Monday 11 March 2013

ММ агентлагийн захирал, сэтгүүлч С.Батзаяа: Нэг эмэгтэй саяхан намайг зэмлэсэн...

Үндэсний сэтгүүл зүй үүссэн түүхт 100 жилийн ойн баяр, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ удаагийн “Бидний бахархал” буландаа сэтгүүлзүйн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж, амжилттай яваа чадварлаг сэтгүүлч  бүсгүйг урьж оролцууллаа. Ингээд уншигч та  бүхэндээ ММ агентлагийн захирал, сэтгүүлч С.Батзаяатай хийсэн ярилцлагаа толилуулъя.

-Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэн түүхт 100 жилийн ойн мэндийг давхар хүргэж байна. Та сэтгүүлзүйн салбарт амжилттай яваа эмэгтэй сэтгүүлчдийн нэг. Чухам яагаад сэтгүүлч гэдэг мэргэжлийг сонгох болсон талаар яриагаа эхлэх үү?
Баярлалаа. Эхлээд телевизийн хөтлөгч болно гэж боддог байлаа. Уншиж сурсан цагаасаа л толины өмнө сууж байгаад сонины мэдээг чанга дуугаар уншдаг байсан. Сүүлд оюутан болчихоод хүртэл ванны өрөөг түгжиж байгаад толины өмнө нөгөө л мэдээ уншдаг хэвээрээ байсан. Яагаад ч юм жүжигчин хүн л телевизийн хөтлөгч болдог байх гэж бодоод 10-р анги төгсөх жилээ   СУИС-ийн кино драмд шалгалт өглөө. Тэр үед  манай аймагт ирсэн жүжигчний ангийн 2 хуваарь дээр 100 орчим хүүхэд өрсөлдөөд сүүлийн шатанд хамгийн өндөр оноотой хүүхдүүдийн нэг нь би байсан болохоор өөртөө итгэлтэй байлаа. Гэтэл тэнцээгүй. Сүүлд нь Ардын жүжигчин Гантөмөр гуай надад “Танай ээж аавын хүсэлтээр чамайг тэнцүүлээгүй юм шүү” гэж хэлсэн. Одоо би тэр хоёрын хүсэлт зөв байсанд талархдаг. Нэг их гялалзаад байсан юм байхгүй, аймгийн театрын жүжигчин хавьцаа л явж байх байсан биз /инээв/.  Тэгээд би ээжийнхээ “сонголтоор” Олон Улсын  Харилцааны дээд сургуулийн франц хэлний ангид орсон. Харилцаагаа төгсчихөөд, Францаас ирээд Дарханд  ээж аав дээрээ амрах маягтай байж байтал Дарханы телевизд “болж өгвөл бүх зүйлийг хийж чадах” универсал маркийн хүн хэрэгтэй байна гэдэг юм байна. Тэгээд  нөгөө мэдээ унших мөрөөдөл чинь амархан биелчих юм шиг санагдаад яваад очсон, нээрээ л амархан биелж би Дарханы RGB гэдэг анхны чөлөөт хувийн телевизд мэдээ уншдаг болсон доо.Орон нутгийн телевизийн нэг онцлог нь  цөөн хүнээр их ажил хийлгэдэг. Мэдээ унших бол ажлын маань нэг л хэсэг байлаа. Мэдээгээ өөрөө бэлдэнэ, хажуугаар нь орос хэлнээс кино, хүүхэлдэйн кино орчуулна, хөгжмийн нэвтрүүлэг хийж хөтөлнө. /хөөх одоо санасан чинь яаж амжуулдаг байсан юм бүү мэд/. Тэгээд хөдөөний сэтгүүлчийн ажилдаа “бүрэн” уусчихсан нэг хэсэг явлаа. Нэг удаа Дарханд тухайн үед Монгол телевизийн захирал байсан Энхбат гуай ирлээ. Тэр хүн намайг сэтгүүлзүйн жаахан онол үзчих, нэг жилийн сургалт нь 4 жилийн дээд боловсролтой тэнцэх хэмжээний барууны стандартаар явдаг сургалт байна гэсэн. Тэр нь Хэвлэлийн хүрээлэн л дээ.

 -Ажлын гараагаа хаанаас эхэлж байв даа? Дурсамжаасаа хуваалцахгүй юу? 
Бурханы ивээлээр гэх юм уу би яг сэтгүүлчийн хувиар ажлын гараагаа “Ийгл” телевизээс эхэлж байснаараа маш их бахархдаг.Намайг Хэвлэлийн хүрээлэнд сурч байхад “Ийгл”-ийн мэдээ сор нь байлаа. Нас нь балчир ардчиллын тууштай дуу хоолой нь байлаа. Хамгийн зоригтой, хамгийн хурдан шуурхай мэдээтэй байсан. Хүний эрхийг хамгаалах,  ардчиллыг бэхжүүлэх үйлсэд Ийглийн гүйцэтгэсэн үүрэг маш их гэж би боддог. За тэгээд мэдээж сэтгүүлзүйн оюутанд Ийглд дадлага хийх завшаан бол том боломж байсан хэрэг. Дадлагаа дуусахад ерөнхий редактор С.Наранбаатар намайг ирж ажиллаарай гэсэн. Тэгж л би “Ийгл”-ийн  “мэдээчин” болсон доо. С.Наранбаатар, Г.Уянга, Т.Алтаншагай нартай ажилласан. Бахархахаас аргагүй биз дээ, тийм багт ажиллах. Хэвшмэл үг хэллэгтэй, ухуулгын шинжтэй сэтгүүлзүйгээс тэс өөр, барууны хэв маягтай, задгай, тэгсэн хэрнээ юмыг яг зөв өнцгөөс хардаг тийм мэдээллийн хөтөлбөрийг тухайн цаг үед ганцхан Ийгл л үзүүлж чаддаг байсан гэж боддог.

-Сэтгүүлч мэргэжлийн хамгийн сайхан нь юунд байдаг юм бол? Харахад амархан юм шиг хэрнээ эмэгтэй хүний хувьд хүнд мэргэжил шүү дээ. Шантрах үе гарч байв уу?
Донтчихдог юм билээ /инээв/. Ажлаа хийхгүй нэг өдөр болоход л юу болж байгаа бол гэж бодогдоод, энэ өвчин шүү. Сэтгүүлчийн ажлыг би бусад мэргэжлээс илүү сайхан гээд байвал утгагүй, тийм биш. Харин тухайн хүн ямар үед мэргэжлээ хамгийн сайхан гэж хэлмээр байдаг вэ гэдэгт л байгаа юм. Хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ өгсөн л бол, үр дүн нь бусдад эерэгээр туссан л бол  тэр мэргэжил хамгийн сайхан санагдах нь зүйн хэрэг гэж би боддог. Өдөр болгон  өөр өөр хүнтэй уулзах, уулзсан хүн болгон өөр өөр ертөнц байх  үнэхээр сайхан. Хэцүү юм тулгарч байхад хэзээ ч больё гэж бодож байгаагүй. Дарамтална, заналхийлнэ, тэгснээ мөнгө амална, нүд хальтармаар зовлонтой зүйлтэй нүүр тулна, цаг наргүй хөдөө гадаа явна, хүүхдээ том болж байгааг ч анзаарах сөхөөгүй явдаг байсан гээд л хэцүү зүйл олон. Гэхдээ энэ бүхэн чинь шантрах шалтаг мөн үү?

-Монголын сэтгүүлчдийн ур чадвар, ёс зүйн талаар ямар бодолтой байдаг вэ? Хүндэлж явдаг эмэгтэй сэтгүүлчээ нэрлэхгүй юу?
Хоёрдугаар асуултаас нь эхэлчих үү? CNN-ийн Кристина Аманпур.Түүн шиг халуун цэгүүдээр явсан туршлагатай, дэлхийн бараг бүх анхаарал татдаг лидерүүдтэй ярилцсан, зүгээр ч нэг ярилцдаггүй, “хатгаад,өдөөд,ухаад” гүн гүнзгий рүү нь орж жинхэнэ мэргэжлийн ярилцлага хийдэг тийм сэтгүүлч л байхыг хүсдэг. Аманпур сэтгүүлч хүний хийх ёстой бүх ажлыг хийсэн. Би 2007 онд НҮБ-ын төв байранд К.Аманпуртай уулзах завшаан тохиолдсон. Тэгэхэд Ираны Ерөнхийлөгч Ахмаденижад хэвлэлийн хурал зарласан байлаа. Ахмаденижад ярьж дуусчихаад асуулт байна уу гэлээ. Олон хүн гар өргөсний дотор Аманпур байсан. Гэтэл түүнийг алгасаад л , өөр хүмүүсийн асуултыг аваад байв. Аманпур тэвчихээ байгаад босч зогсоод “Ноён Ахмаденижад би асууя л даа” гэхэд “Хатагтай Аманпур уучлаарай та өдөөн хатгасан асуулт асуухыг би мэдэж байна. Дараа уулзая” гэж билээ. Аманпур тэндээс их ууртай гарсан, шууд хаяад явчихсан. Тэгэнгүүт би дагаад л гүйчихлээ. Очоод мэндлээд уулзаж ярилцсан. Намайг Монголын сэтгүүлч  гэнгүүт нүд нь томроод, янз бүрийн зүйл асуулаа. Тэгээд амрахад сайхан газар гэсэн би ажлаа хийхгүй амармаар санагдвал  зүгээр яваад очмоор байгаа шүү гэж амласан.Дурсахад сайхан байна.
Монголын сэтгүүлчдийн ур чадварын тухайд бусад орны сэтгүүлчдээс дутаад байгаа юм алга.Гэхдээ манайхан хэл сайн сураасай гэж би боддог.Одоо бол тогоон дотроо өрсөлдөөн хийдэг цаг биш шүү дээ.  Би нэг телевизийн сэтгүүлчтэй, чи нэг сонины сэтгүүлчтэй өрсөлдөөд байх биш дэлхийн хэмжээнд , ядаж бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх тухай бодох ёстой цаг. Ер нь том мөрөөдөж байж дунд нь унадаг гэдэг биз дээ, Бооёогийн бүтээсэн дүрийн эмгэн Далай ламтай суухыг мөрөөддөг шиг /инээв/. Блүүмберг орж ирэхэд би үзэгчийн хувьд их баярласан. Тэндээс стандарт харагддаг. Мөнгөөр телевиз хийж болно, гэхдээ хүмүүс нь дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чадавхитай байх ёстой.
Ёс зүйтэй. Их урт юм яриад хэрэггүй биз дээ. Харамсалтай нь сэтгүүлчийн ажлыг цагдаагаас давсан эрх мэдэл бүхий дархлагдсан ажил гэж ойлгоод тэрийгээ эфирээр бүдүүлгээр үзүүлчихэж байгаа телевизүүд байна. Хүний хувийн өмч рүү дайрах гэж оролдоод бүтэхгүй болохоор бүдүүлгээр “хашгичиж” байна. Сэтгүүлчид бусдаас давсан эрх мэдэл байхгүй шүү дээ. Энэ бол яг л багш, эмч гэдэг шиг мэргэжил юм. Сэтгүүлч бол бусдын мэдэх эрхийн төлөө ажиллаж байгаа мэргэжил. Цагдаа биш, шүүгч биш, биеэ үнэлэгч бүр ч биш. Тодорхой цаг хугацааны дараа цэгцрэх биз ээ.
-ММ агентлагийг хүмүүс засгийн газрын дуу хоолой болж ажилладаг гэлцдэг. Та захирлын хувьд ямар нэгэн дарамт шахалттай учирдаг уу?
Та хэзээний үеийн дүгнэлтийг асууж байна? Манайх чинь 2005 онд хуультай болсон. Олон нийтийн радио телевизийн тухай хууль бол бидний урдаа барьж ажилладаг “том хамгаалалт”. Тэр хуулинд биднийг аль ч засаг төр, улс төрийн нам хүчин, сонирхлын бүлгүүд дарамтлах боломжгүйгээр  тодорхой заалтууд бий. Би 2004-2006 онд ММ агентлагт сэтгүүлчээр ажиллаж байсан. Харин одоо захирлаар ажиллаад удаагүй байна. Тийм дарамт шахалт мэдэгдэхгүй , амар л байна. 

-Сэтгүүлчдийн цалин хангамж бусад орныхтой харьцуулахад ямар байдаг вэ? Ер нь Монголын сэтгүүлзүй ямар түвшинд байна вэ?
Цалин хангамж бол харьцангүй ойлголт. Мэдээж яаж бусад орныхтой харьцуулах вэ дээ. Гэхдээ өчүүхэн амлалтын өмнө сөхрөхгүй ажиллах боломж манай сэтгүүлчдэд бий гэж би боддог. Улс төрийн зорилгоор нэг телевиз байгуулчихаад тэрийгээ үлгэн салган ажиллуулж байдаг хүмүүс олон бий. Тэнд цалин нь хүрэлцдэггүй байх нь зүйн хэрэг.
Монголын сэтгүүлзүйн түвшин гэдгийг юугаар хэмжих вэ гэдэг нь өөрөө бас нэг асуулт. Хэдэн телевиз, сонин ажиллаж байгаагаар нь юм уу, хэдэн сэтгүүлч төгсгөж байгаагаар нь юм уу, эсвэл хэвлэлийн нэгж байгууллагын нийгэмд гүйцэтгэж байгаа үүргээр нь юм уу, тэрийг яаж гаргахын гээд л асуулт их л дээ. Тооны олон,  чанарт нөлөөлөхгүй гэдэг нь одоо байгаа байдлаас харагддаг. Мэргэжлийн сэтгүүлзүйн орон зай байсаар л байна шүү дээ. Нийгмээсээ “чирэгдээд” яваад байна гэдэг шүүмжлэл бид сонсдог. Үүнийг эсэргүүцэх арга байхгүй, үзэгч сонсогчид тэгж дүгнэж байгаа бол бид өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй.
 -Сэтгүүлч гэдэг эрэл хайгуул хийж явж байж л хоолоо олж иддэг. Энэ бүхэнд гэр бүл их нөлөөлдөг юм шиг санагддаг. Олон эмэгтэй сэтгүүлчид маань өрх толгойлж амьдардаг нь нууц биш. Энэ бүхэн үл ойлголцлоос болдог юм болов уу?
Олон  эмэгтэй сэтгүүлчид өрх толгойлдог гэдэг тоо судалгаа байгаа юм уу? Сайн мэдэхгүй л байна. Бас бусдын өмнөөс хариулмааргүй байна. Гэр бүл ажлын амжилтад эерэгээр нөлөөлдөг нь зүйн хэрэг, бараг үндсэн үзүүлэлт байх. Гэтэл бас сөргөөр нөлөөлөөд байвал хүн өөрөө сонгох л асуудал. Энэ бол нийтлэг биш нэг хоёр хүний л асуудал байх аа.
-Амжилттай яваа хүн ажилдаа анхаарлаа хандуулаад гэр бүлээ хойш тавьдаг юм шиг ээ. Та гэр бүлдээ хэр их цаг гаргадаг вэ? Өөрийгөө хэр сайн ээж гэж бодож байна?
Муу ээж гэж мэдээд асуучихлаа даа. /инээв/. Зөнгөөрөө л өсч байх шиг байна миний охин. Надад байнга тусалж байдаг ар гэрийхэн маань байхгүй бол ч би хэцүүдсээн.

-Таныг хүмүүс “Болзоо” нэвтрүүлгээр тань илүү мэддэг. Нууц биш бол таныг олны танил хүмүүс болзоонд урьдаг уу? Та хэрхэн хүлээж авдаг вэ?
Урина шүү дээ. Би өөрөө болзоонд зөндөө хүн урьсан хүн, юу гэж татгалзахав. Ихэнхдээ санал солилцсон, харилцан зөвлөгөө хүссэн ажлын юм шиг болзоонд л явж байна даа.

-Хавар болж байна. Дагаад бас хайр ирж байна гэж ярьдаг шүү дээ. Хайрын үнэ цэнэ юунд оршдог гэж боддог вэ?
Хайрын тухай хамгийн гоё дүгнэлтүүдийг энэ ертөнцийн бүх цаг үеийн бүх хүн төрөлхтөн хэлчихсэн юм шүү дээ, минийх тэрнээс зөрнө гэж байхгүй. Эмэгтэй хүн хайрлаад л , дурлаад л  явах ёстой юм биш үү. Сэтгүүлч Б.Ганчимэг эгч надад “Залуу байгаа дээрээ дурсамжийн богцоо дүүргэж ав. Насны эцэст тэрийгээ “идэж” сэтгэлээ тэжээж амьдарна” гэж хэлсэн юм. Дурлаж, хайрлахаас  бүү татгалз л гэсэн  үг.

-Та жинхэнэ Монгол эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
Нээх олон сайхан шинж хэлмээр байна л даа. Яасан “шуналтай” хүсэл вэ гэх байх. Гэхдээ тэр сайхан шинжүүд нэг хүнд  бүгд цогцолно гэж юу л бол. Харин нэгээс хоёр нь л эрчүүдэд байхад хангалттай. Ноён нуруутай, уужуу тайван, итгэлтэй  гэдэг ч юм уу.

-Тэгвэл сайхан эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх бол?
Дөлгөөхөн харцтай эмэгтэй болгон сайхан харагддаг.

 -Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Та баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?
Баярыг төлөвлөж үзээгүй. Сэтгүүлчид тийм болчихдог байх аа. Хэдэн ч наадам, хэдэн ч цагаан сараар ажлаа хийж явсан юм бүү мэд.

-Таны хувьд хэзээ хамгийн гоё бэлэг авч байсан бэ?
Энэ бэлэг шүү гээд өгч байгаа юм болгон гоё. Өгч байгаа зүйлийнхээ том жижиг,үнэтэй хямдхандаа биш  бэлэг гэдэг үгэндээ ид шид нь байдаг байх аа.

-Эмэгтэйчүүдийн талаар эмзэглэж явдаг зүйл байдаг уу?
Байна аа. Танилцах зараар гадагшаа явчихсан, тэгээд жаргаад байгаа юм байхгүй, заранд хууртагдаад хүний наймааны золиос болсон тухай тохиолдол болгоныг мэдэх тоолонд харамсдаг. Хар тамхины тээвэрлэгч нарыг харахад л ихэнх нь эмэгтэйчүүд байна. Амьдралыг ямар амар хялбараар төсөөлдөг болчихсон юм бэ.

-Та  идэвхтэй жиргээчдийн нэг. Твитер таны үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг индэр мөн үү?
Мөн. Хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тэр тухай хэлэлцүүлэг өрнүүлж, шүүмжилж, сайшааж болж байна. Сэтгүүлч бол телевизийн эфирээр олон нийтийн өмнөөс ярьдаг. Харин жиргээнд би “Хувь хүн” болчихож байгаа юм. Гэхдээ жиргээн дэх зарим хувь хүмүүсийн замбараагүй, хариуцлагагүй, ёсзүйгүй байдлыг би таашаадаггүй. Олон хүний итгэл үнэмшил дагалдаж байдаг учраас жиргээгээр аль болох сайн мэдээ нэгэндээ түгээж, сайн үйл эхлүүлж байвал сайхан. Нэг эмэгтэй саяхан намайг зэмлэсэн, олны танил хүн байж жиргээгээр хамаагүй асуудал ярилаа гээд. Тэр нь зүгээр л нэг хүнийг харсан миний анхны сэтгэгдлийн тухай байсан. Байж болох зүйл биз дээ? Жиргээнд нас хүйс, албан тушаал, гарал үүсэл огт хамаагүй гэж би боддог шүү.

-Хэдэн дагагчтай вэ?
5482 байна. Би харьцангүй сүүлд орж ирсэн.

-Одоо цахим ертөнцөөр хүссэн хүнтэйгээ хэзээ ч хамаагүй санал бодлоо солилцдог болжээ. Зарим завгүй хүмүүс ажлаа ч амжуулдаг болсон байна. Энэ талаар та ямар бодолтой байна?
Гайхамшигтай биш гэж үү? Цахим ертөнц хүмүүсийг техникжүүлж байна гэдэг дүгнэлт өрөөсгөл. Цахим ертөнц бол нийгэмд өөрийгөө илэрхийлж чадахгүй, найз нөхөдгүй, доромжлогдсон хөөрхийсийн орчин гэдэг дүгнэлтийг саяхан нэг нэвтрүүлгээр сонсоод гайхсан. Утгагүй дүгнэлт.  Харин ч бидэнд илүү боломж олгож, биднийг илүү нээлттэй болгож байгаа юм.  Бид хэзээ ч Ерөнхийлөгчийн албан мэдээнээс түүнийг хүүхдүүдээ дагуулаад мод тарихаар явлаа гэдгийг, эсвэл дугуй унаад нинжа болж талбай дээр “сахилгагүйтлээ” гэдгийг мэдэж чадахгүй шүү дээ. Их Хурлын дарга загасаар янзтай гоё хуушуур хийгээд хүмүүсийг дайллаа гэвэл гоё байгаа биз дээ? Их хурлын албан мэдээ тийм юм хэлэхгүй.  Жирийн л нэг жиргээч хөгжлийн талаар шүүрээд авмаар гоё  санаа хэлчихэж байгаа юм.  Пи Ар гэх гээд байдаг хүмүүс мэр сэр бий. Харин би бол эсрэгээрээ биднийг  улам илүү ойртуулж, ойлголцуулж байна даа л гэж хүлээж авдаг. Бас нийгэм аливаа асуудлын талаар ямархуу яриатай байна вэ гэдгийг мэдэхэд жиргээ тустай.
-Сэтгүүлч хүний хувьд юу хийж бүтээх юмсан гэж мөрөөддөг вэ?
Нэг мөрөөдөл байна аа. Нээх том мөрөөдөл. Хэлэхгүй байя тэгэх үү?

-ММ агентлагийнхан 100 жилийн ойгоо ажлын их амжилтаар угтаж байгаа байх? Баяраа яаж тэмдэглэх гэж байна даа?
Мэдээндээ л гүйх байх даа. Сэтгүүлзүйн 100 жилийн ойн  талаар, бусдын амжилтын талаар сайхан мэдээ бэлтгэх байх. Бүх сэтгүүлчдэд Монголд сэтгүүлзүйн салбар үүсэн бий болсны 100 жилийн ойн мэнд хүргэе. Ардчилсан, чөлөөт сэтгүүлзүйн төлөө үнэнч зүтгэсэн сэтгүүлзүйн тод одууд болох Ц.Балдорж, А.Авирмэд, С.Наранбаатар нарт мэхийн ёсольё.

-Цаашид хийхээр төлөвлөөд байгаа томоохон ажлаасаа сонирхуулвал?
Бид ММ агентлагийг Иргэний дуу хоолой болгох, иргэний сэтгүүлзүйд хувь нэмрээ оруулах тал руу түлхүү анхаарч 2013 оны төлөвлөгөөг хийсэн. Ардчилал, шударга ёсыг тогтоох, байгаль орчныг хамгаалах, иргэний оролцоог дэмжихэд бидний оролцоо их байх ёстой. 2014 онд тоон технологид шилжихтэй холбоотой техникийн бүрэн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. 2013 онд дуусгана гэж тооцож байгаа.

Ярилцсан: Ц.Баянбилэг
Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин

No comments:

Post a Comment