Thursday, 7 June 2012

Г.ХҮҮЖИЙ: МИНИЙ АМЬДРАЛ БОЛ ХИЛИЙН ТҮҮХИЙН НЭГ ХЭСЭГ

Хилийн түүхийн музейн эрхлэгч, Бэлтгэл хурандаа Г.Хүүжий гуайг Хилийн цэргийнхэн, түүхчид андахгүй. Өрөөнд нь ороход тэрбээр уйгаржин монгол бичгээр бичсэн газрын зургуудыг эмхлэн сууж байв.
-Та бага насныхаа дурсамжаас бидэнтэй хуваалцаач. Багадаа хэр сахилгагүй хүүхэд байсан бэ?
- Би 1935 оны хаврын тэргүүн сарын шинийн 29-нд Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ суманд төрсөн. Есөн настайдаа сумын сургуульд нэгдүгээр ангид орсон. Тэр үед Сүхбаатарын нэрэмжит офицер бэлтгэдэг сургуульд IV ангиа онц дүнтэй төгссөн хүүхдийг элсүүлдэг байв. 1948 онд дөрөвдүгээр ангиа төгсөөд тэр сургуульд хуваарь авсан ч ороогүй. Хөдөө мал маллаж байгаад цэрэгт татагдсан. Миний бага нас дэлхийн II дайны үед өнгөрсөн болохоор өмсөх хувцас, идэх гурил будаа олдохгүй, тийм л хэцүү цаг байлаа. Малын мах, сүүгээ хэрэглэнэ. 1944 онд сургуульд ороход дэвтэр, харандаа аль аль нь байгаагүй.
Манай сумын Хорьдол сарьдагийн нэг уул нь бал чулуутай, багш нар биднийг дагуулж яваад тэндээс чулуу түүж ирнэ. Тэр чулуугаа нарийнхан цуулж, үзүүрлээд бичдэг байсан. Тэгээд бал нь зурсаар байгаад нэхий дээлний энгэрийг харлуулчихна. Намар бид нэрс түүж шүүсээр нь бэх хийдэг. Хураасан жимсээ багш нараас нууж иднэ. Харин багш нар бидэнд идүүлэхгүй гээд жимсэнд хужир хольчихдог байсансан. Дайн дуусахад ЗХУ-ын цэргийн хангалтад хурааж байсан даавуу хэрэгцээгүй болж тараалаа. Ингэж бидний хувцас даавуун гадартай, айлууд ногоон, улаан гээд өнгө өнгийн бүрээстэй болж билээ. 1950-аад оноос цаг гайгүй болж, тэр үед шүд угаадаг оотой анх танилцаж байв.
-Офицерийн сургуульд яваагүй хэрнээ, яагаад цэргийн хүн болчихсон юм бэ?
-Би өөрийгөө цэргийн хоол идэх хувьтай хүн гэж боддог. Тэр үед цэрэгт явна гэдэг нэр төрийн хэрэг байсан. Манай аймгаас 3000 хүн үзлэгт оруулаад 75-ыг нь цэргийн албанд татдаг байсан. Намайг цэрэгт татагддаг жил хоёр хүн нөхөөсөнд авч явсны нэг нь би байж таарсан. Бид замдаа амарч байхад хоёр цэрэг барилдаж байгаад нэгнийгээ гэмтээчихсэн юм. Тэр хоёрын нэгийг нь эмнэлэгт хэвтүүлээд, нөгөө цэргээр нь сахиулж үлдээсэн. Ингээд би 1954 онд цэрэгт явснаар хилийн цэрэгтэй амьдралаа холбосон түүхтэй. Дөрөвдүгээр анги төгссөн болохоор тоонд нэлээд гайгүй байсан.
Цэргээс халагдаад Санхүү эдийн засгийн техникумд орно гээд, зав л гарвал тоо бодож, сампин цохиж суудаг байв. Тэр үед манай “Одонт хороо”-г татан буулгасан ч бидни 60 цэргийг “Одонт батальон”-д хуваарилав. Тэ гээд 1956 оны намар намайг офицер болгосон. Тэндээ ажиллаж байтал Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас намайг дуудаад ЗХУ-ын Москва хотод цэргийн дээд сургуульд суралцуулахаар явууллаа. Хэл мэдэхгүй байсан болохоор эхэндээ хэцүү байсан ч таван жил суралцаад, улаан дипломтой төгсөж ирсэн. Намайг Орост очиж байсан тэр үед зөвхөн монгол оюутнууд суралцдаг байсан ч хожим нь социалист орноос оюутнууд ирдэг болсон.
-Та гэр бүлээ танилцуулаач. Танай хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөсөн хүн байгаа юу?
-Манайх зургаан хүүхэдтэй. Хоёр нь бурхан болсон. Манай эхнэр Завхан аймгийн Улиастай сумынх. Би томилолтоор явж байгаад танилцсан юм. Манай том хүү цэргийн офицер байгаад тэтгэвэртээ гарсан. Бусад нь тус тусын ажлаа хийгээд байж байна.
-Хилийн хүн тогтсон нутаггүй, томилогдоод явж байдаг шүү дээ. Та хаана хаана ажиллаж байв?
-1971 онд сургуулиа төгсөөд Хил хамгаалах ерөнхий газарт ажилласан. 1974 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд хилийн отряд байгуулж, намайг тэр отрядын даргаар томилсон. Тэнд очоод байшин, барилга барьж, отрядаа байгуулах аж ахуйн нүсэр ажил эхлэв. Зуу гаруй хүн зургаан сар ажиллаж байж байшингуудаа барь сан. Онгоны отрядад долоон жил ажил лаж, дэд хурандаа, хурандаа цол авсан. 1981 онд намын бага хурал болоод Дорнод аймгийн Х.Чойбалсангийн нэрэмжит отрядын даргаар томилж ажиллуулсан.
1987 онд намайг удирдах газарт боловсон хүчний хэлтсийн даргаар томилсон. Энэ их түвэгтэй ажил. Ерөнхий газарт болсон хурал, зөвлөлгөөнд бүгдэд нь оролцоно. Тэгээд үүдэнд зөндөө олон хүн дугаарлаад сууж байдаг. Тэндээ жил гаруй ажиллаад 1988 онд Гадаад явдлын яаманд ажиллуулах болсон. 1989 оноос Монгол, Орос улсын хилийг шалгаж, тэмдэгжүүлэх ажилд явлаа. Тэгээд намайг тэтгэвэрт гарсны дараа Хилийн музейд ажиллаач гэсэн санал тавьсан. Би заримдаа дарга нартаа миний нас 70 гарчихлаа. Одоо ажлаа хүлээлгэж өгмөөр байна гэхээр авахгүй л байна. Гэртээ сууж байснаас ажлаа хийж байвал илүү сайхан байдаг.
-Таныг хилийн түүхийг маш сайн мэддэг гэж сонсож байсан юм байна. Монголд очиж үзээгүй газар байдаг уу?
-Тэгж онгироод яахав дээ. Явж үзээгүй газар бараг байхгүй байх аа. Надаас илүү мэддэг хүн байж л байгаа. Ер нь бол газар орноо сайн гадарлана. Алтай таван Богдын Хүйтний оргилын хойд талын мөнх цаст оргилын оройд Монгол, Хятад, Орос гурван улсын хилийн багана байдаг. Монгол, Орос улсын хилийг тэмдэгжүүлэх ажлаар явж байхдаа Хэнтийн нуруу, Их соёны нуруу зэрэг намаг, дов толгодтой, хүн явах боломжгүй газраар явж ажиллаж байсан. Алтай таван Богдоос эхлээд Ховд аймгийн Булган сум хүртэл явж хилийн зааг тогтоож, 760-аад үндсэн тэмдэгт 430-аад нэмэлт тэмдэгт суурилуулсан.
-Хил тэмдэгжүүлээд явж байхад янз бүрийн зүйл тохиолдож байсан байх. Энэ дурсамжаасаа хуваалцаач?
-Зөндөө зүйл тохиолдоно. Хүний мөр гараагүй газраар ч явж байлаа. Энэ үед хүмүүс эргэлзээд, өөрөө манлайлж явахгүй бол болдоггүй. Биднийг Увс аймагт явж байхад, газрын зураг дээр нэг голоор хил тог тоочихсон байсан. Гэтэл тэр голыг нь хайгаад олдоггүй. Оросууд хилээ наашлуулсан байна гэж хардаад бай сан чинь говийн элснээс гарч ирсэн гол гольдролоо өөрчлөөд өөр газраар урсаад явчихдаг юм билээ. Түүнийг нь мэдэхгүй хөгжилтэй зүйл болж байсан.
-Олон жил энэ салбарт ажиллахад тань сэтгэлд хоногшиж үлдсэн ямар содон дурсамж байдаг вэ?
-Надтай хамт алба хааж байсан мянга мянган хүмүүсийн хичээл зүтгэл, мятаршгүй сайхан сэтгэл үр гэлж тодхон санагддаг юм. Бид нэг застав, нэг улсын төлөө хамтран зүт гэж байсан учраас хичээл зүтгэл нэгтэй байсан. Амьдралдаа туулж өнгөрүүлсэн дурсамж бүхэн минь тодхон байдаг.
-Буурлаас үг сонс, болсноос ам хүр гэдэг. Та залууст юу гэж захих вэ?
-Төр засаг мөнгө тараагаад байх биш, залуусаа ажилтай болгооч ээ. Залуус нь ч гэсэн дээд боловсролын диплом өвөртлөөд, гудамж метрлээд явмааргүй байна. Чадваржиж ажил хийгээчээ гэж захимаар байна.
-Хилийн амьдрал, түүх ярилцсаар байгаад бидний яриа өндөрлөх нь?
-Миний амьдрал бол Хилийн цэргийн түүхийн нэг хэсэг шүү дээ.
   С.УРАНЧИМЭГ

No comments:

Post a Comment