Monday, 11 June 2012

Б.Одбаяр: Эр хүн эхнэрээ зөв сонгох нь чухал


“Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Окитой ярилцлаа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-“Киви” хамтлагийн ахлагч Укагийн цомгийн хөгжмийн найруулга дээр ажилласан. Сүүлийн үед залуу дуучин Мишээлтэй хамтарч ажиллаж байна. Шинээр гарч байгаа  залуу дуучин төдийгүй чадварлаг дуучин таван дуутай цомог гаргаж байна. Энэхүү цомгийн ажил нь дуусах шатандаа явж байна. Мөн “Киви” хамтлагийн шинэхэн цомгийг хийгээд дууслаа. Энэ цомог мөн таван дуутай. Ойрын үед хийсэн ажлын маань тал хувь нь киноны хөгжим байлаа. Зунаас хэд хэдэн киноны хөгжим хийх төлөвлөгөө байна. Гэхдээ тоо биш чанарыг эрхэмлэх ёстой. Тийм ч учраас олон тооны биш цөөн тооны киноны хөгжим хийнэ. Хамгийн сүүлд “Бодлын хулгайч”, ”Бурхан өршөөг” кинонуудын хөгжмийг хийсэн. “Бодлын хулгайч” кино маань Улаанбаатар кино их наадамд нэр дэвшсэн баяртай үйл явдал тохиолдсон. Мөн “Номин талст” хамтлаг шинэ цомгийн ажилдаа орчихсон явж байна. Продюссерээр нь Өөжгий ах ажиллаж байгаа.
-Дахин киноны уран бүтээл хийх үү?
-Нилээд хэдэн киноны ажлыг зунаас хийж магадгүй. Өнгөрсөн хавар “Валентины захидал”, “Худалч хүү” гэсэн хоёр кино хийсэн. Одоо, долдугаар сард нээлтээ хийх нэг киноны хөгжим дээр ажиллаж байна. Одоогоор нэрийг нь хэлж болохгүй. Нууц байх ёстой гэдэг даалгавар авсан. /инээв/
-“Киви” хамтлагийн ахлагч Ука саяхан цомгоо гаргасан. Энэхүү цомгийн “Хоосон” нэртэй дууг  хулгайн дуу гэдэг яриа гарсан. Энэ цомог дээр ажилласан хүний хувьд цомогт хуулбарласан дуу орсон уу?
-Сүүлийн үед гадуур тийм яриа их гарах болсон. “Хоосон” гэж дууны хувьд хөгжмийн найруулага дээр нь Ц.Байдраг ах ажиллаж байсан. Гэхдээ би бичлэг дээр хянаж, ажиллаж байсан л даа. Үүнийг энгийнээр шалгая гэвэл тэр хулгайн дуу гээд байгаа дуугаа тухайн дууны гадаад хувилбарыг понограмм дээр өөрсдөө монголоороо дуулаад үзэх хэрэгтэй. Энэ нь гэрийн төвшинд шалгаж үзэх гэсэн үг л дээ. Яг баталгаатай хэлэхэд Укагийн цомогт орсон дуунуудын хувьд бол ямар нэг тийм аялгуу ашигласан тохиолдол байхгүй бүх дуу нь зохиогчтой, клипэн дээрээ зохиогчийн нэр нь тавигдсан байгаа.
-Өөрөө энэхүү цомог дээр ажиллсан.Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Нэгдүгээрт, манайхан  хүний уран бүтээлийг хүндлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, үүнийг хөгжим судлаач, шүүмжлэгч нарт л үлдээх хэрэгтэй асуудал. Тэр хүмүүс бүтцийн, аялгууны гэх мэтчилэн олон  дүгнэлтийг гаргаж ирэх ёстой. Тэр дууны хөгжмийн найруулгыг нь авсан байна, аялгууг нь хуулбарласан байна гэдгийг тэд  баталж гаргаж ирэх хэрэгтэй. Энэ тэдний л ажил шүү дээ. Аялгууг нь  авч ашигласан бол “cover” гэж  тавих хэрэгтэй л дээ. Монголын  үндэсний хөгжим, нийтийн  дуун дээрээ хөгжмийн найруулга хийхэд хулгай гэж хэлэгдэх асуудалд орохгүй. Харин electro, dance чиглэлийн дуу  хөгжмийн найруулга хийхэд төстэй аялгуунууд байдаг. Энэ бүхнийг дуурайсан байна гэж болохгүй л дээ. Энэ дуутай адил тэр дуутай адил гэдэг шүүмжлэл байнга  дагадаг.  Яг ийм  орчин үеийн зүйлийг хийж байгаа нь л ийм шийтгэл амсахад хүргэж байгаад харамсаж явдаг. Заримдаа энэ хардалт жаахан хэтрээд байх шиг ажиглагдаж байна.
-Яг одоо тэр шүүмжлэх хүмүүс нь ажлаа хийж байна уу. Чиний бодлоор?
-Шүүмжлэгч нарт нь мөнгө, цалинг нь өгөөд шалгуулж болно л доо. Гэхдээ үүнээсээ илүүтэйгээр хүмүүст зөв ойлголтыг эхлээд төрүүлэх  хэрэгтэй. Тиймээс би энэ талаар хэсэг бодож байгаад ямар нэг зүйл хийх болно.  Өмнөө хийх ажилтай үргэлж завгүй байна гэдэг нь ерөнхийдөө зөв замаар явж байна гэж би, залуу хүнийхээ хувьд боддог.
-“Улаанбаатар кино их наадамд”шилдэг хөгжмийн зохиолч номинацид нэр дэвшиж байсан?
-Би өөрийгөө нэр дэвшсэн гэж бодоогүй. “Бодлын хулгайч” кино нэр дэвшсэн л гэж бодож байсан. Би “Бодлын хулгайч” киноны хөгжим дээр ажилласан. Энэхүү кино маань наадмын үеэр олон номинацийг авч чадлаа. Миний хувьд их баяртай явдаг. Учир нь Ч.Сэр-Од багш, Н.Жанцанноров гуай гэх мэт Монголын сор болсон уран бүтээлчидтэй хамт нэр дэвшинэ гэдэг нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан.
-Анх хэдэн оноос хөгжмийн найруулга дээр ажиллаж эхэлсэн бэ?
-2004 оноос. Анх студид ажиллахдаа Н.Баярхүү ах дээр ажиллаж байсан. Дараа нь тусдаа гарч “Next Star” студид харъяалагдаж, удахгүй “Нэгүн”  студийг 2009 оны сүүлээр байгуулсан. Одоо “Wanted” студитэй хамтран ажиллаж байна.
- Шүлэг бичихэд авьяастай байх ёстой юу. Онгод орох гэж уран бүтээлчид их ярьдаг даа?
-Онгод гэхээр нэг л тийм орж гараад байдаг зүйл шиг яриад байгаа юм. Мэргэжлийн хөгжмийн зохиолч, хөгжимчин хүмүүсийн хувьд ажиллах л ёстой. Энэ бол  мэргэжлийн хандлага. Сонирхлоороо дуу хийхэд сэтгэлийн хөдөлгөөн янз бүр байж болно. Мэргэшээд амжилт үзүүлнэ гэвэл ажиллах, хичээх, хөдөлмөрлөх л хэрэгтэй биз дээ. Ингэхийн тулд эхлээд бодох хэрэгтэй. Бодох цагаа гаргахгүй хөдөлмөрлөнө гэдэг бол хамгийн тэнэг хэрэг. Бодохгүй шууд хийчихээд л болохгүй юм байна гээд зогсож байж болохгүй.
Харин авьяас бол байна аа байна. Адилхан өдөр бүр хичээлээ хийгээд давтсан хэрнээ зарим нь онц аваад нөгөө хэсэг нь тааруухан авах жишээтэй. Гэхдээ  хатуу үнэн гэвэл бас биш. Дутууг нөхөх гэж тархи ажилладаг. Зүрх сэтгэл  тархийг аймаар хөгжүүлнэ л дээ. Гэхдээ дутуугаа нөхөж болно. Авьяас дутуу байлаа ч тэрний төлөө төрсөн гэдгийг хэлээд байгаа бол ажиллах л хэрэгтэй. Уран бүтээлч бүр төгс байхгүй шүү дээ. Гол нь давуу талаа улам бүр өнгөлж байх ёстой. Хэчнээн олон сул талтай байлаа ч давуу тал илүү бол хүмүүс чамтай гар барьж мэндлэх л болно.
- Урлаг спортынхонтой уулзахад ихэнх нь удам дагасан хүмүүс байдаг. Окигийн хувьд?
- Манай гэр бүлд эмч нар л их байна даа. Урлагийн хүн гэх юм бол эмээгийн ах нь  Монгол Улсын гавьяат жүжигчин, балетчин н.Цогтсайхан гэж хүн байдаг. Ээжийн маань мөрөөдөл биелж байгаа нь энэ /инээв/. Ээж маань төгөлдөр хуур тоглодог. Би айлын ууган хүү. Аав маань дуу цөөтэй хүн л дээ. Харин ээж маань хүүхэд байхад л намайг их шахдаг байсан. Яваандаа өөрөө сурчихдаг юм байна лээ. Том болоод шахуулаад байхгүй нь мэдээж. Тэр үед миний дотор дахиад нэг тийм хүн бий болчихсон байсан. Юмаа хий, цагт нь амжуул, шилдэг нь бай гээд л хэлж байсан. Ер нь манай ээж аливаад төгс  байхыг хүсдэг хүн. Тэр хандлага нь намайг ч гэсэн төгс  хүн байхад нөлөөлсөн.  Ээж, эмээ, багш гурав миний амьдралд алхам тутамд нөмөр нөөлөг болдог хүмүүс. Эмээ “дарамтлахгүй” л дээ. Намайг их сайн ойлгодог. Үеийнхэнтэй нь харьцуулах юм биш. Маш залуухан, надаас дөчөн насаар л эгч байна даа. Найз нартайгаа дуулна, наргина. Хүмүүстэй их сайхан харьцдаг. Энэ харилцааг би эмээгээсээ л сурсан. Хөгжим бүжиг бол эрүүл орчин. Тэнд ямар ч хараалын үг байхгүй. Маш шаргуу хичээллэхийг л шаардана.  Дараа нь би ажил дээр гараад санаа бодлоо ойлгуулахад төвөгтэй байсан л даа. Дараа нь эмээгийнхээ хажууд маш хянуур сууж байгаа ажиглаж байгаа юм. Эмээгээсээ харилцааны соёлыг одоо хэр нь  сурч  явна.
 - Урлагийн ертөнцөд зургаан настайдаа орсон гэсэн. Ер нь чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
- Мэдээж хүүхэд нас маань хөгжим бүжгийн сургуульд өнгөрсөн.  Их ном уншдаг хүүхэд байлаа. Одоо бол уран бүтээлээ сайн хийгээд амьдрах ёстойгоос гадна зав л олдвол хайртай хүмүүстэйгээ хамт байхыг хичээдэг болсон. Залуу ч гэсэн тэнэг байж болохгүй тийм насандаа  явж байна. Тэгэхээр хийх зүйлээ  ч сайн хийж, өгөх ёстой зүйлээ ч  бусдад өгдөг байх хэрэгтэй. Энэ бүхнийг  эрт ойлгосондоо баярладаг юм. Энэ бол урлагийн хүч  юм даа. Дуунд сайхан бүхнийг л дуулдаг биз дээ. Гэхдээ жишээ нь үхлийн тухай бичих дуртай хүмүүс байдаг л даа. Энэ байж болох ч би үүнийг  урлаг гэж үздэггүй. Муу зүйлийг сайн нь ялж байгаад хүмүүс дуртай байдаг. Би үүнд итгэдэг. Үүний үнэ цэнийг хүмүүст ойлгуулж, бас би өөрөө илүү их ойлгохын тулд ажиллаж байна.  Амьдралд ялах гэж, бэрхшээлийг даван туулахын тулд эрч хүч хэрэгтэй байдаг. Дууг маш олон сонсохоос илүү тухайн хүний амьдралын жаргал, зовлонгийн аль нэгэнд дуу маань хамт байж тайвшрал өгснөөр тухайн дуучдыг хүмүүс хүлээж авдаг шүү дээ.
 - Ажлын өрөөнийхөө хананд загалмай тавьсан байх юм. Анхаарал татаж байна шүү. Өнөө “коммунист” ээж зөвшөөрч байна уу?
- Ээжийн үгийг боол мэт дагана гэсэн үг биш шүү дээ. Нөгөө талаар ээж сонголтгүйгээр үглээд байна гэсэн үг ч биш. Ер нь дүү нараа бодоход сонголтыг би өөрөө бие дааж багаасаа л хийдэг байсан. Хүүхэд байхаасаа л гэр бүлийнхээ нүүр царай болж тэмцээн уралдаанд их явдаг байлаа шүү дээ. /инээв/  Ээж, аав, эмээ маань итгэнэ. Тиймдээ зөв буруу нь хамаагүй гомдоочихгүй юмсан гэж их хичээдэг. Хүнийг хууль биш хайр л өөрчилдөг. Их хэцүү амьдралаас сайн хүн болж өснө гэдэг хэцүү. Хараас хар, харин цагаанаас  цагаан л гарна. Цагаан харыг цагаан болгодог. Нүдэн дээр л харагддаг зүйл биз дээ. Би бусдад хайрлагдаж байгаа бол бусдыг бас хайрлах ёстой.
-Оки гэрлэсэн үү. Гэр бүлийн тань хүн ямар мэргэжилтэй хүн байдаг вэ?
- Гэр бүл болоод жил хагас болж байна. Эхнэр маань хөгжим судлаач, төгөлдөр хуурч мэргэжилтэй. Тийм болохоор миний ажлыг хамгийн сайн ойлгодог хүмүүсийн нэг. Даруу, төлөв, хүмүүжилтэй бүсгүй. Айлын том охин нь л доо. Хөгжим бүжигт хамт сурч байсан. Эр хүний амьдралдаа хийдэг том шийдвэрүүдийн нэг бол эхнэрээ зөв  сонгох юм болов уу. Мөнгө олох ёстой гэхээс илүү сайн бодож зөв шийдэх ёстой,  хэцүү бөгөөд хариуцлагатай, их ухаан шаардсан сонголт энэ болов уу. Би өөрийнхөө сонголтыг зөв хийсэн гэж бодож явдаг.
Э.Сувд

No comments:

Post a Comment