Wednesday, 20 March 2013

Х.Тэмүүжин: Би өнөөдөр Интерполд захидал илгээсэн

Засгийн газрын гишүүд салбарын үйл ажиллагааны талаар мэ­дээ­лэл өгдөг уламж­лал­тай билээ. Үүний дагуу өчигдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин салбартаа хийж хэрэгжүүлж буй бо­лон цаашид хийхээр тө­лөвлөсөн ажлуудынхаа талаар сэтгүүлчидтэй уул­заж ярилцлаа.

Тэрээр ярианыхаа эхэнд хуулийн салбарын шинэчлэлийг ойрын 16 жилд багтаахаар төлөв­лөж байгаа гэдгээ хэлсэн. Олон улсын жишигт хам­гийн удаан хийгддэг ши­нэч­лэл 10-20 жилд багт­даг бөгөөд энэ нь бо­ловс­ролын салбар байдаг байна. Дараагийн хуга­цаа шаарддаг салбар нь шинжлэх ухаан бөгөөд өмнөх нийгэмд томоохон байр суурь эзэлсэн эрдэм­тэдтэй байдаг учир ши­нэчлэлийг нь бараг 30-40 жилээр хардаг байна.

Гурав дахь удаан ху­га­цааны шинэчлэл нь ма­най хийх гэж буй хуулийн салбар бөгөөд бодит эрх мэдэл хуримтлагдсан бай­даг учир шинэчлэл нь удаан байдгийг харгал­зан 16 жилээр төлөвлөж буй гэдгээ Х.Тэмүүжин сайд хэлсэн.

Харин хамгийн хур­дан хийж болдог шинэч­лэл нь эдийн засгийн салбар байдаг байна.
ХУУЛЬ САХИУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИНА
Манайх хуулийн сал­бартаа шинэчлэл хийх гэж 2002 онд анх "орол­дож" байжээ. Ингэхдээ гадны орнуудын туслал­цаа болон олон улсын шахалтаар хийж байв. Гэсэн ч тухайн үеийн бо­ловсон хүчний мэдлэг боловсрол болон дэд бү­тэц нь хүлээн авах чад­варгүй байна гэх шалт­гаанаар алхах ёстой бай­сан 10 алхмын хоёрыг нь л хийгээд орхисон бай­даг.

Түүнээс хойш дор­ви­той өөрчлөлт хийгдэхгүй байсаар 2007 оноос эх­лэн МУИС-ийн эрдэмтэн профессорууд шинэч­лэлийг хэрхэн явуулах талаар судалгаа явуулж, 2009 онд хийж дуусгажээ. Үүнтэй зэрэгцэн Ерөн­хий­лөгчийн сонгууль болж, шинэ "хүн" гарч ирснээр шударга ёс, шүүхийн шинэчлэлийн талаарх асуудал улс төрд хүчтэй орж ирсэн тухай салбарын сайд хэллээ.

Өдгөөгийн өргөн ба­ригдаад буй болон бо­ловсруулж байгаа хуулийн төслүүд нь дээрх 2007 оноос эхлэн хийсэн су­дал­гааны үр дүн ажээ.

Шинэчлэлийн хэмээн нэрлэгдээд буй Засгийн газар байгуулагдсанаас хойш хуулийн салбарт хийсэн анхны томоохон шинэчлэл нь өнгөрөгч оны хавар УИХ-аас ба­тал­­сан Шүүхийн тухай багц хуулийн төсөл аж. Уг багц хууль батлагдсанаар хуульч, тэдэнтэй хол­боо­той дэд бүтцийн эрхзүйн орчин сайжирсан гэнэ.

Хоёр дахь томоохон шинэчлэл нь хууль са­хиу­лагчидтай холбоотой бө­гөөд уг шинэчлэлийг энэ хавраас хийж эхлэх аж. Хууль сахиулагч гэдэг нь манайд өмнө нь байгаа­гүй ойлголт юм. Шүүхийн тухай багц хуульд хуульч гэдэгт өмгөөлөгч, проку­рор, шүүгч, шүүхэд төлөө­лөх эрх бүхий эрхзүйн туслалцаа өгөх мэргэжил бүхий хүн, хуулийн сур­гуулийн профессоруудыг багтаасан. Харин удахгүй өргөн барих Хууль сахиу­лах тухай хуульд тусгаж буйгаар бол хууль сахиу­лагч гэдэгт цагдаа, өмгөө­лөгч, шинжээч, бай­цааг­чийг хамааруулах аж.

Дээр дурдсан Хууль сахиулах тухай болон хууль сахиулагчийн эрх­зүйн байдлын тухай зэрэг есөн багц хууль бат­лагд­санаар одоогийнхоос чиг үүргийн хувьд нарийвч­лагд­сан хууль сахиулах алба, мөрдөх алба, мар­ш­алын алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хил хамгаалах алба, онц­гой байдлын алба, гадаа­дын шилжилт хөдөлгөөн болон иргэний харьяа­лал хариуцсан алба зэр­гийг шинэ бүтэц байгуу­лаг­дах юм байна. Эдгээ­рээс мөрдөх алба, мар­ша­лын алба зэрэг нь мөн л шинэ бүтэц, нэр томьёо. Тодруулбал, мөрдөх алба нь улс дамнасан, эдийн засаг, албан ту­шаал, зохион байгуу­лалт­­тай гэмт хэрэгтэй тэм­цэх бол маршалын алба нь шүүгч, шүүхийн аюул­гүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан шүүгчдэгч, ялтныг эрэн сурвалжлах зэрэг чиг үүрэг­­тэйгээр ажиллах ажээ.
36 ХУУЛЬ БАТАЛЖ БАЙЖ ХУУЛЬ ЗҮЙН САЛБАР ШИНЭЧЛЭГДЭНЭ

Хууль зүйн яамнаас хийхээр төлөвлөөд буй өөр нэг томоохон ажил бол Эрүүгийн тухай хуулийн шинэчлэлийн асуудал юм. Олон улсын жишигт эрүүгийн гэх нэр томьёог ашигладаггүй бө­гөөд энэ удаа Гэмт хэр­гийн тухай хууль гэсэн нэршлээр оруулж ирэх аж. Үүнтэй зэрэгцэн Зөрч­лийн тухай хуулийн төс­лийг боловсруулж буй бөгөөд одоогийн манай мөрдөж буй Эрүүгийн хуулиар тухайн шүүгдэгч хүнд, хөнгөн гэсэн ял­гамж­тай эрүүгийн ялтан болдог байсан бол ши­нээр батлагдах дээрх хуулиудад аль болох шо­ронжсон байдлыг үгүй хийх, хорихоос өөр ялын хэлбэрийг түлхүү хэрэг­лэдэг байхаар тусгаж бай­гаа юм байна. Ингэхдээ онц хүнд гэмт хэргийг Гэмт хэргийн тухай хуулиар зүйлчилж, хөнгөн хэргийг Зөрчлийн тухай буюу торгох хэлбэрээр ялладаг болох гэнэ.

Эрүүгийн хуулийг ши­нэчилж буйтай холбоо­той­гоор бусад хуулиудад ч нэр томъёоны гэх мэт цогц өөрчлөлт орох тухай салбарын сайд нь энэ үеэр мөн танилцуулсан юм. Тухайлбал, одоогийн мөрдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэмээн өөрчлөх аж. Ингэс­нээр хорьж, бай­цааж байгаад хэргийг нь хүлээлгэдэг гэсэн ойлголт, арга хэлбэр үгүй болох гэнэ.

Энэ мэт хуулийн сал­барын шинэчлэлийн хү­рээнд хаврын чуулган эхэлмэгц 11 хуулийн тө­сөл өргөн барихаар бэ­лэн болоод байгаа ажээ. Ер нь манай улсын хууль зүйн салбарыг бүхэлд нь шинэчлэхэд 36 хуулийг шинэчлэн батлах зайлш­гүй шаардлагатай бай­гааг Х.Тэмүүжин сайд дуулгалаа. 
Х.ТЭМҮҮЖИН: БИ ӨНӨӨДӨР ИНТЕРПОЛД ЗАХИДАЛ БИЧСЭН 

 Ийнхүү Х.Тэмүүжин сайдыг дэлгэрэнгүй мэ­дээ­лэл өгсний  дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа. 

-Таны танилцуулж буйгаар хуулийн бай­гуул­лага нэлээд дан­хайх юм шиг байна. Урьд­чилсан тооцоогоор орон тоо хэр зэрэг нэ­мэг­дэх вэ?
-Орон тооны хувьд тодорхой тоогоор нэмэг­дэх байх. Гэхдээ дан­хайх­гүй. Энэ бол чиг үүр­гийг илүү ойлгомжтой бол­гож байгаа асуудал юм. Учир нь өнөөдөр ма­найд дээрх дурдсан чиг үүргүүдийг огт хэрэг­жүү­лэх­гүй байгаа.

-Мөрдөх алба гэхэд шинээр бий болох бүтэц юм биш үү?
-Тэр бол хүн нэмэг­дэх­гүй. Цагдаад байгаа мөр­дөн байцаах болон эрүү­гийн цагдаа хоёрыг нэгт­гээд мөрдөх алба болгож байгаа юм. Зөвхөн зохион байгуулалт нь өөрчлөг­дөнө.

-Та өнгөрөгч оны сүү­лээр Хонконг ул­сад ажлын айлчлал хий­сэн. Хэдийгээр энэ үеэр хурал зөвлөгөөнд оролцсон гэх боловч Н.Энхбаярын дүү Н.Энх­­туяагийн асууд­лаар явсан гэх мэдээ­лэл бий. Энэ хэр бодит мэдээлэл вэ?
-Хонконг руу явсан шалтгаан нь тус улстай эрхзүйн харилцааны тус­лалцаа үзүүлэх гэрээ байгуулах, нөгөө талаас тодорхой хэргүүд дээр дэмжлэг авах зорилгоор явсан. МИАТ-ийн хэрэг­тэй холбоотой байсан. Сая АНУ явсан. Тус улс­тай холбоотой авлигын шугамаар гарсан мөнгүүд Канад, Америк, Австрали, Япон, Хонконг, Сингапур зэрэг оронд үл хөдлөх хөрөнгө болчихсон бай­гаа. Тиймээс эдгээр хө­рөн­гийн талаарх мэдээ­лэл олж авах, боломжтой бол Монгол Улс руу мөн­гийг нь татаж авах ямар боломж байгаа талаар гэрээ хэлцэл байгуулсан. Олон улсад хуулийн бай­гууллагууд нь тодорхой хэргүүдийг илрүүлэх чиг­лэлд хамтран ажиллах­даа заавал салбарын сайдууд нь гэрээ хийж байж мэдээлэл солилц­дог юм.

-Н.Энхтуяагийн тухайд?
-Ерөнхийлөгч агсны дүүтэй холбоотой, интер­полоор эрэн сурвалжилж байгаа асуудлаар би өнөө­дөр (өчигдөр) захиа бичсэн. Учир нь Интер­полд төөрөгдөл үүссэн. Тодруулбал, бусад улс орнуудад Хууль зүйн дэд сайд нь ерөнхий проку­рор нь байдаг. Прокурор нь Хуульзүйн яамандаа харьяалагддаг. Гэтэл ма­най дэд сайд ийм хүсэлт тавьчихаар прокуророос ийм хүсэлт тавьж байгаа юм байна гэх төөрөгдөл үүссэн. Прокурор бол гэмт хэргийг илрүүлэх, тэмцэх, яллах чиг үүрэгтэй хуулийн байгууллага. Тий­мээс Интерполоос "Мон­гол Улсын гэмт хэрэг­тэй тэмцэх, гэмт хэрэгтэй холбоотой гол байгуул­ла­гаас ирсэн хүсэлт мөн эсэхийг тодруулах хү­сэлт"-ийг надад тавьсан. Би өнөөдрийнхөө за­хианд "Манайх Үндсэн хуулийн дагуу прокурор нь Хуульзүйн яамнаас ангид байдаг. Ийм захи­дал бичих эрхийг зөвхөн Хууль зүйн сайд эдэлдэг. Дэд сайдад ийм чиг үүрэг өгөөгүй. Тиймээс интер­полд очсон захидал төө­рөгдөл байсан. Уучлаа­рай. Бидний хүсэлт, шаард­лага хэвээрээ бай­гаа. Манай дэд сайдтай холбоотой асуудал Эрүү­гийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа" гэсэн.  

-Долдугаар сарын 1-ний гэх хэрэг ямар ша­тандаа явна вэ?

-Их төвөгтэй нөхцөл байдалд байсан. Галт зэвсэг хэрэглэсэн гэж бай­сан цагдаа нартай хол­боо­той эрүүгийн хэрэг хаагдсан. Учир нь тэд тушаал биелүүлсэн тул гэм буруугүй болж, ту­шаал өгсөн хүмүүст ха­риуцлага хүлээлгэсэн. Ийм шийтгэл хүлээлгэж, хүчин төгөлдөр шийдвэр гарсан учир тушаал бие­лүүлсэн доод шатны цаг­даа нарыг шалгах шаард­­­лагагүй болсон. Одоо харин цагдаа дотор галт зэвсэг хэрэглэх, ту­шаал биелүүлэхтэй хол­боотой дотоод сахилга баттай холбоотой асууд­лыг хэрхэн шийдэх та­лаар асуудал хөндөгдөж байгаа. Үүнийг шинээр өргөн барих Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулах гэж байна. Ингэхдээ цагдаагийн цаг­даа гэх дотоод хяналт шалгалтын албыг үүсгэж байгаа. Энэ алба бүх хууль сахиулах бай­гууллагад байгуулагдана.  

-МИАТ-тэй хол­боо­той хэргийн талаар хам­гийн сүүлийн үеийн мэ­дээлэл өгөхгүй юу?
-МИАТ-ийн хэргийг ямар явцтай байгааг би одоо шууд хэлж чадахгүй. Би бол Хууль зүйн сайдын хувьд ийм хэрэг гарсан, үүн дээр бид ажил­лаж байна л гэж хэлж чадна. Ийм хэмжээ­ний мэдээлэл өгөх эрхтэй. Харин хэн хэрхэн хол­богд­сон, ямар байгуул­лагууд байгаа гэх мэдээл­лийг би задлах ёсгүй. Зохион байгуулалттай хэргүүд нь мэдээллийг устгах байдлаар цааш явдаг тул мэдээллийг ерөн­­хийд нь хааж бай­гаад бүгдийг шүүх дээр за­далдаг. Тиймээс би ийм түвшинд байна гэж хэлж чадахгүй.

-Мөнгө угаах ямар ямар гэмт хэргүүд бай­на вэ. Ямар хэргүүдийг мөрдөн шалгах үйл ажил­лагаа нь ямар байгаа вэ?
-Мөнгө угаах гэмт хэрэг Монголд тун таагүй байгаа. Ер нь бид хүнд болон зохион байгуу­лалт­тай гэмт хэргүүдийг тавиад туучихсан шүү дээ. Ямар гэмт хэрэгтэй яаж тэмцэх бодлогоо гар­гаа­гүй, боловсон хүчнээ бэлдээгүй байсан. Ний нуугүй хэлэхэд мөнгө угаах, хүн худалдаалах, хар тамхины хэрэг Мон­голд ямар байгааг бүрэн тодорхойлж чадаагүй бай­гаа. Монгол Улс ирэх долдугаар сар гэхэд мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хэргийн та­лаарх эрхзүйн орчноо сайжруулахгүй бол олон улсын хар лист рүү орно.
Ер нь бол мөнгө угаах гэмт хэрэг манайд хавт­гайр­сан. Гэхдээ бид одоо­гоор тэр тэр гэж хэлж чадахгүй.

-ТЕГ-тай холбоотой хэргийн талаар ямар мэдээлэл байна вэ?
-Одоогоор 15 орчим тэрбум төгрөгтэй холбоо­той хэрэг шалгагдаж бай­гаа. Прокурор дээр то­дор­хой шатанд явж байгаа байх. Авлигатай тэмцэх газар надад харьяалаг­даг­гүй учир би нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна.

Т.ГЭРЭЛМАА

No comments:

Post a Comment