“Манай аав намайг Монголын үндэсний бөхөөр хичээллүүлэх сонирхолтой. Харин миний хувьд гимнастикт илүү сонирхолтой байсан. Тиймээс аав намайг үндэсний бөхийн дугуйланд хүргэж өгч байна гэж бодоод л явдаг. Харин би гимнастикийн бэлтгэлээ хийдэг байлаа. Учир нь миний бөхийн бэлтгэл хийх заал гимнастикийнх байсан болохоор дуртай гимнастикаар бэлтгэл хийхэд ямар ч асуудалгүй байсан л даа….” хэмээн даруухан өгүүлээд инээмсэглэсэн залууг АНУ-ын “Gold show end Mr. Power” циркийн жүжигчин Баттогтохын Баттулга гэдэг. Тэрбээр Монгол Улсынхаа нэрийг Америкад гаргаж, өөрийн хүч чадал, оюун ухаанаараа улс эх орноо сурталчилж байгаа монголын мянга мянган залуусын нэг. Ингээд Б.Баттулгын ярилцлагыг уншигчиддаа хүргэе.
-Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би 1984 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Миний аав цэргийн хүн. Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн захирлаар ажилладаг, хурандаа П.Баттогтох гэж хүн байдаг. Айлын ууган хүү. Одоо эхнэр гурван хүүхдийн хамт АНУ-д амьдарч байна. Би “Gold show end Mr. Power” циркэд хүч тамирын үзүүлбэр үзүүлдэг жүжигчнээр ажилладаг. Миний хувьд 1995 оноос спортын гимнастикаар хичээллэж, 2002 онд Монголын гимнастикийн холбооны тамирчин болж байлаа. Харин 2005 онд БХИС-иас зохион байгуулсан “Армийн аварга” шалгаруулах гимнастикийн тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн болсон. Мөн энэ үедээ балетээр хичээллэж, “Хунт нуур” бүжгэн жүжгийн Родбартын дүрд шинэ маягийн жүжигчин болж бүжиглэж, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгт оролцож, найзуудынхаа нүдийг “орой дээр” нь гаргаж байлаа. \инээв\ Дөрвөн жилийн дараа 2009 оны Төрийн тоглолтод орохоор шалгагдаж тэнцээд, сүүлд нь хасагдсан. Хасагдсан шалтгаанаа сайн мэдэхгүй ч тэр том тоглолт миний хувьд чухал байсан. Тиймээс өөртөө “би чадах юм байна аа” гэж урамшдаг байлаа.
-Гимнастикийн дасгалжуулагч хүн бүжгэн жүжигт бүжиглэж, харин одоо Америкт циркийн жүжигчин болсон байх юм. Яаж яваад ийм сонголт хийчих вэ?
-Балетмистер Д.Дашлхагва багшийн студид балетээр хичээллэдэг байсан. 2009 онд манай студи дээр “Америкийн алдартай циркээс явж байна. Гоц авъяастан хайж явна” гэсээр хоёр хүн ирлээ. Манай студийн залуусын хувьд тэдгээр хүмүүст хийж байсан бүхий л үзүүлбэрээ үзүүлсэн. Харин тэдгээр хүмүүс бидний хийсэн зүйлийг биш бидний хийх эрч хүч эрмэлзлэл байгааг маань олж хараад манай студийн жүжигчидтэй хамтран ажиллах гэрээ хийсэн юм билээ.
Манай студийнхэниий хувьд энэ гэрээ гайхалтай, итгэмээргүй санагдаж, бас их баярлаж байсан. Ингээд манай студиэс гурван жүжигчин, улсын циркээс хүнд жингийн үзүүлбэр, нугаралтын гээд зургаан жүжигчин 2009 оны 11 дүгээр сард АНУ-ын зорьсон доо.
Монгол жүжигчдийн баг 143 жилийн түүхтэй, цэнхэр, улаан, алтан, гэсэн гурван салбар цирктэй, АНУ-ын 100 гаруй хот болон Мексикийн зарим хотоор аялан тоглодог, 20 гаруй орны 300-аад шилдэг жүжигчдээс бүрдсэн, жилдээ нэг шоу нь 350-400 удаа тоглохдоо 1-2 сая хүнд хүрч чаддаг, дэлхийд алдартай циркэд тоглох болсон. Манай баг энэ циркэд Монгол Улсаас хоёр дахь удаа нь ирж байгаа групп байсан.
-Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд эх орноо сурталчилах ажил нэгдүгээрт тавигддаг гэдэг. Таны хувьд?
-Америкт аялаад ажиллаад явж байхад иргэд биднийг их сонирхдог. Ялангуяа үзүүлбэрээ үзүүлсэний дараа биечилж уулзаж, “чи ийм том модыг өргөөд үзүүлбэр үзүүллээ гэж үү” гэж их асууна. Мөн “хятад уу” гэж их асууна. Тийм хүмүүсийг буруутгах аргагүй. Америкын энгийн иргэд Монгол гэдэг нэрийг огт мэдэхгүй байх нь олон. Харин арай мэдлэг боловсролтой, юмыг танин мэдэх сонирхолтой, түүх сонирхдог иргэд нь Чингисийн Монгол гэж мэднэ. Бага шиг түүхийн хичээл орчихно шүү дээ. Хамгийн гол нь Чингис хаанаас эхлээд л түүхээр голчлон Монгол Улсаа сурталчилах ажлыг хийнэ дээ.
Харин таван метр урттай, 34 килограмм жинтэй бүдүүн гуалин модтой “барилдах” нь миний хобби бас ажил. Учир нь би багаасаа барилдаж өссөн Монгол хүн. Мөн тодорхой хугацаанд үндэсний бөхөөрөө хичээллэж байсан. Тиймээс таван метр урттай, 34 килограмм жинтэй бүдүүн гуалин модтой “барилдах” нь надад хэцүү биш даалгавар л даа.
-143 жилийн түүхтэй Америк циркт монголчуудаас өөр гадаад жүжигчид байдаг уу?
-Манай циркэд 20 гаруй орны жүжигчид ажилладаг. Жүжигчдийн ихэнх нь Оросууд байдаг. Арга ч үгүй байх. Оросууд бол урлаг спортоороо хуучин системийн үеэсээ бодлогоор хөгжчихсөн. Тиймээс циркийн жүжигчдийн дунд “орос школ” гэж их яригдана. Одоо дэлхийн аль ч циркид “мундаг жүжигчид, үзүүлбэрийн эзэд” оросууд байдаг. Үүний дараа хятадууд маш хурдтай, эрчтэй хөгжиж байгаа. Нөгөө талаар хятадаас хямд үнээр чадварлаг жүжигчид олныг авч болдог давуу талтай.
Манай цирк жил бүр хятадын аль нэг хотынх нь циркийн сургууль юм уу, Шаоулин сүмээс жүжигчид авчирдаг. Шаоулан сүмээс 20 залууг хоёр багш нэг орчуулагчийнх нь хамт авчраад тоглолтод оролцож байна. Үүнээс гадна, Латин Америк, Мексик, Бразил, Куба улсаас мэргэшсэн сайн жүжигчдийг урьж, 1-2 жилийн гэрээгээр ажиллуулдаг юм билээ.
-Америкийн циркийн жүжигчнээр ажиллаад хэр удаж байна. Гэр бүлтэй юу?
-Миний одоо тоглож байгаа “Gold show end Mr. Power” цирк жирийн 18506, тансаг зэрэглэлийн 106 суудалтай томоохон байгууламжд тоглолтоо хийж байна. Миний хувьд энэ циркийн албан ёсны гэрээт жүжигчин болоод дөрвөн жилийг үдэж байна. Энэ хугацаанд Америкийг бүтэн тойрсон. Циркийн цэнхэр шоунд хоёр жил ажиллаад гэрээгээ сунгаж, улаан шоунд нь мөн хоёр жил тоглосон. Одоо алтан шоунд нь тоглохоор гэрээгээ байгуулаад байж байна даа. Энэ хугацаанд манай эхнэр, гурван хүүхэд надтай хамт амьдарч, аялж байна. Манай хоёр бага ихэр. Том хүү маань энэ жил таван настай, сургуульд орсон. Харин хоёр бага цэцэрлэгт явдаг. Эхнэр маань хүүхдүүдээ хараад надтай хамт байдаг.
-“Ringling Bros and Barnum & Bailey” цирк монголчуудад хуучин танил. Энэ циркэд өмнө нь Монгол жүжигчид тоглож байсан байх аа?
-Манай “Ringling Bros and Barnum & Bailey” циркийн хувьд гадаадын жүжигчдийн багаас орос, хятадын жүжигчдийн групп хамгийн том нь. Мөн Бразилаас 15 жүжигчний бүрэлдэхүүнтэй групп бас ажиллаж байна. Манай улсаас анх 1992-1993 онд 40 жүжигчинтэй групп ирж тоглож байсан юм билээ. Харин 2010 онд есөн хүнтэй групп ирж, ажилласан. Одоо бол би ганцаараа ажиллаж байна.
-Таныг хүндийн өргөлтийн жүжигчин гэж сонссон. Өөр үзүүлбэр үзүүлдэг үү?
-Таван метр урттай, 34 килограмм жинтэй бүдүүн гуалин модоор тоглодог. Хүчээ тэнцвэржүүлж, солбиж эргүүлдэг үзүүлбэр. Мөн боулингийн бөмбөгөөр куба охинтой хамт тэнцвэрийн үзүүлбэр үзүүлдэг.
-“Ringling Bros and Barnum & Bailey” циркт заан ямар үүрэгтэй юм бэ. Лого эмблеймд нь заан гол дүр “бүтээсэн” байх юм?
-Манай циркийн үүсэл гаралтай заан салшгүй холбоотой. Заан жүжигчдээс дутахгүй онцлох үзүүлбэрийг үзүүлдэг. Зөвхөн зааны үзүүлбэр үзэх гэж манай шоуг зорьдог үзэгчид цөөнгүй. 100 гаруй заантай, маш том цирк шүү дээ.
-Хэдэн жүжигчинтэй бол. Их нүсэр харагдаад байх юм?
- 150 вагонтой. 1000 гаруй ажилчин, 250 орчим жүжигчинтэй. Манай циркийн эзэд нь FELD-ийн гэр бүл буюу Америкийн шоу бизнесийн алдартай гэр бүл байдаг.
Д.Цэцэг
http://www.shuud.mn
No comments:
Post a Comment