Wednesday, 20 March 2013

Х.Тэмүүжин: Хууль зүйн салбарын дэд бүтэц үнэхээр болхи байна

Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд салбарынхаа асуудлаар нээлттэй мэдээлэл хийдэг уламжлалыг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үргэлжлүүлсэн юм. Тэрээр танилцуулгынхаа эхэнд салбартаа хийх шинэчлэлээ 16 жилээр төлөвлөснөө дуулгав. Боловсрол, шинжлэх ухаан, хууль зүйн салбарт шинэчлэл хийхэд хамгийн их хугацаа шаардаж, хүндрэл бэрхшээлтэй тулгардаг гэдгийг Хууль зүйн сайд онцолж байлаа. Хууль зүйн салбарын шинэчлэлтэй холбоотой Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Маршалын болон Мөрдөх албаны тухай хууль гэх мэт 11 хуулийн төслийг ирэх дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьж, батлуулахаар төлөвлөжээ. Эдгээр хуульд хууль сахиулах бүх байгууллагын үйл ажиллагааг зохицуулж өгсөн учир батлагдсан тохиолдолд хууль зүйн салбарт маш том шинэчлэл хийгдэх гэнэ.  


Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Энэ хуулиудыг баталчихвал бидэнд олон асуудал гарна. Мөрдөх алба байгууллаа гэхэд дэд бүтэц байгуулах шаардлага гарч байна. Шинээр олон зүйл хийх болно. Ний нуугүй хэлэхэд, манай хууль зүйн салбарын дэд бүтэц маш муу, болхи байна. Дэд бүтэц гэдэгт боловсон хүчин, тэднийг бэлтгэдэг тогтолцоо, ажиллах орчин багтдаг. Энэ гурван зүйл манайд үнэхээр болхи байгаа” гэв. Цаашид боловсон хүчнээ бэлтгэхэд илүү анхаарч, тэдний ажиллах орчинд ч гэсэн цоо шинэ өөрчлөлт, шинэчлэл хийнэ гэдгээ салбарын сайд нь онцоллоо.

 Ингээд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинээс дараахь асуултад хариу авлаа.  
-Мөрдөх болон Мар­шалын алба бай­гуулснаар хууль сахиулах бай­гууллагын бүтэц данхайх нь гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Эдгээр албыг байгуулснаар хэчнээн орон тоо нэмэгдэх бол?
-Орон тооны хувьд тодорхой тоогоор нэмэгдэх байх. Мөрдөх болон Мар­шалын алба байгуулснаар бү­тэц данхайх биш, одоо байгаа бүтэц зохион байгуулалтаа өөрчилнө гэсэн үг. Чиг үүргийг нь ойлгомжтой болгоно.   

-Та танилцуулгынхаа үеэр МИАТ компаниас мөн­гө угаасан хэрэгт хол­богд­сон зарим албан тушаалтан хэргийн бусад холбогдогчтой шоронгоос утсаар ярьсан гэлээ. Өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг цагдан хорьс­ны дараа ийм асуудал бас үүссэн шүү дээ. Ингэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд шоронд дагаж мөрдөх дүрэм, журмаа хэрэгжүүлэхгүй байна уу. Эсвэл хоригдож буй хүндээ хяналтаа тавьж чадахгүй байна уу?

-Хорих байгууллага руу утас нэвтрүүлсэнтэй хол­боо­той холбогдох албан тушаалт­нуудад үүрэг даалгавар өгсөн. Хэрэв гэмт хэргийн шинжтэй зүйл байвал хариуцлага тооцно. Одоо албан шалгалт хийж байгаа. Үр дүн нь яаж гарахыг мэдэхгүй байна. Ямар ч байсан үүнээс хойш шоронд мөрдөх дотоод дэг журмаа сайжруулах ёстой. Гэхдээ нэг юмыг хэлье. Манай шоронгийн барилга, зохион байгуулалт үнэхээр болхи учраас хяналт тавих боломжгүй. 200, 500 хоригдолд арван хэдхэн хүн л хяналт тавьж ажиллаж байгаа. Бусад улс оронд шоронгийн байшин барилгыг барихдаа тэр бүх зүйлийг тооцдог. Яаж бүх зүйлийг хянах вэ, камераа хэрхэн байршуулах вэ гээд. Гэтэл манайд тийм зүйл байхгүй. Одоо шинэ хуулиуд батлагдахаар ийм асуудлыг бүгдийг нь зохицуулах юм. 

-“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт таны салбартаа хийж байгаа, цаашид хийх шинэчлэлтэй санал ний­лэх­гүй гэдгээ илэрхийлж, халз мэтгэлцээнд урьсан. Та түүн­тэй хууль зүйн салбарын бодлого, шинэчлэлийн асууд­лаар мэтгэлцэх үү? 

-Мэтгэлцэе гэдгийг нь ойлгохгүй байна. Нийгэм бол чөлөөтэй мэтгэлцээний талбар. Миний дэвшүүлж буй бодлогуудад ажил хэрэгчээр хандан ийм учраас энэ нь болохгүй байна гэж ярих нь нээлттэй. Гэхдээ би нэг л зарчим барьж ажилладаг. Хууль зүйн салбарт хийх шинэчлэлийн бодлогыг олон судлаач боловсруулсан. Нийгэмд олон сонирхлын бүлэг байдаг учир тэдний саналыг мэдээж, оруулах нь зохистой. Харамсалтай нь, одоо болтол Х.Бат-Ялалт таны энэ бодлого ингээд буруу байна гэсэн ажил хэрэгч санал ирүүлээгүй. С.Ганбаатар, С.Баярцогт шиг мэтгэлцээн хийе гэсэн санал ирүүлсэн байгаа. Уучлаарай, би хэн нэгний шоуг дэмжихгүй. 

-Сүүлийн үед Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярыг гадаадад эмчлүүлэх тухай мэдээлэл түгэж байна. Ер нь, ял эдэлж байгаа хү­нийг гадаадад эмчлүүлэх боломжтой юу. Гадаадын улс орнуудад ийм тохиолдол гардаг болов уу?
-Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар ял эдэлж байгаа хүнийг улс дамнан эмчлэх боломжгүй. Гадаадын б­у­сад оронд хоригдлыг улс дам­нан эмчлүүлдэггүй. Үнэ­хээр хүнд өвчтэй байгаа бол хууль, журмын дагуу ялаас чө­лөөл­дөг. Ялаас чө­лөө­лөгдсөн то­хиолдолд иргэн хаана эмч­лүүлэх нь түүний эрхийн асуудал. 

-“Долдугаар сарын 1”-ний хэрэгт холбогдсон цагдаа нарын хэрэг юу болсон бэ?
-Энэ хэрэгт холбогдсон цагдаа нар эхэндээ тушаал гүйцэтгэсэн гэж мэдүүлж байс­наа сүүлдээ мэдүүлгээсээ буцсан. “Долдугаар сарын 1”-нд галт зэвсэг хэрэглэсэн цаг­даа нарын хэргийг одоогоор түдгэлзүүлж, хаасан байгаа. Тушаал биелүүлсэн бол тэр хүмүүс гэм буруугүй. Тиймээс тушаал өгсөн  нь хэн бэ гэсэн асуудал хөндөгдөөд цаг­даагийн байгууллагад ажил­лаж байсан дөрвөн дар­гыг гурван шатны шүүх гэм буруутай гэсэн шийдвэр гар­гаж, шийтгэсэн. Шийтгэл хү­лээл­гэх, шүүхийн хүчин төгөл­дөр шийдвэр гарсан нөх­цөлд тушаал биелүүлсэн гэдэг үндэслэлээр цагдаа на­рыг шалгах шаардлагагүй болчихож байгаа юм. Харин одоо цагдаагийн байгууллагын ал­ба хаагч галт зэвсэг хэрэг­лэх, тушаалтай холбоотой асууд­лыг яаж шийдвэрлэх вэ гэсэн асуудал хөндөгдөж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу шинээр цагдаагийн цагдаа гэж Дотоод хяналт, аюулгүй байдлын алба үүсгэж байгаа юм. Хууль сахиулах байгууллагуудад ийм алба бий болгоно. Тэд маш их эрх мэдэлтэй байдаг. Жаахан л илүү алхвал хүний эрхийг зөрчдөг. Тийм учраас ийм зөрчлийг нь хянадаг, мөрддөг, шалгадаг алба бий болгох юм. 

-Таныг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуягийн асуудлаар саяхан Хонконг явсан тухай мэдээлэл түгсэн. Энэ үнэн үү?

-Би Америк яваад ирсэн. Хонконг руу өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр явсан юм. Хонконгтой эрх зүйн харилцааны туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах, нөгөөтэйгүүр тодорхой хэргүүдэд дэмжлэг авахаар очсон. Тухайлбал, МИАТ-ийн хэрэг байна. 
Монголоос авлигын шуга­маар гарсан мөнгө Канад, Аме­рик, Австрали, Япон, Хонконг, Сингапур гэх мэт улс оронд үл хөдлөх хөрөнгө болсон байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгүүдийн мэдээллийг авч байгаа. Эдгээр үл хөдлөх хөрөнгийг Монгол Улс руу татах ямар боломж байна вэ гэдэг талаар гэрээ хэлцэл хийхээр болсон. Мэдээж, бусад улс оронд ч ийм туршлага байдаг. Хуулийн байгууллагууд нь хамтарч ажиллаад тодорхой хэргүүдийг илрүүлэх чиглэлээр хамтран ажилладаг. Ингэхийн тулд заавал Хууль зүйн сайд нь мэдээлэл солилцож, гэрээ байгуулдаг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд Америк руу явсан юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүүтэй, туслахтай холбоотой асуудлаар өнөөдөр /өчигдөр/ интерпол руу захиа бичиж байна. Мөн энэ чиглэлээр хэд хэдэн уулзалт хийсэн.

-Ямар утгатай захиа билээ?

-Бусад улс орны хувьд Хууль зүйн дэд сайд нь Ерөнхий прокурор байдаг. Прокурор нь Хууль зүйн яамандаа шууд харьяалагдана. Манай Хууль зүйн дэд сайд өмнө нь интерпол руу Н.Энхтуяа, Б.Тулга нарыг эрэн сурвалжлахаа зогсоох хүсэлт явуулсан учир тэнд Монголын прокуророос хүсэлт тавьсан гэсэн төөрөгдөл үүссэн. Тиймээс интерпол Монгол Улсын гэмт хэрэгтэй тэмцэх гол хуулийн байгууллагаас ийм хүсэлт ирсэн үү, үгүй юү гэдгийг надаас тодруулж асуусан л даа. Би үүнд хариу нь өгч байгаа юм. “Манайх бол Үндсэн хуулийн системийн хувьд бусад улсаас өөр. Прокурорын байгууллага нь Хууль зүйн яамнаас ангид байдаг. Энэ чиглэлийн хүсэлт Хууль зүйн сайдын эрх мэдлийн хүрээнд байгаа. Манай дэд сайдад тийм хүсэлт гаргах чиглэл өгөөгүй. Түүнд эрх мэдэл ч байхгүй. Тийм учраас интерполд очсон захидал төөрөгдөл байна. Ийм хүндрэл гаргасандаа хүлцэл өчиж байна. Бидний эхний хүсэлт шаардлага хэвээр байгаа. Манай дэд сайдтай холбоотой асуудлыг албан тушаалаа урвуулан ашигласан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэсэн тайлбарыг гадаадын эрх бүхий байгууллага руу бичээд сууж байна. 

-Иргэд Шүүх шин­жил­гээ­ний үндэсний хүрээ­лэнгийн шинжээч буруу дүг­нэлт гаргалаа, хэн нэг албан ту­шаалтны талд үйлчиллээ гэ­сэн гомдол их гаргадаг. Энэ байгууллагад ямар өөрч­лөлт, шинэчлэл хийх вэ?
-Шүүх шинжилгээний хүрээлэнг Мөрдөх болон Цагдаагийн алба руу шилжүүлнэ. Үйл ажиллагаанд нь Аюулгүй байдал, хяналтын алба хяналт тавьдаг болно. Хөндлөнгөөс прокурор хянана. Ингэснээр үйл ажиллагаа нь нэлээн сайжирна гэж үзэж байгаа. Хамгийн гол зүйл бол, стандарт тогтоох. Өнгөрсөн хугацаанд дүгнэлт гаргахдаа ямар ч стандарт мөрдөхгүй явж ирсэн. Тиймээс шинжээчид дураараа юм хийж, шинжилгээнийхээ хариуг яаж ч гаргаж болохоор харагдаж байгаа юм. Шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрвөл шүүхээр шинжээч томилдог шинэ системд нэвтрүүлнэ.

Б.Алтанцэцэг

No comments:

Post a Comment