Wednesday, 6 June 2012

Түүнийг аяллын нэвтрүүлгүүдээр нь Монголын ард андахгүй сайн танина. Түүнтэй гэр бүл, хайр, жинхэнэ эр хүний тухай цөөн хором ярилцсанаа уншигчдадаа хүргэе.
-Танайх ам бүл хэдүүлээ вэ? Өөрийгөө хэр сайн аав гэж боддог вэ?
-Би ч сайн аав биш дээ. Эхнэр, хүүхдүүдэдээ хайртай байхаас цаашгүй. Манайх чинь хоёр охинтой айл. Би гэр бүлийнхэнээ "миний охидууд" гэж дуудах дуртай. Бас "миний гурван бурхан" ч гэж өхөөрддөг. Эхнэрээ би өөрийнхөө охин гэж ярьдаг юм. Одоо харин манайх бүл нэмээд нэг шинэ хүүтэй болж байгаа. Тэр маань миний хүргэн "номинаци"-д тохирсон хүү байгаа юм. Би ч гурван охиноо эрхлүүлэхээс  цаашгүй аав даа.
-Гэртээ байхдаа хэр яриасаг вэ?
-Би гэртээ ороод  ном, интернэт, зурагт үзээд  нэг  их зүйл гэрийнхэнтэйгээ ярьдаггүй. Ер нь бол манай гэр бүлд нэг жишиг  байдаг. Асуудал гарвал хоорондоо ярилцдаг. Хоёр гуравхан  өгүүлбэрт шийдэгдэнэ. Задлаад цааш нь яриад хурал болгоод байдаггүй. Энэ  нэг талаасаа  буруу  чанар л даа.  Уг нь би залуугаасаа  гэр бүл дотроо асуудлаа ярилцаж,  шийдэж байх ёстой гэдэг тийм орчинд өссөн ч  тэгж чаддаггүй юм. Би бол гэр бүлдээ нэг их ёсорхуу, гоё байх гээд арга ядаад байдаг тийм хүн биш. Зүгээр л ямар ч  ааш аяг гаргахгүй, байгаагаараа байж байх нь сайхан. Барууныхан бол  гадуур явж гэртээ орж ирээд л бүх зүйлээ ярьдаг. Гэтэл бид сэтгэх зан төрх нь өөр.  Монголчууд бол харьцах ёстой үедээ л харьцдаг гэж би боддог.
-Хамгийн сүүлд  хэзээ  охидтойгоо дотно ярилцсан бэ?
-Бас их сонин. Би оюутнуудад бусад хүмүүст мэдлэг, амьдралын тухай  их сайхнаар ярьдаг.  Гэтэл гэр бүлийнхэнтэйгээ тийм зүйлийг  ярьдаггүй. Учир нь  энэ бол албархаад л яриад байх зүйл биш.  Бид хамт байж  байхад мэдэрч байдаг, ярихаас илүү өөр нэг хэлээр ойлголцдог. Хамгийн сүүлд охиндоо /зургийн сургуульд сурдаг хүүхэд л дээ/ би өөрийн урлагийн тухай үзлээ ярьж өгсөн. Бас нэг азтай гэмээр тохиолдол саяхан боллоо. “Аравт” киног гэр бүлээлээрээ үзлээ. Яагаад гэвэл би театрт очилгүй 4-5 жил болсон байна. Тэр киноны талаар бид сайхан ярилцсан. Охид маань уг киноноос их сонин зүйлийг олж харсан байсан. Би гэхэд л том охиноо “ямар их эх оронч хүн юм бэ” гэдгийг нь мэдэрсэн.
 -Өчигдөр та хэдэн цагт харьсан бэ?
-Шөнийн 2 цагт харьсан. Ойрын үед нэг төсөл дээр маш их цаг гаргаж, ажиллаж байгаа юм.  Миний мэдэх бизнесмэнүүд  гэртээ үргэлж  л шөнө дунд харьдаг учир нь өдөр бол ажлын цаг, эрчүүдийн нээлттэй байх цаг ажлын бус цаг шүү дээ. Сайн, саар бүх зүйлийг хийх цаг нь энэ юм. Гэхдээ аливаа зүйлийг ухамсарлах  ухаан  хүнд өөрт нь л байх ёстой.
-Баяр ёслолын биш өдрөөр гэрийнхэндээ гэнэтийн бэлэг өгдөг үү?
-Өгч байсан. Би боломж гарвал яг тохирсон зүйлийг хэн нэгэнд өгч чаддаг тийм л хүн.  Ер нь манай хүн бол бэлэг энэ тэрд амархан баярладаг сайхан сэтгэлтэй хүн. Харин би өөрөө бүдүүлэг, өөрийнхөө төрсөн өдрийг ч хүртэл заримдаа мартчихсан явдаг юм. Би бэлэг авах ёстой үедээ, авахгүй ч байж болно шүү дээ гэсэн бодлоор өөртөө хаалт тавьдаг. Харин яг баяр ёслолоор гэр бүлийнхэндээ  сайхан бэлэг  өгөх сөн гэж чин сэтгэлээсээ хүсч, хичээдэг. 
-Та гэрийн  ажилд оролцвол ямар ажилд идэвхитэй оролцдог вэ?
-Би хоол ховор хийдэг л дээ.  Хоол хааяа хийхдээ  сайхан амрах шиг болдог. Манай гэрт нэг “сүлд хоол” байдаг юм. Тэрийг би хааяа хийдэг. Үхрийн чанасан мах, төмс, чанасан гурил, хажууд нь  ногоо, сүүтэй цай.  Ховорхон хийдэг аавын нэрэмжит хоол.  Би  өөрөө хормогч  зүүгээд гал тогоонд эргэлддэг эрчүүдэд нэг их дуртай биш.  Ер нь эр хүн  өөрийн биш чанар луугаа яваад ирэхлээр эрмэг,  эрэгчин чанараасаа холддог. Миний мэдэхээр гэртээ эмэгтэй хүн шиг гэрийн ажлаа хийдэг, хүүхдээ цэцэрлэгээс нь авдаг нөхөртэй жаргачихсан хүүхнүүдээс сэтгэгдэлийг нь асуухад тэд жинхэнэ хаан шиг эр хүнийг хүсдэг байх жишээ олон бий. Германд  бол гэр бүл дотор  эр хүн ч  бай, эхнэр нь ч бай, хүүхэд нь ч бай “би” гээд л дуугарахад хэн ч үгүйсгэж чаддаггүй, хэтэрхий хүний эрхийг хамгаалчихсан. Японд  бол хэтэрхий  сонгодог хэлбэр буюу  гэр бүлийн гишүүд  өөр өөрсдийн байранд хадагдчихсан байдаг.  Эхнэр юу хийх ёстой түүнийгээ л хийнэ.
-Тэгвэл Монгол аавуудын мөн чанар нь?
-Би Монгол эрчүүдийг хаан шиг байдаг байгалийн чанараа хадгалж үлдээсэй гэж хүсч явдаг хүн. Жинхэнэ сонгодог гэр бүл талын Монголд л байдаг. Нөхөр нь ойчоод өгөхөд  эмэгтэйчүүд өрхөө тэргүүлдэг, хаан  дайнд  мордоод  эргэж ирэхгүй бол хатад төрийн эрхийг барьдаг. Тийм  сайхан  зүйл Монголд  минь л бий.  Харин ирээдүйд Монголын аавууд их хэцүү болох байх. Хэтэрхий их ёсорхуу, барууны дэлгүүрт ороход худлаа инээмсэглэдэг эрчүүд шиг болох вий. Бидэн шиг таагүй байгаа бол таагүй байгаагаа хэлдэг, яг гоё байгаа бол  гоё байгаагаа хэлдэг. Хэнэггүй ч юм шиг, гэхдээ цаанаа их зүйлийг боддог. Тийм эрчүүд эрч хүчтэй шүү дээ. Матар хочтой Дандигаас авахуулаад.
-Таныхаар жинхэнэ  эр хүн ямар байх ёстой вэ?
-Эр хүн жинхэнэ эр хүнийхээ амьдралыг дагаад ирэхлээр гэр бүлийн баяр баясгалан дотоод юмыг хуваалцаж чадахаа больчихдог.  Эр хүн  гэр амьтай  байна гэдэг  гэрээ л бөөцийлдөг нэгэн болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл нөлөө багатай эр хүн зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ л цагийг өнгөрөөдөг. Нөлөөтэй эр хүнд бол гэр бүлийн амьдрал нь түүний амьдралын зөвхөн нэг л хэсэг нь байдаг. Жишээлбэл, Чингис  хаан хүүхдүүдээ ууланд дагуулж яваад, морь унахыг сургаагүй,  түүний ар талыг гэр бүлийг нь авч явдаг хүмүүс байсан. Гал тогоонд хормогч зүүгээд,  дэлгүүр лүү тор бариад гардаг аав бол  гоё аав, сайн аав гэхдээ жинхэнэ эр хүн байж  чадахгүй. Гэхдээ ажил ихтэй ч байсан эрчүүд маань эхнэрээ сэтгэл гаргаж байх үед нь хааяахан ч болов гэртээ эрт очиж байх нь маш чухал.
-Таныхаар эр хүний нийгэмд эзлэх байр суурь нь нэмэгдэхийн хэрээр аав байх хариуцлага нь багасна гэсэн үг үү?
-Үнэндээ эр хүний амьдралд нийгмийн хариуцлага, том бүлгийн хариуцлага өөрөөр хэлбэл компани, улс төрийн тухай яригдаад эхлэхээр гэр бүлдээ зарцуулах цаг нь багасдаг. Бүр түүндээ автах юм бол гэр бүлдээ цаг зав зарцуулах боломжгүй болдог. Учир нь тэр зөвхөн гэр бүлээ хариуцах биш, улс орноо, ард иргэдээ хариуцаж эхэлдэг. Эр хүний тулаан энэ. Дээр хэлсэнчлэн хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлээд жинхэнэ  сайн эрчүүдийн гэр бүл нь түүний амьдралын нэг л хэсэг болж байсан.  Гол зүйл нь байгаагүй. 
-Эмэгтэйчүүд эрчүүдээр “амьдралын гол утга учир бол миний гэр бүл” гэж хэлүүлэхийг хүсдэг шүү дээ?
-Гэхдээ аль ч  тохиолдолд  ямар ч хаан байсан, түүний  эцсийн  хамгаалах гол тулаан нь гэр бүлийнхээ төлөө л байдаг.  Хаанд Ираныг, Персийг эзлэх нь чухал байсан ч гэр бүл нь аюулд орсон бол мэдээж гэр бүлээ л гэдэг байсан. Тэр дундаа Монгол эр хүн. Бусад эр хүн бол соёл, ёс суртахуунаасаа болоод  гэр бүлдээ хэтэрхий илэн далангүй хандаж, бүх л зовлонгоо яриад байдаг. Харин монгол эрчүүд бол өөр шүү. Өр ширэнд баригдсан ч юмуу,  ажил нь амжилтанд хүрэхгүй байсан ч  эхнэртэйгээ хуваалцахгүй, түүнийг зөвхөн өөр өөртөө л үүрч байдаг. Жишээ нь: Монгол эр хүн  нууц амрагаа хэзээ ч эхнэртээ барьж өгдөггүй,  баригдсан байсан ч илчилдэггүй.  Энэ бол гэр бүлийн үнэ цэнээ нураахгүйн тулд, энэ сэдвийг нээлттэй байлгаж  гэр бүлээ эвгүй байдалд оруулахгүйн тулд хийж байгаа үйлдэл. Эхнэрийнх нь хүлээлгэсэн итгэл байнаа гэдгийг сайн мэддэг хүмүүс байдаг. Харин гадаад эрчүүд бол эхнэр нь мэдээ ч үгүй байхад өөрөө очиж хэлдэг. “Уучлаарай, би ийм зүйл хийчихлээ” гээд л. Гэр бүл гэдэг бол хууралтанд бүдрээд салдаг тийм хэврэг байж болохгүй. Харин үнэн худлыг өөрөөр хэлбэл хэцүү, хатууг даван туулаад бат бөх амьдрахын нэр юм.
Цаг завгүй, гэрийн бараа хардаггүй аавын хайрыг яаж мэдрэх болж байна?
-Амжилт сайтай гэр бүлд аавын орон зай маш чухал. Ийм гэр бүл аавтайгаа байх  тэр хэсэгхэн хормыг маш үнэ цэнэтэй өнгөрөөдөг. Аавын хайр нь гэр бүлийн бүх гишүүд ааваараа бахархаж байдаг тэр мөч бүрт илэрч байдаг.
-Орчин үеийн залуусын тухайд?
-Хүмүүс их өөрчлөгдөж байна. Одоогийн залуучууд цэцгэнд баярладаг болж. Хуучин бол  цэцэг бэлгэнд авах нь их инээдтэй санагддаг байлаа. Тал дүүрэн алаг цэцэгс байсан юм чинь. Бас ялих шалихгүй юман дээр “баярлалаа, баярлалаа” гэх болж. Жаахан дээхэн үед “баярлалаа” гэхэд хариуд нь “юунд нь баярлах вэ дээ” гэж хэлдэг байсан даа. Баярлалаа гэдэг үгийн үнэ цэнэ алга болчихсон. Одоо манай залуус Солонгос кинон дээр гардаг царайлаг, эмэгтэйлэг, нарийхан турьхан бие хаатай, уйлдаг, ялих ялихгүй юман дээр гоншигонсон, эмзэг болж байна. Эмэгтэйчүүд нь тэднийгээ аргаддаад л... Үүнд их харамсдаг даа. Жинхэнэ монгол эр хүн хөдөө л үлдэж байх шиг байна.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
www.emegteichuud.mn 

No comments:

Post a Comment