УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, “Нэг Ардчилал” клубын гишүүн Лу.Гантөмөртэй ярилцлаа.
-Баабар энэ удаагийн сонгуулийг “Ардчилсан нам ялагдах эрхгүй цорын ганц сонгууль” гэж хэлсэн. Ингэж үзэх ямар шалтгаан байгаа юм бэ?
-Ард түмэн улс төрийн намуудад итгэх итгэл өдрөөс өөрт алдагдаж байна. Улс төрийн намуудад итгэх итгэл алдарна гэдэг нь цаагуураа засаглалын асуудал яригдана гэсэн үг. Монгол Улсад парламентын засаглал амин чухал хэрэгтэй. Гэтэл парламентын засаглалынхаа нэр хүндийг намууд нь унагачихсан. Намууд дээр бодлого гардаггүй юм байна, боловсон хүчнээ сонгож чадахгүй байна, авлигад өртөж байна гэсэн нийгмийн шүүмжлэл асар хүчтэй байна. Энэ алдагдаж байгаа урсгалыг зогсоохын тулд ирэх дөрвөн жилийн парламент үнэхээр сайн ажиллах ёстой. Ингэж сайн ажиллаж чадах нь Ардчилсан нам байна. Үүний төлөө явья, засаглалынхаа нэр хүндийг сэргээе. Тийм учраас ялагдах эрхгүй сонгууль гэж харж байна. Засаглалын нэр төрийг сэргээхгүй бол, энэ удаагийн сонгуулиар л тавиад туучих юм бол 2016 он гэхэд парламентад итгэх итгэл үндсэндээ байхгүй болно. Тэр үед нөгөө Ерөнхийлөгчийн засаглал, эсвэл аль нэг дарангуйлагчийн засаглал гарч ирнэ. Ялагдах эрхгүй сонгууль гэдгийг би ингэж л томьёолж байна.-Гэвч ялалт байгуулахын төлөө гаргасан бодлого, мөрийн хөтөлбөр, нэр дэвшүүлэлт нь хангалттай юу?
-Бид мажоритари тойрогт нэр дэвшүүлэхдээ орон нутгийн хүсэл эрмэлзлэлийг харсан. Дарханыхан хэнийг хүсч байна, Сүхбаатар дүүргийнхэн, Ховд аймгийнхан хэнийг дэвшүүлэхийг хүсч байна гэж. Орон нутагт сонгууль явах учраас тухайн тойргийн иргэд, сонгогчдын санаа бодол дээр л тулгуурлана. Аль сайн дэмжлэг авах хүнээ явуулна. Гэхдээ Ардчилсан нам нэр дэвшигчиддээ тодорхой шалгуур тавьдаг. Манай намын гишүүн нэр төр нь цэвэр, гэмт хэрэгт холбогдоогүй, энэ намын үзэл баримтлалыг тууштай хамгаалах, хамгийн чухал нь хувь хүний эрх чөлөөг хүндэтгэж, зах зээлийн эдийн засгийг ойлгодог байх ёстой. Эхлээд Монгол Улсын эрх ашиг, дараа нь намын эрх ашиг, хамгийн сүүлд нь бүлэг фракци болон хувийнхаа эрх ашгийг тавьдаг, эрх ашгийн эрэмбэ дараалал нь их зөв хүн байх ёстой. Мажоритари тойрог дээр барьсан гол зарчим, шалгуур нь энэ. Намын жагсаалт дээр бол бид үнэхээр сайн шийдэл гаргаж чадсан. Олон түмний төлөө чин шударгаар ажиллаж чаддагаа нотолсон хүмүүсийг жагсаалтад оруулсан. Тийм учраас Ардчилсан намын жагсаалт хамаагүй өнгөтэй байна гэж хүмүүс харж байна. Хэрвээ би энгийн сонгогч байсан бол Ардчилсан намд саналаа өгөх нь дамжиггүй. Бид ийм л жагсаалт гаргасан, одоо энэ жагсаалтаа олон түмэнд хүргэх хэрэгтэй. Намуудын ялгарал нэр дэвшилтээсээ харагдана.Хоёрдугаарт, мэдээж дэвшүүлж байгаа хөтөлбөр, зорилт.
Ардчилсан нам хүн дээрээ төвлөрч, монгол хүний эрх чөлөө, эдийн засгийн аюулгүй байдал, монгол хүний боловсрол, эрүүл мэнд, аюулгүй орчны төлөө бодлогоо гаргасан. Мэдээж цаг үеийн асуудлууд бол дандаа л эдийн засагтай холбоотой байдаг шүү дээ. Үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол, уул уурхайн хөгжил, гэмт хэрэг гэхчилэн цаг үеийнхээ энэ асуудлуудад Засгийн газар дандаа чирэгдэж явдаг. Төсвөө яаж бүрдүүлэх, яаж зарцуулах вэ, тендерээ яаж зарлах, яаж хүлээж авах вэ гэсээр яваад гол ажлаа мартдаг. Тийм учраас бид ирэх дөрвөн жилд хүндээ чиглэсэн энэ ажлаа мартахгүйгээр, орхихгүйгээр хийе л гэж байгаа юм. Тэр дундаа боловсрол. Монголын ирээдүй боловсролтой хүн дээр л тогтоно, өөрөөр төсөөлөгдөхгүй. Одоо л бид амжиж хүнээ боловсролтой болгохгүй бол... Ажил хийх чадвартай, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, өрсөлдөх чадвартай, дэлхийн хэмжээний мэдлэгтэй хүмүүсийг одоо бэлтгэж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол цаг үеийн энэ хурдтай өөрчлөлт улс орны эдийн засгийн болон цэргийн чадавхиас үл хамаараад их өөр нөхцөл байдал руу дэлхий нийтээрээ явж байна. Монгол Улс тусгаар тогтнол аюулгүй байдлаа хадгалж үлдэхийн тулд боловсролтой монгол хүн амин чухал. Үүнд төсвийнхөө маш тодорхой хэсгийг зарцуулдаг болмоор байна. Тэгэхгүй бол өнөөдөр л төсвөө дампууруулчихгүй байя, нэг юм бүтээчихье гэж явсаар байгаад маргаашийн Монголыг орхиод байна.-Ардчилсан намын ч, МАН-ын ч нэр дэвшигчид дотор залуучууд нэлээд хувийг эзэлсэн байна лээ. Залуучууд орж ирж байгаа нь сайн хэрэг, гэхдээ тэдэнд ямар шалгуур тавьсан бэ? Зарим намын нэр дэвшүүлэлтийг харахаар парламент гэдэг баян өв залгамжлагчдын орогнох газар ч юм шиг болчихоод байгаа...
-Манай намаас нэр дэвшиж байгаа залуучууд сүүлийн дөрвөн жил бэлтгэгдсэн. Бид “Нэг Ардчилал” клубыг байгуулаад клуб дээрээ долоо хоног бүр хэлэлцүүлэг явуулж байсан. Төрийн бодлогыг зөв болгохын тулд юу хийх ёстой юм, төр түшиж байгаа хүмүүс яаж ажиллах ёстой, яагаад төрд ажил хийдэг хүн очих ёстой гэсэн зарчим байгаа юм гэх мэтчилэн бараг л төр засах дамжаа хичээлүүллээ. Эндээс бэлтгэгдсэн залуучууд манай намаас нэр дэвшиж байгаа. Бусад намуудаас ямар хүнээ, яаж нэр дэвшүүлж байгааг мэдэхгүй. Ер нь Ардчилсан нам өөрөө залуучуудыг улс төрд бэлтгэх бүтэц их муутай. АЗХ гэж байдаг боловч насны хязгаар тавьчихаар 36 нас хүрээгүй залуучууд хоорондоо нэгдэж нийлээд өөрсдийгөө боловсруулна гэдэг учир дутагдалтай. Тиймээс бид “Нэг Ардчилал” клубыг байгуулж, ардчиллын төлөөх залуучуудад Ардчилсан намын хаалгыг нээж өгөхийг хүссэн. Тэр нээсэн хаалгаар олон залуучууд орж ирсэн. Тэр залуучуудтай нийгэм, хууль ёс, эрх зүйт төрийн тухай, УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтны ёс зүйн тухай гээд олон асуудлаар 200 гаруй уулзалт зохион багуулсан байдаг юм. Үүний тал нь бараг семинар, сургалт болж өнгөрсөн. Тэгэхээр манай залуучууд хангалттай бэлтгэгдсэн. Парламентыг залуужуулах процесс заавал явагдах ёстой. Үүнээс ухарч болохгүй. Гэхдээ ялагдах эрхгүй гэдэгтэй адилхан алдах эрхгүй нэг зүйл бол парламентын нэр хүндийг унагах хэмжээний залуучуудыг оруулчихаж болохгүй. “Залуучууд нь ч бас бүтэхгүй юм байна” гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлж болохгүй.-Залуучууд парламентад түлхүү орж ирснээр ямар өөрчлөлт гарах вэ? Зүгээр л нийгмийн нэг хэсгийн төлөөлөл гэдэг утгаараа байх ёстой хэрэг үү?
-Ер нь бол парламентад их олон жил суусан хүмүүс гол бодлогыг тодорхойлж байгаа шүү дээ. Би үүнийг буруу гэж хэлэхгүй. Гэхдээ шинэлэг юм заавал байх хэрэгтэй. Дэлхий дээр бий болж байгаа шинэ технологиудаас суралцах ёстой. Бүх зүйл судалгаан дээр үндэслэсэн тодорхой механизм, түүн дээр үндэслэсэн технологи болчихоод байна. Нийгмийн харилцаа, хуулийн харилцаа ч адилхан. Бид энэ нийгмийн харилцаандаа шинэ бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэх ёстой. Гучин жилийн өмнө хэрэглэж байсан аспириныг өнөөдөр хэн ч хэрэглэхгүй, гучин жилийн дараа гарсан шинэ аспириныг л хэрэглэнэ. Түүн шиг бид гучин жилийн өмнө дэлхий дээр туршигдаж байсан нийгмийн харилцаануудыг авч хэрэглэхээсээ илүү гучин жилийн дараа, өнөөдөр боловсрогдоод гарч ирсэн тэр харилцаануудыг авмаар байна. Ард түмэндээ ямар эрх өгч байна, тэр эрхийг нь өгмөөр байна. Төр ямар үүрэг хүлээж байна, түүнийг нь хүлээлгэмээр байна.Наад зах нь БНСУ, Польш улс бүх хуулиараа төрийн албаа үүрэгжүүлсэн байхгүй юу.
Ингэснээр нэг нь Европын, нөгөө нь Азийн манлайлагч улс боллоо. Дээр нь ТББ-уудад бүх эрхийг нь шилжүүлж өгсөн. Бизнесийн бүх эрх, зөвшөөрлийг ТББ-ууд нь өгдөг, төр зөвхөн стандартаа л тогтоодог. Энэ мэт олон жилийн хөдөлмөр, олон удаагийн туршилт, судалгааны үр дүнд гаргаад ирчихсэн шинэ технологиудыг бид авч ашигламаар байна. Ингэж авч ашиглахад хуучинсаг сэтгэлгээ аягүй их садаа болдог. Шинэ сэтгэхүй, шинэ мэдээлэлтэй хүн, энэ нийгмийг зөв тийш нь өөрчилчихье гэсэн бодол санаа хэрэгтэй. Түүнээс биш “Одоо байгаа нь болж байна. Энэ нь цаашаа хадгалагдаад яваг” гэсэн ойлголтой хүмүүс нь олон байж боломгүй байна. Ялангуяа бидний байгуулах гэж зүтгээд байгаа шинэ нийгмийг биеэрээ амсаад туулчихсан, үр шимийг нь хүртчихсэн хүмүүс шийдвэр гаргах түвшинд ажиллана гэдэг их чухал зүйл.-Өөрчлөхгүй гэж байгаа хүмүүс нь хуучнаа хадгалах гэхээсээ илүү өөрчлөлтөөс айгаад байгаа юм биш үү?
-Манай хуучны хүмүүс аягүй тийм аж ахуйн хүмүүс байхгүй юу. Асар их уналтыг үзчихсэн, гэр орноо босгохын тулд асар их аж ахуйн ажил хийсэн. Зарим нь лаа зарсан, зарим нь уран зураг, зарим нь спирт зарсан, Европоос машин зөөсөн, түүндээ дасан зохицчихсон л хүмүүс байхгүй юу. Илүү оюунлаг бүтээгдэхүүн бий болгоё гэдэг, судалгаа шинжилгээ хийгээд үр дүнд хүрдэг гэдгийг харсан хүн маш цөөхөн. Аж ахуйн ажил гэдэг нь өнөөдрийн асуудлыг өнөөдрөөр нь шийдэхийг л хэлж байгаа юм шүү дээ. Надад 100 ширхэг лаа байна, 50-ыг нь өнөөдөр зарна гэдэг ч юм уу. Тэр хүмүүст өөртөө байгаа өгөгдөл нь л хамгийн чухал болчихоод байгаа юм. Тэгвэл энэ хаанаас үүсэлтэй юм бэ, ерөөсөө зах зээлийн эдийн засаг руу ороод бүгд наймаачин болсонтой л холбоотой. Төрийн алба хашиж байгаа хүмүүс нь өөртөө байгаа лиценз, өөртөө байгаа тамгаар наймаа хийсэн. Миний тамга хэдэн төгрөгийн үнэ хүрэх вэ гэдгийг л өдөр шөнөгүй бодсон. Тэгэхгүй гээд яах юм, гэр орон нь ард нь нурж унах гээд байгаа юм чинь.-Парламентын нэр хүнд унахад хүрсэн шалтгаан нь юу юм бэ, таныхаар?
-Хэт хуучинсаг хүмүүс парламентын гол цөм нь болчихсон байна, аль нам байхаасаа үл хамаараад. Тэгээд хоорондоо хэт гэр бүлсэг байдалд ороод нэг нэгэндээ ч үг хэлж чадахгүй, нийлэхээрээ ч ажил хийж чадахгүй, үндсэндээ энэ нийгмийн өнөөдөр байгаа нөхцөлд байдалд “болоод байна” гэдэг дүгнэлт өгчихсөн л хүмүүс байна шүү дээ. Тийм учраас юмыг урагшлуулдаггүй. Залуучууд ч юм уу, эрдэмтэд шүүмжлээд “та нар тэгээч, ингээч” гэхээр өөдөөс нь “заавал ингэх ямар хэрэг байна аа” гэдэг. Уг нь бол хүнд чинь өглөө босох болгонд нэг шинэ санаа төрдөг биз дээ. Сарын дараа дахиад шинэ санаа төрнө, хүн өөрийгөө нээж явсаар үхдэг л гэж би хувьдаа боддог. Гэтэл хэт хуучинсаг хүмүүс судалгаанд ч итгэдэггүй. Нэг нь нэг шинэ юм ярихаар нөгөөдүүл нь “Чи одоо яагаад байгаа юм бэ” гээд юм болгоныг хойш нь тавьдаг, юу ч хийдэггүй хүмүүс байна аа л гэдэг дүгнэлтэд хүрсэн. Төрийн албыг цомхон болгоё гэхээр “Үгүй, болоогүй ээ, дараа нь” гэж байгаад нэмчихдэг. Авлигатай тэмцье гэхээр “тэмцэж байгаа, авлига буурч байгаа” гээд суугаад байдаг. Ард түмний мөнгийг хэмнэе гэхээр “Тэгье ээ” гэсэн мөртлөө цаагуураа идэж уугаад байдаг. Ийм байдлаар олон түмэнд өөрсдийгөө харуулаад байна. Тэр хэсэг нь одоогийн парламентыг дөрөөлж байна.-Намуудын мөрийн хөтөлбөрт, өрхийн аж ахуй, өрхийн гэдэг үг маш их орсон байна лээ. Айл болгон л нэг жижиг юм эхлүүлэх нь л дээ, гэтэл одоо хэддүгээр зуун билээ. Яагаад инженер, эдийн засагчаа ярихгүй, өрхийн аж ахуй яриад байгаа юм бэ?
-Өрх болгон үйлдвэрлэгч болохын төлөө байнга л явна л даа. Ядуу байгаа учраас баян болохын төлөө л явна. Тэр мэрийлт хэзээ ч арилахгүй, ард иргэдийн дотор ноёлно. Харин бидний хувьд, төр засгийн барих бодлого бол айл болгон нэг эрдэмтэн, судлаачтай больё. Тэгж байж улс хөгжинө. Улсаа хөгжүүлэхийн төлөө явах уу, уламжлалт байдлаа хадгалаад, дэлхийн хөгжлөөс хоцроод, дэлхийн улс орнууд Африкийн ойг очиж үздэг шигээ Монголыг ирж үздэг улс болох юм уу. XXI зуун оюун санааны тулааны зуун, өөр юу ч биш. Оюун ухаанаараа хэн хүчирхэг байна, тэр л хожно. Улс орон дотроо ч тийм л байна. Хэн илүү хөгжсөн нь илүү хүчирхэг байж, илүү сайхан амьдарна. Тэр лүү л монголчууд тэмүүлье. Сая ухаантай хүнтэй л больё л доо. Сая компанийн захиралтай больё. Тэгвэл бид хэнийг ч ажиллуулж чадна. Захирал болно гэдэг залхуу болно гэсэн үг ерөөсөө биш. Хүн ухаантай болох тусмаа өөрийнхөө байшинг өөрөө барина, цамцаа өөрөө индүүднэ. Би тийм жишээ маш олныг мэднэ. Японы компанийн захирлууд бүгдээрээ ажлынхаа хувцсыг өмсөөд талбай дээрээ гардаг. Ухаантай хүний онцлог бол дандаа юм уншдаг, дандаа шинийг хайдаг. Өнөөдөр барьж байгаа байшингаа маргааш сайжруулах, өнөөдөр авч байгаа малынхаа үр шимийг маргааш улам сайжруулахын төлөө л явдаг. Зуданд яаж өртөхгүй байх вэ гэдэг ухаанаа олдог.-Түрүүчийн сонгуулиар “Ард түмний мөнгийг хэмнэе” гэдэг уриатай орж байсан. Энэ удаа “Эрхийн балайг эмчилье” гэж ярьж байна. Гэхдээ ард түмний мөнгийг үргэлжлүүлэн хэмнэх хэрэгтэй биш үү, илүү өргөн хүрээнд?
-Ард түмний мөнгийг хэмнэх санаачилга гаргаж, хөдөлгөөн өрнүүлээд хууль гаргасан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар нөгөө дураараа дургидаг, дунд чөмгөөрөө жиргэдэг байдал бүрэн алга болсон. Ард түмний мөнгө хэмнэгдэхээр барахгүй хуримтлалын сантай болно. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсан учраас би энэ асуудалд санаа зовохгүй байна. Хоёрдугаарт, Төсвийн тухай хууль батлагдаж, төсвийн эрх мэдэл анхан шат руу очсон. Тендер зарлах, худалдан авалт хийдэг байгууллагыг шинээр бий болгосон, энэ байгууллага 2013 оноос эхлээд худалдан авалтаа интернэтээр хийнэ. Тэгэхээр тэнд үнэ өсгөдөг, иддэг уудаг асуудал алга болно. Дарга нар өөр өөрийнхөө байгууллагад хийдэг худалдан авалтаа бүгдийг нь интернэт дэлгүүрээс худалдаж авна. Цахим худалдан авалтын систем Монголд нээлтээ хийчихсэн, одоо туршилтад ороод явж байна. Одоо дарга нарыг таньдаг байх шаардлагагүй болсон. Бараа үйлчилгээгээ төрд зарья гэвэл интернэтийн дэлгүүрт байрлуулаад л болоо.Ийм хоёр том хууль батлуулж чадсан, энэ хуулиуд үр өгөөжөө өгнө өө.
Би бол энэ худалдан авалт чинь хэтэрчихлээ л гэж хэлсэн шүү дээ. Дүрэм журам үйлчилдгээрээ үйлчилж байгаа, миний гаргасан санаачилгууд эвдэгдэхгүй явж байгаа. Санаатайгаар нураах гэсэн оролдлого ч байнга явж байгаа. Одоо хүртэл Улаанбаатар хотод жийп унадаг дарга нар байна. Тэд жийпэнд дуртайдаа биш, Гантөмөрийн дэвшүүлсэн бодлогыг нураана гэж л яваа хүмүүс. Дарга нар тансаг байх ёстой, энэ нөхөр түүний эсрэг явж байгаа нь буруу гэж эсэргүүцэл үзүүлж байгаа юм. Хүүхдийн хоолыг хураагаад авахаар дээшээ хараад унадагтай л адилхан үйлдэл үзүүлж байна. Энэ болгонтой нэг УИХ-ын гишүүн тэмцэнэ гэж байхгүй. Тэр дарга болгонтой очиж зодолдоогүйн гавьяа нь төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдлаа. Төсөв тогтвортой байх юм байна, хэмнэж амьдрах нь зөв юм байна гэдгийг Монголын бүх эдийн засагчид хэлсэн. Цамаан үрэлгэн зардал улс орныг дампууруулна гэдгийг бүгдээрээ нэг дуугаар зөвшөөрсөн. Энэ зөвшөөрөгдсөн зүйлийг хууль болгож батлуулсан. Энэ бол миний 2008 оны сонгуульд ялсны гавьяа. Хэрвээ ард түмний мөнгийг хэмнэх санаачилга гараагүй, төсвийн үрэлгэн байдлын тухай дуугараагүй, бүгдээрээ идэлцэхийн төлөө явсан бол энэ хуулийг хэзээ ч батлахгүй байсан.-Ирэх 2013 оноос хэрэгжүүлэхээр баталсан шүү дээ...
-Хэзээ хэрэгжүүлэх нь хамаагүй. Монголын ард түмний мөнгө хяналттай байх ёстой, яаж зарцуулах нь тодорхой байх ёстой. Төсвийн бүх эрх мэдэл орон нутагт очсон. Сангийн яамны гадаа овоордог байсан олон машинууд алга болно, Сангийн яам зөвхөн бодлого боддог болно. Ордны гадаа ч машин овоорох нь багасна. Тиймээс би үндсэн зорилгоо хэрэгжүүлчихсэн. Дахиад хийх ёстой том ажлаа эхлүүлчихсэн. Би сонгогдох, эс сонгогдохоос үл хамаараад Монголын төр үүнийг хийнэ, төр үүрэгтэй болно. Үүнд би өөрийгөө их тоож байгаа. Их чухал, нюанстай хоёр бодлогыг их хэцүү цаг үед гаргаж тавилаа, тэр нь цаашаа төрийн бодлого болоод явах нь ээ гэж. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлачихлаа шүү дээ, ирэх дөрвөн жилийг төр засах дөрвөн жил болгоно гээд. Төрийг засах тэр ухаан нь үүргийн хувьсгал байна. Гантөмөрийн санаачилгыг төрийн бодлого болголоо гээд хэлчихлээ, үүн дээр 100 гаруй хүн ажиллаж байна. Үр дүн нь тэртэй тэргүй дөрвөн жилийн дараа гараад л ирнэ.-Бас л хойшоо ухарсан юм ярья л даа. Тэр зөв бодлогыг авч явах эсэх нь дараагийнхаа парламентаас бас их шалтгаалдаг юм шиг байна. Жишээ нь, өмнөх УИХ-ын үед баталсан УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулах хуулийн заалтыг энэ удаагийн парламент хэрэгжүүлсэнгүй, хойш нь тавьчихлаа. Төсвийн тогтвортой байдлын хуулийг дараагийн парламент бас ингэж хойш тавих вий?
-Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх аргагүй. Монгол Улс өөрөө энэ хуулийг батлахын хажуугаар дэлхийн санхүүгийн бүх байгууллагуудтай тохироод гар хөлийн үсэг зурчихсан. Хоёрдугаарт, энэ уур амьсгалыг эвдүүлэхгүй байж чадна гэж би хувьдаа бодож байна. Эрх биш Ардчилсан нам дотор үгээ хэлэхэд ойлгодог хүмүүс байна, Ардчилсан нам арай ч нэг арчигдчихгүй байх. Яг одоогийн байдлаар бол ялна л гэж ярьж байгаа шүү дээ. Манайхан ялчихсан тохиолдолд манай намын гишүүд үүний эсрэг явна гэж байхгүй, 100 хувь дэмжинэ. Саяын дөрвөн жил С.Баярцогт сайд л халуун сэтгэлээр дэмжиж байж энэ хуулийг батлууллаа. Манай намын Сангийн сайд байсан учраас батлуулсан. Ардын намын сангийн сайд байсан бол энэ хууль батлагдахгүй. Эрх биш бид парламентад суудал авсан тохиолдолд энэ хууль хэрэгжинэ ээ.-Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль байна, өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хэрэгжээд эхэлчихсэн. Энэ хууль гарснаар бизнес хийдэг, уул уурхайтай холбоотой, томоохон компанитай, мөнгөтэй хүн төрийн алба руу зүтгэх биш, зугтах ёстой. Гэтэл өнөөдөр МАН-аас сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийг харахаар хамгийн мөнгөтэй, хамгийн том компанитай, хамгийн том уул уурхайтай хүмүүс байна. Энэ хүмүүст хууль хууль биш болчихов уу, эсвэл үнэхээр хамаг өмч хөрөнгө, бизнесээ гаргуунд нь хаяад төрд зүтгэхээр шийдэв үү?
-Энэ хуулийг Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар гэсэн бидний хэдэн гишүүд саначилж боловсруулаад тал талаас нь хөөцөлдөж байж батлуулсан. Харамсалтай нь энэ нэр дэвшиж байгаа хүмүүс бүгдээрээ хуулиа уншаагүй байна. Энэ хуулийг уншаад ойлгосон цагт төр лүү хошуурч байгаа тэр хүмүүс бүгдээрээ өөрсдийнхөө бизнесийг зогсооно шүү. Хууль бол үйлчилдгээрээ үйлчилнэ. Хуулийг гүйцэд ойлгохгүйгээр УИХ, Засгийн газар руу тэмүүлж байгаа хүмүүс бол алдаад л гарна. Сонирхлын зөрчлийн тухай хууль ажил хэрэг болоод явна, бизнесийнхэн нь бизнесээ хийгээд, төрд ажиллах нь төрдөө ажиллаад явдаг болно. УИХ-д орж ирж байгаа энэ том бизнесмэнүүд цаашдаа бизнесээсээ их хол болно шүү. Ямар ч байсан УИХ-ын гишүүн хүн өөрийнхөө бизнест оролцохоо болино. Засгийн газарт очиж байгаа бол бүр холдоно. Хуучин бол сайд нар эхнэрийн компанид тендер авч өгдөг байлаа шүү дээ, одоо бол зөвшөөрөл ч гаргах эрхгүй болсон. Төсвийн мөнгийг амин хувьдаа ашигладаг явдал байхгүй болсон. Тийм учраас би энэ нэр дэвшиж байгаа хүмүүсийг хуулиа гүйцэд хараагүй байна л гэж хэлнэ. Ер нь манайхан хууль уншдаггүйн л хар гай.-Тэгвэл үнэхээр улс төрд орьё гэвэл юунд бэлэн байх ёстой юм? Намынх нь шахалт ч бай, өөрийнх нь шунал хүсэл ч бай...
-Өөрийнхөө сонирхол, хүсэл эрмэлзлэлийг мэдэр. Чиний амьдралд юу хэрэгтэй вэ, чи юу хүсч байна, зүрхээ чагна. Тэгээд үнэхээр улс орны хөгжил нэгдүгээр асуудал юм байна гэж уншиж чадаж байгаа хүн бол улс төрд ор. Гэхдээ нэг зүйлийг хатуу ойлгох ёстой. Хэрэглээ чинь их бага байх ёстой шүү. Улс төрд орж ирсэн хойноо их том машин унана, тансаг хауст амьарна гэж мөрөөдөж болохгүй. Лам болж сахил хүртэж байгаа хүн “эхнэр авахгүй ээ” гэдэгтэй л адил. Хүний сонголтын л асуудал шүү дээ. Төрд очиж байгаа хүн ажил хийх гэж л очих ёстой. Улс орон хөгжөөд цалин хөлс нь нэмэгдээд ирвэл угаасаа нийтээрээ сайхан амьдрах боломж бүрдэнэ. Өөрт чинь сайхан амьдрал ирнэ. Түүнгүйгээр улс орон ядуу зүдүү байхад өөрөө баян амьдарна гэж бодож байгаа бол бизнесээ хийх хэрэгтэй. Өөрийнхөө хэрэглээг тодорхой түвшинд хязгаарлаж чаддаг байх тэр ухамсар улстөрч хүнд маш чухал.-Өнгөрсөн дөрвөн жил УИХ дээр ч их маргаан өрнүүллээ, Засгийн газрыг нэлээн шүүмжиллээ. Заримдаа өөрөө гардаад хийх юмсан гэсэн хүсэл төрдөггүй юу?
-Нам ялбал гардаад хийнэ шүү дээ. Харамсалтай нь миний ялаад парламентад сууж байгаа хугацаанд Ардчилсан нам ялсангүй. Нам нь ялаагүй байхад “Би сайд болно” гэж зүтгэх утгагүй асуудал биз дээ, яаж ч бодсон. Ингэхийн тулд их том “совесть” хэрэгтэй болно шүү дээ./инээв/. Ардчилсан нам ялсан тохиолдолд тодорхой салбарыг хариуцаад, тэр салбартаа бодлогын түвшний шинэчлэлийг хийгээд явахыг хүсч л таарна. Тийшээ бол тэмүүлэлгүй яах вэ. Хамтарсан Засгийн газрыг байгуулах үед бол би манай нам ялагдчихлаа гэдгийг гүн гүнзгий ойлгосон байсан. Нэгэнт ялагдсан учраас ялахын тулд эрч хүчтэй залуучуудаар энэ намыг хүрээлүүлэх хэрэгтэй гэдэг итгэл үнэмшил надад байсан. Тиймээс “Нэг Ардчилал” клубыг байгуулсан, үүндээ ч алдаагүй гэж бодож байна. Манай клубын залуучуудаас арав орчим хүн УИХ-д нэр дэвшээд, дахиад арав орчим нь НИТХ-д нэр дэвшээд явж байгаа. Энэ бол том амжилт. Энэ залуучууд ямар ч байсан улс төрийн тодорхой барилыг авчихсан, өөрөө өөрсдийгөө цаашаа хөгжүүлээд явах чадвартай хүмүүс. Илүү сайн ажиллах шаардлага байсан уу гэвэл байсан. Гэхдээ засаг дээр нэгэнт хамтарсан байсан учраас олон залуучууд ард түмэнд танигдах илүү олон боломжийг олж авч чадаагүй. Улаан цайм намынхаа эсрэг яваад байж бас болохгүй, сонгууль болохоор нам дээрээ л очдог шүү дээ.-Х.Тэмүүжин гишүүн та хоёрыг клуб дээрээ долоо хоног болгон хуралдаад, лекц семинар хийгээд байхаар үнэндээ гайхаж л байсан. Өөр өөрийнхөө өмнөх ажлыг л хийгээд, намынхаа удирдлагатай таарч тохироод явсан бол хувийн амжилт нь ч илүү, сайдын суудал ойр байх биш үү?
-Сайд болох бол цаг хугацааны л асуудал шүү дээ. Бодлогоо хэрэгжүүлж чадахгүй сайд байна гэдэг ял байхгүй юу. Тухайн салбарыг хөгжүүлэх бодлого нь өөрт байх хэрэгтэй, баг нь байх хэрэгтэй. Тэр бодлогыг нийгэмд хүргэх хүчирхэг медиа байх хэрэгтэй, олон нөхцөл байна. Юу юугаа ч мэдэхгүй давхиж очоод албан тушаал авчихсан хүмүүс албан тушаалынхаа золиос болоод байна шүү дээ. Энэ цаг үеийг урагшлуулаагүй, сайхан болгоогүйн буруутан болж хувирч байна. Заавал буруутан болох ямар хэрэгтэй юм. Тийм учраас би энэ шинэлэг санаа, шинэ болгоныг хүлээж авдаг хөрс суурийг нам дээрээ бүрдүүлэхийн төлөө байна. Сонирхлын зөрчлийн хууль гэхэд УИХ дээр жил хагас орчим зогслоо. Тэгдэггүй л байх хэрэгтэй. Ардчилсан нам үүнийг шууд шүүрч аваад л ажил хэрэг болгодог байх ёстой. Одоо “үүргийн хувьсгал” гээд ярихаар ойлгохгүй царайлаад явж байгаа нөхдүүд зөндөө байна, манай нам дотор ч байна. Тэгдэггүй л байх хэрэгтэй. Шинэ санаа гаргалаа,идей шидлээ, манай Ерөнхийлөгч шиг шууд үмхэж аваад бүгдээрээ урагшаа явдаг байх ёстой. Ийм л намыг бий болохгүйгээр тодорхой нэг хугацаанд албан тушаал хаших нь ерөөсөө сонин биш. Тэртэй тэргүй тэр албан тушаалыг хаших хүмүүс зөндөө байгаа.
Нийтлэлч
Б.Сэмүүн
Эх сурвалж
Ардын эрх
Б.Сэмүүн
Эх сурвалж
Ардын эрх
No comments:
Post a Comment