Thursday, 7 June 2012

Д.Баттөмөр: Би тоонд муу, бүтээлээ тоолох дургүй

“Баттөмөрийн дууг нэг үгээр тодорхойл” гэвэл “Тансаг” гэхээс өөр үг таарахгүй. Хоёр үгээр гэвэл “Яруу тансаг”, гурав бол “Уянга яруу тансаг”, дөрвөн үгээр хэл гэвэл “Сэрэхүйн уянга яруу тансаг” гээд “тансаг”-ийн өмнө хэдэн ч үг нэмж болно. Сүүлийн хагас зуун жилийн монгол дууны тухай хэн нэгэн ярьж, бичихдээ Баттөмөрийн нэрийг орхивол дутуудуулжээ гэж дүгнэхээс аргагүй. Монголын сүүлийн хагас зууны дууны уран бүтээл түүний дууг үйгээр бүрэн биш болчихно. Баттөмөрийн дуунууд тоо бөглөх төдий бус, тэрбээр сүүлийн хагас зууны урлагийн өнгийг тодорхойлогчдын нэгэн байж чадсан”. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров түүнийг ийн тодорхойлсон.
Үнэхээр ч 1960-аад оны “Намуун үдэш”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Миний нутгийн бараа”, 1970-аад оны “Дуу минь, дуу минь”, “Сайн нөхрийн ерөөл”, “Нутгийн хөөрхөн бүсгүй”, “Цэцэгт цэнхэр алчуур”, 1980-аад оны “Сансрын нисгэгчийн ээжийн дуу”, “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Есөн эрдэнийн орон”, “Дорнын цагаан саран”, 1990-ээд оны “Би хаана төрөө вэ”, “Мандухай”, “Бодлын цагаан хун” зэрэг дуугүйгээр Монголын дууны урлагийн түүх яаж бүтэн байх билээ. Эдгээр сайхан уран бүтээлийн эзэн, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийг “Хүмүүс” буландаа урихад “Би яриа хөөрөө муутай хүн шүү дээ. Тийм болохоор сонин хэвлэлд ярилцлага өгөх дургүй” хэмээн хэдэнтээ хойшлуулсны эцэст бид уулзлаа.
-Сайхан өвөлжиж байна уу. Танаар сонин сайхан юу байна вэ?
-Сайхан өвөлжиж байна. Хөгжимгүйгээр байж чадахгүй хүн чинь төгөлдөр хуурынхаа ард л сууж өнжих юм даа.
-Уран бүтээлийн олз омог их үү?
-Уран бүтээлч хүн байнга шинэ зүйл хийж байх ёстой. Би “Морин хуур” наадамд жил өнжилгүй оролцдог. Гэхдээ шагнал авах гэж бус, өөрийгөө ирлэж, хурцлах гэж бүтээлээ сойдог юм. 25 дахь удаагийн “Морин хуур” наадамд сойсон дуу маань хоёрдугаар шатанд үлдсэн байна билээ. Сайхан дуу хийхэд аялгуунаас гадна сайн шүлэг чухал үүрэгтэй. Сүүлийн үед дууны шүлэг их ховор болжээ. Би ямар азаар Монголын яруу найргийн ноён оргил Б.Явуухулан, Ш.Сүрэнжав, Д.Цоодол, П.Бадарч нарын шүлэгт ая хийж, хэдэн сайхан дуу зохиочихсон юм бэ гэж боддог шүү. Томчуудын нэр барьж буй хэрэг биш шүү. Азаар тэдний сайхан шүлгүүдийг би олж уншаад, ая хийчихсэн юм билээ.
-Танай нутгийг “Дуу хуурын өлгий” гэж өргөмжилдөг. Ийм сайхан аялгуу танаас урсдаг нь нутаг устай чинь холбоотой байх?
-Манай нутгийг ард түмэн тэгж өргөмжилсөн нь санаандгүй хэрэг биш байж таарна. Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад агснаас эхлээд олон мундаг хүн манай говиос төрж гарчээ. Би тэдний хажууд өчүүхэн амьтан. Хүмүүс намайг дуу хуурын өлгий нутгийн нэгэн эд эс хэмээн харж байгаа бол надад маш том шагнал, өргөмжлөл. Би Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул. Аав минь уртын дуу сайхан дуулдаг, шагай харвадаг, даалуу тоглох дуртай, Доржхорол гэдэг хүн байлаа. Ээжийг минь Дашдаваа гэдэг. Ээж, аав хоёрын нэрийн эхний үсэг адилхан болохоор хүмүүс анзаардаггүй болохоос би ээжээрээ овоглодог хүн шүү дээ. Намайг нэгдүгээр ангид ороход ээж сургуульд хүргэж өгсөн юм. Тэгээд овог нь хэн бэ гэхэд санамсаргүй өөрийнхөө нэрийг хэлчихсэн гэдэг. Ингээд миний бүх бичиг баримтад ээжийн нэр бичигдэж, ээжээрээ овоглох болсон. Одоо бодоход аав минь их хүлээцтэй, тулхтай хүн байж дээ.
-Таныг сумын Улаан буланд бүжгийн хөгжим тоглодог байсан гэж сонссон?
-Намайг багад айл бүр гэртээ морин хууртай, түүнийгээ хүн бүхэн тоглодог байсан. Миний анх барьсан хөгжмийн зэмсэг бол морин хуур. Манай сумын Улаанбулангийн эрхлэгч Намхайжанцан гэж хөгжимд дуртай, гайхалтай авьяаслаг хүн байсан юм. Тэр хүн намайг хөгжимд дуртай болоход их нөлөөлсөн гэж боддог. Би Намхайжанцан ахыг дагаж, хойно урд нь орж гүйсээр гармонь хөгжмөөр хэдэн ая тоглоод сурчихсан. Тэгээд долоодугаар ангид байхдаа сумын Улаанбуланд нийтийн бүжиг болоход би гармонь хөгжим тоглодог байлаа. Бага насаа дурссан чинь мориор хичээлдээ явдаг байсан минь санагдчихлаа. Бидний үеийн хүүхдүүд мориор хичээлдээ явдаг байлаа шүү дээ. Сургуулийн гадна морь уях шон хатгачихсан, тэнд нь морьд багширч байдагсан. Одоогийн хүүхдүүдэд төсөөлөгдөхгүй байх л даа.
-Ажлын гараагаа УАДБЧ-аас эхэлсэн гэдэг билүү?
-Би долоодугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд элсэхээр Улаанбаатарт хамаатныдаа ирсэн юм. Тэгээд радиогоор Ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчин шалгаруулж авна гэж зарлаж байхыг сонсоод саваагүйтээд очлоо. Саваагүйтэх ч гэж дээ, одоо л ингэж ярьж байгаагаас биш тухайн үед хөгжимчин болохыг хүсэж очсон байж таарна л даа. Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, хөгжмийн зохиолч Ч.Дагвадорж нар хүмүүсийг шалгаж байсан. Морин хуур хөгжим тоглож шалгуултал “Тэнцлээ. Аравдугаар сард ир” гэв. Би гэдэг хүн бөөн баяр, нутаг руугаа гараад шидчихсэн. Багшийн сургуульд орно гээд гарсан хүн чинь сургуульд орохоо болилоо гээд буцаад очиход ээжийн санаа их зовж билээ. Ээж “Энэ хүүхэд сургууль соёлгүй боллоо” гэхэд аав маань “Хэдэн адуугаа маллаад, морь уяад явж байна биз” гэж хэлсэн юмдаг.
УАДБЧ гэдэг том газар намайг хөгжимчнөөр ажиллуулна гэдэгт тэд маань итгэж өгөхгүй байсан хэрэг. Тэгж байгаад есдүгээр сар гарч, ирээрэй гэсэн хугацаа нь ойртоход “Би дээл хийлгэмээр байна. Хотод очиж хөгжимчин болно” гээд ээжээрээ дээл хийлгэж өмсөөд нутгаасаа гарсан даа. Миний дээдэх ах цистерний жолооч. Ах маань намайг хотод хүргэж өгөөд, УАДБЧ-д ажилд орно гэсэн нь үнэн юм гэдгийг аав, ээжид хэлж санааг нь амраасан даа. Ингэж дагалдан хөгжимчн өөр ажлын гараагаа эхэлж байлаа. Гавьяат жүжигчин, ёочинч Ж.Мэнд-Амар, урлагийн гавьяат зүтгэлтэн, эвэр бүрээч Л.Самбалхүндэв бид гурав зэрэг ажилд орж байлаа.
-Таныг УАДБЧ-ын анхны их хуурч гэж сонссон?
-Хэдэн жил дагалдан хөгжимчнөөр ажиллуулаад шалгалт авч мэргэжлийн үнэмлэх олгодог байлаа. Тэгээд би анхны их хуурч болсон. УАДБЧ-ын үндэсний хөгжмийн оркестрын анхны их хуур хөгжмийг тэр үед урласан. Их идэвхтэй, ир гэсэн цагаас заавал цагийн өмнө очиж, бэлтгэл сургуулилалтаа хийдэг байлаа. Миний багш Я.Чулуунбаатар надад хөгжмийн эрдмээс гадна хариуцлага, ёс зүй гэдгийг зааж ойлгуулж, өдий зэрэгт хүргэсэн хүн. Их хатуу хүн байсан, тийм тулдаа би өдий зэрэгт хүрсэн гэж боддог.
-Хөгжмийн зохиолыг хэзээнээс оролдож эхлэв?
-Би хөгжмийн мэргэжлийн сургууль төгсөөгүй хэрнээ Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн гэгдээд, ая зохиогоод сууж байгаа хүн шүү дээ. УАДБЧ-д хөгжимчн өөр ажиллаж байхаасаа л ноот эвлүүлж эхэлсэн. Тэр үед УАДБЧ-д Мөөеө (Л.Мөрдорж) багшаас эхлээд ланжгарууд ажиллаж байлаа. Би бол бялзуухай. Хийсэн аяа Л.Мөрдорж багшид сонсгоод засах зүйл байвал хэлээд өгөөч гэхээр “Наадахыг чинь би засчихвал Мөрдоржийн бүтээл болно шүү дээ. Чи өөрийнхөөрөө яв” гэж хэлдэг байв.
-Та хойно хөгжмийн сургуульд сурсан гэдэггүй бил үү?
-Улаан-Үдэд Соёлын ажилтны сургуульд удирдаач мэргэжлээр суралцсан. Төгс өж ирээд Сүхбаатар, Ховд аймаг, Эрдэнэтийн Соёлын ордонд ажилласан. Над шиг хөдөө 10 жил ажилласан хүн хөгжмийн зохиолчид дунд цөөн байх шүү. Мэргэжлийн сургууль төгссөн том хүмүүс чинь ганц баян хуур, хоёр хуучир, нэг шанзтай хөдөөгийн Соёлын төвд ажиллахыг хүсдэггүй юм.
-Харин та хүссэн хэрэг үү?
-Үнэн хэрэгтээ би хөдөө ажиллах тийм ч дуртай байгааг үй. Яамнаас “Хөдөө яв“ гээд томилохоор нь л явсан хэрэг. Явахгүй гэх толгой байх биш. Эргээд бодоход тэгж явсан нь оножээ. Олон янзын зан заншил, дуу хууртай нутгийн ард түмний дундаас шинэ, содон бүтээлийн санаа олддог юм. Шим шүлтийг нь хүртэж, өрмийг нь хамж болох бүхэн тэнд л байдаг.
-Таныг нийтийн дууны томоохон төлөөлөгч гэж тодорхойлсон нь бий. Та ер нь хэдэн дуу зохиосон бол. Тоолж бүртгэж үзэв үү?
-Би тоонд тун муу хүн шүү дээ. Бүтээлээ тоолох дургүй. Миний дуунууд өдий хүртэл дуулагдаж байгаа нь л сайхан.
-Нэг хэвэнд цутгачихсан мэт адилхан аялгуутай дуу олон боллоо гэх шүүмжлэл мэр сэр сонсогддог. Үүнийг та юу гэж боддог вэ?
-Монголчууд дуунд дуртай, хөгжмийн мэдрэмжтэй шүү дээ. Тэгэхээр хэр баргийн дууг голно шүү. 1990 оноос хойш ямар нэг цензургүй чөлөөтэй болж, хүмүүс юу дуртайгаа хийж байна. Энэ нь ч зөв. Гэхдээ гаднаас тавих хяналт багасах тусам өөртөө цензур тавих хэрэгтэй. Ичих булчирхайтай байх ёстой. Тэгж байж хүний сэтгэлд хоногших, цаг хугацааны шалгуур давах бүтээл хийнэ шүү. Түүнээс биш дуугаа радиогоор олон дахин цацсанаар амжилтад хүрэхгүй.
  Х.Уянга

No comments:

Post a Comment