Thursday, 7 June 2012

Ч.Хашчулуун: МАНАЙХ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ЕВРОПЫН ИХЭНХ ОРНООС ИЛҮҮ ЯВАА

Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунтай байгаль орчны асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт байгаль орчны салбарын бүхий л төлөөлөл чуулж, салбарынхаа талаар ялангуяа тогтвортой хөгжлийн асуудлыг авч хэлэлцлээ. Ер нь Монгол Улсын үндэсний хөгжлийн бодлогод байгаль орчны, тогтвортой хөгжлийн асуудлыг хэрхэн тусгасан бэ?
-2008 онд Үндэсний хөгжлийн цогц бодлогыг УИХ баталсан. Уг бодлогод байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн зарчмуудыг баримтална гэж заасан байдаг. Үүнд нэгдүгээрт, Монгол Улс “Ногоон хөгжил-ногоон эдийн засаг” гэсэн зарчмыг баримтал гэж байгаа. Дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж буй химийн хортой хог хаягдлын хэмжээг багасгах үүргийг улс орнууд хүлээдэг. Манай улс ч ийм үүрэгтэй.
Хоёрдугаарт, цахилгааныг нүүрс бус, аль болох сэргээгдэх эрчим хүчнээс гарган авах, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх гэсэн байр суурь тодорхойлогдсон.
Гуравдугаарт, одоогийн эрчим хүчний ашиглалтыг хэмнэж, хорт хаягдлыг багасгах юм. Эдгээр бодлого нь БОАЖЯнаас гаргасан “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” зэрэг хэд хэдэн хөтөлбөрт тусгагдсан байгаа. Цаашид ч энэ бодлого үргэлжилнэ. “2016 он хүртэлх Монгол Улсын дунд хугацааны тэргүүлэх чиглэл” гэсэн баримтыг манай хорооноос боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан. Үүнийг олон нийтэд танилцуулах үүднээс товчилсон хувилбарыг удахгүй хэвлэлээр гаргана. Уг баримтад 2012-2016 оны Монгол Улсын хөгжлийн бодлогын гол зарчмуудыг оруулсан бөгөөд байгаль орчинд ээлтэй хөгжлийг суурь зарчим хэмээн тусгасан.
-Энэ чиглэлээр тухайлбал ямар бодлого гарч байгаа юм бол?
-Хэд хэдэн бодлого гарч ирсэн. Тухайлбал, БОАЖЯ манай хороотой хамтраад ногоон эдийн засгийн төсөл хөтөлбөр гаргасан байгаа. Энэ нь зөвхөн хог хаягдал багасгах биш, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, эрчим хүчийг тодорхой хэмжээгээр хэмнэх тухай юм. Цаашдаа хэлэлцэх байх. Хувийн хэвшлийнхэн мөн тодорхой хөтөлбөр боловсруулж байна. МҮХАҮТ-аас “Таван 20-ийн бодлого”-ыг боловсруулж, 2020 он гэхэд эрчим хүчний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэдэг болох, эрчим хүчний хэрэглээг 20 хувь хэмнэх зэрэг тодорхой саналууд гаргасан. Энэ бүхнийг харахад төр засаг, хувийн хэвшлийнхний санаа ижил байгаа тул нэгтгээд хөтөлбөр болгон Засгийн газраар батлуулах гэж байгаа.
-Өнөөдөр дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүч ашиглахыг эн тэргүүнд тавьж байна. Өнгөрсөн долоо хоногт өвлийн хотуудын дарга нар манай нийслэлд чуулсан. Тэр үеэр Истоны Вимши хотын дарга Монгол ийм нарлаг байхад яагаад нар, салхины эрчим хүч ашиглахгүй байгаа юм бол гэж гайхсанаа ярьж байсан. Сэргээгдэх эрчим хүчний бодлого манай улсад ямар түвшинд байна вэ?
-Манай улс нар, салхины хувьд хамгийн их нөөцтэй оронд тооцогдож байгаа. Ер нь нар, салхи, ус, газрын дулааны боломжоороо дэлхийд тэргүүлэхэд гайхахааргүй арвин нөөцтэй гэдэг нь тодорхой болсон. Яг энэ чиглэлээр Засгийн газар өнгөрсөн жил 100.000 айлыг нар, салхины эх үүсвэрээр хангах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр олон айл өрх, сумын төв сэргээгдэх эрчим хүч ашиглаж байна. Манай улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 3-5 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байгаа гэсэн тооцоо бий. Зарим үзүүлэлтээрээ манайх Данийн түвшинд хүрэхг үй ч Европын хөгжиж байгаа ихэнх орноос өнд өр үзүүлэлттэй гарсан. Саяхан хоёр усан цахилгаан станц (УЦС) ашиглалтад орууллаа. Гурав дахь УЦСыг барих төсөл яригдаж байна. “Ньюком” компани 70 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг энэ жил ашиглалтад оруулна. “Женерал электрик” компани тоног төхөөрөмжийг нь нийл үүлж буй. Уг станц Ази тив төдийгүй дэлхийд томд тооцогдох сэргээгдэх эрчим хүчний станц болно. Энэ бол манай улс сэргээгдэх эрчим хүчийг идэвхтэй ашиглаж байгаагийн илрэл болов уу.
-Сэргээгдэх эрчим хүч харьцангуй өргөжиж байгаа юм байна. Тэгвэл үнийн хувьд ямар байдаг юм бол?
-Сэргээгдэх эрчим хүчний үнэ өртөг нүүрснийхээс ялимгүй өндөр. Гэхдээ нүүрсний үнэ өсөж байгаа тул цаашид салхины эрчим хүч илүү хямд тусах хандлагатай болчихлоо. Тиймээс энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж, төр, засгаас хувийн хэвшлийг бодитойгоор дэмжин, салхины эрчим хүчийг худалдан авч хүмүүст нийлүүлэх боломж байна. Монгол л гэхэд Африкийн Сахарын цөлтэй зэрэгцэх хэмжээний нарны эрчим хүчний нөөцтэй. Тэгэхээр нарны эрчим хүчийг хөгжүүлэх боломж их гэсэн үг. Гэхдээ хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, нарны том оврын цахилгаан станц барих хэрэгтэй. Саяхан манай хороо энэ чиглэлээр ажилладаг Японы хөрөнгө оруулагч консорциумынхантай уулзсан.
Нарны цахилгаан станц хэд хэдэн төрлөөр байх боломжтой байна. Тухайлбал, нарны эрчим хүч хураах олон зуун тольтой, компьютерийн нэгдсэн удирдлага бүхий системийг Монголд хэрэгжүүлэх бүрэн бололцоотой гэсэн. Үнэ өртөг нь салхи болон нүүрснийхээс өндөр ч манайх энэ чиглэл рүү явах ёстой. Одоогоор хамтарсан судалгаа хийж, мэдээлэл солилцох түвшинд байна. Хоёрдугаарт, бага оврын нарны эх үүсвэр. Засгийн газар энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажилласан. Хөдөөний айл, сум бүр нарны жижиг зай, салхины эх үүсвэр ашиглан зураг, DVD үзэж, гар утас ашиглаж байна. Гэвч одоо байгаа нарны зайн хүчин чадал нь харьцангуй сул.
Өөрөөр хэлбэл, хөргөгч, хөлдөөгч гэсэн том оврын цахилгаан төхөөрөмж ажиллуулах боломжгүй. Тэгэхээр бид эхний ээлжинд нар, салхины эрчим хүчний ашигт үйлийн коэффицентийг нэмэгд үүлэх хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал Монголын эдийн засагт томоохон өөрчлөлт авчирна. Өнөөдрийг хүртэл малчид сүүгээ зах зээлд нийлүүлж чадахгүй байгаа. Бүх аймгийг засмал замаар холбосон ч замаас 100-200 км зайтай айлууд тэр хүртэл сүүгээ хүргэж чадахгүй. Харин айл бүр хөлдөөгч ажиллуулдаг болчихвол манай улс сүүний хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой болно. Мах ч мөн ялгаагүй.
-Тэгвэл нарны эрчим хүчний чадлыг хэрхэн сайжруулах вэ?
-Шинэ технологи бүхий орчин үеийн нарны зай оруулж ирэх ажлыг төрөөс зохион байгуулах хэрэгтэй. Тэгвэл хот суурин гэлтгүй иргэн бүр түүнийг ашиглах боломжтой болно. Яг энэ талаар манай хорооны Шинэтгэлийн газрын дарга Ганбат Японд очиж “Мицүбүши”-гийн нарны зайн үйлдвэрлэлтэй танилцаад ирсэн. Технологи нь эрчимтэй хөгжсөн гэж байна. Үүлэрхэг байхад ч цахилгаан үйлдвэрлэх чадалтай зай бий болжээ. Японд болсон цунами, газар хөдлөлтийн дараа цахилгааны хэрэглээг бууруулахын тулд айлуудын цахилгааныг хязгаарлах болсон. Энэ хүрээнд айл болгон байшингийнхаа дээвэр дээр нарны зай угсардаг болсон.
Японы хамгийн сүүлийн үеийн нарны зай үр өгөөж өндөртэй тул айлууд үйлдвэрлэсэн цахилгаанаа ашиглаад, илүү гарсныг нь улсдаа зарж байна. Ингэснээр зарим айл сард 300 ам.долларын борлуулалт хийж байгаа гэсэн. Тэр нарны зайг суурилуулах нь өртөг өндөртэй л дээ. Тийм ч учраас ийнхүү мөнгө олох эрчим хүчний менежмент, удирдлага зохицуулалтын шинэ тогтолцоог бий болгосон байгаа юм. Түүгээр барахгүй ухаалаг гар утас гэдэг шиг ухаалаг эрчим хүчний сүлжээ буюу “smart grid”, “smart home” гэсэн ойлголт гарч ирсэн байна.
“Smart home” гэдэг нь энгийн байшинг компьютерийн системтэй болгож, цахилгааныг автоматаар удирдан, эрчим хүчийг хэмнэдэг байшин юм. Хүнгүй үед гэрэл, залгуур гээд бүгдийг нь цахилгаанаас салгадаг. Смарт грид гэдэг нь хот, улсын хэмжээнд эрчим хүчийг зөв зүйтэй ашиглаж хэмнэдэг систем. Манай өмнөд хөрш смарт сити буюу ухаалаг хотыг хүртэл шинээр байгуулж байна. Гудамжны гэрэлтүүлгээс эхлээд хотын бүх төлөвлөлт нь эрчим хүч хэмнэхэд чиглэсэн. Санаа авах зүйл их байгаа. Манайд заримдаа өдрийн цагаар гэрлийн шонгууд асаалттай байдаг. Үүнийг нэгдсэн удирдлагатай болгох хэрэгтэй. Бага мэт боловч энэ нь их хэмжээний эрчим хүч хэмнэнэ.
-Дэлхий нийтээрээ АЦСаас татгалзаж байна. Харин манай үндэсний хөгжлийн цогц бодлогод Монголд атомын цахилгаан станц (АТЦ) байгуулах тухай тусгасан гэж байсан. Энэ нь байгальд ээлтэй, ногоон хөгжлийн талаарх дээр асуудлуудтай нийцэхгүй юм биш үү?
-АЦС, уран ашиглах талаар яриа их өрнөж байгаа. Гол нь өнгөрсөн онд Японд болсон аймшигтай газар хөдлөлтийн үр дүнд учирсан цөмийн энергийн бохирдолтой холбоотой. Уг нь манай үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд 2020 он гэхэд АЦС барина гэж заасан байдаг. Энэ чиглэлээр манай цөмийн энергийнхэн холбогдох компаниудтай судалгаа хийгээд, урьдчилсан таамаг дэвш үүлсэн байгаа. Гэхдээ шууд хэлэхэд одоохондоо манайх боловсон хүчний тал дээр ч, технологийн хувьд ч энэ салбарыг хөгжүүлэхэд бэрхшээл ихтэй байна.
АЦС-ын асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ чиглэлээр сүүлийн үед Япон, БНСУ, Франц болон бусад оронтой хамтын ажиллагаа их өрнөж байгаа. Гэхдээ голдуу уран олборлох, боловсруулах тал руугаа чиглэсэн. Ер нь уран олборлох, боловсруулахад манай улс бүрэн бололцоотой гэж болно. Үүгээр нэмүү өртөг бий болгох боломж бий. АЦС барих асуудал одооноос л яригдаж эхлэх ёстой. Үндэсний хөгжлийн цогц бодлогод өөрчлөлт ороогүй учраас одоохондоо цахилгаан станцыг барих үзэл бодол хэвээрээ ч эргэж харах бололцоо бас бий.

No comments:

Post a Comment