Монголын сэтгүүл зүйн 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Сэрүүлэг” сонин, “TV8” телевизийг үүсгэн байгуулагч, “Монголын сонины холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Баярмөнхтэй уулзаж ярилцлаа. Миний л мэдэхийн түүний нэрийн өмнө “Сэрүүлэг”-ийн эсвэл “Сонины холбоо”-ны гэдэг үгс байнга овог нь мэт дуудагддаг. Учир нь тэрбээр энэ ажлуудаар сэтгүүл зүйд төдийгүй Монголд хийсэн, бүтээсэн зүйл ихтэй хүн. Тэр тусмаа өдгөө 100 жилийн ойгоо тэмдэглэж буй сэтгүүл зүйн салбарт чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулахад чамгүй хөдөлмөрөө зориулсан нэгэн.
-Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Амьд явбал улсын наадам үзнэ гэдэгтэй адил Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойтой золгодог юм байна. 100 жилийн ой тохиож буй энэ өндөрлөгөөс эргээд харахад Монголын нийгмийг эмчлэх үүргээ сэтгүүлчид маань маш сайн биелүүлсэн гэж ойлгож байгаа.
Үе үеийн зохиолч, яруу найрагчид бүгд л сэтгүүл зүйтэй холбоотой байж ирсэн. Д.Нацагдоржоос эхлээд жанжин Д.Сүхбаатар ч анхны хэвлэлийн үсэг өрөгч байсан гээд бодохоор энэ баярыг зөвхөн сэтгүүчид биш Монгол даяар тэмдэглэх үйл явдал гэж бодож байна.
Манай улсад чөлөөт хэвлэл бий болоод өдгөө 23 дахь жилийн ойтой золголоо. Сэтгүүл зүйн салбарыг бусад мэргэжилтэй харьцуулбал 100 жил дардан замаар явсангүй. Бидний өмнөх үеийнхэн ч гэсэн үнэний дуу хоолой болсноороо хэлмэгдэж, хавчигдан, хүнд байдалд орж байсан түүх социализмын үед олон бий.
-Нийгмийн өөрчлөлттэй зэрэгцэн чөлөөт хэвлэл үүсэх явц багагүй бэрхшээлтэй тулгарч байсан биз?
-Бидний үе буюу чөлөөт хэвлэл үүссэн 20 гаруй жилийн хугацаанд ч сэтгүүл зүй амаргүй байсан. Хоёр нийгмийн шилжилтийн үед хамгийн аюултай мэргэжил, бизнес болж хувирсан. Зөвхөн манай оронд ч биш. Дэлхий нийтээс харахад зах зээл хөгжиж байгаа оронд сэтгүүл зүй хамгийн эрсдэлтэй мэргэжил байдаг. Тухайлбал, ОХУ-д л гэхэд тухайн үеийнхний сайн мэдэх “ОРТ” сувгийн сэтгүүлч Листьев нарын олон мундаг сэтгүүлч амиа алдаж байлаа. Ердөө л ард түмний дуу хоолой болж, үнэнийг бичин, сэтгүүл зүйн салбарт үйл хэргээ үргэлжлүүлсний төлөө хороогдож байсан. Тэгэхээр Сэтгүүлчдийн халаасанд үзэгтэй хамт тэсрэх бөмбөг шиг материал байдаг гэж хэлэхэд хилсдэхгүй.
Яагаад гэвэл чөлөөт хэвлэл анхнаасаа л олигархиудын эсрэг, хууль бус өмч хувьчлал болон ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудал зэргийг сэтгүүлчид л олон нийтэд таниулж, ойлгуулж байлаа. Үүнийхээ төлөө олон сэтгүүлч хүнд, хэцүү байдалд орж зарим нэг нь хуулийн байгууллагын үүд сахидаг болсон.
-Гэхдээ ихэнх хүн сэтгүүлчийг хүний ул шагайлаа гэж адлах нь их байдаг даа?
-Ер нь бол тэгдэг. Тийм чухал үүрэг гүйцэтгэж буйг ихэнхдээ анзаардаггүй. Гэхдээ хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр болохгүй, бүтэхгүй байгаа асуудал болон олигархи гэж нэрлээд буй хүмүүсийн хууль бус үйлдлийг олон нийтэд хүргэснээр тэд бага ч атугай ёс суртахуунтай байгаа юм. Энгийнээр хэлэхэд нийгмээс хулгайлах, хувьдаа завших үзэгдэл нь харьцангуй бага байгаа хэрэг.
Сэтгүүл зүй байснаар Монгол Улс Африк шиг болсонгүй. Яагаад гэвэл, Африкийн зарим оронд төрийн эрхэнд гарсан хэн нэгэн дарангуйлагч нь чөлөөт хэвлэлийг нухчин дардаг, хөгжүүлдэггүй. Тэр утгаараа байгалийн баялгийг нь л гэхэд цөөхөн хэдэн хүн авч, зөвхөн өөрөө л хөлжиж, баяждаг.
Манай ард түмэн үе үеийн түүхэндээ азтай, хийморьтой улс. Эзэн Чингэсийн үеэс хойш уусч, үгүй болох боломж зөндөө тохиосон байдаг. Гэсэн тухай бүртээ тэсч үлдэн, өнөөг хүртэл тусгаар тогтнолоо авч ирж чадсан. Үүнд сэтгүүл зүйн салбарынхан сүүлийн 100 жилийн түүхэд сэтгэл зүрхээрээ тууштай зүтгэж ирсэн гэж боддог юм.
-Өнгөрсөн 100 жилийн хугацаанд чөлөөт хэвлэл багагүй түүхийг бичилцсэн. Хэрвээ нийгмийн систем өөрчлөгдөөгүй бол хэвлэл, мэдээллийн салбар өнөөгийнх шиг хөгжих байсан болов уу?
-Ардчилал бий болсноор чөлөөт хэвлэл жам ёсоор хөгжсөн. Социализмын үед хэдий нэг намын мэдэлд байсан ч хэвлэл, мэдээллийн салбар үүргээ гүйцэтгэж л байсан. Цөөхөн ч гэсэн тун даацтай хэвлэлүүд байдаг байлаа. Ер нь өөр өөрийнхөө цаг үед Монголын сэтгүүл зүй үүргээ гүйцэтгэсээр ирсэн.
-Тэгвэл өнөөдөр ардчилсан нийгэмтэй улсад бид салбартаа үүргээ хэр сайн биелүүлж байгаа бол?
-Бид нийгмийн болохгүй байгаа асуудлыг маш их шүүмжилж байна. Харамсалтай нь энэ шүүмжлэлийг төр засаг хүлээж авдаг, хэрэгжүүлдэг механизм алга. Хуучин цагт “Ардын хянан шалгах хороо” гэж байсан. Сэтгүүлчдийн хийсэн нэвтрүүлэг, бичсэн нийтлэлийн араас тухай бүрт орж, тусган авч, ажил хэрэг болгон, сэтгүүлчийн бичсэн нийтлэлийн мөрөөр олон ажил зохиож хариуцлага тооцож чаддаг байлаа.
Гэтэл өнөөдөр бичээд л, хийгээд л байдаг. Даанч хаданд цуурай болж очоод байна. Сүүлийн үед сэтгүүлчид байгаль экологийн сэдвээр мөн ашигт малтмалын асуудлыг тойрсон олон асуудлаар зөндөө бичсэн.
Сэтгүүлчид хэдийгээр ажлаа хийж байгаа ч ард түмэн хэт дөжирч байна. Уг нь бид тэднийг сэрээсэй, анхаараасай, хөрөнгө, баялагтаа эзэн болоосой гэдэг утгаар нь бичиж, нийтлээд байгаа юм шүү дээ. Төрөөс төрсөн тэрбумтанууд, газар шороогоо харийнханд хайр найргүй худалдаж буй олигархиудын хуйвалдаан гээд ёс бус олон зүйлийг илчилдэг ч үүний араас төр, засаг дүлий юм шиг ханддагт нь сэтгүүлч хүний хувьд бухимдаж явдаг.
-Саяхан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаад санаачлагч нь буцаан татсан. Таныхаар төсөл нь хэр сайн болсон байсан бэ?
-Буцаан татсан хуулийн төслийг түүхий байсан гэж бодож байгаа. Түүнчлэн хууль гарах тусам сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөө хязгаарлагдаж, ямар нэгэн хайрцганд ордог. Хэвлэл эрхлэн гаргагчид уулзаад дахин энэ төрлийн хууль гаргамааргүй байна гэдэг саналыг шат, шатанд нь тавьсан.
-Гэхдээ сэтгүүлчдэд хал багатай, эздэд нь ээлгүй хууль байсан болохоор та нөхөд дуугаа нэгтгэчихсэн үү?
-Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд олон янзын байр суурьтай байсан нь анзаарагдсан. Зарим нь энэ хуулийг ашиглаад бүр хувийн өмч рүү халдах ухааны юм яриад эхэлсэн. Хуулийн төслийг санаачлагч Г.Уянга гишүүн өөрөө сэтгүүлч хүн байж “Тухайн хэвлэлийн байгууллагын хувьцааг нэг хүн 20 хувь л эзэмшиж болно” гэж ярилцлага өгсөн байсан. Ажлын хэсгийнхэнтэй уулзахад Г.Уянга гишүүн үүнийгээ бататгаж, тус хуулийг хэлэлцэх үеэр энэ асуудал хэлэлцэгдэнэ, гэхдээ тухайн хэвлэл мэдээлэлийн байгууллагын хувьцааны үндсэн хэсгийг ах, дүү, эхнэр, хүүхэддээ өвлүүлж болохгүй ухааны юм ярьсан. Тэнд цугласан хэвлэлийн эзэд “Энэ чинь юу гэсэн үг вэ. Хуулиар далайлгаж дээрэм хийж байгаа хэрэг үү” хэмээн бухимдсан. Өөрөөр хэлбэл “Өдрийн сонин”-ы 20 хувийг л Ж.Мягмарсүрэн эзэмшиж, үлдсэнийг нь хаа хамаагүй хүнд өгч таарах нь. Тэгвэл тэр сонинг босгохын тулд ямар их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулдагыг хэвлэл эрхлэн гаргагч нь л ойлгоно.
Энэ хуулийг ашиглаад хэвлэлийнхний эсрэг одоогийн парламент юу ч хийж магадгүй юм байна гэдэг бодол эрхлэн гаргагч нарт төрсөн. Энэ мэтээр яривал тус хууль сайны хажуугаар олон уршиг дагуулж мэдэхээр байсан. 1990-ээд оны сүүлээр Э.Бат-Үүл “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийг дөрөвхөн заалттай гаргаж байхдаа өөр олон заалт нэмэх тусам сэтгүүлчдэд “чөдөр тушаа” болно гэж хэлж байсан юм. Би үүнтэй санал нэг байдаг. Тийм болохоор хэвлэл мэдээллийн байгууллагад ямар нэгэн шинэ хуулийн төсөл хэрэггүй.
-Чөлөөт хэвлэл дөнгөж үүсч байх үед дэлхий нийтэд манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөр нэлээд өмнүүр бичигддэг байсан. Гэтэл сүүлийн үед ухраад байх шиг. Мэдээллийн хэрэгсэл нэмэгдсэн ч эрх чөлөө нь боомилогдоод байгаа нь чухам юутай холбоотой вэ?
-1990 оноос хойш чөлөөт хэвлэл бат оршин тогтнож ирсэн. Хамгийн гол нь тэр үед аливаа сэдэв, асуудлыг хэн нэгний нөлөөнд оролгүй, ямар нэг цензургүй, ашиг сонирхолгүйгээр олон нийтэд хүргэж байсан. Гинжнээс өөр алдах зүйлгүй сэтгүүлчид байсан болохоор зөвхөн үнэнийг л бичдэг байсан.
Харин одоо том улстөрчид, бизнесмэнүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд рүү хошуурч мөнгө, эрх мэдлээр сэтгүүл зүйг удирдаж, сэтгүүлчдийг худалдан авч байна. Зарим сэтгүүлч авьяас билэг, оюун ухаанаа бас худалдаж байна. Тэдгээр хүмүүс чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар нь байлгаж, хөгжүүлэх сонирхолгүй. Өөрсдийн өмчлөлд, хэн нэгнийг, аль нэг бүлэглэлийг хамгаалах хэрэгсэл болгож байгаа нь ч нууц биш. Боловсон хүчний хувьд ч бэрхшээлтэй болсон.
-Уг нь маш олон сургууль энэ салбарт боловсон хүчин бэлтгэж байгаа шүү дээ?
-Миний сонссоноор 3000 гаруй сайт, өргөн нэвтрүүлгийн 17 телевиз, кабелийн 40 орчим суваг, өчнөөн олон сонин, сэтгүүл байгаа. Гэтэл эдгээрт боловсон хүчин алга. Магадгүй энэ орчин нөхцөлтэй нь холбоотой байх л даа. Ажиллахын зэрэгцээ, амьдрах нөхцөл тааруу. Монголчууд цөөхүүлээ учраас биесээ хамаагүй бичиж болохгүй. Дараа нь хүнд байдалд орох гээд байдаг. Төрийн зүгээс мэдээллийн эх сурвалжаа нууцлах боломжийг нь хаачихдаг гэх зэргээр тоочвол зовлон мундахгүй л дээ.
-Дөнгөж чөлөөт хэвлэл үүсч, хүмүүсийн нэрлэдгээр шар сонинуудад маш сайн сэтгүүлчид ажилладаг байсан санагдаж байна. Өнөөдрийн сэтгүүлчид яагаад ч тэдэн шиг ажиллаж чаддаггүй юм бол. Багш нарт байна уу. Өөрсдийн сэтгэлгээнд нь байна уу?
-Сэтгүүл зүйд хөл тавьж буй хүүхдүүдийн ихэнх нь орон нутгаас ирсэн байдаг. Эцэг, эхчүүд нь хүүгээ мал дээр, охиноо сургуульд явуулна гээд л зүтгэчихдэг. Тэгсэн хэрнээ ямар ч судалгаа, мэдээлэлгүй. Сонсоход л сэтгүүлч гэдэг гоё санагдаад байдаг. Яг нарийндаа маш хүнд, хэцүү шүү дээ. Авьяастай, уйгагүй, хөдөлмөрч хүний л хийдэг ажил. Нуулгүй хэлэхэд сэтгүүл зүйн чанаргүй сургуулиуд ч бий. Тухайн мэргэжилдээ дур сонирхолгүй, авьяасгүй хүүхэд чанаргүй боловсон хүчин л болж төгсөж байна.
Яагаад чанаргүй гэж голоод байна вэ гэхээр тун чадварлаг, авьяаслаг сэтгүүлчид ажилладаг байсан энэ салбарт 2005 оноос хойш сэтгэлгүй, чадваргүй нөхөд бий болсон. Хамгийн гол нь төгсөж буй хүүхдүүд ном уншдаггүй, оюун санаагаа хөгжүүлэх зүйл огт хийхээ больсонтой холбоотой байх гэж боддог юм.
-Та түрүүн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн нэгэн, аль нэг бүлэглэлийг хамгаалахад ашиглаж байна гэлээ. Таныг болон “Хүмүүс” сонины үүсгэн байгуулагч Р.Хадбаатар нарыг тийн харддаг шүү дээ?
-Үнэхээр тэгж хардаж байгаа бол бидний сонинг уншаад үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл сэтгүүлчийн олж ирсэн мэдээллийг бид цензурдэж, нөлөөлөх эрхгүй.
Угаасаа хэт нэг талыг барьж буй хэвлэл, мэдээллийн хэрэгслийг уншигч, үзэгчид ялгадаг болчихсон. Тиймдээ захиалагчгүй, үзэгчгүй болчихвол зах зээлээс арчигдана шүү дээ. Ер нь нэг талд үйлчилбэл сэтгүүл зүй ахиж дэвших нь байтугай мөхөхийн дохио болно.
-Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хүнд хэцүүг туулж, сэтгүүл зүйн салбарт чөлөөт хэвлэлийг өдий зэрэгтэй болгосон хүний хувьд чухам яг юунаас нь кайф авдаг юм болоо?
-Сэтгүүлч хүн бусдыг бодвол маш их мэдээллийн дунд ажиллаж, амьдардаг. Өдөр бүр өөр, өөр олон хүнтэй уулздаг. Сэтгүүлч мэргэжлээрээ бизнесээ босгосон маань хамгийн их кайф.
“Сэрүүлэг” сониныг үүсгэн байгуулаад, 40-50 мянган захиалагчтай, гадуур худалдаатайгаа нийлээд 60-70 мянган сонин бэлтгэж, хэвлүүлэн, борлуулдаг байлаа. Анх бол ашиг гэхээсээ илүү сайн сонин хийж, уншигчдаа хүргэх сэн л гэж бодсон. Түүнийхээ үр шимээр нуулгүй хэлэхэд, өөрийн гэсэн тодорхой хэмжээний хөрөнгөтэй болж өдий зэрэгтэй явна даа.
Өглөөний сонин
No comments:
Post a Comment