Thursday, 7 June 2012

Мисс Б.Бадамцэцэг: Намайг Мянганбаярын ээлжти амраг болсон гэхэд огт эмзэглээгүй.

Мисс Батмөнхийн Бадамцэцэг гэхээр хүмүүс, "Хэцүү анги"-ийн Гэрэлээ юу гэдэг. Тийм ээ, "Хэцүү анги" киноны гол дүр, ухаалаг, даруухан охин Гэрэлээг Factnews.mn сайт өнөөдрийнхөө  зочноор урилаа. Харин түүнтэй ярилцаж байхад даруухан гэхээсээ илүү дэггүй гэж дүгнэхэд хүрсэн юм. Гэхдээ л түүний яриа ялдам инээмсэглэл шигээ зөөлөн гэгээлэг.

- Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.  Б.Бадамцэцэгээр сонин сайхан юу байна?
- Намайг зочноор урисан танай сайтын хамт олонд баярлалаа. Хамгийн сүүлд  ”Валентины захидал” нэртэй шинэ уран бүтээлд тоглосон. Энэ кино маань жил гаруй хугацаанд бүтлээ. Кино зохиол, жижиг хэрэглэл, ивээн тэтгэгч гээд л кино бүтээхэд хэрэгтэй бүхнээ хөөцөлдсөөр яваад л ийм цаг хугацааг тууллаа. Харин киноны зураг авалт сар гаруй үргэлжилсэн. Би Мөнхжин гэдэг охины дүр бүтээсэн. Дөнгөж сургуулиа төгсч ирээд телевизэд дадлага хийдэг. Тэр телевизэд нь Өнөрөө гэж жинхэнэ олны анхаарал татсан хөтлөгч байдаг. Тэгээд л Өнөрөө, Мөнхжин хоёроор киноны үйл явдал өрнөнө дөө.

- Хүүхэд насныхаа нандин дурсамжаас хуваалцаач. Б.Бадамцэцэг багадаа ямар охин байсан бэ?
-Би багадаа нэлээд сахилагагүй хүүхэд байсан. Ээж аав ажилтай болохоор, хааяа хамаатны ах эгч нараар харуулдаг. Тэгээд, тэд нэг өдөр хараад л, “Танай хүүхдийг дахиж хэзээ ч харахгүй” гэсээр үгээ барцан сууж байдаг байсан гэсэн. Ер нь хоёр эрэгтэй хүүхдийн дайтай гэж ярьдаг байсан. 

- Сонирхолтой л юм. Үзэгчид "Хэцүү анги" киноны Гэрэлээгийн дүрээр даруу төлөв, ухаалаг охин гэж төсөөлдөг. Гэтэл амьдрал дээр өөр байх нээ?
-Гэхдээ хүний зан ариншин жил жилээр өөрчлөгддөг юм шиг ээ. Багадаа томоогүй байсан. Харин дунд сургуулийн бага ангид байхдаа айлийн ганц хүүхэд байсан болоод ч тэрүү, их жожиг хүүхэд байлаа. Харин дөрөвдүгээр ангиасаа энд тэндэхийн тэмцээн уралдаанд оролцоод, нээлттэй нийтэч болсон. 
- Б. Бадамцэцэг “Монголын мисс” болж байсан үеэ дурсвал сонин байх болов уу. Тухайн үед өөрийгөө мисс болно гэдэгт итгэлтэй байсан уу?
-Ямар нэгэн тэмцээн уралдаанд ороход, өөртөө итгэлтэй байж амжилт гаргана л даа. Тийм учраас, мэдээж тодорхой хэмжээгээр итгэлтэй байсан. Гэхдээ пиналын үеэр бол өөрийгөө Монголын мисс болчихно гэж ерөөсөө төсөөлөө ч үгүй. За, ямар ч байсан шагналтай л буцаж байвал боллоо гэж байтал, Монголын мисс болсон. Тухайн үед миний нэрийг Батцэцэг гээд дуудчихсан болохоор өөртөө итгээгүй зогсоод л байсан. Гэтэл миний хажуугийн охин “Чамайг дуудаад байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд өөртөө итгээгүй, алхсаар шагналаа авч байлаа. Яагаад гэвэл, хоёрдугаар байранд Батцэцэг гэдэг охин орсон болохоор, энэ хооронд ямар нэгэн андуурал гараад байна гэсэн бодолтой шагналаа гардаж байлаа.

- Монголын миссд олон сайхан охид оролцож байсан. Тэдний дундаас хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?
-Миний хувьд бүх л охид хүчтэй өрсөлдөгч байсан. Тэдний дундаас хоёрдугаар байранд орсон Батцэцэг, “ Air Mongolia miss”  Алтанзул байсан. 

-Б.Бадамцэцэгийг “Miss International-2010” тэмцээнд оролцож байхдаа, гадаадын хэд хэдэн хэлээр ярилцлага өгч, “Хятад ханзаар хэн сайн бичих вэ” уралдаанаас өндөр оноо авсан гэж сонссон?
-Бид нар “Панда таун” гэдэг газар очоод, бүх охид адилхан майк өмсөөд бие биенийхээ нуруун дээр пандагийн тухай ханз бичиж уралдсан. Тэр үед хамгийн түрүүнд, хамгийн гоё бичсэн миссээр намайг шалгаруулсан юм. 

- Та “Би мод л зурдаг. Бусад юмыг зурж чаддаггүй” гэж ярьдаг юм билээ. Яагаад зөвхөн мод гэж...?
- Модыг би амьдрал гэж төсөөлдөг. Модны уг үндэс бол бидний өвөг дээдэс. Монгол гэдэг энэ агуу улсыг бүтээсэн хүмүүс. Харин мөчир болгон нь хүний хамаатан садан гэж боддог. Тухайлбал, нэг хүний удмыг судлахад хэдэн мянган салаа мөчир болон ургасан байдаг. Одоо ч тасраагүй. Түүнчлэн мөчир бүрээс ургасан навч бүхэн миний эргэн тойронд амьдарч буй ойр дотнын хүмүүс, найз нөхөд минь. Харин бүдүүн ишийг нь би өөрийгөө гэж төсөөлдөг. Басхүү модноос салж байгаа том мөчир бүхэн миний амьдралын зам юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл, модны мөчир хэзээ ч доошоо ургадаггүй. Үргэлж дээшээ тэмүүлдэг. Энэ ч утгаар нь модыг их бэлгэшээж явдаг юм. Бас миний хамгийн их хэлэх дуртай үг бол "Мод хэдий сайхан ч үндэс нь хагдарвал иш, мөчир, навч бүхэн нь хагдарна" гэж хэлэх дуртай.

- Сүүлийн үед миссүүд, ногоон дэлхий гэж их ярих болжээ. Үүнтэй холбогдуулан мод тарьж, цагаан хоолтон болж байна л даа. Б.Бадамцэцэгийн хувьд энэ зүйлст хэрхэн ач холбогдол өгдөг вэ?
- Мод тарих тал дээр бодсон зүйл байгаа. Харин цагаан хоолыг манай гэр бүл долоо хоногийн нэг юм уу, хоёр өдөр л иддэг. Түүнээс биш яг 100 хувь цагаан хоолтон больё гэж боддоггүй.
- Хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Уншигчид жүжиглэх авьяасынх нь талаар асуугаасай гэж хүсч байгаа байх?
-"Хэцүү анги" кинонд хамгийн анх дүр бүтээж эхэлсэн. Миний найз дэлхийн   шатрын аврага Энхтуул намайг ийш нь хөтөлсөн. Яг энэ мөчид, Энхтуул бид хоёр бие биенийхээ амжилтад нөлөөлдөг юм байна гэж бодогдлоо. Юу гэхээр, би Энхтуулыг шатрын спортод амжилт гаргахыг нь мэдсэн юм шиг энэ спортод хөтөлсөн. Харин Энхтуул намайг кинонд тоглох зам руу хөтөлсөн юм. Бага байхдаа анх би найзыгаа шатрын дугуйланд явъя гээд, хамт хичээллэж байсан. "Хэцүү анги" киноны сонгон шалгаруулалтад Энхтуул намайг дагуулж очсон. Гэхдээ кино гэж хэлээгүй. Намайг дургүйг мэддэг учраас хоёулаа нэг материал өгчихөөд ирье гэж хэлсэн юм. Тэгээд очтол, миний анкетыг бөглөчихсөн байсан. Хэрэв намайг татгалзах юм бол Энхтуул шатраа орхино шүү гэж хэлсэн. Тэгээд п бид хоёулаа шалгаруулалтынхаа хоёрдугаар шатанд тэнцсэн. Харин  Энхтуул Азийн аваргын тэмцээнд явахаар болоод киногоо орхиж байсан.

- Мэдээж мэргэжлийн биш учраас, кинонд тоглоход хэцүү зүйл их гардаг байх?
-Тэгэлгүй яахав. Жүжиглэх үед уйлах, инээх гэх мэт янз бүрийн хувирал гаргахад, надад мэдэхгүй зүйл зөндөө гарч ирдэг. Гэхдээ хамт тоглож байгаа жүжигчид маань намайг аваад явчихдаг учраас тэднийхээ хүчээр, бэрхшээлүүдийг амархан даваад гарчихдаг. Энэ дашрамд надад тусалж, намайг дэмжсэн хүмүүст баярлалаа гэж хэлье.

- Ингэхэд Б.Бадамцэцэг яагаад жүжигчин болоогүй юм бэ?
-Яагаад ч юм жүжигчин гэдэг надаас хол, ирээдүйгүй санагдсан.

- Яагаад, жүжиглэх авьяас бий гэдэгтээ итгээгүй юм уу. Эсвэл Монголын кино урлагийн хөгжилд итгэсэнгүй юу?
-Үгүй дээ. Надад өөр хүсэл мөрөөдөл байгаа болохоор, энэ зүйлд зориогүй. Хүн чинь сэтгэлээсээ хүссэн, зорьсон зүйлдээ л илүү их амжилт гаргана шүү дээ. Түүнээс биш Монголын кино урлаг одоо маш их хөгжиж байгаа. Цаашдаа ч улам их хөгжинө гэдэгт эргэлздэггүй.   

- Та загварын ертөнцөд сэтгэл татагдаж оров уу. Эсвэл энэ санаандгүй тохиолдол байв уу?
- Загварын тал дээр манай  Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн хөдөлмөр, дизианы багш Бор маш их нөлөөлсөн. Манай сургууль дээр жил бүр “Шилдэг юбик” гэдэг тэмцээн болдог байсан. Тэр тэмцээнд Бор багш маань намайг ороод үз гэсэн. Багшийнхаа үгэнд итгээд ортол тэргүүн байранд орчихож билээ. Тэр бол миний хамгийн анхны загварын тайз байсан. Түүнээс хойш  2008 онд "Vнсгэлжин" тэмцээнд оролцож тусгай байрт шалгарсан. Энэ шагнал миний амьдралыг өөрчилсөн.  Шагналыг дагалдаж, “Азийн модель” агентлагт суралцах эрхтэй болж, Ч.Содтуяа багшийн шавь болсон юм. Харин 2009 онд "Vнсгэлжин" тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож, тэргvvн байрын эзэн болсон. Мөн "Монголжингоо" тэмцээний тэргvvн байрт шалгарч байлаа.

- Сэтгэхүйн далд тэмцэл явагддаг салбар бол загварын ертөнц. Атаа жөтөө, бие биеэ шоглох явдал бишгүй гардаг. Өөрт чинь иймэрхүү зүйл тохиолдож байв уу?
- “Үнсгэлжин” тэмцээнд оролцож байх үедээ шатнаас түлхүүлж байсан. Тэр үед шагайгаа гэмтээчихсэн юм. Гэсэн ч тэмцээндээ амжилттай оролцсон. Өөрөөр бол тийм зүйл тохиолдож байгаагүй ээ.

- Алдартай загвар өмсөгчдөөс хэнийг нь илүү хүндэлж, үлгэр дууриал авдаг вэ?
- Топ модель Д.Пүрэвсүрэн, Э.Одгэрэл нараас үлгэр дууриалал авдаг. Пүрэвсүрэн эгчийн ааш зан, биеэ авч яваа байдал гээд бүх зүйл нь надад маш их таалагддаг. Эмэгтэй хүн түүн шиг л байх ёстой юм шиг санагддаг. Бас миний бодлоор Ч.Содтуяа багш маань төгс эмэгтэй хүн. Яриа, ухаалаг байдал, намбалаг төрх тэр бүхэн нь надад маш том үлгэр дууриал болдог.

- "Гоёл" наадамд хэзээ хүч сорих вэ. Мэдээж, энэ замыг сонгосон юм чинь топ модель болохыг зорино байх?
-Миний хувьд тийм бодол байдаггүй. Яагаад гэвэл, эмэгтэй хүн бүрийн хүсч явдаг зүйлийг би өөртөө авчихсан. Тэгээд ч одоохондоо мэргэжил маань чухал байна.

- Өөрийг чинь нvvр ам судлалын ангид сурдаг гэж сонссон. Сvvлийн vед бvсгvйчvvд гоо сайхны хагалгаа их хийлгэдэг болж. Vvнийг юу гэж боддог вэ?
- Би энэ талаар дэмждэг. Монголд бол ерөнхийдөө гоо сайхны мэс засал гэдэг зүйл нэр хүнд муутай шүү дээ. Ер нь би гоо сайхны мэс засалд орж байгаа бүсгүйчүүд төдийгүй, эрчүүдийг маш их хүндэлдэг. Яагаад гэвэл, тэр хүмүүс маш их зоригтой байна. Хэрвээ хүн өглөө босоод толинд харахдаа өөртөө сэтгэл дундуур байдаг бол, яагаад өөрийгөө өөрчилж болохгүй гэж. Өөрийгөө  өөрчилснөөр тэр хүний ирээдүйд  маш том өөрчлөлт гарч, өөртөө итгэх итгэл нь бий болсноор зоригтой болно. Зоригтойгоор өөрийнхөө ирээдүйг өөрчилж чадна. Тиймээс Монголд нэр хүнд муутай байгаа энэ мэргэжлийг эерэгээр өөрчлөхийг хүсдэг.

- Тэгвэл отгон мисс маань өөрийн гадаад төрх, бие галбиртаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ. Пластик мэс засал хийлгэх бодол байдаг уу?
- Би өөрийнхөө одоогийн төрхөнд сэтгэл хангалуун байдаг. Би ээжээс төрөхдөө л ийм байсан учраас энэ дүр төрх, бие галбиртаа хайртай. Тэгээд ч би энэ л төрхөөрөө, Монголын мисс болчихсон шүү дээ. 

- Сүүлийн үед миссийн тэмцээн олон болж байгаад шүүмжлэлтэй хандах болж. Мисс хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
- Энэ нь сайн, муу хоёр талтай юм шиг. Сайн тал нь олон сайхан охидыг нээж байгаа явдал. Тэгээд ч багадаа мисс, загвар өмсөгч болохыг хүсдэггүй охид байхгүй шүү дээ. Харин аливаа юм хэтрэхээрээ, онцгүй, сонирхолгүй болдог болохоор миссийн тэмцээн олширч байгаа нь, “мисс” гэдэг үгний үнэ цэнийг бага зэрэг унагаж байх шиг санагддаг.

- Мисс гэж яг ямар байх ёстой юм болоо?
- Эмэгтэй хүн гаднаасаа ч, дотроосоо ч гэрэлтэж байж жинхэнэ гоо үзэсгэлэнтэй харагддаг. Хэрэв бүсгүй хүн гадаад үзэмж төгс байлаа ч, бодол санаа, харьцаа муутай бол сайхан бүсгүй гэж харахгүй шүү дээ. Харин эсрэгээр намхан, бие галбир муутай ч, хэл яриа, сэтгэлээрээ бусдын хайрыг татдаг хүн илүү дээр шүү дээ. Мисс хүнээс дотоод, гадаад гоо сайхан аль аль нь гэрэлтэж байх ёстой.

- Загварынхан мэдлэг нимгэн, хөнгөн амьдрал сонгодог гээд хүмүүс ам муутай байдаг?
- Миний таньдаг хүмүүс болоод, миний үеийхэн мэдлэг боловсролдоо маш их анхаарч байгаа. Харин хөнгөн амьдралтай гэдгийн тухайд, хувь хүний ухамсараас л шалтгаалах байх даа. Загварын бүсгүйчүүдийг бүгд тийм гэвэл худлаа. 

- Өөрийг чинь “Ц.Мянганбаярын ээлжит амраг болсон” гэх яриа гарсан. Энэ талаар..?
- Тэр үед, ийм мэдээ сонин дээр гарсан гэж сонссон. Гэхдээ би олж уншаагүй. Гэрийнхэн маань хамт байсан болохоор, түүнд ач холбогдол өгч эмзэглээгүй. Тэмцээн дуусгаад гэрийнхэнтэйгээ хамт хоолонд орчихоод, харьцгаасан.

- Мөн Б.Бадамцэцэгийг “Miss International-2010” тэмцээнд  явуулах хэрэг байна уу. Их тарган байна гээд л зарим хүмүүс шүүмжилж байсан?
- Тэр үед, яг үнэнийг хэлэхэд маш их сэтгэлээр унаж байсан. Юу нь болохгүй байгаа юм бол, яагаад болохгүй гэж гээд л бодож байсан. Харин ээж маань, “Наадахаа уншихдаа, чамд зөвлөгөө өгч байна гээд уншаад үз дээ” гэсэн. Тэгээд ээжийнхээ хэлснээр, зөвлөгөө болгоод уншсан чинь сэтгэл уужраад гайгүй болсон. Одоо намайг муулж хэлсэн хүнд их талархдаг шүү би. Тэгээд ч, хүн өөрийнхөө дутагдлыг олж харж чаддаггүй болохоор, тэр хүмүүст баярладаг болсон.

- Олны танил байх таалагдаж байна уу?
- Нэг талаараа гоё, нөгөө талаараа хэцүү.

- Яг юу нь?
- Би автобусанд суух дуртай. “Хэцүү анги”-д тоглосныхоо дараа автобусанд суугаад явж байтал, хүмүүс “Энэ нөгөө Хэцүү ангид тоглодог охин байна. Энэ одоо ингэж явдаг юм байх даа” гээд л яриад байсан. Гэтэл нэг хүүхэд “зургийг чинь авъя” гээд л утсаараа зураг аваад байсан. Тэр үед автобусанд байсан бүх хүмүүс хараад их хэцүү байсан. Гэхдээ ингээд ярьсан чинь автобусаар зорчмоор байна шүү. Харин сайхан нь гэвэл, танилын хүрээ тэлэгдэж байгаа. Түүнийгээ дагаад олон зүйлийг мэдэж авч байна.

- Сая такситай явж байна гэсэн. Б.Бадамцэцэг 18 нас хүрсэн үү, хэзээ жолоо барих вэ?
- 18 хүрчихсэн болохоор удахгүй  жолоо барина.

- Мэдээж мисс бүсгүйн ярилцлагаас найз залуутай эсэхийг нь сонирхох залуус олон байгаа байх?
- Надад цаг, зав маш бага байдаг учраас одоогоор найз залуу байхгүй.

- Чамаас үлгэр дууриал авдаг охид олон байдаг. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?
- Өөрийн дотор хүнээ ялан дийлж чадвал, та нарын өмнө маш том боломж, амжилт хүлээж байгаа. Чиний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол чи өөрөө байдаг. Чи өөрийгөө ялан дийлж, зоригтой байж чадах л юм бол өмнө нь төсөөлж ч байгаагүй сайхан бэлэг гарч ирэх болно. Бас ээж, аавыгаа хүндэлж, хайрлаж яваарай. Хүнийг хайрлаж сурна гэдэг бол маш том амжилт шүү.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.

Ярилцсан: А.Чимгээ. Factnews.mn

No comments:

Post a Comment