Wednesday, 20 March 2013

Н.Алтанхуяг: Өнгөрсөнтэйгөө зууралдаад байвал урагшаа харж ажил хийж болдоггүй

Дорноговь аймгийн төв Сайншанд хот, Замын-Үүдийн  эдийн засгийн чөлөөт бүсийн ажил байдалтай газар дээр нь танилцаж,  дөрөв хоног ажилласан Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сэтгүүлчид болон  иргэдийн асуултад хариулсан яриаг тоймлон  хүргэж байна.
 
-Та Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэ удаагийн ажлын айлчлалдаа ихээхэн ач холбогдол өгч, шийдвэр гаргах түвшний олон сайд, дарга нарыг  дагуулж   яваа зорилгоо  товчхон тайлбарлахгүй юу?
-ХХI зууны Монгол Улсын хөгжлийн тулгуур бүс болох Дорноговь аймгийн Сайншанд хот, эх орны  маань зүүн өмнөд хаалга Замын-Үүд сумын хөгжил дэвшил, тэнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажилд шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний хувьд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Тийм ч учраас энэ удаагийн  “Шинэчилж шийдье-222” албан томилолтын  бүрэлдэхүүнд ЗГХЭГ-ийн дарга, Эдийн засгийн хөгжлийн сайд, Барилга хот байгуулалтын дэд сайд, ГЕГ-ын дарга, Улаанбаатар төмөр замын дарга, зарим агент­лагийн дарга нар гээд өргөн бүрэл­дэхүүнтэй хүрэлцэн ирлээ.
Энэ олон дарга нарыг энд авч ирсэн учир нь олон жил шийдэж чадахгүй ужгирч, хөдөлж цөхөөд байгаа  асуудлуудыг шийдэх л зорилготой. Эхнээс нь шийдээд ч явж байна. Урьд өмнөх шиг баахан худлаа ярьж, ямар ч асуудал шийдсэн юм байхгүй “дашийн шог” болоод мартдаг засаг биш гэдгийг хэлье.

-Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн ажил өмнөх Зас­гийн газрын үед эхэлсэн. Тэр үед энэ аж­лыг та хариуцаж байсан санагдана?

-Хоёр жилийн өмнө Тэргүүн шадар сайд байхдаа Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн  асууд­лыг хариуцаж байсан. Эдийн зас­гийн чөлөөт бүс, Замын-Үүд сум хоёрт БНХАУ-аас олгосон зээ­­лээс 50 сая ам.долларыг нь зар­цуулъя гэж шийдсэн. Үүн дээр Монгол Улсын Засгийн газраас олгосон мөнгийг тооцохоор бараг 60 сая ам. доллар болж байгаа юм. Энэ нь монгол мөнгөөр 80 тэрбум төгрөг гэсэн үг. Эхний ажлууд хийгдсэн.
Гэхдээ засаж залруулах, сайжруулах, зарим албан ту­шаал­тан, ажил хариуцсан дарга нартай хариуцлага тооцох ч ёстой асуудлууд бий. Гэхдээ би өнөөдөр хойшоо харж ярихгүй. Урагшаа харж, өмнөх ажлаа түргэвчлэх, хариуцлага сахилгатай байж энэ чухал том ажлын ард гарах тухай ярина.

-Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс, Замын-Үүд суманд хамгийн эхлээд шийдэх ёстой ямар хүндрэл бэрхшээл байна. Одоогоор бүтээн байгуулалтын  ямар  ажлууд эхлээд байна?

-Замын-Үүд суманд яаралтай шийдэх ёстой, олон жил хуримт­лагдсан бэрхшээл зовлон их бий. Хамгийн түрүүнд дэд бүтцийн асуудлыг ярих ёстой.
Цэвэр, бохир ус, дулаан хан­гамж, найдвартай цахилгааны эх үүсвэр өнөөдрийг хүртэл ший­дэгдээгүй. Шинэчлэлийн Засгийн газар нэн тэргүүнд эдгээр асуудлыг шийднэ.
Энүүхэн хойно дулааны ца­хилгаан станц  барьж байна. Энэ намар гэхэд станцын барилга ба­риг­даж дуусна. Өвөл нь тоног тө­хөөрөмжүүдээ суурилуулна. 2014 оны яг өдийд ашиглалтад ороход бэлэн болсон байна. Тэгээд тохируулга, бас бус ажлууд хийгд­сээр дараа жилийн намар дулааны цахилгаан станц ажиллаад эхэлнэ. Шугам хоолойнууд солиг­дох ажил ид хийгдэж байна. Ин­гээд эхний ээлжинд Замын-Үүд сум нэгдсэн халаалтад холбогдоно.
Хоёрдугаар том асуудал бол Замын-Үүдийн цэвэр усны тухай юм. Энэ талаар амтай болгон нь ярьсаар, одоо улиг, домог бол­сон гэхэд болно. Замын-Үүдийн ха­т­уулаг ихтэй уснаас болоод өвч­лөл их байгаа талаар хангалттай олон жил ярьсан. Хүний хамгийн чухал хэрэглээ болсон цэвэр усны асуудлыг бид  тодорхой түвшинд шийднэ.
“Сэвхүүлийн  тойром”  гэдэг газар  гурван худаг гаргасан.  Тэндээ­сээ нааш нь 13 км хоолой татаж  усаа авч ирнэ. Энүүхэн хажууд  ус цэ­вэр­лэх том байгууламж барьж байна. Ус цэвэрлэх  байгууламжаа  энэ намар ашиглалтад оруулна. Цаашдаа Замын-Үүд сумынхан хатуулаг ихтэй усны зовлонгоос анги­жирна. Нэгдсэн системээр  цэн­­гэг усаар найдвартай хангагдах ажил одоо ид хийгдэж байна.
За гуравдахь асуудал бол бо­хирын шугамын ажил байгаа. Замын-Үүд сумын нэгдсэн цэвэрлэх байгууламжийн санхүүжилтийг шийдэж барилга, байгууламжийн ажил бас л ид өрнөж байгаа. Замын-Үүд сумын цэвэрлэх бай­гуулам­жийн хувьд нэлээн орчин үеийн дэвшилтэт технологиор хийгдэж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.
Эцэст нь Замын-Үүдийн эдийн засгийн  чөлөөт бүсэд эхний ээл­жинд 14 км авто замын ажил хийгдэхээс далангийн ажил дуус­сан. Хайрган хучилтын ажил дуу­сах шатандаа явж байна.

-Замын-Үүд суманд төсөв­лөгд­сөн 60 сая ам. доллараар зөвхөн эдгээр ажлууд хийгдэх нь гэж ойлгож болох уу?

-Энэ бол маш их мөнгө. Өөр ч ажлууд хийгдэнэ. Та бид  хамтдаа сая энүүхэн хажууд бариад хая­чихсан том хоосон хашаа харсан. Нэг тэрбум төгрөгөөр барьсан энэ том хашаа зарим газраа нураад унасан байгааг ч харсан л байх. Тэр хоосон хашаан дотор бас л нэг тэрбум төгрөгөөр боссон өнчин ганцхан байшин байгаа. Тэр чинь нөгөө алдарт чөлөөт бүсийн за­хиргаа шүү дээ.
 Одоо бол энэ том ха­шааны гурваны нэгд нь ми­ний саяны ярьсан дэд бүтцийн ажлууд орж ирээд хийгдэж байна. Гэхдээ тун удахгүй чөлөөт бүсийн энэ том хашаа 100 хувь халуун дулаан, цэвэр бохирын систем, гэрэл цахилгаанаар хангагдана. Дотор нь хатуу хучилттай сайн чанарын засмал  зам тавигдана. Дэд бүтцийг нь шийдчихээр дотор нь баригдах байшин сав, бусад асуудал аяндаа зохицуулагдаад явчихна. Хугацааны хувьд 2014 оны дөрөвдүгээр улирал гэхэд бүгд шийдэгдэж, ашиглалтад орсон  бай­хаар одооноос ажил  тун шаргуу тооцоотой  эхлээд явж байна.

-Жил хагасын дараа гэ­хэд Замын-Үүд сумынхан Улаан­баатарын иргэд шиг тав тухтай амьд­­ралын нөх­цө­лөөр хангагдах  юм байна  гэж ойлгож болох уу?

-Тийм нөхцөл бүрэлдэх хө­рөнгө санхүүгийн асуудлыг бү­рэн шийдээд өглөө. Одоо шат шатны ажил хариуцсан хүмүүсийн идэвх санаачилга, овсгоо самбаа, хам­гийн гол нь төр түмэндээ хоёргүй сэтгэлээр зүтгэх чин зоригоос  бүх зүйл шалтгаална. Манай Ч.Сайхан­билэг, Н.Батбаяр сайд нар энэ ажилд гар нийлэн үнэхээр сэтгэл гарган ажиллаж байгааг хэлье.Дээр нь бас нэг зүйлийг хатуухан хэлэхэд хөрөнгө санхүүг нь 100 хувь шийдэж өгөөд байхад ажил цалгардуулах, улсын хөрөнгө мөн­гөнд шунахай сэтгэлээр хан­даж идэж, шамшигдуулах асуудал гар­гавал тийм хүмүүстэй хатуухан ха­риуцлага яригдах болно гэдгийг хаана, хаанаа сайн ойлгох хэ­рэгтэй.

-Замын-Үүдээс есхөн км-ийн цаана харагдаж байгаа Эрээн хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, өнгө зүс нь сайжраад л байх юм. Дэд бүтцийг нь шийдээд өгвөл  Замын-Үүд ногоорч, элсний нүүдэл багасна гэж та үзэж байна уу?

-Тэр бол зөвхөн Замын-Үүдийн иргэд, энд ажиллаж, амьдарч бай­гаа Монгол хүн бүрийн хүчин зүтгэлээс шалтгаална. Амьдралаа сайжруулж,  тав тухтай орчинд амь­даръя гэж бодож л байвал нэн түрүүнд мод тарьж, түүнийгээ арчлан тордоцгоох ёстой. Одоо бүх юмыг төр засгаас нэхэж, шаардаж амьдардаг залхуу, хувиа хичээсэн явцгүй зангаасаа салах цаг болсон. Бид сая нэг компанийн барьж байгаа 120 айлын орон сууцны барилгыг үзээд ирлээ. Хажуу талд нь томоохон зочид буудал ч барьж байгаа юм билээ.
Тэд баахан  зовлон тоо­чиж бай­на. “Одоо яана аа, та нарын барьж байгаа дэд бүтцийн бай­гуу­ламжууд ашиглалтад ороход жил гаруйн хугацаа байгаа юм байна. Харин бид нар цэвэр усны худаг гаргаж, бохирын шугам татаж, баахан зардал гаргасан” гэж байна. Ашиг олох гэж л байгаа бол тэр зэргийн зардал гарч л таарна. Энэ бол зовлон биш.
Түүний оронд  тэдэн га газарт мод тарьж, ногооруулах гэсэн чинь усны асуудал тийм, ийм байна, энийг яаж шийдэх вэ гэж асуудал хөндсөн юм ярьж зовлон тоочдог болмоор байна. Ер нь Монгол хүн сэтгэхүйгээ үндсээр нь өөрчлөхийг энэ цаг үе, бидний амьдарч байгаа нийгэм шаардаж байгаа гэдгийг хүн бүр бодох хэрэгтэй.

-Өнөөдөр Замын-Үүд сумын үндсэн иргэдийн тоо 15 мянга хол давсан гэж байна. Үүн дээр түр оршин суугч, явуулын иргэдийг нэмбэл ойролцоогоор 30-аад мян­ган хүнтэй болжээ. Ирээдүйд хүн амынх нь тоо тасралтгүй өсөх нь тодорхой. Энэ талаар Засгийн газрын тэргүүний хувьд ямар бодолтой явна?

-Засгийн газраас энэ онд За­мын-Үүд хотыг хөгжүүлэхийн тулд 15 тэрбум  төгрөг хуваарилсан бай­гаа. Энэ мөнгөөр юу хийх вэ гэдгийг бид шийдэхгүй. Замын-Үүдийн засаг дарга М.Баянмөнх, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хоёр ч энэ асуудлыг шийдэж чадахгүй. Үүнийг  зөв­хөн Замын-Үүдийн ир­гэд л шийдэх учиртай. Энэ асууд­лыг дээд зэргийн ардчилсан байд­лаар шийдэх ёстой.
Бид өчигдөр шөнө хагаслан Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Замын-Үүдийн Засаг дарга М.Баянмөнх, эмнэлэг, сургууль, төмөр зам гээд бүх л газруудын удирдлагуудтай  урьдчилан  санал сонсох байдлаар ярилцсан. Олон чухал санал, санаачилгууд яригдсан.
Эхний ээлжинд Замын-Үүдэд 100 хүн хэвтэж эмчлүүлэх бо­ломжтой, орчин үеийн оношил­гооны  төхөөрөмжөөр сайтар то­ног­­­­логдсон эмнэлэг барья гэдэг дээр үндсэндээ санал нэгдсэн. Хоёр­­­­­дугаарт, шинэ  сургуулийн ба­рилгыг  яаралтай босгоё гэдэг санал яригдсан. Замын-Үүдэд дөр­вөн жил баригдаад  дуусдаггүй нэг алдартай цэцэрлэг байгаа.
Сургуулийн барилга нь ч бас л бүтэлгүй тал руугаа  яригдаад байдаг юм билээ. Яагаад дуусдаггүй барилга вэ гэхээр “Хотын нэг нөхөр ирж санхүүжилтийг нь бүрэн аваад алга болчихсон” гэж яриад л сууж байх юм.
Дарга нар минь, ингэж ажил хариуцвал бидний зам нэг их удаан нийлэхгүй шүү. Өнгөрсөнтэйгөө их зууралдаад байхаар  урагшаа харж, ажил хийж болдоггүй юм байна лээ.  Гэхдээ иймэрхүү ха­риуц­­­лагагүй байдалтай хатуухан ярихаас өөр арга байхгүй. Би зо­­риуд Сангийн яамны хөрөнгө оруу­­лалт, урсгал төсөв хариуцсан мэргэжилтнүүдийг авч яваа. Та нар тэр асуудлын учрыг олж,  мөнгө аваад алга болсон этгээд, бу­сад нөхөдтэй хариуцлага тооцох юм байгаа биз.
Одоо босоогүй байгаа II сур­гуулиас гадна  III сургууль бариг­дах талаар яригдсан. Дөрвөн жил болоод босоогүй цэцэрлэгээс гадна дахиад нэг цэцэрлэгийн асууд­лыг ярьсан. Одоо та бидний чихэлдэж суугаа 200 хүний суу­далтай  энэ Соёлын төв аль тэртээ 1958 онд ашиглалтад орсон юм билээ. Тиймээс Замын-Үүдийг  нэг сайхан соёлын төвтэй болгоё гэсэн санал яригдсан. Одоо та бүхэн энэ асуудлыг бүгдээрээ хэлэлцэн ба­талгаажуулах ёстой. Дараа нь спорт заалны асуудал яригдсан байгаа. Өнөөдөр байгаа ганц сур­гуу­лийн­хаа заалыг 17 цагаар ээлжлэн хэрэглэж байгаа гэсэн. Тэгэхээр биеийн тамирын заалны асуудлыг шийдэх ёстой.
Хамгийн сүүлд нь Замын-Үүдийг моджуулах, ногооруулах тухай хөндөгдсөн. Энэ зургаан асуудлыг эхний ээлжинд ярьсан байгаа. Одоо та бүхэн саналаа хэлэх ёстой.

-Та түрүүнд  өөр ч бас 11 тэр­бум төгрөгийн тухай ярьсан. Энэ юунд зориулагдах мөнгө вэ?

-Тэр 11 тэрбум төгрөг ийм учиртай. Замын-Үүдийн Гал унт­раах, аврах ангийн шинэ бай­­­­рыг 1.1 тэрбум төгрөгөөр ба­риад дуусч байна. 80 саяар нь  Гаа­лийн ажилтны найман байрны цахилгаан, 60 саяар Гаалийн газ­­рын гүний худаг, дээр нь Шин­гэн түлш шилжүүлэн ачих бай­гуу­ламжийн өргөтгөлийг барьж байна. Зорчигч тээврийн вокзалын ажил эхэлсэн байгаа.
Чөлөөт бүс дотор ачааны ма­шины пүү суурилуулах ажилд 200 сая төгрөг  зарцуулаад явж байна. Ундны усны эх үүсвэрийг нэмж хайхад зориулж хоёр тэрбум төгрөг явж байгаа.
Бас цаана нь хоёр тэрбум төг­рөгийг чөлөөт бүсийн доторх тө­лөвлөлтөд зориулж хуваариласан байгаа. Дээр нь сум дундын про­курорын  барилга 850 сая төг­рөгөөр босох ёстой. Энэ жил 400 сая төгрөг нь  олгогдож,  ажил нь хийгдээд явж байна. Иймэрхүү нэмэлт хө­рөнгө оруулалт шаардсан ажлууд хийгдээд явж байгаа гэдгийг та бүхэнд танилцууллаа. Одоо та бүх­ний хараа хяналтмаш чухал шүү гэдгийг нэмээд хэлчихье.

-Та ГЕГ-ын шинэхэн дарга О.Ганбатад нэлээд шахуу үүрэг өгчихөв үү дээ?

-БНХАУ-ын талаас 1.2 км шил толь шиг өргөн толигор засмал зам тавиад Монгол Улсын хилд тулгаад орхичихсон байгаа.
Монголын тал тэр замыг нааш нь чөлөөт бүс рүүгээ 2.3 км татаж авч ирэх гэж дөрвөн жил мунгинаад чадаагүй. Мөнгө нь бэлэн байсаар байхад үнэхээр сэт­гэл гаргаж хөдлөөгүй. Тэгээд би Ерөнхий сайдын хувьд ГЕГ-ын шинэхэн дарга О.Ганбатыг өдөр шө­нөгүй дэргэд нь зогсож  байгаад энэ 2.3 км замыг хоёр сарын дотор буюу ирэх зургаадугаар сарын нэгэн гэхэд тавьж дуусгах үүрэг өгсөн. Залуу дарга ч “чадна” гээд өнөөд­рөөс ажлаа эхлүүлсэн. Яг хоёр сарын дараа би Замын-Үүдэд эргэн ирж өгсөн үүрэг даалгавраа шалгаж үнэлэлт дүгнэлтээ өгнө.

Өглөөний сонин

No comments:

Post a Comment