Улстөрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар улстөр судлаач, МАХН-ын Бага чуулганы гишүүн Л.Эрдэнэтуултай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН, МАН-тай эвсэх эсвэл Засгийн газарт хамтарсан гэрээний дагуу АН-тай эвсэж сонгуульд оролцох болов уу гэсэн хүлээлт байна. Энэ хоёр хувилбарын аль нь илүү боломжтой вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа учир улстөрийн намууд хэрхэн оролцох бол гэсэн хүлээлт үүсч байгаа. МАХН, АН-тай хамтарч Засгийн газар байгуулаад хагас жилийн нүүр үзлээ. Ямар ч байсан АН-тай байгуулсан гэрээгээ дүгнэж тодорхой шийдэлд хүрэх нь зүй ёсны асуудал. Хоёр нам хамтарсан гэрээ байгуулахдаа тодорхой үүрэг хүлээсэн. Улстөрийн ямар ч шийдэл харилцан итгэлцэл дээр суурилдаг учир гэрээгээ эргэж хараад, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө итгэл даасан эсэхээ дүгнэх ёстой.
-АН-ын зүгээс МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд хамтрах санал тавьсан гэх юм?
-Хамтарсан Засгийн газрын гэрээнд ямар нэгэн намтай эвсэж сонгуульд оролцож болохгүй гэсэн заалт байхгүй. Гэхдээ нэгэнт Засгийн газарт хамтарч байгаа болохоор АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцъё гэдэг нөхцөлийг тавьж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-тай хамтарч оролцох сонирхол их байгаа гэдэг нь тодорхой. Энэ нь хуульд нийцээгүй шаардлага юм уу даа гэж харж байгаа.
-Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН болон бусад намтай хамтрах тухайд танай нам ямар шийдэлд хүрэх бол. Мөн цаашдаа МАН-тай нэгдэх тухайд?
-Сонгуульд бусад намуудтай хамтарч орох нь хуулиар нээлттэй. Тэр ч үүднээс МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд, МАН-тай болон бусад улстөрийн хүчинтэй хамтарч л таарах болов уу.
МАН-ын Их хурал Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хуралдана гэсэн учир хоёр нам автоматаар нэгдэх асуудал одоохондоо яригдахгүй. Яригдах ч боломжгүй. Нэгдэх нь тийм амархан шийдэгдэх асуудал биш. Эхний ээлжинд аль нэг намтай түншлэхийн тулд нэгнийгээ тандах, судлах улстөрийн үйл ажиллагаа явагдана. Одоогоор хоёр нам нэгдэх, эвсэхийн тухайд дөнгөж л эхлэл тавигдаж байгаа шүү дээ.
-Нэг хэсэг МАХН, МАН-ын ахмадууд хоёр намыг эвсүүлж, нэгтгэх шаардлага тавьсан. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-аар нэлээд гуйлгасны дараа нэгдэх байх, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-тай эвсэж МАН-ыг унагах нь гэж ард түмэн таамаглаж байгаа?
-Хилс хэрэгт гүтгүүлж, ял тулгуулаад эрх чөлөөгөө хасуулсан хүний нэрийн өмнөөс хэвлэл, мэдээллийнхэн таамаг дэвшүүлж ярих нь зохимжгүйн дээр дэн_дүү хүний мөсгүй, жудаггүй хэрэг болно. МАХН-ын дарга Н.Энхбаяртай боломж олдвол уулздаг хүний хувьд хэлэхэд, Н.Энхбаяр гэдэг улстөрчийн хувьд байр суурь нь тодорхой.
Хариуцлагатай улстөрийн сонгуулийн өмнө ганцхан намтай биш бүх намтай санал солилцож, хамтрах үндэс суурь байна уу, үгүй юу улстөрийн бодлого нэгдэх боломж байна уу гэж харж байгаа байх. Түүнээс биш асуудлын гол нь хэн нэгэнтэй нийлж нөгөөхөө унагахдаа биш.
Өнөөдөр МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд зайлшгүй ялах ёстой. Энэ зорилгодоо хүрэхийн тулд ямар ч улстөрийн намтай яриа хэлэлцээр хийх нь зөв. Энэ бол гайхаад байх асуудал биш. Хамгийн гол нь, МАХН өөрийн улстөрийн зарчмаа хэрхэн тодорхойлж байна вэ, зарчмыг бусад намууд хүлээн зөвшөөрч байна уу, үгүй юу гэдэг л асуудал бий.
Одоохондоо улстөрийн зарчмаа батлаагүй байна. Гэхдээ намын жирийн гишүүд улстөрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохыг хүсч байгаа. Зөвхөн Н.Энхбаяр гэлтгүй гэмгүй хүмүүсийг шоронд хорьж буй авир хэрээс хэтэрлээ. Энэ байдалтай МАХН хэрхэвч эвлэрэхгүй. Тэмцэх ёстой.
-МАН-ын зарим гишүүд хоёр нам нэгдэх тухайд байр сууриа илэрхийлэхдээ МАХН-ыг нэлээд дорд үзсэн янзтай ярьдаг. Ер нь МАН-ынханд хаягдчихаад эргээд нэгдэх шившигтэй биш гэж үү?
-Улстөрийн зарчмын асуудлыг ганц нэг хүний байр сууриар хязгаарламааргүй байгаа юм. Мэдээж аль, аль намд янз бүрийн бодолтой, өмнө нь нэгэндээ гомдсон, хонзон өвөрлөсөн хүмүүс бий. Гэхдээ эцсийн эцэст хувийн үзэл бодолдоо баригдах уу, улстөрийн ирээдүйгээ харах уу гэдэг нь амин чухал асуудал.
-Та хувь хүний тухайд аль намтай эвсэх нь зөв гэж үздэг бэ?
-Аль ч намтай хамтарч болно гэдэг байр суурь баримталдаг. Ер нь улстөрийн аль ч намтай яриад үзэхэд буруудахгүй. Үүнийг сонсоод “Энэ яасан туйлбаргүй нөхөр вэ” гэх хүмүүс захаас аваад гарна. Гэхдээ соёлтой, бат бэх улстөр ийм л замаар явдаг хуультай. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцохдоо улстөрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох зарчмыг баримтлах ёстой. Үүнээс хэрхэвч ухарч болохгүй.
-МАН, МАХН эсвэж сонгуульд орлоо гэж бодоход одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой өрсөлдөхүйц хүчтэй нэр дэвшигч байгаа юм уу?
-Тэгж бичээд л байгаа. Хоёр нам нэгдэхэд Ц.Элбэгдоржтой байтугай өрсөлдөх чадвартай хүн байлгүй яах вэ дээ. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үед боловсрол, мэдлэг муутай энэ тэр гэж ярьдаг л байсан. Ер нь сонгууль бүрээр л нэр дэвшигчид гологддог шүү дээ. Харин сонгогдсоных нь дараа “Өө энэ чинь боломжийн хүн байна” гээд шуураад эхэлдэг биз дээ.
Одоогийн Ерөнхийлөгчөөс толгой илүү боловсролтой, шударга, элдэв шоу хийдэггүй, баг зүүдгүй боловсон хүчин аль аль намд хангалалттай бий. Харин нэгэнт Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа юм чинь өнгөрсөн дөрвөн жилд Ц.Элбэгдорж улс орныхоо төлөө юу хийв гэдгийг сонгогчид дүгнэх ёстой. Ерөнхийлөгч ч гэсэн ард түмэндээ хийсэн ажлаа уянгын халилаар биш, үнэн бодитоор тайлагнах цаг ирсэн.
Гэтэл тэр хүний амнаас нэг л сайхан уран цэцэн үгс урсаж, янз бүрийн шоу хийгээд явах юм. Өнөөдөр манай улсын эдийн засаг хүнд байдалд байгаа. Энэ талаар хэрхэн ажиллав, Монгол Улсын гадаад нэр хүндийг хэр өргөв гэх мэт Ерөнхийлөгчийн албан тушаалын эрх үүргийн хүрээнд хийсэн ажлаа ард түмэнд тайлагнах ёстой. Гэтэл энэ хүн өнөөдрийг хүртэл таг дуугүй л яваад байна.
-Энэ удаагийн парламент өмнөхөөс илүү өвөрмөц бүрдсэн. Ер нь манай улсын парламентын төлөвшил хэр байгаа вэ?
-Сүүлийн 20 жилийн хугацаанд сонгуулиас сонгуулийн хооронд парламентын чанар муудсаар ирлээ. Манай улсын хууль батлах тогтолцоо сайжрахгүй, дороо л дэвхцээд байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэгтэй санал нийлдэг. УИХ, Засгийн газар нь хоорондоо хутгалдчихаад ажил үүргийн нарийн хязгаар ерөөсөө байхгүй болсон. Тиймээс 76 сайдтай юм шиг болчихоод байгаа. Өмнөх парламент ч тийм байсан. Ялгаатай зүйл нь гэвэл хэт их намчирхаж байна. Боловсон хүчний томилгоо бусад зүйлд хэтэрхий намчирхсан бодлого явуулж байгаа нь хэрээс хэтэрлээ. Парламентын бусад намууд үүнийг юу ч болоогүй юм шиг өнгөрөөгөөд байгааг үнэндээ гайхах юм.
-Улстөр, төрийн түшээдийг дээдлэх, хүндлэх ёс алдагдаж байна гэж судлаачид үздэг. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Сайн нэртэй парламентын гишүүн гэж байдаггүй. Бүх талаараа өв тэгш байх ч боломжгүй. Өндөг шиг өөгүй болоод ирэхээрээ л жинхэнэ улстөрч биш болоод явчихаж байгаа юм. Харин сайн нэртэй нэр дэвшигч бол байж болох юм. Ард түмэн “энэ их сайн хүн юм” гэж сонгочихоод маргааш нь “Хүүе, ямар хүн сонгочихов оо” гэдэг. Энэ бол сонгогчийн дүр төрх. Бас ардчиллын нүүр царай юм. Явж явж тухайн улстөрчийг ажлаа хэрхэн хийснээр нь дүгнэх нь зөв. УИХ-ын гишүүний нэр хүнд сайн байх учиргүй юм.
-Яагаад?
-Сонгогчид УИХ-ын гишүүнээс асар их зүйл хүлээдэг. Гэтэл сонгогдсон УИХ-ын гишүүн нь хариу барихыг хүсдэггүй, эсвэл эрх мэдэл нь хүрдэггүй. Ийм учир улстөрчийн нэр хүнд муудах нь амьдралд байдаг л зүйл.
-Хаврын чуулганаар улстөрийн намуудын тухай хуулийг хэлэлцэнэ. Намуудын төлөвшил хэр байна вэ?
-Манайхан хуулиа сайжруулъя гэсэн ч ерөнхий механизм нь гажуудчихсан учраас мянган сайн хууль гаргалаа ч сөрөг тал руугаа явчихдаг. Сайжруулах биш улам муутгадаг. Тэгэхээр улстөрийн асар их асуудал бий болсон үед улстөрийн намуудын хуульд өөрчлөлт оруулснаар эрх барьж буй АН-д л илүү ашигтай хууль болно. Олигархи бүлэглэлүүд ашиглаж болохоор өөрчлөлт орчих вий дээ гэж эмзэглэж байна. Сонгуулийн цикл дуустал улстөрийн намуудын хуулиар оролдуулмааргүй байна.
Өглөөний сонин
No comments:
Post a Comment