Мэргэжлийн сүмогийн түүхэн дэх Монголын дөрөв дэх озэки Какүрюү М.Анандыг “Их Монголын алтан одод 2” сагсан бөмбөгийн шоу тоглолтод оролцохоор ирээд байхад нь манай сурвалжлагч уулзаж ярилцсан юм.
-Нацү башёд анх удаа озэки цолтойгоор барилдлаа. Бэлтгэлээ хэрхэн базаав. Озэки цолтойгоор барилдахын дарамтыг хэр мэдрэв?
-Цол
авснаас хойш маш завгүй хэдэн долоо хоногийг өнгөрүүлсэн болохоор ямар ч
амралтгүй шахам тэмцээнд оролцсон. Ерөнхийдөө зуны тэмцээн эхлэхээс
долоо хоногийн өмнө тэмцээний үндсэн бэлтгэлдээ орсон доо. Элдэв
дарамтыг мэдрээгүй ээ. Яахав, эхний нэг хоёр өдөр биеэ барьсан байж
магадгүй.
-Зарим
бөхчүүд тэмцээний үеэр маргааш барилдах өрсөлдөгчийнхөө сүүлийн үеийн
барилдааныг бичлэгийг үзэж судалдаг бол зарим нь барилдааны тухай
бодохыг ч хүсдэггүй гэх юм билээ. Харин таны хувьд тэмцээнтэй хоёр долоо
хоногийг яаж өнгөрүүлдэг вэ?
-Тэмцээнтэй
үед орой нь тэр өдрийнхөө барилдааны бичлэгийг заавал үздэг. Тэгээд өөр
юм хийж тархи толгойгоо амраахыг хичээдэг. Харин маргааш өрсөлдөгчдөө
тохируулсан тактик боловсруулдаг гэх үү дээ.
-Сүмогийн ордонд хэдэн цагийн үед ирдэг вэ. Наана нь ирчихээд жюүрёогийн барилдаан үздэг үү?
-Дээд зиндааны барилдаан эхлэхийн өмнө болдог дохё-ири ёслолын өмнөхөн л ордонд ирдэг.
-Озэки болоод цалин хангамж хэр нэмэгдэв. Хэдэн дагуултай болсон бэ?
-Арслан болчихоор өөрийн гэсэн машин унах эрхтэй. Мөн таван туслахтай байж болдог. Мэдээж цалин хангамж нэмэгдэнэ.
-“Изүцү” дэвжээнээс өмнө нь озэки цолтон гарч байсан юм уу?
-Манай
дэвжээнээс хамгийн сүүлд 22 жилийн өмнө Киришима гэдэг хүн озэки болж
байсан юм билээ. Би дэвжээнээсээ төрсөн гурав дахь озэки нь.
-Аварга,
арслангууд тэмцээнийхээ бэлтгэлийг гол өрсөлдөгчдийнхөө дэвжээнд очиж
хийлээ гэж сонсогддог. Зуны тэмцээнийхээ бэлтгэлийг хаана базаав?
-Манай
“Токицүказэ” галд харьяалагддаг дэвжээнүүд бэлтгэлээ хамтарч хийдэг. Мөн
аваргын галын барилдаанд нэг өдөр очсон юм байна.
-Саяын башёд 8-7 амжилт үзүүлээд шүүмжлэлд өртөв үү?
-Тэмцээний найм дахь өдөр хүртэл 7-1 амжилттай явж байгаад сүүлийн 5-6
барилдаандаа тааруу барилдсан тал бий. Мэдээж арслан цолтой хүний хувьд
дор хаяж арав давж байж тавин хувиа хийсэн гэж яривал зохилтой. Холбооны
зүгээс “Цолондоо тохирох барилдаан үзүүлсэнгүй” гэсэн шүүмжлэл ирсэн
гэж сонссон. Долдугаар сарын тэмцээнд бэлтгэлээ базаагаад сайн
барилдахыг хичээнэ дээ.
-Гуравдугаар
сарын тэмцээний сүүлчийн өдөр ялсан бол нэмэлт барилдаан хийлгүй
түрүүлчих боломж байсан. Дараа нь ёкозүнатай аваргын төлөө нэмэлт
барилдаан хийгээд ялагдсан. Тэр барилдаанд бодож төлөвлөснийхөө дагуу
барилдаж чадсан уу?
-Нэмэлт
барилдааны өмнө ялагдсан тэр нервэндээ Хакүхо аваргатай санаснаараа
барилдаж чадаагүй. Уг нь аль болох тайван байхыг хичээсэн. Аварга намайг
бодвол нэмэлт барилдааныг олон удаа хийсэн болохоор аргагүй туршлага
зааж байна лээ.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Сүмод анх элсэхдээ захидал бичээд орж байсан гэдэг. Тэр талаараа ярихгүй юу?
-Д.Батбаяр, Н.Цэвэгням ах нарын барилдахыг зурагтаар анх хараад сүмо
барилдмаар санагдах болсон. Тэр үед аавын нэг шавь Японоос сүмогийн ном
явуулсан юм. Би захиагаа аавынхаа сургуулийн япон хэлний багшаар
орчуулуулаад тэр номон дээр байсан хоёр хаяг руу хоёулан руу нь
явуулчихсан. Хаашаа явуулж байгаагаа ч мэдээгүй.
-Хэр удаж хариу ирсэн бэ?
-Тэр
хоёр хаягийн нэг нь сэтгүүлчдийн холбооных байсан юм билээ. Тэндээс
“Манайх сэтгүүлчдийн холбоо учраас сүмотой ямар ч холбоогүй” гэсэн
утгатай захиа ирсэн байсан. Харин нөгөөх нь “Изүцү” дэвжээнд очсон.
Багшийн эхнэр хариу бичээд би таван сарын дараа буюу 2001 оны есдүгээр
сард Япон явж, арваннэгдүгээр сараас нь барилдаж эхэлсэн.
-Шинэ бөхийн шалгалт буюу маэзүмогийн талаар яриач. Шалгалт нь хэр хүнд болдог юм бэ?
-Шалгалт гэхээсээ шинэ бөхчүүдийн барилдаан гэвэл онох байх. Ер нь
оролцсон хүүхдийнхээ тооноос шалтгаалдаг. Миний хувьд гурав ялаад 2012
оны нэгдүгээр сараас жонокүчид барилдах эрхийг авсан.
-Макүшитаг хамгийн хэцүү зиндаа гэж ярьдаг. Эндээс жюүрёод дэвших гэж хэр удсан бэ?
-Сүмод
орсноос хойш зогсолтгүй тавин хувиа хийсээр санданмэгийн 40 хүртэл
дэвшсэн. Тэндээсээ буцаад жонидан руу бууж, жил гаруй барилдсаны эцэст
санданмэгийн 13-аас түрүүлээд макүшитад гарсан. Макүшитад таван башё
барилдаад л дээшээ гарсан. Макүшитагийн 14 хүртэл дэвшиж яваад нэг башёд
1-6 амжилт үзүүлж, 35 руу буусан. Тэндээсээ дандаа 50 хувиа хийсээр
жюүрёод гарсан. Макүшитад барилдаж байгаа бөхчүүдийн ихэнх нь цолтой бөх
буюу сэкитори болоход бэлтгэгдсэн, бие хаа сайтай, туршлагатай бөхчүүд
байдаг гэдгээрээ доод зиндаануудаас онцлог. Мөн сонирхогчдын сүмогийн
болон оюутны ёкозүна цолтнууд энэ зиндаанаас эхлэн барилдах эрхтэй
болдог учраас өрсөлдөөн улам ширүүсдэг. Нийтдээ120 орчим бөх барилддаг.
Багш маань энэ зиндаанд удах юм бол гарахад хэцүү гэж сургадаг байсан.
Би тэр үгийг ерөөсөө мартдаггүй байсан.
-Жингээ хэр хурдан нэмсэн бэ?
-Тасралтгүй нэмсээр 100 кг хүрээд жин нэг хэсэгтээ тогтсон. Ер нь жил
орчим 105 орчим кг байсан байх. Харин сүүлийн үед бага багаар нэмэгдсээр
145 кг болоод байна.
-Одоо жингээ нэмэх үү?
-Тийм шаардлага бараг үгүй. Ер нь жин 150 кг-аас ихдээд ирэхээр хурд огцом саардаг сөрөг талтай.
-Удам сударт чинь барилддаг хүмүүс байсан уу?
-Хоёр талд хоёлаа бөхийн удам байсан юм билээ. Миний удамд чөлөөт бөхөөр Азийн аварга болж ч байсан хүн бий.
-Багадаа бөхийн ямар төрлөөр хичээллэдэг байв?
-Бөх гэхээсээ сагс л тоглодог байсан. Сургуулийнхаа шигшээд хүртэл тоглож байлаа.
-“Их
Монголын алтан одод 2” шоу тоглолтын өмнөх хэвлэлийн бага хуралд дээр
сүмочдын багийн ахлагч Хакүхо М.Даваажаргал танд гол найдвараа тавьж
буйгаа илэрхийлж байсан...
-Багадаа тоглож байснаас сүүлийн жилүүдэд сагс бараг тоглсонгүй ээ. Хааяа NHКийнхэнтэй сагс тоглодог.
-Мэргэжлийн сүмогийн Монголын алтан хараацайнуудын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням Нацү башёд урамтай сайхан барилдаж түрүүллээ...
-Цэвэгээ
ах маань урамтай сайхан үзлээ. Ялангуяа сүүлийн тэр нэмэлт барилдаан
дээр үнэхээр 20 жилийн туршлага, буурь зааж яллаа.
-Мэргэжлийн
сүмод хүч сорьж буй 40 шахам монголчуудын дунд манайхны төдийлэн сайн
мэдэхгүй ирээдүйтэй ямар ямар залуу бөхчүүд байна вэ?
-Доороос зөндөө залуу бөхчүүд гарч ирж байна. Саяны тэмцээнд макүштиад
барилдсан А.Баасандорж, Ө.Өлзийжаргал нар маань ирэх тэмцээнээс жюүрёод
зодоглох нь тодорхой болчихсон. Бэлтгэлээ сайн хийвэл дээшээ гарч ирэх
боломжтой олон залуус бий. Тэднээс хэнийг нь ч гэж онцлох вэ дээ.
-Өнгөрсөн
жил найрааны хэргээс болж олон сүмоч, түүний дотор монгол бөхчүүдээс
маань ч гэсэн барилдахаа больсон. Энэ хэрэг нийт сүмочдод хэр хүндээр
туссан бэ?
-Одоогоос яг нэг жилийн өмнө сүмогийн ертөнцөд үнэхээр таагүй үе
тохиолдсон. Найз нараас маань нэг бус нь хүчээр зодог тайлсан. Ганц
бидэнд гэлтгүй сүмогийн ертөнцийнхөнд, ер нь бүх япончуудад хүнд үе
байсан болов уу гэж бодож байна.
-Та нарыг шалгасан уу?
-Тэгэлгүй яахав.
-Ингэхэд Монголдоо хэр ойрхон ирдэг вэ?
-Ихэвчлэн жилдээ ганцхан удаа ирдэг. Тэр нь дандаа долдугаар сард Нагоя
башёгийн дараа таардаг. Бусад үед нь хэн нэгний зодог тайлах, үс авах
ёслолд оролцоод зав гардаггүй.
-Японд өөрийг тань дэмжигчдийн нийгэмлэг гэж байдаг уу?
-Манай дэвжээ, миний нэртэй дэмжигчид байдаг. Тэд нартайгаа жилдээ нэг удаа уулзаж, хамтдаа хоол иддэг.
-Хүчний бэлтгэл хэр зэрэг хийдэг вэ?
-Амралтынхаа
үеэр долоо хоногт 3-4 удаа хийдэг. Гэхдээ хүчний дасгалыг хэтрүүлбэл
сөрөг нөлөөтэй. Учир нь хатуу болчихдог. Булчин нь хатуу болсон хүн
гэмтэл авахдаа амархан байдаг.
-Дэвжээнийхээ хоолыг иддэг үү, эсвэл өрөөндөө тусдаа хоол хийж иддэг үү?
-Ганц бие хүн чинь дэвжээнийхээ л хоолыг иднэ шүү дээ.
-Японд байгаа монголчуудын зүгээс зохион байгуулдаг арга хэмжээнд хэр идэвхтэй оролцдог вэ?
-Чөлөө зав гарвал алгасахгүй оролцохыг хичээдэг.
-Фэйсбүүкийг нэлээд ашигладаг юм шиг санагдсан...
-Тэр их
учиртай. Яг өөрөө ажиллаад байгаа юм биш, хүмүүс миний өмнөөс янз
бүрийн юм оруулаад байдаг юм. Ялангуяа намайг анх гарч ирсэн цагаас хойш
дэмжсэн нэг герман бүсгүй байдаг юм. Миний фэйсбүүк дээрх ихэнх зургийг
тэр бүсгүй оруулсан.
No comments:
Post a Comment