Wednesday 13 March 2013

О.Баасанхүү: Оюутолгойн гэрээг задлахад учир бий

УИХ-ын намрын чуулган завсарлаж, гишүүд амсхийж байна. Гэсэн ч зарим нь тойрогтоо, зарим нь парламентын томилолтоор гадаадад ажиллаж байна. Эрхэм гишүүн О.Баасанхүү гол төлөв нэлээд эгзэгтэй томилолт авдаг, тэр ч утгаараа шинэ УИХ-ын бүрэлдэхүүнд “хатуу самар” нэрийг битүүхэн зүүгээд байгаа. Оволзож байсан Оюутолгойн гэрээ парламентын тогоон дотор замхрах тийшээ хандав уу, яав.  Энэ талаар овоо босгосон эрхэм гишүүдийн нэг О.Баасанхүүтэйтэй ярилцсан юм.
-Оюутолгойн гэрээний талаарх таны байр суурь хэвээрээ байгаа юу?
-Миний бие УИХ-ын гишүүн болоод дөнгөж сар гаруй болох гэж байсан л даа. 2012 оны есдүгээр сарын долоонд юмдаг. Тэгээд яг жилийн өмнө өмнөх парламентийн нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд илүү өгөөжтэй болгох асуудлаар өргөн барьж байсан бичгийг хараад энэ талаар хөөцөлдье гэж шийдсэн. Тэгэхэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга, би анх санаачилсан юмаа. Миний бланкан дээр саналаа тавиач” гэсэн юм. Тэгээд бид хоёр дээр С.Ганбаатар нарын нэр бүхий 20 гаруй гишүүн гарын үсэг зурж, Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэсэн асуудлыг тавьсан. Эдийн засагч хүн Оюутолгойг өөрөөр харах байх, улстөрчид нэг өөрөөр харах байх. Би хуульч хүний хувьд Оюутолгойн гэрээг зайлшгүй  өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ нэг зүйл бий.
Аливаа гэрээнд яс баримтлах нэг зарчим бий. Гэрээг ямар тохиолдолд задалдаг вэ гэхээр ганцхан тохиолдолд л задалж болдог. Авлига авсан гэдгийг нотолж чадвал. Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн нэг л нөхцөл шүү дээ. Бусад тохиолдол тэр гэрээ биелэгдэж байна уу, биелэгдэхгүй байна уу гэсэн асуудал яригддаг. Гэрээ зурагдсан л бол аль нэг тал нь ашигтай л байх ёстой. Ашигтай байна гээд нөгөөгөө буруутгаад ч хэрэггүй, муулаад ч хэрэггүй. Хэн ч гэсэн ашигтай л гэрээ хийхийг бодно. Ашиггүй гэрээнд гарын үсэг зурсан талдаа л хариуцлага тооцох тухай ярина. Тэгэхээр үнэндээ Оюутолгойн гэрээний хувьд бол ашиггүй байна гэхээсээ өмнө бид хоёр зүйлийг онцолж харах ёстой.  Нэгдүгээрт, энэ гэрээ нь одоогийн үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцсэн үү, хоёрдугаарт энэ гэрээг байгуулахад ашиг сонирхлын зөрчил буюу хээл хахууль авлига авсан уу гэж. Одоогийн байдлаар 100 хувь батлагдсан гэж хэлж чадахгүй ч хэвлэлд гарсан мэдээллээр “Голдмен сакс” компани манай талд ТЭЗҮ-г гаргаж өгсөн гэх хэрнээ нөгөө “Рио Ти Тинто”-гийн  охин компани гэсэн хэл ам татлаад байгаа шүү дээ. Хэрэв үнэн бол энэ гэрээ автоматаар хүчингүй. Автоматаар энэ гэрээг дахин ярих хэрэгтэй болно. Үүнийг нэгдүгээрт нотлох хэрэгтэй.
Өнөөдөр ямар нэг байдлаар ”Рио Ти Тинто”, “Айвенхоу майнз” хийж чадаагүй юм чинь би яаж чадах юм бэ гэдэг шиг  дэлхий нийтийг цочроосон байдлаар хандаж болохгүй. Өөрөөр хэлбэл, ийм том компани хийж чадаагүй юм чинь мань шиг жижиг компани яаж хийж чадах юм бэ гээд гадны хөрөнгө оруулалт орохгүй шүү дээ. Бид энэ гэрээг ярья гэвэл цэгцтэй бөгөөд хуулийн хүрээнд, онолын хүрээнд олон санаагүйгээр шийдэх ёстой. Түүнээс биш хэн дуртай нь очоод л нэг Засгийн газар нь хэдэн төгрөг нэхээд л, хэсэг хүмүүс очиж өөр юм яриад л телевизээр хоёр гурван хэсэг болж хуваагдаад байх шаардлагагүй. Ерөөсөө л энэ гэрээнд анхнаасаа ашиг сонирхлын зөрчил байсан уу. Үнэхээр ийм зөрчил байгаад авлига хээл хахууль байгаа бол үүнийг нотлох хэрэгтэй. Авлигатай тэмцэх газар үүнийг нотлооч ээ гэж л хүсээд байгаа байхгүй юу. Энэний ард хэн байгаа юм бэ. Гэхдээ нотолж чадахгүй л дээ. Тэр үед МАНАН-ын засаг байсан. Н.Алтанхуяг,С. Баяр, Сү.Батболд байсан. Дээрээс нь Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж байсан. Би бол нотолж чадна гэдэгт эргэлзэж байгаа. Гэхдээ хэвлэлд гарсан зүйлийг хараад ашиг сонирхол байгаа юм биш байгаа гэж би хардаад байгаа юм. Түүнээс би тэднийг авлига авсан, авдаг гэж байгаа юм биш. Монголын ард түмэн авлига авсныг нотолж чадах юм бол энэ гэрээг цоо шинээр хийхэд олон улсын ямар ч байгууллагаас хэл ам, гомдол санал гарахгүй.
-Тэгвэл дараа нь ямар үндэслэлээр гэрээг өөрчилж шинэчилж болно гэж…
-Хоёрдугаарт, одооогийн хуульд нийцсэн эсэх. Энэ гэрээ одоогийн хуульд нийцээгүй гэж хэлэх үндэслэлтэй. Яагаад гэвэл гэрээг байгуулахад гурван зүйлийг заавал харах ёстой. Нэгдүгээрт, хугацааны хувьд Ашигт малтмалын тухай хуульд 30 жил гэж заасан байдаг бол энэ гэрээнд 70 жил гээд биччихсэн байгаа юм. 70 гэсэн тоо ямар хуулийн ямар заалт дээр байгаа юм бэ. Тэгэхээр хууль зөрччихсөн байна шүү дээ. Энэ гэрээг эргэж ярих боломж байна гэсэн үг. 70 гэсэн тоо Ашигт малтмалын тухай хуульд байх, эсвэл хэн дуртай нь гэрээг зурахдаа хугацаа сунгах тоогоо өөрийн дураар тавьж болно гэсэн бололцоог олгосон бол энэ чинь өөр. Дараа нь үнэ. Бид анх гэрээ байгуулахдаа хэдэн тэрбумаар энэ компани босно гэсэн юм бэ. Дөрвөн тэрбум гэсэн юм уу, хоёр тэрбум гэсэн юм уу, арван тэрбум гэсэн юм уу. Үнэ зөрчигдсөн байна гэдэг чинь гэрээ зөрчигдсөн гэсэн үг. Гуравдугаарт, ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үзүүлэлт. ТЭЗҮ нь тухайн үед засвартай байсан гэж байгаа. Засвартайгаар нь авлаа гэж ярьж байсан. Авсан гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Засвартай юм авдаггүй байхгүй юу. Тэгэхээр ТЭЗҮ-ийг чинь  хэн гаргаж өгсөн юм бэ. Гаргахыг зөвлөсөн тэр компани нь өнөөдөр ашиг сонирхлын зөрчилтэй юм болбол энэ чинь ерөөсөө асуудалтай юм биш үү. Энэ өнцгөөс ярихгүй байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Тэгээд үүнийгээ улстөржүүлээд төсвийн алдагдлаар нөхөх хэрэгсэл болгоод байгааг би ойлгохгүй байна л даа. Түүнээс биш “Оюутолгой компани буруу, муудаа биш. Энэ гэрээг өнөөдөр Монголын ард түмний эрх ашигт нийцсэхээр хийх ёстой. Өнөөдөр олон хүн надаас асуудаг юм л даа. Монголын талын Удирдах зөвлөлийг чанаржуулъяа, П.Цагаан, Ж.Ганболд, Н.Багабанди гурвыг дуудаж ирүүлээд асууя гэж.
Энэ гэрээнд заасан 66 гэдэг чинь их сонин тоо.Яагаад гэвэл олон улсын хуульд 50, 50 байвал  адил эрх мэдэлтэй, 51-ээс дээш байвал удирдлагын хэмжээнд ярина, 66 болчих юм бол та удирдлагад оролцохгүй, зөвхөн ашгаас хүртэнэ гэж байгаа юм. Тэгэхээр 66 гэдэг чинь таачихсан тоо биш. Олон улсын жишигт байдаг юм. Би тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг 66 болго гээд оруулахад Уул уурхайн яамнаас санал орж ирээд ажлын хэсэг дээр 51 болгож байсан. Монгол Улсад тэсэрч дэлбэрэх бодисыг үйлдвэрлэх бол хөрөнгө оруулж болно, гэхдээ ашгаа л ав. Түүнээс үйлдвэрлэх явцад оролцож болохгүй гэсэн санаа. Яг түүн шиг Оюутойлгойн удирдлагад орж чадахгүй юм бол тэдэнтэй мянга яриад нэмэргүй, хэцүү. Дээрээс нь бид “Оюутолгой” компанийн тэр 34 хувийг ядаж  2,7 сая монголчуудаа хувьцаа эзэмшигч болгооч гэж яриад байгаа юм. Бодоод үз дээ. “Оюутолгой” компанийн  66 хувийн хувьцааг одоо 2700 хүн л эзэмшиж байна ш дээ. Жишээ нь. “Оюутолгой” компани дампуурах юм бол 2700 хүний өмнө хариуцлага хүлээнэ. Тэгвэл бид 2,7 сая хүний өмнө хариуцлага үүрүүлэхээр болгож,  Оюутолгойн хөрөнгө оруулалтын асуудлыг яримаар байгаа юм. Яагаад гэвэл, “Оюутолгой” компанийн эзэмшиж байгаа орд бол дэлхийд байхгүй орд. Молибден гэдэг бол мэдээж үнэтэй металл. Гэхдээ алтны хажууд юу ч биш л дээ. Алттай холилдсон зэс шүү дээ. Манай ард түмэн өнөөдөр яагаад ядуу байх ёстой юм бэ, яагаад ядуу байгаа юм бэ. Ийм л байна шүү дээ.
-Тэгэхээр бид буруугаа гаднынханд тохохоос илүү өөрсдөө мордохын хазгай гэдэг шиг анхнаасаа буруу юм хийчихсэн юм биш үү. Тэгвэл дотроо эхэлж хариуцлага тооцвол яасан юм?
-Нэг сонирхолтой жишээ байгаа юм л даа. wikileaks сайт, нөгөө Ассанжийн сайтын 51 хувийг авъяа гэсэн нэг улстөрч байна аа. Бусадтай нь ярьж болж байна, тэр улстөрчтэй ярихад хэцүү байнаа гэж байсан. Түүн шиг өнөөдөр 34 хувийг авчихаад энэ юу вэ, ямар хамаатай юм бэ гэж ярьж болохгүй. Одоо бид хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй. Гэрээг сайжруулах уу, шинэ гэрээ байгуулах уу. Шинээр гэрээ байгуулах ёстой гэж үзвэл хууль зөрчсөнийг нь нотлох хэрэгтэй. Гэрээг сайжруулах гэх юм бол энэ бол эдийн засагчдын асуудал. Гэрээний эрх зүйн онол гэж бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг. Тэгэхээр өнөөдөр энэ гэрээг яаж, ямар заалтаар сайжруулах вэ гэдгээ деталчилж ярих ёстой.
Манайхан Оюутолгойг гаргаж ирээд Монгол Улс нэг алхам урагш алхлаа, сайхан боллоо гэж яриад байх юм. Сайхан болсон юм бол өнөөдөр бидний амьдрал сайжирч, сагсанд байгаа мөнгө нэмэгдсэн бол болж байна. Асуудлын гол нь энэ гэрээг яах вэ гэдэг шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Шинээр байгуулна гэвэл хоёр нөхцөлийг нотлох хэрэгтэй. Хууль зөрчсөн, авлига авсан гэдгийг. Тэгэх юм бол олон улсын хэмжээнд хэл амгүйгээр энэ гэрээгээ өөрчилж чадна. Эсвэл гэрээг сайжруулна гэвэл яг юу юуг сайжруулах шаардлагатай юм гэдэг нөхцөлөө бэлдээд тэр гэрээнд байгаа заалтынх нь дагуу хандах ёстой. Энэ бол Засгийн газрын асуудал ч биш. Энэ бол Монгол Улсын эрх ашгийн асуудал. Ингэхийн тулд өөрт ногдсон ядаж 34 хувиа 2,7 сая иргэндээ хувьцаа болгож өг. Хувьцаа эзэмшигчээр тогтоо. Тэгэх юм бол хүн бүр өөрийгөө хувьцаа эзэмшигч гэж үзээд ядаж ашгаа авахын тулд энэ компанийг шахаж шаардна. Тийм биз дээ.
Олон хүнтэй хувьцаа эзэмшигч гэсэн ойлголт байдаг. 66 хувиа эд нар чинь хөрөнгийн бирж дээр гаргаад гаднын 2700 хувьцаа эзэмшигчтэй болчихоод байна шүү дээ. Тэгвэл Монголын тал болохоор төр гэж яриад суугаад байх юм. Төр гэж хэн юм бэ, Ганзориг юм уу. Хэдэн нөхөд л баяжиж байдаг хэрэгсэл биш. Жишээ нь иргэн би төлөөлөгчөө томилж байгаа бол нэлээд гайгүйхэн хүнийг тавина. Дуучин, эсвэл ерөнхийлөгч байсан хүнийг тавихгүй. Эдийн засагч, орилдог, хашгирдаг, юмаа хянадаг хүнийг тавина шүү дээ. Би гайхаад байгаа юм. Энэ гэрээний талаар нөгөө гурван нөхөр гараад л яриад ийм байна шүү дээ гэмээр юм, тэгтэл дуугарахгүй юм. Тэгэхээр ард түмнийг төлөөлж байгаа би дуугарахаас өөр аргагүй юм. Бид олон улсын өмнө үнэхээр хариуцлагатай хандах ёстой. Яагаад вэ гэвэл, энэ гэрээ унахад Монгол Улс дахин  ийм олон улсын стандарттай гэрээг оруулж ирж чадах уу. Унагааж болохгүй гэсэн үг биш. Унагаахдаа маш үндэслэлтэй унагаах ёстой. Авлига, нөлөөл байгааг нотол. Хууль зөрчсөнийг нотол. Тэгвэл энэ гэрээг өөрчилж болно. Түүнээс биү хүн болгон гараад л ашиг олно, олохгүй гэж ярих нь сонин биш. Та хувьцаа эзэмшигч биш, би хувьцаа эзэмшигч биш ямар хамаа байнаа. Уг нь төр 2,7 сая иргэндээ хувьцаа эзэмшигчээр тогтоочих ёстой л доо. Тэгвэл хүн бүр эндээс ашгаа  яаж авах вэ гэж санаа тавина. Энд асар том баялаг байгаа шүү.
-Одоо хэтэрхий оройтсон, улстөржсөн байдалруу шилжчихэж байгаа юм биш үү?
-Би бол оройтсон гэж үзэхгүй байна. Яахав хоёр байр суурьтай хүмүүс байдаг. Нэг хэсэг нь энэ гэрээг хэл амгүйгээр явуулаад бүтээгдэхүүнээ аваачээ. Бүтээгдэхүүн гарахаар бид татварын бодлогоор шийднэ гэж яриад байдаг. Үнэндээ татварын бодлого гэхээр Оюутолгойд зориулсан бодлого гэж тусдаа байхгүй. Монгол Улсад зориулсан  татварын цогц бодлого байх учиртай. Өөрөөр хэлбэл, татварын бодлогоор Оюутолгойг зохицуулна гэж байхгүй. Гэрээгээ маш тодорхой хийчихвэл ирээдүйтэй. Тавантолгойг хар л даа, юу болов…
-Энэ дашрамд сонирхоход  төмөр замын бүдүүн, нарийн царигийн асуудлаар маргалдаад ч байгаа юм шиг…
-Би Хятадын, Оросын элчин сайдтай энэ талаар санал солилцож үзсэн. Монголчууд бид нэг юм бодох хэрэгтэй юм шиг байгаа юм. Нарийн цагариг бол нэг уурхайн тухайд эдийн засгийн хувьд ашигтай. Тэгвэл Монголд одоо ганцхан байгаа трансмонголын гээд өргөн төмөр зам бий. Үүнтэй холбох ёстой юм уу, үгүй юу. Эсвэл трансмонголын төмөр замыг дахиад шинээр барих ёстой юм уу. Энийгээ бид эхлээд ярих хэрэгтэй. Түүнээс уурхайд байгаа баялгаа зөөх тухай ярих нь харьцангуй асуудал. Уурхайд байгаа баялгаа зөөхөд нарийн нь ашигтай. Хятад руу гаргах гэхчлэн эдийн засгийн үзүүлэлт зуун хувь. Гэхдээ уурхайн баялаг дуусахаар энэ нарийн төмөр замаа яах юм бэ. Өнөөдөр туузан дамжуургаар хүртэл гаргая гэж байна. Гарга л даа. Гэхдээ дараа нь дуусахаар нь тэр дамжуургыг яах юм бэ, хаях юм уу, зарах юм уу. Монголд үлдэх юм хэрэгтэй. Төмөр зам чинь зуун жил, хоёр зуун жил болсон ч байж л байна. Тэгэхээр энэ төмөр замыг яах ёстой юэ гэхээр гол байж байгаа сүлжээтэйгээ яаж холбох вэ гэсэн асуудал тавигдана. Холбоно гэж байгаа бол өргөнийг тавихаас өөр ямар ч арга байхгүй. Холбоно гэж байгаа бол Оросуудтайгаа ойлголцох хэрэгтэй болж байгаа юм. Холбоно гэж байгаа бол трансмонголын төмөр замынхаа хувийг нэмэгдүүлэх талаар Оросын талтай тохиролцох ёстой. Эдгээрийг шийдэж байж нарийн, эсвэл өргөнөө ярина. Түүнээс би бол эдийн засагч хүн биш.
Гэхдээ эрүүл ухаанаар бодоход Монгол Улсад өөр баялаг олдлоо гэхэд нэг хэсэг нь Хятад руу, нэг хэсэг нь Орос руу явж байж дэлхийд гарна. Нөгөө хэсэг нь Монголынхоо гол төмөр замтай холбогдог. Үүгээр дамжиж хөгжил явдаг. Та Тавантолгойд амьдарч байна гэж бодъё. Нэг хэсэг нь төмөр замаар нүүрсээ зөөгөөд, нэг хэсэг нь бүдүүн төмөр замаар амьдралаа залгуулаг л дээ. Энэ утгаараа яах аргагүй өргөн цариг нь хэрэгтэй. Хятадууд энд нарийн хэрэгтэй гэхээр нь би хэлсэн л дээ. Та нар юундаа санаа зовоод байгаа юм бэ. Та нар Монголоос нүүрс авах юм чинь гээд замаа өргөн болгохгүй. Та нарт ямар ч ачаалал өгөхгүй. Бид бодох ёстой гэж. Ингэхийн тулд нэг компани баяжиж бас болохгүй. Зөөхөд гарах хожоо нь нэг тонн тутамд гуравхан ам.доллар гээд байгаа юм, үгүй шүү дээ. Гурван ам.долларыг гучин тэрбум тонн нүүрсэнд үржүүлээд үзээрэй,  90 тэрбум ам.доллар болно. Тэр компани 90 тэрбум ам.доллар олохын тулд гуравхан ам.доллар гэж яриад байгаа юм. Яг судалгаагаар зургаан ам.доллар болох юм байна лээ. 180 тэрбум ам.доллар болох гээд байна. Үүнийг ганцхан олигархи компанид өгч болохгүй ээ. Хэрэв тийм бол тэр компани нь Монгол Улсын төрийн өмчийнх байх ёстой. Монгол Улсад ашигтай юу, үгүй юу гэдгээ маш нарийн тооцох ёстой. Түүнээс үндэсний эрх ашиг, хоёр улсын бодлого энэ тэр бол өөр асуудал. Одоо харагдаж байгаагаар бол маш энгийн ойлголт  нь урт байгаа замтай холбох хүсэлтэй байна уу, үгүй юу гэдэг тухай л асуудал шүү дээ. Нарийныг холбоод цаашаа шууд өргөн болоод явчихгүй, хаа нэг газар дугуйгаа солино биз дээ. Тэр утгаараа бидний хувьд Тавантолгойгоос нарийн төмөр зам татвал зуун хувь ашигтай. Гэхдээ улсынхаа ирээдүйг зуун жилийн цаадахтай холбож, нүүрс дуусахад яах вэ гэдэгтэй холбож яриад өөрийн үндэсний төмөр замтай л болох хэрэгтэй. Төмөр замын тал дээр ийм л бодолтой байгаа. Ноцтой нь энэ төмөр замыг хэн барих вэ. Уурхай сонирхох хүн бол төмөр замыг сонирхохгүй гэж байна. Бондын мөнгөөр барина гэж яриад байх юм.
-Одоо бондын мөнгөөр барина гэж шийдчихээд байгаа юм биш үү?
-Бондын мөнгө гэдэг ойлголт бол зүгээр Ардчилсан намынхны тоглоом. Хийх юмгүй хүмүүсийн тоглоом байхгүй юу. Таван тэрбумын бондны мөнгө орж ирэхэд би анх хэлж байсан. Жилийн 26 хувийн хүүтэй харьцуулахад дөрвөн хувийн хүү гэдэг бол асар бага. Тэр утгаараа бондын мөнгө байгаа нь сайн хэрэг. Харамсалтай нь бэлэн төсөл хаана байна. Үндэсний хэмжээнд тогтоосон төсөл байхгүй байхад бэлэн мөнгө ороод ирэхээр энэ мөнгийг хэн дуртай нь л авахыг хүснэ. Бэлэн мөнгө байхгүй байхад бид өртэй баймааргүй байна гэж би орилоод байсан. Наадах чинь өр шүү, болохгүй шүү гээд байхад. Одоо миний хамгийн их санаа зовж байгаа зүйл нь хэрэв энэ бондын мөнгийг үр ашигтай зарцуулж чадахгүй юм бол Монгол Улс дахиад хорин жилээр ухарна гэж үзэж байгаа. Тэгэхээр бондын мөнгийг юунд зарцуулах, яг ямар төсөл дээр вэ гэдгийг ард түмэн мэдэж байх ёстой байхгүй юу. Сайншандын хүнд үйлдвэр барина л гэнэ. Усгүй газар үйлдвэр барих нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Яагаад Сайншандад барьж байгаа юм бэ, Багануурт яагаад барихгүй байгаа юм бэ гээд хүмүүс янз бүрээр сонирхож байна. Үүнд нь Монголын төр хариулах үүрэгтэй л дээ. Наагуур нь жижиг сажиг юм яриад л, хүмүүс түүнд нь анхаарч байх хойгуур цаана нь өөр юм хийгээд байгаа юм.
-Та саяхан Москвад Монголын Элчин сайдын барилга, санхүүгийн асуудлыг сөхөөд ирлээ. Байдал ямар байна.?
-Энэ талаар ядаж  Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хэрэгтэй. Энэ бол Идэвхтэнгийн асуудал биш. Монгол Улсын асуудал. Саяхан Германд манай ЭСЯ-ны жолоочийг томилчихоод нөгөөх нь очоод л гэр орноо бэлдэж байсан чинь “Өө жолоочоо буцаая” гээд байх юм. Тэгвэл яах гэж томилсон юм бэ. Энд чинь бас бөөн мөнгө л яригдана.  Ямар ч шалтгаангүйгээр дуудаж байгаа байхгүй юу. Би энийг хараад гайхсан. Яагаад гэвэл Монгол Улсын татвар төлөгчийн мөнгө, Монголын төрийн мөнгө явж байгаа, Гадаад хэргийн яам төрийн мөнгийг зарцуулж байгаа. Би УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд аливаа шийдвэр зөв бөгөөд үр ашигтай байгаасай л гэж хүсч байгаа юм. Тэнд байгаа хүмүүс ч гэсэн нэг үүрэг хүлээж баймаар юм. Үр дүнгийн гэрээ байгуулаад. Жишээ нь Улаанбаатар хотыг төлөөлөөд очсон байлаа гэхэд Улаанбаатар хотод юу хийх гээд байгаа юм бэ, цэргийг төлөөлөөд очсон хүн цэргийн албанд юу хийх гээд байгаа юм бэ. Элчингээр очсон бол юу хийх гээд байгаа юм бэ. Өндөр хөгжилтэй орнуудад очсон хүн бол тэндээс ядаж нэг технологи, ядаж нэг менежмент, ядаж нэг хөрөнгө оруулалт оруулаад тэр хэмжээгээрээ өнөөдөр Монголын төрд үнэлэгдмээр байна. Тэгж чадахгүй байгаа нь харамсалтай байна. Тийм учраас Дипломат албаны тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ талаар би төсөл боловсруулна гэж бодож байгаа. Элчин сайдын яаман дээр бодлого тодорхойлох гэж явж байгаа хүний хувьд зайлшгүй хуулийг шинэчлэх ёстой юм байна, хоёрдугаарт энэ байгаа асуудлуудыг шинэчлэх ёстой юм байна л гэж үзэж байна. Одоо Монгол Улсыг дэлхий харж байна. Москва дахь ЭСЯ-ны дөрвөн обьектын тухайд гэрээний талаар ойлгомжгүй юм нэлээд байна лээ. Айхтар ашиглалын чанартай зүйл ажиглагдаагүй.
Х.Аянга

No comments:

Post a Comment