Залуу
дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатарыг хэсэгтээ л “ангуучилсан” юм.
Монголдоо төдийлөн танигдаагүй байсан “битүү морь” гэнэтхэн дэлхийн
дуурийн шилдгүүд өрсөлддөг М.Глинкийн уралдаанд тэргүүлээд гараад ирсэн
түүний хэн болохыг таньж амжаагүй байсан болохоор ярилцахаас хойш
суусаар өдий хүрэв. Энд тэнд дуулах гэж байна гэхэд нь хэдэнтээ
сонссоноор сая нэг юм ярилцахад бэлэн болсон юм. Цагдаагийн “Сүлд”
чуулгын дуучин тэрбээр уран бүтээлээ л урагш ахиулсаар явна. Бид ийн
хөөрөлдлөө.
-Таныг нийтийн дууны цомог гаргах гээд их завгүй байна гэж сонслоо. Уг нь би бодохдоо... -Таны асуух гэж байгааг гадарлаж л байна. -Юу гэж? -Дуурийн дуучдын уралдаанд түрүүлж гавьяат болчхоод одоо юун нийтийн, зохиолын дуу гээд байгаа юм бэ гэх гэж байгаа байх. Би олны дунд тархсан нийтийн, зохиолын дуу муу, муухай, чадваргүй дуучид л үүгээр оролддог гэсэн ойлголтыг эвдье, сөрье гэж бодсон юм. Нийтийн дуу яагаад муу гэж. Би хоёр янзын цомог бэлтгээд эхнийхийг нь тун удахгүй сонсогчдод хүргэх гэж байгаа. Үүнд үнэхээр нийтийн дуунууд багтаж байгаа. Би сайхан яруу найрагчид, гайхалтай хөгжмийн зохиолчдын хүмүүст сэтгэлээсээ зориулж бүтээсэн дуунуудыг хонио хариулж яваа залуу, гэрийнхээ хаяанд ааруул мэрээд сууж байгаа жаахан охинд ч хүргэмээр байна шүү дээ. Яагаад болохгүй байдаг юм. Хүмүүст нийтэд нь зориулсан дуунууд яагаад муу, муухай гэж. Сүүлийн үед нийтийн, зохиолын дуу дуулдаг уран бүтээлчид тааруухан гэсэн сэтгэлгээ, туйлшрал бий болчхож. Би бол үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс ч дан нийтийн, энгийн сайхан дуунуудаар анхны цомгоо гаргах гэж байна. Харин хоёр дахид нь ёстой л мэргэжлийн түвшний бүтээлүүдийг оруулж байгаа. Энэ цомог нь арай хожуу гарах юм. -Энгийн энэ дуунуудыг хэн хэн бүтээв? -“Хань минь дээ” гэж дуу бий. Шүлгийг нь Хүний эрхийн үндэсний комиссын Ж.Бямбадорж гуай бичсэн. Ая нь Н.Жанцанноров багшийнх. “Илүү ч үгүй, дутуу ч үгүй тэгшхэн жаргал” гээд л гоё шүлэглэсэн. “Би монгол хүн” гэж байгаа. Шүлгийг нь “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат бичсэн, харин хөгжмийг нь Т.Сэр-Од багш зохиосон. -Нэр дэвшигч... -Тийм үү, мэдэхгүй ээ. Яруу найрагч Г.Мөнхцэцэг шүлгийг нь бичсэн “Хөх уул” гэдэг дуу ч бий. -Ажиглаад байхад зарим нь дуулахаа л мэдэхээс тэр бүтээлийг хэн туурвисныг бараг мэддэггүй. Хөгжмийн зохиолчийг нь бол мэднэ, харин шүлгийг нь хэн бичсэнийг бараг л тоодог ч үгүй байх талтай. Харин та бүгдийг нь сайн нэрлэж байна шүү... -Энэ сайхан хүмүүс цаг гаргаад надад уран бүтээл хийж өгч байхад би тэднийг мэдэхгүй, танихгүй, мэдрэхгүй байж яаж болох вэ. Эд нар дуу зохиодоггүй бол дуучид юугаа сонсгох юм. Тэгэхээр адилхан л бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой. Би яагаад ч юм дуу шүлгээс төрдөг гэж боддог. Гайхалтай яруу шүлэгт ая нь цуг байж байдаг ч юм билүү. Магадгүй би өөрөө шүлэгт дуртай болохоор тэгж санагддаг байж магадгүй. -Шүлэг бичдэг үү? -Үгүй ээ, уншдаг байсан юм, сургуульд байхдаа. Хэнтий, Хангай Саяны гээд л уран уншдаг байлаа. Тийм болохоор яруу найрагчдын бүтээлийг өөрийн болгож байж дуулахыг хичээдэг. -О.Дашбалбар агсны шүлгээр хийсэн сайхан дуу дуулаад байна аа. Түүний хөгжмийг Н.Жанцанноров гуай бичсэн гэсэн байх аа? -Тэгсэн. Энэ дуу хоёр дахь цомогт маань орно. Гоё мөртлөө хүнд талдаа бүтээл. Чадал нэлээд шаарддаг. -Ари, романс дуулж байхыг тань хэд хэдэн удаа сонссон. Дуурийн дуучид Морин хуурын чуулгатай хамтарч “Гранд опера” тоглолт зохион байгуулахад та дуулсан шүү дээ. Тэгэхэд Н.Жанцанноровын “Чиний минь нулимс” романсыг ямар гоё дуулсан бэ. Хажууд суусан эрэгтэй хүн сандлаа доргитол уйлаад байсан? -Тэгсэн үү. Таалагдсан юм болов уу даа. Тэр маш хариуцлагатай тоглолт байсан юм. “Гранд опера”-д дандаа ДБЭТ-ын гоцлол дуучид оролцож дуулсан. Би л ганцаараа гадны дуучин байсан. Дуурийн дуулаачдын дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлсэн хүн тэр тайзан дээр театрын дуучдаас тааруу дуулж болохгүй. Өөртөө өндөр шаардлага тавьсан л даа. Тэгээд ч Н.Жанцанноров багш тэр романсыг яаж дуулбал зүгээр болох, өргөлт, хурд ямар байх ёстой талаар зааж өгсөн юм. Тийм болохоор өөртөө итгэлтэй дуулсан. Дуурийн театрын дуучин залуустайгаа уралдаан, тэмцээний үеэр хамт байдаг байсан ч Монголдоо дуурийн чиглэлээр тэгэхэд анх удаа нэг тайзан дээр гарсан. -Үгээ их сайхан тод хэлдэг юм билээ? -Баярлалаа. Хичээдэг л юм. -Дараа нь нэг удаа яг тэр романсаа дуулахад тань сонссон. Гэтэл түрүүчийнхээ түвшинд хүрээгүй... -Ямар тоглолтоор вэ? -Ардын жүжигчин Б.Жавзандулам багш Н.Жанцанноровын ари, романсуудаар тоглолт хийхэд. Тэгэхэд яагаад тэгж тааруухан дуулсан бэ? -Та анзаарамтгай юм. Үнэн үнэн. Тэгэхэд ёстой хаширсан. Хөдөө нүцгэн шахуу явж даараад. Бас шинэ нисэх буудлын нээлтэд гадаа дуулаад. Шуургатай гэхээр нь цаашаа шууд мал руугаа яваад нойргүй шахам хоноод. Нэлээд юм амжуулаад иртэл хоолой гарахаар тааруу болчихсон байсан. Тэр тоглолтод орохгүй гэх арга байхгүй учраас гараад дуулсан л даа. Анхнаасаа “Яана аа, одоо баларна аа” гэж бодоод гарсан, яг түүгээрээ л болсон. Зогсчих вий гэхээс маш их айсан шүү. Үзэгчид ийм айхавтар, ухаантай, бүгдийг мэдэж байдаг болохоор тайз хатуу. Тэр үдшээс хойш дахиж тэгж тоглолтын өмнө биеэ хайнга хаяхгүй гэж өөртөө амласан. Дуучин хүн хэзээд бэлэн, чадна гэж биеэ тоож болдоггүй юм байна гэдгийг ясандаа тултал ойлгосон. Өөрийгөө байнга тордож, өнгөлж байх ёстой юм байна гэдгийг ухаарсан. -Хөгжмийн зохиолчид танд зориулж дуу зохиогоод байна гэдэг нь таныг бусдаас ялгарч байна гэж үзсэнийх байх. Ялангуяа хоолойн өнгө, тембр тань таалагдаж байгаагийнх болов уу? -Харин л дээ. Би чинь олонд танигдаа ч үгүй байж, олон улсын уралдаанд амжилт гаргаад. Тэр яах вэ, багш нарын маань ташуур байсан юм. Намайг ийм боломжийн дуулж байж юм хийгээч, бэлтгээч гэж шахаж байж уралдаанд оруулсан. Мэргэжлийн багш нартаа, “Сүлд” чуулгын дарга Л.Гаваасүрэнд маш их баярладаг. Миний төлөө өөрөө уралдаанд бэлтгэж байгаа юм шиг санаа тавьсан. Ямартаа л би даргад зүүдээ ярьсан чинь, биелүүлэх гээд надад Отгонтэнгэр хайрханы зураг бэлтгэж өгч хойш нь явуулж байх вэ дээ. -Юу гэж зүүдэлсэн юм? -Би нутгийнхаа Зорголхайрхан уулаа шүтдэг юм. Түүндээ хүслээ шивнэж залбирдаг. Ер нь уул ус, байгаль дэлхийгээ шүтэж дээдэлж амьдардаг. Уралдаанд явах арай болоогүй байсан юм аа. Нэг шөнө Отгонтэнгэр хайрхан өөд мацаж оргилд нь гараад цаснаас нь гараараа хутгаад идэж байна гэж зүүдлээд. Энэ тухайгаа даргад хэлсэн чинь бэлгэшээсэн юм байлгүй хайрханы зургийг хананд өлгөхөөр бэлтгээд өгч явуулсан. Олон орны мундаг дуучидтай өрсөлдөж байхдаа өнөөх зургандаа залбирч, өөрийгөө тайвшруулж, эрч хүч авч байлаа. -Удирдах хүний, эцэг хүний ухаан юм даа гэж бодогдлоо... -Харин тийм ээ. Ийм сайхан хүмүүс, хамт олны дунд би өнөөдөр ажиллаж байна. -Би яг асуух гэж байсан юм. Нэгэнт армидаа ажиллана гээд ам өгчихсөн болохоор Дуурийн театр руу шилжиж ажиллан, дууриудын гол дүр бүтээх боломж олдохгүй нь ээ гэж? -Би оюутан байхаасаа “Сүлд” чуулгад ажиллаж эхэлсэн болохоор армийн алба хаагч. Энэ хамт олон, байгууллага, удирдлагууд дэмжиж, урамшуулж, санхүүгийн туслалцаа үзүүлээгүй бол би уралдаанд амжилт гаргахгүй байсан. Тэгээд ч театртай гэрээний дагуу ч юм уу, ажлаа хийнгээ дуурьт дүр бүтээх боломж бүрэн олдоно. Тийм болохоор заавал ажлаа солих, наашаа цаашаа болох шаардлага байхгүй ээ. -Хоёр цомог гаргана. Дараагийн том ажлын төлөвлөгөө юу байна. Уралдаан тэмцээнд бэлтгэх үү? -Энэ жилдээ бол үгүй. Би хэрэндээ шүтлэгтэй л дээ. Түүнтэй холбоотойгоор дараа жилээс энэ тухай бодно. Тэгээд ч уралдаан тэмцээн хэсэх гэхээс илүү гадаад улс оронд нэлээд хугацаагаар байж, соёлтой нь гүн танилцаж мэдрэхийг хүсдэг. Тэгвэл уран бүтээлдээ илүү тусгах байх гэж боддог. -Та өөрийгөө хөдөөний хүн гэдэг. Одоо ч хэвээрээ юү? -Хэвээрээ. Хөдөөний л хүн. Гэртээ хариад уургаа бариад мордлоо, адуучин. -Хөдөө өссөн, аймгийн төвд дунд сургууль төгссөн хүү СУИС-д сурах дөрөвхөн жилд мэргэжлийн хувьд боловсроод дуурийн урлагаар дэлхийн сайчуудтай өрсөлдөөд бас болоогүй түрүүлсэн гэхээр үнэндээ гайхаад байдаг юм. Дуурийн урлаг гэдэг европ соёлыг бүрэлдэхүүн шүү дээ? -Би хөдөөний амьдрал, мал ахуй, байгаль дэлхийн сайхныг мэдэлгүй, хайрлалгүй өссөн бол юм сурахгүй байх байсан. Хөдөө өссөнөөрөө бусдаас арай илүүг мэдээд байх шиг байдаг юм. Дуу, урлаг гэдэг чинь сэтгэл, түүний хөдлөлд илүү тулгуурладаг юм байна шүү дээ. Өөрөө туулаад, оролдоод ирэхээр мэдэж эхэлдэг юм байна. Та намайг “Чиний минь нулимс” романсыг гоё дуулсан гээд байсан. Би юу хэлэхийг хүсч байгаагаа хүмүүст мэдрүүлэхийн төлөө дуулж сурч байгаа юм. Ердөө л сурч байна. -Та ямар үед хамгийн жаргалтай байдаг вэ? -Хээр талд таана үнэрлэж хэвтэх нь миний жаргал. Түүнээс биш гоё машин, брэнд хувцас, тансаг хороолол надад нэг их сонин биш. -Найз бүсгүйтэй болсон гэсэн. Ямар мэргэжилтэй вэ? -Эдийн засагч мэргэжлээр урд төгссөн. -Найз нь урлагийн хүний амьдралыг ойлгохоор хэр вэ? -Маш сайн ойлгодог. Одоо л гэхэд миний цомогт юу хэрэгтэй, юу болохгүй байна, тэр бүгдийн төлөө санаа тавиад надтай нэг агаараар амьсгалаад явж байна. Бидэн шиг хүмүүст ийм хүн л хань болж чадах юм байна гэж бодох болсон. -Тэгэхээр та сонголтдоо сэтгэл хангалуун байгаа юм байна, тийм үү? -Би жаргалтай байна. -Танайх Төв аймгийн Баян-Өнжүүл сумын айл. Аав ээж нь одоо тэндээ юу? -Морингийн даваанд аваад ирсэн. Нээрэн сониноос би чинь арай л мянгат малчин болчихсонгүй (хөхрөв). Манай ах дүү нар хөдөө голдуу байдаг болохоор намайг уралдаанд түрүүлэхэд мялааж хундан цагаан хониноос авахуулаад айл бүр мал зүслээд овоо хэдэн малтай болсон. Одоо тэр хэдийгээ базаж янзлахаас эхлүүлээд ажил их байна аа. Р.Оюунжаргал |
"Холын хүнд өршөөл тус хүргэж, ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс эв эе бүтэж хүч нэммүй, харийн газар арга чадлаа бэхлэж, халуун зуураа эе эвээ хичээ, үхэлгүй насны шидийг эс олсны тул мөнх бусыг санаж, эрдэмт ламын тангарагийг эвдэлгүй, эзэд хаадын зарлигийг давалгүй, эцэг эхийн сургаалыг марталгүй явагтун" Оюун түлхүүрээс
Tuesday, 5 June 2012
Г.Ариунбаатар: Талд таана үнэрлэж хэвтэх нь миний жаргал
Labels:
АРИУНБААТАР Г.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment