Sunday, 10 March 2013

Н.Ганболд: Лиценз бүрийг ч шалгах шаардлага гарч магадгүй

Төрийн албан тушаалтнуудтай холбоотой авлига, хээл хахуулийн хэргүүд дуулиан тарьж байгаа энэ үед олны анхаарлыг татаж байгаа хэргүүдийн талаар Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар  Н.Ганболдтой ярилцлаа.

-Та АТГ-ын даргаар томилогдсоноосоо хойш хэвлэлд ярилцлага өгөөгүй. Сүүлийн үед МИАТ, Татварын ерөнхий газрын ажилтнуудтай холбоотой гээд олон дуулиантай хэргийг танайхан шалгаж эхлээд байгаа. Тэгэхээр энэ хугацаанд ямар ямар, ажил хийв ээ гэдгээс яриагаа эхэлбэл зүйтэй байх? 
-Авлигатай тэмцэх газрын ажлын тоон мэдээ, үйл ажиллагааны үр дүнгийн талаарх тайлан манай байгууллагын цахим хуудаст байгаа учир тоо ярихаас илүү үр дүнгийн талаар ярьж, хэлэх нь зөв байх. Тухайлбал, 52.7 тэрбум төгрөгийн хохирол бүхий эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр буюу шүүхэд шилжүүлсэн хэрэг нь урьд онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт байна. Гэмт хэргийн улмаас учирсан 8 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг бодитоор төлүүлсэн буюу төлөгдөх нөхцөлийг хангаж ажиллалаа.  Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний мөнгийг төрд буцаан авах нөхцөлийг хангасан. Төрийн албаны шат, шатны дарга, удирдах албан тушаалтанд холбогдох эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт өмнөх онуудтай харьцуулахад нэмэгдсэн байна.  Өнөөдөр ч дээрхийн адил албан тушаалтан төдийгүй томоохон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, тэдний үйл ажиллагаатай холбоотой цөөнгүй хэрэг дээр ажиллаж байна. Өнгөрсөн 2012 он ээлжит сонгуулийн жил байсан болохоор ч тэр үү иргэд, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл дотор төрийн албан тушаалтны үйлдсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл олон байлаа.
Мэдээллийн агуулга, эрүүгийн хэргийн илрүүлэлтэд жил тутам өөрчлөлт, дэвшил гарч байна.

-АТГ-ын мөрдөн байцаагчдын ур чадвар ямар төвшинд байна вэ. Шинэ удирдлага томилогдоод бүтэц, зохион байгуулалтын  өөрчлөлт хийж, зарим мөрдөн байцаагчийг чөлөөлсөн? 
-Мэдээж суралцах, мэргэших, улам чадваржуулах шаардлага байгаа ч боломжийн баг бүрдүүлсэн гэж ойлгодог. 2011 оны арванхоёрдугаар сарын 2-нд тушаал гаргаж байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн Мөрдөн шалгах хэлтсийн албан хаагч нарын орон тоо цөөрсөн. Тиймээс 24 мөрдөн байцаагч байсныг цөөлж 16 болгосон. Ачааллыг харгалзаж үзээд бусад албад руу, дотроо шилжүүлэх байдлаар зохион байгуулсан. Тэнцвэртэй, жигд ачаалалтай ажиллах нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно. Би хувьдаа боловсон хүчний зөв сонголт хийсэн, шалгуур даах мөрдөн байцаагч нар ажиллаж байна гэж хэлнэ.

-2007 онд байгуулагдсан энэ газ­рын үйл ажиллагаа сүүлийн 1-2 жилд эрчимжиж байгаа гэдэг. Өмнө нь “АТГ акулуудыг барьж чаддаггүй, жараахайн ангуучид” гэж хүртэл ярь­даг байсныг та бүхэн өөрчиллөө. Анх удаагаа төрийн өндөр албан тушаал­тан, тэр дундаа төрийн тэргүүн бай­сан хүн авлигын хэргээр ял авлаа. Цаг хугацааны хувьд ингэж таарав уу, эсвэл өөр хүчин зүйл байв уу? 
-Монгол Улсын Ерөнхий­лөг­чөөр ажиллаж байсан, ир­гэн Н.Энхбаярт холбогдох эрүү­­гийн хэргийг цагдаагийн бай­гууллагатай хамтран мөрдөн шал­гасан. Харь­цангуй өргөн хү­рээ­тэй, ажиллагаа ихтэй, АТГ дан­гаар харьяалан шалгах хэргийн хү­рээнээс хальсан үйлдэлтэй байсан. Өмнө нь цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад манайд шилжүүлсэн эрүүгийн хэрэг л дээ. Энэ хэрэг хуулиар тогтоосон хугацаандаа шийдэгдсэн. Хэргийг шалгасан байгууллагын даргын хувьд хуулиар тогтоосноос өөр цаг хугацааны буюу бусад хүчин зүйлийг олж харахгүй байгаа. 

-ҮТЕГ-ын  дарга нарыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж,  цагдан хорьсон. Одоогоор тэрбумаар тоологдох  татварыг  нуун дарагдуулсан гэхээс өөр дорвитой мэдээлэл алга. Тэдэнд тэрбумаар тоологдох авлигыг ямар компаниуд өгсөн бэ гэдэг яах аргагүй олны анхаарлыг татаж байна. Яг ямар хэрэгт буруутгаж байгаа юм бэ?

-ҮТЕГ-ын зарим удирдлагуудыг бусдаас хээл хахууль авсан, хууль бусаар хөрөнгөжсөн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргүүдэд шалгаж байна.  Ажил хэргийн хүрээнд олон хүнтэй харилцаж байсан, цөөнгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгаж акт, дүгнэлт гаргасан гээд шалгаж мухарлах зүйл ихтэй. Цаашдаа үргэлжлүүлж шалгаж тогтоох зүйл нэлээд бий. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй  зүйл ярих хэцүү.

-Бас яагаад одоо л энэ хэргийг шалгаж байгаа юм бэ, сөрөг хүчнийхэн эрх баригчид хоморголон төрийн албан тушаалтнуудыг хэлмэгдүүлж байгаа юм биш биз гэсэн яриа гараад байгаа шүү дээ? 

-Өнгөрсөн 2012 онд улс төрийн хоёр ч сонгууль болсон. Энэ сонгуулиудын үр дүнг үндэслэн одоогийн төр засаг бүрдэхийн өмнө төрийн албаны удирдах албан тушаалын 90 гаруй хувь нь МАН-ын харьяалалтай байсан тухай судалгаа гарсан. Энэ тохиолдолд таны асуусны адил яриа гарах нь энгийн үзэгдэл. Хэлмэгдүүлэхийн тухайд иргэдийн, тэр дундаа төрийн албан хаагч нарын эрх зүйн ухамсар, мэдлэг дээшилсэн, хүний эрхийг дээдлэх болсон энэ цаг хугацаанд хэтэрхий үл авцалдах үг.  

-Уучлаарай, дахиад л зайлшгүй асуух ёстой асуулт. Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын хүмүүст ял оноолоо. Нэлээд маргаантай байсан энэ хэргийг  шалгаж, шүүхээр шийдвэрлэсэнд олон нийт талархаж хүлээж авсан.  Гэхдээ золиосны хүмүүст ял өгөөд жинхэнэ хариуцлага хүлээх хүмүүс ард нь сугарч үлдлээ, жинхэнэ эздийг нь хаацайлаад үлдлээ гэсэн хардлага бас байна? 

-Эрүүгийн хэргийг мөрдөн байцаагч тал бүрээс нь, бүрэн гүйцэд, шуурхай шалгах үүрэгтэй. Хууль бус үйлдэл, үйл ажиллагааг нотлох баримтыг  гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх ёстой. Ийм л үүргийн нэгдэл дор ажил явагдаж, үүрэг хэрэгждэг. Тийм учраас завсрын буюу золиосны этгээд хариуцлага хүлээгээд өнгөрнө гэдэг байж боломгүй. Өнөөгийн тогтолцоонд аль нэг хуулийн байгууллагыг нь аргалаад бодит үнэн, эзэн нь хаацайлагдаад өнгөрнө гэж байхгүй. Манай газрын шалгалтаар тогтоогдож, шүүхээр хүчингүй болгож хураасан 106, хахуулийн зүйл болсон лицензүүд гээд нийт 111 лиценз бүхий талбайд шударга, дахин хуваарилалт хийгдэх боломжтой болсон.  Өөрөөр хэлбэл, хэдхэн хүн хуваагаад авчихсан зүйлийг төр мэдэлдээ буцаан авснаар дахин хуваарилах боломжтой болсон.

-Баахан дуулиан дэгдээж шалгасан хэрэгт шүүх хэтэрхий бага ял оноочихдог гэсэн шүүмжлэл байнга гарч байна. Хэдийгээр шүүн таслан ажиллагаа хэнээс ч хараат бус ч гэлээ та үүнд юу хэлэх вэ?

-Шүүн таслах ажиллагаа, шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглосон. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж, шүүгдэгч этгээдийн гэмт үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг олон нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, оногдуулах ялын хэмжээг тодорхойлдог. Тийм учраас би хөндлөнгөөс дүгнэлт хийх нь зохимжгүй ч авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг судалдаг, дүн шинжилгээ хийдэг ажил дутагдалтай байхыг үгүйсгэхгүй.

 -Одоо дахиад 91 хайгуулын тусгай зөвшөөрлийн хэргийг шалгаж байгаа гэж мэдээлсэн. Гэтэл Захиргааны хэргийн шүүгч нарыг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэгдэж байна. Яагаад гэвэл гэм буруутай эсэхийг нь та нар бус тэд тогтоодог шүү дээ.

-Хуулийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлж тайлбарлах, хуулийн зөрчилтэй зохицуулалт, шүүхийн шийдвэрээр халхавчлан хууль бус үйлдэл, үйл ажиллагааг зөвтгөхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч төдийгүй, хяналт тавьж үйлчлэх ёстой төрийн албан хаагч нар оролцон хийж ирснийг энгийн иргэд, геологи, уул уурхайн салбарынхан ам дамжин ярьсаар удаж байна. Энэ хүрээнд дүгнэлт хийхийг зорьж, мөрдөн шалгаж байна. Лиценз тус бүр дээр шалгах шаардлага ч гарч магадгүй.

-АТГ-аас албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг жил бүр авдаг. Өнгөрсөн жилээс хувийн ашиг сонирхлын мэдүүлэг авч эхэллээ. Энэ танай ажилд түлхэц болж чадах уу. Эсвэл ХОМ зүгээр нэг архивын бичиг баримт болоод байна уу? 
-Товчхондоо хөрөнгө орлогын мэдүүлэг авч эхэлсэн нь чухал ажил болсон гэж үзэж байгаа. Энэ баримт бичиг архивын баримт бичиг үү гэвэл мөн.
Гэхдээ бид долоон жилийн хуга­цааны мэдээллийн баазтай бол­чихлоо. Өнгөрсөн жилээс ху­вийн ашиг сонирхлын мэдүүл­гийг авч эхэллээ. Тиймээс албан ту­шаалтнуудад бултах арга байх­гүй. Энэ жилээс мэдүүлгийг ца­хим хэлбэрт оруулсан учраас хууль бусаар хөрөнгөжих, албан ту­шаа­лаа ашигласан хэргийг ил­рүүлж  шалгахад дөхөм болж бай­гаа. Түүнээс гадна хувийн ашиг сонирх­лын мэдүүлэг болон хөрөнгө орло­гын мэдүүлгээ худал мэдүүлсэн, цаг хуга­цаа хоцроосон  зэргээс олон хүнд арга хэмжээ авагдсан.  Хуулийн  на­рийн зохицуулалтууд бий шүү дээ.

-“Саусгоби сэндс” компанитай холбоотой хэргийг тусад нь шалгаж байгаа гэсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаанд ахиц гарч байна уу? 
-Д.Батхуяг нарт холбогдох эрүү­гийн хэргээс тусгаарлаж авч үлдсэн хэ­рэгт мөрдөн байцаалт явуулж бай­гаа нь үнэн. Тодорхой үр дүн гарч байна.

-МАХН-ын дарга Н.Энх­баярын  хэргийн асуудлаар хэд хэ­дэн хүнийг интерполоор хайж бай­сан. Гэтэл Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянгийн Интерполд илгээсэн захидал нэг хэсэгтээ шуу­гиан тарьсан. Дэд сайдад холбогдох энэ хэрэг юу болж байна вэ? 

-Хууль зүйн дэд сайдад холбогдох эрүүгийн хэргийг ажиллагааных нь явцад прокурорт танилцуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байна. Удахгүй шийдвэрлэх боломжтой хэрэг.

-ИНЕГ-ын өмнөх удирдлага, зарим нэг албан тушаалтныг та­найх шалгаж байгаа. Гэвч хэн нэг­нийг цагдан хориогүй байна. Хан­галттай нотлох баримт бүрдэхгүй байгаа хэрэг үү? 
-Гэмт хэрэгт холбогдол бүхий этгээдийг хуульд заасан тодорхой үндэслэл, шаардлагыг харгалзан барив­чилж, цагдан хорьдог. Өөрөөр хэл­бэл, үндэслэл бүрдсэн хэдий ч шаард­лага гараагүй бол хүний эрхийг заавал хязгаарлахгүй. Тэгэхээр хан­галт­тай нотлох баримтгүй гэхээс илүү шаардлага гараагүй гэж ойлгох нь оновчтой юм. Хэргийг мөн удах­гүй прокурорт шилжүүлнэ. 

-Генерал Т.Дашдэлэгийг шал­гаж байгаа гэх мэдээлэл цацагдлаа. Уг нь энэ асуудал өмнө нь яригдаж бай­сан ч сураг тасарсан. Дахин яагаад сэргээн шалгах болов гэдэг ха­риулт нэхэж байна. Цагдан хорь­сон гэх мэдээлэл ч бас гарсан.
-Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэрэгт нэмж тодруулах зүйл гарснаар хэргийн мөрдөн бай­цаалтыг сэргээсэн. Хэрэг нь өөрөө нууцын зэрэглэлд хамаарах учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бо­ломж­гүй. Нэг хүнийг цагдан хориод байгаа. Юутай ч хэргийн нөхцөл бай­дал тодорхой болсон.

-Сүүлийн үед шалгагдаж буй авлига, албан тушаалын хэр­гүүдийг хараад байхад  танил тал, ах дүү хамаатан садны  хүрээлэл холбогдоод байх шиг. Бас хэрэгт холбоотой гэгдэж бай­сан хүмүүс нь гадаад улс орон руу зугтаж байна, зугтах вий гэсэн бол­гоомжлол бий. Олон улсын хууль хя­нал­тын  байгууллагатай хэр хамтран ажиллаж байгаа вэ? 

-Даяарчлалын эрин үед авлигын гэмт хэрэг нь хил хязгаар үл хар­гал­зан үйлдэгддэг учир илрүүлэн шал­­гах, мөрдөхөд олон улсуудын хам­т­ын ажиллагаа зайлшгүй чухал. Авли­гын эсрэг НҮБ-ийн конвенцид га­даад хамтын ажиллагааны талаар бү­тэн бүлэг бий. Энэ бүлгээр зохи­цуулсан олон улсын ажиллагааг хэрэг­жүүлэхдээ тухайн улсыг тө­лөө­лөх байгууллагаар дамжуулан нө­гөө улсдаа хүсэлтээ гаргадаг. Гэ­тэл Монгол Улсын тохиолдолд тө­лөөл­лийн эрхийг Хууль зүйн яаманд олгосон байгаа нь хэргийн мэ­дээлэл, нууц задрах эрсдлийг да­гуулж болзошгүй тул манай улсын тө­лөөллийн асуудлыг эргэж харах хэ­рэгтэй санагддаг. Хараат бус, бие даа­сан, төрийн тусгай байгууллагын хувьд АТГ энэ чиг үүргийг хэрэг­жүүлэх бүрэн боломжтой. Гадаад хам­тын ажиллагаа нь мөн эрхзүйн тус­лалцаа харилцан үзүүлэх гэрээ, Ин­терполын шугамаар хамтран ажил­лах зэрэг олон хэлбэрээр давхар хэрэг­жиж байна. 
НҮБ-ын мансууруулах бо­дис, гэмт хэрэгтэй тэмцэх газар бо­лон Дэлхийн банкаас хамтран бай­гуулагдсан “Star” санаачлага буюу хул­гайлагдсан хөрөнгө илрүүлэх бо­лон буцаан олгох ажиллагаанд олон улсын төвшинд зөвлөгөө, дэмж­лэг үзүүлдэг байгууллагатай  хамт­ран ажиллах болон техникийн тус­лалцаа авах хүсэлтийг өнгөрсөн оны 10 дугаар сард АТГ тавьсан. Энэ асуу­дал бидний хувьд харьцангуй шинэ, үнэ­нийг хэлэхэд онолын болон прак­тик туршлага багатай байгаа. Тус бай­гууллагын ахлах шинжээчид энэ оны нэгдүгээр сард ирж ажиллаад яв­сан. Бидний хамтын ажиллагаа үр дүнтэй үргэлжлэх баттай суурь та­вигдсан бөгөөд цаашдын чиг ч то­дорхой болж байгаа.

-АТГ-т шалгасан УИХ-ын ги­шүүдтэй холбоотой хэрэг шүү­хээр шийдвэрлэгдсэн нь  бараг үгүй. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох хэрэг нэ­лээд удаж байж шүүхийн шатанд ир­сэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаачихлаа. 
-УИХ-ын болон Засгийн газ­рын цөөнгүй гишүүд эрх мэдлээ урвуулсан, эсхүл гишүүнээр сон­гогдохын өмнө хийсэн үйлдэлдээ шалгуулж байсан. УИХ-ын ги­шүүнийг эрүүгийн хариуцлагад тата­хад үүсдэг гол хүндрэл бол түүний халдашгүй дархан байдал. Тиймээс эрүүгийн хэрэг тухай бүр, бүрэн эрхийнх нь хугацаанд шийдэгдэхгүйд хүрдэг. Монгол Улсын Үндсэн хуу­лийн цэц өнгөрсөн онд эрүүгийн бай­цаан шийтгэх ажиллагаанд хөн­дөгдөх гишүүний халдашгүй бай­далд хамаарах зүйл, заалтыг хүчин­гүй болгож, дахин хуульчлах болом­жийг УИХ-д олгосон ч одоог хүр­тэл шинээр дахин хуульчилж амжаагүй байна. Ийм тохиолдолд УИХ-ын гишүүний тангараг өргөсөн этгээдийг бүрэн эрхийн хугацаанд нь эрүүгийн хариуцлагад татах бо­ломж­гүй. УИХ-ын гишүүн асан Д.Дон­догийн хэргийг манай газраас мөр­дөн шалгаагүй тул тайлбар хийх нь зохимжгүй.

-Н.Энхбаярын хэрэгт хамаа­ралтай Т.Билэгт, Н.Болормаа, Ц.Батбаяр нарын асуудлыг тус­гаа­рлан шалгаж байгаа. Гэтэл Н.Энхбаярт холбогдох хэргийг шал­гаж эхэлсний дараа Т.Билэгт га­даад улс руу гарчихсан. Энэ нь мөр­дөн байцаалтын ажиллагааг зог­сонги байдалд оруулаад байна уу. Т.Билэгтийг гадаад руу гарахад АТГ,  хил гаалийнхны ажлын уял­даа холбоо муу байсан нь нө­лөөлсөн юм биш үү?

-Т.Билэгтийн тухайд хэрэг ма­най байгууллагад ирэхээс өмнө тэ­рээр эмчилгээ хийлгэхээр гадагш яваад эргэж ирээгүй. Тийм болохоор бай­гууллага хоорондын уялдаа холбоонд нөлөөлсөн зүйл байхгүй.    

-Цаг хугацааны  хувьд яг яаж таарч байгаа вэ? 

-Өмнө нь энэ хэрэгт цагдаагийн  байгуул­лага эрүүгийн хэрэг үүс­гээд шалгаж байсан. Тэр үед Т.Би­л­эгтээс гэрчээр мэдүүлэг авч бай­сан юм билээ. Дараа нь хэргийг  АТГ шал­гаж эхлэх үед Т.Билэгт гадаг­шаа эм­чилгээнд явчих­сан байсан.

-Намуудын нэг нэгнээсээ өшөө хонзон авах хэрэгсэл нь АТГ бол­лоо гэж улстөрчдийн зүгээс шүүмж­лэх юм. Үнэхээр улс төрийн нө­лөө байна уу, эсвэл сүүлийн арав га­руй жилд МАН эрх барьж, тэр хэ­рээр тэдний намтай холбоотой хү­мүүс төрийн албан тушаал хашиж байсан болохоор ингэж таарав уу? 
-Бид Авлигын эсрэг хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж байгаа. Аль нэг нам, эвслийн хэрэг­сэл, жад, сүлбүүр байгаагүй, байх ч ёсгүй. Харин ч эсрэгээр шударга ёсыг эрхэмлэж буй хэнтэй ч хамтран ажиллахад хэзээ ч бэлэн.

-Арав гаруй аймгийн Засаг дар­гыг  шалгасан. Заримынх нь хэ­­рэг хэрэгсэхгүй боллоо. Үндэс­лэл муу­тай гомдол мэдээлэл ирс­нээс ийм асуудал үүсээд байна уу?
-Гомдол өгсөн иргэний мэ­дээл­лийг үндэслэлгүй гэхээс илүү гомдолд дурдагдаад байгаа харил­цааг зохицуулж буй эрх зүйн орчны хийдэл, хуулийн зөрчилтэй зохицуулалт, хууль хэрэглээнд гарч буй алдааг шалгуур болгож харах хэрэгтэй байна. 

-Авлигатай тэмцэх газар УМБГ, ЭЦГ гэх мэт хууль хянал­тын байгууллагатай уялдаа холбоо­той ажиллах тал дээр юу хийж байна вэ. Сүүлд ҮТЕГ-ын дэд дар­га асан Ж.Батбаярын хэргийг УМБГ-тай хамтарсан ажлын хэ­сэг гарган ажиллаж байгаагаас өөрөөр хамтарч ажиллаж байна гэж дуулаагүй? 

-Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, мэдээ, мэдээлэл солилцох, оргон зайлсан этгээдийг эрэн сур­валж­лах, баривчлах гээд олон чиглэлээр хууль хяналтын бай­гууллагууд хамтран ажиллаж ирсэн. АТГ ч боломжтой бүхий л хэлбэрээр хамтран ажиллаж байна.

-АТГ-ын анхны дарга учир битүүлгээр амиа алдсан, дараа­гийн дарга нь хууль зөрчсөн гээд ял сонсчихсон. Ийм нөхцөлд  энэ газрыг удирдахаар томилогдох хүнд байв уу? 
-Богино түүхтэй харамсалтай асуу­дал л даа. Миний хувьд цагдаа, хууль хүчний  байгууллагад олон жил ажилласан учраас томилгоог ту­­шаал гэж ойлгож хүлээж авсан.  Нэ­гэнт төр энэ  ажилд томилсон учраас хариуцлагатай ажиллах л чухал.

-Танд болон мөрдөн байцаагч­дад заналхийлэл, дарамт ирдэг л байх даа? 

-Тодорхой хэргүүд  шалгаад эхлэхээр мөрдөн байцаагч руу чиглэсэн  зүйлүүд гарах нь бий. Нийтэд мэдээлэхгүй байгаа ч байгуул­лага дотроо үүнд маш их анхаарал тавьж байгаа. Шаардлагатай бол ил гаргаж тавина. Манай албан хааг­чид хуулиар хүлээсэн чиг үүргээ чин шударгаар, бусдын нөлөөнд авталгүй, зоригтойгоор биелүүлдэг.

-Авлигын эсрэг хуульд өөрч­лөлт оруу­лах хэрэгтэй гээд л бай­на. Чухам хаана нь  учир дутагдал байна вэ? 

-Авлигын эсрэг хуульд төрийн дэмжлэг, оролцоог төдийлөн тусгаж өгөөгүй, манай байгууллагад л зо­риул­сан хууль. Тиймээс төр бодло­гоор дэмжих асуудлыг хуульд оруу­лах нь чухал. Төрийн бүх шатны байгууллагын  оролцооны асуудал дутагдаж байна. Манай газар хөдөө орон нутагт салбар, нэгж байхгүй. Гэтэл сүүлийн үед уул уурхай дагасан авлига, албан тушаалын гэмт хэрэг хүрээгээ тэлж байна. Нөгөөтэйгүүр орон нутгийн удирдлагуудын төсвийн эрх мэдэл нэмэгдэж байна. Тиймээс аймаг, орон нутагт, газар дээр нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хяналт шалгалт хийх зэрэг чиг үүргийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах зайлшгүй шаардлага байна. Авлигын гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн, гэрчилсэн иргэд эргээд дарга, удирдлагын дарамт, шахалтад ордог, үндэслэлгүйгээр ажил, албан тушаалаас чөлөөлөгддөг, нийгмийн халамж, үйлчилгээг тэгшээр хүртэж чадахгүй болдог зэрэг тохиолдлуудад бид эрхийг нь хамгаалж чадахгүй байна. Гэх мэтчилэн авлигын эсрэг хууль тогтоомжид нэмж хуульч­лах асуудлууд их байна.  Хууль санаачлагчдад энэ байдлаа илэр­хийлсэн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд бүрэн бүрэл­дэхүүнээрээ ирж танилцаад ойлгож хүлээж авсан.

-Авлигатай тэмцэхэд өнөөгийн тогтолцоо, хууль эрх зүйн орчин, энэ хэргийг шалгаж буй АТГ-ын хараат байдал ихээхэн чөдөр тушаа болж байна гэдэгтэй та санал нийлэх үү? 
-Эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгаа тухайд би сая тодорхой хэлсэн. Хараат байдлын тухайд АТГ-ыг УИХ бай­гуулж, удирдлагыг нь томилж байгааг хараат болсон гэж харж болохгүй. Аливаа байгууллагын ха­раат эсэхийг тухайн байгууллагын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх бүрэн эрх нь хязгаарлагдмал уу, үгүй юу гэд­гийг хэрхэн хуульчилсан байдлаар тодорхойлох учиртай. Манай бай­гууллага бие даасан, хараат бус, төрийн тусгай байгууллага болохыг Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т  тодорхойлж, үйл ажиллагааны үр дүнг УИХ-д гагцхүү мэдээлэх хэмжээнд хуульчилсан. Тэгэхээр бид хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн бүрэн боломжтой, тэгэж ч ажиллаж байгаа. 

-Монгол Улс авлигын индек­сээр сүүлийн гурван жилд 120 ду­гаар байрт жагсаж байсан бол өн­гөрсөн онд 94-т жагссан байна. Энэ үзүүлэлтэд юу  нөлөөлж байна вэ? 
-Олон хүчин зүйл нөлөөлдөг. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдаж хэрэгжсэн, Сонирхлын зөрчлийн хууль батлагдаж хэрэгжсэн, Авлигын эсрэг хуулиар хүлээлгэх хариуцлага тодорхой бус байсныг нэмж хуульчлан тодорхой болгосон, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс явуулах авлигын эсрэг үйл ажиллагаа чадавхжиж, идэвхжсэн, тухайлбал  МЗХ, ҮЭ зэргийг нэрлэх нь зүйтэй. Түүнчлэн иргэний нийгмийн хяналтыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, чадавхжуулсан,  УИХ-ын болон Ерөнхийлөгчийн, орон нутгийн ИТХ-ын сонгуулийн хуулиудад сон­гуу­лийн зардлыг ил тод болгох зэрэг асуудлыг хуульчилсан гээд эерэг үзүүлэлт гарахад нөлөөлсөн зүйл олон бий.

-Авлигатай тэмцэх амаргүй үүргийг хүлээж байгаа хүмүүсийн ажиллах нөхцөл, ахуй хангамж чухал. Энэ чиглэлд юу дутагдаж байна?
-Тогтвортой тайван ажиллахад  орчин нөхцөл чухал. Алба хаагч нарын ажиллах нөхцөл тааруу байсан. Байгууллагын өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар харьцангуй боломжтой болсон. Гэхдээ алба хаагч нарын нийгмийн асуудлыг сайжруулахаас эхлээд хийх ажил багагүй байгаа тул анхаарал хандуулж байна.

-Ярилцсанд баярлалаа.
С.ОТГОНСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

No comments:

Post a Comment