УИХ-ын дарга З.Энхболдын Канад Улсад хийж буй албан ёсны ажлын айлчлал энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тэрбээр гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Канадын нийслэл Оттава хотод ажиллалаа. УИХ-ын дарга З.Энхболдоос айлчлалын хүрээнд яригдсан асуудлууд хийгээд гарах үр дүнгийн талаар тодрууллаа.
-Манай улсын сайд, дарга нар Канад Улсад айлчлахдаа манайд оч, үз, тэгээд хөрөнгө оруулалт хийгээч гэж гуйж урьсан саналуудыг тавьдаг байсан. Харин та Канад Улсад ажиллаж албан тушаалтнуудтай уулзахдаа зарчим ярьж байна. Тэгэхээр хоёр орны харилцаа цаашид ямар шугамаар явна гэсэн үг вэ?
-Манай дотоодод ихээхэн асуудал байна. Гадны улсууд ирээд бидний асуудлыг шийдэж өгөхгүй. Гэхдээ гадны орнуудын хөрөнгө оруулалт, технологийг татахгүйгээр манай баялаг газар доороо л үлдэнэ. Тиймээс Монгол Улс, гадаад орнуудын аль алинд нь уул уурхайн салбарыг ашиглавал өгөөжтэй байгаа юм. Харин Оюутолгой шиг том төсөл дээр ижилхэн ажил, ижилхэн цалин гэсэн зарчмаар явах ёстой. Хуулийн дагуу ийм шаардлага тавигдана. Үүнийг хөрөнгө оруулагчид биелүүлэх үүрэгтэй. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулдаг Канадын компаниудын төлөөлөлтэй сая уулзаж ярилцлаа. Энэ үеэр монгол талын ажилчдын цалин өндөр, гадаадын ажилчидтай ижил байх ёстой гэдэг асуудал яригдсан. Татварын орлогоос гадна ийм асуудлыг Засгийн газар хянаж байх болно гэдгийг ч хэлсэн. Сентериа гоулд компанийнхан л гэхэд урт нэртэй хууль гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Экологийн асуудлыг хуулиар зохицуулахаас өөр арга байгаагүй гэж. Гэхдээ урт нэртэй хуулийг гаргахдаа экологийг сүйтгэдэггүй байхаар заасан ч үндсэн ордыг бас давхар хамгаалчихаад байгаа юм. Үндсэн ордыг ашиглахдаа бага талбай дээр ажиллаж экологид хал балгүйгээр ашиглах боломжтой бол нөгөөх нь хэдэн мянган га-гаар нь устгадаг ялгаатай. Тэгэхээр бид хөрөнгө оруулагчдад найр тавьж урихаас гадна байгаа бүх асуудлаа илэн далангүй ярьж, дараа нь үл ойлголцол гарахааргүй хийх ёстой.
Ер нь зарчмын асуудлыг зөвхөн уул уурхайн салбарынханд нь зориулж хэлсэнгүй. Манайд хөрөнгө оруулсан байгаа бусад компаниудын төлөөллүүдэд ч хэллээ.
-Канадын талынхан манай улсын хууль, эрх зүйн орчинг бүдэг байна гэсэн асуудлыг хөндөж байсан. Бид одоо яах ёстой вэ? Мөн хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүс Ашигт малтмалын тухай хууль гаргахыг хүлээж байгаа гэсэн?
-Урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барих байх. Хуульд оруулах хоёр гол өөрчлөлт нь хөрөнгө оруулалтын итгэлийг авчрах байх.
-Энэ парламент үлдсэн бүрэн эрхийнхээ хугацаанд уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчинг хэрхэн өөрчлөх вэ?
-Хууль, эрх зүйн орчинг нь тодорхой болгохгүй бол болохгүй юм байна. Сонгуулиас өмнөх болоод сонгуулийн дараах гурван сарын үйл явдлууд гадныхныг харзнасан байдалд хүргэчихэж. Гадаадын хөрөнгө оруулалт мэдэгдэхүйц буурсан байна. Алдсанаа нөхөхийн тулд хуулийн зохих өөрчлөлт шаардлагатай юм байна гэдгийг Засийн газар ойлгож байгаа юм билээ.
-Канад Улсаас Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөлтэй уулзахад агаарын тээвэр, тарифын талаар хөндөгдсөн. Манайх тодорхой бодлого, журмаар энэ асуудлыг зохицуулж болохгүй юу?
-Манай улсын нислэгийн тариф өндөр байгаа. Дэлхийн хамгийн үнэтэй шатахуун хэрэглэдгээс эхлээд л бүх зүйл нь буруу явчихсан. Энэ бүхнийг салбарын сайд нь засах гэж оролдож байгаа юм билээ. Манай улсын зам харилцаа муу учраас нислэгээр очих олон цэг байдаг. Тиймээс энэ бүхнийг засч сайжруулахаас өөр арга байхгүй.
Уулзалтад оролцсон компани Боинг шиг том онгоц үйлдвэрлэдэггүй гэсэн. Бага шатахуун хэрэглэдэг, бага оврын онгоц үйлдвэрлэдэг юм байна. Ийм онгоцоор Шанхай, Бээжин гэх мэтээр ойр цэгүүд рүү нислэг үйлдэж болох байх. Тэгэхээр бид ойрын, дунд зайны нислэгүүдээ эргэж харах ёстой байх. Ийм тохиолдолд Канадын Экспортыг дэмжих агентлагийн санхүүжилт олдох боломжтойг ярилцлаа.
-Канадын Экспортыг хөгжүүлэх агентлагийн удирдлагуудтай Та уулзсан. Яг ийм байгууллага манай улсад байвал үр дүнтэй ажиллах магадлалтай юм шиг санагдлаа?
-Ийм зүйлийг байгуулахаар яригдаж байгаа. Тэр нь АНУ-ынх шиг байх уу, Германых шиг даатгалын агентлаг хэлбэрээр байх уу, эсвэл зөвлөгөө өгдөг байх уу гэдгийг шийдэх гэж байна. Бидэнтэй уулзсан Канадын Экспортыг хөгжүүлэх агентлаг дээрх гурван утгыг өөртөө агуулсан байдаг. Бүр 40 хэдэн жилийн түүхтэй бөгөөд суралцмаар зүйлүүд их байна.
Бид өнөөдөр уул уурхайг л яриад байдаг. Бусад салбарыг Канадын жишгээр анхнаас нь дэмжихгүй бол хөл дээрээ босохгүй. Жишээлбэл, ноолуурын салбар байна. Бид ноолуураараа дэлхийд хоёрт ордог байж, ноолууран бүтээгдэхүүнээрээ хоёрт орж чадахгүй байна. Тэгэхээр ноолууран бүтээгдэхүүн гадагш нь гаргах гэрээ хийчихсэн компаниуддаа боломж олгож, тухайн улстай нь тохирч байх хэрэгтэй. Япон Улстай “Танай камацу брэндийг чинь авлаа, одоо та нар манайхаас 500 мянган свитер авна шүү” гэх мэтээр бизнесийн орчинг нь нээх шаардлага байгаа.
-Канад, Монголын эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж, бусад салбарууд орхигдсон байдаг юм байна. Хоёр орны хооронд өөр салбарт хамтран ажиллах асуудлууд яригдав уу?
-Япон, Америктай манай орон улс төрийн сайн харилцаатай. Харин бусад салбар нь болж өгөхгүй байна. Тэгэхээр бусад оронтой ярьж байгаа асуудлыг Канадуудтай ярьж болохгүй байгаа юм. Канад орны хувьд эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын харилцаа сайн хөгжөөд виз, боловсрол гээд бусад салбар нь хөгжөөгүй байна. Тухайлахад, Канадад манай 50 гаруйхан оюутан сурч байгаа бол АНУ-д таван мянган оюутан сурч байх жишээтэй. Тэгэхээр энэ асуудлыг цэгцэлж, хоёр орны хоорондын визний асуудал хөнгөвчлөх хэрэгтэй байна. Ингэснээр оюутан олноороо ирэх, соёлын харилцааг хөгжүүлэх, байгаль экологид ч хамтран ажиллах боломж нээгдэнэ. Зөвхөн уул уурхай яриад байлгүй хүмүүс хоорондын харилцаагаа өргөжүүлъе, үүний угтал болгож визээ хөнгөвчлөөч ээ гэж байгаа. Холбогдох албан тушаалтнууд нь ч хөнгөрүүлье гэдгээ хэлсэн.
Л.МӨНХТӨР
“Өдрийн сонин”. 2013.03.29.№082
“Өдрийн сонин”. 2013.03.29.№082
No comments:
Post a Comment