Wednesday, 6 June 2012

МУСТА Ж.Дарамсүрэн: Аав болох амархан, харин аав байх хэцүү


-Өчигдөр орой та хэдэн цагт харив? Телевизийн уран бүтээлчид цаг зав багатай байдаг байх даа?
-Өчигдөр би 18.00 цагийн үед харьсан, ажил багатай байсан болохоор. Мэдээж намайг гэртээ эрт ирэхэд эхнэр, хүүхдүүд ач зээ нар “Өвөө ирлээ..” гээд гүйж ирнэ. Их оройтох юм бол хүүхдүүд унтчихсан, эхнэр маань хоолоо халуунаар нь байлгаад хүлээж байдаг юм. Ууж иддэггүй болохоор ажил оройтсон ч яав ийв гэж санаа зовдоггүй. Ер нь жаахан уудаг аавтай бол гэр бүл, үр хүүхдүүд нь байнга санаа зовж байдаг. Би нэлээд хэдэн жилийн өмнө амсч, ууж идэж явсан. Тэгэхэд эхнэр утасдаад “Чи хаана, юу хийж явна?” гээд л асуудаг байлаа. Би сүүлийн хэдэн жил архи гэдэг зүйлийг огт хэрэглээгүй болохоор гэр бүл тайван амгалан болдог юм байна. Ер нь аавууд гэртээ эртхэн ирээд үр хүүхэдтэйгээ ярьж тоглоод суух шиг жаргал хаа байхав.

-Дармаа гуай 5 хүүхдийн аав шүү дээ. Аав хүний үүрэг их, бас үүний хажуугаар олон жил улсад үр бүтээлтэй ажиллалаа?
-Тийм ээ, би гурван хүү, хоёр охинтой хүн. 12 ач зээтэй. Улсад 50 дахь жилдээ ажиллаж байна. Нас 67 хүрсэн ч ажлаа хийгээд л явж байна даа. 1962 онд биеийн хүчээ үнэлнэ гэж ярьдаг байсан юм, МҮЭ-д элсэн орж 17 настай анх ажилд орж байлаа. 1969 гэр бүл болоод 1970 онд анхны охин, 1972 онд хүү төрж, 1974 онд гурав дахь хүү төрж байлаа. Аав хүний үүрэг их шүү дээ. 3 дахь хүүг долоон сартай байхад эхнэр Орос руу сургуульд явахаар болж, вокзал дээр 7 сартай хүүхдээ хөхүүлчихээд явж билээ. Ингээд би дэрсгэн гурван хүүхэдтэйгээ үлдэж байсан хүн. Ажлаа хийхийн хажуугаар гурван хүүхдээ цэцэрлэг яслид нь зөөж, дэлгүүрт очерлож хүнсээ цуглуулаад харих гэсээр их оройтдог сон. Тэр үеэ бодвол одоо би жаргаж байнаа.
-Эргээд бодоход амьдралын дурсамж гэж сайхан шүү. Та гурвын гурван жаахан амьтан тэврээд үлддэг мундаг аав юмаа. Ээжийг нь иртэл нэлээд зүдэрсэн байж таарна даа?
 -Орост эхний жил бэлтгэл төгсөөд ирэхэд нь “Би барахгүй юм байна” гэж унжиж учирлаж байгаад УБИС-ийн Орос хэлний анги руу шилжүүлээд эндээ төгссөн юм. Гэхдээ тухайн үед ээж аав хоёр минь их тусалсан. Түүнээс би ганцаараа үнэхээр  барахгүй байсан. Тэднийхээ дэмэнд ажлаа таслахгүй хийж, ар гэрээ авч явж байлаа. Хүүхдүүдийнхээ багад аавын үүргээ дажгүй гүйцэтгэсэн гэж бодож явдаг  шүү.
-Аав хүн байна гэдэг агуу. Аавын аав байна гэдэг бүр илүү их хариуцлага, бас нэр төр байдаг байх?
-Хүүхдүүд бага жаахандаа гэр бүлд аз жаргал авчирдаг. Гэтэл тэд маань том болоод тэдний бага үетэй нь яг адилхан юмнууд гараад ирэхээр чинь тэдэндээ илүү хайртай болдог юм билээ. Хаа ч явсан ач зээ нараа илүү их санадаг. Хүүхдүүд маань бүгд тусдаа гараад өрх тусгаарласан болохоор хааяа ирэхээр нь би сүйд болно. Ирэхгүй удахаар нь хүлээж ядна. Ялангуяа манай эхнэр өөрөө өсгөсөн юм болохоор ач зээ нартаа амь. Бид хоёр чинь 43 жил нэг гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбож явна. Миний хөгшин Орос хэлний багш хүн бий, насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би бас тэтгэвэртээ гарсан. Гэхдээ ажлаа хийгээд л явж байна. Чадахаа байтлаа л зүтгэнэ дээ. Гэртээ зүгээр сууж чадахгүй юм билээ. Үр хүүхэд ач зээ нар минь өвөөгийнхөө хийж байгаа ажлаар хожим бахархаж явбал миний сэтгэл тэнийх нь тэр дээ.

-Таны дуу хоолой залуу хүнийх шиг л сонсогдож байна. Ахиад олон жил кинонд дуу оруулах байх?
-Одоо дуу хийхэд 50 наснаас доош барахгүй болсон шүү. Сайд, дарга, атаман, боссын дүрд болж байнаа. (инээв) Гурван жилийн дараа 70 хүрлээ. Хичнээн жил хийхэв дээ. Гэхдээ хамт олонтойгоо тэднээс энерги аваад, ажлаа хийгээд дунд нь инээж ханиагаад явж байх сайхан байдаг юм.
-Одооны яарч сандарсан, завгүй өрсөлдөөний нийгэмд аавууд ачаалалтай  ажиллаж байна. Ар гэртээ цаг зав зарцуулах нь бага болсон юм шиг. Та туршлагатай аавын хувьд тэдэнд юу захих вэ?
-Хуучин бид чинь бүтэн сайн өдөр л гэртээ амардаг, бусад өдөр өглөө 8 цагаас ажилдаа явдаг байсан. Одоо баасан ахын төрсөн өдөр ч гэнэ үү бидний залууг бодоход бар ресторанд ууж идэх нь элбэг болж. Би хааяа амсдаг байсныгаа эргээд бодоход “Яах гэж тэгдэг байсан юм бол” гэж боддог юм. Үр хүүхэд ч гэсэн согтуу ирдэг аавтай бол айдастай. Битгий тийм байгаарай гэж захья. Аав архи уухгүй бол эхнэр хүүхэд санаа зовохгүй гэр орны уур амьсгал түвшин сайхан байна. Хүн чинь хэмжээ хязгаараа, хэзээ хаана хэр зэрэг уухаа мэддэг байх хэрэгтэй. Миний яриа залуу аавуудад сургамж болоосой гэж бодож байна. “Аав болох амархан, аав байх хэцүү” гэж ард түмний мэргэн үг байдаг.

-Дарамсүрэн ахдаа их баярлалаа. Таныг энэ сайхан дуу хоолойгоор нь Монголын ард түмэн танина. Олон кино, дэлгэцийн уран бүтээлд дуу оруулаарай гэж хүсэн ерөөе. Мөн таниар бахархаж явдаг 5 хүүхэд, 12 ач зээ нарт тань манай сайтын зүгээс мэнд хүргэе. Танай гэр бүлд аз жаргал хүсье!
www.emegteichuud.mn 

No comments:

Post a Comment