дурсгал байна вэ?
-Ховд аймгийн Үенч сумын нутаг Ямаан уулс гэдэг газар сүйх тэрэгтэй хадны зураг бий. Энэ нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн ховор нандин олдвор юм. Түүнчлэн Дуурлиг нарс, Гол модны язгууртны булшны хэрэглэгдэхүүн болон Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Бурхан толгойн оршуулгын газрын судалгаа сонирхолтой. Бурхан толгойн популяцийн ген нь орчин үеийн Монголчуудынхтай олон талаар төстэй байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр байгалийн шинжлэх ухааны аргаар хүннүчүүдийг Монголчуудын өвөг дээдэс мөн гэдгийг нотлох маш үнэтэй судалгаа болсон юм. Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын Морин толгой гэдэг газраас илрүүлсэн хүннүчүүдийн богийн далны ясыг цуулж хийсэн хэл хуур олдсон. Энэ нь соёл урлагийн хосгүй дурсгал.
-Хүннүчүүдийн гоо зүйн мэдрэмж дээд зэргээр хөгжсөн байсныг судлаачид бас онцолдог. Энэ талаар санал бодлоо хуваалцахгүй юу?
-Тансаглал гэдэг үе үеийн язгууртнуудын дунд байсан. Ялангуяа Хүннүгийн язгууртны булшны зохион байгуулалтаас харахад их тансаг байсан нь харагддаг. Тухайлбал, тэднийг 10 гаруй метр гүнд нүх шаталж ухан, бунхны хананд элдэв хээ, зураг чимэглэл зурж, түүний доторхи авс, бунхны ханын хооронд амьд ахуй үедээ хэрэглэж байсан хоол ундны зүйлс, эдлэл хэрэглэлийг дагуулсан байдаг. Эдэлж хэрэглэж байсан зүйлсээ хойд насандаа хэрэглэнэ гэж бэлгэддэг байж. Хүннүчүүд мөн өнгө оршихуйн урлагийг их эрхэмлэдэг байсан нь харагддаг. Энэ бүхнээс хүннүчүүдийн гоо сайхны мэдрэмж, хэрэглээ өндөр байсныг харж болно. Ер нь тэр үеийн хүннүчүүд өнгөний зохицлыг сайн гаргадаг байсан нь ертөнцийг үзэх үзэлтэй нь холбоотой гэж хэлж болно.
-Хүннү судлалын анхны эрдэмтэн хэн бэ. Энэ чиглэлийн судлал ер нь ямар хэмжээнд явна вэ. Гарал үүслийн асуудал лав маргаан дагуулсаар байдаг юм билээ?
-Хүннү судлал хятад эх сурвалжийн болон археологийн судалгаа гэсэн хоёр чиглэлээр явагдсан. Рашпунцаг 1775 оны үед дуусгасан “Болор эрхи” бүтээлдээ хүннүчүүд Монголчуудын өвөг дээдэс юм гэж тэмдэглэсэн нь тэднийг Монголчуудын өвөг дээдэс хэмээн үзсэн анхны дүгнэлт юм.
1934 онд түүхч А.Амар “Монголчуудын түүх” номондоо хүннүчүүдийн өвөг дээдсийн талаар “Монгол, түрэг гаралтай гэж маргах нь утгагүй. Учир нь Хүннүгийн бүрэлдэхүүнд Монгол ч байсан, түрэг нь ч байсан. Тиймээс ерөнхий өвөг дээдэс гэж авч үзэхээс биш аль нэгнийх нь өвөг дээдэст хамруулах нь утгагүй” гэсэн санал дэвшүүлсэн. Энэ их сонирхолтой санаа.
1950-иад оны үеэс археологич Ц.Доржсүрэн Хүннүгийн археологийн судалгааг дагнан хийсэн. Судалгааны үр дүнд “Умард Хүннү” хэмээх нэг сэдэвт зохиол хэвлүүлсэн. Энэ нь Монголчууд Хүннү судлалаар анх удаа хэвлүүлсэн ном юм. Монгол нутагт байгаа археологийн хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан чухал ач холбогдолтой судалгаа болсон гэж судлаачид дүгнэдэг.
Х.Пэрлээ 1950- иад оны сүүлчээр хүннүчүүдийн хот суурингийн талаар судалсан. 1970 оноос Д.Наваан Орос, Унгарын судлаачидтай хамтарч Хүннүгийн археологийн дурсгалыг нэлээд эрчимтэй судалсан юм.
Монгол болон Өвөр Байгалийн нутгаар төвлөрсөн хүннүчүүдийн түүх, соёлын дурсгалын судалгаа, хятад сурвалжийн мэдээ, түүнийг судалсан эрдэмтдийн тайлбар сэлт хүннүчүүдийн нийгмийн бүтцийг бүхэлд нь сэргээх хэмжээний хэрэглэгдэхүүн болж хуримтлагдаад байсныг манай нэрт судлаач Г.Сүхбаатар 1980 онд нийтлүүлсэн “Монголчуудын эртний өвөг (Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал, соёл, угсаа гарвал)” зохиолоороо хангалттай харуулж чадсан.
Хүннүчүүдийн нийгмийн асуудлыг олон эд эсээс бүрдсэн бүхэл систем гэж үзэж, түүний бүрдэл бүрийг нягтлах замаар тэдгээрийн хоорондын дотоод холбоог илрүүлэх аргыг хэрэглэсэнд тус зохиолын шинэлэг тал оршиж байна. Тэрбээр Хятадын гурван төрийн түүх болон бусад голлох сурвалжийн Хүннүгийн тухай тэмдэглэл, тэдгээрийг сэргээж уншсан хятад тайлбарлагчдын бүтээлүүд, өрнө, дорнын Хүннү судлаачдын үзэл баримтлал, археологийн хэрэглэгдэхүүнд дүн шинжилгээ хийж, өмнөх хүрэл, төмрийн түрүү үеийн оршин суугчид болон хожмын түрэг, Монголчуудтай нягт харьцуулан хүннүчүүдийг Монголчуудын өвөг дээдэс болохыг олон талаар үнэмшилтэйгээр нотлон харуулжээ. Түүнийг энэ зохиолоороо хүннү нар Монгол хэлтэн угсаатан болохыг баталсан гэж Түүхийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хуралдаанаар дүгнэсэн юм.
-Хүннүчүүдийн хэл соёлын талаар хийсэн судалгаа байдаг уу?
-Монгол Улсын түүхийн таван ботид Б.Сүхбаатарын зохиолын шинжлэх ухааны ач холбогдлыг “Хүннү нар өвөг Монгол хэлтэй, Монгол угсааны аймгууд байсныг үндсэндээ бүрэн нотолж өгсөн” хэмээн үнэлсэн нь хожмын судалгаагаар улам тодорсоор байна. Түүний туршсан судалгааны аргыг Ц.Төрбат, З.Батсайхан зэрэг судлаачид давтаж Хүннүгийн түүх, угсаа-соёлын асуудлыг цогцоор нь хөндсөн юм. Г.Сүхбаатарын зохиол түүх бичлэгийн хувьд төдийгүй асуудлыг дэвшүүлэх арга зүйн талаар ч дараагийн судлаачдад шууд нөлөөлсөн. Түүх, археологи төдийгүй хүн судлалын салбар судалгааны хүрээнд ч хүннүчүүд Монголчуудын өвөг болох талаар түүний үзэл баримтлал улам бүр гүнзгийрсээр байна.
Ингэж манай Хүннүгийн судалгаанд түүний зохиол онол, арга зүйн үндэс болсоор байгаа нь үндэсний түүх бичлэгийн дэг сургууль буюу “Монголын Хүннү судлал” хэмээх энэ зохиолд суурилан төлөвших болжээ гэж үзэхэд хүргэж байна. З.Батсайхан, Ц.Төрбат, Ч.ЕрөөлЭрдэнэ, Г.Эрэгзэн зэрэг олон судлаач Хүннүгийн археологийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. Хятад судлаач Я.Ганбаатар “Хүннү түүх, соёл” нэг сэдэвт зохиол 2008 онд хэвлүүлсэн нь манай Хүннү судлалыг урагш ахиулсан чухал судалгаа болсон юм. Ер нь Хүннү судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн олон байгаа. Би гол хүмүүсийг л дурдлаа.
-Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэж байгаа өөр улс бий юу. Хүннү гүрний ойг тэмдэглэхдээ “Хүннү нь олон үндэстний холбоо байсан” гэдгийг нотлох уу?
-Казахстан, Киргистан Улсад Хүннүгийн ойг аль хэдийнээс өргөн тэмдэглэж эхэлсэн гэж манай зарим судлаач тэнд очоод ирэхдээ ярьж байсан. Эдгээр оронд манай Монгол Улс шиг төрийн хэмжээнд тэмдэглэж байна уу, олон нийтийн хүрээнд тэмдэглэж байна уу гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ түрэг гаралтай бусад орны хүмүүс тэмдэглэж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй юм.
-Ойн хүрээнд ямар ажил зохион байгуулж эхлээд байна. Гол ажлуудыг ямар байгууллага хийж байгаа вэ?
-ШУА-ийн Түүхийн хүрээлэн ойн хүрээнд төлөвлөсөн олон ажил бий. Манай хүрээлэн БСШУ-ы сайдаар ахлуулсан ойг тэмдэглэх Үндэсний хороотой хамтран ажиллаж байгаа. ШУА-ийн Археологийн хүрээлэн, БХИС-ийн Цэргийн түүх судлалын төв, МУИС-ийн Түүхийн тэнхим, Үндэсний түүхийн музей зэрэг байгууллагатай бид хамтарч ажиллаж байна. Бидний төлөвлөсөн ажил эхнээсээ хэрэгжиж байна.
Хүннү судлаачдыг хүмүүстэй уулзуулж, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийг ойг тэмдэглэх нь ямар ач холбогдолтой талаар телевизийн ярилцлага өгч, нээлтийн арга хэмжээ, хэвлэлийн бага хурал хийлээ. Гол ажлууд ирэх наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр өрнөнө. Энэ үеэр дэлхийн Хүннү судлалын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Манай хүрээлэн хариуцаж байгаа.
Мөн хээрийн шинжилгээний ангийн Хүннүгийн том экспедиц зохион байгуулна. Энэ хээрийн шинжилгээ, судалгааны үр дүнд илрүүлсэн олдворуудаар Үндэсний түүхийн музейд үзэсгэлэн гаргана.
Эх
сурвалж gogo.mn
No comments:
Post a Comment