Thursday, 7 June 2012

Кёкүшюүзан Д.Батбаяр: Заавал батлуулах гэж “дарсан” юм

Энэ Парламентын “отгон” хуулийн төсөл төрсөн учир ийм. Заавал батлуулах санаагаар боловсруулсан төслөө “хав даран” улс төрийн оргил цагийг хүлээжээ. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Кёкүшюүзан Д.Батбаяртай ярилцлаа.
-Таны санаачилж боловсруулсан төсөл одоогийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэх хамгийн сүүлчийн хууль болж магадгүй байгаагаараа анхаарал татлаа. Та Засгийн газрын саналыг авахаар Ерөнхий сайдад хуулийн төслөө хүргүүлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрч байна. Ингэхэд Та төслөө батлуулж амжих болов уу?
-Архины бизнесийг хамгаалсан маш том лообийтой тулж байгаа минь үнэн. Энэ төсөл маань олон нийтийн дэмжлэг хүлээж, хүмүүсийн дунд “Архины эсрэг” гэж товч нэршээд амжлаа шүү дээ. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах замаар архинаас нийгмээ аврах боломж байна. Архи үйлдвэрлэгчдийн төлдөг татвар Монголын эдийн засагт ихээхэн нэмэр болдгийг хэн хүнгүй л мэднэ. Гэхдээ монголчууд бидний дунд мөнгөнөөс илүү үнэ цэнтэй зүйлээ архинаас болж гээсээр, тэгсэн хэрнээ ууж хордсоор яваа маш олон хүн бий. Амь нас, эрүүл мэнд, элэг бүтэн амьдрал яадгийм, архинаас олох орлого чухал гэх муйхар улстөрч олдохгүй байлгүй. Тийм болохоор би өөрийн санаачилж боловсруулсан төслөө УИХ-аар батлагдана гэдэгт итгэлтэй байгаа.
-Цаг хугацааны хувьд давчуу л юм?
-Энэ төслийн санаа бол аль эрт төрсөн. Харин яг хэдийд өргөн барьвал батлагдах вэ гэдгийг их удаан бодсон. Тэгээд УИХ-ын сонгууль дөхүүлж өргөн барьвал гишүүд маань нийгмийнхээ сайн сайхны эсрэг кноп дарж чадахгүй, заавал батална гэсэн тооцоо хийсэн. Сонгогчдодоо таалагдах гэж мэрийдэг үе нь шүү дээ.
-УИХ-ын сонгуульд өрс өлдөх АН-ын мөрийн хөтөлбөрт Таны боловсруулсан хуулийн үзэл санаа “суусан” болов уу?
-Одоогоор намуудын мөрийн хөтөлбөр нууц байхад би дэлгэж ярих нь зохисгүй. Гэхдээ би монгол хүний хөгжилд саад болж буй архитай тэмцэх талаар хөтөлбөрт зайлшгүй оруулах шаардлагатай гэсэн санаагаа намынхандаа хэлсэн.
-Та хатуулаг өндөртэй архины үйлдвэрлэлийг хязгаарлая гээд байдаг. Гэтэл манай улс ганцхан жилд 30 шахам сая литр хатуу архи үйлдвэрлэдэг. Танай бүлэгт л гэхэд архины томоохон үйлдвэрийг өмчлөгчид нэг бус байдаг шүү дээ. “Кёкүшюү, боль л доо” гэхгүй байна уу?
-Харин ч “Зөв шүү” гэж байна лээ. Тэд хатуулаг багатай архиа үйлдвэрлэг л дээ. Архидан согтуурснаас болж жилд хэдэн зуун залуус амиа алдаж байна. Монголд дайн болоогүй юм байгаа биз дээ.
Б.Энхцэцэг

No comments:

Post a Comment