Н.Дуламсүрэн гэдэг сэтгүүлчийг манай телевиз үзэгчид, ялангуяа 30- аас дээш наснынхан маш сайн танина. Одоогийн нэрээр МҮОНТ-ийн нүүр царай болж явсан сэтгүүлчдийн нэг . Тийм болохоор Дууяаг анхнаасаа л сэтгүүлч гэж бодож явлаа л даа. Гэтэл сэтгүүлчээс гадна бас түүхч байсан юм байна лээ. Үүнийг 2011 онд Эрхүүгийн Их сургуулийн ойн баяраар тэнд очоод мэдсэн.
Ингэхэд түүхч хүн яагаад сэтгүүл зүйн салбарт “урвасан” хэрэг вэ? Эндээс яриагаа эхлэх үү?
Би бүр дунд сургуулийн сурагч байхаасаа л ‘’Архангайн үнэн” сонин, “Пионерийн үнэн” сонинд шүлэг, сурвалжлага бичдэг хүүхэд байлаа. Тухайн үед “Пионерийн үнэн”-ий эрхлэгч Дашдондов гуайгаас надад талархлын захидал их ирнэ ээ.“Идэвхтэн сурвалжлагч Н.Дуламсүрэнд мэдээ нийтлэл, шүлэг, зохиолоо явуулж байгаад баярлалаа, амжилт хүсье” гэсэн талархлын үгтэй захидал аваад хөөрч баярлана гэж тоймгүй. Сэтгүүлч болохын эхний урам хайрласан тэр захидлуудаа одоо ч би хадгалж явдаг. Тухайн үед “Утга, зохиол, урлаг” сонин Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран дунд сургуулийн сурагчдын дунд өгүүллэгийн уралдаан зарладаг байв. Халх голын ялалтын ой, хөдөөгийн аж амьдралын сэдвээр гээд олон уралдаан зохиодог, би ч долоо, наймдугаар ангийн сурагч байхдаа түүнд оролцоод нэгдүгээр байрт хүртэл шалгарч явлаа. Тэгээд л ер нь сэтгүүлч болъё гэж боддог болсон доо. Архангай аймгийн нэгдүгээр 10 жилийг төгсөөд нэгдүгээр группээр шалгалтад орсон ч сэтгүүл зүйн ангийн хуваарь ирсэнгүй. Би орос хэлэндээ сайн хүүхэд байсан.Нэгэнт хүссэн мэргэжлийн хуваарь ирээгүй болохоор МАХН-ын Төв хорооны нэр дээр малчны хүүхэд явах хуваарь дээр өрсөлдөж, ЗХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийн түүхийн ангид элслээ.Тухайн үед засаг, төрөөс малчдын хүүхдийг ихээхэн дэмжиж байсны илрэл юм л даа. Төгсч ирээд би Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд зааварлагчаар хуваарилагдсан. Эвлэлийн ажилтан гэдэг сайн зохион байгуулагч байдаг. Ажилгүй залуусыг ажилд оруулах, хөдөөгүүр явж ноос ноолуур, хадлан тэжээлийн төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж, дүнг нэгтгэх гээд гарч өгнө
дөө. Манай ХЗЭ-ийн хорооныхон өөрсдөө ч хадланд явна. Эвлэлийн ажил бол хурд, эрч хүч шаардсан сонирхолтой ажил. Өдөр бүр олон нийттэй харилцаж, бүх ажлыг манлайлан, чин сэтгэлээсээ хийх эрдмийг эндээс сурсан даа.
Эвлэлийн ажилтнууд ч үнэхээр тухайн цагийн хөдөлгөгч хүч байсан л даа. Харин эвлэлийн ажилтан бүсгүй сэтгүүл зүйн салбар руу яаж “хөрвөсөн” юм бол гэдэг сонин байна?
1987 онд Эрхүүд Их сургуулиа төгсч ирчихээд ажилд ороод удаагүй байхдаа Архангай аймгийн Хашаат суманд ажлаар очлоо. Очихдоо ирээдүйнхээ ханьтай танилцаж байлаа. Ирээдүйн нөхөр маань Хашаат суманд биеийн тамирын багш байсан. Би гэдэг хүн эвлэлийн ажлыг нь шалгах гэж очоод анх нөхөртэйгээ танилцаж байлаа. Заяаны ханьтайгаа таарахад цаг хугацаа хамаардаггүй юм билээ. Би чинь Эрхүүд таван жил сурахдаа хүнтэй үерхээгүй гэж байгаа. Харин нөхөртэйгээ анх танилцаад бид хоёр таван долоо хоногийн дотор л нэг гэр бүл болчихсон шүү. Цаг нь ирэхээр цахилдаг хөхөрдөг гэдэг шиг юм болохгүй юү. Тэгээд анхны хүүгээ төрүүлээд 1989 оны өвөл хот руу шилжсэн. Тухайн үед хот руу шилжиж ирэх гэдэг маш амаргүй байсан. Улаанбаатарт шилжиж ирээд сонинд ажиллах юмсан гэсэн бодол салдаггүй. Манай Архангай аймгийн намын хорооны даргаар ажиллаж байсан Дарамбазар гуай “Үнэн” сонинд ороход тусаллаа. Дарамбазар агсан Төв хорооны нэр дээр сургуульд явахад минь ч тусалж нөлөөлж байсан, төгсөөд ирэхэд бас тусалсанд ач санаж явдаг. МУСГЗ, нэрт сэтгүүлч Х.Цэвлээ гуай “Үнэн” сонины орлогч эрхлэгч байсан. Х.Цэвлээ гуай миний арван жилийн ангийн найз Д.Алтанчимэгийн хүргэн ах нь . Тэгээд тэр үед юутай ч ангийнхаа охиноор дамжуулаад сонины газарт нэвтрээд авлаа. Нөмөр нөөлөг нь уул шиг түшигтэй хүн дээ, Х.Цэвлээ гуай. Ингээд “Үнэн” сонины идэвхтэн сурвалжлагч боллоо. Ямар ч цалин авалгүй зургаан сар ажиллаж сэтгүүл зүйн дөртэй болоод авлаа. Энэ ажилдаа маш сонирхолтой. Өглөө бүр яг цагтаа үндсэн сэтгүүлчидтэй хамт ажилдаа ирнэ, орой ч бусдын адил зургаан цагт ажлаа тараад л. Уг нь хэн ч тэгж ажилла гэж идэвхтэн сурвалжлагчийг албадаагүй шүү дээ. Энэ хугацаанд Х. Цэвлээ эрхлэгч надад Булганд сурвалжлагаар явах анхны томилолт өгч байсан. Булган аймгийн даргатай холбоотой гомдлын мөрөөр сурвалжлага хийх даалгавар авлаа. Тэнд долоо хоног ажиллахдаа олон хүнтэй уулзаж, олон зүйл тодруулж, цуглуулсан баримт нотолгоо нь тухайн гомдол гаргасан иргэний талд төвлөрч, ямар ч байсан гартаа бичих сэдвээ оруулж аваад “Хүмүүнлэг чанарын эрэлд” гэдэг нэртэй нийтлэл гаргаж байсан. Ямар ч гэсэн Оросын цэргийн анги нүүх үеэр балгас болтлоо тонуулаад байсан Өлзийтэд бичсэн тэмдэглэл, улсад тухайн үедээ мандаж байсан Ингэттолгойн САА-н талаар “Ханхай сууц, хавтгайрсан түрээс” зэрэг асуудал дэвшүүлсэн хэд хэдэн нийтлэлтэй анхны томилолтоос ганзага хоосонгүй буцаж ирсэн дээ. Тэр үед “Үнэн” сонинд Х.Цэвлээ, Л,Түдэв, Ц.Балдорж, Б.Догмид, Б.Цэнддоо, Х.Дашзэвэг гээд маш мундаг сэтгүүлчид ажилладаг байлаа. Ингэж сэтгүүлчдийн том лабаротарид ажиллаж их ч зүйл сурсан азтай хүн дээ, би.
Дараа нь 1990 онд хоёр дахь хүүхдээ гаргаад гэртээ хоёр жил хүүхдээ өсгөсөн. Идэвхтэн бичигч хүнд албан ёсны тушаал, жирэмсний амралт гэж байх биш. Нэг өдөр Х.Цэвлээ гуайгаас ажилд ор гэсэн санал ирдэг юм байна. Тэр үед манайх гэр хороололд, нөхөр маань оюутан, хоёулаа ажилгүй хэцүү л байсан. Тэгээд “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч болсон Х.Цэвлээ гуайн нарийн бичгийн даргын ажилд орлоо. Гэтэл нарийн бичгийн дарга хийхээс гадуур сурвалжлаганд явах нь хавьгүй дээр санагдаад болдоггүй. Эрхлэгч дээр ороод “Би сурвалжлаганд явмаар байна” гээд л гуйна. Зүгээр ч үгүй эрэн сурвалжлаганд явах дуртай. Тэр үед улс даяар шатахууны хомсдолд ороод байсан. Бензиний талоныг хэрхэн шагладаг байсан талаар эрэн сурвалжиллаа. Шөнөдөө бүр жолооч нар, шатахуун түгээгч нарыг зүүдэлж, сэтгэл зүрхээ энэ сэдэв рүү бүрэн зориулж бичдэг байв. Ингээд бодохоор сэтгүүлч хүн яг хийж байгаа зүйлдээ шингэж, сэтгэлээ өгч байж бичсэн нийтлэл сайн болдог.’’Хомсдол далимдуулсан илүүдэл’’ гэсэн нийтлэл бичлээ. Сайхан гарчиг ч өгдөг боллоо. Би бол яг л Х.Цэвлээ гуайн гар дороос ургаж гарсан сэтгүүлч. Хийсэн юмаа Х.Цэвлээ гуайд шалгуулахаар өгөхөд илүү сайхан болгоод гарчиг энэ тэрийг нь солиод бүр “ургуулаад” өгнө дөө. Надад маш олон зүйлийг зааж өгдөг байсан. Нэг удаа би жүжигчин Н.Сувд гуайгаас ярилцлага аваад шалгуултал “Сувд бол жинхэнэ сувд” гэж гарчгийг нь өөрчилж өгч байж билээ. Би ОХУ-аас зочилж ирсэн нэг төлөөлөгчөөс ярилцлага аваад ‘’Шинэ найз соньхон ч хуучин нь үнэ цэнэтэй’’ гэсэн гарчиг өгсөн чинь СГЗ нэрт сэтгүүлч Б.Лигдэн гуай “хамгийн оносон гарчиг” гэж ойшоож байсныг мартдаггүй юм.
До.Цэнджав эрхлэгчид сүрхий загнуулж байсан гэж ярьдаг бил үү. Яагаад банга хүртэх болов?
Тэр үед До.Цэнджав гуай манай орлогч эрхлэгч байсан. Нэг удаа Их Британийн Анна гүнж Монголд ирэхэд “Ардын эрх” сонины орлогч эрхлэгч Цэдэн- Иш, “Засгийн газрын мэдээ” сониноос би гүнжийг дагаж сурвалжлахаар болов. Маргааш нь Цэдэн-Иш гуайн нийтлэл сонинд амжаад гарчихаж. Би болохоор тийм том айлчлал дагаж анх удаа явсан болохоор бичиж амжсангүй ээ. Тэгээд орлогч эрхлэгчдээ “Чи юугаараа дутдаг юм бэ. Адилхан хамт явсан хүмүүс аль эрт сурвалжлагаа бичээд гаргачихсан байхад” гэж ирээд сүрхий загнуулж билээ. Тэгж загнуулсан хор шарандаа шөнөжингөө сууж “Анна гүнж баяртай” гэсэн нийтлэл бичлээ. Бүр хор хөдлөөд байгаа юм чинь. Гэтэл тэр нийтлэл маань тэр ондоо оны шилдэг нийтлэл болж шагнуулдаг юм байна. Мэргэжлийн мундаг хүнээр алдаагаа олуулж загнуулах амттай бас сайхан. Бүр сэтгэл хөнгөрөөд, толгой тархи ч онгойгоод, явчихсан. До. Цэнджав гуайгаар загнуулсан нь улам их зүйлийг бодож ойлгуулж, ташуур болж, амжилт ч авчирсан гэж боддог.
Дараа нь Анна гүнжийн нутаг руу хэлний курст явсан бил үү. Ямар тохиолдлоор тийшээ явах болов ?
УИХ-ын 1996 оны сонгуулиар Ардчилсан хүчин ялж, улс төрийн том эргэлт боллоо. Огт өөр ертөнц, огт өөр харилцаанууд гарч ирсэн. Манай сонин мэдээж тухайн үеийн засаг төр, МАХН- ын талыг баримталдаг сонин байсан юм чинь. Байдал сонин боллоо. Чухам энэ хямралаас цаг хожъё гэж бодоод гадагшаа явж Английн Манчестер хотод англи хэл сурахаар одсон. Хамгийн хачирхалтай нь надад гадаадад сурахад шаардагдах ямар ч мөнгө байгаагүй. Мөнгө байхгүй мөртөө явна гээд зориглосон л бол ажил бүтдэг, надад хэн нэгэн тусалдаг, тийм зоригтой байсан. Амьдралд хөл дээрээ баттай зогсоогүй зурвас үеийг туулахад сэтгэл санаа төдийгүй санхүүгийн ивээн тэтгэгч нь миний төрсөн эгч Дулмаа байсан. Монгол савхиний дэд захирал хийдэг, ажилсаг гялалзсан инженер технологич хүн л дээ. Ямар сайндаа Улаан загалмайн нийгэмлэгийн Шура гэж эгчийгээ тоглоом шоглоомоор дуудаж инээлдэж суудагсан. Дулмаа эгчийн нөхөр намайг “Дуламсүрэн өчигдөр л талхны мөнгөгүй гээд сууж байсан чинь өнөөдөр Англи яваад өгөх юм даа. Мөн сонин юм даа” гээд толгой сэгсэрч, инээж байсан гэдэг. Ингээд бодохоор яагаад ч юм бэ, би маш их азтай хүн. Азтай хүний азарга нь хүртэл унагалдаг гэж үг бий. Бодсон санасан ажил маш амархан, санаагаар бүтдэг. Англид очоод би сониныхоо найзуудад “Энэ хугацааг боломж болгоод өөр өөрсдийгөө өсгөөд, өөр талбарт хүчээ үзээрэй” гэж бичдэг байсан.
Цоо шинэ ертөнцөд очиход ямар санагдаж байв?
Англид шинэ ертөнц, капиталист гэгдэж байсан оронд очоод шууд л соёлын шоконд орсон доо. Гудамжинд нь гуйлга гуйгаад сууж байгаа хүн хүртэл гоё харагдана. Яагаад гэвэл тэр хүн англи хэлтэй, хэлэх гэснээ хэнд ч хэлээд ойлголцоод байгаа нь сайхан. Би болохоор хэл мэдэхгүй. Эхлээд дэлгүүрт ороход урдаас ангичууд хүн рүү худлаа инээдгийг нь сурлаа. Цагийн зөрүүгээс болоод өглөө сэрэхгүй унтана. Манай Удвал эгч тэгэхэд тэнд эрдмийн ажил хийж, мастер хийхээр сурч байсан.
Намайг унтаад байхаар Удвал эгч “Босоорой босоорой. Энд доллар төлж ирж унтаад яахав” гэж хэлээд босгодогсон. Тэр үед хэлний нэг сарын курсын төлбөр гэхэд Монголын ханшаар 400-гаад мянган төгрөг. Сургалтын төлбөр тухайн үед зах зээлд хөлөө олоогүй мань мэтэд маш их мөнгө шиг санагддаг байсан. Сүүлд нь нөгөө ах эгчдээ эрхэлж дураараа өссөн айлын эрх хүүхэд чинь ресторанд аяга таваг угаадаг болов оо. Курсийнхээ төлбөрт мөнгө нэмэрлэх гэж байгаа нь тэр. Монгол дуугаа хангинатал дуулаад л өөрийгөө сэргээгээд ажлаа хийдэг байсан даа. Өдөр өдөрт нь цалин өгдөг болохоор маш их баярладаг байсан. Ёстой нөгөө Хүргэн хүү кинонд гардагаар манай хүргэн Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор баярлаж байна гэж жигтэйхэн гэдэг шиг.
Тэр үед BBC телевизийг шимтэн үздэг байлаа. Тэгээд л эрэн сурвалжлах сэтгүүл зүйг судалж эхэлсэн. Телевиз гэдэг ямар гоё, хүртээмжтэй, хүчтэй хэрэгсэл вэ гэдгийг таньж мэдсэн. Монголдоо ирээд Сэтгүүлчид бид намаар биш мэргэжлээрээ нэгдэх цаг болсон. шууд л телевизийн салбарт ажиллахаар сонгосон.За тэгээд ММ-д орлоо. Тухайн үед Монгол телевизийн дарга байсан Ц.Мөнхтөртэй уулзахад шууд л салбараа магтаад үүд хаалгаа уриалгахан нээж өгсөн. Сонины хүн байсан болохоор түүртэх янзгүй, өдөрт арван мэдээтэй ирдэг байлаа. Намайг ММ-ийн Чука ах “Гоё юм” гэж хочилдог байсан. Мэдээндээ явчихаад “Би ёстой гоё юмтай ирсэн” гэсээр л орж ирсээр байгаад “Гоё юм” гэдэг нэртэй болчихгүй юу. Хожим эрчүүд “чиний чухам юу гоё юм бэ” гээд л цаашлуулдаг байв.
ММ-ийн сэтгүүлч Дуламсүрэн улс төрийн хүрээний нэртэй нэртэй хүмүүсээс их ярилцлага авдаг байсан санагддаг. Тийм биз?
Тухайн үед Монгол Улсын зургаан ерөнхий сайдтай хийсэн шууд нэвтрүүлэг миний томоохон ярилцлага болж байсан юм. Нэвтүүлэгт М. Энхсайханаас бусад таван ерөнхий сайд ирж оролцож байсан. Монгол улсын Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж ажиллаж байсан үе. Наадмын өмнөхөн долдугаар сарын 9-ний өдөр ярилцлагадаа шууд орж орон даяар цацаж байсныг үзэгчид санадаг юм билээ. .Ярилцлагын дараа Монгол телевизийн программын дарга, найруулагч Г. Жигжидсүрэн гуай надад “За чи өөрийгөө баталгаажууллаа. Баяр хүргэе” гэж хэлснийг огт мартдаггүй юм. Хэдэн жилийн дараа БНСУ-д байх үед Монгол улсын начин Шаравын Дорждамба тааралдаад намайг тэр нэвтрүүлгээр минь таньж, сайшаан магтаж байсан нь телевиз гэдэг бол маш хүртээмжтэй төдийгүй бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн хаан нь юм байна гэдгийг ойлгуулсан. Нэвтрүүлэг маань маш хүчтэй нэвтрүүлэг болж чадсан юм болов уу гэж би боддог.
Дараа нь МРТХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн асан, одоо “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд томилогдсон юм. Б.Ганболд даргад төсөл бичиж өгөөд Программын захиргааны дарга болох хүсэлтэй байгаагаа уламжилсан. Б.Ганболд дарга ч надад итгэл үзүүлж, хүссэн ажилд минь томилсон. Тэр үед өрөөндөө ер зүгээр сууж чаддаггүй байсан юм. Яг л ажилтайгаа тулж, ажлаа мэдэрч, одоо бодоход өөрийгөө их махалж ажилладаг байж. “Гэрэлтэй цонх”, “Өглөө хөтөлбөр” зэрэг олон сайхан нэвтрүүлгүүд гарч эхэлсэн дээ, миний үед. Сүлжээний олон хөтөлбөрийг шинэчилж, Ц.Балдоржийн нэрэмжит шагналт сэтгүүлч П.Алтанцэцэгийг Эрэл ТВ-д байхад нь дуудаж ажиллуулж байлаа. Алсын хараатай л байж гэж боддог. Учир нь одоо Алтаа маань нэрт сэтгүүлч Амбасэлмаа гуайн нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хийж хөдөө хөхөрч гадаа гандаж явдаг ч хамгийн үнэтэй сэтгүүлч болсон.
Б.Ганболд даргаас сүүлд уучлалт гуйх хэрэг гарсан гэдэг шүү дээ. Юунаас болсон юм бэ?
Сэтгэл байвч туршлага бага, санаа байвч сачий хүрэхгүй олон бэрхшээл тохиолдож л байлаа. “Амар байна уу гэсэн биш гай болов” гэдэг шиг өөрийг нь томилсон Б.Ганболд даргынхаа гарын аяыг даахгүй, санал зөрөх явдал бишгүй гарна. Зөрчил даамжирсаар нэг өдөр ажилд авсан дарга маань намайг халчихав. Өдөр шөнөгүй хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа үнэнч албатдаа яагаад ингэж хатуурхав гэж бодохоор сэтгэл минь эгшээд болдоггүй. Харин хугацаа элэх тусам харуусал арилж харин ч миний буруу байсан юм биш үү гэж эргэн бодож, Б.Ганболд даргаасаа уучлалт гуйж нэг санаа амарсан даа. Миний алдаа юу байсан бэ гэвэл “ажлаа субботник мэт хийгээд зүтгээд л явж байхад болно доо” гээд хээвнэг явж байтал юуны өмнө дарга нартайгаа хэл амаа ололцохгүйгээр ‘’ударник’’ болно гэдэг лөөлөө гэдгийг л сайн ойлгосон.
“Сэтгүүлчнэт” гэдэг нэртэй сүлжээг байгуулж байсан. Энэ ямар учиртай сүлжээ байсан бэ?
Сэтгүүлчдээ мэргэжил боловсролын хувьд өндөр төвшинд сургая, сэтгүүл зүйг жинхэнэ иргэний сэтгүүл зүй болгоё, харилцан санаа оноогоо солилцож , томоохон тулгамдсан асуудлыг хамтарч хийж байя гэсэн зорилгоор санаачлан байгуулж байсан. Бид эдийн засаг, олон улс судлал, түүх, соёл, улс төр, хууль эрх зүйн чиглэлээр одоогийн улс төрчдийг л давж байж тэдний асуудлыг хөндөн бичнэ шүү дээ. Түүнээс биш тэдний амнаас гарч байгаа хий болгоныг тоть шиг давтаж хуулбарлан буулгаж, хүмүүст хүргэх нь хэр өгөөжтэй билээ дээ. “Өнөөдөр” сонин, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, МҮОНТВ зэрэг олон байгууллага нэгдэж, ансамбль болох хэрэгтэй. Улс орны өмнөх тулгамдсан сэдвээр хэлэлцүүлэгт нэгдэх хэрэгтэй. Хүрэх арга замаа тодорхойлоход хүчтэй дуу хоолой болох учиртай. Симфони найрал шиг өөр өөрийн дуу хоолой нэг л цэгт төвлөрч эгшиглэх юу юунаас хүчтэй бас чухал гэдгийг анзаарсан. Тэр үедээ улс үндэстний язгуур эрх ашгийг зангидах хүмүүс бол сэтгүүлчид байх ёстой гэж бодож явлаа. Сэтгүүлчид сэтгэлийн шуналгүй, сэтгэлээсээ гэгээрсэн, бодол ариуссан хүмүүс байдаг даа.
Одоогийн Медиа групп шиг юм төсөөлж явжээ дээ?
Өнөөгийн яриагаар бол Медиа групп гэсэн үг. Хэвлэлийн хурал хийж, тойрч суугаад дуусдаггүй яриа шиг яриа өрнүүлдэг байлаа. Гэхдээ тухайн үед менежмент дутагдсанаас болж цаашид үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Тэгээд ч Засгийн газрийн Хэвлэлийн албаны дарга С.Мягмар “Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгч хийх нэг сайн хүн хэрэгтэй байна. Чи тийшээ оч” гэж хэлээд намайг явуулсан юм. Тэгээд тэнд очоод шууд л хэвлэлийн төлөөлөгчөөр ажилд ороод жил гаруй болж байтал удалгүй ТV9 телевизийн захирлаар ажиллах хүсэлт ирсэн.
Эндээс таны гайхалтай амжилтууд эхэлж байгаа шүү дээ. Дараа дараалаад л телевизүүд гаргаж ирж байсан даа Дууяа. Гардаж телевиз байгуулахын гайхамшиг юу байв.?
TV9 телевизэд орох санал анх 2003 оны хоёрдугаар сард ирсэн. Тэр үед миний гар дээр ёстой л юу ч байгаагүй. Арван хуруу, атга тархи л байв. Сэтгүүлчнэтийн түрээсийн өрөөндөө TV9-ийн боловсон хүчнээ сонгон шалгаруулж, улмаар тэднийг давтан бэлтгэх сургалт явуулж эхэлсэн. Хамгийн анх над дээр ТV9-ийн гэж нэршсэн сэтгүүлч Б. Отгон ирлээ. Дөнгөж Радио телевизийн дээд сургуулийг төгсөөд ирж байсан юм. Тэгээд би зургаан сарын дотор боловсон хүчин, техник, маркетингийн албаа бүрэн хөл дээр нь босгоод, Монголд анхны 24 цагийн эфиртэй телевизийг нээж байлаа. Тэр үед манай нөхөр “Төв телевиз мянгаад хүнтэй ажиллаж байж 24 цагийн эфир гаргахгүй байхад чи 60 хүнтэй яаж дийлэх юм бэ. Амьдрал дээр болохгүй болоод л хагас эфиртэй хийж байгаа шүү дээ. Гэтэл муйхарлаад чадна гээд байх юм” гэхэд нь би чадна гэж зориглосон бол бүтээдэг, дотоод хүчиндээ найдаж байсан болохоор зургаан сарын дотор 24 цагийн эфир явуулах боломжийг бүрдүүлж чадсан даа.
Эмэгтэй хүн телевизийн дарга болж байгаагүй шахам үе шүү дээ?
Миний өмнө одоогийн УИХ-ын гишүүн Ц.Сарангэрэл ТV5 телевизийн захирал болж байсан юм. Тэгээд л удалгүй хэдэн сарын дараа би захирал болж гарч ирсэн. Тэр үед би үнэхээр чин сэтгэлээсээ зүтгэдэг байж дээ. Тайзны материал авах гээд л, мөнгийг нь хайрлаад өөрөө зах явдаг байлаа шүү дээ. Хүнд хэцүү үеийг нь туулаад босгоод ирэх үеэр эзэн суух хүн мундахгүй л дээ. Төв телевизийн дарга байсан Ц.Энхбат яг манай телевизийг хөл дээрээ босох үед ажлаасаа чөлөөлөгдөөд миний ажлыг авч байлаа. Надад юу гэж хэлсэн бэ гэхээр “Чи миний орлогч болно” гэсэн. Үнэн сэтгэлээсээ өдөр шөнөгүй зүтгэсний хариу шан ийм байдаг юм бол би энд ажиллахгүй гээд л ТВ9-ийг орхисон доо. Өнөөдөр үүнд би харамсдаггүй. Унаж байж хүн болдог, майлж байж мал болдог хойно. ТВ9 миний хүчийг сорьсон, өсгөж өндийлгөсөн, олонд намайг таниулсан хамгийн том талбар байсан.
Тэгээд Боловсрол телевизийг хөл дээр нь босгох санал ирсэн. Гэвч хоёр жил болсон ч телевиз нээгдээгүй. Яагаад гэвэл санхүүжилт байхгүй. Тэгээд л хэсэг хугацаанд завсарлаад байх үед SBN-ээс Ерөнхий продюссерийн ажилд орох, цалин ч ахиухан санал ирсэн. SBN-ийг хөл дээр нь босгоход 2 жил хангалттай байсан. Амжилттай босгосон. Тэгж байтал УИХ- ын 2008 оны сонгууль хаяанд туллаа. Надад МАХН-аас сонгуулийн сурталчилгаанд ажиллах санал ирдэг юм. Аргагүйн эрхэнд С.Болдхэт, түүний гэргий Удвал захирал хоёртоо эвтэйхэн тайлбарлаад, бид гурав Баянгол зочид буудлын Таж Махал зоогийн газарт үдэлтийн зоогоо бариад, талархлын үг сонсоод гарсан. Одоо ч бид холбоотой сайхан явдаг. Удвал хатагтай надад таалагдсан. Хүлээцтэй бас маш сэтгэлтэй, мэдрэмжтэй хүн шиг санагдсан, хүндэлж явдаг. Миний хамгийн сул тал бол нэг зүйлийг босгоод тэгээд түүнийгээ маш амархан орхиод явчихдаг. Амархан уйддаг тал л юм даа.
Би энд ажиллаж байхдаа тухайн үед хэрэг төвөгт ороогдоод байсан С.Болдхэт захирлыг авраач гэж тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр дээр орж байв. Н.Энхбаяр Ерөнхийлөгчид хандан 2 хүсэлт тавьсны нөгөөх нь 331 сумаар аялах ТВ нэвтрүүлгийн төслийг дэмжихийг хүссэн. Энэ бол Монголын сайхан орноороо аялж, нуур цөөрөм, уул нурууд, рашаан ус, эрдэс баялгийг нь бүртгэн эх орноо тоолох томоохон төсөл юм. Биднийг уулзаж байхад хажууд манай нэрт яруу найрагч З.Түмэнжаргал агсан байлцсан, их тусч хүн байсан. Ерөнхийлөгчтэй уулзахад надад тусалсан. Ид сайхан насандаа элсэнд харамсч явдаг шүү ахыгаа.
2008 оны сонгуулийн дараа УИХ- ын Хэвлэл, мэдээллийн албанд ирж, олон жил Төрийн ордны коридороор гэр хийсэн парламентын сэтгүүлчдийг тохилог өрөөтэй болгосныг мартдаггүй юм...
Хэвлэлийн албанд ирүүт хэдэн сэтгүүлчээ өрөөтэй болгоё гэж УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж дээр орж дэмжүүлсэн. Зүгээр ажлаа хийгээд суух биш гэр шиг тохилог байлгая гэж бодсон. Сэтггүүлчдээсээ дундаас нь мөнгөө босгоод цай ёотонгоо авчихна. Хүн орж ирэхэд барууны офисс шиг кофе үнэртэж угтсан орчинг бүрдүүлье гэж хичээсэн. Нэг мэдэхэд тал талаасаа цугласан өөр өөр хэвлэл мэдээллийн байгууллага, сонин, сайт, телевиз, радиогийн сэтгүүлчид нэгэн байгууллагад байгаа мэт нэгэн сайхан гэр бүлсэг баг бүрдэж байлаа. Сэтгүүлчид Төрийн ордноос тухайн сонин, телевиз, сайтдаа мэдээллээ шууд дамжуулах нь 2 талдаа ашигтай. УИХ-ын мэдээ мэдээлэл иргэдэд шуурхай хүрнэ. Нөгөө талаар сэтгүүлч редакц руугаа гүйж цаг алдахын оронд Төрийн ордноос мэдээгээ шууд дамжуулж, хөдөлмөрийн бүтээмж эрс дээшилсэн гэж санадаг. Парламентын сэтгүүлчид бол төр засгийн шийдвэрийг бодитойгоор хүргэх томоохон хүч. Утас ээрдэг нь тэдэнд байна, уурга барьдаг нь манайд байна гэдэг шиг харилцан түншилж ажиллах боломжийг олгож чадсан. Би ч сэтгүүлчдийнхээ ‘’өндөр ээж’’ аятай цай, кофег нь чанаж ундаалж байхдаа жаргалтай байлаа. Харин шинэ парламентын үед сэтгүүлчдийн ажиллах нөхцөл дордсон сураг байгаа. Ордны зүүн жигүүрт бараг хаалгаар хөөгдөх шахам зутруу байгааг харсан ч амаа хамхиад л гарсан. Энэ бол миний төслийн нэгдүгээр хэсэг. Дараа нь сэтгүүлчдийн олон улсын сэтгүүлчдийн төв маягийн болж өргөжих төсөл хэрэгжих учиртай байлаа. Энэ нь гадаад дотоодын томоохон гүрнүүдээс ирэх элч төлөөлөгчийг дагалдан ирэх сэтгүүлчдэд мэдээ мэдээллээ дамжуулах боломж хангах зорилготой пресс төв байхаар төсөл бичсэн. Гадаадын сэтгүүлчдээр дамжин манай улс олон улсад танигдах, сурталчлагдах тул хөрөнгө мөнгөө гар татах хэрэггүй гэж үзсэн. Англи, орос, хятад хэлээр шууд харилцахад Парламент ажилтнуудаа, сэтгүүлчдээ сургах алсын зорилготой төсөл юм. Гаднын сэтгүүлчидтэй бид чөлөөтэй харилцаж, олон улсын хэмжээний сэтгүүлчид болох хөрс суурь болно гэж тооцоолсон.
УИХ-ыг Хууль сурталчлах сайхан албатай болгосон нь Дууяагийн гавьяа гэж бас боддог, тэр үнэн биз?
УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах алба байгуулж телестуди байгуулж 10 хүнтэй алба байгуулж ажлын байр бий болгосон. Би УИХ-ын Тамгын газар ажиллаж байхдаа нэг зүйлийг анзаарсан юм. 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар төрөөс хэвлэл мэдээллийг салгасан. Гэтэл төрд өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй болохоор баахан гуйврын маягаар явдаг нь анзаарагдсан. УИХ-ын дарга дээр болох янз бүрийн уулзалт, хууль өргөн барих, гадаад дотоодын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр манай хэвлэлийнхэн орохдоо их хойрго ханддаг. Төрд маань хэвлэл мэдээллийн алба байвч тэдэнд дамжуулах мэдлийн суваг, мэдээллийн хэрэгсэл алга. Гишүүд хууль сурталчлахаар орон нутагт явна. Дагаж сурвалжлах сэтгүүлчдийг царайчилна. Энэ зовлонгоос ангижрах гарцыг хайж, УИХ-ын Хууль сурталчлах алба байгуулах төсөл бичээд дарга нарт өглөө. Мэдээ мэдээллээ өөрсдөө бэлтгэж, хэвлэлүүдэд тарааж цацуулах боломж нь бүрэн хэмжээний тоног төхөөрөмж бүхий алба байгуулах саналыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Тамгын дарга Ц.Шаравдорж нар нааштай хүлээн авч, бусад УИХ-ын гишүүдийн дэмжлэгээр ажил ч бүтлээ. 10 хүнтэй алба байгуулж, УИХ-ын мэдээ мэдээлэл хэвлэлүүдээр урсах болсон.
Сэтгүүлчдийн төвөө нээж, Хууль сурталчлах албаа байгуулаад ажил сайхан жигдээрд иртэл гэнэт л албаны даргаас өргөдөл өгөөд гарсанд гайхсан шүү...
УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр Шарваа дарга дээр ороод Архангайд эгч маань сонгуульд нэр дэвшиж байна. Бас бус хүний сонгуулийн сурталчилгаанд явах шаардлагатай ч боллоо. Ерөнхийдээ төрийн ажлаас хөндийрэх санаа байна. Төрд ажиллаад хийх ажлаа ч хийчихлээ. Ингээд би сэтгүүлч Т.Баярмаадаа ажлаа хүлээлгэн өгөх бодолтой байна гээд л шууд хэлээд тавьчихлаа. Шарваа дарга баахан гайхаж байсан ч миний өргөдөл дээр цохсон.
Чамайг харж байхад дандаа нэг байгууллагыг босгоод яг ид сайхан оргилд нь хүргээд л орхисон байдаг?
Энэ бол миний сайн хийгээд сул тал. Сайн нь тулгын чулууг тавьж галыг нь бадрааж ажлыг нь дэвжээж өгөөд, дараагийн хүмүүст үргэлжлүүлэн ажиллах боломж үлдээдэг. Би өөр гарц хайж, шинэ шинэ боломж руу тэмүүлж дараагийн оролдлогоо хийж эхэлдэг. Тухайн үед би өөрийн мэдлийн сайт болон CNN шиг хүчтэй хувийн телевизийн сувагтай болохсон гэсэн том мөрөөдлөө нуудаггүй, байнга бодоостой байснаа дотны хүмүүстээ цухалзуулдаг байсан. Халуун цэг дээрээс шууд дамжуулдаг, нам харгалзахгүй бодитой мэдээлэл үзэгчдэд хүргэхсэн гэж хорхойсдог хүн. -Хараад байхад Дууяад алдаа байгаагүй юм шиг санагдаж хийгүй л гишгээд байсан болов уу Ажил нь маш хурдан бүтдэг, хүнтэй маш эвсэг харьцдаг, санасан бүхнээ бүтээдэг хүн шиг санагддаг. Гэхдээ алдаагүй хүн гэж хаана байхав алддаг л байсан бизээ
Гол алдаа гэж байсан уу?
Би алдаагаа ардаа гаргасан хүн гэж өөрийгээ боддог. Хүнээ сайн танихгүйгээр хурдан ажилд аваад, сэтгэлийн хөөрлөөр хурдан халах ч юм уу, бусдын хов живээр ажил явуулах, халуун цусаа дарахгүй омголон исгэлэн зангаасаа болоод хийтэй гишгэж байснаа эргэж бодож үзсэн. Аль болохоор алдаагаа давтахгүйг чармайсны хүчээр харьцангуй багасгасан. Байгууллага удирдахад хов живээс яаж зугтаах вэ гэж боддог. Хов жив сонсоод дамжуулахгүй яаж ‘’залгиж’’ сурах вэ гээд л бодоод л явдаг. Гэтэл эмэгтэй хүн сонссон нууцаа хадгалах хугацаа ердөө 73 цаг байдаг гээ биздээ. Ийм сорилт тэвчээр шаардсан бүхэн надад сургууль болдог. Аль ч хүний сайн тал нь 60 хувь, муу тал нь 40 хувь гэж боддог. Мууг нь шууд л хэлдэг ёстой палхийтэл нь хэлнэ дээ. Сайн талыг нь урьд магтаж хэлсний дараа нь шүүмжлэлээ дуулгахад баярлаж байвал чи удирдагч болжээ гэж өөрийгээ цэгнэх хэрэгтэй. Хүн алдаагаа хүлээхээс айх биш, алдаж байгаагаа мэдрэхгүй явахаас л айж явмаар юм билээ. Эмэгтэй хүнд түгээмэл байдаг сул талууд атаа, хорсол, шунал тачаалаа дарж сурсан. Харин одоо уур хилэнгээ жолоодоход суралцаж байгаа. Харин хүнд гомдохгүй байж сурах хэрэгтэй юм билээ. Гомдсон сэтгэл миний дотор эрхтэнг гэмтээдэг гэдгийг мэдээд аминдаа хайртай юм болохоор их л хичээдэг болсон шүү.
Ээж аавын сургаальд бүүйвэлэгдэж өссөн танхи охины хувьд аав ээжийн барилаар хүмүүжсэн нь ажиглагддаг юм. Их сайхан сургаальтай аав, ээжийн охин байжээ дээ?
Хэзээд алдагдах албан тушаал, алдар хүндэд бүү дурла гэдэг үг бий. Үүнийг би өөрийн туулсан амьдралаар мэдэрсэн. Нэг удаа нэгэн алдартан надтай ам зөрөхдөө “чамтай адил алдах алдар нэргүй хүн биш” гэсэн үг тухайн үедээ гашуун сонсогдож байвч алдар нэр хүнийг давилуун болгодгийг анзаарсан. Өнөөдрийн сайн яваадаа хүн ер нь бардах хэрэггүй гэж боддог. Ээж минь хүний хувь заяаг хяр дээр гарч харсан биш гэж ярих дуртай. Бас бардам сэтгэл баримтгүй гэж сургадаг байв. Амьдралд ирэхдээ хүн нүцгэн ирдэг, энэ ертөнцөөс буцахдаа нүцгэнээрээ одох болно. Тэгэхээр шуналын сэтгэл хэрэггүй, цуглуулсан хөрөнгөө байтугай өөрийн биеээ ч өөдөө хөөрөхдөө авч явж чадахгүй гэдгийг ухаарвал аливаад шунаж дэвтэх нь бага, сэтгэл амар амгалан явах болно. Сэтгэл үгүй бол буг болно, итгэл үгүй бол сүг болно. Амьд мөртөө үхсэн мэт явахаас айж яв. Өширхөхийн оронд өршөөж амьдар гэх мэт олон сайхан сургааль үг өврийн дэвтэрт минь бичээстэй явдаг. Хүн амьдралд гэгээрэх гэж ирдэг гээ биздээ. 45 наснаас хойш амьдралын сайхныг мэдэрч, өөдөө антенн барьж байна уу даа хэмээн боддог. 20 жил монголчууд бид нэг нэгнээ хараар будлаа, одоо хорвоог сүлж амьдрах цаг болсон гэж санаж байгаа шүү.
“Халуун сэтгэл сан” ч бил үү нэг бусдад туслах сан байгуулах санаа байгаагаа ярьж байсан. Ямар учиртай сан юм бэ ?
“Уртнасан” нэртэй сан байгуулах бодол бий. Уртнасан гэж миний ээжийн нэр. Миний ээж хүнд байнга тусалдаг олон хүүхэд эх барьж авсан, гажсан тулгар ээжүүдэд тусалсан сайхан сэтгэлтэн байв. Ээжийг минь авах гээд хөтөлгөө морьтой хүмүүс тасардаггүй байлаа. Манай аав ээж хоёр урдуураа явсныг ундаалж, хойгуураа явсныг хооллосон ачтангууд байсан. Хүнийг баян ядуу гэж алагчлахгүй, хүн талаас нь харьцах урлагийг ээж бидэнд заасан. Ээж минь хүний хүүхдийг хуруугаараа битгий заа гэж сургадаг байлаа. Учир нь өнөөдөр чи хүний хүүхдийг элдвээр хэллээ гэхэд тэр үг хожим хүүхдүүдэд чинь ирнэ гэж болгоомжлуулдаг байсан. Хүн зээлж ярьдаг юм шүү гэж сэрэмжлүүлдэгсэн. Амны хилэнц, үгийн шид гэж айхтар юм байдаг гэж сургамжилна. Тэр байтугай чи хүнээс нуугдаад, хэн ч хараагүй мэт, хэн ч үзээгүй мэт, хэн ч мэдээгүй мэт санаж нууж хийсэн муу үйлийг чинь тэнгэр харж л байдаг. Тэнгэрээс хэн ч нуугдаж чадахгүй. Хожим гэсгээл ирнэ, өөрт биш юмаа гэхэд үр хүүхдэд ирнэ гэдэг байв. Ингэж биднийг сэтгэлийн сахилгатай хүмүүжүүлсэн. Хүн гаднах гоо сайхандаа анхаардаг шигээ дотоод гоо сайхандаа зэрэг анхаарах нь чухал санагддаг. Ер нь зовлон гэдэг төсөөлөл болохоос нарийндаа хоосон зүйл гэдгийг мэдвэл амар юм билээ. Энэхүү сургаалыг олонд түгээж ядарч зовсон хүмүүст ойлгуулж улмаар оюуны болон материаллаг дэмжлэг үзүүлэхсэн гэж боддог. Одоо хэвлэлийн компани үүсгэн байгуулаад, ашиг орлого бүрдээд ирэхээр тодорхой хэмжээний хуримтлалыг төвлөрүүлээд сайн үйлст зориулье гэж төлөвлөж байгаа. Таны тус нөгөө хүний амьдралыг өөрчилдөг гэсэн үзэл санааг дэлгэрүүлье гэж боддог.
Дууяа бол том улстөрч эмэгтэйн дүү шүү дээ. Та хоёр улс төрд яаж анх орохоор болсон юм бол. Бодвол Дууяа эгчийгээ дагасан байлгүй дээ?
Манай Удвал эгч эрдмийн мөр хөөсөн хүн байсан. Эх нялхсын төвийн сайн эмч, сайн удирдагч хүн байсан. Би харьцангуй эрт 1992 онд сонинд ажиллаж байхдаа Төрийн ордонд эгчээсээ түрүүлээд ороод ирсэн л дээ. Төрийн ордон бол улс төрийн зах зээлийн сүм нь. Улс төрийн хүрээнийхэн дунд ороод явчихаж байгаа юм. 1992-1996 онд “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, хэлтсийн даргаар ажиллаж байх үед шадар сайд Пүрэвдорж агсны туслах Төрбилэг гээд залуутай ажил төрлийн сайн харилцаатай, байнга мэдээ мэдээлэл солилцдог байсан. Тэр надад гадаадад сургуульд явах хуваарь байна, чи явах уу гэсэн. Би англи хэлний өндөр төвшинд байгаагүй болохоор явах боломжгүй л гэлээ. Харин эгчийгээ тэр сургуульд нь явуулахаар шийдээд эгчдээ санал болголоо доо. Удвал эгч намайг бодвол англи хэлээр Toffel өгчих тэнхээтэй, компьютерт сайн гээд давуу тал олон байсан болохоор шууд л зөвшөөрснөөр Англид сурах гарааг нь би тавьж өгсөн. Эгч бид хоёр Төрбилэгт баярлах ёстой хүмүүс. Төгсч ирэхэд нь эгчийгээ улс төрд орохыг ятгаад, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Энэбиш агсантай уулзуулж байлаа. Ийнхүү эгчийгээ улс төрд хөтөлж оруулсан хүмүүсийн нэг гэж би өөрийгөө боддог. Би тухайн үед МАХН-ын дэргэдэх МАСЭХ- ны Удирдах зөвлөлийн гишүүн байлаа. Мэдээж нэг гэрээс 2 хүн улс төрд явах боломжгүй болохоор эгчдээ байраа тавьж өгсөн. Харин түүнээс хойш хүмүүсийг улс төрд гарахад нь тусалж, хэд хэдэн хүнийг УИХ-ын гишүүн болоход нь тусалж явсан. Улс төрчдийн ар тал болон явсаар хонины хонхорт 20 жил явлаа гээд хошигнодог юм даа.
Чамайг хараад байхад эзотерик талын их мэдлэгтэй санагддаг
Хүмүүс амьдралд гэгээрэх гэж ирдэг гэлцдэг. Хүн амьдралын мөн чанарыг танихын хэрээр мэдрэмжтэй болж эртний өвөг дээдэс, аав ээжийнхээ сургааль номлолыг илүү их санагалздаг гэлтэй. Дэлхийн олон улс орнуудаар хэрэн хэсч явсны эцсийн дүнд Монгол Улсынхаа давуу тал үүх түүхийг судалж дээдлэх хүсэл бадардаг юм билээ. Урьд нь төрсөн бие минь төрлөө мэдэхгүй, түмэн олон минь түүхээ мэдэхгүй явж иржээ гэж боддог. Гадаад орон, гадаад хүн, гадаадын бүтээгдэхүүн, гадаадын зан заншил, соёл иргэншлийг сохроор шүтдэг байв. Бас бид өнгөт дэлхийнхээ хуулийг ярих боловч бидэнд мэдрэгдэхгүй далд байгаа байгалийн хуулийг огт ярьдаггүй, танин мэдэхийг хүсдэггүй, эцэг өвгөдийн элэнц хуланцын явдал мэтээр, эрт балрын бурангуй хоцрогдол мэтээр өрөөсгөл хандсаар ирсэн санагддаг. Хүн байгалийн барилдлагыг, бидний нүдэнд харагдахгүй түмэн нууцыг ойлгож танин мэдэж эхлэх тусам бид алдаа бага гаргана. Аж амьдрал сэргэнэ, амьсгалах агаар ариусч, уух ус булаг шанд бургилна. Буцаад байгаль сэргэнэ. Самар, жимс түүлээ гэхэд сайхан мөчрийг нь хайрлаж чадна, тэр хирээр хишгийг нь хүртэнэ. Байгалиа хайрлаж ирсэн эртний өвгөдийн уламжлалт зан үйлийг хэрхэн хялбаршуулах тайлбарлаж, амьдралын хэвшил болгох боловсролыг олгох вэ гэдэгт төвлөрч байгаа. С.Оюун сайдтай уулзаад санал солилцсон. Байгаль хамгаалахдаа уламжлалт зан үйл дээр нь тулгуурласан танин мэдэхүйн чиглэлийн нийтлэл нэвтрүүлгийг ахиухан хүргэвэл нэн тустай, хүмүүс ч таатай хүлээн авна. Ингэснээр хүн байгалиа хамгаалах сэтгэлийн сахилгатай болж байж, байгалиа хамгаалж хайрлана. Байгаль хамгаална гэдэг хүний сэтгэл гэж ойлгодог. Хүний сэтгэлд ойлгуулж чадвал заавал их хэмжээний хөрөнгө хүч хаях шаардлагагүй, харуул хамгаалалтаар мануулах ч албагүй юм. Хүн сэтгэлээ манаж чадвал байгалиа хамгаалж чадна.
Алтан бумбын эрин, оюун ухааны эрин ноёлж эхэлснээр оюуны чиглэлийн ажлууд ихээхэн дэлгэрэх хандлагатай боллоо. Сүүлийн үед индиго хүүхдүүд төрж, бүр кристалл хүүхдүүд мэндэлж байна. Шинэ эриний оршин суугч иргэд төрж өсч байгаа гэж үүнийг үзэж байгаа. Үүнтэй санал нийлнэ биз?
Эцэг өвгөдийн үеэс эрхэмлэн ирсэн эрдэм ном эрхэм баян гэсэн үе сэргэж эхэлж байна даа. Сайн цаг ирж байна. Шударгаа мөлжиж, шулмасаа тахидаг байсан цаг ард үлдэх нь ээ.
Шинэхэн мэндлэх телевиз, сайтдаа ‘’Аравт’’ нэр өгсний учир юу вэ. Чамайг мөрөөдлөө биелүүлж ирээдүйн CNN-ийнхээ халуун чихийг атгаж эхэлж байна гэж миний хувьд бодож байгаа?
Орчлон ертөнцийн юмс үзэгдлийн оршихуйн жам ёс нь аравтын систем. Бидний өвөг дээдэс оршихуйн бүтэц зохион байгуулалтыг аравтаар эрэмбэлсэн нь мөнх тэнгэрээс орчлон хорвоог бүтээхдээ аравтын зарчмаар бүтээснийг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Сансар огторгуй од эрхэс гаригууд ч аравтын системээр зохион байгуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, бүтэц зохион байгуулалтын аравтын систем нь Мөнх тэнгэрээс бидэнд тулган хүлээлгэсэн оршихуйн зохион байгуулалт буюу тэнгэрийн зарлиг. Тухайлбал, нар, нарыг тойрон эргэлдэх 9 гараг нь аравтын нэг систем байх жишээтэй. Таталцал түлхэлцлийн харилцаа 10 зүйлийн дунд л хамгийн тогтвортой чанарыг олдог. Арваас олон бол харилцаа сулардаг, арваас цөөн бол харилцаа улам идэвхждэг. Аравт нь байр байрандаа байх, хамгийн тогтвортой хэм хэмжээндээ байх харилцааг бүрэлдүүлж өгдөг. Хэн нэгнийгээ биднээс давуу хэмээн ахлагчаар тавьж, хүлээн зөвшөөрөл бий болж чадвал аравт болж чадна. Аравтын ахлагч андгай өргөдөг байж. Андгайгаа зөрчвөл аравтаасаа гарч болно. Хэн нэгэн нөхөөд л явна. Чингис хаан болон түүний 9 өрлөгөөс бүтсэн аравтын нэг систем байжээ гэж бодогддог. Аравт нь босоо, хэвтээ тэнхлэгийн дагуу хамаарал чөлөөтэй. Нэг үгээр хэлбэл хас бүтцийг бүтээж байгаа учраас ТВ, сайтын логог хас тэмдэгээр хийсэн. Дөрвөн зүгээс эрчим хурааж, тогтвортой орших нөхцөл бүрддэг.
Төрсөн бие минь төрлөө мэдэхгүй, түмэн олон минь түүхээ мэдэхгүй явж ирлээ гэж чи хэлдэг. Бас зөн билгийн роман ивээн тэтгэж бичүүлсэн гэж сонссон юм байна. Ямар роман билээ?
Амбагай хааны тухай Тэнгэрийн чулуу ном бүтээлгэсэн. Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, МЗЭ-ийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Дамдины Жамъян ‘’Тэнгэрийн чулуу’’ хэмээх зөн билгийн романыг Хамаг Монгол улсын сэцэн билэгт Амбагай хааны мэндэлсний ойд зориулан бидний захиалгаар бичсэн. Бас Асар хүрээ байгуулах төсөл бичсэн байгаа. Ер нь дэлхийн жуулчдыг монгол руу татах нэг боломж бол хүчтэй явсан эцэг өвгөдийн түүх соёлыг таниулж тэрхүү агуу хүчирхэг гүрэн байсан ул мөр болсон гэр, морь нум сум, тулга зэрэг эд өлгийн зүйлийг дэлхийн жуулчид нүдээр үзэх төдийгүй дуудлага худалдаагаар борлуулах юмсан гэж боддог. Эгч ах дүүгийн хамтаар эртний хаадын монгол гэр бүтээсэн . Өөрийн барьж байсан 9911- тэй дугаараа зарж байгаад л Тэнгэрийн чулуу номоо хэвлүүлэхэд нэмэрлэж байлаа. Түүхээ ийнхүү судалж ивээн тэтгэсэн шалтгаан бол төрсөн бие минь төрлөө мэдэхгүй, түмэн олон минь түүхээ мэдэхгүй явж ирснийг ухаарсан ухаарал гэж хэлж болно. Эцэг өвгөд маань дэлхийг судалж байсангүй ээ, сургаж явжээ гэдгийг ч улам ухаарах болсон. Тэр хүч чадал хаачив гэж өөрсдөөсөө асуух цаг нь мөн. Тухайлбал,Монголын хаадын түүх шашдир Монголын нууц товчоонд Хамаг Монгол Улсын их хаан Амбагай хүндтэй байр суурь эзэлдэг. Хамаг Монгол улсыг үүсгэн байгуулсан Хабул хаан өөрийн авга ах Сэнгүм билэгийн хөвүүн Амбагай хааныг ор залгуулж, Хүн удамт төрт ёсны алтан аргамжийг атгуулсан байдаг. Амбагай хаан бол сэцэн билэгт нэгэн бөгөөд Хамаг Монголын хааны хөвүүн Хотулад хаан ширээгээ залгамжлуулан үлдээсэн нь гүн гүнзгий утга учиртай . Энэхүү залгамж халаа нь Амбагай хаан Боржигон овгийн алтан аргамжийг хэлхэж өгсөн, төр барих Их хуралдайг үргэлжлүүлсэн, Их Монгол улс байгуулагдах суурь үндсийг тавьж өгсөн төдийгүй их эзэн Чингис хааныг оюун санааны хувьд ‘’төрүүлж өгсөн’’ явдал байсныг романд уран сайхны аргаар дүрслэн өгүүлсэн дээ. Амбагай хаан Алтан улсад цовдлуулахдаа монголчуудыг нөхөр дайсан хоёроо ялган таниулж, мөнхийн захиас хэлсэн явдал юм. Ураг удмаа мэддэг тэргүүлэх үндэстэн байсан. Гэтэл одоо бусдыг шүтэж, бурхнаа бургасаар ороолгосон хүмүүс болж дээ гэж харамсах сэтгэл төрдөг ч эртний өвгөдийн сургаалыг дагаж мөрдөх сэтгэл эргэн сэргэж байгаад баярлаж суудаг.
Эрэн сурвалжлах гэдэг угаасаа чиний хобби юм аа даа?
Сэтгүүлчид бид одоо улс төрчдийн халааснаас гарч өөрсдийн мэргэжил, туршлагад найдан бие даан сэтгүүлчдийн дөрөвдэхь засаглал буюу өөрсдийн эзэмшил нутагтаа чин сэтгэлээсээ хариуцлагатай зүтгэх хувь үлдлээ. Одоо бид намаар биш мэргэжлээрээ нэгдэх цаг болсон байна Саяхан нэг хуулийн байгууллагад ажилладаг хүнтэй уулзаж байхад сэтгүүлчид худлаа бичихээ болих хэрэгтэй, хүүхнүүд биеэ үнэлэхээ болих хэрэгтэй гэсэн нь бас л бодох асуудал. Америкийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн зарчим бол АНУ-ын Мөрдөх товчооноос өмнө л урьтаж мэдэх ёстой гэсэн зарчим тавьдаг. Бас бүхнээс үнэн, бүхнээс түрүүлж хүргэх зарчим байдаг. Би сонин, ТВ, нам, яам, Их хуралд хүртэл ажиллаж үзлээ. Олон сайхан хүмүүстэй ажил төрлийн хэлхээ холбоотой ажилладаг, туршлага ч жигдэрлээ. Туршлага ихт тулгуурт нь, оролдлого ихт оройд нь гэдэг биз дээ.
Өөрсдийн ‘’газар нутгаа’’ хэрхэн буцаан авах талаар юу бодож байна
Чөлөөт хэвлэл мэдээлэл бол ардчиллын цайз гэдэг. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрөөс хараат биш болсон ч ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл улстөрчдөөс хараат хэвээр байгаа. Хэвлэл мэдээллийн талбар бол сэтгүүлчид бидний эзэмшил нутаг юм уг нь. Гэтэл бид энэ талбараа улс төрчдөд, мөнгөтэй хүмүүст алдсан нь харамсалтай. Талаар нэг тарсан тархай бутархай байдал нь үнэхээр биднийг тарамдуулж байгаа. Хэт их ачаалалттай ажилладаг болохоор нэг нэгэнтэйгээ санал бодлоо солилцох ч цаг завын хувьд дутмаг байх юм. Одоогоос 2 жилийн өмнө Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлага солигдох хурал болох үеэр энэ талбар маань улс төрчдийн халаасанд бүрэн орсоныг мэдэрсэн. Гайгүй чадалтай сэтгүүлчид маань ихэнх нь тэр намынх, бүр цаашилбал тэр шадар сайдынх, энэ Ерөнхийлөгчийнх, Ерөнхий сайдынх гээд хуваагдан талцаж, удирдлагын төлөө халуун тэмцэл өрнөж байсныг санаж байна. Талцан тэмцэж байгааг хараад үнэхээр салбараа бусдад алдсаныг мэдэрсэн. Өөрөөр хэлбэл эзэмшил нутгаа бид бусдад булаалгасан гэдэг нь батлагдаж, сэтгүүлч биднийг улс төр хэрхэн эвдэж байгааг харсан. Ер нь чөлөөт хэвлэлийг улс төрөөс хараат бус зах зээл л хөгжүүлнэ гэж боддог. Тэгээд ч өөрийгээ сэтгүүлчдийн амьдралд бүрэн зориулье гэвэл аль нэгэн намын гишүүнчлэл, харьяаллаас бүрэн татгалзах хэрэгтэй. Намын дуу хоолой болсон сэтгүүлч мэдээж тухайн намд нэр хүндтэй байж болох боловч дийлэнх хүмүүст төдийлөн таашаагддаггүй. Сонин, телевиз, сайтын уншигч, үзэгчдээ талыг нь тавьж тууе гэвэл улс төрийн аль нэг хүчинг дэмжсэн, хэт туйлширсан нийтлэл нэвтрүүлгийн бодлого явуулах нь хичээж босгосон хэвлэлийн бизнесээ сайн дураараа нураасантай адил. Гэтэл яаж байна өнөөдөр. Улаан, цэнхрээрээ талцаад л энэ сонин, ТВ, хэний талд үйлчилдэгийг хүмүүс ч андахаа больсон. Нэг их хурлын гишүүн зөвхөн ТВ-ийн арваад сувгийг эзэмшиж байвал яахав. Дээр нь хэдэн ч сонин, сайт байдаг юм бэ, бүү мэд ээ.
Үргэлж халгиж цалгиж, халуун энергиэр орчноо дулаацуулж явдаг, санасан болгон нь сэтгэлчлэн бүтдэг Дууяагийн холын том мөрөөдөл юу вэ?
Гадаадын том, том телевиз, банк шиг шил толь болсон байранд “Аравт” ТВ –ээ байрлуулаад, хажуудаа уран бүтээлчдийнхээ амьдрах байрыг бариулж, Германы ZDF телевизийн жишгээр менежмент хийнэ гэж мөрөөдөж байна. Улмаар аль ч телевизүүдэд, аль ч нам, улс төрөөс үл шалтгаалж, хэн чадсан нь энэ зах зээлд өрсөлдөн гарч ирэх боломж бүрдэнэ гэдэгт найдаж байгаа. Эцэг өвгөдөөс бидэнд өвлүүлсэн түүх соёл, уламжлалаа үеийн үед мөнхлөн үлдээхийн тулд Аравт хэмээх ТВ-ийг зориглон нээхээр шийдсэн нь орхигдсон, мартагдсаныг сэргээн бий болгож, шинэтэй хослох нь улс үндэстэн мандан бадрахын эхэн, тусгаар тогтнолын билэг тэмдэг болно гэдэгт найдаж байна.
Анхны шангаа татаж байгаа “Аравт” телевиз, сайтын ургац арвин байна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл хүсэл юу вэ?
Монголын түүх бол дэлхийн түүх байдаг. Эцэг өвгөдийн үлдээсэн эх түүхээ сэргээж монгол хүн бүр үндэсний ёс заншлаа дээдлэн явахад өстөн дайсан өврөөс ургахгүй, өнө мөнх бат орших болно. Эзэнт гүрний үед эрхэм байсан бүхэн элж холдох ёсгүй. Эх оронч, эцэг өвгөд, эх нутгаа хайрлах үзлийг суулгах зорилготой байгуулагдаж байгаа манай телевизийг дэмжээрэй хэмээн уриалах байна. ТВ өөрөө маш их зардалтай, гаргасан зардлаа бараг 20 жилд нөхдаг гэсэн судалгаа бий. Хөлжье гэж хөөрөлхсөнгүй, хөх монголоо сэрээе, хүнээр нь авч үлдэх сэтгэл өвөртлөн, зориглон хөдөлсөн минь энэ ээ. Хэвлэл мэдээллийн зах зээл бол оюуны үйлдвэрлэл мөн. Тэгэхээр төрөөс энэ салбарыг дэмжих бодлого явуулж санхүүгийн хувьд хөл дээр нь босоход бас л аливаа бизнес эрхлэгчдийн нэгэн адил урт, богино хугацаатай хөнгөлөлтэй зээлийн сантай болгох, тэр байтугай сэтгэл цагаан, зорилго тодорхой, амаргүй хөдөлмөр эрхэлдэг цөөхөн сэтгүүлчиддээ буцалтгүй зээл тусламж үзүүлэн тэтгэх халуун сэтгэлтэн төр засагт байгаа гэдэгт найдна. Эдийн засгийн хувьд бие дааж, манай салбар хөгжинө, эрүүлжинэ. Халуун сэтгэлтэй монголчууд та бүхний хэн нэг нь санхүүгийн хувьд хөл дээрээ нэгэнт босч, тэнхээтэй болсон бол сэтгүүлч бидний зориг гарган байгуулж байгаа телевиз, сайтыг дэмжин, реклам сурталчилгаагаа харамлахгүй хайрлаарай гэдгийг хүсэх байна. Өгье гэвэл өнчин ишигнээс хашаа дүүрнэ. Тус бүхэн таны эцэг өвгөдийн түүхийг хойч үедээ түгээх, ёс заншлаа сэргээж Монгол Монголоороо үлдэж, хүн нь хүнээрээ үлдэж, мөнх оршиход хувь хишиг, өглөг байх болно. Илэн далангүй ярилцлага хийсэн танай сэтгүүлийн хамт олонд урган гарч байгаа усан могой жилдээ улам сайн ажиллаж, эд хөрөнгийг биш эрдэм номыг, эцэг өвгөдийнхөө сургаалыг эрхэмлэн яваарай хэмээн ерөөе.
No comments:
Post a Comment