Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд долоо хоног бүрийн лхагва гаригт салбартаа хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх болсон билээ. Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү буухиаг үргэлжлүүлж, өчигдөр Гадаад харилцааны яаманд сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар Ерөнхий сайд уул уурхайн салбараас эхлээд усны бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар хэрхэн бодлого дэвшүүлж ажиллаж байгаа, мөн Ерөнхий сайдын зүгээс хийсэн томилгоонууд Үндсэн хуулийн цэц дээр очиж хэлэлцэх болоход нь томилгоогоо яагаад цуцалсан зэрэг шалтгаанаа тайлбарласан. Олон чухал асуудлыг хөндсөн асуулт, хариулт бараг хоёр цаг үргэлжилсэн юм.
-Монгол Улсын эдийн засгийн өсөлт таван хувиар буурсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ багасч байгаа нь эдийн засагт хүндрэл учруулж байна. Дүн шинжилгээ хийж үзвэл өнгөрсөн оны өнөө үеэс эхлээд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан. Дээр нь “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт нэмэгдээгүй. Гурав дахь шалтгаан нь УИХ-аас өнгөрсөн оны таван сарын сүүлээр баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуультай холбоотой юм. Стратегийн салбарт гурван салбар хамаарч байгаагийн нэг нь уул уурхай. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах болсноос зарим гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа татах, зогсоох байдал ажиглагдсан. Засгийн газар энэ асуудлыг хэд, хэдэн удаа хэлэлцээд, стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт дээр өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьж байна. Энэ нь гадаадын төрийн өмчийн компаниудыг хязгаарлах. Өөрөөр хэлбэл, одоогийн хуулиар гадаадын хувийн компаниудад хязгаарлалт тавьж байгаа үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Хоёр дахь нь 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулах юм бол заавал УИХ-руу очдог байхаар хуульд заасан. Тэгвэл энэхүү мөнгөний хэмжээг нь авч байгаа. Ийм өөрчлөлт хийсэн, хуулийг УИХ-аар баталснаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж бодож байна. Гадаадынхан бидэнд “Монголын хууль эрх зүйн орчныг урьдчилан харах боломжгүй юм. Гэнэт л нэг өдөр өөрчлөгдөх. Хууль эрх зүйн орчноо 3-10 жилийн хугацаанд тогтвортой байх тал дээр нь анхаарч үзэх хэрэгтэй” гэсэн зүйлийг хэлж байна.
-“Тавантолгой”-н асуудал юу болж байна вэ. “Чалко”-той байгуулсан гэрээг цуцалсан уу?
-“Эрдэнэс тавантолгой” компани өнөөдрийн байдлаар нүүрсээ экспортолж чадахгүй зогссон байгаа. Одоогийн байдлаар нэг сая гаруй тонн нүүрс буюу 30 гаруй сая ам.долларын нүүрс хураалттай байна. Яагаад гэвэл өмнөх байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу энэ нүүрсийг гаргавал алдагдалд орно. Нэг кг нүүрснээс бид 6 ам.долларын алдагдал хүлээх болж байгаа. Тийм учраас “Эрдэнэс тавантолгой” компанийнхан “Чалко”-той гэрээ хэлэлцээр хийе, алдагдалтай үнээр нүүрс нийлүүлэх боломжгүй, алдагдалгүй болгож, ашигтай байлгая гэдэг гэрээ хэлэлцээрийг тасралтгүй хийж байгаа. Сонгуулийн өмнө бид 350 сая ам.долларыг “Чалко”-гоос авчихсан урьдчилаад. Үүнийхээ 170 сая ам.долларыг гаргасан нүүрсээрээ тооцвол төлчихсөн байгаа. Одоо дахиад цаана нь 180 сая ам.долларын өртэй үлдсэн. Гэвч нүүрсээ гаргах тусам алдагдалд орж байна. Тиймээс зогсоочихоод байгаа юм.
-Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгохоо болино гэсэн. Оронд нь ямар зээл олгох вэ?
-Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл буруу бодлого байсан гэдгийг бид хэлж байгаа. Яагаад гэвэл харьцангуй цөөхөн барилга баригдсан байхад зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэж зарласан. Энэ нь нэг талаасаа эрэлтийг ихэсгэж үнэ хөөрөгдөх шалтгаан үүсгэсэн. Тодорхой жишээ татъя, тэр үед 55 м квадрат хоёр өрөө орон сууц 66 сая төгрөгийн үнэтэй байсан, өнөөдөр 99 сая төгрөг болчихоод байна. Энэ зээл зарлагдсанаас хойш иргэдэд ашигтай зүйл болоогүй. Тийм учраас Засгийн газар энэ бодлогыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Ойрын үед энэ бодлогоо зарлана. Гэхдээ зургаан хувийн хүү биш, магадгүй 8-9 хувь орчмын хүүтэй байж магад. Дээр нь ашиглалтад орсон 100 хувийн гүйцэтгэлтэй компанийг барилгыг зээлд хамруулна. Ирэх бямба гаригт болох Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ.
-Чингис бондын мөнгийг төслүүдэд хэрхэн хуваарилж байна вэ?
-Бондын мөнгөөр эхний ээлжинд дөрвөн зүйлд зарцуулъя гэж байгаа. Нэгдүгээрт Улаанбаатар хотод 33 замын уулзварыг өөрчилнө. Үүн дотроо хурдны зам тавина. Өнөөдөр бид хотынхоо төв хэсэгт бөөгнөрөөд байна. Төвд байгаа газрын үнэ өндөр, дээр нь Улаанбаатарт гишгэх газар байхгүй болсон. Бүгд эзэнтэй, үүнийг засч янзална. Хоёрдугаарт зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбоно. Гурав дахь төсөл нь шинэ төмөр зам. Сайншандаас урагш Гашуунсухайт руу татах төмөр зам. Дөрөв дэх нь Тавантолгойн ордыг түшиглэн байгуулах цахилгаан станцад 50 сая ам.доллар өгнө. “Оюутолгой” үйлдвэр Хятад улсаас цахилгаан авч ашиглаж байна. Ирэх Засгийн газрын хуралдаанаар мөн оёдол, ноос, сүүний салбарыг дэмжихээр бондын мөнгөөс санхүүжилт хийх тухай асуудлыг хэлэлцэнэ. Арьс ширэнд бол “Чингис бонд”-оос мөнгө өгөхгүй. Өнөөдрийн байдлаар есөн чиглэлд “Чингис бонд”-оос мөнгөө гаргахад бэлэн болж байна.
-ТЭЦ-V станцыг барих ажил хэзээнээс эхлэх вэ?
-Өмнөх Засгийн газрын үед ТЭЦ-V ыг Концессын гэрээгээр барьж байгуулахаар шийдвэр гаргасан юм билээ. Гадаад, дотоодынхон хамтарч мөнгөө гаргаад станцаа барина. Тэгээд 20-25 жил ашигласны дараагаар Монгол Улсад хүлээлгэж өгөхөөр тэр дагуу асуудал шийдэгдэнэ.
-Станц барих газрын Техник, эдийн засгийн үндэслэлийг хэрхэн шийдсэн бол?
-ТЭЦ-V-ын асуудлыг манай Засгийн газрын хуралдаанаар долоон удаа хэлэлцсэн. Яагаад гэвэл тал талаас нь нухацтай ярилцах шаардлагатай байсан. Хамгийн сүүлд хотын даргыг байлцуулаад “Станц барихаар товлосон газар чинь боломжийн биз” гэж лавласан. Сайд С.Оюун, М.Сономпил нар уг газрыг байгаль орчны нөлөө багатай, барих гэж байгаа технологи нь орчин үеийнх гэж үзсэн. Гэтэл Улаанбаатарын бүх газар эзэнтэй учраас лавлах шаардлагатай. Улаанбаатар хот баруун талаараа дулаанаар хангагдаад, зүүн тийшээгээ дулаангүй болчихоод байгаа. Тийм учраас станцыг зүүн тийшээ барина гэж байсан. Тэнд бас Амгалан гэдэг дулааны станц барих шийдвэр гаргасан. Гэтэл өчигдөр /уржигдар/ нийслэлийнхэн 10 гаруй тэрбум төгрөг гаргаж өгөөч гэж байна. Учир нь ойр хавьд нь байгаа газрыг худалдаж авах хэрэгтэй болж. Өмнөх Засгийн газар уг нь ТЭЦ-III-ын дэргэд ТЭЦ-V-ыг барих санал гаргаж байсан юм. Гэтэл ТЭЦ-III-ын орчим байгаа айл өрхүүдийг нүүлгэхэд 40 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн байдаг. Байдал бол ийм л байгаа учир ТЭЦ-V-ыг барих асуудлыг Засгийн газар зүүн талдаа байх нь зохимжтой гэж үзээд байгаа.
-Газрын тосны үйлдвэрийг Дарханд барихаар шийдвэрлэсэн. Дээрх аймагт барих нь хэр зохимжтой юм бэ?
-Газрын тосны үйлдвэр барих асуудлыг найман жилийн турш, Дарханд барих асуудлыг таван жил ярьсан. Судалгаатай танилцахад хамгийн боломжтой хувилбар нь Дархан юм гэдгийг тогтоосон. Дорнодоос Монголын хэрэгцээг хангахуйц хэмжээний түүхий тос хараахан гарахгүй учраас тийм шийдвэр гарсан. Гэхдээ “Дорнодод газрын тос байгаа юм чинь 100 мянган тонн түүхий нефть боловсруулдаг үйлдвэр барих нь зохимжтой” гэсэн санал гарсан ч үр ашиггүй юм билээ. Тийм учраас хоёр сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийг Дарханд барихаар болсон. Хоёр сая тонн нефть боловсруулах үйлдвэрийг Японоос хөнгөлөлттэй, урт хугацааны зээл аваад хийе гэсэн төсөл бий. Энэ төслийг хэрэгжүүлнэ. Хоёр дахь төсөл нь Дорноговийн Зүүнбаянгийн орчим хувийн хэвшлийн компаниуд 300 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр барихыг Засгийн газар зөвшөөрсөн байгаа.
-Хятадын Засгийн газрын тусламжаар авсан зээлийг сонгуулийн зардалд зарцуулсан гэдэг юм сонсогдох боллоо. Энэ үнэн үү, авсан зээлийг юу, юунд зарцуулсан байдаг юм бэ?
-Хятадын зээл хоёр янз. Нэг нь 300 саяын зээл. Энэ зээл ерөнхийдөө дуусч байгаа. Мөн дээрээс нь 500 сая ам.долларын зээл авах тухай өмнөх Засгийн газрын үед шийдэгдсэн. Энэ зээлээс сонгуулийн өмнө трактор оруулж ирсэн. Бусад нь боловсрол, эрүүл мэндийн салбар гээд бусад төсөл нь хэрэгжээгүй байна. Шийдвэрүүд нь бол гарсан. Нэг төсөл эргэлзээ төрүүлээд байгаа. Тэр нь аймгуудад төрийн өмчийн мах комбанит барих тухай юм. Орчин үед хувийн үйлдвэрлэл босгоно уу гэхээс бус улсын махкомбинат гэж юу байх вэ гэж ярьж байна.
-Японы Ерөнхий сайд Монгол Улсад айлчилна. Энэ айлчлалаар ямар асуудлыг хэлэлцэх вэ. Дарханы газрын тосны үйлдвэр барихад шаардагдах 600 сая ам.долларт Засгийн газар баталгаа гаргах уу. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх үү, яах вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг 600 сая орчим ам.доллараар босно гэдэг нь олон зүйлийн харьцуулалтаар боломжийн харьцуангуй хямдавтар үнэ юм. Баталгаа гаргана гэдэг нь Ч.Улаан сайдтай ажлын хэсэг ярьж байгаа. Энэ үйлдвэр босчих юм бол бензин, дизель түлш гаргана. Гарсан бүтээгдэхүүнийг нь барьцаалах замаар хийе гэж байгаа. Түүнээс биш Засгийн газар шууд баталгаа гаргана гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр УИХ дээр энэ асуудал очилгүй шийдэхээр ярьж байгаа. Япон улсын Ерөнхий сайд ирэх бямба гаригт Монгол Улсад айлчилна. Саяхан Японд шинэ Засгийн газар байгуулагдсан, Ерөнхий сайд нь Монгол Улсад айлчлах болсон нь их ач холбогдол өгч байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр айлчлалаар Дарханд байгуулах нефть боловсруулах үйлдвэрийн тухай байх болно. Хоёр дахь асуудал нь Төв аймгийн Хөшигтийн хөндийд барих онгоцны буудал. Дөрөв, таван жил ярьж байгаа. Японтой энэ асуудлыг өмнөх Засгийн газрын үед ярьсан. Гэхдээ өртөг өсөөд байгаа. Анх 300 сая ам.доллараар онгоцны буудал барина гэж ярьж байсан нь одоо 400 гаруй сая ам.доллар болоод байна. Зарим ажлыг дутуу хаясан байна, шинэ юм хийнэ гэсэн. УИХ-аар 300 гаруй сая ам доллар гэж батлуулчихаад одоо 400 сая ам.доллар болчихоор Засгийн газар шийдэж чадахгүй болчихож байгаа юм. УИХ –ын хаврын чуулган эхлэхээр оруулж шийдүүлэх юм.
-Дорноговьд Улаанбадрах суманд Норовсүрэн гэж айлын 20 гаруй тугал үхсэн. Мөн үсгүй тугал гарч байна. Газар дээр нь Цөмийн энергийн газрынхан ажиллаад “Хоргүй” гэсэн дүгнэлт гаргасан атал Улсын мал эмнэлгийн газраас өөр дүгнэлт гаргасан. Ажлын хэсгийн дүгнэлтүүд өөр өөр гараад байна. Алинд нь итгэх вэ. Тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Арева” компанийн охин компанийн үйл ажиллагааг зогсоох уу. Хэрвээ тус компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор ийм юм болсон бол?
-УИХ-ын сонгуулийн өмнө ийм асуудал гараад Цөмийн энергийн газрынхан очоод “Тийм юм байхгүй” гэдэг дүгнэлт гарсан юм билээ. Дорноговь аймагт би ажиллахдаа Норовсүрэн гуайтай уулзсан. Ажлын хэсгийнхний дүгнэлт зөрүүтэй гарсан учраас би ажлын хэсэг байгуулж ажиллахыг үүрэг болгоод газар луу нь явуулсан. Дүгнэлтээ нэг л гарга, Засгийн газар нотолгоотой хөдөлгөөнгүй баримтад түшиглэж ажил хийнэ. Та нарын хүч чадал хүрэхгүй бол гадаадын лаборатори руу дээжийг нь явуул. Зардал мөнгийг нь Засгийн газар гаргая гэсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хоёр юм бий. Нэг нь Монголын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булшлахгүй. Хоёр дахь нь газар доорх ураныг олборлож шар нунтаг болгож болох юм гэж байгаа. Энийг шийдэх асуудал учраас нухацтай хандаж ажлын хэсэг явуулсан. Ямар нэг хөндлөнгийн юманд автахгүйгээр дүгнэлт гаргана гэж бодож байна.
-Таны хийсэн томилгоог Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн нэр бүхий хүмүүс гомдол гаргасан. Гэвч та Үндсэн хуулиар асуудлыг хэлэлцэх болоход хийсэн томилгоогоо хүчингүй болгож байсан. Үндсэн хууль зөрчсөн томилгоо хийснээ хүлээн зөвшөөрөөд буцсан гэсэн үг үү. Дээр нь Төрийн албаны шалгаруулалт хэтэрхий удаж байх шиг. Эрүүл мэндийн салбар удирдлагагүйгээр дөрвөн сар болох нь?
-Хоёр удаа намайг Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Өнөөдөр бүх аймгийн Засаг дарга томилогдсон. Яагаад би тухайн үед Дорнод Хөвсгөл хоёр аймаг дээр Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон бэ гэхээр тодорхой шалтгаантай. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшигч нь АТГ-т шалгагдаж байсан учраас энэ хүнийг Засаг даргаар томилж болохгүй байсан. Өөр хүн нэр дэвшүүлээч гэхээр санал болгохгүй байсан учраас хууль зөрчих боломжгүй байсан. Харин дараа нь өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд Ардын намын аппаратынх нь дарга намайг энэ асуудлаар Цэцэд өгсөн. Тийм болохоор захирамжаа хүчингүй болгоё гэсэн. Би бол Үндсэн хууль зөрчиж ажиллах хүн биш л дээ. 2004 онд дөрвөн аймгийн Засаг даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон түүхтэй. Азтай нь тэр үед Ардын нам, АН хоёр хамтарсан Засгийн газар байгуулсан учраас амаа хамхиад өнгөрсөн юм шиг байгаа юм. Тогтсон жишгийн дагуу л хийсэн, гэхдээ Алтанхуяг хийхээр л Үндсэн хууль зөрсөн болоод байгаа юм. Хоёр дахь нь Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг томилсноос үүдсэн. Хүн томилсноос болж хэрэлдээд байгаа юм байхгүй, хүн халсантай холбоотойгоор үүссэн. Тодорхой хэлбэл, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Ч.Чулуунбаатарыг халснаас үүдсэн. Яагаад түүнийг халсан гэхээр Засгийн газраас Нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Иргэн хүн хурууныхаа хээгээр мэдээллээ авчихдаг боломжтой болгох зорилгоор. Хоёр дахь нь зарим газрын зургийн нарийвчиллыг нууцаасаа гаргах цаг болсон байна гэж үзээд төсөл өргөн мэдүүлээд УИХ-д оруулангуут байнгын хрооны хуралдаан дээр Ч.Чулуунбаатар эсэргүүцсэн. Засгийн газар нь шийдчихсэн байхад агентлагийн орлогч эсэргүүцэж болохгүй. Тийм учраас халсан. Энэнээс л үүдэлтэй. Түүнээс Б.Ариунсан Н.Алтанхуяг хоёр түрийвч нэгтэй ч гэнэ үү, нэг их хайртай ч гэнэ үү. Тийм юм байхгүй. Хүнийг халсантай холбоотойгоор үүсэн. Одоо гурав дахь тохиолдол дахиад гарах байх. Ер нь дөрөвдүгээр сарын 5-наас өмнө Н.Алтанхуяг гэдэг хүнийг Үндсэн Хууль зөрчүүлчихмээр байгаа юм. Тийм л хүсэл сонирхолтой байгаа. Ерөнхий сайдын хувьд нэг агентлагийн даргыг л томилчихож чадахгүй байна ш дээ. Томилгоогоо яагаад буцаасан бэ гэхээр дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх УИХ-ын чуулганы өмнө Үндсэн хуулийг зөрчүүлэх цаас л хэрэгтэй байсан учраас би больсон байхгүй юу. Түүнээс буруу зөрүү юм хийсэндээ ч тэгээд буцаад байгаа юм биш. Шинэчлэл өөрчлөлт гэдэг өөрөө амар хялбар хямдаар олддоггүй юм байна. Их өндөр үнээр хамтарч хийх юм байна. Шинэчлэл өөрчлөлт бий болсноос хойш татварын нэг нөхөр 17 тэрбум төгрөгтэй байсан нь илэрч байгаа. Төрийн банкны нөхдүүд 200 гаруй сая төгрөг авдаг байсан нь илэрч байгаа юм. Би ухаж төнхөөд гаргаад ирсэн ч юм биш. Шинэчлэл, ил тод байдал хүмүүсийг идэвхижүүлчихдэг юм байна. МИАТ-аас дайны эрсдэл нэрээр өч төчнөөн тэрбум төгрөг зувчуулчихсан байгаа юм. Ийм их олон юм зарим хүмүүсийн эрх ашгийг хөнддөг юм байна, энэ их эрх ашгийн зөрчил дунд энэ хүнийг зайлуулчихъя гэх юм бас яваад байна. Түүнээс Ерөнхий сайд байж, Үндсэн хууль зөрчөөд нэг хүнийг агентлагийн дэд даргаар томилох гээд зүтгүүлээд үхэлдэн тэмцээд байгаа юм байхгүй. Би 1989 онд улстөрд орсон. МУИС-ийн багшийн ажлыг орхиод гарч байсан. Надад өөрчилчихье, юм хийчихье гэдэг сэтгэл зүрх л байгаа. Өөр бусад зүйл байхгүй, мөнгө ч байхгүй. Намайг зарим хүн загнаж байна лээ, “Арчаагүй юм, Ерөнхий сайд бол хэдэн төгрөг өгдөг л байхгүй юу” гэж байна лээ. Өгье гэсэн ч болохгүй, маш их олон буруу жишиг тогтсон. Энэ бүхнийг өөрчилнө гэдэг их төвөгтэй юм билээ. Эрүүл мэндийн салбарын хувьд орлогч нараа үүрэг гүйцэтгэгчээр томилчихсон юм байна лээ. Саяхнаас хоёр эмнэлгийн дарга томилогдоод явж байгаа. Төрийн нарийн бичгийн дарга нар үүрэг гүйцэтгэгч байсан, тэднийг жинхэлж байж дараа нь эмнэлгийн хүмүүс рүү орно гэсэн учраас тэр дарааллаар явж байна.
-Дорноговь аймагт аж үйлдвэрийн цогцолбор барина. Аймгийн Засаг даргын орлогч нь Сайншанд ундны усны хомсдолд орох гэж байна гэсэн. Эрдэмтэн судлаачид 20 гаруй жил ашиглаад ундны усны нөөц дуусна гэсэн байна лээ. Гэтэл аж үйлдвэрийн цогцолбор барих гэж байдаг?
-Ийм эргэлзээ тээнэгэлзээ их гарч байгаа. Бид Засаг дээр ярихдаа Сайншандын аж үйлдвэрийн ажлаа явуулъя, ус багаар шаарддаг үйлдвэрүүд барих боломжтой юм байна гэж үзсэн. Байршлын хувьд зохимжтой. Нефть боловсруулах үйлдвэрийг Сайншанд дээр баривал яасан юм бэ гэхээр байршлынхаа хувьд Дарханд боломжтой гэж үзсэн. Сайншанд дээр өөрийнхөө нөхцөлд тохирсон ус бага хэрэглэдэг үйлдвэр баригдах ёстой. Сайншандын усны асуудлыг шийдэх тал дээр хөрөнгө гаргачихсан хайгуул хийж байна. Өмнөговь дээр Балгасын улаан нуур орчимд гүний ус нэлээн байгаа. Өмнөговийн Ухаан худгийнхан газар дороос усаа авч байгаа, Оюутолгой газрын гүнээс усаа авч байгаа. Цаашид говийн гүний усыг ингэтэл ашиглах хэрэг байна уу үгүй юу гэдэг асуудал үүсч байгаа. Шинэчлэлийн Засгийн газар Сэлэнгэ мөрөн Орхон мөрөнд хиймэл нуур маягийн юм байгуулна. Ингэж хойд талд үүсч байгаа илүүдэл усыг говьд ашиглах урагшаа ашиглах төсөл хэрэгжинэ. Дэлхийн банкны мөнгөөр судалгаа тооцоо хийгээд явж байгаа.
-Шинэчлэлийн Засгийн газар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг бодлогын яам гэж тодорхойлсон. Гэтэл усны бодлогыг аль газар хэрэгжүүлж байна вэ гэдэг нь тодорхойгүй болчихлоо. Ус төрийн өмчит компани гэдэг юм байгуулагдчихаж?
-Усны бодлого, газрын бодлого хоёр Ерөнхий сайдын хэмжээнд үндэсний хороо байгуулчихсан ажиллаж байгаа. Тэгэхээр бодлогыг хороо ярьж байна. Ус гэдэг корпораци байгуулсан нь илүү аж ахуйн шинжтэй ажлаа тийш нь шилжүүлсэн.
-Стратегийн ордод нэмж 12 ордыг оруулахаар болсон. Нэрээр нь нэрлэхгүй юу?
-УИХ-аар баталсан тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн гэж баталсан, цаана нь стратегийн ордод оруулж магадгүй ордуудын жагсаалт бас баталсан. Судалгаа тооцоог нь хийгээд Хөшөөт, Багануур, Багахангайн хажууд талд нэг нүүрсний орд байгаа юм. Судалгаа тооцоо хийгээд оруулж ирэх ёстой. Энэ ордуудыг хуулийнхаа дагуу стратегийн нөхцлийг хангаж байгаа бол УИХ руу оруулна. Судалгаа хийж байна.
-Оюутолгойд ажиллаж байгаа гадаад ажилчин, монгол ажилчин хоёрын цалингийн ялгаа их байгаа гэх. Цалингийн зөрүүг арилгах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ. Мөн “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Оюутолгойд цалингийн зөрүү байгаа. Тэгэхдээ ижил мэргэжлийн ажил хийж байгаа хэрнээ. Түүнээс инженер хийж байгаа, туслах ажилтан хоёрын цалингийн зөрүү яриагүй. Энэ асуудлыг Хөдөлмөрийн яам хариуцан ярьж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын хувьд нэг юм шийдээд эхлүүлж байгаа нь хамтдаа суугаад Оюутолгойгоо ярьж эхэлсэн явдал. Тавантолгой дээр барих гэж байгаа цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-г Оюутолгой компанийнхан гаргачихсан байсан. Түүнийг ярьж хэлэлцээд явж байна. Тэгэхдээ бүх юм эцэслээгүй байна. Санхүүгийн тайлангаа ил болгохыг шаардсан, хөрөнгө оруулагч тал бэлээд явж байгаа.
-Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх боллоо. Цалин, тэтгэврийг хэзээ нэмэх боломжтой болох вэ?
-Эхний ээлжинд худлаа юм хөөрөгдөгөө болъё гэж үзсэн Засгийн газар . Хүмүүст л хэрэгцээтэй баймаар байна шүү дээ. Тийм байвал цалин нэмье. Тэгэхдээ цалин нэмэнгүүт түүнээс өндөр үнээр юмны үнэ өсчихвөл ямар хэрэг байх юм бэ. Тийм учраас яавал өнөөдөр байгаа юмныхаа үнийг огцом өсгөчихгүй байх вэ гэдэг бодлого явуулж байна. Энэ бодлогыг бид нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж чадвал дараачийн ээлжинд тодорхой хэмжээгээр цалингаа өсгөнө. Цалинг өсгөхдөө зарлаж өсгөх биш, салбар бүр дээр хөдөлмөрийн бүтээмжтэй нь уялдуулж өсгөнө гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулчихсан байгаа.
-Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахаар байшин хашаагаа зарсан 2000 гаруй хохирогч бий. Тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Зургаан хувийн зээлийн хохирогч гээд тодорхой тооны хүмүүс байгаа. Орон сууцны санхүүжилтийн корпораци, Төрийн банкнаас төлөөлөл оролцсон ажлын хэсэг гаргасан. Баригдсан орон сууц, баригдаагүй орон сууц хэд байна вэ гээд судалгаа тооцоог гаргасан. Зургаан хувийн зээл авъя гэж байгаа хүмүүсийг оролцуулаад ажлын хэсэг байгуулчихъя. Адилхан л зовлонтой байгаа ш дээ. Тэгээд хамтдаа шийдье гэж байна.
-Нүүрсээ зарахгүй үнэ нэмэгдүүлэх гэж байх хооронд бид зах зээлээ алдах юм биш байгаа даа?
-Бид өндөр үнээр нүүрсээ зарах гээд гэдийгээд байгаа юм биш. 100 төгрөгөөр авсан зүйлээ 80 төгрөгөөр зарахгүй шүү дээ. Шинэчлэлийн Засгийн газар өмнө нь байгуулсан буруу гэрээн дээр маш их цаг алдаж байна. Хэрвээ энэ гэрээг хийгээгүй бол бид нүүрсээ хил дээр овоолоод сууж байхгүй. Нүүрсээ бид зарах гэхээр алдагдалд орох гээд байна. Тийм учраас байгаа байдал л энэ байна. Ер нь бид “Чалко”-гоос өөр газар нүүрсээ зарах боломжгүй юм билээ. Учир нь зүүн Цанхийн нүүрсийг Чалко”-д өгнө гээд урт хугацааны гэрээ байгуулчихсан юм билээ. Гэрээ байгуулчихаад буцахаар торгууль төлөх болоод байна. Засагт хохирол учирна гэдэг ард иргэдэд учирна гэсэн үг. Тийм учраас бид алдагдалтай ажиллахгүй байхаар арга хэмжээ авч байна.
-Орон сууцны үнийн ам.метрийг дээд тал нь 1.2 саяд багтаах бодолтой байгаа гэж байсан. Үүнийг ажил хэрэг болгох тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Төр хувийн компани, аж ахуйн нэгжүүд байшин бариад ямар өртгөөр зарах вэ гэдэгт оролцохгүй. Харин төр өөрөө мөнгө гаргаад халуун хүйтэн ус, бохироо тавьж өгч байгаа тохиолдолд оролцоо бий. Тиймээс Засгийн оролцоо байгаа хэсэг дээр гэрээ хэлэлцээрээр үнээ тохирно. Жишээлбэл барилгын 17 компани энэ саналаа хэлж байгаа. Та бүхэн дэд бүтцээ тавиад өгвөл бид 1.2 сая төгрөгт багтаагаад байшин бариад өгье гэж байна. Бүх компанийн тухай бид яриагүй шүү.
-“Чингис бонд”-оос бид минут тутам 12 сая төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэж нэг улстөрч хэлсэн. Энэ үнэн үү?
-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ийм зүйл ярьсан гэсэн. Үүнийг би яаж мэдэв гэхээр долоо хоног тутам 11:11 төвөөс Ерөнхий сайдад хандсан саналуудтай танилцдаг юм. Тэр саналууд дотор бондын асуудлаар Д.Хаянхярваа гишүүн таныг муулаад яваад байна, арга хэмжээ аваач гэдэг санал ирсэн байсан. Би Д.Хаянхярваа гишүүнд арга хэмжээ авдаг хүн биш. Гэхдээ худлаа мэдээлэл тарааж болохгүй. Д.Хаянхярваа гишүүн Сангийн сайд байсан хүн. Тэгэхдээ өнөөдөр бондын мөнгөнөөс нэг төгрөг ч гараагүй. Шийдвэрүүд дээр хэлсэнчлэн дөрөв дээр нь гарсан, тав дээр нь хагас сайн өдөр шийдвэр гарна. Түрүүчийн ажил эхэлнэ. Алдагдал хүлээгээгүй. Монгол банкинд менежмент хийх эрх өгсөн. Арилжааны банкуудад зургаан хувиар өгч байгаа.
-Яамдын өгч байгаа мэдээллүүд зөрүүтэй байна. Ил тод байх зүйл Шинэчлэлийн Засгийн газарт хэрэгжихгүй байна. Тухайлбал Баавар түлэгдлээ гэсэн мэдээлэлийг хорих анги нээлттэй өгөхгүй нууж байна?
-Нуугаад байх зүйл байхгүй. Нотолгоо нь олдохгүй байна гэнэ. Ямар асуудал гарсан бэ гэдэг дээр бичлэгийг нь харуулчих хэрэгтэй. Үүнийг л ил тод мэдээлчих хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол ажлаа хүлээлгээд өгчих хэрэгтэй. Гэтэл ажлаа хүлээлгээд өг гэхээр Төрийн албан хаагчийг халлаа гээд ярьдаг байхгүй юу.
-Т.Блэйртэй хийсэн уулзалтаар ямар асуудал хэлэлцсэн бол?
-Хэд хэдэн орны Засгийн газрын үйл ажиллагаа, Ерөнхий сайдын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт зэргийг бид судалсан. Тони Блэйрийн Засгийн газрын Delivery unit гэдэг систем маш оновчтой юм, Засгийн газраас хийж байгаа ажлаа шат шатан дахь эзэндээ сайн хүргэдэг, хэрэгжүүлдэг болоход энэ систем чухал юм гэж бид өмнө нь ярьж байсан юм. Ерөнхий сайдаар 10 жил ажилласан арвин туршлагатай хүн уулзъя гэсэн, би уулзсан. Танай Засгийн газрын үйл ажиллагаанд арга зүйн туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгээ тэр хүн илэрхийлсэн. Хардаад байх нууц асуудал яриагүй.
-Өнөөдөр махны үнэ өндөр байна. Нөөцийн махны үнэ өндөр учир шинэ махны үнэ буурахгүй байна гэж байна. Энэ тал дээр ямар арга авч байна вэ?
-2004 онд би Сангийн сайд болсон. 1.5 тэрбум төгрөг гаргаад Багахангайд өгөөд, Багахангай дүүрэг Улаанбаатар хотын махны нөөцийг хангана гэсэн. Гэтэл дараа жил нь Багахангай махаа бэлтгэж чадаагүй. Тэр үеийн захирал нь хоёр жип авсан. Мах ч үгүй, мөнгө ч үгүй дампуурсан. Тийм учраас би Сангийн сайдын хувьд 2005 оны төсөл дээр 1.5 биш 780 сая төгрөг тавиад махны компаниудыг цуглуулаад зоориндоо махаа бэлдчихвэл та бүхнийг банкнаас зээл авсан гэж үзээд зээлийн хүүгийн 50 хувиар урамшуулъя гэдэг механизмыг хийсэн. Энэ механизмаар саяхныг хүртэл явлаа. Манайх нэлээн удаан явахаараа арга чаргаа олчихдог юм байна. Завхралд орчихсон байна лээ. Мах бэлтгээгүй зарим компани бэлтгэчихсэн гэж худал хэлээд мөнгө авсан байсан. Тиймээс бид өөрчлөлт хийсэн. Зарим нь намайг “Мах маркет” компанитай гэж байсан. Надад энэ компанид нэг ширхэг ч хувьцаа байхгүй. “Жаст агро” компанийн мэдлийнх. Би 2000 онд УИХ-д өрсөлдөж уначихаад “Мах экспорт” гэдэг жижигхэн компанийг хүргэнтэйгээ хамтарч байгуулсан. Энэ хоёрыг холиод байна уу, зориуд хэлээд байна уу мэдээлэл яваад байгаа. Энэ жилийн хувьд нэг том компанид мах бэлтгүүлэхээр өгчихье. Хариуцлага хүлээж байхад ч амар юм гэсэн. Ингээд “Жаст агро” компани шалгарсан байна лээ. Цул махны үнэ бага зэрэг өндөр. Гэхдээ өмнөх онтой харьцуулахад үнийн өсөлт гайгүй байгаа.
-Газар дээр нь яваад үзэхээр “Жаст агро” компани гуя биш цээж зараад байна гэсэн гомдол гарч байна. Гуя нь ченжүүдэд очсон гэсэн. Өнөөдөр гурил, будаа гээд өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 мянган төгрөг байгаа. Гэтэл барааны үнэ өсвөл цалин тэтгэвэр нэмнэ гэсэн хэмээн иргэдийн хүлээлт байна.
-Үнэ өссөн гэдэг дээр маргалдаад яах вэ. Шаардлагтай бол ажлын хэсэг гаргаад судалгаа хийлгэе. Бид долоо хоног бүр гол нэрийн барааны үнэ дээр статистик хийлгэдэг. Цул махан дээр үнэ нэмэгдсэн байна лээ. Ерөнхийдөө үнийн өсөлт бага байгаа.
-Төсөв алдагдалтай гарах магадлалтай гэсэн. Яагаад алдагдалтай гарах болсон бэ?
-Төсвийн алдагдал өссөн. 2012 он бол сонгуулийн жил байлаа. Сонгуулийн жилд зориулаад их хэмжээний хөрөнгө оруулалтыг эхэлчихсэн. Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд шав тавьсан газруудын ажлыг үргэлжлүүлж байгаа. Тийм учраас төсвийн алдагдал гарч байгаа. Энэ Шинэчлэлийн Засгийн газар өөрийн хийсэн төсөв, бодлогоор явсан ажил бараг үгүй байгаа. Бид өмнөх төсөв дээр л жижиг засвар оруулсан байгаа. Төр зах зээлд оролцоогүй. Засаг мах, гурил дээр тодорхой хэмжээгээр оролцохгүй бол болохгүй. Сүүлийн үед буруу зүйлүүд илрээд байгааг би сайн зүйл гэж үзэж байгаа. Ерөнхий сайдын зүгээс Иргэний нисэхийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмалын газар дээр гадаадад явсан, орон сууц олгосон байдал дээр шалгаж байна. Орон сууцны дэмжлэг дээр энэ таван агентлаг 18 тэрбум төгрөг, аялал зугаалгад 588 сая төгрөг, урамшуулалд 1.1 тэрбум, сургалт томилолтод 6.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. Ийм зүйлийг л ил тод болгох шаардлагатай. Бид үнэ ханшаа ярьж байх хооронд Татварын газрын нэг нөхөр 17 тэрбум төгрөгийн өрөнд орчихсон байна. Үүнийг засч залруулах хэрэгтэй. Даргын үзэмжээс бүх зүйл хамаарч байна.
-Ураныг олборлох шийдвэр гарсан уу?
-Уран олборлох шийдвэр гараагүй. Ашиглалтын зөвшөөрөл авсан компани байхгүй. Хайгуулын зөвшөөрөлтэй компаниуд хайгуулаа аваад дээж авч болно. Шинэчлэлийн Засгийн газар ямар нэг уран зараад ашиг олно гэж бодохгүй байгаа. Эхний ээлжинд уран нь хүмүүст, байгальд, малд хор хөнөөлгүй байгаасай гэдэг дээр л анхаарал тавьж байна. Дараа нь шар нунтаг авчихаад буцаагаад хог хаягдал ав гэдэг гэрээ байхгүй. Олон улсын гэрээнд байдаг ч бид энэ хэмжээнд хүртлээ хол байна.
-Монголын талаас “Чалко”-тай байгуулсан гэрээг ямар хүрээнд илүү тодорхой ярья гэсэн санал байгаа бол? Ямар болзол тавьж байна вэ?
-“Чалко”-гоос бид худалдан авах үнээ өсгөчихөөч. Тэгвэл бид алдагдалгүй болгочихъё гэж байгаа. Гэтэл нөгөө талаас зөвшөөрөхгүй байгаа учир бид гацаанд орчихоод байгаа. Баруун цанхи дээр олон улсын гадаад дотоодын хөрөнгө оруулалт оруул гэдэг асуудал өмнөх Засгийн үед гарсан юм. Үндсэндээ таван улсын гурван компани консерциумийг тодорхой хэмжээгээр оруулахаар шийдсэн юм. Гэтэл Орос, Солонгос, Японы нийлсэн консерциум гомдол мэдүүлсэн. Манайд хувь өгөөгүй шүү дээ гэсэн. Ингээд ярьж тохирсон асуудлаа задалсан. Уг нь дунд нь хувь өгсөн юм.
-УИХ-ын төвшинд хэд хэдэн хууль дээр өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Засгийн газар тодорхой саналаа гаргах уу?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд болохгүй зүйл заалтаа л өөрчилье гэж байгаа юм. Тухайлбал, Засаг даргыг Иргэдийн хурал нь сонгодог. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Засаг даргыг иргэдээсээ сонгодог болмоор байна. Яагаад гэвэл Засаг дарга Иргэдийн хурлаасаа гуйсан харцаар хардаг. Ийм зүйл энэ олон жил буруу хандлага харагдаад байдаг. Үүнийг өөрчилж болно гэж бодож байна.
-Намын гишүүд улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах нь зөв үү?
-Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Ялангуяа намын санхүүжилтийн асуудлыг ил тод болгох дээр. Хөрөнгө мөнгөний асуудлаа ч ил тод болгоё. Тийм учраас өөрчлөлт оруулах шаардлагатай. Гишүүнчлэл бол хөгжлийн л асуудал. Өнөөдөртөө тодорхой хэмжээгээр итгэл үнэмшилтэй гишүүдтэй байгаа.
-“Шинэ төмөр зам” төсөлд ОХУ оролцох боломжгүй гэдэг асуудлаар төмөр замын байгууллагаас нь манай талд захидал ирсэн гэсэн. Ямар агуулгатай захидал вэ?
-Төмөр зам дээр харин сонин зүйл боллоо. Ерөнхий сайдад Оросын төмөр замын даргаас бичиг явуулжээ. Тэр нь надад ирээгүй байтал нэг сонин дээр тэр бичгийг нь орчуулгатай гарчихсан. Гадаад харилцааны яам, тагнуулынхныг дуудаад энэ ямар зүйл болоод байна вэ. Ерөнхий сайд руу явуулсан бичгийг аваагүй байхад яагаад сонин дээр гараад, орчуулгатай явж байна гэж асуусан. Гэтэл надад хоёр хоногийн дараа ирж байгаа юм. Улсын нүд чих болж байгаа газар ядаж ийм зүйлээ анхаарах ёстой. Хамгийн энгийн ёс зүй зөрчигдөж байна. Хойд, урд хөрштэй муудалцуулах гэсэн зүйл хийгээд байна. Энэ бол тоглоом биш.
Г.ДАРЬ
No comments:
Post a Comment