Thursday, 7 June 2012

Ё.Отгонбаяр: Суманд 10-аас дээш жил ажилласан БАГШ 36 САРЫН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ ТЭТГЭMЖ АВНА

Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан. Тус салбарын багш, ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн дорвитой өөрчлөлт орсон хууль гарч буйд хүмүүс тун ам сайтай байна. Энэ талаар БСШУ-ы сайд Ё.Отгонбаяртай уулзаж ярилцлаа.
-Боловсролын салбарынхны дунд хүлээлт үүсгээд байсан Боловсролын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа. Энэ хуульд ямар ямар шинэ заалт орсон бэ?
-Гурван чиглэлийн томоохон өөрчлөлт Боловсролын багц хуульд орсон гэж хэлж болно. Нэгдүгээрт, боловсролын байгууллагад ажиллагсдын нийгмийн баталгааны асуудалд дорвитой өөрчлөлт орлоо. Бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, хичээл зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын багш, дотуур байрны багш, цэцэрлэгийн туслах багш нарт 25 ба түүнээс дээш жил ажилласан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нь 24 сарын цалинтай тэнцэх мөнгө олгохоор боллоо. Үүнээс сум, тосгон, багийн сургуулийн дээрх албан тушаалтнуудад 10-аас дээш жил ажилласан бол 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор болсон. Хуульд орсон өөрчлөлтөөр энэ тэтгэмжийг боловсролын байгууллагын өмчийн хэлбэр үл харгалзан олгохоор заасан. Бүх шатны сургууль, цэцэрлэг гэж заасан учраас зөвхөн ерөнхий боловсролын сургууль биш, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн багш нар ч нэгэн адил хамрагдана гэдгээрээ онцлогтой.
-Боловсролын байгууллагын туслах ажилтнуудад мөн мөнгөн урамшуулал олгохоор болж байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагуудад ажиллаж байгаа туслах ажилтнуудад 25 ба түүнээс дээш жил ажилласан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нь 12 сар, сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10-аас дээш жил ажилласан бол 18 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг улсын төсвөөс олгож байхаар заасан. Туслах ажилтан гэдэгт нягтлан бодогч, тогооч, нярав, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, сантехникч, галч зэрэг үйлчилгээний ажилтнуудыг хамруулж ойлгож байгаа юм.
-Өмнө нь тэд ийм урамшуулал авдаг байсан уу?
-Манай салбарын туслах ажилтнууд ямарваа нэгэн тэтгэмж авдаггүй байсан. Түүнээс гадна сум, тосгон багийн цэцэрлэг сургуулийн багшид таван жил тутам зургаан сарынх нь үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгодог. Үүн дээр багш буюу түүнтэй адилтгах албан тушаалтан гэж өргөжүүлсэн. Ингэснээр цэцэрлэгийн эрхлэгч, туслах багш, цэцэрлэгийн арга зүйч, эмч, сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, сургуулийн номын санч, сургуулийн эмч зэрэг албан тушаалтан таван жилийн энэ тэтгэмжийг авахаар болсон. Засгийн газрын тогтоолоор сургууль, цэцэрлэгийн ажиллагсад сүүлийн дөрвөн жилд үндсэн цалингийнхаа 15 хувьтай тэнцэх үр дүнгийн мөнгөн урамшуулал авч ирсэн. Хуульд үр дүнгийн урамшуууллын талаар заалт байхгүй байсныг сая хуульчилж орууллаа. Ингэснээр үр дүнгийн урамшуулал цаашид тогтвортой олгогдоно гэж ойлгож болно. Мөн нийгмийн баталгааны асуудал дээр боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг таван жил тутам нэг удаа эрүүл мэндийн үзлэгт оруулж байхаар заасан. Энэ нь багш нарын дунд байгаа нийтлэг өвчнийг эртнээс оношилж, илрүүлж тэднийг эмчлэх, арга хэмжээ авахад нэлээд үр дүнтэй ажил болно гэж үзэж байгаа.
-Кэмбрижийн стандартад суурилсан шинэ стандарт хөтөлбөрийг манай улс нэвтрүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор хуульд ямар заалт орсон бол?
-Боловсролын шинэ стандартад шилжиж байгаатай холбоотой нэлээд олон заалт нэмж оруулсан. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн мэргэжлийн зэрэг ур чадварыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр таван жил тутамд улсын төсвөөс санхүүжүүлж дээшлүүлж байх шинэ заалт орлоо. Багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоо сүүлийн 20 жил устаж үгүй болсон. Үүнээс болж багшийн мэргэжлийн зэрэг, заах арга зүй, ур чадварын асуудал манай салбарт нэлээн ноцтой асуудлын нэг болоод байсан. Одоо хууль, эрх зүйн орчин бүрдсэнээр Боловсролын хүрээлэнг секторын бүтэцтэй болгож улсын төсвөөс санхүүжүүлж ажиллана. Мөн багш нарын мэргэжил дээшлүүлэх институцийг байгуулах хууль эрх зүйн орчин бүрдэж байна. Үүнийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байгаа. Түүнчлэн лаборатори сургууль гэсэн статус бий болголоо.
Шинэ стандартад шилжиж байгаатай холбогдуулаад олон улсын лаборатори сургууль гурав, үндэсний лаборатори 31 сургууль улсын хэмжээнд ажиллаж байгаа. Статус нь хуульд туссан учраас эдгээр лаборатори сургуулийг түшиглээд багш нарын мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулах бодит бололцоотой боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг өөрчилж, дунд ангийг нэг жилээр уртасгалаа. Дунд ангийн суралцах хугацаа богиноос хамаараад хичээлийн хөтөлбөр шахуу болж, хүүхдүүд олон цагаар хичээллэдэг байсан. Ингэснээр ачааллыг аль болох жигдрүүлж байгаа юм. Түүнээс гадна боловсролын байгууллагын эзэмшил газрын асуудлын талаар хуульд тодорхой заалт орсон. Ялангуяа төв суурин газар сургууль, цэцэрлэг шинээр барья гэхээр газар олддоггүй бэрхшээл үүсдэг байсан.
Боловсролын байгууллагын газрыг орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нөөцөд авч, тэнд зориулалтын бус газар олгохгүй байхаар хуульчиллаа. Иргэдийн хурал сургууль, цэцэрлэгийн газруудын кадастрын зураглалыг тогтоогоод нөөцөд нэн даруй авах тохиолдолд цаашдаа тэнд өөр зориулалтаар газар олговол түүнийг хүчингүй болгох бололцоотой болж байна. Өөр нэг орж байгаа өөрчлөлт бол ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сум, дүүргийн Засаг дарга томилдог байсныг өөрчилж, аймаг, нийслэлийн Засаг дарга томилдог болгож өөрчиллөө. Ингэснээр аймаг дотроо захирлуудаа сэлгэн томилох бололцоог бий болгож, боловсролын байгууллагын удирдлага орон нутгийн сонгуулиас хамаараад өөрчлөгддөг сөрөг хандлагыг зогсоох боломж бүрдэн гэж бид үзэж байна.
-Хуулийн шинэ заалтууд хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Санхүүгийн зардалтай холбоотой заалтууд нь 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, шинэ оны төсөвт холбогдох зардлууд нь сууна. Санхүүгийн үр дагаваргүй бусад заалт нь хууль батлагдсан өдрөөс хэрэгжинэ. Хуульд шинээр туссан өөр нэг зүйл бол гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг орон нутгийн Засаг дарга олгодог байсныг өөрчилж яамнаас олгодог болгосон. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалттай байгуулагдсан сургууль, цэцэрлэгүүдэд Монгол Улсын ерөнхий боловсролын стандарт мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавих бололцоо бүрдэж байгаа юм.
-Шинэ стандарт нэвтрүүлж буйтай холбогдуулж лаборатори сургуулиудын багш нарын цалин хангамж арай өөр байх тухай асуудал яригдаж байсан. Хуульд энэ талаар тусгасан уу?
-Лаборатори сургуулиудын статус хуульд туссан. Ингэснээр лаборатори сургуулиудын багш нарыг арай өөр ангиллаар цалинжуулах бололцоо бүрдэж байгаа юм. Төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй. Бид улсын төсвийг батлуулахдаа 31 лаборатори сургуультай байна гэж үзээд энэ мөнгийг цалингийн сандаа тусгасан байсан. Хууль батлагдсанаар лаборатори сургуулийн багш нарын цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулах бололцоо бүрдэж байгаа юм. Яагаад тэр багш нарын цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулах ёстой юм бэ гэхээр энэ зунаас эхлээд лаборатори сургуулийн сургагч багш нар маань тухайн аймаг, дүүргийнхээ бусад сургуулийн багш нарыг сургаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хүүхэд сургахаасаа гадна багш нарыг давхар сургах ачаалал хүлээж байгаа учраас арай өөр ангиллаар цалинжуулах бодлого явж байгаа юм.
-Багшлах боловсон хүчин хөдөө дутагдалтай байдаг. Хөдөө орон нутгийн, ялангуяа сум, багийн багш ажилтнуудын тэтгэмж урамшууллыг арай илүү тогтоосон нь орон нутагт мэргэжлийн багш, боловсон хүчнээр хангах том хөшүүрэг байх. Ер нь багшийн хангалт орон нутагт ямар байдаг вэ?
-Үүнийг манай нийт багш нар маань нийгмийн халамжийн арга хэмжээ шиг ойлгоод байгаа юм аа. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр суурь боловсрол эзэмшинэ гэж заасан. Иргэн бүр суурь боловсрол эзэмшихийн тулд сум бүрт мэргэжлийн багш ажиллах ёстой. Гэтэл хөдөө орон нутгийн аж амьдралын нөхцөлөөс болоод багш нар маань тэнд ажиллах дургүй байдаг шүү дээ. Тэгэхээр багш нарыг хөдөө орон нутагт, алслагдсан сум, багуудад ажиллах нөхцөл бололцоог нь бүрдүүлэхийн тулд гаргаж байгаа санхүүгийн урамшуулал юм уу даа. Ийм арга хэмжээ авсны үр дүнд өнөөдөр манай орон нутагт мэргэжлийн багш нарын хангалт бүрэн хэмжээнд хүрч байгаа. Зарим төрлийн хичээлийн тухайд мэргэжлийн багшийн хангалт 95-98 хувьтай болсон нааштай үзүүлэлт бий.
-Боловсролын хүрээлэн танай яамны харъяанд байсан бил үү?
-Манай яамны харъяанд байсан. Гэхдээ сүүлийн 20 жил эдийн засаг, санхүүгийн хямралаас болоод Боловсролын хүрээлэнг улсын төсвөөс санхүүжүүлэхээ больсон. Төсөл, хөтөлбөрөөр санхүүждэг. Үүнийгээ дагаад боловсролын чиглэлийн судалгаа хийхийн оронд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага болчихсон байсан. Гэтэл манайд стандартын шинэчлэл хийгээд ирэхээр Боловсролын хүрээлэнг улсын төсвөөс санхүүжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нь хийлгэж, үнэлэлт дүгнэлт өгдөг байх шаардлага тулгарч байна. Бид хүүхдүүдийн хувь заяагаар судалгаагүйгээр тоглоод байж болохгүй гэж үзэж байгаа. Жишээ нь, Боловсролын хүрээлэнд энэ жил бид эрдэм шинжилгээ судалгааны хоёр ч ажлын захиалга өгсөн.
Баян-Өлгий аймагт гурван хэлний орчинд шинэ стандарт хэрэгжих нь. Тэгэхээр тэнд шинэ стандартыг хэрэгжүүлэхтэй холбогдсон судалгаа шинжилгээний ажил хийлгэе гэсэн. Хоёрдугаарт, зургаан настай хүүхдийг сургуульд элсүүлэх болсонтой холбогдуулаад энэ нь цаашдаа ямар нөлөө үзүүлэх талаар судалгаа хийж байгаа. Дандаа залуу гэр бүлийн хүүхдүүд нэгдүгээр ангид орж байна. Үүнтэй уялдан эцэг эх нь хүүхдээ дагаад сумын төв рүү орж ирэх, суурьших, малчид мал ахуйгаасаа хөндийрөх, хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх ч гэдэг юм уу, ийм шүүмжлэл дагуулж байна. Тэгэхээр үүний сөрөг нөлөөг судлаад шийдэх ямар арга зам байна гэдэг талаар эрдэм шинжилгээ судалгааны ажил хийлгэхээр бид захиалгаа өгсөн.
-Хууль батлагдсанаар боловсролын салбарын төсөвт хэр ачаа ирж байгаа вэ?
-Санхүүгийн зардал бол 40-60 тэрбум төгрөгөөр өснө. Гэхдээ энэ бол манай боловсролын салбарт байх ёстой ачаалал гэж бид үзэж байгаа. Яагаад гэвэл төрийн нийт албан хаагчийн бараг тал хувь нь манай салбарт ажилладаг. Тийм учраас цалингийн сан дээр төдий хэмжээний мөнгө нэмэгдэх нь улсын төсөвт дааж болох ачаалал гэж бид үзсэн.
   Г.ОЮУНГЭРЭЛ

No comments:

Post a Comment