Saturday, 9 March 2013

Л.Эрдэнэчимэг: Хуулиа хэрэгжүүлэх ёстой

“Тамхины хяналтын тухай” хууль энэ сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсний дараа иргэдэд ойлгомжгүй, тодорхой бус хариулт нэхсэн асуултууд олон гарч ирсэн. Тухайлбал, иргэд хаана тамхи татаж болохгүй, хаана худалдаалах, хуулийн хэрэгжилтэд хэн хяналт тавих зэрэг асуулт гарч ирсэн. Энэ нь нэг талаар хуулийн сурталчилгаа муу байсан гэж шүүмжлээд байгаа юм. 
Тамхины хуулийн талаар  “Тамхины хяналтын тухай” хуулийн санаачлагч Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. 

-Тамны тухай хууль хэрэгжээд эхэлсэн.  Хуулийн зорилго юу вэ. Тамхичидаа багасгах уу эсвэл тамхи татдаггүй иргэдээ хамгаалах зорилготой юу. Тамхи зарах газар байхгүй, хувь хүний эрхэнд халдаж байна гэх мэтээр шүүмжлэлд өртөөд байна?
-Тамхины хяналтын хуулийг гаргах болсон гол шалтгаан нь  дэлхий нийтээрээ тамхитай эрс тэмцэж эхэлсэн бөгөөд үүний тод жишээ нь манай хөршүүд болох Орос, Хятад хоёр улс хуулиа баталлаа. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас Солонгост хууль хэрэгжиж эхэлсэн. Манай иргэд гадааадад чөлөөтэй зорчдог болсон болохоор тамхи чөлөөтэй татах боломжтой улс орнууд улам цөөрсөөр байгаа гэдгийг мэдэж байгаа байх. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан  ДЭМБ тамхины хяналтын суурь конвенц гэж байдаг. Дэлхийн 165 орон нэгдэн орсон бөгөөд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу тамхины хяналтын хуулийг тухайн орон баталж хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Энэ конвенцийг гаргах шалтгаан нь хөгжиж буй орнуудад тамхины хэрэглээ өсвөр үеийнхний дунд эрс ихсэж байгаа бөгөөд энэ нь тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс санаатайгаар өсвөр насныхныг тамхинд донтуулах арга хэмжээ авч байна гэж үзсэн. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд тамхинд орж байгаа нь эхийн хэвлийд бойжиж буй хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн. Тамхи татаж байгаа тамхичнаас хажууд нь байгаа хүмүүс дам тамхидалтанд өртөж эрүүл мэндээрээ хохирч байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Манай хуулийн зорилго нь тамхи татах боломжтой газруудыг эрс багасгаснаар дам тамхидалтанд өртөх явдлыг хаах, тамхичдын тамхины хэрэглээг эрс багасгах, хүүхэд өсвөр насныхан тамхи олж авах боломжийг бүрэн хаах зорилготой.

-Мэдээж сургууль, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн гэх мэтийн газраас 500 метрийн зайд тамхи зарахгүй байх нь зөв шийдвэр ч нөгөө талаас хүүхдүүд тамхи хайж хичээлээ таслах, хоцрох ганц нэг тохиолдлууд бас гараад байна л даа?
-Зөвхөн сургуулийн орчноос 500 метрийн зайд тамхи зарахыг хориглоно. Цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн хамаарахгүй,  учир нь цэцэрлэгийн хүүхэд тамхи худалдан авахгүй шүү дээ. Хүүхэд тамхи хайж хичээл хоцрох гэдэг нь маш утгагүй шалтгаан бөгөөд хуулийг эсэргүүцэгчдийн зүгээс  хийж буй арга ядсан  гэж тайлбар гэж би бодож байна.

-Энэ хууль гаргахаас өмнө хуулийн хэрэгжилтийн талаар хэр их судалгаа хийсэн бэ?
-Хууль хэрэгжээд цөөхөн хонож байгаа учраас хэрэгжилт хир байгаа талаар одоогоор мэдээлэл алга байна.

-Хууль батлах үед УИХ-ын гишүүдээс хэр дэмжлэг авсан бэ. Зарим гишүүд нь хуультай танилцаж амжаагүй кноп дардаг тохиолдол олон байдаг?
-УИХ ын эрэгтэй гишүүдийн зүгээс хуулийн зарим заалтуудыг эсэргүүцэж байсан тохиолдол бий. Эмэгтэй гишүүд хуулийг батлуулахын төлөө нэгэн санаагаар ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласан.  Ялангуяа тамхи татдаг гишүүдийн зүгээс эсэргүүцэл нилээд байсан. Гэхдээ хууль батлахад ихэнхи гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Ер нь энэ хуулийг бид шинээр зохиосон юм биш. Тамхины хяналтын суурь конвенцид заасан заалтуудыг Монгол хөрсөнд буулган арай зөөлрүүлэн гаргасан хууль юм шүү.

-Тамхи зарахыг хязгаарласнаар тамхидалт багасна гэж та бодож байна уу?
 -Хуулийн зорилго нь тамхи гарын доор зарагдах ёсгүй бөгөөд тамхи худалдан авахын тулд хол замыг туулах, тодорхой зардал гаргах шаардлага бий болгож байгаа. Ялангуяа 21 нас хүрээгүй иргэдэд тамхи зарахыг хориглосноор тамхины хэрэглээг эрс багасгаж чадна гэж үзэж байна. Энэ нь олон улсын туршлагаар ч нотлогдсон. Өсвөр насныханд тамхийг чөлөөтэй зардаг, тамхийг ширхэглэн зарснаар хэдхэн төгрөгөнд тамхи авах боломж бүрддэг нь хүүхдүүдийг тамхичин болгоход нөлөөлдөг. Бид энэ замыг нь хаах ёстой.

-Өсвөр насныхан болон эмэгтэйчүүд тамхи татах нь нэмэгдсэн гэсэн тоо байдаг.  Монгол улсын хувьд тамхидалтын насжилт болон тоо ямар байсан бэ?
-Энэ бол үнэхээр санаа зовоосон асуудал болсон байлаа. Сүүлийн жилүүдэд тамхичдын тоо эрс ихэссэн гэсэн судалгаа гарсан ба 15-24 насныхны дунд  хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь тогтоогдсон. Эмэгтэйчүүдийн тамхидалт сүүлийн жилүүдэд хэд дахин нэмэгдсэн. Монгол улсад тамхины хэрэглээ нэмэгдэх болсон шалтгаан нь тамхины хатуу хууль хэрэгжиж эхэлсэн улс орнуудаас шахагдсан тамхи үйлдвэрлэгч нар сул хуультай улс орнууд руу хүчтэй дайралт хийж эхэлсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл тамхи үйлдвэрлэгчдийн ашиг орлого олох зөөлөн хөрс нь Монгол улс болж хувирсан гэсэн үг.Энэ дашрамд дурьдахад энэ хуулийг өнгөрсөн парламентийн дөрвөн жилийн туршид гацаасан байдаг. Учир нь тамхины үйлдвэрийн зарим эзэд УИХ-д сууж байсантай холбоотой. Мөн хууль хэлэлцэх явцад тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс маш хүчтэй лобби явуулж байсан гэдгийг дурдъя. Манай эмэгтэй гишүүд ямар ч лоббид автахгүйгээр хуулийг хоёр сарын дотор батлуулж чадсан. 

-Тамхи хаана татаж болохгүй вэ. Тодруулаад хэлбэл?
-Тамхийг  битүү орчинд буюу өрөө тасалгаанд татахгүй. Үүнд албан байгууллагын оффис хамаарна. Хоолны газар, бар, ресторан, орон сууцны орц хонгил, цэцэрлэгт хүрээлэн, автобус такси, галт тэрэг зэрэг нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн газар буюу кино театр, театр гэх мэт. Мөн сургууль болон түүнээс 100 метр зайд тус тус тамхи татахыг хориглоно.

-Хууль гаргахын өмнө тамхи татах тусгай цэгийг байгуулж, хүмүүст хуулиа таниулсны дараа хэрэгжүүлэх ёстой байсан гэсэн шүүмжлэлүүд маш их гарч байна?
-Хууль өнгөрсөн арваннэгдүгээр сард батлагдсан. Гэхдээ бид хэрэгжиж эхлэх хугацааг гуравдугаар сарын 1-н болгож хууль сурталчлахад зориулсан хугацааг нилээн урт  тавьсан. Хууль сурталчлах хэрэгжүүлэх үйл ажиллагааг засгийн газар хариуцдаг. Хуулийн сурталчилгаа нилээд сайн хийгдлээ гэж би дүгнэж байгаа. Манай эмэгтэй гишүүдийн бүлгээс сурагчдын холбоо, МУИС, Оюутны холбоо болон Эрүүл Мэндийн Яам болон зарим төрийн бус байгууллагуудтай хамтран нилээд ажил зохион байгуулсан.   

-Тамхи татсан, тамхи татуулсан аж ахуй нэгж, иргэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн тохиолдолд?
-Хориотой газар тамхи татсан иргэн 50.000 төгрөгийн торгууль, тамхи татуулсан аж ахуйн нэгж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 -20 нугалсантай тэнцэх торгууль энэ нь нэгээс гурван сая төгрөгийн торгууль хүлээнэ. Ер нь Бусад оронд хэрэгжиж буй хариуцлагаас хамаагүй бага. Би нэг жишээ дурдъя. Австралид насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдаалсан бол 100.000 долларын торгууль хүлээлгэж хорих хүртэл ял онооно гэж заасан байдаг.  
 
-Хуулийн хэрэгжилтэд хэн хяналт тавих вэ. Цагдаа, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар уу?
-Засгийн газар Мэргэжлийн хяналтын байгууллагаараа дамжуулан хяналт тавих ёстой.Сурагчдын холбоо, Оюутны холбоо зэрэг  олон төрийн бус байгууллагууд бидэнтэй хамтран тамхины хяналтын хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих хүсэлтээ ирүүлсэн. Ард иргэдийн зүгээс ч энэ хуулийг эсэргүүцэгчдээс илүү дэмжиж байгаа хэсэг нь олон байгаад бид баяртай байна. 

-Орон нутагт хууль хэрхэн хэрэгжих вэ. Тухайлбал, сум зай талбайн хувьд жижиг, сургууль, цэцэрлэг, Засаг даргын тамгын газар эмнэлэг нь бүгд 500 метрээс дотогш зайтай байя гэж бодоё. Гэтэл дэлгүүр нь эдгээр газрын ойролцоо байна. Тэгэхээр тамхи зарах зөвшөөрлийг суманд, аймагт яаж олгох вэ?
-Хууль бол хууль.Нэгэнт сургуулиас 500 метр дотор тамхи зарахыг хориглосон бол хот хөдөө гэж ялгаа гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Адилхан л хүүхдүүд суралцаж байгаа учраас сумын сургуулийн хүүхдүүдийг мөн тамхи татахаас урьдчилан сэргийлэх учиртай.

-Тамхины хор уршгийг хүмүүсийн ухамсар, сэтгэлзүй, хүмүүжил, төлөвшилд нь суулгах нь тамхидалттай тэмцэхэд илүү үр дүнтэй, хуулиар шууд хорьж, цагдах нь тамхидалт, тамхины бизнесийн далд хэлбэрт шилжүүлнэ  гэж үзэх хүмүүс бас олон байна?
-Ер нь аж ахуйн нэгж , бизнессийн байгууллагын ашиг орлогыг хаах хууль гаргалаа гэж байгаатай би санал нийлэхгүй. Хүмүүсийн тэр тусмаа ирээдүй болсон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хөнөөх бизнес эрхэлж ашиг орлого олох нь хир зохистой вэ гэдгийг бодох ёстой шүү бид.  Монголчуудын ухамсар, сэтгэлзүй бүх нийтээрээ тамхидалттай тэмцэхэд бэлэн байгаа гэж би итгэж байна. 
Ш.ОЮУНЧИМЭГ
http://politics.news.mn/content/136405.shtml

No comments:

Post a Comment