Tuesday, 5 June 2012

Сайн багш нараа уул уурхайн компаниудад алдаж байна

altМУИС-ийн Газар зүй-геологийн сургуулийн захирал док­тор, профессор В.Батцэн­гэлтэй ярилцлаа.
-Уул уурхайн салбар эрчим­тэй хөгжиж, энэ сал­барт ажиллах мэргэ­жилт­ний эрэлт хэрэгцээ ихэсч байна. Энэ чиглэлийн мэр­гэ­жилт­нийг дотооддоо хан­галт­тай бэлтгэж чадаж байна уу?
-Сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, Монгол Улсын эрчимтэй хөгжлийн үе ирээд байна. Одоогоос 4-5 жилийн өмнө геологи, хай­гуулын мэргэжилтэн эрэлттэй бай­сан. Үнэндээ мэргэжлийн гео­логичид хангалттай бий. Харин дэлхийн стандартын тех­нологийг эзэмшсэн мэр­гэжилтэн дутмаг.
Мон­голын геологичид ихэвчлэн МУИС, ШУТИС болон ОХУ-ын их, дээд сургуулиудад бэлт­гэгдсэн байдаг. Тэд гол­дуу онол үздэг юм. Тиймээс үйлдвэрлэлийн чиг­лэлээр мэргэшүүлэх нь маш чухал.
Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарт үйлд­вэрлэлийн шатны мэр­гэжилтний эрэлт хэрэгцээ их байна. Сүүлийн жилүүдэд төр засгаас энэ асуудалд анхаарч, МСҮТ-ийн үйл ажил­­лагааг эрчимжүүлэх, сур­галтыг сайжруулах та­лаар багагүй ажлыг хийж ба­йгаа. Гэхдээ шууд үйлд­вэр дээр очоод ажиллах хэм­жээнд бэлт­­гэхгүй байгаа нь нууц биш.
-Сүүлийн үед дэлхийн стандартад нийцсэн техникийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн дор­ви­той ажил хийж байгаа юу?
-Төр засгийн зүгээс гео­ло­гийн боловсон хүчнийг чанар­жуулах, мэдлэг боловсролыг дээш­лүүлэх талд анхаарсан зүйл нэг их байхгүй. Техник технологи хөгжихийн хэрээр бидний судалгааны арга, аргачлал өөрчлөгдөж байна. Мөн мэдээллийн технологи хөгж­сөнтэй холбогдон томоо­хон программ хангамж бий болсон. Тэдгээрийг хэрэглэж, хий­мэл дагуулын мэдээлэл ашиг­лан, геофизикийн тоног төхөөрөмжөөр газрын гүний зураглал хийх зайлшгүй шаардлагатай болсон.
Сургуулийн зүгээс эд­гээр техникийг ашиглаж буй гадаад, дотоодын ком­па­ниудад дадлага хийлгэх зарч­маар л ажиллаж байна. Тиймээс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд төр засгаас дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна.
-Сургуулийн мате­риал­лаг баазыг хэзээ шинэчилсэн бэ?
-Ер нь социализмын үед бай­­гуулсан материаллаг баазаар л сургалтаа явуул­даг. Манай сургуульд нүүрс судал­­даг лабораториуд бай­гаа ч элэгдэж, хуучирсан тул бараг ашиглахаа боль­сон. Гадны тусламж, төсөл хөтөлбөрөөр зарим зүй­лийг шинэчилж байна. Энэ хү­рээнд 2012 онд 75 сая төг­рөгийн өртөгтэй лабо­ратори байгуулахаар болсон.
Гэхдээ сургалтын орчин сайж­­руулах, техник тоног төхөө­­рөмжөөр хангах асууд­лыг ганцхан БСШУЯ хариуцах ёсгүй. Салбарын үйл ажил­лагаагаар авч үзвэл ЭБЭХЯ, томоохон үйлдвэр уур­хайнууд анхаарлаа хан­дуулбал зохино.
-Оюутнуудын дадла­га­жих орчныг ямар түв­шинд хангасан бэ?
-Оюутнууд үйлд­вэр­лэлийн дадлагыг гурван жил дараалан хийдэг. Нэг­дүгээр ангиа төгсөөд ерөн­хий геологийн дадлагыг багш­­тайгаа хамт хийнэ. Хоёр­дугаар ангиа төгссөний дараа танилцах дадлагыг багш нарын удирдлаган дор гүйцэт­гэдэг. Гуравдугаар ангиа төгсөөд жинхэнэ үйлд­вэрлэлийн дадлагаа уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд очиж хийдэг. Ер нь уул уурхайн компаниуд оюут­нуудаар дадлага хийлгэх сонир­холтой байдаг. Тиймээс манай оюутнууд ца­лин­тай дадлагаждаг. Зарим нь цалингаа голсон сураг дуулд­даг юм. Тэгэхээр мэдлэг болон гадаад хэл сай­тай оюутнууд өндөр цалин­тай ажилд шууд орох боломж бүрдээд байна.
-Багшлах боловсон хүчин хангалттай юу?
-Энэ асуудал үнэхээр том хэм­жээнд хүрсэн. Манай сургууль үнэхээр сайн багш нартай байсан. Гэвч нэлээд нь тэтгэвэртээ гарлаа. Түүнч­лэн энэ мэргэжлийн багш нар цалингаас болж өөр ажил хийдэг. Дадлагын оюу­тан зуны амралтаараа 400 ам.долларын цалинтай ажиллаж байхад багшлах хэмжээний геологичид 4000 ам.долларын цалин авах нь энүүхэнд. Тиймээс тэднийг 500 ам.долларын цалинтай багшийн ажлыг хий гэхэд хэцүү. Гэхдээ бид гадаадад багш нараа сургаж байна. Багш нараа өөр ажилд алдчихгүйн тулд цалин хангамжийг нь нэмэгдүүлэх талаар анхаарах цаг болсон юм шиг санагддаг. Одоо баг­шилж буй багш нарын ихэнх нь сургуулиа төгсөөд багшаар үлдсэн учраас хэт залуу хүмүүс байна.
-Сүүлийн жилүүдэд мэр­гэж­лийн боловсон хүчнийг муу бэлтгэж байгаа талаар ярих боллоо. Ялангуяа ШУТИС-д их шүүмжлэлтэй ханд­даг?
-Боловсон хүчний чадавхи муу байгаа нь багшийн хүрэл­цээ, чадвар муугаас болдог. Мөн нэг хэсэг төрөөс их сургуулиудад санхүүжилт өгөхөө больж, сургуулиуд оюут­ны сургалтын төлбөрөөр л үйл ажиллагаагаа явуулж байсан. Үүнээс болж хэт олон оюутан элсүүлсэн нь сур­гал­тад сөргөөр нөлөөлсөн байж болох юм.
-Гэхдээ дэлхийн хэм­жээ­ний боловсон хүчин бэлт­гэх цаг хэдийнэ болсон биш үү?
-Гадаадын олон компани ма­­найд үйл ажиллагаа явуулж байна. Тэр бүхэнд болов­­сон хүчин шаард­ла­гатай. Гэхдээ тэдний шаард­лагад нийцсэн мэргэжилтэн бэлт­гэхийн тулд орчин үеийн тоног төхөөрөмжтэй байх ёстой. МУИС-ийн хувьд геологи, уул уурхайн чиглэлээр ОХУ, БНХАУ, Япон, БНСУ-тай идэвхтэй хамт­ран ажиллаж байна. Бай­галийн баялаг ихтэй, уул уурхай өндөр хөгжсөн Австрали, Канад зэрэг улс­тай хамтран ажиллах хүсэлт тавьсан.
-Боловсролын салбарт олон жил ажиллаж бай­гаа­гийн хувьд мэргэжлийн бо­ловс­ролын тогтолцоог өөрч­лөх талаар юу гэж боддог вэ?
 -Зах зээл гэж үл үзэгдэгч гар бүхнийг зохицуулна гэж ирээд зөнд нь орхисноос болж, нэг хэсэг дунд сургуулиа төгсөөд шууд дээд боловсрол эзэмшдэг байлаа. Сүүлийн жилүүдэд МСҮТ-д мэргэжил эзэмшүүлэх болсон. Дараа нь тусгай коллежид дунд мэргэжлийн боловсон хү­чин бэлтгэх ёстой. Тэгээд их, дээд сургуульд боловсрол эзэмших юм. Гэтэл өнөөдөр тийм биш.
Мөн эрэлтийн судалгаа байх­гүйгээс мэргэж­лийн болов­сон хүчин илүү­дэж бай­на. Уг нь 10-15 хувийн илүү­дэл байж болно. Гэтэл одоо 30-40 хувьд хүр­сэн. Энэ талаар одоо л ярьж бай­на. Асуудлыг хурд­хан ший­дэх хэрэгтэй. Тэгэх­гүй бол хэн дуртай нь дуртай мэргэж­лээрээ сур, хэн чадал­тай нь ажилд ор гэ­вэл олон хүн хохирч, бас сурч байгаа нэрийд­лээр хий дэмий мөнгө зарах гээд бай­на.
Өглөөний сонин

No comments:

Post a Comment