Sunday, 3 March 2013

Мөнгө олохоос илүүтэйгээр чанартай бүтээл хийхийг эрмэлздэг

“Дүүлэн нис” кино энэ сарын 7-нд нээлтээ хийнэ. Энэ киноны гол дүрд тоглож буй “Doz” энтертайнмент студийн жүжигчин А.Мөнгөнзултай амьдрал, уран бүтээлч хүний зовлон жаргал, үзэл бодлынх нь талаар хөөрөлдлөө.Тэрээр сайн жүжигчин. Тиймээс “Doz” энтертайнмент студийн найруулагч Ш.Доржсүрэн гэргийгээ хэд хэдэн киноны гол дүрд тоглуулсан байдаг.


-Та “Дүүлэн нис”кинонд маш хүнд хэсэгт тоглож байгаа гэсэн. Шантрах зүйл байв уу?
Бэрхшээлгүй ажил гэж хаана ч байхгүй. Аливаа амжилтын цаана маш их хөдөлмөр, цаг хугацаа орж байж түүнийхээ үр шимийг хүртдэг жамтай. Гэхдээ би нэгэнт жүжигчний замыг сонгосон болохоор өмнөө тохиолдсон ямар ч бэрхшээл тааралдсан түүнийг даван туулах ёстой. Тиймээс огт халширч болохгүй. 
Тухайлбал хамгийн сүүлд таван метрийн гүнд усанд орж байгаа хэсэг байна. Tэp үед маш их зүйл бодогдож байлаа. Ээж хүн, ээж аавын хайртай охин гэдэг утгаараа түгшиж байсан. Бас өвлийн -37 хэмийн хүйтэнд өглөө үүрээр бүх хувцас нь норчихсон ганцхан дубльтэй уснаас гарч ирэх энэ бүх зургуудыг авч байхад бэрхшээлтэй байлаа. Гэхдээ нэгэнт жүжигчний мэргэжлийг сонгосон. Дээр нь мэргэжилдээ хайртай учраас тэдгээр бэрхшээлийг мартхаас аргагүй.
Тэгээд хөдөлмөрийнхөө үр дүнг эргээд харахад хамгийн сайхан байдаг даа. Тиймээс “Дүүлэн нис” кино маань монголчуудад маань хэрэгтэй бүтээл болж, эндээс хүмүүс урам, ухаарал аваасай гэж хүсч байна. Тийм сэттэлээр уран бүтээлдээ хандаж, сайхан бүхний төлөө өдөр бүхэн тэмүүлж байсан болохоор энэ тал дээр санаа зовох зүйл бага байгаа.

-Уран бүтээлч хүний аз жаргалын тухайд?
-Нэг уран бүтээл хийж дуусаад дараагийн уран бүтээл, тухайлбал киноны нээлтээ хийхэд хамгийй йх догдлол баяр хөөр ирдэг. Үзэгчид сайхан кино болжээ гэж үнэн сэтгэлээсээ баяр хүргэж, алга ташиж байх мөчид хамгийн их урам авдаг. Мэдээж хүн л юм чинь баярлаж гомдох үе олон байлгүй яахав. Миний хувьд үнэтэй машин, гоё ганган хувцас өмссөнөөсөө таашаадл авдаггүй. Үзэгчдийн сайхан урмын үг, уран бүтээлээсээ кайф авдаг.

-Манай уран бүтээлчид ялангуяа хошин урлагийн жүжигчид хүмүүнлэгийн ажилд их оролцдог. Энэ хэрээр уран бүтээл нь хүртээмжтэй байдаг юм шиг ?
-Бид хоёрын хувьд чадах чинээгээрээ хүмүүнлэгийн ажилд оролцохыг боддог. Жишээ нь “Хөх толбот хүмүүс” киногоороо монгол хүмүүсийн сэтгэл зүрхийг нэг байлгах, монгол хүмүүс бие биедээ хайртай байх, монгол хүмүүс эх орноо хайрладаг, харьд байгаа монголчууд эх орондоо ирэх сэдлийг терүүлж байгаагаараа уран бүтээл маань өөрөө хүмүүст хэрэгтэй зүйл болж байгаа юм. Энэ нь нэг талаар үзэгчдэд оруулж буй оюуны том хөрөнгө оруулалт. 
Нөгөө талаар энэ киногоо дэлгэцэнд гарч байхад 100 лам, 100 өнчин хүүхэд, халамжийн өвөө эмээ нарт киногоо үзүүлж оройн зоог барьсан. Эмээ, өвөө нар баярлаад миний хоёр хүүхэд сайн явна, ийм олон хүүхэд, өвөө эмээ нарыг баярлуулж, маш буянтай ажил хийж байна гэж сэтгэлээсээ хэлж байлаа. Үүний дараа бодож байгаа зүйл бий. Боломжоороо л хүмүүст буян хайрлах юмсан гэж боддог. Мөн энэ киногоороо үр хүүхдүүдээ бэтгэрүүлж, дахиж үр хүүхэд, эх орноо орхиж явахгүй байх, аав ээж ойр дотны бүх хүмүүстэйгээ хамт байх нь аз жаргал байдаг гэдгийг мэдрүүлж буян үйлдэе гэж бодсон юм.

-Монголд шил шилээ дарсан кинонууд их гарч байна. Гэхдээ тооноос чанарт л утга нь оршдог. Тиймээс та киноны чанарын тухайд юу хэлэх вэ?
-Киноны сайн мууг үзэгчид шүүдэг. Мэргэжлийн уран бутээлчийн үүднээс харахад сайн муу уран бүтээл гарч байгааг нуугаад яахав. Гэхдээ цаг хугацааны шалгарлаар сайн муу нь аяндаа шигшигдээд чадалтай чансаатай уран бүтээлчид нь илүү дэвжиж дэвшээд явах байх гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд нэг талаасаа шүүмжлэлтэй хандах бүтээлүүд байдаг даа. Гэвч адилхан кино урлагт зүтгэж, зовж зовлонг нь мэдэж байгаа болохоор юм хийх гэж тэмүүлж яваа нэгнийгээ үгүйсгэж болохгүй. Тэртээ тэргүй цаг хугацаа бүхнийг харуулна. Энэ үүднээс тэдний бүтээл чанаргүй, манайх чанартай гэж хэлэх нь зохимжгүй байх аа.

-Цаг наргүй уран бүтээл гээд амрах зав гарахгүй л байна уу, ойрын үед нутгаараа очив уу?
-Би Булган нутгийн хүн. Нутгийнхаа уул усанд үргэлж залбирч явдаг. Өвөө эмээгийн маань нутаг ус, ахан дүүс сайн сайхан явж байхад баярладаг болов уу гэж боддог. Магадгүй зарим хүнд Доржсүрэн, Зулаа хоёр таалагдахгүй байж болно л доо. Бидэнд цаашдаа өөрсдийнхөө бодож санасан зүйлийг хийж, тусалж дэмжих юмсан гэсэн хүсэл мөрөөдөл олон бий. Нутагтаа очихыг маш их хүсдэг. Гэвч ажил ажил гэсээр явтал өдөр өнгөрчих юм. Тэгээд ч залуу нас өөрөө хамгийн гоё агаад, хүнээс эрч хүч хурдыг шаарддаг. Тийм учраас энэ эрч хүчин дээрээ сайн чанартай уран бүтээл хийчих юмсан гэж зүтгэсээр яваад амрах цаг тун ховор байх юм. Гэхдээ бага хугацаагаар ч болов нутагтаа очиж амрах төлөвлөгөөтэй байгаа.

-Хань нь кино найруулаад эхнэр нь гол дүрд нь тоглоод ерөнхийдөө нэг гэр бүлийн уран бүтээлийг ихэнхдээ үздэг болж гэж ярих хүн мэр сэр байдаг?
-Тиймээ. Хүмүүс ингэж ярьдаг юм. Нэгэнт жүжигчин хүн учраас таарсан тохирсон дүрдээ тоглож л тaapaa. "Doz” энтэртайнмент уран бүтээлийн байгууллага. Найруулагч Доржсүрэн кино зохиолоо бичиж найруулсаар л байх болно. "Doz" энтертайнмент байгаа цагт жүжигчин Зулаа тоглосоор л байх болно. Харин тохироогүй дүрийг уран бүтээлч хүн энэ миний тоглох дүр биш гэж үзнэ. Цаашдаа манай энтертайнментийн хувьд театр болон киног илүү ихээр хийе гэж бодож байгаа.

-Найруулагчдыг их ширүүн гэлцдэг. Хэдийгээр нэг гэр бүл ч гэлээ уран бүтээлч хүмүүсийн дунд хааяахан үл ойлголцол гарна биз?
-Үл ойлголцох зүйл бишгүйдээ гардаг. Гэхдээ бид хоёрын сайн тал нь нэг зүйлээс болж маргалаа гэхэд маш хурдан хугацанд 
түүнийгээ мартдаг. Зарим хүмүүс энийг түрүүлж уучилтал нь дуугарахгүй дээ ч гэдэг юм уу, тийм үргэлжилсэн маргаан айл гэрт байдаг. Харин бид хоёрын дунд тийм тунирхсан асуудал байдаггүй. Уурлаж байсан бол маш хурдан замхарч дараагийнхаа ажилд ордог өвөрмөц онцлогтой. Түүнээс удаан бие биедээ гомдоод байдаггүй. 
Гэхдээ анх гэр бүл болсон даруйдаа бууж өгдөггүй байсан шүү. Дандаа Дооёо намайг уучилдаг, аргаддаг байсан. Харин сүүлийн үед би бууж өгдөг болсон. Хүн амьдралаас бүхнийг суралцдаг шүү дээ. Нөхрийн маань буруу байсан ч миний хувьд аливаа зүйлд ухаалаг хандахыг хичээдэг. Ер нь эхлээд уучлалт гуйснаар эмэгтэй хүн хэзээ ч бурууддаггүй. Хулчгар, ноомой, эсвэл өөрөө буугаад өгчихсөн юм шиг харагддаггүй. Амьдралыг зөөлрүүлдэг зүйл нь уучлал юм болов уу гэж боддог. Гэхдээ миний хань их зөөлөн. Миний хүү яг тийм.

-Одоо эргээд бодоход бие биенээсээ авсан хамгийн том бэлэг юу байсан бэ?
-Хань маань Германд найруулагчийн сургуульд хоёр жил сурч байхдаа нэг ном шахуу том захиа чихэр жимстэй явуулж байж билээ. Тэр захиандаа маш их зүйл бичсэн байдаг. Одоо ч би хадгалдаг. Тэр л надад хамгийн үнэтэй бэлэг санагддаг. Яагаад гэвэл том хүүгээ найман сартай байхад явсан юм. Би дотроо жаахан дургүй байсан. Тэгээд “Миний хань зүгээр ээ, би олон зүйл сурч мэдээд зөндөө олон бэлэг авчирна” гэж хэлээд явсан юм. 
Яг тэр үед надад тэр хэзээ ч эргэж ирэхгүй юм шиг бодогдож байсан шүү. Онгоцны буудал дээр гаргаж өгөхдөө хол явах гэж байхад нь уйлаад яахав гэж бодоод нулимс унагаагүй. Тэгээд гэртээ ирээд өмсч байсан цамцыг нь хараад зөндөө уйлсан. Дөнгөж нялх биетэй байхад нь нөхөр нь удаан хугацаагаар явах эвгүй юм билээ. Ямар сайндаа л байхгүй байхад нь хэлийг нь ойлгохгүй мөртлөө герман суваг үзээд сууж байхав дээ.Тэгэхлээр нөхөртэйгөө ойрхон байгаа юм шиг санагдаад явчихдаг байсан. 
Гэхдээ нөхөр маань амьдралынхаа төлөө л явсан. Бид алдаагүй. Нөгөө талаас манай гэр бүлийн хувьд мөнгө хөөгөөд явах бүрэн боломж байгаа. Гэтэл бид тийм байхыг хүсээгүй. Олон жилийн дараа “Хөх толбот хүмүүс” киног үзээд үнэхээр монголчуудад хэрэгтэй кино болж дээ гэж дурсч ярьдаг байгаасай гэж боддог.

-Танай бүтээсэн Хар тамхины тухай киног тухайн үед цагаа олж хийсэнгүй гэж шүүмжилж байсан ч яваандаа монголын нийгэмд зайлшгүй яригдах асуудал байж дээ гэдэгтэй одоо эвлэрэх хүн олон?
-Тийм ээ. Бид 2009 онд манай энтертаймент анх хар тамхи хортой зүйл шүү гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр маш хүчтэй яригдаж байна. Гэхдээ хүнд хэрэгтэй зүйл хэзээ ч хуучирдаггүй. Тухайлбал “Хөх толбот хүмүүс” кино сайтад хамгийн их үзэгчидтэй киногоор шалгарсан байна лээ. Би хувьдаа кинонууд театрт гарсны дараахан телевизээр гардагт дургүйлхдэг хүний нэг. Яагаад гэвэл монголын үзэгчид кино театрт үзвэр үзэх соёлд суралцах ёстой. 
Гэтэл үзэгчид зурагтаар гарчихдаг юм чинь гээд үздэггүй. Тэгэхээр монголын кино урлаг цаад утгаараа хөгжихгүй. Уг нь монголын киног хөгжүүлэхийн тулд монголын үзэгчид өөрсдөө үзэх хэрэгтэй. Дээр нь төр засаг дэмжих ёстой. Мөнгө өгдөггүй юмаа гэхэд төрийнхөө бодлогоор дэмжих хэрэгтэй байна шүү дээ. Ер нь уран бүтээлчид мөнгө өгөөч гэж гуйх нь ховор доо. Манай үзэгчдийн зүгээс ч хэзээ манай монголчууд Америк, Хятад, Францын кино шиг кино хийх бол гээд л гаслаад байдаг. Гэтэл хэзээ монгол киног монгол хүмүүс үздэг болох вэ, хэзээ монголын киног төр засаг нь бодитойгоор төрийн бодлогоор дэмждэг болох вэ энэ л цаг үед монголын кино хөгжинө. 
Түүнээс бор зүрхээрээ хэдэн киночид хэдий болтол ээж аавынхаа байр, өөрийнхөө байрыг тавин байж уран бүтээл хийж амьдрах юм бэ. Тэгэхээр үзэгчид нь ч хийж байгаа уран бүтээлчид нь ч аль аль талаасаа цогц бодлого болгож явуулсны дараа кино өөрөө бүхэлдээ хөгжинө. Бид мөнгө гэхээсээ илүү хүнд хүртээлтэй чанартай бүтээл хийхийг л эрхэмлэдэг. Зөвхөн мөнгө бодоод инээдмийн ч юмуу арай хялбархан бүтээл хийе гэвэл түүн шиг амархан зүйл байхгүй. 
Гэтэл бид яагаад бор зүрхээрээ 100 гаруй уран бүтээлчид аваад кино хийгээд байгаа нь чанарыг л бодолцож байна гэсэн үг. Өнөөдөр 10 гаруй уран бүтээлчийг Эрээн лүү авч яваад хоол байрыг нь даагаад дээр нь цалин хөлсийг нь өгөхөд хэцүү. Киночид хэзээ ч сарын 300-500 мянган төгрөгийн цалин авдаггүй. Маш өндөр цалин авдаг. Тиймээс ийм хэмжээнд өнөөдөр киноны хүмүүсийг аваад Францыг зорьсоноос ямар их зүрх сэтгэл гаргаж сайхан зүйл хийчих юмсан гэж хичээж байгаа минь харагдана.

-’’Дүүлэн нис” кино нэлээд өндөр зардалтай боссон байх гэж бодож байна?
-Жүжигчид, кинонд тоглосон массаа оруулахгүйгээр 45 продюссер манай кинонд ажилласан. Үүний 60 хувь нь гадныхан, 40 хувь нь монголчууд. Гадны хүмүүсээс маш их зүйл суралцъя гэдэг үүднээс гадныхныг ихэнхдээ оролцуулсан. Тиймээс энэ кинонд явсан хүмүүс асар их зүйл сурч өөрсдөдөө ур чадварын хөрөнгө оруулалт хийсэн. Ер нь бид дандаа л хүнд хэрэгтэй сайн сайхан зүйл хийх гэж өөрсдөө эрсдэл гаргадаг. 
Үүнээсээ болж зарим талаараа адлуулж, муулуулж л явна. Муулууллаа гээд газар доогуур орсонгүй. Магтлаа гээд тэнгэрт гарсангүй. Хамгийн мундаг зүйл хийсэн шүү гээд цээжээ дэлдээгүй. Кино урлаг өөрөө хүнийг төлөвшүүлдэг хамгийн том зэвсэг. Энэ утгаар бусдыг төлөвшүүлэх гээд явж байгаа хэн нэгэндээ урам өгч, улсын бодлогоор дэмжээсэй гэж хүсч явдаг даа. 
Нийслэл таймс

No comments:

Post a Comment