Sunday, 10 March 2013

Ш.Лхамноржмаа: Хамгийн үнэт дурсамжууд минь нутагтаа байгаа

“Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаатай уулзан уран бүтээлийн халуун дотно яриа өрнүүлсэн юм. 

-Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ гэдэг шиг сайхан урин цаг ирлээ. Яруу найрагчийн сэтгэлд хаврын урь ямархан сэтгэгдэл авчирч байна даа?
-Хавар болгон шинэ мэдрэмж, шинэ сэрлээр дүүрэн байдаг. Ирж яваа цагийн нялх үнэр, сэтгэл зүрхэнд шинэ уур амьсгал, сайхан эрч хүч бэлэглэх байх аа. Энэ хаврын хувьд бидний үеийн долоон уран бүтээлч бүсгүй хамтран “Хаврын урилга” илгээж байгаа юм аа. Яруу найрагчид хаврыг тээж ирэх шувуу шиг өөрсдийгөө мэдрэх нь  байдаг. Нөгөө талаар үгийн шид, хайрын уянга, бүсгүйчүүдийн нарийн мэдрэмжээр энэ жилийн хаврыг угтан авч байгаа юм. 

-Жил жилийн хавар адилхан ч хүний сэтгэлд өөр өөрөөр бууж үлддэг. Хожим та энэ хаврыг хэрхэн дурсах бол гэдэг бодол л толгойд эргэлдээд байна л даа.
-Магадгүй илүү их цоо шинэхэн хавар. Урьд жилүүдийн хавар аядуухан ирээд, намдуухан өнгөрдөг байсан байна. Харин энэ удаа үеийн бүсгүйчүүдтэйгээ хүмүүсийг хаварт урьж, хаврын гоо сайхныг хийгээд хайрын эрчмийг мэдрүүлэх гэж байгаа болохоор эрч хүч, уран бүтээлийн онгод бүтээл арвин байгаа. Хожим энэ хавраà би хамгийн гэгээн хавар гэж санан дурсана байхаа гэж бодож байна. Шүлэг бүтээлээ хэрхэн зурж бий болгохоос эхлээд догдлол дүүрэн сайхан хавар байна. 

-Найрагч бүсгүйчүүд нийлээд хаврыг урин дуудна гэхээр их содон, бас сонин сайхан сонсогдоод байна л даа. Нууц биш бол энэ ямар учиртай тоглолт вэ? Мэдээж шүлгүүдээ унших байлгүй. "Болор цом" наадмаас өөрөөр шүлэгчид нэг дороо цуглаж ингэж тоглолт хийж байсныг санахгүй байна?
-Манай утга зохиолын 2000 оны үеийнхэн “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл байгуулан нэгдэж, антологи, яруу найраг, дууны цомог хэвлэлтэнд бэлтгээд байгаа юм. Сая манай үеийн зургаан найрагч залуу эмэгтэйчүүдийн баяраар “Төгөлдөр гоо” нэртэй сайхан тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд хийлээ. Энэ үеийн олон уран бүтээлч бүсгүйчүүдийн төлөөлөл болсон МЗЭ шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ, яруу найрагч Б.Чулуунцэцэг, Д.Оюундэлгэр, Б.Болорцэрэн, Ш.Анхтуяа, Б.Төгсжаргал нар маань шүлэг дуу, бүтээлийн дээжээсээ цагийн хаврыг улам зөөллөж, амгалан сайхан болон ухаарал уянгын шүлэг дуугаараа уншигч, үзэгчдээ дайлах юм. Тоглолтын маань нэр “Хаврын урилга”.
-Эрчүүдийн тоглолт хэр болов? Үзэгчид яруу шинэ мянганы эхлэлийг төлөөлөн гарч ирж байгаа яруу найрагчдын найргийн үдшийг хэрхэн хүлээж авсан бол?
-Үнэхээр сайхан тоглолт боллоо гэдгийг үзсэн хүмүүс хэлж, талархалтай хүлээн авч байсан. Биднийг энэ тоглолтоо орон нутгуудаар тоглооч гэсэн хүсэлтүүд ч ирсэн. Хөгжмийн аялгуу, тайз дэлгэц, зохиомж гээд бүх өгөгдлүүд сэтгэлд үлдэх юмтай боллоо гэдгийг тэр үдэш олон хүний амнаас сонсоход бид их сайхан байлаа.

-Ер нь асуумаар санагдаад байна л даа. Удахгүй МЗЭ-ийн сонгууль болно. Түүнийг угтсан утга зохиолын элдэв нэгдэл, бүлэглэлүүд нэлээд гарч байгаа гэсэн яриа их бий. Танай нэгдэл ч бас үүнтэй холбоотой юу?
-Уучлаарай, манай нэгдлийн хувьд Зохиолчдын эвлэлийн байгууллагад дэм болж ажиллана гэж дүрмэндээ тусгасан. Тэгээд ч улс төрийн, даргын амбийц хөөх хүсэл сонирхол хэнд маань ч байхгүй гэдгийг хэлмээр байна. Нэг үеийнхэн нэгдээд уран бүтээлийнхээ чанар, хийсэн бүтээснээ олонд хүргэж, хүчээ нийлүүлж ажиллахад яагаад болохгүй байх билээ. Уран бүтээлийн ийм нэгдэл бараг аймаг бүрт байгаа. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Энд тэнд тарж, салж явах биш илүү эвийг сахиж нэгнээ дэмжиж хамтарч байгаа бүхэл бүтэн нэг үеийн олон зуун хүний сайн дурын л нэгдэл гэж ойлгоход болно.

-Хүн бүхэнд шүлэг бичих авьяас байдаг, яагаад гэвэл бүгд л дурладаг гэлцдэг. Гэсэн ч яруу найрагч байна гэдэг жирийн биднээс тэс өөр тавилантай юм шиг санагддаг. Энэ үнэн гэж үү?
-Хүнээс өөр гэх нь хаашаа юм. Гэхдээ өвсний гунигийг өөр хэн нэгний нулимсыг, уулсынхаа тунихыг илүү мэдэрдэг байж магадгүй юм аа, бид.

-Гайхалтай. Би хувьдаа тэднийг тэнгэрээс ч юм уу, эсвэл ямар нэг онгодуудтай харилцаж тээр холын үгийг хүмүүсийн зүрхэнд ойртуулдаг гавьяатай улс гэж боддог. Үнэндээ хүн бүр үгийн урныг хэлэлцэж, утгын мэргэнийг олж хэлж чадахгүй шүү дээ. Таны хамгийн түрүүнд аманд орж ирдэг шүлгийг сонсмоор байна?
-Эх хүнд үхэл ирдэггүй... Ээжүүд он цагийн үргэлжлэл.

-Ээж байх тухай нэгэнт олон ярьчихжээ. Харин эмэгтэй хүн байх тухай, ялангуяа хүн байх тухай та ямар төсөөлөлтэй явдаг вэ?
-Ээж байна гэдэг харин ч хүнээс илүү үүрэг хариуцлага, илүү тэвчээр, талбиу ухаан нэхдэг тавилан юм шиг байгаа юм. Уучилж сурсан хүмүүс, хайрлаж чаддаг хүний олонх нь хүн байж чаддаг.

-Эхлээд хүн бол, дараа нь яруу найрагч бол гэж нэг үг байдаг даа? тэр утгаар яруу найрагч хүнтэй хүний тухай, хүн байхын утга учрын тухай ярилгүй өнгөрч боломгүй. Ээжүүд бас хүүхдүүддээ хүн байх эрхийг олгодог юм шиг ээ? 
-Нэг талаараа яруу сэтгэлтэй байж гэмээнэ яруу найрагч байдаг. Үг төдийгүй авиа хүртэл өөрийн энерги эрчимтэй байдаг болохоор үг, өгүүлбэрийн ерөөл жигдрүүлж байгаа хүн нь өөрөө хэзээ ч муу хүн байж таарахгүй санагддаг. Муу санаа, муухай үг цөөн, их л гэнэн хүмүүс байдаг шүү дээ манай найрагчид чинь. Магадгүй сэтгэлийн нэг гоёл нь гэнэн байх явдал байж болох юм. Атаа жөтөө дүүрэн, алаан тулааны талбар шиг гэж амьдралыг харахаасаа илүү энэрэл элбэрэл дүүрэн, хайр уучлалын ертөнц гэж харвал тийм л байх болно гэж итгэдэг.  

-Хүмүүс амьдралдаа алдсан, оносон тухай янз бүрээр ярьдаг. Ер нь та алдааны тухай ямар бодолтой байдаг вэ? Алдаа хийж үзсэн үү?
-Залуу нас, гэнэнээрээ гоёж яваа хүн аль алдааг тойрч гарах вэ дээ. Өчигдрийн алдаа гэж өөрийгөө зэмлэлээ ч, тэр нь миний маргаашийн оноо байхыг алийг тэр гэхэв. Алдахгүй гараа хумхиж, буруугийн дэргэд дүлий болж, зөвийн хажууд хэлгүй юм шиг байж яруу найрагчид угаасаа сураагүй.

-Ажаад байхад яруу найрагчид бие биесээ өмгөөлөх хэрнээ бас шоолж, ёжлох нь их байдаг шиг. Таны хувьд шүлгүүдэд нь хайртай тийм найрагч хэн бэ?
-Олон сайхан найрагчид бий. Хүнийхээ хувьд болон найраг шүлгээр нь Ичин, Мөөжиг, Хулан гуравтаа хайртай. Мэдээж Дулмаа багшийнхаа ухааныг биширдэг. Б.Лхагвасүрэн гуай, П.Бадарч гуай, Д.Урианхай гуай, Д.Цоодол гуай олон сайхан яруу найрагчид маань найргийн тэнгэрийнхээ тулах багана болоод бидний дунд байж л байна. Энэ бол бидний хувьд үнэхээр том хувь заяа юм.

-Бэрхийг давж чадах хүнд л бэрхшээл тохиодог гэдэг. Таныг харахад эршүүд хэрнээ уяхан, бас жаахан танхилдуу бүсгүй мэт санагддаг. Бэрхшээлтэй хэр нүүрэлдэж байв? Галтай найрагчид голцуухан тас дайраад л, алдвал алдаа мэт бодолгүй, оновол оноо гэж сагалгүй өнгөрдөг улс шиг санагддаг?
-Бурхан тэнгэрийн авралаар тэгтлээ их гацаж явсангүй ээ. Юуг бэрхшээл гэж харахаас л бүх юм шалтгаална. Би нэлээд шулуухан, бодож амжаагүй хэлчихээд амаа барих нь байдаг. Өөрөө гуниад туниад байхаасаа илүү хүнийг гомдоочихов уу гэж сүүлд нь шаналах их хэцүү. Зальбирвал тальбирч, зажилбал зөөлөрнө гэдэг дээ. Хүн амгалан болон сэтгэлийн эрх чөлөө, шунал хүслийнхээ төлөө өдөр болгон өөрийгөө хянах цаг гаргах хэрэгтэй юм шиг санагддаг.

-Хэн нэгэнд хэлж амжаагүй үгсээ та шүлэг болгоод буулгачихдаг байлгүй. Тийм нэг шүлгээсээ хэлж өгөөч.
-Сүслэнхэн залбирдаг уулсын маань тэргүүн дээр
Сүүдэр сүлдэг нарны маань тоосонд
Сүүгээ өргөдөг хорвоогийн хойморт
Хүүгээ хөтлөх сэтгэлийн маань үзүүрт
Хайр минь байдаг
Хань минь байдаг
Энэхэн Замбуутивийн уужмаасаа
Хайртай шүү
Би чамдаа хайртай.

-Нээрээ, Лхамноржмаа найрагчийн бага насны тухай огт ярьж байгаагүй санагдана. Бага насаа дурсаач. Мэдээж номонд шимтдэг л охин байсан байлгүй?
-Бага нас маань Чулуут голынхоо эрэг дээр, сургууль гэр хоёрын хооронд, дүү нараа асрах гээд л өнгөрсөн дөө. Жаахан сахилгагүй, эрэгтэй хүүхэд шиг охин байсан ч онц сурдаг, олон сонгуультай, мундаг хэнхэг хүүхэд байлаа даа. Хамгийн сайхан дурсамж, хамгийн үнэнч нөхөд, хамгийн сайхан хавар, бас хамгийн үнэт дурсамжууд минь нутагтаа байгаа.

-Анхны шүлгээ санадаг уу?
-Аавын тухай шүлэг. Аав маань эрт өөд болсон. Миний шүлэг бичих шалтгаан аавын минь нутаг сэлгэлт байсан. Дарамын Батбаяр гуайн “Яруу найраг гэдэг найрал хөгжим биш, нулимс урсах чимээ” гэж хэлсэн нь их таалагддаг.

-Уран бүтээлчид та бүгд нэгэн дор цуглаж, нэгэн сэтгэлээр цаг үеэ тунхаглаж буй гэж ойлголоо. Өнөөдөр бүгд л утга зохиол доройтсон, сул байна гэлцдэг. Харин та нарыг ийм олуулаа гэж бодсонгүй. Та бүхний үйлсийг утга зохиолын хүрээнийхэн, ялангуяа ахмад уран бүтээлчид тань хэрхэн хүлээн авч байгаа бол? Залуус, ахмадууд хоёрын дунд нэлээд том зай гарсан гэсэн шүүмжүүд байдаг л даа. Сургааль үгсээ хэлж байна уу? 
-Манай үеийнхнийг ахмад болон дээд үеийнхэн маань энэ зэрэгт хүргэсэн. Уламжлалаа мартаад, хүн чанараа гээх ёс зүйгүй үйлдэл бидний дундаас гарахгүй. “Төгөлдөр гоо” тоглолтыг маань “Болор цом”-ын эзэн найрагч Б.Ичинхорлоо хөтөлж, П.Бадарч, Д.Төрбат, Ш. Дулмаа гээд олон ахмадууд маань ирж үзээд, баяр хүргээд бидэнд эх, эцгийн үнэт үгийг хэлсэн. Сургаалиа ч хайрласан. Бидний үеийнхэн Монголын утга зохиолын эвийн цавуу болж явна гэдгээ үргэлж хэлж байгаа. Тарж бутарснаараа бус эвлэж нийлснээрээ ихийг бүтээдэг биз дээ? Бид нэг завинд суусан учраас уйлах нулимс, догдлох мэдрэмж маань нэг л хөгтэй. Нэг амьтай болохоор яруу найрагч зохиолчид илүү чин сэтгэлээсээ ойр дөт байх ёстой гэж боддог.
-"Шинэ мянган" нэгдлийн залуусыг хараад байхад нэлээд бүтээлтэй, бас ч чамгүй амжилттай яваа залуус байна. Одоогийн залуус тус тусдаа бүтээлээ туурвиж, тайзан дээр ганцаараа зогсолгүй нэгдээд бүтээлээ толилуулж байгаа нь надад маш сайхан санагдаж байна. Тиймээс та бүхэнд уран бүтээлийн амжилт хүсье.
Г.ДАША

No comments:

Post a Comment