“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнтэй “Хар сарнай”-н С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нартай хамтарсан “Хөх мөнх тэнгэр” цомгийнх нь нээлтийн үеэр хэдэн хором ярилцсан юм. Ямагт “Галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй” нэгэн мэт харагддаг тэрбээр энэ удаа хоёр дүүгийнхээ дэргэд тун ч намбатай харагдаж байлаа.
-Таны дууг сонсохоор нот бүр нь судсаар тань гүйж байгаа мэт санагддаг. “Хөх мөнх тэнгэр” цомог судсаар тань удаан лугшсан тэр үзлээс үүдэлтэй юу?
-Үндэсний ухаан бид бүгдийн судсаар гүйж байгаа. Гагцхүү түүнийгээ нээж харах, сонсох цаг зав хомс байдаг юм болов уу. Бүтэн сайн өдөр л сүмд очиж, бурхан шүтдэг гэдэг шиг түүнийгээ хааяахан мэдрээд байх шиг санагддаг. Магадгүй энэ тухай цаг үргэлж бодож байвал улс орон маань илүү хурдан хөгжих байх.
Бид эзэн Чингис хаан, үндэсний ухаан, өв уламжлалын тухай дуулж болдоггүй үзэл суртлын цаг үед амьдарч байлаа шүү дээ. Гэвч нэг тийм зүйл сэтгэл дотор багтаж ядаж л байдаг байсан. “Болохгүй гээд байхад бид яагаад ийм юманд дурлаад байгаа юм бол оо” гэж өөрсдөө ч гайхдаг байлаа. Нэгэн цагт ил гарах л учиртай зүйл байж.
Өвөг дээдэс, төрсөн нутгаараа бахархдаггүй хүн гэж үгүй. Эцсийн дүнд нутаг усаа хайрлаж амьдрах нь монгол хүний хамгийн зөв ухаан байжээ гэдгийг л дуулж байгаа хэрэг.
-Хамтарсан цомог бүтээх санааг анх хэн гаргасан бэ?
-Амьд байхдаа биесээ хайрлаж, хамтарч юм бүтээхгүй бол бид эргэж төрлөө гээд ээжийгээ ч танихгүй шүү дээ. Бид ганц л удаа хамт амьдарна. Ганц удаа хамт амьдрахдаа хүний сэтгэл баясгасан сайхан цомог гаргаж яагаад болохгүй гэж.
-Цомгийн талаар нэлээд удаан ярьсан. Ер нь та бүхний хэдэн жилийн хөдөлмөр энэ цомогт багтав?
-Намайг 1989 онд дуулж эхлэхэд Амараа тайзны ард гүйж л явсан. Хоёр, гурван тоглолт хийчихээд, Соёлын төв өргөөнд байрлаж байхад Дээгий бас тэнд гүйж л явсан. Ингээд бодохоор бид үргэлж хамт байж, ярилцсаар өдийг хүрсэн. Зарим хүн “Их ярилаа” гэж шүүмжилдэг. Гэвч аливаа юм гэдэг их ярьж байж бүтдэг юм байна.
Хоёр дүү маань “Бид хоёр хамтарч цомог гаргахаар 75 хувь зөвшөөрлөө. Та хэдэн хувь зөвшөөрч байна” гэж анх асуусан. Би “Үлдсэн 25 хувьд нь зөвшөөрье” гэсэн. “Яарахгүй, тэвдэхгүй” гэсэн ам өчгийг нь ч авсан. Гурван жил бэлтгэсний эцэст бэлэн болголоо.
-Та гурвыг юу ингэж нэгтгэж чадав аа?
-Үнэндээ үндэсний ухаан, эрдэм мэдлэг, өв соёл, ёс суртахуун биднийг нэгтгэсэн хэрэг. Баатар хүн зөвхөн ар гэрийнхнийхээ төлөө биш бид бүгдийн төлөө амиа өргөдөг. Тэдэнд дуун суварга босгох нь зүйтэй. Хоёр дүү маань ч үүнд нэгдэхээс өөр аргагүй.
-Цаашид дэлхийгээр нэг тархсан монголчууддаа ая дуугаа хүргэхээр төлөвлөж байгаа гэж сонссон?
-Хэрэв тэдний оршин суугаа орон нутгийнх нь засаг захиргаа зөвшөөрвөл дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа монголчууддаа тоглолтоо хүргэх хүсэлтэй байна. Гэхдээ бүх саад бэрхшээлийг даваад очих болно. Очиж ч яваа.
-Дахиж хамтарсан цомог гаргах уу?
-Би хувьдаа тэгж бодохгүй байна. Гэхдээ ирээдүйг таашгүй. Бүх юм цагтаа л эхэлдэг юм гэсэн.
-“Харанга” хамтлагаар сонин юутай вэ?
-Манай хамтлаг 25 жилийнхээ ойг угтаж, болж өгвөл ирэх жил гадаадад байгаа монголчууддаа хүрч ажиллах, дуу хуураа түгээх зорилготой байна. Ажлаа энэ хавраас эхэлнэ.
Олон ажил давхцаад байна. Энэ хоёрынхоо ажилд оролцохын зэрэгцээ хамтлагаа бодохгүй бол болохгүй. Аль алийг нь амжуулах санаатай “Гүйчихье”-гээ /“Gucci”/ өмсөөд л гүйж явна даа.
Намайг “Сайхан амьдраасай” гэж хүсдэг ард түмний хүсэл биелнэ
-Танаас ямагт эрх чөлөө, эрч хүч үнэртэж байдаг. Судасны тань лугшилт ямар үед илүү хүчтэй цохилдог вэ?
-Сайн бодож бясалгаж байж юм хий гэж ээж, аав тань захидаг л байлгүй. Би бол бусдын л адил өрөөлийн бодож байгааг дамжуулагч. Гэхдээ хөгжмийн хэл, урлагийн цаг хугацаа, хэмнэлд багтаагаад, жаахан товчлолтой хүргэдэг. Энэ нь жаахан чамлалттай боловч бас нэг талын ашигтай.
Сайн бясалгасны дүнд л хүмүүст хүргэх гэсэн зүйлээ зөв хүргэж чаддаг. Өнөө цагт үндэсний юмаа дуулж, эрх чөлөөгөө тунхаглах нь буруу биш гэж бодож байна.
-Таныхаар эрх чөлөө гэж юуг хэлэх вэ?
-Энэ бол монголчуудын бүтээсэн хамгийн үнэт өв. Монголчууд шиг эрх чөлөөтэй амьдардаг үндэстэн хорвоо дээр өөр байхгүй л болов уу. Бүсгүйчүүд нь хүртэл завилж сууж болдог юм гэнэ лээ.
Би дуулах ёстой. Энэ бол миний эрх чөлөө.
-Дээдлэн хайрладаг зүйлсийн тань тэргүүн магнайд мөнх хөх тэнгэр байдаг бололтой?
-Миний төрсөн өдрөөр дэлхий сөнөөгүйд би маш их баярлаж, “Мянга мянган жил гийнгоо эгшиглэж, түм түмэн жил наадам болж байг” гэж ерөөсөн юм.
Хөх тэнгэр бидний орой дээр мөнхөд оршдог. Хүн итгэлээр л амьдардаг шүү дээ. Тэр ч утгаараа юунд итгэнэ, түүнийхээ хишиг буяныг хүртдэг.
-Таны энэ үзэлтэй холбоод ч тэр үү, “Харанга”-ын Лхагваа бөө болох гэнэ гэсэн яриа хүртэл гарчихсан байна лээ?
-Онгод гэдэг чинь өөрийнхөө хүч чадлыг даачих хүнийг хайж явдаг юм гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, бодож, сэтгэж, хайрлаж чаддаг сүнс гэсэн үг юм уу даа.
Хүний биед орохоороо хийх ёстой зүйлээ хийж чаддаг. Түүнийг биедээ оруулдаг шидийг олсон хүмүүсийг бөө, удган, зайран гэдэг байх.
-Та нэгэн удаа “Би дуулахдаа л бөөлчихдөг” гэж ярьсан байсан. Дуулах, бөөлөх хоёр адилхан гэж үү?
-Үнэн сэтгэлээсээ дуулна гэдэг бөөлөхтэй адилхан шүү дээ. Хэрвээ би бөө юм бол тийм ажил хийх ёстой бөө гэж ойлгож болно.
-Та ер нь ямар бурханд итгэдэг вэ?
-Би бүх л бурханд итгэдэг. Яагаад гэвэл тэд дандаа зөв замыг заадаг. Гэхдээ эдэн дундаа Буддын шинжлэх ухааныг арай илүү сайн үр дүнд хүрсэн гэж ойлгодог.
-Та ямагт өөртөө итгэлтэй, бардам харагддаг?
-Би хийж байгаа ажлаа ярих юм бол бардам хүн. Яагаад болохгүй гэж. Би хувьдаа чамайг над шиг дуулж чадна гэж бодохгүй байна. Тиймээс энэ тал дээр бардамнах эрхтэй гэж бодож байна.
Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй. Тиймээс юм бүхнийг адилтгаж болохгүй. Манайхан улаан хувьсгал хийж, бүгдээрээ адилхан амьдрах гээд бүтэлгүйтсэн шүү дээ.
-Та бараг л бүх өгүүлбэртээ зүйр үг хэрэглэх юм аа?
-Би ардынхаа сайхан үгээр л амьдардаг. Хамгийн гол нь тэд бүгд үнэн байдаг. Бидний өвөг дээдэс гайхамшигтай ухаантай хүмүүс. Би Монголоос хаашаа ч явахгүй.
Энэ хөх тэнгэр, ногоон газарт л би бүхнээс илүү хайртай. Тиймээс намайг шоронд хийх нь гэж айгаад Америк явна гэж байхгүй. Өвөг дээдсийн минь сүнс эндээ, бидэндээ ойрхон байна. Эндээ л байж байсан нь дээр.
Өөрийнхөө нутаг дээр гэрээ барьж чадаагүй хүн, хүний нутагт байшин барина гэдэгт би итгэдэггүй. Ядуу гэх гээд байгаа бол ядуу гэдэг ойлголтыг би сэтгэлээрээ ядуу байх л гэж ойлгодог.
Хэрэв би дуулж чадахаа болиод, надад боломж олдохгүй бол ээжийнхээ дэргэд очоод гэр бариад, толгой, цувдай авч идээд л амьдарчихна. Тийм байдлаар сайхан цаг иртэл хүлээж чадна.
“Амьдрал бол альбом, Амьдрах гэдэг тэвчээр” гэдэг. “Зураг үлдэж, зул асах”-ын хооронд нэг их юм хэрэггүй шүү дээ. Хүмүүс амьдралыг их урт гэж боддог. Даанч тийм биш.
“Жаргах цагт цаг хугацаа харвасан сум шиг одно. Зовох цагт цаг хугацаа зогссон юм шиг удна”. Гэвч цаг хугацаа хэзээ ч зогсдоггүй, урагшилсаар л байдаг.
-Хэдэн жилийн өмнө уулзаж байсныг бодвол та нэлээд намба суужээ. Ард түмэн ч одоо тогтож сайхан амьдраасай гэж хүсч байгаа байх?
-Намайг хайрладаг хүмүүс “Сайхан амьдраасай” гэж хүсдэг л байх. Тэдний хүссэнээр болно оо. Ард түмэн гэдэг агуу шүү дээ. Тэдний хүсэл биелсээр ирсэн. Биелэх ч болно.
Хамгийн гол нь ард түмний тэр их хайрыг даах хүн нь ганцхан би гэж бодохоор бага зэрэг хэцүү санагддаг.
-“Лхагваа, та заавал ийм байх ёстой” гэж тулгаад байх шиг санагддаг гэж үү?
-Уг нь хүн өөрийнхөөрөө л амьдрах ёстой. Гэвч хүмүүс яаж ийж байгаад л од болгож, томоотой байлгаж, сайхан амьдруулах гээд байдаг.
“Тайзан дээр нэг юм татаад байна. Нөгөөхөө ч татаж байгаа юм бил үү” гэж хардана. Хэцүү шүү дээ. Амархан бүтдэг зүйл ховор. Болгоё гэвэл болохгүй юм энэ хорвоод үгүй. “Болохгүй” гэвэл болох юм ертөнцөд нэг ч үгүй. Зовлон тохиолдоход зориг хэрэгтэй. Жаргал ирэхэд сэрэмж хэрэгтэй.
Орхиод үхэх байж хүүхдүүдээ эрхлүүлэх дэмий гэж боддог
-Та “аавынд” байхдаа ээжийнхээ төлөө л их шаналсан гэж ярьж байсан. Гарч ирснээсээ хойш ээждээ сэтгэлийнхээ өрийг нимгэлж чадав уу?
-Хүн чинь сэтгэлээрээ шоронд орно гэж нэг юм байна. Би хулгай хийчихсэн биш, олон сая төгрөг идчихсэн биш. Тийм гэмтэй хүмүүс шиг шаналахгүй шүү дээ.
Би хэзээ ч өөрийгөө сэтгэлийн шоронд хийхгүй. Гадаа шоронгийн хашаа байдаг л юм байгаа биз. Ганданд байгаа юм шиг өөрийгөө ариусгаад л сууж байсан.
-Яаж ариусгах вэ?
-Юу ч бодохгүй, бурхдын тухай ном их уншина. Би энэ ертөнц, хүмүүний амьдрал, ертөнцийн гарал үүслийн тухай уншина. Номонд сайхан зүйлс их бий.
-Та бүсгүй хүн бүрийг хайрладаг гэж ярьдаг. Энэ их хайр тэр ариуслаас үүдэлтэй юм болов уу?
-Эмэгтэй хүн бол амьд бурхан. Хүслээ гүйцээх гэж хүү, орчлонг үргэлжлүүлэх гэж охин төрүүлдэг буянтан. Тэд зөвхөн миний биш бурхны өмнө сайхан, муу бүхнийг үзүүлдэг. Тийм л учраас эмэгтэй хүн зовлон даадаг байх.
-Гэвч гурван ч эхнэр сольчихсон болохоор тань зарим хүн “Лхагваа бүсгүй хүнийг хайрладаг гэж худлаа ярьж байна” гэж боддог байх даа?
-Би гурвууланд нь хайртай. Миний гурван эхнэр нийлж суугаад, намайг сайн шүүмжилдэг. Миний үргэлжлэлийг энэ хорвоод төрүүлж өгсөн тэднээрээ би их бахархдаг.
-Хайртай юм бол яагаад салчихдаг билээ?
-Хайр сэтгэл нийлсэн боловч сэтгэл санаа нийлээгүй.
-Биесээ хайрлаж л байгаа бол нийцүүлж болмоор л юм?
-Заавал нийцүүлэх гэж зүтгээд яах юм бэ. Яг үнэнийг хэлэхэд миний ажил арай илүү чухал байсан юм. Ард түмэн намайг дуулуулах гээд байхад хажууд байгаа нь бүр илүү зүтгэх ёстой гэж би боддог. Тэгж чадахгүй бол зам замаа бодсон нь дээр. Найз байсан нь илүү зөв.
-Та хувиа хичээсэн байх нь ээ?
-Үгүй шүү, би хувиа хичээгээгүй. Би дуулахын тулд л ийм байгаа юм. Би “Надтай хамт үүнд зориулагдвал зориулагд. Үгүй бол замаа бод” гэж тэдэнд хэлсэн. Гэвч миний замаар явах их хэцүү. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг гүйцээх зав ч олдохгүй. Гэхдээ хожим тэд намайг буруутгахгүй байх.
-Та одоо ч тэдэндээ хайртай гэж ярилаа. Тэд ч бас таныг хайрласаар байгаа болов уу?
-Баяр баясгалантай үед минь цэцэг бариад л ирцгээнэ гэдгийг нь би сайн мэдэж байна. Тэр л надад хангалттай. Тэд нөхөртэй болсон байлаа ч, хүн дээрэлхвэл би нөхөртэй нь хамт хамгаална.
Би хэнийг нь ч хаяад явж чадаагүй. Тэгж ч болохгүй. Өөрсдийг нь явуулдаг. Тэгээд хэсэг хугацаанд хүлээж, дараа нь мартахыг хичээдэг. Гурван сар орчим шанална, архи ууна. Тэгээд л ажилдаа гарна даа.
Тэгэхгүй бол дуулахад хэцүү. Маш их энерги хэрэгтэй. Яг тоглолтын өмнө эхнэртэйгээ хэрэлдчихвэл хэчнээн орилоод ч дуу гарахгүй шүү дээ. Их сонин.
-Хоёр хүүхэдтэйгээ хэр зэрэг холбоотой байдаг вэ?
-Би том хүүтэйгээ байнга холбоотой байдаг. Бага охинтойгоо тэр бүр уулзаад байдаггүй. Бага байхад нь ээжээс нь салсан болохоор түүнийг өөртөө нэг их дасгаад яах вэ гэж боддог юм.
Би уг нь орхиод үхэх байж хүүхдүүдээ эрхлүүлэх дэмий гэж боддог. Гэвч эрхлүүлэх дуртай.
-Хүмүүс таныг хүүдээ аль хэдийнэ гэрээслэлээ биччихсэн гэдэг юм билээ. Энэ үнэн үү?
-Би хүүдээ “Намайг үхэхээр аваачиж булна уу, шатаана уу өөрөө мэдээрэй. Бас зураг үзэхээр бол Чука ахаасаа аваарай” гэж захисан. Хүмүүс “Айдгаа авдрандаа хийнэ” гэж ярьдаг даа. Тэгвэл би “Айдгаа авсандаа хийчихсэн” хүн.
-Таныг “Одоо эхнэрээ дахиж солихгүй байх” гэж олон хүн найдаж, харж байгаа байх даа?
-Би нэг удаа аавдаа “Та гурав дахь амьдрал дээрээ тогтсон. Тэгвэл би ч бас гурав дахь дээрээ тогтоно” гэж хэлж байсан. Тэр хүн намайг хайрласныхаа төлөө баярлах эрхтэй.
-Одоогийн эхнэр тань танд зориулагдаж төрсөн хүн мөн үү?
-Хүмүүс бие биедээ зориулагдаж төрдөг гэдэгтэй би санал нийлдэггүй. Ээж, аав нар асар их тэвчээр гаргаж байж нэгэн насыг хамтдаа туулдаг.
Миний хувьд онгод тэнгэр минь эмэгтэй хүнийг нөхдөг. Тийм болохоор амьдрал минь тал байсан ч бүтээл минь бүтэн байх болно. Миний зүрх сэтгэлээс ундран гардаг зүйлийг онгод тэнгэр надтай надгүй хийчихдэг юм.
-Та яг одоо өөртөө ямар зорилго тавиад байна вэ?
-Ард түмэндээ олон сайхан аялгуу, үг хүргэх. Дуу хуур бол тэнгэрийн өмч, авьяас бол ард түмний өмч гэж ярьдагчлан би дуулах л ёстой бол дуулна.
Надад учирсан өчүүхэн зовлон дуу хуурт ямар ч хамаагүй. Би эхнэртэйгээ хэрэлдлээ гээд тоглолтондоо очихгүй байж болохгүй. Шоронд орчихлоо гэж гутарч гуниад дуулахгүй байна гэж үгүй.
Хүн зовж байсан үеэ бодохоор инээд нь хүрдэг юм гэнэ лээ. Би ердөө ч зовоогүй. Үнэндээ бол зурагт үзээд, ном уншаад л хэвтэж байсан. Тиймээс надад дуулахгүй байх шалтгаан байхгүй.
Өглөөний сонин
No comments:
Post a Comment