Нэрт орчуулагч, дипломатч Тойтогийн Төмөрхүлэг франц хэлнээс олон сайхан ном орчуулсныг сэхээтнүүд андахгүй ч өргөн олон нийт төдийлэн сайн мэдэхгүй байж болох юм. Тэрбээр түүхийн шинжлэх ухааны доктор бөгөөд “Занабазар улс төрийн бодлоготон мөн”, “Да лам Цэрэнчимэд”, “БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхэд яагаад АНУ үл татгалзаж, Тайвань хориг тавиагүй вэ?”, “VIII богд Жавзандамба хутугт ямар хүн байв?” зэрэг олон сонирхолтой түүхэн өгүүлэл бичиж, сонин сэтгүүлд хэвлүүлж байсан, Оксфордын Англи-Монгол толь бичигт зохиогчоор оролцож, “Цогт тайж”, “Ингэн нулимс” зэрэг киног франц хэл рүү хөрвүүлсэн гэхчлэн дурдаад байвал өргөн талт мэдлэг бүхий манай урдаа барьдаг сэхээтний нэгэн болохыг төвөггүй мэдэж болно. Т.Төмөрхүлэг одоо МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд багшилдаг
-Төмөрхүлэг гуай, та Өвөрхангайнх бил үү?
-Тийм ээ, би хуучин Сайн ноён хан аймгийн Агь үйзэн вангийн хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг, Арвайхээрийн талд төрсөн. Нөгөө, “байдага (байдаг), айрага (айраг), яга (яг), цага (цаг)” гэх зэргээр ярьдаг нутгийн хүн шүү дээ. Хэл шинжээч нэг эрдэмтэн “Нарийн ярих юм бол халхын бараг жалга болгонд аман аялгуу бий” гэж бичиж байсны нэг нотолгоо энэ юм даа.
-Байдага хэмээн ярьдаг нутгийн хүнд франц хэл сурах нь илүү дөт байдаг юм биш биз? Энэ гайхамшигт хэлтэй яаж холбогдсон, дипломатч болсон түүхээсээ дурсаач?
-Би чинь арван наймтайдаа Санхүүгийн техникум төгсч тэр үеийн Аж үйлдвэрийн Яаманд санхүүгийн ажил хийж явлаа шүү дээ. Тэгж мунгинаж явахдаа хэдхэн тоонд эргэлдсээр энэ насыг барвал уйтгартай яа гэж бодох болсон. Өвөрхангайн сургуульд Сэрээтэр гэдэг буриад багшаар монгол бичиг заалгаж овоо дөртэй болчихсоныг хэлэх үү. Тэгээд л цалингийнхаа ихэнхээр түүх, хэл, уран зохиолын сэдэвтэй ном худалдан авч, муу оромжиндоо овоолдог боллоо. Дарга нар намайг үндсэн ажилдаа идэвхгүй гэж ярьсан нь чихэнд дуулдана. Яаж энэ ажлаас салдаг билээ гэж санааширч байтал 1963 онд МУИС-д франц хэлний анги нээгдэж байна гэсэн зар сонслоо. Яамныхаа сайд нарт учраа хэлж элсэлтийн шалгалт өгөхийг зөвшөөрөөч гэж гуйлаа.
Сайд, дарга нар маань харж үзсэний ачаар санхүүгийн ажлаас мултарч, МУИС-ийн франц хэлний ангид нэг жил суралцсан. Хичээлдээ гайгүй байсан юм байлгүй, хойтон жил нь Гадаад яамнаас Олон улсын харилцааны дээд сургуульд малчны хүүхэд явуулна гэсэн шийдвэр гэнэт гарч, Даваагив, Чойнхор бид хэдийг Москвад илгээсэн юм даа. Түүнээс биш би дипломатч болно гэж зүүдэлж ч яваагүй. Яагаад франц хэл сонгосон бэ гэвэл бага насандаа Жюль Верний зохиолыг бахдан уншсантай минь учир холбогдолтой байж магадгүй.
-Ном бичгийн хүмүүсийн номд дуртай болсон түүх бүхэн сонин сайхан байдаг?
-Хүүхэд ахуйдаа “Цог” сэтгүүл зэрэгт нийтлэгдсэн өгүүллэг, шүлэг мэтийг уншихад ер явж өгөхгүй, нэг адуучин залуу саальчин бүсгүйтэй малын бэлчээрт танилцаж, удалгүй хуримаа хийгээд амар сайхандаа жаргах жишээтэй. Одоо бодоход тэр үеийн манай уран зохиолд зөрчил гэдэг ухагдахуун ор тас байхгүй, тун ч болхи зохиомжтой, явцуухан сэдэвтэйд нь нэг ёсондоо урам хугарчихаад байсан санагддаг юм. Тэгтэл бага сургуулийн гуравдугаар ангид байхад манай холын хамаатан Жамсраны Цоодол гэгч багш нас нөгчиж, эгч нь тэр дүүгийнхээ хураасан олон номоос надад хоёрыг өгсний нэг нь “Үүрийн туяа” романы тэргүүн дэвтэр байж билээ. Тийнхүү азаар Ринчен гуайн зохиолтой учирч хонь хариулах болгондоо тэр номыг өвөртлөн явж уншиж үзэхэд ер залхуу хүрэхгүй, сонирхол аяндаа төрж билээ.
Ширчин нялхдаа айлд үрчлэгдэж хэдэн жилийн дараа өргөж авсан эх нь өнгөрөөд төрсөн гэртээ буцаж очиход эх нь хүүгээ төрөл арилжсан мэт үзэж ер сайн нүдээр харахгүй, элдвээр өөчлөн загнаж, хоол ундаа харамлан нарийлж байгаа нь хүртэл манай хот айлынхны хатуу яхир эмгэчүүлтэй дүр байдал адил санагдаж, ийм маягаар би уран зохиолын амтанд орсон хэрэг л дээ. Тухайн үед зохиолч, шүүмжлэгч нэртэй сайн дурын уран сайханчид ”Үүрийн туяа” романыг билгийн нүдээр харж чадаагүй, яруу сайхныг нь олж нээгээгүй. Гутгаар дэвтрийг нь хэлбэр талаас нь ажихад хоёрдугаар дайны дараа Өрнөдөд гарсан “шинэ роман” урсгалын нөлөө туссан шиг санагддаг юм. Бас 1960- аад оны эхэн үеэр Чойжилын Чимид “Хавар, намар” романаа “шинэ роман”-ы нөлөөгөөр бичсэн шиг билээ.
-Соц үед манайхан Францын реалист романуудаас нэлээдгүй орчуулсан. Гэхдээ л манай хүүрнэл зохиолд бүр Ринчен гуайн үеэс “шинэ роман”-ы нөлөө туссан гэж анх удаагаа л сонслоо. Таны франц хэлээр уншсан анхны ном юу байсан бол?
-Томоохон зохиол гэвэл Мопассаны “Гоё найз” гэдэг роман санагдаж байна. Энэ романыг Амар гуай монгол хэлэнд хөрвүүлэхдээ “Хонгор найз” гэж нэрлэсэн байдаг. Уг зохиолд тав зургаан настай хүүхэд Дюруа гэгч жентельмен маягийн хөнгөмсөг эрийг хараад “гоё найз” хэмээн нэрийдсэн хэмээн гардаг юм л даа. “Гоё найз” романыг уншаад уран зураг, цоолбор сийлбэрт төдийгүй хүүрнэл зохиол, яруу найрагт ч сэтгэлийн ур их чухаг юм байна гэдгийг ойлгосон.
-Дээр дутуу орхисон асуултаа үргэлжлүүлье. Та Лаос улсад Элчин сайдаар сууж байхдаа Тайланд, Камбожийн хэргийг давхар хамааран цөөнгүй жил ажилласан. Дипломатч мэргэжлийн гол онцлог, сайн хийгээд хүнд хэцүү тал нь юу вэ?
-За даа, ямархан үгээр хариулдаг юм билээ дээ. Дипломат арга ажиллагаа гэдэг чинь хэлэлцээ хийх урлаг гэсэн үг юм уу даа. Зүйрлэж ярих юм бол, миний бага насны үеийн зальтай панзчин эр, жишээлбэл, наймаа хийх, хүнээс юм салгахаар явахдаа ямар морио унах, ямар эмээлээ тохох, ямар хувцсаа өмсөх, очоод ямаршуу царай гаргах, хэлэлцэгч этгээдээ таньж мэдсэнийхээ хэрээр юу ярих, ямархан манж үг хэлж сэтгэлийг нь хөдөлгөх, цаашилбал яаж зүрхийг нь үхүүлэх, ам алдаж хэлсэн үгийг нь хэрхэн өлгөн авч санасандаа хүрэх зэргээ андахгүй мэддэг байсантай адилавтар гэх үү дээ. Энэ мэргэжил арга ухаан мөнөөс гадна урлаг юм.
-Та сэтгэлийн ур, урлаг гэсэн үгийг нэлээд онцолж, өргөлттэй хэллээ. Бидний яриа одоо урлаг, уран бүтээл рүү чиглэвэл их зүгээр байна. Та “Жамаараа яваа ертөнц”, “Задиг буюу хувь тавилан”, “Кандид буюу өөдрөг санаа” зохиолуудыг гайхалтай сайхан монголчилсон. Яагаад чухам Вольтерийг сонгосон юм бэ?
-Оюутан байхдаа мэргэн үгийн цоморлиг уншиж байтал Вольтерийн нэг үг зориг бадраасан юм. Тэр нь “Бидний ядуу зүдүү байгаа маань мөнгө дутагдсаных биш ээ, авьяас дутагдсаных” гэдэг үг. Тэр үгийг бодож явсаар франц хэл овоо гадарлах болсон хойноо XVIII зууны үеийн франц сэтгэгчдийн бүтээлийг сонирхож эхэлсэн дээ. Вольтерийг уншсан чинь аль XVIII зууны үеийн францчууд явдал үйл, хүсэл шунал, арга заль, зан араншингаараа яг л одоогийн манай монголчууд шиг санагдаад болдоггүй. Хожим бодохноо, зохиолч маань чухамдаа хүн гэдэг хоёр хөлтэй амьтны цаад мөн чанарыг л уудлан гаргаж ирсэн юм билээ л дээ. Иймээс л би чадал хүрвэл өргөн олондоо Вольтерийг таниулах хэрэгтэй юм байна гэж бодсон.
-Хуучин тогтолцооны үед үндсэн ажлынхаа хажуугаар ном орчуулахад хэцүү байсан биз?
-Би гэдэг хүн одоогоос 36 жилийн өмнөөс орчуулга хийж эхэлжээ. 1976 онд анхны номоо гаргахад Гадаад яамны франц хэл мэддэг нэг дарга намайг мөнгө хөөцөлдөж ном орчуулав гэсэн яриа үүсгэж л байсан. Би тоогоо ч үгүй. Хүн гэдэг чинь сав савныхаа хэмжээгээр л шүү дээ. Вольтерийн тухайд бол, би нэлээд хэдэн ном орчуулж, бас 1984-1985 онд Парист Алъяанс Франсэз-ийн утга зохиолын дээд курст суралцаж төгссөнийхөө дараа орчуулсан юм шүү дээ. Тэр сургууль дүүргэсэн дипломоо би өөрт чинь үзүүлье. Энэ курст ороход хэдий үеийн утга зохиолыг сонгон судлах вэ гэж санал асуусан. Би XVIII зууныг сонгосон юм.
-Аа, тэгээд л та Вольтер, Дидро, Монтескье нарын номыг сонгожээ?
-Тийм. Бүр Вольтер судалгаа гэж тусдаа байдаг.
-Гэхдээ Дидрогийн “Гэлэн маа”-г Вольтерээс ч өмнө орчуулсан байх аа?
-Тийм ээ, хэдий нэг үеийнх боловч энэ хоёр сэтгэгчийн арга барил ондоо. Вольтер жишээлбэл, тухайн үеийнхээ хүмүүсийг хоржоонтойгоор, бахаа ханатал даапаалж чаддаг бол (Түүний зохиолын олон баатар Вольтерт атаархаж жөтөөрхсөн, хонзогносон бодот хүмүүс юм гэнэ билээ), Дидрогийн зохиол мориор ярихад хөнгөн сэвэлзүүр алхаатай, басхүү бадрангуй яруу аястай байх жишээтэй. Уур омог шатах, дур гутах, цөхрөх, гаслах, халаглах, магнай тэнийх, урам орох, хайрлах, янаглах, хөөрч баясах зэрэг хүний үй олон сэтгэл хөдлөлийг Дидро шиг нарийн бичиглэсэн зохиолч ховор болов уу. Энэ зохиолыг би оюутан байхдаа уншиж, ХХ зууны мөчлөг төгсгөл тийшээ хандчихаад байхад олон монгол хүн мухар сүсгийн хүлээснээсээ тайлагдаж чадаагүй байгаад дотроо харамсан, эх хэл дээрээ буулгавал олон түмэнд хэрэгтэй юм болов уу гэж зориглосон хэрэг л дээ.
-Монтескьегийн “Хуулийн амин сүнс” гээд философийн зохиолыг мөн орчуулсан тань ХХ зууны өвөрмөц сэтгэгчдийн нэг Камюгийн “Этгээд хүн”-ийг монголчлоход ихээхэн тус дэм болоо биз? Ер нь уран зохиол, гүн сэтгэлгээ хоёрын уялдааг та юу гэж үздэг вэ?
-Гүн ухааны сэтгэлэггүй зохиол бол хоосон үйл явдлын хэлхээс төдий юм. Тийм номыг одоо унших хүн олдохгүй. Зохиолч хүн сэтгэгч биш бол “хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ”. (инээв) Дэлхийн нэг, хоёрдугаар дайны дараа Европ, Францын залуучуудад дэлхий ертөнц хэзээ ч тийм утга учиргүй (absurd) байгаагүй мэт санагдаж байжээ. Дайн, Германд эзлэгдсэн явдал, хүчирхийлэл, шударга бус ялалт, ерөөс бүхий л зүйл, бүдүүлэг няцаалт хүртэл учир зүйтэй ертөнцийн тухай саналгатай сөргөлдөж байж. Тэрхүү утга учиргүй нь “Этгээд хүн” зохиолын гол баатар Мерсод цогцолсон юм. Тэр хүний бүхий л үйлдэл энэ утга учиргүйгээр биеллээ олжээ. Уг зохиолын санаа нь товчдоо ийм юм.
Одоо ч дэлхий дахинд “утга учиргүй” оршсоор байгаа юу гэвэл оршсоор л байгаа. Уран бүтээлчдэд бага ч атугай хэрэг болох болов уу гэж энэ зохиолыг чадан ядан орчуулсан юм. Гэтэл алдрын дээдийг олсон манай нэг зохиолч надад “Камю, Сартрын романыг уншаад ойлгоогүй” гэж үнэнээ хэлсэн. Зохиолч нь ийм байхад хэцүү еэ. Ер нь манай хүүрнэл зохиол сэдвийнхээ хувьд ч, зохиомж, сэтгэлэг, агуулгынхаа хувьд ч унаад, одоо шинэ зохиолчоо хүлээж байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Шинэ цаг үед хуучин цахиур буугаараа буудаад байж болохгүй шүү дээ.
-Манай уран зохиол дахь сэтгэгч зохиолч гэвэл таны бодлоор хэн байна вэ?
-Би уншсаныхаа хэмжээгээр л ярина шүү дээ. Намдаг гуайн “Хөгшин чоно ульсан нь” гэдэг тууж яах аргагүй сэтгэлгээний үр хөврөлтэй. Ц.Доржготов богино өгүүллэгээрээ овоо юм хэлэх гээд байдаг хүн шиг. Миний найз еншөөбү Урианхай сэтгэгч хүн. Даанч хэл нь хүнд юм.
-Энэ зуун бол баримтат уран зохиолын цаг үе гэж манайхан нэлээд хэдэн жилийн өмнөөс ярих болсон. Таны бодол..?
-Уран сэтгэмжийн зохиол эдүгээ баримтат зохиолд байраа тавьж өгч байна гэдэг бол өнгөц төдий яриа юм. Хөдвөр хүмүүст л тэгж санагдах байх. Дэлхий ертөнц мөхөөгүй цагт урлаг, гүн ухаантай эвцэлдээд цаашид улам төгөлдөржих болно. Энэ бол дээд оюунд дөхөж очно гэсэн үг.
-Орчуулгын тухай яриагаа үргэлжлүүлье. Вольтер, Дидро, Монтескье бол гэгээрлийн зууны сонгодог зохиолчид. Камю харин экзистенциалист, модерн зохиолч. Ийм хоёр өөр чиглэлийн зохиолчдын бүтээлийг орчуулахад хэцүү биз? Орчуулгын явцад жишээлбэл, хэл найруулгын хувьд зөрөө их гарах уу? XVIII зууны үеийн франц хэл, XX зууны франц хэлний ялгаа их үү?
-Орчуулагч хүн тухайн зохиолынхоо бүтсэн нөхцөл байдал, өөрөөр хэлбэл, түүх, нийгмийн шалтгааныг эрхбиш гадарлаж байх ёстой. Аль ч цаг үе өөрийн гэсэн өнгө, үнэртэй. Хэлний тухайд ч ялгаагүй. XVIII зууны үеийн зохиолыг уг нь сонгодог бичгийн хэлээр орчуулмаар аа даа? Тэгтэл хорин нэгдүгээр зууны уншигчаа бодох хэрэгтэй. Тэр тусмаа одоогийн манай уншигч сонгодог бичгийн хэлээсээ аль хэдийнэ холдчихсон. Тэгэхээр давс хужрыг нь тааруулна гэж нэг юм байх ёстойёо доо? Камюгийн “Этгээд хүн”-ийг би аль болохоор одоогийн амьд хэлээр, богино өгүүлбэрээр орчуулахыг хичээсэн. Зохиолчийн найруулга нь ч тийм юм... Орчуулга гэдэг ажил амаргүй ээ, амаргүй. XVIII зууны франц бичгийн хэлний тухайд бол одоогийнхоос нэг их зөрөөгүй. Орчин үеийн ямар ч франц хүн Вольтер, Дидро, Монтескье нарын бүтээлийг төвөггүй ойлгодог. Харин XVI зууны үеийн Монтэний эсээг л орчин үеийн франц хэл рүү хөрвүүлчихсэн байдаг юм.
-Монтэний гурван эсээг та залуудаа орчуулж “Гадаад уран зохиол” сэтгүүлд нийтлүүлсэн санагдана. Монтэний эсээнүүдийн тухайд бодлоо хуваалцахгүй юу?
-Нэг философич “Хүүрнэл зохиолоос Монтэнь, Стендаль хоёрын бүтээл бол гойд ариун урлаг” гэсэн байж билээ. Санаагаар асар баян. Уран бүтээлчдийн ухааны сүвийг үлэмжхэн нээгдүүлж өгсөн зохиолч доо, Монтэнь. Би цөөвтөр эсээг нь хориод жилийн өмнө орчуулсан. Г.Аюурзана “Сонгомол эсээнүүд” нэртэйгээр түүний 30 гаруй эсээг тун аятайхан орчуулж хэвлүүлсэн байна билээ. Миний нэг бодол байдаг юм. Юу вэ гэвэл даяаршилд гар утас, интернэт, англи хэл гурваар хүрнэ гэж бодож явдаг залуус ядахдаа Монтэний зохиолыг уншаад үздэг ч болоосой.
-Та философийн бүтээлд их дуртай юу? Таны сонгон орчуулсан гайхалтай номуудыг бичсэн зохиолчид бүгд философич болохоор ийм асуулт урган гарч байна.
-Эдгээр гүн ухаантан зохиолчдын номууд миний сэтгэлд ойр санагдсан хэрэг л дээ. Гүн ухаантнуудын ном зохиолыг сайн орчуулбал тухайн хэл баяждаг гэдэг үгийг би мөрдлөг болгож явдаг.
-Орчин цагт монгол хэлээр гарч буй орчуулгын номуудын чанарын тухайд юу бодож явдаг вэ?
-Хэвлэгдсэн ном бүрийг үзэж чаддаггүй. Зарим нэг номыг сөхөж хараад орчуулагч нь монгол хэлийг дэндүү зэрэмдэглэж хаясанд их л гутарсан даа. Хамгийн гаслантай нь эх сайхан хэлний минь дотоод ёсзүйг нэр нүүргүй эвдэж байна. Хэлний яруу чадал, ур дүйг хайхрахаа больжээ.
-Сайн орчуулагч гэж хэнийг хэлэх вэ? Таныхаар бол монгол хэлнээ буусан хамгийн шилдэг орчуулгатай ном юу вэ?
-Үг дангаараа байхдаа үхмэл юм. Үгийг өөр үгтэй эвцэлдүүлж, зөв байрлуулахаар л амь орж байгаа юм. “Үгийн дарх”, “үгийн дархчууд” гэж ярьдаг даа. Уран зохиолын сайн орчуулагч юуны түрүүнд уран сайхны болоод үгийн нарийн мэдрэмжтэй байх ёстой. Бас хэлний гарамгай мэдлэгээс гадна юм юмны зах зухаас гадарладаг байхад илүүдэхгүй. Хоёр дахь асуултын тухайд гэвэл манайд зэгсэн сайн орчуулга Манжийн үед ч, 1921 оноос хойш ч овоо хэд гарсан байна шүү. Өөрөө надаар нэг номын нэр хэлүүлэх гээд байна аа даа? Тэгвэл би Ринчен гуайн орчуулсан, Гоголийн “Тарас Бульба”-г нэрлэе.
-Өнөөдрийн манай орчуулагчдын гаргадаг түгээмэл алдаа юу вэ?
-Махчилсан орчуулга зохиолчийн сэтгэлийн урыг тонилгочихдог гэж би дээр ярьсан. Бүтээлч сэтгэхүй үгүйлэгдэж байгаа хэрэг. Бага сага туршлагаасаа ярихад би Францын Александра ДавидНеел, Йонгдэн хоёрын бичсэн “Таван эрдэмд нэвтэрсэн лам” гэдэг Төвдийн сэдэвтэй роман орчуулахдаа “Цастын орны хээр талд шөнөөр тэмтчин яваа морьтон эр өлөн чоно улилдахыг сонсоод айсан мориныхоо жолоог атган үүр цайхыг хүлээв” гэж франц эхэд нь гардгийг монголоор буулгахдаа “айсан мориныхоо” гэдэг үгийн оронд “морь нь зогтусаж чих нь хулмалзахаар...” гэж монголчилсон билээ. Адуу мал цочихдоо үнэхээр зогтусаж чих нь хулмалздаг биз дээ? Мал ямар үг хэлэх биш. Ном бүтээх зохиолч, орчуулагч аль аль нь эхлээд өөрийгөө л танимаар байгаа юм даа.
-Морь гэснээс арав гаруй жилийн өмнө нэгэнтээ таныг “Нарийн сайхан хээр”-ийг дуулж байхыг сонссон санагдана. Танд уртын дуу хэн заасан бэ? Дуртай дуу, дуртай дуучин гээд яривал энэ талаар мундахгүй ихийг хүүрнэх байх даа?
-Хэн заах вэ дээ. Хээр хөдөө өссөн хүн чинь өөрөө л аяндаа жаахан дуулж сурсан байх. “Өнчин цагаан ботго”, “Өвгөн шувуу” мөн сайхан дуу шүү. Одоо хоолой цуцаад байдаг болж. Лхамжав гуай ёстой ид хавтай дуучин байсан даа. Бас дуучин гэж олон түмэндээ алдаршсан Цоодол хэмээгч нэг сайхан уртын дуучин байв шүү дээ. Хоолой нь нэг их хүчтэй биш мөртөө аялгуу нь тансаг, уран нарийн чимэг ихтэй. Уртын дууны шүлэгт монгол хэлний яруу баясгалан тэр чигээрээ багтсан гэж хэлж болно.
“Эр бор харцага жигүүрхэндээ хүчтэй
Идэр залуу насандаа даанч ажиггүй явлаа даа” ч гэх юм уу, эсвэл
“Өтөлнө гэж өтөлсөнгүй, Өнгөт хорвоогийн жамыг дагалаа даа” гээд л шүлэг нь яруу, гүн ухааны аястай. Тэгвэл уртын дууны аялгуу нь өөрөө гүн ухаан, уудам талын хүний дотоод сэтгэлийн долгисол, зовлон гунигийг шүлгээсээ илүү нарийн илэрхийлэн байх шиг санагддаг юм.
-Дуу хуур, бусад зүйл дээр ая зан нийлдэг найз нөхдийнхөө тухай яриач?
-Энэ насан дээр ирэхэд ертөнц ч ягуухан хумигддаг, найз нөхөд ч зугуухан холддог гэдэг нь үнэн бололтой.
-Та сая уртын дууныхаа яруу найргаас эшилчих шиг л боллоо. Унших дуртай яруу найрагчийнхаа тухай ярьж, шүлгээс нь эшилнэ үү.
-Яруу найраг гэснээс манай эриний эхэн үед Хүн гүрний шаньюйд эхнэр болж ирсэн Хан улсын нэгэн томоохон түшмэлийн охин, хөгжимчин, яруу найрагч Цай Янь гэгч үзэсгэлэнт бүсгүйн нүүдэлчин хүннүчүүдийн дунд хэдэн жил амьдрахдаа амссан гуниг зовлонгоо юүлж бичсэн “Шаналгаа өшөөрхлийн дуун”, “Лимбийн арван найман дуун” шүлгийг хэдэн жилийн өмнө монголчилж нийтлүүлсэн. Монгол шүлэгчдийнхээ бүтээлийг бол Инжинаш, Гүлрансаас авахуулаад одоо үеийнхнийг хүртэл багцаагаар мэднэ. Залуудаа хүн тухайн цаг үеийнхээ зохиолчдыг л их сонирхдог бололтой.
Миний багад Цэгмидийн Гайтав яруу найргийн хаан шиг санагддаг байлаа. Дараа нь Явуухулан давж гарсан даа. Франц хэл сурч байхдаа сюрреалистуудын шүлгийг шохоорхдог боллоо. Поль Элуар, Жак Превер, Жюль Сюпэрвиел гээд л... Поль Элуарын 1944 онд бичсэн “Габриел Пери” гэдэг шүлэг яруу найргийн талаарх миний бодлыг эргүүлээд хаячих шиг санагдаж билээ. Габриел Пери бол эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцон тэмцэж яваад амь үрэгдсэн, тэр үеийн Францад эр зоригийн бэлгэ тэмдэг болж байсан хүн. Уул шүлгийн зохиомж тун энгийн. Зохиогч сонгомол франц шүлгийн хэлбэрийг баримталсангүй.Сюрреалистуудын онцлог л доо. “Габриел Пери” гэдэг шүлгийн дунд хэсгийг би доорх маягаар орчуулсан.
Амьд явахад хүч сэлбэдэг хэдэн үг бий.
Алаг эрээнгүй, жирийн сайхан үгүүд ээ.
Халуун гэдэг үг, найдвар гэдэг үг.
Хайр гэдэг үг, эрх чөлөө гэдэг үг.
Хүүхэд гэдэг үг, найрсаг ёс гэдэг үг.
Хэдэн цэцэг, хэдэн жимсний нэр.
Эр зориг гэдэг үг, нээлт хийх гэдэг үг.
Ах дүү гэдэг үг, анд нөхөр гэдэг үг
Хэдэн улс, тосгодын нэр.
Хэдэн бүсгүй, найз нарын нэр.
Энэ бүхэн дээр Пери гэдэг үг нэмье.
Энэ шүлэгт үгийн цохилт их хэрэг болсон байна. Санаа нь уран. Хуурай чимэггүй. Сюрреалистуудын шүлгийг мэдэх болсноосоо хойш жишээлбэл, Гайтавын шүлгийг, бас дуураймал магтаал унших дургүй болсон. Жак Преверийн “Шувуу, муур” гэдэг шүлгийг далаад онд орчуулаад намын ажилтан, мөр Цэрэндорж гэгч хүнд зориуд уншиж өгсөн чинь үзэл сурталд таарахгүй гэсэн. Иймд би орчуулсан шүлгүүдээ хэвлүүлэх гэж гүйгээгүй.
-“Манай монголчууд” хэмээх номыг та гучаад жилийн өмнө бичсэн. Харин өнөөгийн Монголын нийгэм, өнөөдрийн бидний амьдралыг хараад та юу боддог вэ? Эвдэрч сүйрч буй байгаль, өөрчлөгдөж буй монгол хүн... Орчин цагийн залуу хүмүүсийн тухайд бодож санаж явдаг, хэлэхсэн гэж хүсдэг үгээ хэлнэ үү?
-Ерэн онд ёстой юм ёсоороо л болсон байх. Үндэстэн сэргэж байгаа юу гэвэл сэргэж байгаа. Нийгэмд ялгарал гарч байгаа юу гэвэл гарч байгаа. Би тоо баримт нурших дургүй л дээ. Гэхдээ хориодхон жилийн дотор ард олны лав 60- аад хувь нь өндийгөөд ирсэнд бид баяртай байдаг. Олон түмэн засаг төрөө бага ч гэсэн сандаргах эрхтэй болсон. Гэвч манай монголчуудын түүхийг япон, хятадуудтай харьцуулан харвал нийгмийн боолчлолд нэг их зовоогүй. Муу санаа суугаагүй. Тийм учраас би хий гишгэчих вий дээ гэж эмээж явдаг. Эдүгээ европ ба монгол хүний өмссөн хувцас, унасан машин, барьсан утас нь ерөнхийдөө адил болсон шиг харагдаж байж мэднэ. Гэтэл, жишээлбэл, өнөөгийн франц, англи, герман, голландчууд одоогийнхоо нийгэмд хэдэн үеэрээ бойжчихсон, олон удаа “шархдаад” дол цохьчихсон хашир хандгайнууд шүү дээ.
Бид тэгэхэд юмны зөвхөн зах зухыг нь л үзэж яваа. Догь болоогүй хүн, дол цохисон хүн хоёрын хооронд асар их ялгаа бий. За, эндээс л нөгөө “зөрчил” гээч үүсэн гарч ирнэ дээ. Ихээхэн хал үзэж, халуун чулуу долоон, хөдөлмөрлөж гэмээнэ Европын хэмжээнд бид хүрэх учиртай юм. Эс тэгвээс хиймэл маягийн хөгжил болно. Эхлээд бид өөрсдийгөө таних ёстой. Нөгөө асуултын хариу гэвэл, эрхбиш хөгжье гэвэл газар дэлхийгээ төнхүүлэхээс өөр арга алга гэж боддог. Тэгэхдээ бага л хохирол амсаасай билээ. Залуучуудыг бол би жаахан ажиглаж явдаг. За лав, ахмад залуу үеийн хооронд сүрхий ан цав гарсан шиг байна... Нэг хэсэг нь баяжъя, сайхан амьдаръя гэж хөл алдаж байна. Нийгэм тогтоод ирэхээр хүмүүс ядахдаа шуналаа нуух соёлтой болно биз ээ.
-Монгол хэл соёлын тухайд... ?
-Даяаршил гэж нэрлэгдээд байгаа энэ цаг үед манайх шиг цөөн хүнтэй улс үндэстэнд ганц барьж авах юм бол эх хэл шүү гэж би оюутан залуучуудад үглэж явдаг юм. Аль нэг хэл доройтож, мөхдөг жамтай гэж ярих нь бий. Монгол хэл түүхийн шалтгаанаар арай ч мөхөх болоогүй ээ. Харин жаахан доройтох шинж рүүгээ орох янз мэдэгдээд байна уу даа! Одоо гуч хүртэлх насны залуучуудын хэл яриа ерөнхийдөө цулцаги болчихож. Санаагаа бүрэн илэрхийлж чадахгүй, аа аа гэж ээрээд л, тулга тойрсон цөөхөн үгэнд эргэлдэх нь хэвийн зүйл мэт санагдах болжээ. “За, чи хүн болсноосоо хойш ямар ямар монгол ном уншсан бэ?” гэж асуухад үг дуугараагүй оюутан надтай тааралдсан л юм даа. Биднийг залгамжлах хойч үеийнхэн ийм байна гэхээр бие зарсхийх шиг болдог.
-“Цулцаги” гэдэг үгийг анх удаа л сонслоо. “Мэдэхгүй монгол үгээ тэмдэглэн авдаг” гэж ярьж байсан. Тэр дэвтрээсээ нэгийг үзүүлж болох уу?
-Тэг л дээ. Иймэрхүү тэмдэглэлүүд орчуулга хийхэд их хэрэг болдог юм. Дэвтрийн тоо аль хэдийнээ гуч давсаан... Төмөрхүлэг гуайн залуу бага насандаа анх тэмдэглэж эхэлсэн “Мэдэхгүй монгол үгийн тайлбар дэвтэр”-ээс эхний хуудасны хэдэн үгийг хуулж бичсэнээ уншигч танд одоо сонирхуулъя. Тэмдэглэлээс нь харвал тэр монгол бичгээр тун чиг цэвэр, сайхан бичдэг аж. Мөн зарим хуудасны эхэнд жишээлбэл, энэ үгийг Н.Дашзэвэг хэмээх дархад хүнээс асуун тэмдэглэж авав гэхчлэн цохжээ. Түүний орчуулгын бүтээлүүд гайхалтай яруу сайхан хэл найруулгатай байдгийн учир нь бүхий л насан туршаа эх хэлээ сурч, судалж яваагийнх биз ээ. Дашрамд сануулахад тэрбээр доорх тэмдэглэлийг бичих үедээ арван наймхан настай байж.
Сартваахь- Усан онгоцны удирдагч гэсэн утгатай, санскрит үг
Идрих-Малын сүү муудахыг чингэж нэрийдмой
Бонго-Алмасын хүүхэд
Бумбаа-Чөтгөрийн хүүхэд
Адбиш-Үнэхээр
Эвхэс-Эр булга, Эвхшэс-Эм булга
Хангис-Цацагтай, торгомсог алчуур
Хорвос-Хоёр настай зэрлэг гахай
Жарамлай-Нүдээ дөнгөж нээж буй загасны жараахай...
Л. ӨЛЗИЙТӨГС
No comments:
Post a Comment