УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.
-Байнгын хороод ажлаа тайлагнаж байна. Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн чуулганы хугацаанд ямар ажил амжуулав?
-Өргөдлийн байнгын хороо УИХ-д өдөр тутам ирж байгаа өргөдлүүд дээр ажилладаг. Манай байнгын хороо бусад хороодыг бодвол дүрэм, журам нь нэлээд өөр. Тиймээс шинээр байгуулагдсан учир бусад улсын туршлагыг судалж, харьцуулсан судалгааг УИХ-ын Тамгын газарт захиалж хийлгэлээ. Үүний дүнд байнгын хорооны дүрэм батлагдсанаас гадна намрын чуулган эхэлснээс хойш иргэдээс ирсэн өргөдөлд хариу өгч ажиллалаа.
Нөгөө талаас манай байнгын хорооны ажлын алба гурван хүний бүрэлдэхүүнтэй. Гэтэл сард 300 өргөдөл, цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа учир Тамгын газрын шинэчилсэн зохион байгуулалт хийгдэх үеэр ажлын албаны орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн саналаа өгөөд байна. -Иргэдээс ирсэн өргөдөлд ихэвчлэн ямар асуудлыг тусгасан байдаг вэ?
-Өргөдлийн 90-ээд хувь нь иргэний хүсэлт байна. Гэр, эмчилгээний зардал, хүүхдээ сургуульд суулгах, зээл тусламж хүссэн байдаг. Гэтэл эдгээр хувийн хүсэлтүүд нь өөрөө УИХ-ын бүрэн эрхэд хамаарч байна уу, үгүй юу гэдэг нь асуудал юм.
Өмнө нь иргэдээс УИХ-ын бүрэн эрхэд хамаарахгүй асуудал тавихад хэн нэгэнд шилжүүлэх эсвэл өргөдлийг нь буцаачихдаг байсан. Түүнчлэн УИХ-ын гишүүний тойргийн мөнгөтэй нь холбох тохиолдол ч байлаа. Харин одоо бол УИХ-д өгч байгаа иргэдийн санал хүсэлтийг авч хэлэлцдэг, хуулийн хэрэгжилтэд ямар гомдол, санал гарч байна вэ гэдэгт анхаарал тавьж ажиллахаар дүрэмдээ тусгасан.
-Тэгвэл чуулганы завсарлагаанаар ч гэсэн ажилласаар байх нь ээ?
-Чуулганы завсарлагаанаар хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахаар төлөвлөөд байна. Хонгор сумаас бидэнд өргөдөл ирсний дагуу Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, тус сумын байдлын талаар шинээр дүгнэлт гаргаж байгаа. Үүнийг хүлээж байна.
Өөр нэг асуудал нь шоронд ял эдэлж байгаа хоёр ч хүнээс ялын хатуу бодлогын талаар өргөдөл ирсэн. Сүлжээний бизнес хийсэн хүн 12 жилийн ял авч байхад бусдыг хохироосон хохирлын хэмжээ нь хэдэн тэрбумаар хэмжигдсэн хүн тэднээс бага ял авах нь олонтаа байна. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Арвин миний бие гурвуул хамтарч Өргөдлийн байнгын хорооноос ажлын хэсэг болж ажиллана. Ингэхдээ Хууль зүйн яам энэ тал дээр ямар бодлого баримталж байгаа, цаашид ямар хуулийн төсөл оруулж ирэх талаар лавлаж, судалгаа явуулна. Үүний дагуу хуулийг хэрэгжүүлж байгаа талууд болох шүүгчид, шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхантай уулзана. Хэрэв өргөдөл гаргасан хүмүүс өөрсдөө зөвшөөрөх юм бол нээлттэй хэлэлцүүлэг хийж, үүний дагуу хуулиндаа өөрчлөлт оруулах асуудлыг ярина. Энэ мэтчилэн хийхээр төлөвлөж буй асуудлууд нэлээд олон байна.
-Хаврын чуулганаар хэлэлцэхээр хуулийн төслүүд хүлээгдэж байгаа. Тэдгээрээс Ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгуулийн, Орон нутгийн сонгуулийн хуулиудыг нэгтгэсэн хуулийн төсөл анхаарал татаж байна. Төслийн агуулга нь юу юм бэ?
-Хуулиуд нь тусдаа байхаар сонгуулийн процесс нь их зөрчилтэй байгаад байсан юм. Уг нь сонгууль бүрийн нэр дэвшигч, өрсөлдөж байгаа талууд л өөр болохоос бусад үйл ажиллагаа нь адилхан байх ёстой. Тухайлбал, сонгогчийн нэрийн жагсаалт нэг л байх ёстой. Гэтэл өнөөдөр УИХ-ын сонгуулийн нэрсийн жагсаалтыг иргэний бүртгэлийнхэн гаргадаг. Дөрвөн сарын дараа орон нутгийн сонгууль болоход тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга нь гаргадаг. Үүний улмаас сонгуульд саналаа өгч буй иргэдийн нэрсийн хоорондын зөрүү нь 2004 онд 130 мянга байсан бол 2008 онд 268 мянга болж нэмэгдсэн байх жишээтэй. Ингэж нийт сонгогчдын 20 хувьд хүрэхүйц хэмжээний зөрүү гарсан. Энэ нь сонгогчдыг намын харьяаллаас нь болж жагсаалтаас хасах, эсвэл нэмэх будлиан гарах нөхцөл бүрдүүлж байдаг. Тийм учраас нэрийн жагсаалт гэдэг зүйл аль ч сонгуульд нэг байх тухай хуулийн төсөлд тусгасан. Бүх сонгуульд нэг л этгээд нэрсийн жагсаалт гаргана, тэдгээрт нам, иргэд, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний төлөөлөл хяналт тавина. Тэр ч бүү хэл гомдол гаргавал хэн, хэзээ, хэрхэн шийдэх вэ гэдэг нь ч маш тодорхой болох юм.
Түүнчлэн хэвлэл мэдээллээр нэр дэвшигч сурталчилгаа явуулахдаа Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигч өөр өөр байсныг нэг болгож байгаа. Мөн одоогийн нэг хуульд санал худалдаж авахыг хориглосон бол нөгөөд нь хориглоогүй зүйл ч бий. Сонгууль гэдэг адил тэгш, шударга өрсөлдөөн байх ёстой учир Ерөнхийлөгчийнх ач холбогдолтой, орон нутгийнх бага гэж үзэж болохгүй. Шаардлага болон адил тэгш боломж нь ижил байх ёстой юм.
-Тэгвэл нэр дэвшигчдэд тавих шаардлага л өөр байна гэж ойлгож болох уу?
-Болно. Тухайлбал, Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Үндсэн хуульд зааснаар 45 наснаас дээш, УИХ-ын сонгуульд 25 наснаас дээш, Орон нутгийн сонгуульд насны хязгааргүй байгаа. Тиймээс нэр дэвшигчдэд тавих шалгуур нь өөр байна гэсэн үг юм. Орон нутгийн сонгуульд гэхэд тухайн газартаа 180 хоногоос дээш амьдарсан байх, Ерөнхийлөгч бол улс орондоо сүүлийн таван жил тасралтгүй амьдарсан байх гэх мэт тусгай шаардлагууд бий.
Сонгуульд орж байгаа намуудад тавигдах шаардлага мөн өөр байдаг. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нам нь парламентад суудалтай байх шаардлагатай гэдэг. Гэтэл УИХ болон Орон нутгийн сонгуульд тэгдэггүй.
-Сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэчихвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай болно гэсэн үг үү?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдчихсан. Тэр ажлын хэсэг маань заавал Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахын төлөө бус шаардлага байгаа эсэхийг л тодорхойлох юм. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийнхаа дагуу өөрчлөлт оруулах асуудлыг ярих болов уу. Түүнээс бус 2000 оных шиг эрх баригч нам нь шийдэнгүүтээ нэг өдрийн дотор Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан шиг зүйлийг өдгөө хийх боломжгүй. Яагаад гэвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг ард түмний мэдэлд, тэднээр хэлэлцэгдсэн байх ёстой гэх мэт олон шалгуурыг давж байж өөрчлөлт оруулна.
Тиймээс сонгуулийн хуулиудыг нэгтгэх нь одоогийн байгаа Үндсэн хуулийнхаа хүрээнд л хийгдэх ажил юм.
-Хуулийн төсөл хэзээ бэлэн болох вэ, хаврын чуулганд өргөн барьж амжих болов уу?
-Зорилго тавьж байна. Миний хувьд сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Ер нь сонгуулийн хуулийг эрт батлах тусмаа сайн байдаг. Сонгуульд ойртох тусам би хэрхэн, яаж, дахин сонгогдох вэ гэдэг нүдээр хараад байдаг тул их бэрхшээлтэй болж ирдэг. Тиймээс аль болох эртхэн хуулийн төслөө боловсруулаад, батлуулах зорилго тавьж байгаа.
-Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд хэзээнээс эхлээд дагаж мөрдөхөөр тусгаж байгаа бол?
-2016 оноос эхлэн үйлчлэхээр тусгаж байгаа.
-Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа. Уг төсөлд ялалт байгуулсан нам нь төрөөс санхүүждэг байхаар тусгаж байгаа гэл үү?
-Ялсан нам нь бус парламентад суудалтай намууд суудлынхаа хэмжээгээр төрөөс санхүүжнэ. Энэ зохицуулалт одоо ч байгаа. Харин тэр мөнгөөр хэрхэн юу хийж, ямар үйл ажиллагаа явуулж байгаа тайлан маш хангалтгүй байгаа. Тухайлбал, намууд суудал бүрээсээ арван сая төгрөг төрөөс авдаг. Гэтэл тэр суудлын мөнгөнөөс сургалт судалгаанд хэдийг гаргасан, иргэдтэйгээ ажиллахад хэдийг зарцуулсан, сурталчилгаандаа хэдийг оруулсан зэрэг нь тодорхойгүй байдаг. Үүнд төрөөс мөнгө өгөхдөө зориулалтыг нь зааж өгөхгүй байгаад учир дутагдал байгаа юм.
-Тэгвэл төрөөс өгч буй мөнгөөр намууд юу хийх ёстой вэ?
-Миний хувьд улс төрийн сантай байх нь чухал гэж боддог. Тэр сан нь бодлогын хувилбарыг боловсруулдаг, иргэдтэйгээ холбогдож, байнгын хэлэлцүүлэг зохион байгуулдаг, эсвэл дараагийн улстөрчийг бэлтгэх сургалт зохион байгуулдаг байвал зохимжтой. Тухайлбал, ИТХ-д нэр дэвших гэж байгаа хүн Засаг даргынхаа оруулж ирсэн тайланг нягталж, санхүүг нь хянаж чаддаг байх ёстой. Түүнээс бус хий уриа лоозон яриад, кноп дараад суудаг байж таарахгүй. Улстөрч гэдэг мэргэшсэн байх ёстой. Түүний төлөө байнгын сургалтад хамрагддаг байх учиртай.
Ийм жишиг Германд байдаг. Тэнд улс төрийн маш олон сан ажилладаг. Эдгээр сангууд нь улсын төсвөөс санхүүжилтээ аваад хувилбар боловсруулж, улстөрчдөдөө өгдөг. Ингэснээр сонгуульд оролцоогүй мэдлэг, чадвартай улстөрчдийнхөө чадварыг ч ашигладаг байна. Түүнчлэн энэ санг намаас хэт хараат байлгахгүйн тулд удирдлагыг намаас томилдоггүй, тусдаа байдаг. Эрдэмтэн, шинжээчид орох нөхцөлийг нь ч дээд зэргээр хангасан байдаг. Ийм л зүйл Монголд хэрэгтэй байгаа юм.
Өнөөдөр бидэнд нэг гашуун сургамж бий.
-Юу билээ?
-Оюутолгойн гэрээ тааруу болсон гэдэг. Ерөөс манай гурван сайд Оюу толгойн гэрээг батлуулахдаа УИХ дээр Рио Тинто, Айвенхоу Майнзын төлөөлөгч шиг л байсан. Тэдний гаргасан, бэлдэж өгсөн гэрээний төслийг цээжээрээ хамгаалаад явж байлаа. Гэтэл нөгөө талд нь манай улс төрийн намуудын бэлдэж өгсөн гэрээний төсөл гэж байгаагүй. Өнөөдөр Сангийн яам, Хууль зүйн яам нь гэрээний төсөл бэлдэж өгөх чадамжгүй байна. УИХ-д ч тухайн үед судалгааны байгууллага байгаагүй учир өөрсдийн хувилбарыг гаргаж өгч чадаагүй. Гэтэл бид дээр хэлсэн сантай байсан бол УИХ, УИХ-д суудалтай намууд нь өөр өөрсдийн гэрээний төслөө бэлдэж өгөх байлаа. Ингэх юм бол олон шүүлтүүрээр орсон гэрээ чамбай, амжилттай болох байсан.
Өнөөдөр асар их хөрөнгөтэй уул уурхайн гадны компаниуд хамгийн өндөр хэмжээний хуульчид шинжээчдээр бэлдүүлсэн гэрээний загварууд бариад сууж байхад гэрээний нөгөө талд манай улстөрчид шалдан сууж байна. Улстөрч гэдэг төгс хүн биш. Сангийн сайд байлаа гээд 25 хувьсагчтай тооцоо хийгээд бодоод сууна гэж байхгүй шүү дээ. Тиймээс бид зөвхөн энэ удаа бус цаашид улстөрчдийгөө зэвсэглэж өгөх хэрэгтэй байна.
Т.ГЭРЭЛМАА
No comments:
Post a Comment