Монгол
Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч,
Соёл урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Сүртэй ч байх шиг. Танд юу бодогдож байна вэ? -Энэ өдрийг би өөрийгөө магтах, өрөөлийг муу хэлэх үе эхэллээ гэж боддог. Нөгөө талаар сонгогчдын өмнө асар их хариуцлага ирж байна. Сонгогчдын тавих шалгуурын босго өндөрсөх тусам төр өндөр байдаг. Тиймээс сонгогч бид хэн нэгнийг сонгохдоо олон талаас нь бодсон зөв сонголт хийгээсэй. -Тэгэхээр нэр дэвшигчдэд биш сонгогчдын өмнө их хариуцлага ирж байна гэж ойлгож болох уу? -Болно. Манай улс хэчнээн жил сонгуулийн хөлд дарагдаж,таалагдсан гэж үзсэн нэгнийгээ сонгосон билээ. Гэтэл өнөөх таалагдагч нь олигтой зүйл хийхгүй болохоор урам нь хугардаг. Гэвч дараа жил нь өмнөхөө мартаад дахиад л сонгодог. Тэгэхээр сонгогч бид сонголтод бэлтгэгдээгүй байгаа биз. Манайхан үзэж залхаж байж ухаардаг. Энэ байдлаасаа хөндийрвөл яасан юм бэ. -Биечлэн амсч хохирч байж л ухаараад байна уу? -Тийм. Түүнийхээ дараа нэг их гомдох юм. Тэгснээ хэн нэг нэр дэвшигч нь сайхан үг хэлэхээр хошуураад л. Сайхан амлалт бичихээр хууртаж, хэдэн төгрөг өгөхөөр амтших юм. Монгол зөөлөн сэтгэхүйтэй чанарыг зальтай тэнэгүүд маш их гярхай харж ашигласнаараа сонгогдож байсан. Ер нь сонгогч бид оюунт тархи сонгох хэрэгтэй. Үг, үйлдэл хоёрыг сонгоод явахгүй юм шиг байна. -Та нэрийг нь дугуйлах хүндээ ямар шалгуур тавих вэ? -Оюунлаг, төр түшиж чадахаар, үнэн хүнийг. Харамсалтай нь тийм залуучууд нэр дэвшихгүй юм даа. Дэвших нь байтугай ямар ч ажил албагүй явж байна. Тэдгээр залуусыг олж харахгүй байна. Бас хувь хүнийхээ болон цаашид ямар байх нь надад мэдрэгдсэн байх гэдэг шалгуур тавина. Төрийн тэмтрүүл дутах юм. Одоо нэр дэвшиж байгаа хүмүүст өөрийнхөө төлөө зүтгэх хүн цөөхөн байгаасай гэж хүсч байна. -Улстөрчид сонгууль дөхөхөөр нэг их сайн хүн болж хөдөлмөрлөх юм. Үүнийг хүн чанартай нь холбож ойлгож болох уу? -Манай улс сонгуулийн өмнөх хоёр сард үсрэнгүй хөгжил рүү тэмүүлдэг. Амласныхаа дутууг жаахан ч гэсэн ахиулж дараагийн сонгуульд нэрээ гаргах гаж тэр. Манайхыг хөгжил муутай гэж зарим улсын иргэд ярьдаг. Төрийн түшээд нь ийм байгаа хойно аргагүй шүү дээ. Амласнаа сонгогдсон өдрөөсөө эхэлж хийх ёстой. Гэтэл манай нэр дэвшигчдийн амлалт баяр ёслолын концерт хаалт шиг болдог. Ийм хүнийг хүн чанартай гэж хэлэх үү. Дөрвөн жил эх орноо бодоогүй хүнийг. Хүн тэгээд энгийн үедээ нэг араншинтай, алдар цол хүртэхээрээ өөр болдог. Тэгэхээр үнэн байх хүнийг олж сонгоно гэдэг хэцүү болсон. -Тэд зөвхөн суудал эзлэхийн тулд бусдыг хуурах шалтгаан юундаа байна вэ? -Эхийн нинжин сэтгэл, эр зориг, оюун ухаан гурваар төрийг барих ёстой гэж би боддог. -Та парламентын гишүүн байсан. Таны үеийн гишүүд өнөөгийнхөөс ялгаатай байна уу? -Би улсынхаа нялх парламентын гишүүн байсан. Өөрөөр хэлбэл, 1992- 1996 онд. Тэр үед надад парламент гэдэг ийм л байдаг байх гэж бодогдож байсан. Түүнээс биш энэ дөрвөн жилд хувийн ашиг сонирхлоор ийм зүйл хийж болох юм байна гэсэн солгой ойлголт хэнд нь ч байгаагүй. Гэхдээ би ямар хүний дотор орж үзсэн биш далдуур соёолж үндэс нь өнөөдөр ургаж биеллээ олж ч байгаа юм бил үү. Гэхдээ миний үеийн парламент улсаа огт идээгүй гэдгийг зоригтой хэлж чадна. -Тийм санаа өвөрлөсөн хүмүүс хожсон болов уу? -Аливаа зүйл хөгжих хэрээрээ муу зүйл нь ч хөгждөг. Би хөгжил уруудаж байна гэж хэлсэн хүнд дургүй. -Таны үеийн гишүүд мөрийн хөтөлбөрөө хэр хэрэгжүүлж чадсан бол? -Тэр үед хувь хүний мөрийн хөтөлбөр гэж байгаагүй. Зөвхөн намын мөрийн хөтөлбөртөө л анхаардаг байлаа. Одоогийн нэр дэвшигчдэд хэлэхэд өөрийнхөө мөрийн хөтөлбөрөөс илүүтэй намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлбэл дээр. Тэр тусмаа далд хөтөлбөрөө хэрэгжүүлж болмооргүй л баймаарсан. -Далд хөтөлбөр гэж хувийн ашиг сонирхлыг нь хэлээд байна уу? -Тийм. Төрийн хүнд тийм бодол уг нь зохихгүй. -Та УИХ-д байхдаа ямар хуульд илүү анхаарч байсан бэ? -Зохиогчийн эрхийг хамгаалах хуулиас гадна Соёлын хуулийн ажлын хэсгийг ахалж байсан. Гэхдээ би хурал болгонд ярьдаг болж жүжиглээгүй. Хэлэх гэсэн үгээ тоотой хэд хэлсэн. Харин миний үгийг бусад хүмүүс чимээгүй сонсч байсанд нь баярладаг. Мэддэг хүн болж хашгираад ард түмнээ эмзэглэлээр тоглодоггүй байлаа. -Тэр үед та санасандаа хүртэл ажиллаж чадсан уу? -Хамгийн гол нь Б.Лхагвасүрэн гэдэг хүн тэр суудалд суусан шигээ дөрвөн жилийн дараа будсан. Санаандаа хүрсэн зүйлийг ярина гэвэл олон бий. Тэр үед би хувцсаа лав нэг их шинэчилж чадаагүй санагддаг. Эрхэмсэг хувцас өмсч чадах биш. Үүндээ ч их баярладаг. -Тантай хамт төрд зүтгэж байсан улстөрчдөөс өнөөдөр Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан нараас эхлээд олон хүн байна. Жинхэнэ “дархлагдсан” гэж хэлж болохоор. Тэдний хөдөлмөр, нийгмийг үзэх үзэл өөрчлөгдөж үү? -Олон сонгогдохоор хүмүүс тэднийг “Мэргэшсэн парламентч” гэж ярих юм. Яг үнэндээ төрд мэргэшнэ гэж байхгүй. Би үүнийг олон удаа хэлсэн. Төр өдөр бүр шинэ алхам, шаардлага, бодол, сэтгэлгээ шаардаж байдаг. Хэрэв удсанаар нь хэлж байгаа бол би тэднийг хоцрогдсон улстөрч гэнэ. -Нэр дэвших эрх олохын төлөө 50-иас дээш сая төгрөг төлж байна гэх юм. Таны үед ийм байсан уу? -Үгүй. Ганц ч улаан мөнгө өгөөгүй нэр дэвшсэн. -Ер нь ингэх хэрэг байна уу? -Тодорхой үзэл бодолд толгойгоо хавчуулахын тулд мөнгө төлж байгаа бол инээдтэй хэрэг. Мөнгө өгсний тоогоор нэр дэвшээд байвал хэцүү л байна. Төрийг худалдаж авч байгаа муухай наймаа байна шүү дээ. -Та дээр улстөрд оюунлаг хүн хэрэгтэй гэж ярьсан. Тэгвэл өнөөдөр УИХ-д хөлжсөн бизнесмэнүүд олноор ордог боллоо. Тэгэхээр тэднийг төрд бэлтгэгдсэн боловсролтой гэж ойлговол арай өрөөсгөл юм. Үүнд та ямар бодолтой байна вэ? -Их оюун ухаан ядуу шүү дээ. Уншигчид мэддэг байх. Их оюунтай хүн хөрөнгөөр ядуу байдаг. Харин тэнэгүүд баяжсан тохиолдол их. Учир нь тэдний хувийн сонирхол оюунаа давамгайлдаг. -Тэгвэл таны хэлж буйгаар мөнгөтэй тэнэгүүд улс орноо дээшээ татах уу, доошоо унагах уу? -Тодорхой зүйл хийнэ гэсэн зорилготой гардаг байлгүй дээ. Би хэлж мэдэхгүй юм. Мэдэхийг ч хүсдэггүй. -Таныг Ерөнхий сайд, экс МАН-ын дарга С.Баярын үнэнч фэн гэдэг. Гэтэл тэр энэ удаа нэр дэвшсэнгүй? -Түүнийг зөвхөн дэмжихээс гадна хайрладаг. С.Баяр эр зоригтой улстөрч. Тиймээс фэн гэж хэлэхэд багадна. Тэр гарч ирснээрээ төрд нэлээд зүйл хийсэн. Ард түмэн ч хайртай байсан. Гэтэл тэд юун ч амархан уйддаг юм муулж эхэлсэн. С.Баяр аливаа зүйлд хэмжээтэй. Шунасан ч бусад шиг цадахаа мэдэхгүй дайрахгүй. Түүнийг би ойрын үед Монголын төрд гараагүй улстөрч гэж хэлнэ. Хаана ч өмөөрнө. Миний зан чанар нэг сайн санасан хүндээ хэзээ ч муу санаж чаддаггүй. Муу хүнээ сайхан гавьяа байгуулсан ч өршөөж чаддаггүй юм. -Тэр төрд байсан бол олон зүйл хийнэ гэж бодож байна уу? -Тийм. Хайран санагддаг. Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бол гарах л байсан. Түүний эсрэг үнэнээсээ илүү худал мэдээлэл хэвлэл, телевизээр явахаар сонгогчдын бодлыг алаглуулдаг юм. Төр, ард түмэн хоёрын ойлголт тодорхой бус учир тэдний хоорондох үзэл бүдгэрч байна. С.Баяр бие нь муу байсан юм уу эсвэл улс төрөөс залхсан юм уу бүү мэд. -Та уран бүтээлч. Гэхдээ өмнө нь төрийн ажил хийж байсан хүний хувьд одоо хашиж буй алба тань нэг их хүндрэлтэй санагддаггүй биз дээ? -Хүндрэлтэй байлгүй яах вэ. Аливаа хариуцлага үүрэг, төрд ойрхон байхад хүндрэл төдий чинээ ихэснэ. Төрөөс хол орон нутагт байгаа хүмүүст ч хүндрэл байгаа. -Тэгвэл та яагаад энд ажиллаад байгаа юм бэ? -Миний амьдралын ихэнх он цаг соёл урлагтай холбоотой. Тиймээс ажиллахгүй байж чаддаггүй юм. Тэгээд ч би мэдэх ажлаа хийж байна. Мэддэггүй зүйлээ ярьж, хийх дургүй. БСШУЯ-нд Соёл урлагийн газраас гадна Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хороо гэж бий. Хамгийн гол нь энэ хоёрын ажлын функц ижил. Ийм параллель маягаар дөрвөн жилийн нүүр үзлээ. -Энэ буруу юу? -Тэгэлгүй яадаг юм. Би энэ ажлыг авсан өдрөө сонинд ярилцлага өгөхдөө энэ талаар ярьсан. Гэвч хэн ч хайхраагүй. Төр соёл урлагт ерөөсөө анхаарахгүй байна. Одооны нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөс соёл урлаг гэсэн үг хайхаар нэлээд зүдэрч байж тоотой хэдийг олдог. Сонгуулийн хуулийг харахад сурталчилгааны үеэр урлагийн тоглолтыг хасна гэдэг хамгийн том тэнэглэл. Хэн нэгэн хэдэн дуучин дагуулаад хурлынхаа үеэр дуулуулбал сонгогчид дуучин авч ирснээр нь түүнийг сонгохгүй шүү дээ. Хэрэв тэгж бодож байгаа бол ард түмнийг хэтэрхий их басамжилж байна. Авлигыг нь л хорино биз. Сонгуулийн эгшинг баяр баясгалантай болгох юу нь буруу байгаа юм бэ. Цаашилбал соёл урлагийн эрхийг хасч байна. Сонгогчийн тухай уриа лоозон өргөөд явахгүй л бол болоо шүү дээ. Уулзалтын төгсгөлд хэдэн урлагийн тоглолт гаргачихаад хэдэн цаг хуралд суусан хүмүүсийн уйдааг тайлна. -Таны залууд “Улаан булангийн үдэшлэг” гэж болдог байсан гэсэн. Та олон удаа орж байсан биз? -Сонгуулийн үеэр хүмүүс хурал тарав уу үгүй юу “Бүжиглүүлнэ биз дээ” гэдэг байсан. Тэгээд эхлүүлэхээр 04:00 цаг хүртэл шавайгаа ханатал бүжиглэцгээнэ. Уйдсан хэдэн хүн хөлсөө гаргах гээгүй нь ойлгомжтой. Соёлын таашаал л авах гэж тэгж байгаа юм шүү дээ. Өнөөгийн нийгэмд, орон нутагт тэр бүр очиж чадахгүй байгаа уран бүтээлчдийг ийм аргаар ч болтугай ойртуулах хэрэгтэй. Тэгвэл хотод түгж байгаа урлагийг тэд мэдрэх боломжтой болох байлаа. -Манай улсын соёл урлагийн хөгжил одоогоор ямар түвшинд байна вэ? Дэндүү хэцүү байдалтай байна. Зөвхөн манай байгууллага л гэхэд нүд хөмсөгнөөс гадуур гэдэг шиг БСШУЯ- ны хараанд өчүүхэн ч өртөлгүй гурван жил боллоо. Би бодохдоо Соёл урлагийн хороо юм уу тусдаа яамтай байхгүй бол ажлаа дааж ядсан ийм том яамны хажууд удаан байвал бүтэхгүй. Гүзээнд наалдсан дэлүү шиг байвал улам л дордоно, -Боловсрол, соёл, шинжлэх ухаан гэж гурван нэр байгаа. Засгийн газар эдний алинд нь илүү анхаарч байна вэ? -Бүх мөнгө нь боловсрол руу ордог. Үлдсэн хоёрт нь өчүүхэн төдий л оногддог. Уг нь шинжлэх ухаан төр барилцдаг байгууллага юм шүү дээ. Үүнийг яагаад ойлгодоггүйг би хэлж мэдэхгүй байна. Нэмж хэлэхэд энэ гурван нэр тус тусдаа байх хэрэгтэй. Соёл урлагийнхан, шинжлэх ухааны эрдэмтэд даруухан учраас нэг их зүйл ярихгүй байна. Бас тоохгүй байгаа юм. Тэгэхээр өнөөх засаг төр нь болж байна гэж ойлгоод байх шиг. Том уран бүтээлч, эрдэмтэд нэг их дуугардаггүй юм шүү дээ. Тэр ч байтугай саяхан улстөрчид “Шинжлэх ухааны Академийг тараана” гэж тэнэглэж байсан. Академиа тараадаг улс гэж хаана байна вэ. Үүнд би маш их уурласан. Сүүлийн үед ч маш их бухимдалтай байгаа. Миний заяагдсан он цаг ямар хэцүү юм бэ гэж хүртэл бодсон. -Гэхдээ зарим нь “Манай улсын урлаг хөгжиж байна” гээд амаа олохгүй магтдаг биз дээ. Тэд юуг харж тэгж хэлээд байгаа юм бол... Театр, дуурь зэрэг сонгодог урлагийн авьяас бидний мах цусанд шингэсэн болохоор тоглогдохоос аргагүй. Үүнийг хараад л тэд тэгж хэлж байгаа хэрэг. Мөн соёл урлаг, хүртээлтэй салбар учраас энгийн харагддаг юм. Язгуураараа бол уруудаж байна. -Дэлхийн түвшинд хүрэхэд хэр ойрхон байна вэ? -Дэлхийд гайхагдаж байгаа зүйл олон шүү дээ. Захын хүүхэд л дэлхийн том уралдаанаас гран при-г нь авчирч байна. Гэхдээ үүнд санаа амралгүй урлагийн амжилт гаргахын тулд ядахдаа явах зардалтайгаа баймаар байна. -Тэгвэл удирдагч нарт буруу байна уу? -Зөвхөн удирдагч гэж чичлэх хэрэггүй. Хамгийн гол нь сонгогчдын алдааны үр дүн энэ удирдагчид болоод байна. Удирдагч байхын тулд тухайн салбараа мэдэх нь чухал. Оюунлаг хүн алга. Гадаадын том тоглолтыг үздэггүй. Бодвол төрдөө зүтгээд завгүй байгаа дүр үзүүлээд аль нэг гадаад иргэнтэй ресторанд сууж хуйвалдаанаа төлөвлөдөг биз. -Сонгуулийн дараа соёл урлагт зүтгэх хэн нэгэнд хандаж юу хэлэх вэ? -Хамгийн түрүүнд улсын Урлагийн хороо байгуулаасай. Тийм байгууллага байсан шүү дээ. Сүүлд л байхгүй болгочихсон болохоос биш. Тэгвэл БСШУЯ-ны ажил хөнгөрнө. Дэргэд нь аялал жуулчлалыг хавсаргаж болох юм. Гэхдээ ажил нь дийлдэхээр. Зохисгүй олон муу зүйлийн талаар ярьж би чадна. Гэхдээ шинэ сонголт хаяанд ирж байхад хүссэнгүй. Миний ярих цаг ч биш. Цаг нь болохоор ярина аа. У.Баярсайхан 2012/06/07 |
"Холын хүнд өршөөл тус хүргэж, ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс эв эе бүтэж хүч нэммүй, харийн газар арга чадлаа бэхлэж, халуун зуураа эе эвээ хичээ, үхэлгүй насны шидийг эс олсны тул мөнх бусыг санаж, эрдэмт ламын тангарагийг эвдэлгүй, эзэд хаадын зарлигийг давалгүй, эцэг эхийн сургаалыг марталгүй явагтун" Оюун түлхүүрээс
Wednesday, 6 June 2012
Б.Лхагвасүрэн: Эхийн нинжин сэтгэл, эр зориг, оюун ухаан гурваар төрийг барих ёстой
Labels:
ЛХАГВАСҮРЭН Б.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment