Улаанбаатар хотын төв номын санд явж байтал олон жил Монголдоо телевизээр харагдаагүй ММ-ийн хэмээн овгоороо олны танил болсон сэтгүүлч Ц.Сарантуяа явж байхтаа таарлаа. Алсын Америкт амьдарч байгаад Монголдоо ирсэн гэдэг сургаас өөр юмгүй байсан миний хувьд "сонирхолтой" хүнтэй таарсандаа олзуурхав. Ингээд холын хүнээс үг дуул гэгчээр уулзсан дээрээ амар мэндийг нь мэдэнгээ алс газрын сонинг нь уншигчиддаа сонирхуулья хэмээн түүнтэй ярилцсанаа толилуулья.
-Сайн байна уу? Сараа захирлаа.Тантай нэг уулзахсан гэж бодож байтал ашгүй та энд "баригдчихлаа". Ямар их ачаатай явж байх юм бэ?
-Сайн. сайн. Би баахан орос сонин,сэтгүүл аваад явж байна.
-Ямар их юм бэ? Та эндээс юм судалж байгаа юмуу?
-"Хуучин ЗХУ-ын улс төрийн систем зөв байжээ. Батбөх, цаагуураа нарийн чанд тогтолцоотой" гээд америкийн улстөрч бичсэн байсан. Уншсан уу? Ардчиллын уугуул нутгаас ийм дүгнэлт гарч байгаа нь сонин санагдаад хэд хэдэн сонин,сэтгүүл зэрэгцүүлж харах хэрэг гарсан юмаа.
-Америкт нэлээд олон жил болчихов уу даа. Тэндээ телевиз байгуулсан гэж сонссон. Сэтгүүл зүй,Америк,телевиз гээд сонирхох зүйл зөндөө байх юм.Та сая хэд хэдэн телевизээр сэтгүүл зүйд Америкаас анхдагч боллоо гээд яриад байсанаа дэлгэрүүлж хэлэхгүй юү?
-Өө,бид Америкт гэр бүлээрээ 11 жил амьдарч байгаад ирлээ. Яаж зүгээр байхав мэргэжилдээ дуртай юм болохоороо 2008 онд АНУ дахь Монгол Телевизээ байгуулсан. Гадаадад байгуулагдсан Монголын анхны мэргэжлийн телевиз болж чадсандаа баяртай байгаа. Энэ бол сэтгүүл зүйн түүхэнд гарсан шинэ үзэгдэл гарцаагүй мөн. Бидний хэсэг уран бүтээлч чөлөөт ардчилсан сэтгүүл зүй өндөр хөгжсөн Америк их гүрэнд монголын сэтгүүлчдийн орон зайг бий болгож чадлаа гэдгийг бахархан хэлмээр байна.
Энэ түүхийг эхлүүлэх гэж би олон жил бодсон.Олон ч хүний хүчийг дайчилсан.Олон ч хүнд толгой доторхоо харамгүй өгсөн. Сэтгэл зүтгэлээ нэгэн үйлсийн төлөө зориулж яваа уран бүтээлч нөхөддөө их баярлаж явдаг. Сая тэдний маань зарим нь Монголын үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн медаль, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэг хүртлээ. Удахгүй тэдэндээ гардуулж өгнө дөө. 2013 он Монголын үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн жил.Хэд хоногийн өмнө Төрийн Ордонд баярын хурлаа хийж, Их Тэнгэрт хүлээн авалт боллоо.
Олон жил уулзаагүй ижил нөхдөө хараад хийморь сэргээд байна. 100 жилийн энэ ойн босгон дээр Монголын Сэтгүүлчдийн Эвлэл гадаадад анх удаа салбараа нээж,тэргүүнээр нь намайг томилсон. Дэд тэргүүнээр нь Чикагод суугаа сэтгүүлч Д.Уранзул ажиллана. Сайхан л итгэл найдвар. Бид баяртай байгаа. Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн гадаад дахь салбар эхлээд АНУ-ын томоохон хотуудад,улмаар Европ,Азид салбарлана. Дөнгөж л эхэлж байгаа ажил.Энэ үйл явдалтай холбогдуулаад АНУ дахь Монгол Телевиз хамт олноороо гадаадаас анх удаа Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн гишүүн боллоо. 10 гишүүн батлах, тэмдгээ авч байна.Анхдагч болох энэ ажлуудаа сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүлэгч байсан олон жилийн сонгуульт ажлынхаа туршлага дээр тулгуурлаад түвэггүй хийчихнэ гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Баяр хүргэе, ямар гоё юм бэ.Та тэгээд телевизийнхээ ажлын хажуугаар амжуулах болж байна уу?
-Амжуулна даа. Би чинь цаг зав бага, ачаалал их тусмаа олон ажил зэрэг амжуулдаг хүн. Хэрэв завтай байвал тайвшраад суучихдаг гэмтэй. Бас АНУ-д Монгол эмэгтэйчүүдийн "Соёл" Холбоотой. Хэдэн ажилч охид маань холбооныхоо ажлыг түүртэлгүй авч явна. Өдөр бүр утсаар ярьж, э-майл бичилцээд ажлаа хаанаас ч явуулаад болж байна. Одоогийн цаг үед чинь цахим харилцаа өндөр дээд хөгжилдөө хүрсэн нь дэлхийн хаанаас ч ажил явуулахад ямар амар гэдгийг биеэрээ үзэж байна. Бид ийм цаг үед төрсөн азтай хүмүүс.
-Сараа захирлаа, монголын сэтгүүл зүй дэлхийн сэтгүүл зүйн хаана нь яваа бол?
-Би саяхан Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлага хийхдээ яг энэ асуултыг тавьсан.Тэр нэвтрүүлэг 3 сард гарах байх. Галаарид сэтгүүлч үүнд шүүмжлэлтэй хандаж байна лээ. Яагаад гэвэл монголын сэтгүүл зүй ухраад байна шүү дээ.
Вашингтонд миний ажиллаж байсан Дэлхийн сэтгүүл зүй,шуурхай мэдээллийн музей-Newseum-ийн донор байгууллага Freedom Forum буюу Эрх Чөлөөний Чуулган жил бүр хэвлэлийн эрх чөлөө дэлхийн улсуудад ямар байгааг 3 зэрэглэлээр гаргадаг.Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй гэж дандаа гардаг.Тэгвэл ардчиллын эхний жилүүдэд бид хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй орны тоонд орж байсан. Ухарч байна.100 жилийн түүхтэй монголын сэтгүүл зүй хуульгүй салбар.
Тэгвэл цаана чинь "Мэдээллийн эрх чөлөөг Үндсэн Хуулиар олгогдсон эрх" гээд тодорхойлчихсон бараг 100-аад улс орон байна. Ер нь хэвлэлийн эрх чөлөөний бие даасан хуультай 100 гаруй орон байдаг. Чөлөөт хэвлэлийг бид тоо ширхэгийн хувьд олон гардаг, нийтлэлийн бодлогын хувьд хэнийг ч хамаагүй шүүмжлэх нэрээр гутаан доромжилсноор ойлгож иржээ.Үүнийгээ ил тод бичиж ярьсан чөлөөтэй сэтгүүлчид гээд эндүүрчихжээ.Энэ талаар Галаарид сэтгүүлч бид хоёрын ярилцлаганд дурьдагдсан байгаа. Өөрөө завтай бол үзээрэй.
-Тэгье.Таны бодлоор сэтгүүл зүйг яаж өөд нь татаж болох вэ?
-Сэтгүүлч мэргэжлээр бодлоготой сургахгүй бол тоо хэт олширсон байна. Монголд 5 мянга гаруй сэтгүүлч байна гэв үү дээ,10 мянга ч гэлүү. 500 нь сая баярын хуралд уригдлаа.
Мэдээллийн өрсөлдөөнийг жинхэнэ утгаар нь бий болгох гэж үзэж, иргэдийн идэвхтэй оролцооны сэтгүүл зүй,одоо бараг үзэгдэхээ байчихсан эрэн сурвалжлах сэтгүүл зүйг бас эрчимтэй сэргээх гээд үзвэл яасан юм. Миний мэдэхийн 90-ээд оны өмнөхөн citizen journalism-иргэний сэтгүүл зүй анх Америкт яригдаж эхэлсэн.Өөрөөр хэлбэл иргэдийн идэвхтэй оролцооны сэтгүүл зүй юм л даа.Үүнийг Монголд,ялангуяа энэ цаг үед маш эрчимтэй хөгжүүлэх ёстой.
-Ер нь чөлөөт хэвлэлийн үзэл санаа анх хэдийнээс үүссэн гэж үздэг юм бэ?
-Бүр 1644 онд либерализмыг үндэслэгч Жон Милтон "Аэропажитика" нэртэй памфлет бичсэн байдаг.Үүнийг хэвлэлийн эрх чөлөөний үзэл санааг гаргаж тавьсан анхны бүтээл гэж үздэг.Харин 1789 онд Францын "Эр хүн ба Иргэний Эрхийн Тунхаглалд", "Хэнийг ч гэсэн үзэл бодлоо илэрхийлэх,түүний дотор шашны үзэл бодлоо илэрхийлэхийг дуугүй болгож болохгүй"."Үзэл бодлоо чөлөөтэй солилцон харилцах нь эр хүний хамгийн үнэтэй эрх юм.Иргэн бүр үг хэлэх,бичих эрх чөлөөтэйгээр хэвлэн нийтлэх эрхтэй ба хэн ч гэсэн хуулиар тодорхойлсон ийм эрх чөлөөг хавчин гадуурхах ёсгүй" гэж тунхагласан юм.
Энэ тунхаглал нэг сарын дараа АНУ-ын Үндсэн Хуулийн анхны нэмэлт өөрчлөлтүүдийг батлан гаргахад гол нөлөө үзүүлсэн гэж үздэг.1789 оны 9-р сарын 25 нд АНУ-ын Конгресс Эрхийн тухай Билл гэдэг нэртэй анхны 14 өөрчлөлтөө баталж,"Конгресс...шашин шүтэх,үг хэлэх эрх чөлөө,хэвлэлийн эрх чөлөөгөө эдлэхийг хориглосон,тайван цуглаан хийх,засгийн газарт гомдол дургүйцлээ чөлөөтэй илэрхийлэхийг хориглосон аливаа хууль гаргахгүй" гэж тунхагласан байдаг юм.
Чухам Үндсэн Хуулийнх нь анхны нэмэлт өөрчлөлт дэлхийн орнуудаас анх АНУ-д чөлөөт хэвлэл эрчимтэй хөгжих нөхцлийг бүрдүүлж өгсөн гэж үздэг.Европт бол дэлхийн 2-р дайны дараа хөгжих боломжтой болсон.Гэхдээ Зүүн Европт бол манайтай яг адилхан 90 оноос л хөгжиж эхэлсэн байдаг.Ази,Латин Америк.Африк зэрэг тивд бол дэлхийн 2-р дайнаас бүр нилээд хойно хөгжих нөхцөл бүрдсэн байдаг.
-Та Америкт 11 жил амьдарсан хүн. Америк орон болон америк хүнийг тодорхойлж хэлэхгүй юү?
-Америкийн дээр хөх тэнгэр,хууль хоёр л бий.Манайхан шиг албан тушаалтнууд хуулийнх нь дээр байхгүй.1787 онд баталсан Үндсэн Хуулиндаа цөөн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.220 гаруй жилийн түүхтэй Үндсэн Хууль нь ч бай,жижиг дүрэм журам нь ч бай ягштал хэрэгжиж чаддагаараа гайхамшиг.Тэгсэн мөртөө тухайн местэн дээр байгаа ажилтнаас хамаараад дүрэм журмын заалтаа ч мэдэхгүй тохиолдол гардаг.Хэрэв та их уншдаг бол өөрт байгаа мэдээлэл дээрээ үндэслээд баримттай ярьж тайлбарлаад өгвөл "ялалт" байгуулчихна.
Америк ая тухтай амьдрал,тавлаг орчин,хот хөдөөгийн жигд хөгжлөөрөө гайхалтай орон.Ганцхан тохиох амьдралаа тийм нөхцөлд өнгөрүүлэхээр дэлхийн сая сая хүн АНУ руу тэмүүлдэг.Тэгсэн мөртөө ихэнхи хүмүүс нь зээлийн картын өрийн торон сүлжээнд насаараа бараг байдаг.Тодорхой орлоготой байхад үүний бэрхшээл нь бага.Ажилгүй болвол шууд л "будаа" болно.Америк хүн бүх юмыг сайтар төлөвлөдөг болохоор цаг сайн барина.Худал ярина гэдэг ойлгоц байхгүй,шударгуу улс.Хүнд дандаа инээмсэглэл бэлэглэдэг.Тэгсэн мөртөө маш удаан хөдөлгөөнтэй улс.Орос,европ хүмүүжилтэй хүмүүст энэ нь баахан түвэгтэй санагддаг.
Америкт нэг өдөр нэг л ажил бүтээж байвал амжилт.За тэгээд нөгөө сайхан инээмсэглэл нь эргээд харахад заримдаа дороо унтарна.Тухайн цаг минутандаа таарсан инээмсэглэл гэж хэлэх үү дээ.Америк хүн итгэсэн хүндээ харамгүй.Тэр бүр найз нөхрөө солиод байдаггүй.Хамаг амьдралаа тааралдсан хүндээ ярьчихна.Их ярих дуртай улс.Тэгсэн мөртөө үнэгүй юманд нугасгүй.Хоолонд даах нь бэлэг өгч байгаагаас ялгаагүй.Ганцаардал ихтэй газар.Би тэгэхдээ Америк оронд дуртай.Санаж явдаг.Америк хүнийг үнэлдэг.Хүндлэн биширдэг.
-Та амьдралын энгийн мөртөө сонин юм ярьж байна.Америкаас таны хамгийн сайн мэддэг зүйл нь юү вэ?
-Дайны түүх.Аль тэртээх 1775 оны 11-р сарын 10-наас анхны дайнаа хийсэн Америк их гүрэн үүгээрээ түүхээ зузаалж байдаг.Нийт 40 гаруй удаагийн дайнаас 13 жил үргэлжилсэн Вьетнамын дайныг бид арай илүү сонсож байсан даа.Хамгийн сүүлд Ирактай 8 жил хийсэн дайн нь өнгөрсөн жил дууссаныг бүгд мэдэж байгаа биз ээ.Америкийн дайнуудаас хамгийн удаан үргэлжилсэн дайн нь 1915 оноос 19 жил Гайтитай ,1962 оноос 13 жил Вьетнамтай хийсэн дайн юм.
Хамгийн богино хугацаатай нь нэг сараас нэг жил хүртэл үргэлжилсэн Испани,Никарагуа,Маршалын арлууд,Гренадын дайн орж байх жишээтэй.Дайны түүхийг харуулсан дурсгалын олон олон газар бий.Одоо Вашингтоны төв цэцэрлэгт Вьетнамаас эхлээд Афганистан зэрэг оронд АНУ-ын явуулсан дайны түүхийг харуулсан музей бас байгуулах гэж байна,1957-1975 онд Зүүн Өмнөд Азид явуулсан байлдааны ажиллагааны үеэр Америкийн 58 мянган цэрэг,офицер амь үрэгдсэн байдаг.Энэ олон хүний нэр сийлсэн боржин чулуун хана байдаг даа.Тэр хананы дэргэд шинэ музей байгуулагдах гэж байна.Тэгээд шинэ музейд дээр хэлсэн тооны цэрэг дайчдын бүгдийнх нь гэрэл зургийг байрлуулах юм билээ.Ингээд л дайны түүхээ зузаалсаар байгаа улс.
-Америкийн олон музейг үзэж амжсан уу?
-Сонирхдогуудаа бол гүйцээсэн.Өөрөө ч бас музейд хагас өдрөөр ажиллаж байлаа шүү дээ.
-Newseum-ийнхаа тухай сонирхуулаач?
-Newseum-ийг монголчууд тэр бүр мэддэггүй.Энэ уг нь дэлхийн сэтгүүл зүйн түүхийн оргил болсон газар.Вашингтоны төв Пенсильванийн өргөн чөлөөнд сүндэрлэх асар том байгууламж бүхий энэ музейг 2008 оны 4-р сарын 11 нд нээлтээ хийхэд нь Америкийн телевиз,сонин болон бусад мэдээллийн хэрэгсэл Good morning America,Newseum! хэмээн өглөөний 6 цаг 30 минутанд мэндчилж,нээлтийн ажиллагааг нь орон даяар шууд дамжуулсан.
Сэтгэл гэгэлзсэн тэр өдөр Newseum-ийн анхны ажилтнуудын тоонд багтсандаа туйлаас баярлаж,Өнөөдөр сонинд томоохон ярилцлага өгч билээ.Дэлхийн эдийн засаг,улс төр,ер нь нийгмийн бүхий л үйл явцад хэвлэл мэдээллийнхэн ямар агуу үүрэг гүйцэтгэж,гавьяа байгуулсаныг харуулсан түүхийн Newseum нэртэй том музей АНУ-д сүндэрлэлээ гээд нээлтийн фото зурагтай нь Өнөөдөрийнхэн нийтэлсэн.Сэтгүүлч Д.Бэхбаяр,"Таныг том газар ажилд орсон гэж дуулаад.Сониноосоо хуваалцахгуй юу" гэхэд "Newseum-ийн хаалгыг анх татахад ямар гоё сэтгэгдэл төрсөн гээч.
Сэтгүүлч гэдэг ямар гайхамшигтай мэргэжил болохыг улам гүнзгий мэдэрч,өөрийн эрхгүй мэргэжлээрээ бахархсан.Мөн Монголд байгаа сэтгүүлч найз нараа дурсан санагалзсан шүү" гэж хариулж байлаа.Жилийн дараа АНУ-д суугаа спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин манай ажлыг үзээд "Мэргэжлээр минь бахархуулсан Newseum" гэсэн нийтлэл сонинд гаргасныг хараад тэр дор нь утас цохиж,түүнтэй ярьж билээ.Сэтгүүлчид хаана ч явсан бие биеэ дэмжиж,хамгийн сайн ойлголцдог хүмүүс шүү дээ.Үндэсний телевизийн дарга байсан сэтгүүлч Ю.Эрдэнэтуяаг Вашингтонд очиход нь ажлаа сонирхуулсан.Эрдэмтэн судлаач хүн болохоороо маш их олзуурхаж байсан.Ер нь хэсэг хугацаанд тэнд тухтай сууж,материал бүрдүүлнэ гэж бодож байгаа.
-Одоо Newseum-тэйгээ холбоотой байдаг уу?
-Холбоотой холбоотой.Хожим дахин ажиллана ч гэж бодож явдаг.
-Танаас Америкийн монголчуудын тухай асуухгүй өнгөрч болохгүй байх.Монголчууд тэнд олширсоор байна уу?
-Үгүй байхаа.Өмнөх жилүүдтэй харьцуулахад хүмүүс нутаг руугаа буцаж байгаа.Амьдрал бол тэнд нэгэн хэвийн л шүү дээ.Цаг хугацаатай уралдаж ажиллаад сурчихсан улс.Хүмүүс дандаа л Америкт мөнгө хийж чаддаг уу гээд байдаг юм.Мөнгө хийдэг хэсэг байлгүй яахав.Тэр чинээгээрээ бас биеэ зовоож л мөнгө хийнэ.
Товчхон хэлэхэд,хэн,ямар ажил эрхэлж байна,тэрнээсээ хамаараад амьдрал ахуй нь тийм хэмжээнд байна.Нэг хүний ч юмуу,хэсэг хүний ажил амьдралаар нийт монголчуудаа дүгнэж хэлэх боломжгүй.Нийтийн жишиг гэж ярих юм бол дийлэнхи нь гуанз ресторан,хими цэвэрлэгээ,дэлгүүр хоршоо,чулууны үйлдвэр,барилгын салбарт голдуу ажилладаг.Тэнд сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа ч хүмүүс бий.Албан ажил эрхэлж байгаа хэсэг ч бий.Хувиараа бизнес эрхлэгчид бас бий.Ер нь дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ ар талын том ачаануудаа даагаад зүтгэж яваа.
-Нутаг нэгтнүүдтэйгээ холбоотой сэтгэл эмзэглэмээр юм сэтгүүлчийн хувьд танд байдаг уу?
-Байлгүй яахав.
-Чухам юу вэ?
-Амьдралын эрхээр бүгд харь нутгийг зорьсон.Ард нь "амьдын хагацалд" автсан алаг үрс,аав ээж,ойр дотныхон нь байгаа.Би Монголоос нэвтрүүлэг хийхдээ үүнийг өөрийн биеэр мэдэрлээ...Дагаж уйлна гэсэндээ хөхүүлж унтуулаад алсад мордсон ээжийн үр 10 жилийн дараа сургуулийн догь сурагч болчихсон эмээ өвөөгөө бараадаад гүйж явна.Эхийнх нь хайрыг орлож байгаа эмээ өвөө нь өмсөж зүүх,идэх уухаар дутаахгүй ч тэр жаал цаанаа хэн нэгнийг хүлээсээр байна.
"Жаахан байсан юм чинь ээжийгээ мэдэхгүй биз дээ" гэж эмээ өвөөгөөс нь сэмхэн асуухад,"Яалаа гэж,цаагуураа элэг нь байна шүү дээ.Зурагтаар хараад / энэ нь интернэтийг хэлж байсан / ээждээ юм захиад байдаг юм" гэж байсан.Сар шинийн өмнөхөн 10 жил охинтойгоо уулзаагүй 80 нилээн гарсан буурал ээж аргагүй бие тэнхээ,насныхаа эрхээр хүлээж чадалгүй тэнгэрийн оронд одлоо.Гэтэл охин нь нутагтаа хэдхэн сарын дараа ирэхээр базааж байсан байна.Тэд уулзаж амжаагүй.Би бас нэвтрүүлэгтээ оруулахаар ярьж байсан боловч амжаагүй.4 настайд нь мөн эмээ өвөө дээр нь орхиод явсан хүү 7 жил ээжийгээ хүлээгээд санаж бэтгэрч байхыг харлаа.
"Америкаас ирсэн ээжийнх нь эгч найз" гэж өөрийгөө танилцуулахад андуурав уу гэмээр хүрч ирж үнэрлээд,гэрээс нь гаран гартал гараас хөтлөөд дагаад байх юм...Энэ бүхэн амьдралын эрхээр алсыг зорьсон нутаг нэгтнүүдийн маань ар гэрийн дүр зураг.Би энэ бүхэнд сэтгүүлчийн хувьд ч,эх хүний хувьд ч сэтгэл маш их эмзэглэсэн.Телевизийн бичлэг хийхийг нэг их зөвшөөрөхгүй юм билээ.Хүний сэтгэлийг дэлгэцээр заавал тэгж эмзэглүүлээд яахав гээд хүчлээгүй.Хэдийгээр ардаа олон хүний амьдралыг залгуулж байгаа ч амьд байхад арга бий байхаа.Харьцгаа,хүмүүсээ гэж л ар гэрийнхнийх нь өмнөөс хүсч байна.
-Энэ үнэхээр маш эмзэг асуудал шүү?
-Маш эмзэг.Би тэгэхдээ асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг хийнээ.Нэг сэртхиймээр баримт дурьдах уу.Монголд хавдар өвчин ихэсчээ.Элэгний хавдар хамгийн их нь.5 хүн тутмын нэг нь элэгний хавдраар өвчилсөн буюу өвчилж эхэлж байгаа юм байна.Хавдар үүсэх эхний суурь хөрс нь сэтгэл санааны тайван бус байдал гэнэ.Дээр дурьдсан айл гэрийн жишээнүүдийг сэтгэлийн бэтгэрэл гэж хэлэх болов уу.Шуудхан хэлэхэд,амьдын хагацал бие биедээ учруулахгүй байцгаая.Харьцгаа,хүмүүсээ гэж дахин хэлье.
-Та бид хоёрын энэ ярилцлагыг уншаад монголчууд нэгийг бодож,хоёрыг тунгаах байх гэж бодож байна.Ингэхэд таны хувьд Монголд байхад ямар байнаа?
-Санасныг бодоход зүгээр гэх үү дээ.Би энд их завтай болоод баахан амарна гэж бодож байлаа.Гэтэл эсрэгээрээ ачаалал ихтэй болчихлоо.Угийн шөнө сууж,үүрээр унтдаг цагийн хуваариа өөрчилж чаддаггүй.Хамаг ажил маань интэрнэтээр явж байна.Хөдөө гадаа нилээн явж байгаа.Нутаг хөгжсөн байна.Даан ч төлөвлөлтгүй ,замбраагүй болохоос биш.Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийг нь өөрийн биеэр мэдэрч амсаад баярлаад байгаа шүү.Хүмүүс соёл,амьжиргаагаараа бас өөрчлөгдөж дээшилсэн байна.Даан ч том том "бүлтэрч",худал голдуу амалдаг болохоос биш.
-Замын түгжрэлд их бухимдаж байна уу?
-Бараг үгүй дээ.Хотын төвд сууж байгаа болохоор ажлуудаа зориуд алхаж яваад хөөцөлддөг.Машинаар харин явахаар бухимдах юм билээ.Нэг удаа сэтгүүлч П.Дэмбэрэл бид хоёр Дарханаас 3 цаг явж ирсэн мөртөө Улаанбаатарт 3 цаг түгжрэлд орсон.Нийтдээ 6 цагийн дараа гэртээ хариад хажуугийн хүмүүстээ нэг их бухимдлаа гаргаж билээ.
-Улаанбаатарын утаанд яаж байна?
-Яагаа ч үгүй ээ.Утаатай үед гудамжаар явдаггүй юм.Би чинь амьсгалын жаахан дефекттэй хүн.Тийм болохоор утаа үнэрлэж болохгүй.Утаатай үед дандаа дотор байх ёстой.Тэгээд байшингаас байшин,машинаас машины хооронд утааны улирлыг барж байна.
-Таны ойрын төлөвлөгөөг сонирхож болох уу?
-Нарийн ширийн зүйлээ мэдээж хэлэх боломжгүй ээ.Харин үүгээр түүгээр хэрэн явахаа сонирхуулбал,ойрмогхон Сэлэнгэ,Дорнод,Ховдын чиглэлд явна.Дорнод нутгийн зүүн цэгт,
Ховд баруун цэгт болохоор зарцуулах хугацаа ихтэй.Дандаа машинаар явж байгаа.Зүүн өмнөд Азийн 4 улсад очно гэх мэт замууд байна.Завсраар нь АНУ явах цаг хайж байна.
-Сурвалжлагаар л яваад байнаа даа?
-Сурвалжлага боломжоороо хийх нь хийнэ.Голдуу сургалт,хурал,улс төрийн ажлууд юм даа.Гадаадад явахын хувьд бол Малайзид болох Дэлхийн Эмэгтэйчүүдийн Дээд Чуулганыг сурвалжилна.Тэндээсээ Сингапур,Тайландаар аялана.Хятадад телевизийн чиглэлээр очно гэх мэт ажлууд байна.Америкт 11 жил "хэвтсэн" байнаа.Одоо тэгээд урьдын бүх юмаа сэргээж,
хөдөлгөөнд ороод "сандарч" байнаа.
-Ингэж явахдаа хөдөөгүүр ах дүүсийндээ зочилдог уу?
-Надад хөдөө ах дүүс байхгүй.Танил нөхөд,хамтран зүтгэгчид бий.Тэдэнтэйгээ уулзалгүй яахав.
-Сараа захирлыг илэн далангуй ярьж байгаад баярлалаа.Төгсгөлд нь танаас би блиц ярилцлага авч болох уу?
-Дуусаагүй байгаа юмуу.Яриагаа одоо товчилбол сайн л байна.
БЛИЦ,БЛИЦ,БЛИЦ...
-Та ямар хүнийг хүндэлдэг вэ?
Ажилд үнэнч,эрч хүчтэй,мэдлэг зузаантныг хүндэлдэг.
-Очих дуртай газар?
Оросын Москва,Монголын Халх Гол,Умард Солонгосын Пхеньян.
-Урлагийн ямар авьяастай вэ?
Домбор,гитар тоглоно.Энэ нь авьяас биш сонирхол.
-Спортын хувьд?
Тэшүүрээр гулгана.Усанд сэлнэ.Бас л сонирхол.
-Дуртай сэдэв?Улс төр, дайны түүх,эмэгтэйчүүд.
-Хобби?Аялах, Интернэт "ухах",сонин унших.
-Дуртай хоол?
Шарсан төмс,гурилтай шөл,каша.
-Хэрэв сэтгүүлч болоогүй байсан бол?Дипломат,эсвэл зураач.
-Айдаг зүйл?
Атаа жөтөө.
-Үзэн яддаг зүйл?
Хов жив.
-Өөрийнхөө юугаар бахархдаг?Бүх сэдвээр ярина.
-Шүтдэг шашин?Бөө.Шүтдэг биш хүндэлдэг.
-Хийсэн хамгийн том буян?60 гаруй хоригдол эмэгтэйг нэвтрүүлэг хийж сулласан.
-Тэгвэл хамгийн том нүгэл?3, 4 шувуу буудсан.
-Авах дуртай бэлэг?Үзэг.
-Харамсдаг зүйл?
Байхгүй.
-Гаж зуршилтай юу?Шөнө ажиллаж,өглөө унтана.
-Өмсөх дуртай хувцас?Албаны хослол, джинс.
-Та хэр нээлттэй вэ?Дунд зэрэг.
-Таны дутагдал?Хүнд итгэхдээ удаан.
-Амин шүтээн?Зээ Connie минь.
-Америкаас олсон хамгийн сайн зүйл?
Бичгийн англи хэлээ сайжруулсан.
-Тэгвэл хамгийн муу зүйл?Зожиг болсон.
-Тэмдэглэх дуртай баяр?5 сарын 9-ний Ялалтын баяр.
-Тэмдэглэх дургүй баяр?Төрсөн өдөр.
-Танд байгаа хамгийн үнэт зүйл?Орос чанартай боловсрол.
-Та сонин сэтгэлгээтэй хүн юм.Их баярлалаа.Дараа өөр сэдвээр ярилцаж болно биз дээ?
Баярлалаа.Амлах дүргүй.Тэгэхдээ өчүүхэн намайг сонирхож,анхаарч байгаад баярлалаа.
-Ярилцаж болно гэсэн үг үү?
Сайхан санаа байна.
Ярилцсан: сэтгүүлч С.Оюун-Эрдэнэ
http://www.olloo.mn
No comments:
Post a Comment