Wednesday, 20 March 2013

М.Батчимэг: Миний үндсэн мэргэжил бол олон улсын харилцаа, олон улсын болон, үндэсний аюулгүй байдал.

Мигэддоржийн Батчимэг 1991-1995 онд БНХАУ-ын Бээжингийн хэл, соёлын их сургуулийг Хятад судлаач мэргэжлээр төгссөн. 1995 - 2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, 2008 - 2009 онд ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, 2009 - 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад, 2012 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

-Та их сургуулиа төгссөнөөс хойш арав гаруй жил судлаачаар ажиллажээ. Ийм олон жилийг зөвхөн судалгаа, эрдэм шинжилгээний ажилд зориулсан хүн яагаад өөр салбарыг сонгосон нь сонин байна. Ямар нөхцөл бүрдэж, улс төрд орох болсон юм бэ?

-Миний үндсэн мэргэжил бол олон улсын харилцаа, олон улсын болон, үндэсний аюулгүй байдал. Би өөрийн ажил мэргэжлээ орхисон гэж боддоггүй. Миний мэргэжил бол төр улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж байна, бусад улстай үр ашигтай харилцаж байгаа эсэхэд анхаарал тавьж судалдгаараа улс төртэй шууд холбогддог салбар шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны сонгуулийн дараа өөрийнхөө багт ажиллах саналыг надад тавьсан. Төрд мэргэжлийн хүн ажиллах нь чухал байна, стратеги судлаачийн хувьд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ирээч гэдэг саналыг нь би дуртайяа хүлээж авсан. Сурсан мэдсэн зүйл, итгэл үнэмшлээ ажил хэрэг болгоё гэвэл эрт, орой хэзээ нэгэн цагт улс төрд орох ёстой гэдгийг мэдэрч байсан. Өнөөдөр Монголд судалгааны байгууллага, судлаачдын ажлын үр дүнг төрийн бодлогод тусгадаг механизм бараг алга. Судлаач хүн ажилдаа дурлах нэг хэрэг. Гэвч цаасан дээр буулгасан зүйл маань хаана ч ашиглагдахгүй бол дэндүү харамсалтай. Тиймээс улс төрд орох нь миний хувьд санамсаргүй шийдвэр байгаагүй бөгөөд би өөрийгөө мэргэжлийн ажлаа үргэлжлүүлж яваа л гэж боддог. Аюулгүй байдал, гадаад бодлогын, Төрийн байгуулалтын болон Өргөдөл гомдлын байнгын хороодод ажиллаж байгаа маань ч мэргэжилдээ хөтлөгдөж хийсэн сонголт.

-Ерөнхийлөгчийн багт олон хүн зөвлөхөөр ажилладаг. Гэтэл тэдний дундаас Танд УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтын нэлээд дээгүүрт сойгдох боломж олдсон. Үүнд Ц.Элбэгдоржийн нөлөө байсан уу?
-Энэ бол юуны өмнө АН-ын сонголт. Би зөвлөхөөр нь ажиллаж байсны хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх тухайгаа Ерөнхийлөгчтэй зөвлөлдөхгүйгээр шийднэ гэж байхгүй шүү дээ. УИХ-ын гишүүнээр ажиллахыг маань Ерөнхийлөгч дэмжсэн. Харин яагаад гэдгийг боломжтой бол өөрөөс нь асуух хэрэгтэй байх.

-Та бол улс төрд харьцангуй шинэ хүн. Эмэгтэй улстөрчдийн гадаад байдлыг эсрэг хүйстнүүдийнхээс нь илүүтэй анхаардаг шүү дээ. УИХ-ын гишүүн М.Батчимэгийг тайрмал үстэй, нүдний шилтэй, алчуур, эсвэл энгэрийн зүүгээр гоёдгийг одоо хүмүүс гадарлах болсон байх. Та гадаад имижээ хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Имижээ бүрдүүлье гэж нэг их тусгайлан хүчин чармайлт гаргаж явсангүй. Хойшид ч нэг их имэж хөөцөлдөөд өөр болоод явна гэж бодохгүй байна. Хүний гадаад төрх гэдэг дотоод ертөнцийнх нь л үргэлжлэл шүү дээ. Би харин эх хүн, эмэгтэй хүний эргэн тойрондоо бий болгож чадах сайхан зүйл бол ёс зүй, зөв сэтгэл, өөдрөг эерэг эрмэлзэл юм гэж боддог. Энэ нь үс, зүснээс чухал үнэтэй зүйл юм даа. Улс төрд байгаа эмэгтэй хүнийхээ хувьд миний үзэл бодол, итгэл үнэмшил нийгэмд зөвийг санагдуулах үлгэр дууриал болж байгаасай гэж хүсдэг.

-Олны танил хүмүүсийг жүжигчин үү, дуучин уу, улстөрч үү гэдгээс үл хамаараад тэдний хувийн амьдралыг хүмүүс их сонирхдог шүү дээ. Танайх ам бүл хэдүүлээ вэ. Нөхөр тань ямар ажил эрхэлдэг хүн байдаг юм?
-Манайх ам бүл тавуулаа. Хоёр охин, нэг хүүтэй. Том охин оюутан, хүү дунд сургуулийн сурагч, бага охин одоо дөрвөн настай. Том охин маань удахгүй гэр бүл зохиож манайх гэдэг айл өргөжин тэлэх шинжтэй байгаа. Нөхөр маань бизнесийн хүн, барилгын салбарт ажилладаг. Товчхондоо ийм л байна даа.


-Таныг Өвөрхангайн дунд сургуулийн долдугаар ангид сурч байхдаа үерхэж эхэлсэн ангийнхаа хөвгүүнтэйгээ гэрлэсэн гэх юм билээ?
-Тийм ээ, миний анхны хайр.

-Ямаршуу охин байснаа дурсахгүй юу?
-Би инженер аавтай, багш ээжтэй, хөдөөгийн жирийн сэхээтэн айлын хүүхэд. Хичээлдээ дуртай, идэвхтэй хүүхэд байж. Ном их уншдаг байлаа. Аав, ээж хоёрыг өдрийн цайнаараа ирэхэд нь гэрээ цэвэрлэх гээд сүрхий амьтан үлдэх мөртлөө орой ирэхэд ном уншсаар юу ч амжуулаагүй зэмлүүлээд суух үе гарна. Шөнө өрөөнийхөө гэрлийг сэм асааж ном уншиж байгаад ээж аавдаа унт гэж зэмлүүлнэ. Тав, зургадугаар ангид байхдаа л “Газар шороо”, “Харуул Алтай” гээд том романуудыг уншдаг байж билээ.

-Дандаа том хүний ном уншсан байна шүү дээ. Тэгж л хайр дурлалд эрт бэлтгэгдсэн юм байна л даа.

-(Инээгээд) Буруу болсон нь юм байхгүй санагддаг.

-15 настай Батчимэгийн анхаарлыг тэр хөвгүүн хэрхэн татсан юм бол? Сурлага сайтай, спортод дуртай гээд шилдэг хөвгүүн байв уу?
- (Инээв) Манай хүн гайгүй шилдэг сурагч байсаан. Улсын физик, математикийн олимпиадууд, улс, бүсийн ширээний теннисний тэмцээнүүдэд толгой цохино гээд.

-Та 1990 онд Гадаад хэлний дээд сургуулийн хятад хэлний ангид нэг жил сураад, Бээжингийн их сургуульд явсан юм байна. Яагаад хятад судлалыг сонгосон юм?
-Уг нь би математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги төгссөн, бас л олимпиадуудад оролцож явдаг хүүхэд байснаараа бол тооны хүн болох байсан. Яагаад нийгмийн ухаан хөөх болсноо одоо эргээд бодоход ээж маань түүх, нийгмийн багш, манайд ийм чиглэлийн ном товхимол их байдаг байсан нь нөлөөлсөн болов уу. Хятад гэдэг улс Монголын мандан бадрах, уруудан доройтох түүхийн бүхий л үед чухал байр суурь эзэлсээр ирснийг би хүүхэд байхаасаа уншиж мэдэрдэг байлаа. Арван жилийн хүүхэд байхад Их сургуулийн хятад хэлний ангид сурдаг ээжийн маань шавь нэг удаа Хятадын тухай яриа өрнүүлэхийг нь сонсоод энэ орны тухай илүү ихийг мэдэхсэн гэсэн сониуч бодол өөрийн эрхгүй төрснийг  одоо хүртэл санадаг юм. 1980-ад оны сүүл, 90-ээд оны эх гэдэг бол Монгол, Хятадын харилцаа арай зөөлөрч эхэлсэн өөрчлөлтийн он жилүүд байж. Аравдугаар ангиа төгсөхдөө л хятад хэл суръя, Хятадын түүх, соёлыг судалъя гэж шийдсэн. 1991 онд Бээжин явахад Засгийн газрын гэрээгээр Хятадад суралцах болсон анхны 15 оюутны нэг болж байлаа. 

-Нөхөр тань судлаач эхнэрээ улс төр рүү зүтгэхэд огт цааргалаагүй юу?
-Бид хүүхэд ахуйгаасаа найзалж нөхөрлөсөн болохоор хэн хэнийгээ сайн ойлгодог. Манай нөхөр миний хамгийн дотны анд, бас хамгийн шударга шүүмжлэгч. Мэдээж нөхөр маань ойлгож дэмждэг учраас л би гэр бүлдээ зориулах цаг заваасаа хумслаад, төрийн ажилд зүтгэж явна.

-Дөрвөн настай охин тань Таныг зурагтаар хараад хэн гэж ойлгодог вэ?
-Чуулганы хуралдаан дээр харагдахгүй бол “Та яагаад ажил дээрээ байхгүй байгаа юм” гэж надаас хатуухан асууна шүү дээ (Инээв).


-Би таны инээж байгааг одоо л харж байна. Гоё харагдаж байна шүү дээ. Та яагаад ховор инээдэг юм?
-Сонин асуулт байна. Ойр дотнынхон маань, манай намынхан намайг харин ч инээх дуртай  л гэдэг шүү дээ. Хариуцсан ажил, түлхүү ярьдаг зүйл маань аюулгүй байдал, батлан хамгаалах, засаглал гээд хүнд гэхээр сэдвүүд байдаг болохоор тэр бүрий хүмүүст инээж хөхөрч харагддаггүй юм болов уу даа.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Улстөрчид ямар дээл өмсөхийг хэвлэлийнхэн танддаг уламжлал бий. Та гоёлоо зэхсэн үү. Ямар нэг шинэ загвар, шинэлэг гоёлын санаа гаргах уу?

-Би ер нь огцом өөрчлөлт, сүржин гоёлд дасаагүй хүн л дээ. Тийм болохоор гоёл сэлтийн тухайд надаас шинэлэг шийдэл хүлээх хэрэггүй л болов уу. Цагаан сараар шинэ дээл өмсөнө өө. Уламжлалт загвартай дээл захиалж хийлгэж байгаа. Ер нь бол үндэсний дээл хувцас гэдэг бол монголчуудын соёлыг бусад ард түмнээс товойлгон харуулж буй чухал зүйл шүү дээ. Тиймээс баяр наадмаар дээлээрээ гоёх нь бидний соёл, заншлын томоохон илэрхийлэл, сайхан зүйл гэж боддог.

-Та спортоор хичээллэдэг үү?
- Мундаг тамирчин биш л дээ. Гэхдээ өглөө болгон 15 минутын дасгал хийгээд байхыг хичээдэг. Эрүүл мэндээ бодсон ч, гоо зүйн талаасаа ч идэвхтэй хөдөлгөөнийг амьдралынхаа салшгүй хэсэг болгох нь зөв санагддаг шүү. Дасгал хийгээд ирэхээр бие хөнгөрөд сэтгэл санаа ч сэргэлэн болчихдог юм.

-Хэрвээ Танд ажил мэргэжлээ солих боломж олдвол юу хийхийг хүсэх бол?
-Багадаа багш болно гэж мөрөөддөг байсан, ирээдүйд багшлах санаа бий. Одоо хааяа цаг завтай үедээ оюутнуудтай уулзаж, судалгааныхаа ажлын талаар ярилцах дуртай.

-Та эрдмийн ажил хийдэг хүний хувьд Монголын боловсрол, шинжлэх ухааны байгууллагын өнөөгийн байдлыг хэрхэн үздэг вэ?
-Би шүүмжлэгчдийнх нь нэг шүү дээ. Залуу хүмүүсийн ид сурч боловсордог дөрвөн жилийг хий дэмий өнгөрүүлдэг дээд боловсролын тогтолцоог өөрчлөх чиглэлээр намын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад би оролцсон. ШУА гэж үрэлгэн, үр бүтээлээр маруухан, шинэ зүйл нэвтрүүлэхдээ дургүй энэ байгууллагын зарим салбарын бүтцийг задлах шаардлагатай гэж боддог. Минийхээр бол сургалт, эрдэм шинжилгээний байгууллага нэг дор ажиллах ёстой, уялдаа холбоо маш сайн байх хэрэгтэй. Тухайлбал, МУИС-ийн ОУХДС, ШУА-ийн Олон улс судлалын төв яагаад хамт байж болохгүй гэж. Багш нар нь ямагт шинэ судалгаатай, шинэ мэдээлэлтэйгээр сургалт явуулбал оюутнууд төдий чинээ сайн боловсрол олно. Судлаачдаар их, дээд сургуулиудад лекц уншуулъя гэхээр тэдэнд цаг олддоггүй юм билээ. Ийм байдлаар үргэлжилж таарахгүй л дээ. Эрдэм шинжилгээний ажил, судалгаанд хөрөнгө хаядаг, оюутнуудад шинэ мэдлэгийг цаг алдалгүй олгодог тогтолцоотой байж гэмээнэ улс орон хөгжинө.

-Та бол гурван хүүхдийн ээж. Хүүхдийн хүмүүжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Миний санаа зовж явдаг зүйлийн нэг бол яах аргагүй хүүхдийн хүмүүжил байгаа юм. Хүн хүнтэйгээ харилцаж байж төлөвшил олж, амьдралд бэлтгэгддэг шүү дээ. Гэтэл сүүлийн үед эцэг, эхчүүд завгүй болох хэрээр, мөн орчин үеийн техник технологийн давалгаан дор ч гэх үү, хүүхдүүд маань компьютерийн ард бие даан өсдөг амьдралын хэвшил бий болж байна. Долдугаар ангид сурдаг хүү маань гэхэд л хичээлээ тарж ирээд гэрийн даалгавраа дутуу хагас хийгээд, нөгөө л компьютераа тоглоод сууж байгаа. Нөхөр бид хоёр аль болох хүүхдүүдтэйгээ ярилцаж, илүү ойр дотно байхыг хичээдэг. Санаандаа тултал анхаарал тавьж чадахгүй байна уу гэж бодохоор өөрийгөө чамлах үе зөндөө л тохиох юм. Хүүхдээ хүмүүст, амьдралд зөв ханддаг, жаргаж байна гээд бялуурчихдаггүй, зовлоо гээд сөхөрчихдөггүй тийм л хүн болгохыг зорьж явна. Үүнд аав, бид хоёр нь өөрсдийнхөө хандлагаар үлгэр дууриал үзүүлэхийг боддог доо.
-Монгол гэр бүл доторх эхнэр, нөхрийн уламжлалт үүрэг, хариуцлагад нэлээд өөрчлөлт гарч байгааг Та юутай холбон үздэг вэ?

-Гэр бүл гэдэг бол аль ч улс үндэстний орших үндэс суурь байдаг учраас энэ асуудлаар нухацтай ярих зайлшгүй шаардлага байгаа юм. Монголын нийгэмд өнгөрсөн 20 жилийн хугацаанд гарсан өөрчлөлтүүдийн сүүдэр өрх бүлийн доторх харилцаанд ч тусгалаа өгөө юү гэж би анзаардаг юм. Шилжилтийн шуурганд монгол эрчүүд илүүтэй өртөөд ажил төрлөө орхисон, архи дарсанд орсон нь олонтаа. Олон эмэгтэйн нуруун дээр гэр бүлийн ачаа шилжиж ирсэн байна. Үүнээс эр хүн гэдэг эмзэг, харин бүсгүйчүүд маань илүү хариуцлагатай юм байна гэдэг дүгнэлт гарах болж. Гэр бүл доторх ийм уур амьсгал монгол хөвгүүдийг балчир, охидыг нь хэрсүү болгож төлөвшихөд нөлөөлж байх ч талтай. Нөгөөтэйгүүр хүний нийгэм дайн тулаан, биеийн хүчээр ихэнх асуудлыг шийддэг цаг үе өнгөрч байна. Техник, технологи хөгжиж, хүмүүсийн амьдралыг хялбаршуулах, нийгэм хөгжих хэрээр асуудалд илүү няхуур, зохион байгуулалттай ханддаг эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурь дээшилж байна.

No comments:

Post a Comment