Monday, 11 June 2012

Д.Алтанхуяг: Миний сэтгэл үргэлж Монгол руугаа тэмүүлдэг

Хөгжим бүжгийн коллеж төгсчихөөд удаагүй, бас болоогүй “Хабл данс” гэдэг хамтлагийг гурван найзтайгаа байгуулчихсан модерн бүжиг бүжиглэж байх үеэс нь Д.Алтанхуягийг мэдэх юм. Тэр залуус бүгдээрээ ДБЭТ-ын бүжигчид байлаа. Сонгодог бүжгийн хажуугаар шинэ, соргог хэлбэрээр өөрсдийгөө илэрхийлэх эрэл хайгуул хийж байсан нь тэр. Д.Алтанхуяг хэзээний л үг цөөтэй, олон таван үггүй, товчхондоо бол даруухан. Б.Жамъяндагва гуай түүнийг эх оронч гэж тодорхойлдог, энэ чанар нь эцгээс нь өвлөгдөж ирсэн гэдэг байлаа.
Түүнтэй уулзаагүй олон жил болжээ. Энэ он жилүүдэд өөрийгөө илэрхийлэх эрэл хайгуул хийж явсан өнөөх залуу маань харин дэлхийд данстай бүжигчин болсон байна. Өнөөдөр Японд, маргааш Америкт, харин дараа нь Европын тайзан дээр бүжиглэх, хатуу нарийн хуваарьтай дэлхийн хүн болсон байна.  Гэхдээ л дуу цөөтэй хэвээр. Даруухан зан нь янзаараа. “Миний сэтгэл үргэлж Монгол руугаа тэмүүлдэг” хэмээн ярьж сууна.


-Бостонд бүжиглээд хэдэн жил болчихов оо?

-Гурван жил гаруй болж байна. Дөрөв дэх жил рүүгээ орж байна даа. Бостонд суурин амьдарч, Бостоны театртай гэрээгээр ажилладаг. Өөр компаниуд, театруудтай бас гэрээтэй.

-Америкт уу?

-Тийм ээ. Тэр бүгдийг зохицуулаад л, амжуулаад л явдаг даа.

-Ер нь нэлээд ачаалалтай байдаг байх аа?


-Тоглолтын сезон эхлэхээр асар ачаалалтай.

-Ингэхэд сонгодог чиглэлээрээ дагнаж байна уу? Эсвэл модерн урсгалаар бүжиглэж байна уу?
-Сонгодог бүжгийн анги төгссөн балетчин гэдэг утгаараа сонгодог чиглэлээр бүжиглэдэг. Гэхдээ яг олон улсад танигдаж, өөрийн орон зайг бий болгосон нь гэвэл орчин үеийн буюу неоклассик бүжгүүд. Бүжиг дэглээчдийн харуулахыг хүсэж байгаа зүйлс ондоо ондоо байдаг. Жишээлбэл Ролан Петит бол хорьдугаар зууны шилдэг бүжиг дэглээч. “Парис опера” гээд Францын хамгийн том театрын захирал, бүжиг дэглээчээр нь ажиллаж байсан. Хувийн бүжгийн хамтлагтай. Тэр хүний бүтээлийг Итали, Испани, Англи, Герман, АНУ, Азийн том том театр, компаниуд тавьдаг. Тэр хүний хамтлагт нь би багтдаг. Тэр хүн өөрийн гэсэн бүжигчдээр бүтээлээ амилуулдаг. Бүжигчидтэйгээ их дотно ажилладаг.

-Ролан Петит та хоёрын хамтын ажиллагаа нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн байх шүү. Нөхөрлөл гэх юм уу даа.

-Тийм шүү. 2001 онд Японд болсон нэг тэмцээнд би түрүүлсэн юм. Түүнээс хойш Японы балетийн хоёр компани надтай гэрээ байгуулсан. Одоо ч хамтарч ажилласан хэвээр. “Асами маки балет” гэдэг театр бий. Тэр театр Ролан Петитийн бүтээлийг тавьж байх үед би тэнд сонгодог балетад бүжиглэхээр очсон байсан юм. Гэтэл тэднийхээс нэг бүжигчин шинэ бүтээлд оролцох боломжгүй болсон. Бид чинь бэлтгэл сургуулилтын үеэр маш их бэртэж гэмтдэг шүү дээ. Тийм шалтгаанаар нэг бүжигчин дутлаа. Ролан Петитийн бүтээлд. Театрын захирал нь надад санал тавьсан. Хэдий би сонгодог бүжигт бүжиглэж байсан ч Ролан Петитийн бүжгийг их сонирхож, харж байсан юм. Тавилт нь сонгодог хэлбэрийн боловч их өвөрмөц.

-Тэгээд л шууд зөвшөөрсөн үү?

-Тэгсэн. Өглөө нь бүх хөдөлгөөнөө сураад л өдөр нь нэгдсэн сургууль хийхэд шинээр сурсан гэж огт мэдэгдэхгүйгээр бүжгээ хийсэн. Тэрийг Ролан Петит анзаарсан.

-Тэр нэг бүжигчин тоглолтод оролцож чадахгүй болсон нь чиний хувьд том аз болжээ.

-Тэгсэн. Бас би хөдөлгөөнүүдээ маш хурдан яв цав сурч чадсан, Ролан Петитийн хүсэж байсан зүйлийг нь үзүүлж чадсан. Түүнээс хойш тэр хүн Алтанхуягийг энэ тоглолтон дээр авчир, тэр тоглолтод оролцуул гэдэг хүсэлтийг тавьж эхэлсэн. Түүнд 200-300-гаад бүжигчин байгаа шүү дээ. Гэтэл зөвхөн Алтанхуягийг бүжиглүүлнэ гэж хүсэх үе бий. Гадаадын олон оронд хийсэн тоглолтод нь оролцсон.

-Хэчнээн авьяас байсан ч тэр нэг өдөр тэр бүжигчний оронд бүжиглээгүй бол бас яах ч байсан юм билээ, тийм үү?

-Үнэхээр тийм ээ. Би Ролан Петитийн багт орж ажилламаар байна гэдэг саналаа тавьсан байсан л даа. Ер нь бол ямар нэг зүйл цаг нь болохоор бүх тохироо нь бүрддэг шүү дээ. Яг л тийм зүйл болсон.

-Уран бүтээлч хүнд энэ их чухал шүү.

-Тэгэлгүй яахав. Манай Монгол Улсын хүн ам хэд билээ. Тэрэн дотроо балетаар хичээллэсэн хүн хэд билээ. Гэтэл манай урд хөршийг хар л даа. Хэдэн хүнтэй билээ. Тэрэн дотроос шигшигдэж гардаг нь хэд билээ. Японд гэхэд маш олон балетийн сургууль бий. Европ бол ойлгомжтой. Дэлхий даяар ийм олон бүжигчин байдаг ч хүмүүсийн мэддэг, танил болсон нь цөөхөн. Үнэхээр хүний хөдөлмөр, хүсэл зорилго бас нөлөөлнө. Мэргэжилдээ үнэнч байх гэж оролдож, дасгал сургуулилтаа алдахгүй байсны минь үр дүн болов уу. Одоо л амжиж хийхгүй юм бол энэ чинь залуу хүний урлаг шүү дээ.

-Тэгээд удалгүй дэлхийн шилдэг найман бүжигчний нэг болсон байх аа?

-Ролан Петит өөрөө энэ шилдэг бүжигчдийг тодорхойлж гаргаж ирсэн юм шүү дээ. Тэр цаг үеийнхээ шилдэг бүжигчдийг сонгон авч тоглолтоо хийдэг. Тухайлбал тэр жил Ролан Петитийн хамтлагт бүжиглэж байсан нэг хятад бүсгүйг Парисын театр урьж байсан. Ролан Петит ямар шалгуураар шилдгүүдийг сонгодгийг би хэлж мэдэхгүй. Түрүүнд хэлдгээр тэр үед мөн л нэг сайхан тохироо бүрдсэн байж. Найман орны найман бүжигчнийг л онцолсон юмдаг. Харин хүмүүс үүнийг маань ямар нэг тэмцээнд ороод шилдэг наймын нэг болсон гэж ойлгодог юм шиг байна билээ.

-Нээрээ тийм байх шүү.


-Тэмцээн гэх юм бол би 2005 онд Нью-Йоркод нэг тэмцээнд орсон. Бүжигчид олон орноос бичлэгээ явуулаад түүнээс нь 22-ыг сонгож тэмцээнд оруулдаг юм. Тэгээд гурван долоо хоногийн турш өрсөлдөн, цаанаас заасан бүжгүүдийг бүжиглэдэг. Бүгд адилхан бүжиг хийнэ. Тэндээс хүрэл медаль авсан. Дэлхий олон орноос ирсэн бүжигчид оролцдог тэмцээн л дээ. Нэг ёсондоо бидний хувьд Олимп маань. Дэлхийгээр дүүрэн гайхамшигтай бүжигчид бий. Тэднээс сурах зүйл зөндөө.

-Өөрөөс чинь ч гэсэн сурах зүйл байгаа.

-Үгүй яахав, онцлог харагддаг зүйл байгаа байх л даа. Хувь хүн болгон өөр өөрийн онцлогтой байдаг юм чинь. Тэр онцлогоо харин зөв гаргаж, илэрхийлдэг байх л хэрэгтэй.

-Ер нь гадны бүжигчид чамаас юу сурч авмаар байна гэдэг вэ? Мэдээж мэргэжил нэгтнүүд бие биеэсээ суралцахыг хүсдэг байх. Олон орны залуус хамт бүжиглэж байхад иймэрхүү мэргэжлийн халуун яриа өрнөдөг л байлгүй.

-Ярилгүй яахав. Үнэхээр гайхалтай бүжиглэж байгаа нэгэндээ бид хэлэхээс өөр аргагүй. Энэ асуултыг 24, 25-нд болох гала тоглолтод оролцох бүжигчдээс асуумаар юм байна. Ийм олон орны бүжигчид оролцсон тоглолтыг улс орон бүхэн хийгээд байдаггүй юм шүү. Зардал, мөнгөнөөс өгсүүлээд олон асуудал бий. Америк, Япон, Өмнөд Африкийн бүжигчид ирнэ. Тэд ч бас өөр өөрсдийн онцлогтой. Энэ тоглолт найз нөхөд болон бусад олон хүний дэмжлэгээр байгуулсан “Монголын балетийн урлагийн хөгжил” сангийн хүрээнд болж байгаа. Энэ сангийн маань үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин ивээлдээ авсан. Том хүндэтгэл юм даа. Балетийн урлаг цаашид хөгжихөд чухал дэмжлэг болох байх. Боловсрол, соёлын яам , ДБЭТ бас дэмжиж  байгаа. “Алтжин” групп ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа. Улаанбаатар хотын захиргаа мөн дэмжиж байгаа.

-Гала тоглолтод оролцох бүжигчид Монголыг хэр сонирхож байна, ингэхэд?

-Их сонирхож байгаа. Надаас маш олон асуулт асуудаг. Интернэтээр мэдээлэл цуглуулж байгаа гэсэн. Энд тэнд бишгүй нэг явсан хүмүүс л дээ, уг нь. Гэтэл манай орныг үнэхээр их сонирхож байна. Монгол гэдэг ямар ч хүний бодол, сэтгэлд хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг улс гэдгийг эндээс харж байна.

-Чиний гол дүрд нь бүжиглэх “Хунт нуур”-ын тасалбар аль хэдийнэ дууссан гэсэн. Одоо гала тоглолтын тасалбарыг сурагласан хүмүүс зөндөө байгаа сурагтай. Ингэж хүлээж авна гэж төсөөлсөн үү?

-“Хунт нуур”-ын тасалбарыг хүмүүс авч байхыг хараад юм бодсон шүү.

-Москвад болсон Монголын соёлын өдрүүдэд ирж бүжиглэсэн гэл үү?

-Тэгсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монголын соёлын өдрүүдийн тоглолтод оролцсон. Өглөө нь Америкаас нисэж очоод, орой нь бүжиглэчихээд, маргааш өглөө нь буцаад ниссэн. Өнгөрсөн жил хотын дарга Г.Мөнхбаярын урилгаар ирж, наадмын концертод бас оролцсон. Миний сэтгэл Монгол руугаа дандаа тэмүүлдэг. Тийм ч болохоор энэ бүх үйл ажиллагааг эхлүүлсэн. Сангаа нээсэн, энэ тоглолтыг зохион байгуулж байна. Тэгээд ч Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд хотын дарга гээд олон хүн намайг дэмжсэн. Тэгээд олон жил санаандаа бодсон ажлаа эхлүүлсэн. Уг нь хүмүүс тоглолтын дараа хамаг юмаа ярьдаг. Би өмнө нь ярьчихлаа. Ярихгүй байхын ч аргагүй юм даа. Энэ урлагийн хөгжилд өөрийн чадлаар хэрхэн, яаж хувь нэмэр оруулах вэ гэж бодсон.

-Театрт хамгийн сүүлд хэзээ ирсэн юм бэ?

-Хоёр жилийн өмнө юм уу даа.

-Хэдийгээр том том театруудын тайзан дээр бүжиглэж байгаа ч гэсэн бүжигчин болгож өгсөн энэ театрын тайзыг үгүйлнэ биз?

-Өчнөөн сар жил яваад ирсэн ч гэсэн яг л өчигдөр эндээс гараад эргэж ирж байгаа юм шиг л надад санагддаг. Өнөөдөр гэхэд би энд сүүлд хоёр жилийн өмнө ирж байсан гэж огт бодогдохгүй байна. Өчигдөр ажлаа тарж яваад өглөө нь эргээд ирж байгаа юм шиг л. Бүх зүйл яг хэвэндээ. Хүмүүс нь хүртэл. Би өөр болсон юм шиг санагдаж магадгүй. Харин миний хувьд Алтанхуяг Алтанхуягаараа, театр театраараа л. Гаднах үзэмж, суудаг сандал өөр болж болно л доо. Гэхдээ театр яг хэвээрээ.

-Алтанхуяг, Алтанхуягаараа гэснээс “Хабл данс” хамтлагийг гурван найзтайгаа байгуулчихаад тоглолтоо хийж явсан шинэхэн бүжигчин Алтанхуяг, өнөөдрийн Бостоны театрт бүжиглэдэг Алтанхуяг хоёрын хооронд ямар ялгаа байна аа? Өөрчлөгдсөн үү?

-Мэдэхгүй ээ. Тэрийг  үзэгчид л хэлэх байх даа.

-Чиний хувьд?
-Илүү боловсорч, сайжиръя гэж л бодож явна. Яг одоогоор тийм болсон ч гэдэг юм уу учиргүй ярьж зүрхлэхгүй байна аа. Үзэгчид л хэлэх байх. Урьд нь намайг мэдэхгүй хүмүүс одоо харах байх. Би өөрийгөө дүгнэхийг хүсдэггүй. Харин өөрийнхөө алдаан дээр суралцахыг л хүсдэг.
-Таны аав Дугараа гуайг урлагийн хүн байсныг хүмүүс мэднэ. Их сайхан инээмсэглэсэн, сэтгэлд дулаахан хүн байсан гэж таньж мэдэх хүмүүс нь дурсдаг юм билээ. Аавынхаа тухай яриач.
-Ийш тийшээ аялан тоглолтоор явахад нь хамт явдаг байсан. Ааваасаа салдаггүй хүүхэд байлаа. Инээд хөөр, эрч хүч нь байнга ундарч явдаг хүн байсан юм. Дандаа л инээж явна. Хааяа нүдэнд харагддаг юм. Тэр үед хөдөө гадаа явахад унаа тэрэг, тайз энэ тэр гээд л бэрхшээлтэй зүйл зөндөө шүү дээ. Тэгсэн хэрнээ хэцүү, муу муухай зүйл одоо ер бодогддоггүй. Дандаа л сайхан, гоё дурсамжууд нь үлдсэн байдаг. Бидний дасгал сургууль гэхэд л сунгалтын дасгал хийхэд заримдаа тэсэхийн аргагүй санагдах үе бий. Тэр үедээ л тэгж бодохоос дараа нь тэр тухай огт боддоггүй. Харин тэр тайзан дээр бүжиглэхдээ яг энэ хөдөлгөөнийг сэтгэлдээ хүртлээ хийсэн гэдэг ч юм уу тийм эерэг бодол л санаанд ордог. Бэлтгэл, тоглолтын аль алинд юу эс тохиолдохов. Гэвч дараа нь дандаа сайхан дурсамжууд нь л үлддэг. Түүнтэй адилхан аавынхаа инээж байгаа сайхан төрхийг нь үргэлж санадаг.

-Ааваас өвлөж авсан хамгийн үнэтэй зүйл, хамгийн том чанар юу вэ?

-Мэдэхгүй дээ. Тэрийг ээжээс л асуух байх даа.

-Урлагийн хүн болсон чинь юм болов уу?

-Тэр бол тодорхой.
-Урлагт хайртай зүрх сэтгэл байж ч болох юм.
-Аав минь ардын бүжигчин байсан. Би сонгодог бүжигчин. Хоорондоо ялгаатай боловч бүжигт дуртай, энэ урлагт зүрх сэтгэлээ өгсөн. Яг л аав шигээ. Аав маань бүжиглэнэ, хөөмийлнө, дуу бичнэ, жүжиглэнэ, товшуур тоглоно, Алтайн магтаал хайлна. Бүгдийг л хийдэг байлаа.

-Алтанхуягийн ойрын төлөвлөгөө юу байна?

-Японы “Нью нэшионал” гэж театр байдаг юм. Тэнд долдугаар сарын 31-нд нэг балетийн гол дүрд бүжиглэнэ.

-Арай холын төлөвлөгөө гэвэл?

-Тоглолтууд л байна даа.

-Балет залуу насны урлаг. Нэг л өдөр тайзнаас буух өдөр ирнэ. Энэ тухай боддог уу?

-Цаг нь ирэхээр л тэр тухай бодох байх. Одоогоор миний нас ид бүжиглэдэг үе. Тиймээс  бүжиглэхээс өөрийг бодохгүй байна. Яг одоо бол хийж бүтээх, чадах юу байна тэр бүгдийг амжуулахыг л хүсэж байна даа.

Б.ЦАЦРАЛ
2011 оны 6 сарын 15

No comments:

Post a Comment