Wednesday, 6 June 2012

Д.Болдхуяг: "Би 22 цагт харьдаг муу аав"


Сэтгүүлч Д. Болдхуяг /baabar.mn-нийтлэлч/
Ил шулуухан үгтэй илэн далангүй энэ эр гурван охины аав. Ярилцаад сууж байхад охиддоо хачин их хайртай нь, эмэгтэй хүнийг чин сэтгэлээсээ хүндэтгэж явдаг нь харагдаж байсан юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэе.
-Гэр бүл дэх аавын орон зайг та юутай зүйрлэж хэлэх вэ?
-Аавын орон зай гэр бүлд хамгийн чухал. Монгол гэрийн багана хос байдгийн учир нь эхнэр нөхөр хоёрын хослон амьдрах хувь тавилангаар илэрдэг. Монгол гэр нэг баганатай байсан бол бат бөх байж чадах байсан болов уу. Үүнтэй л адил юм даа.
-Та хүүхдийн хүмүүжил тал дээр хэр анхаардаг вэ?
-Үлгэр, домог ярьж өгөх, үзэл бодлыг нь төлөвшүүлэх, оюун ухааныг нь хөгжүүлэх тал дээр манай хүн сайн. Би бол хошин шог зүйл тухайлбал “Баадай бадарчны паян” гэх мэт адал явдалтай үлгэр ярина. Заримдаа өөрөө зохиогоод ч хамаагүй онигоо ярьж өгдөг. Хүүхэд ер нь аавыгаа алиа хошин, хөгжилтэй хүн гэдгээр нь хүлээж авч байх нь зүгээр гэж боддог. Хамгийн гол нь нэг бол ам хэлээ дултируулаад эрхлүүлээд эсвэл зандарч загнаад сүр үзүүлээд байх нь утгагүй.
-Та охиддоо гар хүрч байв уу?
-Би гаднаасаа ширүүн дориун харагддаг байж магадгүй. Гэхдээ би хэзээ ч охиддоо гар хүрч байгаагүй. Аавын алганы амт, суран бүсээр ороолгох зэрэг цаг үетэйгээ авцалдахгүй бурангуй ёс заншилийн эсрэг байдаг.
-Та гэрийн ажилд хэр вэ?
-Уг нь бол сайн. Гэр цэвэрлэх, хоол хийх гээд л. Нарийн боов хүртэл хийнэ шүү дээ. Хааяа өөрөө өмд хувцсаа индүүдчихнэ.
-Ховорхон хийдэг аавын гарын хоолонд гэр бүлийнхэн их дуртай байдаг. Та хэзээ хамгийн сүүлд гэр бүлээ гарын хоолоороо дайлсан бэ?
-Сарын өмнө дайлсан юм байна. Ер нь манай гэр бүл их завгүй байдаг болохоор шөнийн бор хоногтоо гэртээ ирээд өглөө эрт гарах үе надад зөндөө бий.
-Хэдий зав зайгүй ч гэсэн охидынхоо анги сургуулиас зохиодог ажилд оролцож байсан уу?
Өнгөрсөн намар бага охиныхоо /23 сургуульд сурдаг/ангиас зохиосон спорт арга хэмжээнд охинтойгоо нэг баг болж оролцсон. Олс таталт энэ тэр гээд л...
-Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч амждаг уу? Хэзээ сургууль дээр нь очсон бэ? Багштай нь уулздаг уу?
-Өнгөрсөн долоо хоногийн турш дунд охиноо сургуульд нь хүргэж өгсөн. Өглөө 7.30 гээд л гарна даа. Мөн бага охиныхоо хөгжмийн багштай нь очиж уулзсан юм байна. Төгөлдөр хуураар хичээллэж байгаа юм. Нэлээн авъяастай байна гэж магтуулаад би ч үүнд нь урамшаад байгаа шүү.
-Манай аяны нэр “Аавууд аа гэртээ эрт хариарай”. Аяны уламжлалт нэг асуулт. “Та өчигдөр хэдэн цагт   гэртээ харьсан бэ?”
-22 цагт, ер нь ихэвчлэн 22 цагт харьдаг. Тэгэхээр би их муу аав болж таараад байгаа юм. Өдөр болгон эрт харихсан гэж боддог ч ажил амждаггүй юм. Гэхдээ өнөөдөр эрт харинаа.
www.emegteichuud.mn

No comments:

Post a Comment